ТӨРӨӨС ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГО 2013-2024 он

2014-01-27 16:10
ТӨРӨӨС ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГО
/2013-2024 он/

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсын Үндсэн хуулинд “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасныг үндэслэн эрдэс баялгийн салбарын талаар төрөөс баримтлах бодлого нь дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн түгээмэл үзэл, хандлагын хүрээнд газрын хэвлийн баялгийнхаа давуу байдалд тулгуурлан  байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцлийг хангасан харилцан ашигтай, ил тод, хариуцлагатай, хүний эрүүл мэндэд халгүй, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологи, менежмент нэвтэрсэн олборлох  болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, иргэдийн амьжиргааны түвшин, чанарыг тасралтгүй дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” (2008), “Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлал” (2010) зэрэг суурь бичиг баримтуудад эрдэс баялгийн салбарын хөгжилд төрөөс баримтлах бодлогын зорилго, зорилтын талаар тусгагдсан. Тухайлбал, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод “...экспортын баримжаатай, хувийн хэвшилд түшиглэсэн өндөр технологит..., ...уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гүн боловсруулахад суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээг эрчимтэй хөгжүүлж, тогтвортой, мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгоно” гэжээ.

Мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд“ ...ил тод, хариуцлагатай уул уурхай, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлж, түүнээс олох орлогыг ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн бие даасан хөгжлийг хангах олон тулгуурт бүтцийг бий болгох, хүний хөгжлийг дэмжиж, боловсрол, эрүүл мэнд, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд зарцуулах” гэсэн байна.

Энэхүү бодлогын баримт бичиг нь төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах зарчим, чиглэл, зохицуулалт, удирдлагын тогтолцоог сайжруулах, боловсронгуй болгох хөгжлийн чиглэлийг тодорхойлж, эрдэс баялгийн салбарын хууль тогтоомж, дунд, урт хугацааны хөтөлбөр, дэд хөтөлбөр төслөөр  хэрэгжинэ.

ХОЁР. ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Дэлхийн эдийн засгийн байдал, хөгжлийн хандлага, олон улсын болон бүс нутгийн зах зээлийн байдал, Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хөгжлийн хэтийн төлөв, Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичигт тулгуурлан эрдэс баялгийн салбарт баримтлах үндсэн зарчмуудыг дараахь байдлаар тодорхойлж байна:
 
2.1. Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхэд төрийн байгууллага нээлттэй, ил тод, хариуцлагатай байх;
2.2. Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулагчид нь хууль дээдлэх, харилцан ашигтай ажиллах, компанийн засаглалыг дэмжих;
2.3. Эрдэс баялгийн салбарын бодлогыг хэрэгжүүлэхэд төрөөс өмчийн хэлбэр болон хөрөнгө оруулагчийг ялгаварлахгүй байх;
2.4. Улсын болон хувийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа бүх шатны геологийн судалгаа, олборлолт, боловсруулалтын ажлын хуулиар хориглоогүй мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах;
2.5. Эрдэс баялгийн салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбогдсон хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, стандартыг олон улсын түвшинд хүргэж, хэрэгжилтийг хангах;
2.6. Эрдэс баялгийн салбар нь хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг, түүнчлэн эрдэс баялгийн түүхий эдийн зах зээлийн үнэ нь хэлбэлзэл болон өрсөлдөөн ихтэй зэрэг онцлогтой, харьцангуй эрсдэл ихтэй тул хууль эрх зүйн орчныг өөрчлөх шийдвэрийг гаргахад шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээнд суурилах, улмаар шийдвэрийн төслөөр уг харилцаанд оролцогч талуудын саналыг сонсох, нээлттэй хэлэлцүүлэг явуулах зэрэг зарчмыг баримтална.


