Эрдсийн зах 2014 онд

2013-12-31 12:45



Коксжих нүүрсний зах зээл тогтворжино


Одоогийн байдлаар Австралийн коксжих нүүрсний FOB үнэ 122-137 ам.доллар/тонн байна. Харин CFR нөхцөлтэй үнэ нь 151 ам.доллар/тонн байна. Оны эхэнд коксжих нүүрсний үнэ 160 ам.доллар/тонн байсан бол аажмаар буурсаар өнгөрсөн зургадугаар сард шалдаа бууж, 123 ам.долларт хүрсэн юм. Хэдийгээр үнэ оны сүүлийн улиралд харьцангуй өсөх хандлагатай болж ирсэн ч одоо эргээд нэлээд доогуур түвшиндээ хүрээд байна. Ерөнхийдөө энэ жил коксжих нүүрс олборлогчид хэрхэн ашиг хийх вэ гэхээсээ илүүтэй хэрхэн алдагдалгүй ажиллах вэ гэсэн “бодрол”-д автсан жил байлаа. Ирэх он гарсаар коксжих нүүрсний үнэ өсөх таамгийг зарим шинжээч хэлж буй ч, худалдан авагч тал тодруулбал Хятадын гангийн үйлдвэрүүд одоогийн үнээр эсвэл үүнээс доогуур үнэлгээгээр нүүрс авах сонирхолтой байгаа юм.

Нөгөөтэйгүүр энэ оны зах зээлийн таагүй байдал Монгол нүүрст ихээхэн хүчтэй “цохилт” болсныг тэмдэглэе. Ерөнхий нөхцөл байдал харьцангуй сайжирч буй ч хилийн үнэ сэргээгүй хэвээр байсаар. Хятадын гангийн бүс нутгуудад коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 50-70 юань/тонноор нэмэгдээд байгаа бол хилийн бүс болон Өвөрмонголын хэсэгт үнийн өөрчлөлт гараагүй тун доогуур хэвээр байна. Тодруулбал, Сэхээ боомт дээр хагас коксжих нүүрс нэг тонн нь 400 юань/тонн байгаа бол Ганцмод боомтод сайн чанарын коксжих нүүрс 550 юань/тонн байгаа нь Хятадын бусад нутаг дахь зах зээлийн сэргэлтээс Монгол нүүрс ангид байна гэсэн үг юм.

АНУ-ын олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч байгууллага “Moody”-гийн үзэж буйгаар энэ жилийн эрдсийн зах зээлийн таагүй байдал 40 сая тонноос илүү олборлолт бүхий коксжих нүүрсний уурхайг хаагдахад хүргэжээ. Энэ байдал цаашид ч үргэлжилж, ирэх оны дунд үед зах зээлд үнийн өсөлт авчирч мэдэхээр байна. Тодруулбал, ирэх жилийн эхэнд  коксжих нүүрсний үнэ 150-160 ам.доллар/тонн, дунд үе гэхэд АНУ, Австралийн олборлолтын зардал өндөртэй уурхайнууд зах зээлээс шахагдсанаар үнэ 170-175 ам.доллар/тонн болж өсөх таамаг дэвшүүлжээ. Гэхдээ “Moody” ирэх онд зах зээлд нийлүүлэлтийн илүүдэлтэй байна гэж үзэж байна. Австралид шинэ төслүүд ашиглалтад орохын зэрэгцээ газарзүйн хувьд АНУ-ыг бодвол гол зах зээлд ойр учир тус улсын нүүрсний өрсөлдөх чадвар илүү сайн байх ажээ.

Хятадын коксжих нүүрсний импорт 2018 он гэхэд 23 хувиар өсч, 108 сая тоннд хүрэх таамгийг  Австралийн нөөц баялаг, эрчим хүчний эдийн засгийн газар  гаргаад байна.  Үүнээс үзэхэд коксжих нүүрсний зах зээл аажимдаа сэргэх хандлагатай харагдаж буй юм. Гэхдээ энэхүү таамаг нэлээд өөдрөг тооцоолол гэдгийг тэмдэглэе. Учир нь эрдэс баялгийн судалгааны гол байгууллагуудын нэг “Macquarie” мөн онд Хятадын импортын үзүүлэлт энэ жилийнхээс ч доогуур буюу 66 сая тонн байна гэж таамаг дэвшүүлжээ.

