Тогтворгүй 2013 оны тогтвортой тоглогчдын туршлага

2014-01-17 11:32
2013 он анх ирэхдээ би тогтворгүй байх болно гэсэн тодорхой сануулгатайгаар айлчилсан бол илүү олон компани “Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” номинацид оролцох байсан биз. Энэ удаад энэ “онцлог” номинацид харьцангуй цөөн буюу дөрвөн компани оролцсон ч тэдний туршлага харин багагүй ажээ. Тогтвортой ажиллагаагаа хадгалахаар “Багануур”, “Вагнер Ази тоног төхөөрөмж”, “Шивээ-Овоо”, “Энержи Ресурс” маш их зүтгэл гаргаж ажилласантай танилцахын өмнө шүүгчдийн ярианд анхаарал хандуулна уу.

“Тогтвортой ажиллагааны үзүүлэлт”-ийн эзнийг шүүгчид хэрхэн тодруулав?

Д.Ачит-Эрдэнэ: Өнгөрсөн 2013 онд уул уурхайн салбар гадаад болон дотоод хүчин зүйлүүдээс хамааран нэлээд уналттай байлаа. Энэ салбарын компаниудын үнэлгээ буурч, хувьцаа нь ч унасан. Өрмийн болон геофизикийн компани бүгд л өөр ажил олохгүй бол болохгүй болсон гээд түрүүн ярьж байсан. Тэгэхээр ийм хүнд хэцүү нөхцөлд үүнийг сөрөн ажиллаж чадсан, үйл ажиллагаагаа хадгалаад, өсөлттэй ажилласан компани байна уу? Бэршээлтэй үед ч гэсэн хөрөнгө оруулалт татаж чадсан эсвэл нэмж хийсэн үзүүлэлттэй ямар компани байна вэ? Ямар байдлаар эрсдэлийн менежментийг хийсэн бэ зэрэг шалгуураар компаниудыг шалгаруулахаар болсон. Тийм компаниуд бий. Ирүүлсэн материалуудыг нь үзэхэд бас яг энэ чиглэлээр хариултаа тодорхой өгсөн байна. Хайгуулын компаниуд орж болох юм гэж анхандаа бодож байсан. Энэ чиглэлийн компаниуд өнгөрсөн жил ихэнх нь зогссон. Эсрэгээр “Эрдэнэ Ресурс” шиг байнга мөнгө босгож хайгуулаа үргэлжлүүлж чадсан тун цөөн хайгуулын компани бий. Гэхдээ энэ удаад олборлолт, ханган нийлүүлэлтийн компаниуд материалаа ирүүлжээ.

Г.Шархүү: Тогтвортой үйл ажиллагаа номинацид материалаа ирүүлсэн дөрвөн компани байгаа. Энэ дундаа “Вагнер Ази” ажлын байр шинээр бий болгосон, эрсдэлийн менежментийг бас их сайн хийсэн.

Н.Алгаа:
Тогтвортой ажиллагаагаараа “Вагнер Ази”, “Энержи Ресурс” хоёр компанийн аль нэг нь тодрох болов уу.

Г.Шархүү:
“Вагнер Ази” бол ханган нийлүүлэгч компани. Энэ компани үйл ажиллагаагаа тогтвортой явуулаад, шинэ ажлын байр бий болгоод, шинэ бүтээгдэхүүн бий болгож ажиллажээ. Ерөнхийдөө ханган нийлүүлэгч компаниуд бас л зогсонги байдалд орсон шүү дээ. 

Б.Пүрэвтогтох: Энэ номинацид материалаа ирүүлсэн компаниуд бүх талаар их юм хийжээ. Олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан компаниуд байна. Эндээс би “Вагнер Ази” дээр хамгийн өндөр оноо тавьсан. Өнөөдөр CAT-ын техник хэрэглээгүй уурхай Монголд байхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, тэдний техникийг хэрэглэж буй уурхайнууд бүгд “Вагнер Ази”-тай ямар нэг хэмжээгээр холбоотой ажиллаж байгаа.
 
Д.Ачит-Эрдэнэ: “Вагнер Ази”-ийн тухайд хөрөнгө оруулалтаа ч их сайн хийжээ. 