ГУРАВ. ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ БАРИМТЛАХ БОДЛОГЫН ЧИГЛЭЛ

3.1. Бодлогын чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

3.1.1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын ордын хайгуул, ашиглалтын эрх зүйн орчинг тусгайлан бүрдүүлэх;
3.1.2. Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийг хууль ёсны бүтцээр хоршиж ажиллах чиглэлийг төр, засгаас бодлогоор дэмжиж, холбогдох хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
3.1.3. Ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг шилжүүлэх (аж ахуйн нэгжийг худалдан авах, компанийн хяналтын хувьцааг авсан) бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбай, ордын эдийн засгийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, хариуцсан төрийн байгууллагад мэдэгдэж, тогтоосон хэмжээний татвар төлж байх эрх зүйн орчинг бүрдүүлэх;
3.1.4. Алтны олборлолт, тээвэрлэлт, хадгалалт, борлуулалтын үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэхэд холбогдох хууль, тогтоомжийг боловсронгуй болгох;
3.1.5. Дэлхийн эдийн засаг, бүс нутгийн зах зээлийн төлөв байдал, цаашдын чиг хандлагад тогтмол судалгаа шинжилгээ хийж, дотоодын эрдэс баялгийн бүтээгдэхүүний олборлолт, ашиглалт, нөөц бүрдүүлэх чиглэлээр урт, дунд, богино хугацааны хөтөлбөр боловсруулж мөрдөн ажиллах;
3.1.6. Эрдэс баялгийн салбарт харилцагч орнуудтай яриа хэлэлцээр хийж, тохирох замаар богино, дунд, урт хугацаанд экспортлох эрдэс баялгийн бүтээгдэхүүний аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэсэн тоо хэмжээний төсөөлөлтэй уялдуулан тээвэр ложистик, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэгдсэн бодлогоор зохицуулах;
3.1.7. Ордыг иж бүрнээр судлах, үнэлэх, дагалдах эрдсийг ялгаж авах шаардлагыг хуульчлан нэвтрүүлж хэрэгжүүлэх;
3.1.8. Монгол Улсын геологийн тогтоцын ялгагдах онцлог байдал, дахин давтагдашгүй онцгой тогтоц, стратиграфийн жишиг зүсэлтүүд, эрдэс чулуулгийн ховор олдвор, дээж чулуулгийг улсын хамгаалалтанд авч хадгалах эрх зүйн орчныг бүрдүүлж, үндэсний геопарк байгуулах;
3.1.9. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага, Хариуцлагатай уул уурхайн санаачлага, Нийгэм, эдийн засаг, байгаль орчны стратегийн нөлөөллийн үнэлгээний тогтолцоог дэмжин ажиллаж холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар нэвтрүүлэх;
3.1.10. Эрдэс баялгийн салбарын судалгааны ажлыг мэргэшсэн инженерийн баг бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх;
3.1.11. Баялгийн үнэлгээний тогтолцоог нэвтрүүлж, эдийн засгийн үр өгөөжийн харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бий болгох;
3.1.12. Улсын болон бүс нутгийн хөгжилд нөлөө бүхий томоохон хэмжээний ордыг нэгдмэл байдлаар ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэх.
3.2. Геологийн салбар
3.2.1. Улсын эрдэс баялгийн санг тасралтгүй нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:
3.2.1.1. Урт хугацааны туршид уул уурхайн салбарыг тогтвортой хөгжүүлэх зорилгоор уул уурхайн үйлдвэрлэлээс түрүүлүүлж улсын эрдэс баялгийн нөөцийг бэлтгэн нэмэгдүүлэх;
3.2.1.2. Монгол Улсын ой мод, усны нөөцийн баялгийн байршил, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төвлөрөл тархалт, ашигт малтмалын орд, уурхайн байршлыг харгалзан ”Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг боловсронгуй болгож, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх геологийн эрэл, хайгуулын ажлыг төрөөс зөвшөөрсөн газар нутагт гүйцэтгэж, энэ чиглэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан оруулах;
3.2.1.3. Эрдэс баялгийн хэтийн төлөв бүхий хүдрийн бүс, сав газар, улсын хил  орчмын нутаг дэвсгэр, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төлөвлөлттэй уялдуулж геологийн зураглал, эрэл, хайгуулын ажлыг нэмэгдүүлэх;
3.2.1.4. Орчин үеийн шинэ техник, технологийн түүхий эд, материалын геологийн судалгааг төрөөс дэмжих.

