Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

ШИНЭ “ТОРГОНЫ ЗАМ” дахь Орос, Хятадын бүтээн байгуулалт Монголыг тойрох уу?

Газрын тос, нүүрс, мод гээд байгалийн баялаг арвинтай Орос орон, аж үйлдвэр эрчимтэй хөгжиж түүхий эдээр “ангаж” буй Хятад улс хоорондоо хамгийн дөт, басхүү ашигтай худалдааны замаар холбогдох сонирхол нэгтэй. Дэлхийн хоёр том эдийн засаг бүхий  эдгээр улс дээрх сонирхлоо бодитоор хэрэгжүүлэхээр дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг төлөвлөж, заримыг нь эхлүүлээд буй. 2000 жилийн тэртээгээс Ази, Европ тивийг холбож ирсэн худалдааны зам нь “Торгоны” гэх тодотголтой байсан бөгөөд өдгөө энэ хоёр тивийг холбосон хуурай замын хамгийн дөт бөгөөд өртөг хямд маршрут Монгол улсаар дамжин өнгөрөх боломжтой.

“Дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн уналтаас үл шалтгаалан нүүрсний экспортоор олон улсад эзэлж байгаа одоогийн байр сууриа хэрхэвч алдаж болохгүй” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хатуу сануулга өгчээ. Орос улс эрдэс баялгийн экспортоо Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудад нэмэгдүүлэх, байгалийн арвин нөөцтэй Сибирь, Алс Дорнодын бүс нутгаа хөгжүүлэх, нүүрсний томоохон ордуудаа олборлохоор олон улсын тендер зарлах зэрэг амбицтай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүний тулд дэд бүтэц, тэр дундаа төмөр замын­хаа өнөөгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх, шинээр барих төслүүдийг эрчимтэй эхлүүлээд байгаа юм.

Кызыл-Курагино.
Тувагийн бүгд найрамдах улсын нутагт орших Улуг-Хемскийн нүүрсний сав газрын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд Транссибирийн төмөр замтай холбогдоход 450 км зам шаардлагатай. Тус сав газрын Элегестийн нүүрсний ордод олборлолт явуулж буй “Тувагийн эрчим хүчний корпораци” нь 411,7 км бүхий Кызыл-Курагино төмөр замын сүлжээ барих ажлыг хэрэгжүүлж байна. Нийт 56 тэрбум рублийн хөрөнгө оруулалттай энэ төмөр зам нь 2018 онд ашиглалтад орох ба жилд 15 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Энэ төмөр замыг манай улсын Завхан аймгийн нутаг дахь Арцсуурийн боомтоос урагшаа Шивээхүрэнгийн боомт руу гарч, БНХАУ-ын төмөр замтай холбох юм бол хоёр том эдийн засгийг “учруулах” хамгийн дөт транзит зам болох боломж бий.
  
Хасан-Ражин. Орос улс Азийн бусад орнуудтай ч төмөр замаар холбогдох боломжийг идэвхтэй судалж, ажил хэрэг болгож байна. Тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин Өмнөд Солонгост айлчлахдаа Алс Дорнодын Хасан хотоос Хойд Солонгосын зүүн хойд нутгийн Ражин боомт хүртэлх төмөр замыг барих ажилд Өмнөд Солонгосыг оролцохыг санал болгосон юм. Гэсэн ч хоёр Солонгосын улс төрийн байдал энэ саналыг бодит ажил хэрэг болгож чадахгүй болов уу. “Оросын төмөр зам” /РЖД/ компани Транссибирийн замыг Хойд Солонгосын төмөр замтай холбох төслийг хэрэгжүүлэхээр ажлаа эхлээд байгаа. Нийт 8,3 тэрбум рублийн хөрөнгө оруулалттай энэхүү төслийн хүрээнд нүүрсний терминал байгуулахаар төлөвлөж байна. Энэ шинэ төмөр зам нь жилд 4 сая тоннын хүчин чадалтай бөгөөд 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөгдөж байгаа юм.  