Д.Галсандорж: “Вагнер Ази” бол ханган нийлүүлэгч компани. Тоног төхөөрөмжийн үйлчилгээгээ ч бүрэн хариуцаж хийдэг. Бусад орны тоног төхөөрөмж нийлүүлдэг “Liebherr”, “Komatsu” зэрэг Герман, Японы дистрибьютерүүдийг бодвол борлуулалт, сервисийн хэмжээгээр “Вагнер” илүү байгаа. Нүүрс, зэсийн уурхайнуудын техникийн паркийг аваад үзвэл “Вагнер” илүү шүү дээ. Ерээд онд орж ирсэн компани Монголын зах зээл дээр нийлүүлэлт, борлуулалтынхаа хэмжээг хадгалаад, өрсөлдөөд хэдий зах зээл уначихсан, уул уурхайн компаниуд хөрөнгө байхгүй үед ч борлуулалтаа хийж чадаж байгаа нь менежмент сайн байгаагийнх юм. Монголын зах зээлд ер нь нэлээд ажиллаад сурчихсан ийм компани гэж үнэлэхээр байна.

Ж.Цэвээндорж: “Энержи Ресурс”-ийг эхний байранд тавьсан. Ханган нийлүүлэгчийн үйл ажиллагаа яагаад тогтвортой байдаг юм гэхээр цаад үйл ажиллагаа явуулагч нь тогтвортой байхаас хамаардаг. Тиймээс би ингэж дүгнэсэн.

Д.Дондов:
Би уг нь хоёр компанийг дотроо бодчихоод байгаа юм. Та бүгд “Вагнер Ази”-ийг дэмжиж байх шиг байна.

Тэд юу хийв?

Уул уурхайн салбар бол эрдсийн зах зээлийн савлагаанаас хамаарч байдаг тийм нэгэн “тогтворгүй” өрнөл дунд аж төрдөг. Өөрөөр хэлбэл, өгсөж уруудах мөчлөгийг энэ салбар үргэлж амсч байдаг. Ийм нөхцөлд уул уурхайн салбарын компаниуд тогтвортой ажиллагаагаа авч үлдэж чадахуйцаар үйл ажиллагаагаа төлөвлөж, хэрэгжүүлэх нь хамгаас чухал байдаг. Өнгөрсөн 2013 он бол эрсдэлийн менежментийг Монголын компаниуд хэр сайн хэрэгжүүлдэг, зах зээлийн уналттай хямралын үед хэр тогтвортой байж чаддагаа харуулахыг “тулгасан” жил байсан гэдэгтэй уншигч та маргахгүй биз.

Энэ жилийн хувьд “Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” номинаци нь 2013 оны онцлогоос хамааран шинээр нэмэгдсэн нэрлэмж байсан бөгөөд үүнд нийт дөрвөн компани оролцсоны дунд “Багануур”, “Вагнер Ази” тоног төхөөрөмж, “Шивээ-Овоо”, “Энержи Ресурс” багтсан юм. Эдгээрийн дотор “Вагнер Ази” тэргүүлжээ.

Mining Journal Awards 2013-“Тогтвортой ажиллагааны үзүүлэлт” номинацийн дүн

Нэрс

Вагнер Ази тоног төхөөрөмж

Энержи Ресурс

Багануур ХК

Шивээ-Овоо ХК

Дүн

115

85

63

63


Хямралын жил буюу эрдсийн үнэ ханш зах зээлд нэлээд бууралттай байсан 2013 онд салбарын компаниуд ямар хариу арга хэмжээ авч тогтвортой ажиллагаагаа хамгаалахаар зүтгэснийг одоо танд хүргэе.

“Энержи Ресурс” олборлолтоо өсгөөд зогссонгүй, бүтээмж арвинтай үйлдвэрүүдийг цогцлоов

2013 он коксжих нүүрс олборлогчдод гарцаагүй хүнд жил байсан. Үүний нэгэн тодорхой төлөөлөгч бол “Энержи Ресурс” компани юм. Гэсэн ч тус компани өнгөрсөн онд олборлолтоо өмнөх 2012 оныхоо 8.6 сая тонн олборлолтын үзүүлэлтийг ахиулж чаджээ.  2013 оныг тэд төлөвлөгөөнийхөө дагуу 10 сая тоннын олборлолттойгоор үджээ. Тэдний хувьд нүүрсний зах зээлийн үнэ бараг 30 хувиар унасан нь гол сорилт байлаа. Гэсэн ч ийм нөхцөл байдалд “Энержи”-гийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үлдсэн модулийг ашиглалтад оруулсан, Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр ашиглалтад оруулсан зэрэг нь тогтвортой ажиллаж чаддагийг нь илүү батлан харуулжээ.

