Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

2014 онд алтны үнэ буурна

12 жилийн тогтвортой үнийн өсөлтийн дараагаар 2013 онд алтны үнэ бараг 30%-иар буурав. Өнөөдрийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр нэг трой унц алт 1259,4 ам.доллараар арилжаалагдаж байна. Энэ долоо хоногт олон улсын зах зээл дээр алтны үнэд бага зэрэг өсөлт ажиглагдаж байгаа юм. Үүнийг БНХАУ-ын үйлдвэрлэлийн идэвх буурсан, АНУ-ын Холбооны нөөцийн банкны хурал болох гэж буйтай холбон шинжээчид тайлбарлаж байна. Нэгдүгээр сарын байдлаар Хятадын PMI индекс 49,6 пункт болж буурсан нь тус улсын үйлдвэрлэлийн салбарын идэвх сүүлийн зургаан сард анх удаа буурч байгаа үзүүлэлт юм. 
                
2013 онд Хятад улс алтны хэрэглээгээр Энэтхэгийг гүйцэд түрүүлэн дэлхийд тэргүүлэх болсон. Энэтхэгийн хувьд алтны хэрэглээ буурсан нь алтны импортын татварыг 2%-иас 10% болгон нэмэгдүүлсэнтэй холбоотой. Үнэт металын зах зээлийн тоглогчдын Лондонгийн ассоциаци /LBMA/ 2014 онд алтны үнийн тандалтын талаар шинжээчдийн дунд санал асуулга явуулсан байна. Санал асуулгын үр дүнд 2014 онд алтны үнэ буурах магадлалтай аж. Энэ жил нэг унц алтны үнэ дунджаар 1219 ам.доллар байна гэж санал асуулгад оролцсон 28 шинжээч үзжээ. Харин “Credit Suisse” группын шинжээч Том Кендалл нэг унц алтны дундаж үнэ 1080 ам.доллар болж сүүлийн таван жилийн хамгийн доод үзүүлэлтэд хүрнэ гэж таамагласан байна. Алт нь мөнгийг инфляциас хамгаалах хэрэгсэл бөгөөд одоо ихэнх улс орнууд инфляцийн өсөлтийг барих бодлого явуулж байгаа учир алтны эрэлт буурна хэмээн шинжээчид тайлбарлаж байна.
  
Дэлхийн зах зээл дэх алтны үнийг ердөө 5 банк тогтоодог байдал 1919 оноос хойш  үргэлжилж иржээ. Фиксинг буюу алтны үнийг тогтоохдоо Гринвичийн цагаар 10:30, 15:00-д банкууд өөрсдийн худалдан авах, худалдах үнийн саналыг худалдааны системд оруулж дараагийн 10 минутад үнэ дээр тохиролцдог байна. Алтны фиксингэд Barclays, HSBC, Bank of Nova Scotia, Societe Generale болон Deutsche Bank банкууд оролцдог  бөгөөд 100 жилийн турш үргэлжилсэн энэхүү “уламжлалт” үнэ тогтоох аргыг өөрчлөхөөр дээрх банкууд хэлэлцэж байгаа юм.

Э.Од