БАМ болон Транссиб. Байгаль-Амур болоод Транссибирийн төмөр замуудаа шинэчлэх хөтөлбөрийг 2014 оны нэгдүгээр сар гэхэд бэлэн болгохоор төлөвлөжээ. Уг төсөлд нийт 562 тэрбум рублийг зарцуулна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд Байгаль-Амурын хоёр дахь төмөр замыг /БАМ-2/ барих төслийг ч мөн эхлүүлэхээр төлөвлөж байна. Евроазийн эх газрыг баруунаас зүүн тийш хөндлөн гарсан цорын ганц энэ төмөр зам Монголын төмөр замтай салшгүй холбоотой. Оросууд хөрөнгө оруулах тухай ярьж байвал ямар нэг хэмжээгээр манайхыг хөндөх нь гарцаагүй. Тиймдээ ч “Оросын төмөр зам” /РЖД/ компанийн Дэд Ерөнхийлөгч Вадим Морозов арваннэгдүгээр сард Монголд айлчилж, хоёр улсын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ нийгэмлэгийн хуралд оролцохдоо УБТЗ-ын шинэчлэлийн асуудлыг түргэтгэхийг санал болгосон. Шинэчлэлийн үр дүнд Монголын төмөр зам жилд 100 сая тонн транзит тээвэр хийх буюу Улаан-Үд-Наушки-Эрээн-Жининь чиглэлийн төмөр замын коридорыг /Хойд логистикийн систем/ хөгжүүлэх боломж бүрдэх гэнэ. Ноён Морозовын энэхүү айлчлал “Оросын төмөр зам” /РЖД/ компанийн Ерөнхийлөгч Владимир Якунин Хятадын төмөр замын Ерөнхий захирал Шэнь Гуанзү нарын уулзалттай холбоотой байж болох юм. Учир нь Орос, Хятадын талууд Хятадаас Европ руу хийх транзит тээврийн замыг ОХУ, Беларусь, Казахстан болон Монголоор дамжин өнгөрөх тухайд нэгдсэн тохиролцоонд хүрчээ.

Хятад улсын хувьд энэ онд төмөр замын бүтээн байгуулалтад  660 тэрбум юань буюу 106,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж байгаа бөгөөд төлөвлөгөөгөөгөө давуулан биелүүлж 10 тэрбум юанийн нэмэлт хөрөнгө оруулалт хийжээ. Оны сүүлч гэхэд ойролцоогоор 5,5 мянган км төмөр замыг ашиглалтад оруулах гэж байна. Одоо Хятад улс Европ руу төмөр замаар хүрэх боломжит хувилбаруудыг нэлээд идэвхтэй хэрэгжүүлж байгаа юм. Тус улсын удирдлагууд Европ руу хүрэхдээ Төв Азиар дамжин өнгөрөх төмөр замын асуудлаар хэд хэдэн чухал айлчлал, хэлэлцээрүүдийг энэ жил хийлээ. БНХАУ-ын дарга Си Зинпины Туркмен, Казахстан, Киргиз, Узбекстан гээд Төв Азийн орнуудаар хийсэн айлчлалыг хятадууд “түүхэн” хэмээн тодотгож байна. Уг айлчлалын хүрээнд газрын тос, алт, байгалийн хийн олборлолт, газрын тос болон байгалийн хийн хоолой байгуулах, төмөр зам зэрэг нийт 60 тэрбум ам.долларын гэрээ хэлэлцээрийг байгуулснаар Хятад нь энэ оны гуравдугаар улирлын байдлаар Төв Азийн орнуудад 101,8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. Мэдээж айлчлалын “цаад” гол зорилго нь Төв Азийн орнуудаар дамжин өнгөрөх төмөр замын асуудал байсан гэж ойлгож болох юм.

Хятад-Киргиз-Узбекстан. БНХАУ-ын Төрийн тэргүүн Узбекстанд “Хятад-Киргиз-Узбекстан” төмөр замын төслийн асуудлыг хөндөв. Энэхүү төслийн маршрут нь Хятадын Өмнөд Шинжааны төмөр замын төгсгөлийн цэг болох Кашгар хотоос эхлэн Киргизийн Торугат, Узген, Кара-Суу хотуудаар дамжин Узбекстаны хилд хүрнэ. Харин энэ маршрут цааш үргэлжлэн Европ хүрэхэд Узбекстанаар дамжин өнгөрөх боломжийг олгох “Ангрен-Пап” хэмээх нийт 125 км урттай төмөр замыг барих ажлыг өнгөрсөн зургаадугаар сард эхлүүлээд байгаа юм. Хятадын “China Railway Tunnel Group”, Узбекстаны “Узбекстон темир йуллари” компаниуд хамтран ажиллах 455 сая ам.долларын гэрээ байгуулсан билээ. “Ангрен-Пап” төмөр замын барилгын ажил 2016 онд дуусах аж. “Хятад-Киргиз-Узбекистан” төмөр замын төслийг хэрэгжүүлэхэд Киргиз улс өнөөг хүртэл тодорхой шийдвэрт хүрээгүй. Тиймээс ч БНХАУ-ын дарга Си Зинпин Төв Азийн орнуудаар хийсэн айлчлалаа Киргиз улс дахь айлчлалаар өндөрлөсөн болов уу. Хэдий энэ асуудлаар дахин нухацтай хэлэлцэхийг Хятадын Төрийн тэргүүн зорьсон боловч үр дүнд хүрч чадаагүй.

