Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

MIBG: Биржийн талаарх хөрөнгө оруулагчдын зовнилыг шийдэх хэрэгтэй

Монголын хөрөнгийн зах зээл хөгжлийнхөө үед байна. “Mongolian Investment Banking Group”-ийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Крис МакДугаллтай Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн боломж болон  компанийнх нь үндсэн үйлчилгээний талаар ярилцлаа.

Танай компанийн үйл ажиллагааны үндсэн зорилго нь юу вэ? Хэдэн онд компаниа байгуулж байв?

“MIBG” үнэндээ 2008 оноос хойш ажиллаж ирсэн. Энэ байгууллага нь венчур капитал, амьдралын даатгал, хөрөнгө оруулалтын банкны салбарт тоглогч “FSCo /Эф Эс Си Өү/ компанийн охин компани юм. Одоогийн удирдлагын баг 2012 оны эхээр энэ байгууллагатай нэгдсэн. Бид энэ компаниа гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй метал хайгуулын компанид голлон үйлчилгээ үзүүлдэг уул уурхайн мэргэшсэн баг болгох гайхалтай боломж буйг олж харсан. Үүнээс хойш бид өргөн хүрээний эрдсийн компаниудыг хамруулан бизнесээ хөгжүүлж, гадаадын болон дотоодын аж ахуй нэгжүүдийн өсөн нэмэгдэж буй хэрэглэгчидтэй болж чадсан.

Та өөрийн байгууллагын үндсэн үйлчилгээ болон энэ салбар дахь бусад компаниудтай харьцуулахад танайх ямар давуу талтайг хэлж өгнө үү?
Манай байгууллага бол андеррайтер, хувьцааны брокер, эдийн засгийн болон салбарын судалгааг багтаасан хөрөнгө оруулалтын зөвлөгөө зэрэг бүрэн цогц үйлчилгээ бүхий хөрөнгө оруулалтын банк юм.

Бид одоо улсдаа хамгийн хүчтэй судалгааны хэлтэст тооцогдохуйц эдийн засаг, хууль эрх зүй, салбар дахь гол чухал үйл явдал, тодорхой хувьцаануудыг судалдаг шинжээчид бүхий мэргэшсэн баг бүрдүүлсэн. Мөн мянга мянган уншигчдад даваа гариг бүр үнэгүй хүргэдэг мэдээллээ Монголын өргөн хүрээний сэдвийг хамруулан бэлтгэдэг.

Зах зээлийн нөхцөл байдлын талаарх энэхүү ахисан түвшний мэдээ нь манай багт гайхалтай давуу талыг олгодог юм. Цаг тухайд нь чанартай мэдээлэх нь бидний судалгаа үйлчилгээг дэмжээд зогсохгүй макро түвшний боломжууд болон хувьцаатай холбоотой үйл явдлуудыг танихад тус болдог.

Монголын хөрөнгийн зах зээл том биш. Гэхдээ олон хүн ойрын ирээдүйд энэ зах зээл нэлээд хэмжээгээр өснө гэж харж буй. Та Монголын хөрөнгийн зах зээлийн ирээдүйн боломжийг юу гэж харж байна вэ? Энэхүү хөгжлийг авчрахад ямар саад бэрхшээл байна вэ?

Бид Монголын хөрөнгийн захын хөгжлийн тухайд нэлээд өөдрөг үзэлтэй байдаг. Ялангуяа Монголын хөрөнгийн биржид ирэх жил олон боломж бий болно. Тэрхүү өөрчлөлтүүдийг харгалзан үзвэл Монголын Засгийн газар хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бий болгохоор зүтгэж буйгаа энэ жил мэдэгдсэн. Эдгээр хүчин зүйл, дэмжлэг бүхий хуулийн орчин, мөн тааламжтай үнэлгээжүүлэлт одоо тогтсон байгааг тооцож үзэхэд, бид дахин нэг дээд амжилтын жилийг ирүүлэх үндэс суурь бүрдсэн гэж үзэж байна.