Хятадын коксжих нүүрсний импорт энэ оны эхний арван сарын байдлаар 60.8 сая тоннд хүрээд буйг Хятадын гаалийн ерөнхий газраас мэдээлж байна. Судалгааны байгууллагуудын мэдээлж буйгаар энэ онд Хятад улс 71 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвтэй байна. Энэ нь Хятадын хувьд коксжих нүүрсний импортын хамгийн оргил үзүүлэлтэд тооцогдохоор байна. Тус улсын хувьд энэ жил коксжих нүүрсний импортоороо Японыг ардаа орхиж, дэлхийд тэргүүлэх байр  эзлээд буй юм.

Ерөнхийдөө нэг тонн коксжих нүүрсний дэлхийн зах зээл дэх үнэ 2014 онд энэ жилийнхээс 10 гаруй ам.доллараар өндөр буюу 164 ам.доллар/ тонн байх таамагтай байгааг “Metal Expert Research” мэдээлжээ. Хамгийн сөрөг таамаглалаар буюу “ABN Amro”, “Numis” зэрэг байгууллагуудын тооцож буйгаар ирэх онд коксжих нүүрсний үнэ 135 ам.доллар/тоннд хэлбэлзэх төлөвтэй байна. Харин хамгийн өөдрөг таамаглалаар буюу “CIMB”, “Scotiabank”-ныхаар ирэх онд коксжих нүүрс 190 ам.доллар/тоннд хэлбэлзэх төлөвтэй байна. “CRU” эрдэс зах зээлийн судалгааны байгууллагынхаар коксжих нүүрсний нийлүүлэлт бусад эрдэс түүхий эдийн байдалтай харьцуулахад харьцангуй муу байх төлөвтэй байгаа юм. Учир нь коксжих нүүрсний арвин нөөцтэй “чанартай” орд газрууд илрэх нь цөөрч буй бөгөөд олборлолтын зардал өндөр байгаа нь үүнд нөлөөлж байна. Мөн “PwC”-ийн мэргэжилтэн Тим Гоулдсмит “Коксжих нүүрсний үнийг тооцоолох хэцүү. Учир нь Хятадын дотоодын коксжих нүүрсний үйлдвэрлэл ямар байх нь тодорхойгүй байгаа. Ирэх жил коксжих нүүрсний шинэ ордууд төдийлөн нээгдэхгүй. Энэ нь коксжих нүүрсний үнэ өсөх боломж байна гэсэн үг” гэж тайлбарлажээ.

Түүнчлэн “Macquarie”-гийн мэдээлж буйгаар ирэх онд коксжих нүүрсний эрэлт нийлүүлэлтийн харьцаа тэнцэх ажээ. Цаашлаад нийлүүлэлтийн хэмжээ эрэлтийнхээс бага байх төлөвтэйг сануулжээ. Гэхдээ тэд Монголын нүүрсний нийлүүлэлт нэмэгдэх хүчин зүйлийг тооцоололдоо төдийлөн харгалзсангүй ажээ. Австралийн нөөц баялаг, эрчим хүчний эдийн засгийн газрын тооцоолж буйгаар ирэх жил дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ 159 ам.доллар/тонн байна гэж үзжээ. Энэ оны байдлаар дэлхийн коксжих нүүрсний экспортоороо тэргүүлэгч Австрали улсын экспорт 158 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа бол жил бүр энэ нь дунджаар 5-8 сая тонноор өссөөр 2018 онд 200 сая тоннд хүрэхээр байна. Гэхдээ тус байгууллага Хятадын коксжих нүүрсний эрэлтийг хэт өөдрөгөөр харжээ. Тухайлбал, тус улс энэ онд 87 сая тонн, ирэх онд 93 сая тонн нүүрс импортолно гэж үзжээ. Энэ нь бусад байгууллагуудын дунджаас бараг 20 сая тонноор зөрж байна. Тус байгууллагын үзэж буйгаар урт хугацаандаа коксжих нүүрсний үнэ нэг тонн нь 164 ам.долларт хэлбэлзэнэ гэж үзэж байна.
Энэ оны байдлаар Австралийн коксжих нүүрсний экспорт 22 сая тонноор нэмэгджээ. Харин Монголынх хүлээгдэж буй гүйцэтгэлээр 60 орчим хувийн биелэлттэй гарч байна. Хэдийгээр энэ жилийн хувьд манай улсын нүүрсний өрсөлдөх чадвар ихээхэн суларсан жил байсан ч Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Хятад улсад хийсэн айлчлалын үеэр ойрын 20 жилийн хугацаанд тус улс руу 1 тэрбум тонн нүүрс экспортлох гэрээ хийсэн нь урагш алхсан хэрэг байв. Тодруулбал, Хятадын “Шинхуа Энержи” төрийн өмчийн компанитай манай улсын “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “жижиг” Тавантолгой, ММС зэрэг компаниуд нүүрс нийлүүлэхээр тохиролцсон юм.