3.2.2.Геологийн судалгаа, хайгуулын ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд:
3.2.2.1. Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, бүтэц, ашигт малтмалын тархалтын зүй тогтлыг тогтоохоор улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэдэг геологийн шинжлэх ухааны ажил, сэдэвчилсэн судалгаа, зураглал, эрлийн ажилд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг татан оруулах, ажлын үр дүнг чанартай болгох, энэ төрлийн ажлыг хувийн хөрөнгөөр  гүйцэтгэхийг бодлогоор дэмжих;
3.2.2.2. Геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын улсын төсвийн санхүүжилтийг жил бүр тогтвортой өсгөж Монгол орны нарийвчлан судлагдсан талбайн хэмжээг нэмэгдүүлэх;
3.2.2.3. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын хүрээнд геофизик, геохими, уул-өрөмдлөгийн ажлыг цогцоор нь гүйцэтгэж чанарыг сайжруулах, хүдрийн дүүрэг, илрэл бүхий талбайд зарим онцгой тохиолдолд хайгуулын ажлыг гүйцэтгэх;
3.2.2.4. 1:200000-ны масштабын 5 сувагт агаарын геофизикийн зураглалын ажлыг Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэгт он жил, талбайн дэс дараалалтайгаар гүйцэтгэх;
3.2.2.5. Улсын хэмжээний геоэкологийн нэгдсэн судалгааг эрчимжүүлж, тодорхой хот, аймаг болон сумдын хэмжээнд геоэкологийн төрөлжсөн судалгааг гүйцэтгэх;
3.2.2.6. Геологийн судалгааг мэргэшсэн инженер техникийн ажилтнаар бүрдсэн багийн мэдлэг туршлагад түшиглэж, нутаг дэвсгэрийн геологийн тогтоцын онцлогт тохирсон оновчтой арга аргачлал, дэвшилтэт техник, технологиор гүйцэтгүүлж, геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх;
 3.2.2.7. Монгол Улсад гүйцэтгэж байгаа төрөл бүрийн (байгалийн рашаан, газрын доорх ус, гидрогеологийн судалгаа, байгалийн хий, газрын тос, цацраг идэвхит ашигт малтмал, эрдэс баялаг, инженер геологи г.м.) судалгааны мэдээлэл, нөөц, үр дүнгийн тайланг үндэсний геомэдээллийн нэгдсэн санд хамруулж улсын бүртгэлд авах;
3.2.2.8. Гадаад орнуудтай эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай мэдээлэл солилцох мэдээллийн нэгдсэн сан (think tank)-тай болох, олон улсын хамтарсан төрөл бүрийн үр ашигтай судалгааны төслүүдийг хэрэгжүүлж, орчин үеийн мэдээллийн инновацийн техник, технологи нэвтрүүлнэ. Энэ ажилд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих;
 3.2.2.9. Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн хөдөлгөөнийг жил бүр хийж, бүртгэл, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох;
 3.2.2.10. Геологи, эрдэс баялгийн судалгааны ажлын тайлан, үр дүнг олон улсын жишиг, стандартад нийцсэн аргачлал, нөөцийн ангиллын дагуу нэгтгэн боловсруулж, үндэсний геомэдээллийн нэгдсэн санг иж бүрнээр бүрдүүлэн баяжуулах;
3.2.2.11. Үндэсний геомэдээллийн санг цахим мэдээллийн технологийн системд шилжүүлж, геологи хайгуулын ажлын тайлан, анхдагч баримт материал болон дээж, чулуулгийн сорьц хадгалах, архивлах шинэчилсэн заавар стандартыг бий болгох.