Тус компанийн 2012 оны нүүрсний олборлолт 8.6 сая тонн байсан бөгөөд боловсруулалтад оруулсан нүүрсний хэмжээ нь 7 сая тонн, коксжих нүүрсний баяжмал нь 3.7 сая тонн, дайвар бүтээгдэхүүн нь 1.6 сая тонн байжээ.  Харин өнгөрсөн 2013 онд тус компанийн боловсруулалтад оруулахаар төлөвлөсөн нүүрсний хэмжээ 10.5 сая тонн, коксжих нүүрсний баяжмал нь 5.5 сая тонн, дайвар бүтээгдэхүүний хэмжээ нь 2 сая тонн байжээ.

Тус компани уурхайчдадаа зориулан нийт 460 айлын 9 орон сууц шинээр ашиглалтад оруулсан нь тэдний 2013 оны тэмдэглэхүйц амжилт юм. Тэд бас 2013 оны эхэнд Өмнөговь аймагтай хамтран хоёр талын санхүүжилтээр 700 хүүхдийн шинэ сургууль байгуулжээ.

20 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр өнгөрсөн онд барьж байгуулан ашиглалтад оруулсан нь ус дахин ашиглалтыг үлэмж хэмжээгээр дээшлүүлжээ. Одоо ус ашиглалт 10 литр хаягдлаас 7-8 литр ус шавхан, үйлдвэрт буцаан ашиглах түвшинд хүрчээ. Урьд нь баяжуулах үйлдвэрээс гарсан хаягдлын усыг тунгаахад 5 км зөөвөрлөөд, хиймэл нууранд оруулан тунгаах зарчмаар ажилладаг байв. Энэ үйл явцад усыг ялгахад ихээхэн цаг хугацаа зарцуулдаг байсныг шинэ үйлдвэрийн дэвшилтэт шийдлээр тун ахархан хугацаанд гүйцэтгэдэг болжээ. 

“Энержи Ресурс”-ийн нийт ажилчдын тоо 2012 оны эцсийн байдлаар 2568 гаруй байсан бол өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар 2274 байв. Харин Ухаахудаг уурхайн хүрээнд нийт 2900 орчим хүн шууд ажлын байртай байгаагийн 38.9 хувь нь орон нутгийн иргэд байна. Тус компани ашиг бус алдагдал хүлээн ажилласан ч нутгийн иргэдийн ажлын байрыг хадгалахад онцгойлон анхаарч, тогтвортой хадгалж үлджээ.

Зардлаа танах нь ийм үед амин чухал. Энэ хүрээнд тус компаниын баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч, гадны зөвлөх үйлчилгээний гэрээ дуусгавар болсноор зардал 37 хувиар буурчээ. Мөн уурхайгаас Цагаанхад чиглэлийн тээврийн техникийн бэлэн байдал, бүтээмжийг нэмэгдүүлж, ачаа эргэлтийг ихэсгэснээр зардлыг 15 хувиар бууруулжээ.

“Вагнер Ази Тоног Төхөөрөмж”

АНУ-ын хөрөнгө оруулалттай “Вагнер Ази” компани нь өнгөрсөн онд тогтвортой ажиллахын зэрэгцээ агрегат засварын төв болон S.O.S тосны лаборатори байгуулан ажилласан байна. Мөн дадлагажигч оюутан болон механикчдын хөгжилд зориулсан сургалтын төв байгуулсан юм.

Тус компани Хорин хоёрын товчооны төмөр замын ачиж буулгах хэсэгт 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийснээс гадна агрегат засварын төв, динамометр, төв оффис, засварын цех, бүх салбаруудын шинэчлэл болон бусад бүтээн байгуулалт зэрэг ажилд нийт 19.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн амжилтыг 2013 онд гаргажээ.