Энэ тухай “Шинхуа Энержи” компанийн Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн дэд захирал Зан Гуангжун ойрын жилүүдэд Монголоос жилд 30-50 сая тонн нүүрс импортолдог болно гэж мэдэгджээ. Энэ оны хувьд Хятадын “Шинхуа” компани 1.22 тэрбум долларын хөрөнгө оруулалт манай улсын хил рүү татсан 30-50 сая тонн/жилийн даацтай Ганчуаны төмөр замыг барих ажлаа дуусгаад ирэх он гармагц ашиглалтад оруулах гэж буй. Харин манай улсын хувьд Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 247 км төмөр зам татах ажлыг “Samsung C&T” компаниар гүйцэтгүүлэхээр болсон тухай өнгөрсөн тавдугаар сард мэдээлсэн билээ. Тэд энэ онд багтаан газар шорооны ажлаа хийж дуусахаар ажиллаж байна.

Төмрийн хүдрийн нийлүүлэлт үлэмж нэмэгдэх ч зах зээл дэх үнэ буурахгүй

Төмрийн хүдрийн ирэх оны зах зээлийн төлөв байдал Хятадад харьцангуй сайн байх таамгийг Хятадын Металургийн аж үйлдвэр төлөвлөлт, судалгааны хүрээлэнгийн захирал саяхан мэдэгдсэн. Түүнчлэн гангийн эрэлт АНУ-д автомашин, барилгын салбарын өсөлтийн нөлөөгөөр харьцангуй сайн байх тухай ч олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Харин Европт гангийн эрэлт нэмэгдэх магадлал тийм ч их биш байгааг сануулж байгаа юм. Тодруулбал Европт автомашин үйлдвэрлэл муугүй байх төлөвтэй байгаа ч барилга угсралтын салбарын өсөлт сайнгүй байх ажээ. “PwC”-ийн үзэж буйгаар ирэх жил төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ хоёул харьцангуй өсөх хандлагатайг илэрхийлжээ. Арванхоёрдугаар сарын дунд үеийн байдлаар олон улсын зах зээлд нэг тонн төмрийн хүдрийн үнэ 137 ам.доллар байгаа нь ирэх жил ч хэвээр хадгалагдана гэж Энэтхэгийн NDMC төмрийн хүдрийн төрийн өмчийн компани үзжээ. Одоогийн байдлаар дэлхийн зах зээлд жилд дунджаар 1.5 тэрбум тонн төмрийн хүдэр эргэлдэж буйн бараг тал хувь нь Австрали, Бразилаас нийлүүлэгдэж байна. Төмрийн хүдрийн эрэлт жилд дунджаар 5-6 хувь өсөх хандлагатай байгааг “PwC”-ийн мэргэжилтэн Тим Гоулдсмит судалгаандаа өгүүлжээ.

Австралийн нөөц баялаг, эрчим хүчний эдийн засгийн газрын тооцоолж буйгаар энэ жил төмрийн хүдрийн экспорт 8 хувь, ирэх жил 20 хувиар тус тус нэмэгдэх төлөвтэй байна.

Австралийн “Commonwealth” банкны ахлах эдийн засагч Майкл Воркманы тайлбарлаж буйгаар зах зээл судалгааны байгууллагуудын таамаглалууд төмрийн хүдрийн зах зээл дэх үнийг одоогийнхоос 10-20 хувиар доогуур байна гэж нэлээд зөрүүтэй мэдээлж байсан ажээ. Төмрийн хүдрийн үнэ хүмүүсийн боломжит гэж мэдэгдэж байсан үнээс хавьгүй өндөр байсныг тэрбээр тэмдэглэжээ. Энэ оны дундуур төмрийн хүдрийн импортын худалдааны 60-70 орчим хувийг эзэлдэг Хятад улс 2 их наяд юаныг эдийн засгийг сэргээх үүднээс нийлүүлсэн нь төмрийн хүдрийн зах зээл сэргэхэд ихээхэн нөлөөлсөн бөгөөд ирэх онд төмрийн хүдрийн үнэ буурах магадлалтайг шинжээч онцолжээ.

