П.Цагаан: Улс төр, эрхзүй, нийгмийн тууштай орчин бий болгох хэрэгтэй байна

2013-11-18 12:07

Арваннэгдүгээр сарын 15-нд Төрийн ордонд болсон “Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлэг хурлыг нээж, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Эрдэс баялгийн салбарын шинэ үеийн 20 жил” хэлэлцүүлэг хурлыг санаачилсан Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олон, түүнийг дэмжсэн Уул уурхайн яам, бусад байгууллагуудад талархлаа илэрхийлье.     

Одоогоос жилийн өмнө Иргэний танхимд явагдсан хэлэлцүүлэг дээр Монголын эрдэс баялгийн салбарын нэг эрдэмтэн Монгол улсад эрдэс баялгийн салбарын бодлого байхгүй байна. Бодлогогүй явж ирснээс бид алдаа их гаргасан гэж шүүмжилж байсныг санаж байна. Өнгөрсөн 10 сарын хугацаанд УИХ, Засгийн газар, холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулаад Эрдэс баялгийн салбарын бодлогыг боловсруулан УИХ-аар хэлэлцэж байгаа цаг үед өнөөдрийн уулзалт болж байгаа нь хамгийн сүүлчийн боломж мэт санагдаж байна. Миний хувьд өнгөрсөн 20-иод жил эрдэс баялгийн салбарын ололт амжилт, алдаа оноог ямар нэг хэлбэрээр харж, ажиглаж ирсэн хүний хувьд хоёр гурван зүйл хэлье. Та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн хориод жилд ашигт малтмалын салбарын үнийн хоёр ч удаагийн супер цикл болсон. Алтны үнэ хэд байгаад хэд болсныг манайхан сайн мэдэж байгаа. Энэ хооронд Монголын төрийн бодлого, төрийн бодлогод шингэсэн эрхзүйн орчин, хууль тогтоомжид түүнээс ч дутуугүй их савлагаа үүссэн. Энэ бүгдтэй уялдаад алдаа оноотой, олз гарцтай олон мөчлөгүүдийг мэдэрсэн, туулсан хувийн салбарынхан, бас тийм байдалд хүргэсэн эрх баригчдын төлөөлөл энд хуран цугларсан нь сайшаалтай хэрэг. Төр хувийн хэвшил түншүүд байх ёстой. Танихгүй хүмүүс биш, дайснууд биш. Хамтарч ажиллах ёстой. Харамсалтай нь зах зээлийн өнөө үед хувийн секторын санал хүсэлт, бусад зүйлийг харгалзан үзээгүйгээс, дэлхийн зах зээлийн чиг хандлагыг сайн анхаарахгүйгээр гаргасан бодлогын алдаа явж явж эцсийн дүндээ биднээс өөрсдөөс л болсон. Тиймээс өмнө гаргасан алдаа оноогоо ярилцаж, алдаан дээрээ суурилаад, тууштай явах улс төрийн орчин, эрхзүйн орчин, нийгмийн орчин бий болгох хэрэгтэй байгаа юм. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд эрдэс баялгийн салбарын зөв зүйтэй бодлогыг дэмжиж, буруу зөрүүг нь засч залруулахын төлөө ажиллаж ирсэн. Энэ ялдамд маргааш Монгол Улсын  Ерөнхийлөгчийн санаачилгаар “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний зөвлөлдөх уулзалт болох гэж байна. Энэ зөвлөлдөх уулзалтад шийдвэр гаргагчид, эрдэмтэн судлаачид, хувийн сектор, хэвлэл мэдээллийн байгууллага, орон нутгийн төлөөлөгчид оролцоно. Монгол Улсын өнгөрсөн хориод жил туулсан алдаа оноо, ирэх жилүүдийн замын зургийг тодорхойлох үндсийг тавих зорилготой зөвлөлдөх уулзалт болно. Миний бодож төсөөлж байгаагаар ийм үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт өмнө болж байгаагүй. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэг эрдэс баялгийн салбарын бодлогыг тодорхойлох төгсгөлийн шатны хэлэлцүүлэг УИХ-аар явж байгаа үед, маргааш Монгол улсын ирээдүйн олон арван жилийн замын зургийг хэлэлцэх торогон агшин дээр болж байгаагаа их ач холбогдолтой юм.