3.3. Олборлох салбарын хүрээнд

3.3.1. Монгол Улсын хөгжлийн цаашдын чиг хандлагатай уялдуулсан орчин үеийн, олон улсын стандартад нийцсэн, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, экспортын чиг хандлагатай, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах шаардлагыг хангасан, ил тод, хариуцлагатай уул уурхайн олборлох болон боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримтлах;
3.3.2. Цацраг идэвхит элементүүд (U, Th), газрын ховор элемент, гүний ус болон олон улс, бүс нутгийн зах зээлд өрсөлдөх чадвартай, их хэмжээний нөөцтэй алт, нүүрс, төмөр, зэсийн зарим ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулж тэдгээрийн хайгуул, олборлолт, боловсруулалтын ажлыг төрийн оролцоотой хийж гүйцэтгэх;
3.3.3. Байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд халгүй тэргүүний техник, технологийг ашиглаж ил тод, хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцсэн үйл ажиллагаа явуулдаг, улс, орон нутгийн төсөвт их хэмжээний татвар төлдөг компаниудыг тэргүүн ээлжинд дэмжих;
3.3.4. Олборлолт, боловсруулалтын хэмжээг улс орны эдийн засаг, аж үйлдвэржилтийн нөхцөл байдал, гадаад, дотоод зах зээлийн цаашдын хэтийн төлөвтэй уялдуулан оновчтой төлөвлөх;
3.3.5. Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих төрийн захиргааны байгууллага, орон нутаг, олон нийтийн хяналт, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох;
3.3.6. Хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн болон дэд бүтцийн таатай орчин бүрдүүлэх замаар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн нөөцийг нь тогтоосон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг улсын болон бүс нутгийн хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулан шийдвэрлэх;
3.3.7. Эрдсийн гаралтай импортын бараа, материалыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих;
3.3.8. Эрдэс баялгийн салбарын шинжлэх ухаан, техник, технологийн ололтыг нэвтрүүлэх замаар уул уурхайн үйлдвэрийн бүтээмжийг өсгөн нэмэгдүүлэхийг хөхиүлэн дэмжих.

3.4. Боловсруулах үйлдвэрлэлийн хүрээнд

3.4.1. Эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж нэмүү өртөг шингэсэн цэвэр катодын зэс, төмөр хийц, ураны шар нунтаг, цэвэршүүлсэн алт, газрын ховор элементийн баяжмал зэрэг бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих;
3.4.2.Нүүрсийг баяжуулах, кокс, химийн үйлдвэр байгуулах, эрчим хүчний нүүрсний ордууд дээр цахилгаан станц барих ,хүрэн нүүрснээс утаагүй түлш, нүүрс болон шатдаг занараас шингэн түлш гарган авах, нүүрсийг хийжүүлэн байгалийн ойролцоо түвшний чанартай хийг гаргах зэрэг төслийг хэрэгжүүлэх;
3.4.3.Боловсруулах үйлдвэрийн чиглэлд байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд халгүй орчин үеийн, шинэ техник, технологи, инновацийг дэмжих;
3.4.4. Төрөөс боловсруулах үйлдвэрийг татвар, санхүүгийн бодлогоор дэмжиж ашигт малтмалын боловсруулалтын түвшинг дээшлүүлэх.

3.5. Байгаль хамгаалалт, нөхөн сэргээлтийн хүрээнд

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын зорилго нь уул уурхайн, боловсруулалтын үйлдвэрлэл явуулж буй үед болон дараа нь хүний эрүүл мэндэд халгүй, хүрээлэн буй орчны экологийн тэнцвэрт байдлыг хангасан байхад оршино.
3.5.1. Биологийн орчин нь эмзэг бүсэд ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг хязгаарлаж, байгалийн хамгаалалттай бүс, түүх дурсгалын өлгий, геологийн өвөрмөц тогтоцтой газарт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтыг хориглох;
3.5.2. 1,5 хувиас дээш хүхрийн агуулгатай нүүрсний ордыг шинээр нээхийг хязгаарлаж, 3 хувиас дээш хүхрийн агуулгатай нүүрсний ордыг шинээр нээхийг хориглох;
3.5.3.Геологийн гамшиг тохиолдож болох газар нутаг дахь ашигт малтмалын олборлолтыг хязгаарлаж, бодитоор гамшиг тохиолдсон газар нутагт ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын ажлыг түр болон бүрмөсөн зогсоох;
3.5.4. Уурхайн нээлт, нөхөн сэргээлт, хаалтын тогтолцоог өөрчилж, стандарт, мөрдөх журмыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, хэрэгжилтийг хангах, хаалтын хяналт, хариуцлага тооцох, мониторингийн ажлыг гүйцэтгэхэд орон нутгийн төлөөллийг оруулах тогтолцоог бий болгох;
3.5.5.Эрдэс баялгийн олборлох болон боловсруулах үйлдвэрлэлд гадаргын усыг түлхүү ашиглах, холбогдох хуульд заасны дагуу хэрэглэсэн усыг дахин ашиглах, уул уурхайн салбарын ахуйн хэрэглээнд саарал усыг ашиглах, газрын гүний цэнгэг усыг аль болох ашиглахгүй байх, орчин үеийн дэвшилтэт технологийг дэмжих;
3.5.6. Эрдэс баялгийн олборлох болон боловсруулах үйлдвэрлэлд олон улсын жишигт нийцсэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх стандартуудыг боловсруулан мөрдүүлж, мэргэшсэн байгууллагаар ажлыг гүйцэтгүүлж, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох;
3.5.7. Олборлох, боловсруулах үйлдвэрийн хаягдлыг дахин боловсруулахад байгаль орчин, хүний эрүүл мэндэд халгүй, үр ашигтай тэргүүний технологи хэрэглэх;
3.5.8. Уурхайн эвдрэлд орсон талбайг бүртгэлжүүлж, өмнөх тогтолцооны үеийн улсын үйлдвэрийн газрын нөхөн сэргээлгүй орхисон талбайг нөхөн сэргээх ажлыг олон улсын байгууллага болон гадаад улсын тусламж, улсын төсвийн хөрөнгө зэрэг санхүүгийн эх үүсвэрийг ашиглан, мэргэжлийн аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлж байгалийн унаган төрхөнд нь оруулах арга хэмжээ авах.