Учир нь Австралийн төмрийн хүдрийн бүс нутаг дахь олборлолт нэмэгдэхийн хэрээр төмрийн хүдрийн үнэ буурах магадлалтай байна. Үнэхээр ч Австралийн төмрийн хүдрийн олборлолт, экспорт жил ирэх бүр өсөх төлөв харагдаж байгаа юм. Тус улсын хувьд энэ жил 570 гаруй сая тонн төмрийн хүдэр экспортлохоор байгаа бол ирэх жил уг үзүүлэлт 669 тонн болж нэмэгдэхээр байна.

Тус улсад үйл ажиллагаа явуулдаг төмрийн хүдэр олборлолтын гол гол тоглогчдын нэг болох “Fortescue Metals Group” энэ жил хүчин чадлаа нэмэгдүүлж, жилд 155 сая тонн хүдэр олборлохуйц чадамжтай болгожээ. Харин “Рио Тинто”, BHP олборлолтын хүчин чадлаа 110 сая тонноор нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа бол “Hancock Prospecting” компани “Roy Hill” төслөөсөө жилд 55 сая тонныг олборлохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар “Рио Тинто”-гийн олборлолтын хүчин чадал 290 сая тонн, BHP 180 гаруй сая тонн, “Fortescue” 155 сая тонн болж нэмэгдээд байгаа юм. BHP ирэх жил хүчин чадлаа 207 сая тонн болгож нэмэгдүүлэхээр байна. Харин “Рио Тинто”, “Fortescue”-гийн тухайд хүчин чадлаа 360 сая, 355 сая тонн болгон өргөжүүлэх төслийг ойрын жилүүдэд хэрэгжүүлэх нь тодорхой байна. “Рио Тинто” төсөв зарцуулалтаа нэлээд арвилан хэмнэх болсон тул дээрх төлөвлөгөөгөө 2017 он хүртэл хойшлуулаад байна. Харин “Fortescue”-гийн тухайд зах зээлийн нөхцөл байдлыг ажиглаж буйн зэрэгцээ хөрөнгө босгох ажил нь ихээхэн чухал байгаа юм.

“Morgan Stanley” банкны тооцоолж буйгаар ирэх жилийн эхний хагаст дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ 130 ам.доллар/тонн-д хэлбэлзэх магадлалтай байна. Харин ирэх оны хоёрдугаар хагаст зах зээлд 50 орчим сая тонн төмрийн хүдрийн нийлүүлэлтийн илүүдэл үүсч болзошгүй тул үнэ 130 ам.доллараас доогуур буюу 120 ам.доллар болж магадгүй ажээ. Тус байгууллага Австралиас гадна, Өмнөд Америк тэр дундаа Бразилийн “Вале”-гийн нийлүүлэлтийн өсөлтийг онцолжээ. “World Steel Dynamics”-ийн тооцож буйгаар ирэх жил төмрийн хүдрийн дэлхийн зах зээл дэх нийлүүлэлт 483 сая тонноор нэмэгдэх ажээ. Энэ дунд Өмнөд Америкийн эзлэх хувь 208 сая тонн байх ажээ. “Carajas” төслийн өргөтгөлийн дүнд ирэх жил “Вале” хүчин чадлаа 40 сая тонноор зузаатгах ажээ. Тус компани 2018 он гэхэд олборлолтын бүтээмжээ бараг тал хувиар нэмэгдүүлж 450 сая тонн болгохоор ажиллаж байна. Нөгөө талд Хятад улсын төмрийн хүдрийн импорт ирэх жил 8.3 хувиар нэмэгдэж, 872 сая тонн болно гэж Австралийн нөөц баялаг, эрчим хүчний эдийн засгийн газар үзжээ.