“Вагнер Ази” компани гадаадын ажилчдыг цөөн байлгаж, харин монгол ажилчдыг сайтар бэлтгэх бодлого баримтлан ажилладаг нь энэ компанийн бас нэгэн давуу тал юм. Тус компанийн Дагалдагч засварын механик бэлтгэх хөтөлбөрт 104 хүн хамрагдаж, найман сарын хугацаатай, цалинтай сургалтад хамрагдаж, 87 оюутан тус компанид хүнд даацын болон автомашины засвар үйлчилгээний техникч болжээ. 2012 оны аравдугаар сард Засварын механикч бэлтгэх зорилгоор дөрвөн жилийн хугацаатай коллежийн хөтөлбөр хэрэгжүүлж, 30 оюутныг цалинтай сургалтад хамруулан ажилласан амжилтыг бүтээжээ. Хөдөлмөрийн бэрхшээлтэй 15 хүн энэ компанид байнгын ажлын байраар хангагдан ажиллаж буй ажээ.  
Тус компани нэг төв оффистой, орон нутагт таван салбартай, нийт 10 барилга байгууламжтайн дээр Дорнод аймагт үйл ажиллагаагаа өргөжүүлэн Чойбалсанд ХАА-н төвийг 2014 онд нээхээр зорин ажиллаж байна.

“Вагнер Ази” S.O.S лабораторийг 2010 онд Катерпилларийн бүх тоног төхөөрөмж, машин механизмд хэрэглэсэн тосыг шинжлэх зорилгоор байгуулжээ. Энэхүү лаборатори байгуулагдсанаар тус компанийн тусгай мэргэжилтнүүд тухайн үйлчлүүлэгчийн CAT-ын тоног төхөөрөмжийн мэдээллийг хянаж, дээж авсан тосны шинжилгээнд үндэслэн машин механизмын элэгдэл, эвдрэл, засвар үйлчилгээг тогтоох боломжтой юм. Энэхүү лаборатори “Оюутолгой”, “Энержи Ресурс”, “Багануур”, “Бороо гоулд”, SGS зэрэг компанитай хамтран ажилладаг байна. Тосны шинжилгээг олон улсын стандарт, ASTM болон Монгол улсын стандартын дагуу хийж гүйцэтгэдэг ажээ.

“Вагнер”-ийн Динамометрийн цехэд CAT-ын бүх төрлийн хөдөлгүүрүүдийг оношилдог. Энэ цехэд машин механизмын хамгийн гол цөм болсон хөдөлгүүрийг угсарч суурилуулахаас нь өмнө найдвартай ажиллагааг хянаж, баталгаажуулснаар хэрэглэгчийн засварын зардлыг ихээхэн хэмнэх юм. Тус компани мөн цилиндрийг угсрах, задлах, өнгөлөх Гидравликийн оношлогооны төв, Сэлбэг угаах шүүгээ, Эд ангийн будах цехийг ажиллуулж байна.

Зардлыг бууруулахаар тус компани бүтээгдэхүүн үйлчилгээний түншүүдэд төлдөг төлбөр, өр зээлийн хүүг багасгах төсөл хэрэгжүүлэн ажилласан юм. Уг төслийг хэрэгжүүлж тохиролцоонд хүрснээр тус компани бүтээгдэхүүнийхээ өртгийг багасгаж, зардлаа бага байлгах боломжит нөхцөлийг бүрдүүлжээ. Үүнд гол тоног төхөөрөмж үйлдвэрлэгч болох Катерпиллар хамтарч ажиллаж буй ажээ. Түүнчлэн тус компани ажилчдадаа үйлчилдэг 22 жижиг автобусны оронд 10 том жуулчны автобусны гэрээ хийж, түлшний болон бусад зардлыг бууруулжээ. “Вагнер Ази” ажилчдынхаа оюуны хөрөнгө оруулалтыг тэргүүнд тавьж ажилтан бүрийг гадаад болон дотоод сургалтад хамруулж ажилладаг нь тун сайшаалтай юм.

Харин сургалтууд дундаа механигчдыг бэлтгэх сургалт хамгийн өндөр зардалтайд ордог. Механигчдыг тухайн үйлдвэр дээр нь аваачиж сургадаг ч бүх механикчдыг ийм байдлаар сургах боломжгүй байдаг аж. Тиймээс гадаадаас мэргэжилтнүүдийг урьж авчрах арга замыг түлхүү ашиглах болжээ. Энэ нь мөн л зардлыг тодорхой хэмжээнд бууруулж байна. Өнгөрсөн онд дөрвөн удаа ХАА-н сургалтад зориулж гадаадын мэргэжилтэн урьсан бөгөөд тус бүртээ 15 хүн сургажээ. Үүнээс гадна тосны шинжилгээнд хэрэглэдэг аргон хийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлснээр жилдээ 15 сая төгрөг хэмнэх болжээ.