Одоогоор хөрөнгийн бирж арилжааны хэмжээ, ликвид, мэдээллийн тухайд хөрөнгө оруулагчдын зовнилыг шийдэх асуудалтай тулгараад байна. Гэхдээ, бид эдгээр асуудал нь ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих Үнэт цаасны зах зээлийн тухай шинэ хуулиар шийдэгдчих байх гэж харж байна. Үүнээс гадна бид удахгүй өргөн хүрээний үнэт цаас хувьцаа шинээр худалдаалагдана гэдэгт итгэлтэй байна. Шинэ хуулийн давхар бүртгэлийн талаарх заалтууд нь гадаадад бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг дотоодын зах зээлээс ашиг олохоор орж ирэх магадлалыг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Энэ нь хөрөнгийн зах зээлийн татах хүчийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, институцийн томоохон хөрөнгө оруулагч болон жижиг хөрөнгө оруулагчдын сонирхол сэргэж шинэчлэгдэхэд хүргэнэ.

Монголын хөрөнгийн зах зээлийн тулгарч мэдэх ирээдүйн саад бэрхшээл нь хурдацтай өсөлтийн үр дүн байх магадлалтай. Энэхүү өсөлтийг удирдах нь хэцүү зорилт. Зах зээл өөрөө төдийгүй гол оролцогчдын цөөнгүй хэсэг нь харьцангуй залуу бөгөөд өсөлтийн бэрхшээлийг тооцож үзэх хэрэгтэй. Гэхдээ Монгол бол дунд зэргийн шинэ зах зээл биш юм. Засгийн газар аль хэдийнэ зах зээл боловсрохын хэрээр уян хатан гэдгээ батлах тогтолцоо, хуулийг хэрэгжүүлж эхэлсэн.

Үүний нэгэн адилаар, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль баталсан нь Монголын хөрөнгийн зах зээл хэрхэн хөгжиж буйн нэг жишээ юм. Үүгээр дундын болон хувийн хөрөнгө оруулалтын санг дотооддоо зохицуулах нөхцөлийг бүрдүүлж буй юм. Үр дүнд нь илүү мэргэжлийн болох төдийгүй Монголын төслүүдийг чиглэсэн боломжит хөрөнгийг нэмэгдүүлэх юм.

Компанийнхаа энэ салбар дахь амжилтыг дурдахгүй юу?
Үнэт цаасны тухай болон Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн өөрчлөлтийг урьдчилан харж, бид дотоодын болон гадаадын хэд хэдэн хэрэглэгчидтэй өнгөрсөн жилийн сүүлээс хойш зах зээлд шинээр гарах боломжуудад бэлтгэхээр хамтран ажиллаж эхэлсэн. Ялангуяа шинэ хууль идэвхижмэгц Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй болохоор төлөвлөсөн компаниудтай ажиллаж байна.

Бид өрсөлдөгчид дундаа ямар байр эзлэхийг таамаглаж хэлэх хэцүү ч шинэ ондоо бид андеррайтер, брокерийн үйлчилгээг гадаад дотоодын компаниудад олгодог тэргүүлэх компаниудын нэг байна гэдэгт итгэлтэй байна.

Ямар шинэ үйлчилгээг үйлч­лүүлэгчдэдээ олгохоор төлөвлөж байна вэ?

Түрүүн хэлсэнчлэн, бид ирэх жил андеррайтер болон хувьцааны брокерийн үйлчилгээ нь манай бизнесийн гол өсөлтийн талбар байна гэж үзэж байна. Бид аль хэдийнэ өөрчлөлтөд бэлтгэж байсан бөгөөд эдгээр үйлчилгээнд голлож ажиллахаар өөрсдийгөө бэлтгэсэн байсан.

Энэ жил эрдсийн зах зээлийн хувьд харьцангуй таагүй жил байлаа. Нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ бүгд буурсан. Та Монголын эрдсийн зах зээлийн энэ жил болон ирэх жилийн байдлыг хэрхэн таамаглаж байна вэ? Та өөдрөг байна уу, эсвэл гутранги байна уу? Дэлхийн түүхий эдийн зах зээл манай улсын зах зээлд энэ жил, ирэх жилд хэрхэн эерэг болон сөрөг байдлаар нөлөөлөх вэ?
Түүхий эдийн зах зээлийн ерөнхий төлөв байдал тийм ч сайнгүй байгаа. Ихэнх шинжээч нар хөгжингүй улс орнуудын удаашралыг урт хугацаанд үргэлжилнэ гэж таамаглаж буй. Зах зээлийн оргил үе төгсгөл болохын хэрээр дэлхийн өсөлт удааширч байна. Гэхдээ түүхий эдийн зах зээл өснө гэж үзэх хүмүүс ч байсаар. Манай компани Монголын эдийн засгийн нөхцөл байдалд төвлөрөн ажилладгийн хувьд цаашид найдаж буй хүчин зүйл нь Хятадын эрэлт юм. Бид Хятадын өсөлтийн тухайд эерэг байр суурьтай байгаа. Одоогийн эдийн засгийн шинэчлэлийн нөлөө нь зах зээлийг бэхжүүлэх баталгаа болох төдийгүй энэ улсын өсөлтөд эргэлзсэн байдлыг эерүүлнэ гэж итгэж буй.