Харин Хятадын Металургийн аж үйлдвэр төлөвлөлт, судалгааны хүрээлэн уг үзүүлэлт 850 сая тонн байна гэсэн арай бага тооцоолол гаргажээ. Хэдийгээр эрэлт энэ мэтчилэн өсөх ч түүнийг давсан нийлүүлэлтийн эрчимтэй өсөлтийн улмаас 2015 оноос хойш төмрийн хүдрийн үнэ нэг тонн нь 91-100 ам.доллар болтлоо буурна гэсэн таамгийг судалгааны байгууллагууд дэвшүүлээд байна. Гэсэн ч Австралийн томоохон тоглогчдын олборлолтын зардал тонн тутамд 50-55 ам.доллар байх тул ашигтай ажиллах “орон зай” хадгалагдсаар байх ажээ. Харин Хятадын компаниудын хувьд зардал маш өндөр буюу тонн тутмын олборлолтод 100 ам.доллар оногдож байгаа тул зах зээл дэх үнийн ялимгүй бууралт нь тус улсын төмрийн хүдрийн дотоодын олборлолтод сөргөөр нөлөөлөх нь тодорхой байгаа юм.

Хамгийн сөрөг таамаглалд “Credit Suisse”-ийн тооцоолол багтаж байна. Тус банкны хувьд ирэх оны төгсгөл үеэр төмрийн хүдрийн үнэ 90 ам.доллар/тонн болтлоо унаж магадгүй гэсэн гутранги таамаг дэвшүүлжээ.

Зэсийн зах зээлийн нийлүүлэлт эрчимтэй нэмэгдэнэ

Оны эхээр нэг тонн нь бараг 8000 мянган ам.долларын үнэтэй байсан зэсийн зах зээл өнгөрч буй 2013 онд аажим аажмаар суларсаар оны дунд үе гэхэд 7000   ам.доллар/тонн ч хүрэхгүй болтлоо үнэлгээ нь буурсан. Шинжээчид энэ онд зэсийн зах зээл харьцангуй сайн байна гэж эхэн үедээ таамаглаж байсан бол оны дунд үед шил дараалан урьдчилсан тооцооллуудаа буулгаж эхэлсэн. Харин оны төгсгөлд зах зээл шинжилгээний байгууллагууд илүү өөдрөг төлөвийг мэдээлэх болов. Гэсэн ч зэсийн зах зээл судлаачид хүрэн металын зах зээлийн сөрөг хүчин зүйлүүдийг илүүтэй анхааруулсаар байна.

Тухайлбал, PwC ирэх жил дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл өндөр байх тул зэсийн зах зээл сулхан байж магадгүй гэжээ. Зэсийн томоохон үйлдвэрлэгч KGMH-ийн захирал PwC-д өгсөн ярилцлагадаа ирэх жил дэлхийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл байх тул зах зээл муу байх тухайд санал нэгджээ. Гэхдээ тэрбээр ойрын жилүүдэд зэсийн үнэ сэргэх хандлагатай гэдэгт итгэлтэй хэвээр байгаа ажээ. Тэрбээр дэлхийн эрдэс түүхий эдийн  зах зээлийн өсөлтийн мөчлөг бүрэн дуусаагүй гэдэгт итгэлтэй хэвээрээ байгаа ажээ. Арванхоёрдугаар сарын 10-нд зэсийн үнэ Лондоны металын бирж дээр 7188 ам.доллар/тонн байсан бол үргэлжлэн өссөөр 13-ны өдөр гэхэд нэг тонн нь 7307 ам.долларт хүрсэн нь өнгөрсөн аравдугаар сарын 23-наас хойшхи хамгийн өндөр үнэд тооцогдсон юм. Хэдийгээр арванхоёрдугаар сард хүрэн металын эрэлтийн 40 гаруй хувийг эзэлдэг Хятадын үйлдвэрлэлийн эрчмийн үзүүлэлт буюу PM Index сүүлийн гурван сарын хугацаанд хамгийн доогуур үзүүлэлттэй гарсан ч, Еврогийн аж үйлдвэр сэргэсэн дүн хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн юм. Нөгөөтэйгүүр, Хятадын зэс хайлуулах үйлдвэрийн бүтээмж өнгөрсөн арваннэгдүгээр сард өмнөх сарынхаасаа 28 хувийн өсөлттэй байж,  654 мянган тонн зэс бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь эрэлт тогтвортой байх “дохио” болж, зах зээлийн идэвхжилтэд мөн нөлөөлсөн.