3.6. Эрдэс баялгийн салбарын удирдлага, зохион байгуулалт, хүний нөөцийн хүрээнд

3.6.1. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн аж ахуйн нэгжийн удирдлагыг мэрэгжлийн холбоод, иргэний нийгмийн оролцоотойгоор сонгон шалгаруулах, компанийн худалдан авалт болон үйл ажиллагаанд ил тод байдлыг бүрдүүлэх байдлаар компанийн засаглалыг сайжруулах, том төслүүдийн хангамж, худалдан авалтад үндэсний аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэхийг дэмжих;
3.6.2.Компанийн удирдлагын чадвар, хариуцлагыг эдийн засаг болон санхүү, тухайлбал ашигт ажиллагааны түвшин, бүтээмж, найдвартай байдлын голлох үзүүлэлтээр тогтмол хугацаанд дүгнэж олон нийтэд мэдээлэх байдлаар  хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, улмаар корпорацийн хэлбэрт шилжүүлэх, нээлттэй хувьцаат компани болгох үйл ажиллагааг судалгаанд үндэслэн хийх;
3.6.3. Эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэлээс олсон орлогын тодорхой хэсгээр “Баялгийн сан” байгуулж, түүнд төвлөрсөн хөрөнгийг эдийн засгийг төрөлжүүлэн экспортын чиглэлийн үйлдвэрийг дэмжих, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хангаж өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ. Сангийн удирдлага, зохион байгуулалтыг салбарын орлого-зарлага, хуримтлал-хөрөнгө оруулалт (fiscal stabilization fund, sovereign wealth fund) гэсэн зарчмаар явуулах;
3.6.4. Эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтоох, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах Монголын эрдэс баялгийн бирж байгуулах;
3.6.5. Эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортыг идэвхжүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн хооронд болон олон улсын хэмжээнд хамтын ажиллагааны бүхий л боломжит арга хэрэгслүүдийг хэрэгжүүлж “эрдэс баялгийн дипломат бодлого” (mining diplomacy), хоёр талд ашигтай (win-win) зарчмыг баримталж ажиллах;
3.6.6. Эрдэс баялгийн салбарын бодлогыг тодорхойлох, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нутгийн өөрөө удирдах байгууллагын санал, оролцоог нэмэгдүүлэх;
3.6.7. Төр, засгийн байгууллагын үйлчилгээг сайжруулж, нээлттэй, ил тод, үр ашигтай болгоно. Эрдэс баялгийн салбар хариуцсан Засгийн газрын бүх шатны байгууллагуудын ажлын тогтолцоо, зөвшөөрөл олголт, зөвшөөрөл олгох стандарт, зөвшөөрөл олгох хугацаа зэргийг нийтэд мэдээлж, иргэний нийгмийн хяналтыг тогтоох;
3.6.8. Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн хяналт, мониторинг, аудитын тогтолцоог бэхжүүлж, хариуцлагын механизмыг боловсронгуй болгох;
3.6.9. Үндэсний геологийн албыг олон улсын жишгээр байгуулж удирдлага,  бүтэц, зохион байгуулалтыг нэгдмэл, оновчтой болгож тогтвортой ажиллуулна. Геологийн алба нь ашигт малтмалын төрлөөс үл хамааран геологийн судалгааны ажлыг цогцоор нь иж бүрэн хийж гүйцэтгэх;
3.6.10. Эрдэс баялгийн экспортын гол нэрийн бүтээгдэхүүний ангиллыг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулж, үйл ажиллагааны бүхий л түвшинд мөрдлөг болгох;
3.6.11. Ашигт малтмалыг түүхий хэлбэрээр экспортлох явдлыг үе шаттайгаар бууруулж, нэмүү өртөг шингэсэн хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, олон улсын зах зээлийн үнээр борлуулах боломжийг бүрдүүлж, эрдэс баялгийн салбараас орох орлогыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох арга аргачлалыг боловсронгуй болгох;
3.6.12. Эрдэс баялгийн салбар дахь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор төрийн болон орон нутгийн байгууллагын үйлчилгээг нэгдмэл бодлогоор хүргэж, хоорондын уялдаа холбоог сайжруулах;
3.6.13. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулж, бизнес, санхүүгийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлж, ёс зүйн дүрмийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх;
3.6.14. Эрдэс баялгийн салбарын үндэсний боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарч нарийн мэргэжил, мэргэшлийн инженер, техникийн ажилтнуудыг дотоод, гадаадын их дээд сургуулиудад бэлтгэж, чадавхижуулах;
3.6.15. Мэргэшсэн ажилчид, мэргэжлийн ажилтнуудыг геологи, уул уурхайн болон боловсруулах үйлдвэрлэл явуулж байгаа компаниудын захиалгаар мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төв болон техникийн коллежуудад бэлтгэх;
3.6.16. Төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлэх замаар олборлох, боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдийн бүртгэлийн нэгдсэн сантай болох;
3.6.17. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зориулж дэд бүтэц бүрдүүлэхээс гадна нийгмийн салбар, олон нийтэд зориулсан зам, нисэх буудал, хилийн боомт, эрчим хүч, усан хангамжийн эх үүсвэрийг шинээр бий болгох, өргөжүүлэх бүхий үйл ажиллагааг дэмжих.