Монголын төслүүд дэх Хятадын оролцоонд сэтгэл дундуур байх үзэгдэл бий. Гэвч Монгол улс түүхий эдийн хамгийн том хэрэглэгчтэй тун ойр байрладгаараа туйлын азтай гэдэг нь тодорхой юм. Хэрэв түүхий эдийн үнэ үргэлжлэн буурвал өрсөлдөгчид болох Австрали, Канад зэрэг улсын хувьд тээвэрлэлтийн өндөр зардал нь тэдний сул тал байх болно. Энэ зуур Монголын үйлдвэрлэгчид ашигтайгаар экспорт хийж чадах хэрэгтэй.

Ирээдүйд Монгол улс түүхий эдийн үнийн өөрчлөлтөд эерэг сөрөг нөлөөллийн аль алиныг амсах болно. Эдийн засаг уул уурхайн салбарт тулгуурлаж байгаа тул хувийн хэвшил болон Засгийн газрын төсөв энэ салбарын нөхцөл байдлаас шууд хамаарч байна. Одоогийн зэс, нүүрсний үнийн уналттай тулгарч буй Засгийн газрын төсөв нь энэ сорилтын тод илрэл юм.

Дэлхий зах зээлийн эерэг сөрөг үр дүнг Монгол хэрхэн ашиглаж болох вэ?
Эдийн засгийн бууралтыг эерүүлэх нь аль ч улс орны хувьд хэцүү байж болно. Монгол одоогийн эдийн засгийн нөхцөл байдлын улмаас хэцүү сорилттой тулгарч буй нь илэрхий байгаа. Гэхдээ бид Монгол улс өнөөдөр өнгөрсөн жилийнхээс илүү дээр нөхцөл байдалд байгаа гэдэгт тун итгэлтэй байна. 

Яг одоогийн байдлаар, Монгол улс зөв арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Хэдийгээр бид хүндхэн эдийн засгийн нөхцөл байдалтай тулгарч буй ч танай улс одоогийн нөхцөл байдлыг адил тэнцүү зах зээлүүдтэй өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд, хөрөнгө оруулалтын хүчирхэг орчин бий болгоход ашиглаж байна. Илүү өөрчлөлт хийх шаардлагатай гэж хэлэхгүй. Засгийн газар одоогийн бууралтыг улс орныг зөв чигт нь залахад ашиглах тал руугаа хандаж байх шиг байна.

Монгол улс ийм зүйлийг өмнө нь ч зөв хийж байсан. 2009 оны дундуур Монголын Засгийн газар дэлхийн эдийн засгийн бууралтын ид дунд үед гол хуулийн өөрчлөлтүүдийг хийж байсан шүү дээ. Мөн түүхэндээ эдийн засгийнхаа хамгийн дээд өсөлтийг хийж чадсан.

Зарим шинжээч “Оюутолгой-“н хувьцаа удахгүй үлэмж өснө гэж харж буй. Саяхан Засгийн газрын төлөөлөл “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй Лондонд уулзалт хийсэн. Хэдийгээр энэ уулзалтаас сайн мэдээ дуулдсан ч “Оюутолгой”-н хувьцаа үргэлжлэн буурсаар байна. Энэ нөхцөл байдлыг та хэрхэн тайлбарлах вэ? Мөн та Монголд төвтэй уул уурхайн компаниудын хувьцаа бүхэлдээ энэ жил унаж буйг мэдэж байгаа?
“Оюутолгой”-н Лондон дахь захирлуудын уулзалт эерэг үр дүнтэй болсон. Засгийн газар болон “Рио Тинто”-гийн аль алиных нь төлөөлөл хэлэлцээр амжилттай болсон гэсэн байр суурьтай байгаа. Төслийг хоёр тал аль аль нь урагшлуулах хүсэлтэй байгаагаа олон нийтэд дуулгасан. Хурлын мэдээгээр хоёр талын дунд шийдэх ёстой асуудлуудын 50 хувь нь шийдэгдсэн гэсэн.