Азийн хөгжлийн банк Хятадын энэ оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа өнгөрсөн аравдугаар сард 7.6 хувиас 7.7 хувь болгож нэмэгдүүлсэн юм. Тус банк мөн Хятадын 2014 оны эдийн засгийн өсөлтийг 7.4-7.5 хувь болгож нэмэгдүүлжээ. “Barclays”-ийн үзэж буйгаар ирэх онд Хятад улсын эдийн засаг 7.5 хувь байх боломжтой гэж үзэж байна. Харин инфляцийг 3.5 хувьд барих бүрэн боломжтой ажээ. Тус банкны тооцоолж буйгаар ирэх онд зэсийн нийлүүлэлтийн илүүдэл 272 мянган тонн байх ажээ. Ирэх онд зэсийн дэлхийн зах зээл дэх дундаж үнэ 6750 ам.доллар/тонн байх ажээ.

Харин Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG)-ийн тооцоолж буйгаар энэ жил дэлхийн зах зээл дэх боловсруулсан зэсийн нийлүүлэлтийн илүүдэл 382 мянган тонн байх ажээ. 2013 онд дэлхийн боловсруулсан зэсийн үйлдвэрлэл 3.9 хувиар өсч, 20.9 сая тонн байх бол ирэх жил 5.5 хувиар нэмэгдэж, уг үзүүлэлт 22.1 сая тоннд хүрэх юм байна. Ирэх жил зэсийн эрэлт 4.5 хувиар нэмэгдэх ч боловсруулсан зэсийн нийлүүлэлтийн илүүдэл энэ жилийнхээс 60 хувиар өсч, 632 мянган тоннд хүрэх ажээ. Дэлхийн зэсийн уурхайн олборлолтын хэмжээ ирэх жил өсч, 18.6 сая тоннд хүрэхээр байна. Энэ жилийн байдлаар уг үзүүлэлт 16.7 сая тонн байгаа юм.

PwC-ийн судалгаанд оролцогч компаниудын 62 хувь нь ирэх онд зэсийн зах зээл харьцангуй тогтвортой байх бөгөөд үнийн хувьд энэ жилийнхээс төдийлөн буухгүй гэж мэдэгджээ. PwC-ийн саяхан гаргасан тайланд дурдсанаар Хятад улс эдийн засгийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхийн хэрээр мөн АНУ-ын эдийн засаг аажмаар сэргэхийн хэрээр зэсийн урт хугацааны эрэлт харьцангуй сайн байх төлөв харагдаж байна.

Зэсийн зах зээл харьцангуй сайн байх таамгийг олонхи шинжээчид дэвшүүлж буй ч АНУ-ын Холбооны нөөцийн эдийн засгийг эрчимжүүлэх үйл ажиллагаа суларвал эрэлт буурч зах зээлд ч эргээд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүйг тэд бас сануулж байна.

“Citigroup”-ын шинжээч Эдуард Морсэн хамгийн багадаа 2015, 2016 оныг дуустал дэлхийн зах зээлд зэсийн нийлүүлэлтийн илүүдэл байсаар байх болно гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм.

Нөгөөтэйгүүр Индонезийн Засгийн газрын боловсруулаагүй бүтээгдэхүүний хориг хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр тус улсын “Grasberg” зэсийн томоохон уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Freeport McMoran” компанийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл 40 хувиар буурч магадгүй байгааг тус компанийнхан мэдэгдээд буй юм. Тодруулбал, тус компани ирэх жил экспортын хориг үйлчилж эхэлснээр тус улс дахь орлогыг нь 65 хувиар (410 мянган тонн зэс) танахаар байгааг дуулгажээ. Ингэснээр Зүүн өмнөд Азийн хамгийн том эдийн засагтай тус улс ирэх жил 1.6 тэрбум ам.долларын орлого алдах тооцоо ч гараад байна. Жилд 610 мянган тонн зэсийн үйлдвэрлэл бүхий “Grasberg” уурхайн баяжмал бүтээгдэхүүний худалдаа үлэмж хэмжээгээр танагдана гэдэг нь дэлхийн зах зээлд тодорхой нөлөөлөл үзүүлэх нь дамжиггүй юм.