“Вагнер Ази“ 2013 оныг Хөдөлмөрийн хамгаалал, аюулгүй ажлуудад чиглэсэн жил хэмээн нэрлэсэн байсан юм. Энэ хүрээнд тус компани бүх ажилтнаа сургалтад хамруулан, өглөө бүр аюулгүй ажиллагааны бодит туршлагуудаа хуваалцдаг байх зэргээр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журмуудаа шинэчлэн баталжээ.

“Шивээ-Овоо“ зардлаа танахад гойд анхаарчээ

“Шивээ-Овоо” компанийн уурхайн олборлолт өнгөрсөн 2013 онд өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад тогтвортой байж чаджээ. Хөрөнгө оруулалт татах тухайд тус компанид 1998 оноос хойш гадны хөрөнгө оруулалт хийгдээгүй, өөрсдийн дотоодын хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. 2012 онд 1.72 сая тн нүүрс борлуулж, 1.75 сая тн олборлож байжээ.

Тус компани нь 1989 онд байгуулагдсан бөгөөд төвийн эрчим хүчний системийг нүүрсээр хангах үүрэг хүлээн ажиллаж байна. 2013 онд 1.9 сая тонн нүүрс олборлон борлуулж, 31.1 тэрбум төгрөгийн орлоготой, 39.5 тэрбум төгрөгийн зардалтай буюу 8.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар 526 ажилтантай, дундаж цалин 1,038,000 төгрөг байна. Ажилчдын 93 хувь нь орон сууцаар хангагдсан байдаг ажээ.

Өнгөрсөн онд зардлаа хэмнэх чиглэлд ихээхэн анхаарчээ. Тодруулбал, үйлдвэрийн голлох зардлууд болох тэсрэх материал, дизель түлшний зардал, цахилгааны зардал, сэлбэгийн зардлыг хэмнэж ажилласны дүнд төлөвлөгөөт алдагдлыг 2168.5 сая төгрөгөөр бууруулсан байна.  Үүний 1.9 тэрбум нь бодит хэмнэлт ажээ.

Мөн авлага барагдуулах ажилд ахиц гаргасны үр дүнд 816.3 сая төгрөгийн авлагыг барагдуулсан байна. Нүүрс борлуулалтын төлөвлөгөө 67.2 мянган тонноор давж биелж, борлуулалтын орлого 1.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Дотоод нөөц бололцоогоо ашиглан гарсан энэхүү хэмнэлтийн эх үүсвэрээр нийт ажилтнуудынхаа цалинг 30 хувь нэмэгдүүлсэн.

Цаашид 5 дугаар цахилгаан станцад нүүрс нийлүүлэн ажиллахаар ТЭЗҮ боловсруулсан бөгөөд хүчин чадлаа 4.5 сая тонн болгохоор зорьж байна. Ойрын хугацаанд тус компани арвин үр бүтээмжтэй, зардал багатай технологиудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр төлөвлөж буй бөгөөд ингэснээр 2015 онд алдагдалгүй ажиллаж эхэлнэ гэж тооцоолжээ. 

“Багануур” 2013 онд 16.9 тэрбум төгрөгийн хөрөнгө татжээ

“Багануур” компани өнгөрсөн 2013 онд өмнөх оныхоо бүтээмжээс илүү амжилт гарган ажиллажээ. Тухайлбал, тус компани 2012 онд 3.5 сая тонн нүүрс олборлож байсан бол өнгөрсөн онд үүнээс 260 мянган тонноор илүү бүтээлтэй ажилласан байна.

Өнгөрсөн оны байдлаар хөрөнгө оруулалт харьцангуй сайн татсан бөгөөд нийт 16.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төвлөрүүлжээ. Энэ нь 2012 оны үзүүлэлтээс 296 хувиар ахиу дүн ажээ.

2013 онд компанийн ажиллагсдын үндсэн орон тоог 1079, хөлсөөр ажиллах гэрээтэй орон тоог 49, нийт 1098 ажилтан ажиллахаар батлуулсан бөгөөд орон тоог тогтвортой хадгалж ажилласан байна. Шинэ тоног төхөөрөмж нэмэгдсэнтэй холбоотойгоор ажлын байр хоёроор нэмэгджээ.