ДӨРӨВ. ЭРДЭС БАЯЛГИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ, ХҮРЭХ ҮР ДҮН

4.1.Эрдэс баялгийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам

4.1.1. Бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хөтөлбөрүүд:
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд “Улсын геологийн зураглал”, “Нүүрс”, “Төмөр”, “Хайлуур жонш”, “Газрын ховор элемент”, “Зэс”, “Барилгын ашигт малтмал” “Эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчин” зэрэг хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. Эдгээр хөтөлбөрийг боловсруулахад шинжлэх ухааны байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодыг татан оролцуулна.
Хөтөлбөр боловсруулахад хэрэгжих хугацаа, байршил, хөтөлбөрт оролцогч талууд, хүчин чадал, санхүүжилт, нийгэм болон байгаль орчинд үзүүлэх нөлөө, гарах үр дүн болон бусад асуудлуудыг тусгасан байна.

4.1.2. Бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоо:
Засгийн газар, Уул уурхайн яам, Засгийн газрын холбогдох агентлаг, аж ахуйн нэгжүүд төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхдээ дээр дурдсан хөтөлбөр, төслүүдийг үндэс болгон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу төлөвлөгөө батлуулан, биелэлтийг зохион байгуулах.  

4.1.3. Бодлогыг уялдуулан зохицуулах тогтолцоо:
Засгийн газар нь үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн хүрээнд төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг бусад салбаруудын бодлоготой уялдуулж төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, зохицуулах, хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах.

4.1.4. Бодлогын төлөвлөлт:
Засгийн газар төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, стратегийг Монгол Улсын жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл болон төсөв, төрийн мөнгөний бодлогод тусган төлөвлөж, хэрэгжүүлнэ.

4.1.5. Тайлагнах, хянах тогтолцоо, хэрэгжилтийн үр дүнг үнэлэх:
Уул уурхайн яам төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад тухай бүр хяналт-шинжилгээ хийж, ахиц дэвшил, үйл ажиллагааны үр дагаврыг үнэлэн дүгнэж тухайн жилийн хэрэгжилтийг дараа жилийн эхний улиралд багтаан Засгийн газарт тайлагнаж байна.
Хяналт-шинжилгээ, үнэлгээг холбогдох төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, шинжлэх ухааны болон төрийн бус байгууллагуудын оролцоотойгоор хийж байна. Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт бүрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлттэй байна.  

