Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хэлсэн үг

Д.Ганхуяг: Төрийн шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд үндэслэж гаргадаг

2013 оны арваннэгдүгээр сарын 15

“Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлэг хурал дээр Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлж байна.

Монгол Улс хуулийн засаглал, зах зээлийн эдийн засгийн замыг сонгоод 20 гаруй жил болж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, эдийн засгийн тэлэлт ба өсөлтөд уул уурхайн салбар хамгийн чухал байр суурийг эзэлж ирсэн болно.

Монголчууд бид эрдэс баялгийг эрт дээр үеэс хайж, олборлож боловсруулж ахуй амьдралдаа хэрэглэж байсан олон түүхэн баримт байдаг. Их Монгол Улсын үед манай өвөг дээдэс өөрсдөө төмөр, зэс олборлож тухайн үедээ том хэмжээний хар төмөрлөгийн үйлдвэрлэл явуулж, цэргийн зэр зэвсэг, ахуйн хэрэглээний зүйлсээ хангаж байсан байна. Монгол Улсад 1902-1918 онд “Монголор” хэмээх Орос-Франц-Америкийн хамтарсан хувьцаат компани байгуулагдан, ажиллах хугацаанд нийт 9.3 тонн орчим алт олборлосон тухай албан мэдээ байдаг. Монгол Улсын уул уурхайн салбарыг 1922 онд Налайхын уурхайг ашиглалтад оруулснаар эхэлсэн гэж үздэг. Улсын чанартай шинжлэх ухааны үндэстэй геологийн судалгааг манай улсын болон ЗХУ-ын геологчид эхлүүлж байсан мэдээлэл байдаг. Геологи хайгуулын болон уул уурхайн салбар 1970-1989 онд эрчимтэй хөгжиж, олон зуун ашигт малтмалын ордууд шинээр нээгдэж, судлагдаж, ашиглалтад орж, үндэсний инженер техникийн ажилтан болон мэргэжилтэй ажилчид бэлтгэгдсэн билээ. Тухайн үеэс уурхайнуудыг түшиглэн Эрдэнэт, Дархан, Багануур, Хөтөл, Бор-Өндөр зэрэг хот суурин газрууд бий болсныг бид бүхэн сайн мэдэх билээ.

Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль 1997, 2006 онуудад батлагдсанаас хойш ашигт малтмалын геологийн судалгаа, хайгуул олборлолтын ажлыг хувийн хэвшлийн оролцоотойгоор хийж, үүний үр дүнд зэс-алтны Оюутолгой, молибдены Зүүнмод, молибден-гянтболдын Мандал, нүүрсний Овооттолгой зэрэг олон том орд шинээр нээгдэж, Тавантолгой, Нарийннсухайт, Оюуттолгой, Бороо, Заамар зэрэг олон уурхай шинээр үйл ажиллагаагаа эхэлж, өнөөгийн байдлаар 400 гаруй уурхай уйл ажиллагаа явуулж байна.

Сүүлийн 20 гаруй жилд бид алдсанаасаа илүү олон дахин амжилт олсон хэдхэн үзүүлэлтийг дурдмаар байна. Улс орны хөгжлийн асуудлын амжилт, алдаа онооны аль аль нь тухайн улсын түүх болон үлддэг нь бодит үнэн билээ. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр өнгөрсөн 110 жилийн хугацаанд 200 тн алт олборлож, үүний 89.1 хувийг буюу 177.9 тонныг сүүлийн 20 гаруй жилд олборлосон байна.

Нүүрсний хувьд, Монгол Улс сүүлийн 40 гаруй жилд нийт 300 гаруй сая тонн нүүрс олборлосны 220 орчим сая тонн буюу 70 гаруй хувийг 1990 оноос хойш олборлосон байдаг. Мөн сүүлийн 10 орчим жилд 84 сая тонн нүүрс экспортолсон байна.

 

1955-1969 онд газрын тосны Зүүнбаян, Цагаан-Элсний ордуудаас нийт 540 мянган тонн түүхий нефть олборлож, багаахан хэсгийг нь боловсруулж байсан. 1997 оноос хойш Монголд газрын тос олборлох үйлдвэрлэл дахин сэргэж, нийтдээ энэ хугацаанд 2.4 сая тонн газрын тос олборлож, энэ нь нийт олборлосон нефтийн 81.7 хувийг эзэлж байна. Энэ хугацаанд БНХАУ руу 2.3 сая тонн газрын тос экспортолжээ.