Гэхдээ таны хэлсэнчлэн “Туркойз Хилл”-ийн хувьцаа энэхүү эерэг мэдээллийг дагаад өсөөгүй байна. Энэ бол шийдэгдээгүй үлдсэн асуудлууд хамгийн чухал бөгөөд төслийг удаашруулж мэднэ гэсэн санаа зовнилоос үүдэлтэй. Тухайн сэтгэл зовнилууд бол   гэнэт зогссон далд уурхайн бүтээн байгуулалт, төслийн зардал хэтэрсэн, менежментийн зардал зэргийг хамарсан хэлэлцүүлэг юм. Энэ бүгд хоёр талын давах шийдэх ёстой томоохон бэрхшээл юм.

“Оюутолгой” нь одоогоор Монголын хөрөнгө оруулалтын хамгийн чухал жишээ хэвээр байгааг хэлэх шаардлагагүй биз. Энэ нь уул уурхайн салбарыг бүхэлд нь төлөөлөх бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчид Монголын улс төр, эрх зүйн орчинд бизнес эрхлэх нөхцөл байдлыг үүнээс л ойлгож авна. Оны сүүлээс өмнө үлдсэн асуудлуудыг амжилттай дүгнэх нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд хамгийн чухал нөлөөтэй. Энэ нь Монголын эдийн засгийн бас нэгэн эерэг хөгжил болж харагдах болно.

Салбарынхны хувьд сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголд төвтэй компаниудын хувьцаа унаж байгаа нь нууц биш. Энэ нь бидний өмнө ярилцсанчлан улс төр, хууль эрх зүйн тогтворгүй байдалтай холбоотой. Харамсалтай нь, Монголын ерөнхий байдал сайжрах үед дэлхийн эдийн засгийн төлөвийн улмаас бид үргэлжилсэн уналттай тулгарч байна. Энэ нь олон компанийн хувьцааг хамгийн доод үнэлгээнд хүргэсэн хэрэг.

Эцэст нь та Монголын хувьцаа эзэмшигчид болон үйлчлүүлэгчдэдээ юу гэж зөвлөх вэ?
Түрүүн хэлсэнчлэн зах зээлийн нөхцөл байдал, өөрчлөгдөж буй хууль эрх зүйн орчин нь хөрөнгө оруулагчдад ер бусын худалдан авалтын боломжуудыг олгож байна. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хэрэгжүүлж буй арвин нөөц баялаг илрэх магадлал бүхий төсөлд багахан оролдлогоор мэдэгдэхүйц эзэмшилтэй болох боломж хөрөнгө оруулагчдад олдож байна. Иймд бид Монголын төлөв байдал туйлын эерэг гэдэгт итгэдэг. Мөн үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс сайн боломжуудыг нягталсаар байх болно.

Гэсэн ч хөрөнгө оруулагчдын итгэл сул хэвээр байна. Монголын Засгийн газар урт хугацааны шинэ хууль гаргана гэдгээ харуулах хэрэгтэй байна. “Оюутолгой”-н маргаан болон одоогийн эдийн засгийн байдал зэрэг нь хөрөнгө оруулагчид энэ зах зээлд орж ирэхээс өмнө тодорхой болгох шаардлагатай асуудлууд юм.

Бид бүхэн Монголын уул уурхайн салбар болон Монголын эдийн засгийн өсөлтийн тухайд бүхэлд нь өөдрөг хэтийн төсөөлөлтэй байгаа нь хэлүүлэлтгүй илэрхий зүйл. Бид богино хугацааны тухайд эргэлзээтэй байгаа ч Монголд хөрөнгө оруулахад учрах боломж болон эрсдэлүүдийг бүрэн мэдээлэхүйц бодитой зөвлөгөөг үйлчлүүлэгч нартаа хүргэсээр байна.