4.1.6. Бодлогод учирч болзошгүй  эрсдэлүүд, тэдгээрийн удирдлага:
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хугацаанд дор дурдсан эрсдэл тохиолдож болохыг тооцно:
Эдийн засгийн хүрээний эрсдэл:
•    олон улсын зах зээлд алт, зэс, төмөр, хайлуур жонш, нүүрсний үнийн огцом уналт;
•    дэлхий болон бүс нутгийг хамарсан банк, санхүүгийн хямрал;
•    олон улсын, ялангуяа БНХАУ-ын эдийн засгийн өсөлт огцом бууралт;
•    хөрш орнуудын худалдааны хориг, тээврийн үнэ, татварын ялгавартай бодлого;
•    гадаадын хөрөнгө оруулалт саарах, зогсох;
•    газрын тосны үнэ огцом өсөх;
•    дотоодын санхүү хямрах, төсвийн зардал эрс өсөх.

Үйлдвэрлэл, бизнесийн хүрээний эрсдэл:
•    эрчим хүчний өргөн хүрээтэй, урт хугацааны тасалдал;
•    үйлдвэрлэл, техногени осол;
•    зам, тээвэр, харилцаа холбооны сүлжээ тасралт;
•    хилийн боомтуудыг удаан хугацаагаар хаах.

Төрийн удирдлагад учрах эрсдэл:
•    хууль тогтоомжийн хэрэгжилт сул байх, эрх мэдлийн хуваарилалт ойлгомжгүй болох;
•    хариуцлага хүлээх этгээдгүй байх;
•    авлига өргөжин тэлэх, нийгмийн хямрал зэрэг болно.
Эрсдэл үүсч болзошгүй орчныг байнга хянаж, дунд болон богино хугацааны төлөвлөлтийн хүрээнд хариу арга хэмжээ авч, шуурхай шийдвэрлэж байна.

4.2. Бодлогыг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангана. Бодлого хэрэгжсэнээр улсын эдийн засаг, нийгмийн амьдралд дараахь үр дүнг үзүүлнэ:
 
4.2.1. Геологийн судалгаа, хайгуулын ажлыг төрийн бодлогын дагуу гүйцэтгэж, улсын эрдэс баялгийн нөөцийг өсгөж, уул уурхайн салбарын урт хугацааны тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлнэ;
4.2.2. Эрдэс баялгийн нөөцийг иж бүрэн зохистой түвшинд олборлож, байгаль орчинд халгүй технологиор ашиглаж, боловсруулалтын түвшинг ахиулснаар нэмүү өртөг шингэсэн, олон улсын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, нэр төрлийн тоо нь нэмэгдэнэ;
4.2.3. Томоохон уурхайн, боловсруулалтын, дэд бүтцийн төслүүд хэрэгжиж улсын төсөвт орох орлого нь нэмэгдэж, үүнээс “Баялгийн сан” байгуулж, сангийн хөрөнгийг бусад салбарууд руу зохистой хэмжээгээр оруулж, тухайн салбарууд нь хөгжснөөр Монгол Улс дан ганц эрдсийн салбарын хамаарлаас ангижирч, Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, хамгаалалттай болно;
4.2.4. Олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд нэгдсэн стандартуудыг мөрдүүлж, үйлдвэрлэлийн бүх дамжлага, шатанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг бүрдүүлснээр үйлдвэрийн болон техногени ослууд буурна;
4.2.5. Уурхайн төслүүдийг дагаад дэд бүтцийн хөгжлийн (замын сүлжээ, цахилгаан станц, хот, суурин газар) төлөв нь тодорхой болж, урт хугацааны төлөвлөлт хийх боломжтой болно;
4.2.6. Томоохон хэмжээний үйлдвэрлэлийн төвүүд бий болсноор Монгол Улсын хүн амын суурьшилт тогтворжиж хэт их төвлөрөл саарч, нүүдлийг багасгах болно;
4.2.7. Эрдэс баялгийн болон дэд бүтцийн салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэж, үндэсний мэргэжилтэй ажиллагсдын тоо, ажлын байр нэмэгдэж ажилгүйдэл буурна;
4.2.8. Байгаль орчныг хамгаалах, уурхайг хаах, нөхөн сэргээх, урт хугацааны мониторинг хийх үйл ажиллагаа нь хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу цэгцтэй, дэс дараалалтай, хариуцлагатай хийгдэх болно;
4.2.9. Экологийн тэнцвэрт байдлыг хангах, эрүүл цэвэр эко-хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор гол мөрний эх, ай сав, ойн бүс, тариалангийн талбай, шимт бэлчээр, говийн баян бүрд, нуур цөөрмийн орчимд олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг хязгаарлаж, ард түмэн эрүүл хүнс хэрэглэж, аюулгүй орчинд амьдрах болно;
4.2.10. Эрдэс баялгийн салбарын бүх шатны үйл ажиллагаа нь хууль журмын дагуу явагдаж нийтэд нээлттэй, ил тод байж, шинээр хууль тогтоомж, журам боловсруулах, томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлэхэд олон нийтийн саналыг хүлээн авч, шийдвэр гаргахад тусгаж байх эрх зүйн орчин бүрдсэн байна;
4.2.11. Өнөөгийн эрдэс баялгийн салбарт оршиж байгаа хууль бус үйлдлүүд үгүй болж, бизнесийн таатай орчин бүрдэн, Монголын эрдэс баялгийн бирж дээр эрдсийн бүтээгдэхүүний арилжаа нээлттэй, олон улсын жишгийн дагуу явагдах орчин бүрдэнэ.
-оОо-

