Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

Алт олборлолт төлөвлөснөөсөө давжээ

Уул уурхайн яам сар бүр салбарын статистик мэдээллийг гаргаж байгаа. 2013 оны эхний арван сарын байдлаар зэсийн үйлдвэрлэл 622,3 мянган тонн буюу 79 хувийн гүйцэтгэлтэй, нүүрсний үйлдвэрлэл  21,9 сая тонн буюу 75,7 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давж,  7746 кг-ийг олборлосноор 193,7 хувийн гүйцэтгэлтэй байна.

Мөн Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр нийт 32,6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүнээс хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 29,9 тэрбум төгрөг буюу 92,6 хувь, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1,4 тэрбум төгрөг болсон байна.

Уул уурхайн сайдын 2014 оны төсвийн багцын орлого 250,08 тэрбум төгрөг байгаа ба  өмнөх оныхоос 60 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж, зардал 24,99 тэрбум төгрөгөөр батлагдсан нь төсвийн хязгаартаа багтаж байна   гэж “Ил тод уул уурхай” хурлын үеэр холбогдох албаны хүмүүс мэдэгдлээ.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш 34 уурхай, уулын үйлдвэрийг Улсын комисс ашиглалтад хүлээж авчээ. Тухайлбал Хар тугалганы хүдрийн баяжуулах үйлдвэр нэг, Зэс, алтны баяжуулах үйлдвэр нэг, Нүүрс баяжуулах үйлдвэр нэг, Fe хүдэр баяжуулах үйлдвэр нэг, жоншны уурхай хоёр, нүүрсний ил уурхай гурав, алтны шороон орд 14, алтны ил уурхай хоёр,  төмрийн хүдрийн ил уурхай нэг, галт уулын шаарганы үйлдвэр нэг, барилгын чулуу, дайрганы  таван үйлдвэр ашиглалтад оржээ.

Г.Идэр