“Хэрэв энэ зүйл үнэхээр биелбэл бидний одоогийн харж буй зах зээл дэх нийлүүлэлтийн илүүдэл арилж, харин ч нийлүүлэлтийн алдагдалтай болох бөгөөд энэ нь зэсийн зах зээл дэх үнийг 8000 ам.доллар/тоннд хүргэнэ” гэж UBS-ийн зах зээлийн шинжээч Доминик Шнидер ярьжээ. Гэвч тэрбээр ийм зүйл тохиолдохгүй гэж үзэж байна. Учир нь тус улсын худалдааны алдагдал хурдацтайгаар өсч, зах зээлийн шаардлагаар Индонез бодлогоо өөрчилнө гэж үзэж байна.

Ройтерсийн тооцоолж буйгаар энэ жил дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл 182 мянган тонн байхаар байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны 153 мянган тонн байсан үзүүлэлтээс хавьгүй илүү юм. Түүнчлэн 2014 онд уг үзүүлэлт 382 мянган тоннд хүрэхээр байна. Үүнд Оюутолгойн зэсийн баяжмалын нийлүүлэлт ирэх онд 750 мянган тонн байхаар төлөвлөгдөөд буйг зүй ёсоор дурдах ёстой.

Харин HSBC-гийн тухайд энэ оны зэсийн зах зээл дэх нийлүүлэлтийн илүүдлийг 320 мянгаас 32 мянган тонн болгож ихээхэн бууруулжээ. 2014 оны тухайд нийлүүлэлтийн илүүдлийг 610-88 мянган тонн болгон бууруулжээ. Түүнчлэн ирэх жил зэсийн үнэ Лондоны металын бирж дээр дунджаар 7250 ам.доллар/тонн байна гэж тооцож байснаа 7750 ам.доллар/тонн байна гэж дүгнэжээ. Тэдний үзэж буйгаар 2014 болон 2015 онд зэсийн үйлдвэрлэлийн өсөлт тооцоолж байснаас доогуур байна гэж үзэж байна.

Хятадын эдийн засгийн дунд хугацааны өсөлт, барууны орнуудын өсөлт болон зэсийн хүлээгдэж буй үйлдвэрлэлийн хойшлолт зэрэг нь үнэ харьцангуй сайн байхад нөлөөлөх гэнэ. HSBC “Эскондида”, “Grasberg”, “Оюутолгой” болон “Sossego” ордуудын зэсийн үйлдвэрлэл нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэж үзжээ. Эрэлт жилд 3.4-4.5 хувиар өснө гэж тус байгууллага үзэж байна.

“Macquarie”-ийн үзэж буйгаар ирэх жил 427 мянган тонн зэсийн нийлүүлэлтийн илүүдэл үүснэ гэж үзэж байна. Харин 2015 онд уг үзүүлэлт бүр ихэсч, 627 мянган тонн болох ажээ. Тэд ирэх онд нэг тонн зэсийн дэлхийн зах зээл дэх дундаж үнэ 6550 мянган ам.доллар байна гэж үзжээ. Учир нь одоо үйлдвэрлэгдчихсэн байгаа зэсийн баяжмал ирэх онд нийлүүлэгдэж эхэлснээр зах зээл дэх бүтээгдэхүүний үнэ “навс унах” болно хэмээн тооцоолж байна.

Австралийн нөөц баялаг, эрчим хүчний эдийн засгийн газрын тооцоолж буйгаар энэ жил зэсийн дундаж үнэ 7281 ам.доллар/тонн болох төлөвтэй байна. Харин тэд ирэх жил мөн л зэсийн нийлүүлэлтийн илүүдэл байх тул дундаж үнэ энэ оныхоос 4.4 хувиар буурч 6963 ам.доллар/тонн байна гэж дүгнэжээ. Улмаар энэ байдал 2015 онд ч хэвээр хадгалагдаж зэсийн үнэ 6600 ам.доллар болж буух таамгийг дэвшүүлээд байна. Энэ жил дэлхийн зэсийн хэрэглээ 2012 оныхтой харьцуулахад 1.8 хувиар нэмэгдэж, 20.5 сая тонн болох төлөвтэй байна. Харин Хятадын хэрэглээ 9 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Ирэх 2014 онд АНУ-ын барилгын салбарын сэргэлт болон Хятадын амины орон сууцны барилгажилтын идэвхжилийн нөлөөгөөр дэлхийн зэсийн хэрэглээ энэ оныхоос 3.2 хувиар нэмэгдэж, 21.2 сая тоннд хүрнэ гэж тус байгууллага тооцжээ. Хятадын хэрэглээ ирэх жил 4 хувиар нэмэгдэж, 9.4 сая тоннд хүрэхээр байна. Евро бүсийн хэрэглээ уг бүсийн орнууд хямралаас гарахын хэрээр 2 хувиар нэмэгдэж, 3.7 сая тоннд хүрэхээр байна.