Монгол Улсын геологийн эрэл хайгуул, уул уурхай, газрын тосны салбарын үйлдвэрлэлийн хэмжээ сүүлийн жилүүдэд түргэн хурдацтай өсөн нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч сүүлийн 2 жилд манай улсын ашигт малтмалын экспортын гол нэрийн бутээгдэхүүний үнэ олон улсын зах зээл дээр уналттай байгаа нь бидний өмнө тулгарч буй нэгэн сорилт болж байна. Гэхдээ үүнээс ч илүү хүндрэл бэрхшээл, нөхцөл байдлыг бидний ахмад үеийнхэн, өвөг дээдэс маань ер ажралгүй даван туулсаар ирсэн. Энэ байдлыг ард түмний сонголтоор бүрдсэн УИХ, шинэчлэлийн Засгийн газар, орон нутгийн удирдлага амжилттай давж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Улсын Их Хурлаас батлан гаргасан "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого" (2008), “Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлал” (2010) зэрэг баримт бичгүүдийг үндэслэл болгон Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг эрдэмтэд, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоодтой хамтарч боловсруулан УИХ-д өргөн барьснаар, УИХ-ын ажлын хэсэг идэвх санаачилгатай ажиллаж, энэ баримт бичгийг батлахад бэлэн болгоод байгаад талархах байна. Монгол Улсын өнөөгийн төр засгаас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихыг бүр зогсоож, одоогоор хүчинтэй мөрдөгдөж байгаа уг хуулийг улам чамбайруулж, тулгамдсан асуудлыг шийдэх замаар энэ хуульд өөрчлөлт оруулах нэгдсэн саналд хүрснийг мэдээлэхэд таатай байна.

Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ашигт малтмалын салбарт замбараагүй, урсгалаараа олгогдож ирсэн тусгай зөвшөөрлийг эмхлэх, цэгцлэх чиглэлд зоримог, тууштай бодлого баримталж ирсэнд талархаж байна. Өнөөгийн төр, засаг Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого УИХ-аар батлагдсаны дараа Монгол улсын аль нутаг дэвсгэрт ашигт малтмалыг эрж, хайж болох, түүнчлэн хэдий хэмжээний ашигт малтмалыг богино, урт, дунд хугацаанд ашиглаж болох, ямар хэмжээний баялгийг хойч үедээ нөөцлөх зэрэг зорилтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхой болгож хуульчлахаар ажиллаж байна.

Эрхэм хатагтай ноёдоо,

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт дараах зарчмуудыг тусгасан болно.

-Төр засгийн байгууллага нээлттэй, ил тод, хариуцлагатай байх, төр хувийн хэвшлийн харилцан түншлэлийг дэмжих;

-Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулагчид нь компанийн сайн засаглалыгхөгжүүлэх, ил тод, хариуцлагатай байх, хуулийг дээдлэх, харилцан ашигтай байх;

-Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхэд төрөөс өмчийн хэлбэр болон хөрөнгө оруулагчийн талаар ялгаварлахгүй байх;

-Улсын болон хувийн хөрөнгөөр хийж гүйцэтгэж байгаа бүх шатны геологийн судалгаа, олборлолт, боловсруулалтын ажлын мэдээллээс хуулиар хориглоогүй мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах;

-Эрдэс баялгийн салбарын үйлдвэрлэлийн уурхайн хөдөлмөрийн болон эрүүл ахуйн аюулгүй байдалтай холбогдсон хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, стандартыг олон улсын түвшинд хүргэж, хэрэгжилтийг хангах;

-Хууль эрх зүйн орчныг өөрчлөх шийдвэрийг гаргахдаа шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээнд суурилах, улмаар шийдвэрийн төслөөр уг харилцаанд оролцогч талуудын саналыг сонсох, нээлттэй хэлэлцүүлэг явуулах зэрэг зарчмыг баримтална.

Эдгээр зарчмууд Монгол Улсын уул уурхайн салбарт баримтлах үндсэн зарчим байх болно. Энэ зарчмууд нь манай ард түмний дунд хэвшсэн “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэсэн мэргэн үгтэй агуулгын хувьд нийцэж байгаа болно.

Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, улмаар уул уурхайн салбар нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэх дэгтэй Монгол Улсаараа бахархах, ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн дундаж орлоготой чинээлэг, хариуцлагатай иргэд нь олонх болсон нийгмийг цогцлооход голлох үүргийг гүйцэтгэх учиртай гэж ойлгож байна. Энэ бүхнийг хэрэгжүүлж чадах эсэх нь хуулийн засаглалтай Монгол Улсын УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай байх нь ойлгомжтой юм. Монголчууд бид төрт ёсны уламжлалаараа дэлхийд гайхагдах түүхтэй, олон улсын хэмжээнд хүндлэгдэх үндэстэн бөгөөд, энэ утгаараа аль ч оронтой эн чацуу байх боломжтой билээ. Өнгөрсөн зуунд тохиолдож байсан “баялаг ихтэй мөртлөө хүнд нөхцөл байдалд орж байсан орнуудын гашуун түүх”-ийг монголчууд бид давтахгуй байх асар олон боломжтой бөгөөд, түүний томоохон боломж нь “хуулийн засаглал, үйл ажиллагааны ил тод байдал, шинжлэх ухааны судалгаанд суурилсан төр, засгийн бодлогын шийдвэр” гэдэгт эргэлзэхгуй байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй аливаа шийдвэр XXI зуунд аль нэг улс орон, эсхүл хуулийн этгээдээс хамааралгүй болсон нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг монголчуудын олонх нь мэдэж байгаа.

Шинэчлэлийн Засгийн газар, одоогоор ажиллаж буй болон ирээдүйд ашиглалтад орох орд, уурхайнуудын төлөвлөсөн хүчин чадлыг үндэслэн ашигт малтмалын олборлолтын ирээдүйн 20 жилийн төсөөллийг гаргасан болно. Одоо энэ төсөөллийг хэрэгжүүлэх “Хөгжлийн стратеги”-ийг боловсруулж байна. Энэ төсөөллөөс харахад, Монгол Улс ирэх 20 жилд 553 тонн алт, 2.0 орчим тэрбум тонн нүүрс, 21.7 сая тонн баяжмал дахь зэс, 3.2 сая тонн хайлуур жоншны баяжмал, 1.58 сая тонн цайрын баяжмал олборлох боломж харагдаж байна. Монгол Улсын төсвийн нэгдсэн орлого 1990 онд 5.3 тэрбум төгрөг байсан бол 2014 онд 6.8 их наяд буюу 24 жилийн дараа энэ орлого ойролцоогоор 1300 дахин өсөхөөр байна. Энэ орлогын дунджаар 30 орчим хувийг уул уурхайн салбар бүрдүүлж иржээ. Тодруулбал, Монгол Улсын нэг суманд улсын болон орон нутгийн төсвөөс хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын 30 орчим хувь бидний өвөг дээдсээс өвлүүлсэн ашигт малтмалын салбарын орлогоос бүрдэж байна. Цаашид бид үндэсний хэмжээнд бусад орны сайн туршлагад үндэслэн ашигт малтмалын салбарын “байгаль орчин, нийгмийн стратеги үнэлгээ”-ний судалгааг явуулж, энэ салбартай холбогдсон нийгмийн ойлгоцыг зөвөөр төлөвшүүлэхэд энэ салбарын харилцаанд оролцогчид хамтарч ажиллахаар болж байна. Ингэснээр ил тод, хариуцлагатай уул уурхай хөгжиж, хөгжилтэй орнуудын жишгээр хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүд Монгол Улсын хөгжилд, тухайлбал тесвийн орлогод татвар, хураамжийг шударгаар төвлөрүүлэхээс гадна, татвар телсний дараах орлогынхоо хэмжээнээс хамааран тодорхой орлогыг орон нутгийн хөгжилд зориулах нь ойлгомжтой юм. Энэ бол компаниудын нийгмийн хариуцлагын нэгээхэн чухал хэсэг нь билээ. Энэ орлогын зарцуулалтад ил тод байдлыг ч бүрдүүлэх шаардлага байгаа нь ч мэдээж юм. Мөн эдгээр агуулгыг хөрөнгө оруулагчидтай хамтран хэлэлцэж нэгдсэн саналд хүрснээр хуульчлах нь зохистой юм.

Монгол Улсын эрдэс баялгийн салбарын хөгжлийн түүхэн замналыг эргэн харахад монголчууд, хөрөнгө оруулагч та бүхэн хамтдаа хүнд бэрхшээлтэй урт замыг туулж, олон хүмүүсийн нөр их хөдөлмөрийн үр дүнд өнөөдөр энэ салбар нь Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болсон нь та бүхний түүхэн гавьяа юм.

Хурлын ажиллагаанд амжилт хүсч, Та бүгдэд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэн хөгжих болтугай.