ОХУ-ын бүрэлдэхүүнд байсан Киргизийн төмөр зам 1520 мм царигтай бол Хятад 1435 мм царигийг санал болгосон, төмөр зам барихад зээлээр олгох хөрөнгө оруулалтад Засгийн газрын баталгаа хүссэн, транзит тээврийн төлбөр тодорхойгүй зэрэг шалтгаанаар зөвшилцөлд хүрээгүй юм. Киргизийн шинжээч Руслан Шарапов “Хятад-Киргиз-Узбекстан”  төмөр замын төслийн талаар  “ИА REGNUM” мэдээллийн агентлагт ярилцлага өгөхдөө “Хятадаас Европ руу Киргизээр дамжин өнгөрөх транзит зам байх боломжгүй. “Хятад- Киргиз-Узбекстан” төмөр замын төслийн маршрутын дагуу улсын 8 хил, 16 гааль, царигийн зөрүүний улмаас 2 удаа дугуй солих, Туркийн Ван нуур болон Босфорын хоолойгоор ачаа тээшийг 2 удаа шилжүүлэн ачих транзит тээврийн зам ашигтай байна гэдэг бодит бус” хэмээсэн байна.

Мармарай.
Туркийн Босфорын хоолой доогуур гарсан “Мармарай” тунель бүхий төмөр зам нь шөнийн 00.00 цагаас өглөөний  05.00 цаг хүртэл ачаа тээвэрлэх зориулалттай. Нийт 4,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар боссон энэ төмөр замын барилгын ажлыг Турк-Японы хамтарсан концерн гүйцэтгэжээ. “Мармарай” тунель төмөр зам нь “Хятад- Киргиз-Узбекстан” төмөр замын төслийн үргэлжлэл бөгөөд Туркийн газар нутгаар дамжин өнгөрөх нэг хэсэг юм. Хятадын Засгийн газар тус улсын төмөр замд 35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр Туркийн Засгийн газартай тохиролцоод буй. БНХАУ-аас Киргиз, Узбекстан, Туркменстан, Туркээр дамжин Европын холбоонд хүрэх энэ төмөр зам нийт 9900 км урттай.  

Шинэ “Торгоны зам”. Хятадаас Казахстан, Орос, Беларусь, Польш, Герман улсуудаар дамжин Европ хүрэх нийт 11179 км урттай төмөр замыг шинэ “Торгоны зам” хэмээн нэрлээд буй. Зарим мэргэжилтнүүдийн тооцоогоор Хятадын ачаа тээвэр энэхүү транзит замаар 15 хоног явж Европын зах зээлд хүрэх бол Оросын Транссибирийн төмөр замаар 18-20 хоногт хүрч очих гэнэ. Шинэ “Торгоны зам”-ын эхний маршрут болох Казахстан улсаар өнгөрөх төмөр замын нэг хэсэг Хоргос-Жетыген төмөр зам нь нийт 293 км, жилд 13 сая тонн хүчин чадалтай. Нийт 600 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар баригдсан байна. Одоо тус замын үргэлжлэл “Жезказган-Саксаульная-Шалкар-Бейнеу-Жанаозен- Туркменстан” төмөр замын бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байгаа бөгөөд 2016 онд ашиглалтад орохоор төлөвлөгджээ.

Хятадын компаниуд Оросын Алс Дорнод, Сибирийн нутгийг хөгжүүлэх хөтөлбөр, нүүрсний томоохон ордуудын олборлолт, түүнийг дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалтад хамтран ажиллаж, хөрөнгө оруулах сонирхолтойгоо хэдийнэ илэрхийлсэн. Хоёр хөрш орны удирдлагууд энэ онд нийт 5 удаа уулзахдаа эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээрүүдийг хийж, түүнийгээ ажил хэрэг болгож эхэллээ. Харин хоёр орны төмөр замын дээрх төсөл хөтөлбөрүүдийг газрын зураг дээр тэмдэглэж үзэх юм бол Монгол улсын газар нутгийг тойрон хэрэгжих гээд байх шиг.

Э.Оджаргал