Тус байгууллагын мэдээлж буйгаар ирэх онд уурхайн зэсийн олборлолт 4.7 хувиар нэмэгдэж, 18.5 сая тоннд хүрэх ажээ. Энэ онд уг хэмжээ өнгөрсөн оныхоос 3.2 хувиар нэмэгдэн 17.6 сая тонн болох ажээ. Үүнд Монголын “Оюутолгой”, Индонезийн “Grasberg”, ”Перугийн “Antacappay”, “Las Bambas”, “Rio Blanco”, “Toromocho”, Чилийн “Mina Ministro Hales”, “Caserones”, “Sierra Gorda”, “Quebrada Blanca”-гийн хоёрдугаар үе шат зэрэг нь ойрын хэдэн жилд зэсийн зах зээлд нэмэлт нийлүүлэлт болж үйлчлэхээр байгааг тэмдэглэжээ.


Б.Төгсбилэгт

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 12 цаг 26 минутын өмнө
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.
  • Өчигдөр 17 цаг 21 минутад
    Брэнт маркийн газрын тосны ханш 86.04 ам.доллар/баррель болж 2018 оны аравдугаар сараас хойших хамгийн дээд түвшинд хүрлээ. Дэлхийн зах зээлд байгалийн хий, нүүрсний үнэ нэмэгдсэнээс үүдэлтэйгээр дизель генераторуудын эрчим хүч үйлдвэрлэл нэмэгдэх болсон байна. Үүнээс үүдэн энэ оны дөрөвдүгээр улиралд газрын тосны эрэлтг 450 мянган баррель/өдөр-өөр нэмэгдэж болзошгүй байна. 
  • Өчигдөр 14 цаг 43 минутад
    Монголын тал түүнчлэн аж ахуйн нэгжүүд нүүрсний худалдааны урт хугацааны гэрээ байгуулахад дэмжлэг үзүүлэх, Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор чингэлгээр нүүрс тээвэрлэхийг нэмэгдүүлэх, Гашуунсухайт, Бичигт, Ханги, Шивээхүрэн чиглэлээр хоёр улсын хооронд төмөр замаар харилцан холбогдох ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа хурлын үеэр илэрхийлсэн юм. Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолцлын цэгийг хоёр улсын холбогдох аж ахуйн нэгжүүд тохиролцсонд баяртай байгаагаа талууд илэрхийлж, уг тохиролцоог ГХЯ-дын шугамаар шуурхай баталгаажуулж, төмөр замыг холбох дэд бүтцийн байгууламжийг барихад идэвхтэй хамтран ажиллах нь чухал болохыг тэмдэглэлээ. 
  • Өчигдөр 14 цаг 25 минутад
    Элчин сайд Т.Бадрал, Шивээхүрэн-Сэхээ боомт нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй боомт гэдгийг онцолж, хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрэн дүүрэн ашиглах чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж, нэг өдөрт хил нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 400 хүргэх зорилт дэвшүүлэхийг санал болгов. Альшаа аймгийн дэд дарга Цэцэн, Монгол Улстай хийж буй худалдааны эргэлт, барааны төрлийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа илэрхийлж, тус аймгаас Монгол Улсын Баянхонгор аймагт 728 мянган юанийн буцалтгүй тусламж үзүүлж буйгаа мэдэгдэв.
  • Өчигдөр 13 цаг 01 минутад
    Жил бүрийн намар Монгол банк ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ УИХ-аар батлуулдаг. Энэ дагуу Төрөөс  мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг тус банк УИХ-д өргөн барьсан билээ. Энэ талаар Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ковид 19 цар тахлын нөлөөгөөр 2020 онд  дэлхийн эдийн засаг огцом уналтад орсон. Гэхдээ 2020 оны сүүлээс эхлэн хөгжингүй орнуудын эдийн засаг, санхүүгийн зах зээл идэвхжиж, зах зээлд оролцогчдын хүлээлт сайжирч, сэргэлт гарч байна.