БАТЛАВ:                   БАТЛАВ:

ХУУЛЬ ЗҮЙН САЙД               УУЛ УУРХАЙН САЙД
         Х.ТЭМҮҮЖИН                 Д.ГАНХУЯГ

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 11 цаг 27 минутын өмнө
    Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус болон иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Уул уурхайтай холбоотой эдгээр хяналт шалгалт болоод цаг үеийн асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэгтэй ярилцлаа. 2019 онд аймагт хичнээн уул уурхайн компани ажиллаж байна. Эдгээрт хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийгээд байна вэ? Энэ онд бид 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгахаар төлөвлөсөн. Эдгээр аж ахуйн нэгжийг сонгож төлөвлөхдөө өмнөх жил үйл ажиллагаа явуулсан эсэх, одоо явуулж байгаа, цаашид явуулах эсэхийг хардаг.
  • 16 цаг 16 минутын өмнө
    2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээлд “урь” орж эхэлсэн бол одоо илүүтэй “хүйтрэх” шинжтэй болж ирж байна. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-Хятадын худалдааны дайнтай ихээхэн холбоотой. АНУ, Хятад дор бүрнээ дотоодын бизнесүүдийг хамгаалах оролдлого хийж байгаа ч тэдний тулааны нөлөө бусад голлох эдийн засгуудад муугаар нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлийг доош татаж байна. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлийн бууралтын мөчлөг эхэллээ гэж дүгнэх нь хэтэрхий эрт байгааг энд сануулья. Тухайлбал зэсийн хувьд бууралттай   ч урт хугацааны төлөв нь тун өөдрөг хэвээр. Гэхдээ яг одоогоор алтнаас бусад эрдсийн хувьд бууралттай тулгарч байна. Эрдэс тус бүрээр байдал ямар байгааг авч үзье.
  • 2019-09-13 14:06
    Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лаборатори 10 гаруй иргэн, гурван аж ахуйн нэгжээс 80 орчим кг алт авч Монголбанкинд тушаажээ. Тус лаборатори нь нийтдээ 90 орчим алтан гулдмай хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт Монголбанкинд тушаасан бөгөөд нийт 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн аж. Энэ хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.
  • 2019-09-12 17:44
    Оны эхний найман сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө.
  • 2019-09-12 13:59
    Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга О.В.Белозёровыг хүлээн авч уулзжээ. Талууд Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян, баруун босоо коридор буюу Арцсуурь чиглэлийн төмөр замыг холбох Кызыл-Курагинотой чиглэлийн шинэ төмөр замын  төслүүдийг, төмөр замын төв коридорын шинэчлэлтэй хамтатган хэрэгжүүлэхээр ярилцаж, хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан, хамтарч ажиллахаар тохиролцжээ.