Эрдэс баялгийн салбарын зовлон жаргалыг хамгийн сайн мэдэрдэг, Монголын урдаа барьдаг, эрдэмтэн судлаачид, бизнесийн салбарын төлөөлөгчид эндээ хуран цуглараад байгаа учраас үгээ өндөрлөе.

Хэлэлцүүлэг хурал үр ашигтай болж, түүнээс гаргасан санал зөвлөмж төрийн шийдвэрт тусч, амьдралд тууштай хэрэгжихийн ерөөл өргөе. Баярлалаа.

 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 1 цаг 41 минутын өмнө
    Зэсийн үнэ АНУ-Хятадын худалдааны дайны асуудал нааштайгаар шийдэгдэж магадгүй гэсэн үүднээс энэ сарын эхний долоо хоногт  өсөлттэй байсан бол өнгөрч буй долоо хоногт эргээд буурах шинжтэй болж ирлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй шууд холбоотой юм. Тэрбээр хэрэв худалдааны асуудлыг цэгцлэх эхний шатны яриа хэлэлцээр амжилтгүй болбол Хятадын бараанд хавьгүй их татварыг ногдуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд худалдааны дайны асуудал тооцоолж байсан шиг нааштай биш болохыг харуулсан юм. Уг нь эхний шатны яриа хэлэлцээрт талууд Чилид болох APEC-ийн чуулганы үеэр гарын үсэг зурах байсан боловч хурал цуцлагдсан билээ. Одоо гэрээг үзэглэх шинэ газрыг зарлах үлдээд байгаа юм.
  • 3 цаг 44 минутын өмнө
    МАН эрдсийн экспортын өсөлтөөр нөхцөлдсөн боломжийг алдахыг хүссэнгүй. Энэ удаагийн төсвийг “сонгуулийн жилийн төсөв” гэж тодотгож болно. Эдийн засагчдын тооцоолж байсанчлан энэ төсөв сонгуулийн жилийг угтсан, зардал өндөртэй халгисан төсөв болсонд гайхах зүйлгүй.  Сонгууль дөхөөд сэтгэл хөдлөлдөө автуузай, төсвийн сахилга батыг бүү сулруулаарай хэмээн ОУВС эрх баригчдад анхааруулсаар ирсэн ч Сангийн сайд ирэх оны төсвийн орлогыг өөдрөг төсөөллөөр төсвийн зардлын хэт өсөлтийг эвтэйхэн тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг хуулийн хүрээнд тогтоосон тул бүх зүйл гаднаасаа сайхан харагдана. 
  • Өчигдөр 11 цаг 27 минутад
    Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр баталлаа. Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29%, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1%, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1%-тай тэнцүү байхаар тооцжээ.
  • Уржигдар 17 цаг 11 минутад
    2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс импортолсон  нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6%-иар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онд тус улс нийт 281 сая тонн нүүрс импортолсон хэмжээнд тун ойртсон дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Сарын дүнгээр авч үзвэл, аравдугаар сард 25.68 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11%-иар өссөн ч өмнөх есдүгээр сарынхаас 15%-иар буурлаа. Шалтгаан нь аравдугаар сарын эхээр болсон Хятадын үндэсний баяртай холбоотойгоор импортын эрчим суларсан гэж зах зээл шинжээчид тайлбарлаж байна.
  • Уржигдар 14 цаг 55 минутад
    Шанхай хотноо үргэлжилж буй Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн (China International Import Expo, CIIE) үеэр Оросын коксжих нүүрсний “Колмар” компани Хятадын төрийн “Baowu” корпорацитай хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, “Колмар” нь коксжих нүүрс Хятадын компанид экспортлох ба Хятадын талаас уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх аж. Оросын компанийн хувьд, Хятадын AVIC корпорацитай хамтран “Инаглинская 2” үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Жилд 12 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг 2020 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.