Өнгөрсөн онд тус компани хэмнэлтийн төлөвлөгөө гарган ажиллаж, нийт 283.3 сая төгрөг хэмнэжээ. Түүнчлэн үйлдвэрийн үйл ажиллагааны зардлыг бууруулах зорилгоор Бүтээмжийн арга хэрэгслүүдийг ашиглан өртөг зардлыг бууруулан ажиллаж 89.5 сая төгрөг хэмнэжээ. Ийнхүү нийтдээ 372.8 сая төгрөгийн хэмнэлт гаргасан амжилт Багануур гэдэг “айлынх”.

Б.Төгсбилэгт

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 7 цаг 21 минутын өмнө
    Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, энэ оны эхний есөн сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрч 9.5%-иар өсчээ. Үүнд экспорт 5.9 тэрбум ам.доллар, импорт 4.6 тэрбум ам.долларыг эзэлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад экспорт 12.6%, импорт 5.7%-иар тус тус өслөө. Гадаад худалдаа 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 415.5 сая ам.доллараар нэмэгджээ. Нийт экспортод эзлэх эрдсийн экспортын хэмжээ 4.96 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 9.3%-иар нэмэгдсэн байна. Энэ дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр тэргүүлж буй бол зэс хоёрдугаарт эрэмбэлэгдэв.
  • 10 цаг 0 минутын өмнө
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай аравдугаар сарын сүүлчээр Тувагийн Бүгд Найрамдах Улсын төрийн тэргүүн Шолбан Кара-оол уулзаж, эрчим хүч болоод тээврийн салбар дахь төслүүдийн талаар санал солилцохоор төлөвлөжээ. “Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын шугамыг  үргэлжлүүлэн Монгол Улсын нутгаар дамжин Хятад хүргэх асуудлыг хэлэлцэх хүсэлтэй байна” хэмээн Тувагийн тэргүүн “Интерфакс” агентлагт мэдэгдсэн байна. Мөн уулзалтаар  хоёр талын эрчим хүч нийлүүлэх хамтын ажиллагааны асуудлыг хөндөх аж. Саяно-Шушенскийн УЦС-аас эрчим хүч Монголын баруун бүсийн нутгуудад нийлүүлэх боломжтой гэдгийг тэрээр тодруулжээ.
  • Өчигдөр 14 цаг 41 минутад
    Хятадын төрийн өмчит “Чалко” компани нь Гвиней улс дахь хөнгөн цагааны Боффа уурхайн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөжээ. Жилд 12 сая тонн хүдэр олборлох хүчин чадалтай уурхайн төслийг 2018 оны аравдугаар сараас хэрэгжүүлж байгаа бөгөөд байгалийн хүнд нөхцөл байдлаас шалтгаалан энэ онд эхлүүлэх хугацааг хойшлуулсан байна. Төсөл нь 706 сая ам.долларын өртөгтэй бөгөөд уурхайгаас гадна цахилгаан станц, далайн боомтыг барьж буй. Боффа орд нь 1.75 тэрбум тонн хөнгөн цагааны хүдрийн нөөцтэй юм.
  • Өчигдөр 13 цаг 40 минутад
    Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах Газрын тос боловсруулах үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авч, барилга угсралт, хөрөнгө оруулалтыг албан ёсоор эхэлж байна. Үйлдвэрийн гаднах дэд бүтцийг ашиглалтад хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Дармэндр Пратхан, БНЭУ-ын Гадаад хэргийн сайдын зөвлөх К.Панкаж, БНЭУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.П.Сингх болон УИХ, Засгийн газрын гишүүд, албаны төлөөлөгчид оролцов. БНЭУ-ын Газрын тос, байгалийн хийн сайд Д.Пратхан “Монгол Улсад 1.5 сая тонн хүчин чадалтай Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулж буй нь хоёр улсын нөхөрлөлийн бэлэг тэмдэг юм. Монголын талын хүсэлтээр 236 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг манай Засгийн газраас хийхээр шийдвэрлэсэн. Хоёр орны стратегийн түншлэлийг улам хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно" хэмээн мэдэгджээ.
  • Өчигдөр 13 цаг 33 минутад
    Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотод болж байна. Энэхүү форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин нар оролцож үг хэлсэн билээ. Мөн үеэр хоёр орны бизнес эрхлэгчид "Алт мөнгө/үнэт металь/цэвэршүүлэх үйлдвэр барих", "Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих", "Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх", "Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, мэргэжилтнүүдийг сургах сургалтын төв байгуулах" зэрэг найман гэрээг байгуулав. Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд "Эрдэнэс алт ресурс" ХХКийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, "Сымбат инжиниринг" ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ, төлбөргүй өглөө.