Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

Алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давжээ

Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр боллоо.  Уул уурхайн сайд Д.Ганхуяг геологи, уул уурхайн салбарт хийж гүйцэтгэсэн ажлуудаа товч танилцуулсан юм.

Аравдугаар сард  олон үйл явдал өрнөжээ. Тухайлбал, Монгол улсад үндэсний геологийн алба байгуулагдсаны 74 жилийн ой тохиож, геологчид баяраа тэмдэглэн өнгөрүүлжээ.  Монгол улсад Үндэсний геологийн алба байгуулахаар ажиллаж буйгаа Д.Ганхуяг сайд дуулгалаа. Мөн Ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, Хатуу ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангиллыг шинэчлэн боловсруулан холбогдох арга хэмжээг авч эхэлжээ.

Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил, улсын геологийн зураглал-200, Газрын ховор элемент гэх зэрэг сэдэвчилсэн судалгааны ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөснөө биелүүлж түүнд зарцуулах улсын төсвийн хөрөнгө оруулалтыг өмнөх оныхтой харьцуулбал 80 хувиар нэмэгдүүлжээ.

Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг үндэслэн уул уурхай, газрын тосны салбарт хамаарах гурван санамж бичигт гарын үсэг зурсан нь  энэ салбарт өрнөсөн томоохон үйл явдал хэмээн Уул уурхайн яамны холбогдох албаны хүмүүс тодотгосон.

Тухайлбал, Уул уурхайн яам, Хятадын Газрын тос-химийн корпораци “SINOPEC”-ийн хооронд Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, уг үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулах зорилго бүхий Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Энэхүү үйлдвэр нь эхний ээлжинд жилд 15 тэрбум шоо дөрвөлжин  метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар урьдчилсан тооцоо гарчээ. Энэ хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд жилдээ 50 орчим сая тонн нүүрс ашиглах аж.

Мөн Уул уурхайн яамны Газрын тосны газар, Хятадын Петро чайна интернэйшнл компанийн хооронд Монголд олборлож буй түүхий тосны хэмжээ нэмэгдэж буйтай уялдуулан Хятадаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг Д.Ганхуяг сайд онцоллоо .  Замын-Үүд өртөөн дэх шингэн түлш шилжүүлэн ачих төхөөрөмжийн өргөтгөлийн ажил бүрэн хүчин чадлаараа ажиллавал сард 35-40 мянган тонн шингэн түлш шилжүүлэн ачих боломжтой болох юм байна.

Ингэвэл манай улсын газрын тосны бүтээгдэхүүний нэг сарын хэрэглээний 40-50 хувийг Хятадаас импортлох боломжтой болно гэсэн мэдээллийг тэрээр  өгсөн юм.

Түүнээс гадна  Эрдэнэс Тавантолгой ХК, “Энержи Ресурс” ХХК, “Тавантолгой” ХК компаниуд  Хятадын “Шенхуа Энержи” компанитай 20 жилийн хугацаанд нэг тэрбум хүртэл тонн нүүрсийг олборлолт, үйлдвэрлэлийн хүчин чадалтай уялдуулан Монгол улсаас БНХАУ-д нийлүүлэх төлөвлөгөө гарган хамтран ажиллах болсон явдал.  Дээрхи нүүрсийг өнөөгийн ханшаар тооцож үзэхэд 20 жилд 50 шахам тэрбум ам.доларын борлуулалт болохоор тооцоолжээ. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нүүрсний бусад уурхайнууд, тухайлбал “Монголын алт” ХХК, “Саусгоби Сэндс” зэрэг арав гаруй компани ирэх 20 жилд нэг тэрбум орчим тонн нүүрс экспортлох боломж байгааг Уул уурхайн яам тооцож гарган, судалгаагаа хийж байгаа аж.

Уул уурхайн яам  салбарын статистик мэдээллийг сар бүр гаргаж буй. 2013 оны эхний есөн сарын байдлаар авч үзвэл зэсийн үйлдвэрлэл 542,4 мянган тонн буюу 77 хувийн гүйцэтгэлтэй, молибдений үйлдвэрлэл 2,777,0 мянган тонн буюу 101 хувийн гүйцэтгэлтэй, зэс молибдений татварын орлогын гүйцэтгэл нь 81 хувьтай байгаа юм байна.

Харин нүүрсний үйлдвэрлэл 19,7 сая тонн буюу 76 хувьтай, татварын орлогын бүрдүүлэлт 178,2 тэрбум төгрөг буюу 53 хувьтай байгаа ажээ.

Түүнчлэн алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээс давж  6985,1 кг-ийг олборлон 194 хувийн гүйцэтгэлтэй    байна гэж Уул уурхайн яамныхан мэдээллээ.




Г.Идэр