Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хуанли

“Miner & Supplier 2012” форум 15,16-нд Чингис хаан зочид буудал

"Miner and Supplier" уул уурхайн ханган нийлүүлэлтийн хоёр дахь удаагийн форумын эхний өдрийн хурал явагдлаа. Энэ өдрийн хуралд "Ханган нийлүүлэлтийн талаарх төрийн бодлого зохицуулалт", "Үндэсний ханган нийлүүлэгчдийг дэмжих нь", "Уул уурхайн ханган нийлүүлэлтийн салбарууд" гэсэн үндсэн гурван сэдвийн дор 10 илтгэл тавигдлаа.

Уул уурхайн компаниудад үзүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээг кластераар хөгжүүлэх боломж болон жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээний  талаарх илтгэлээр хурал эхэлсэн юм. 2010 оны судалгаагаар Монгол улсад үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй нийт 66500 аж ахуйн нэгжийн 90 орчим хувь нь жижиг дунд үйлдвэрлэлийн салбар байдаг аж. Тиймээс хуралд ороцогчид энэ салбарт анхаарлаа хандуулах нь нэн тэргүүний асуудал мөн гэсэн байр суурьтай байлаа.

Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 45 хувь нь зөвхөн худалдаа үйлчилгээний ажил эрхэлдэг гэсэн судалгаа байдаг аж.  ҮХШХ-ны дарга Ч.Хашчулуун, нэн ялангуяа хөдөө орон нутаг дахь үйлдвэрлэлийн салбарыг түлхүү хөгжүүлэх шаардлагатай байна гэдгийг хэлсэн. Харин хөгжүүлэхдээ цогц байдлаар буюу кластераар хөгжүүлэх хэрэгтэй байгааг онцолсон юм.

Уул уурхайн талаарх асуудалд аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын тухай зайлшгүй яригдах ёстой. Энэ талаар ЭБЭХ-ны уул уурхайн аврах албаны дарга Ц.Жанчив илтгэл тавилаа. Тэрээр хэлэхдээ уул уурхайн аюулгүйн ажиллагааны тал дээр хөрөнгө мөнгөө компаниуд харамлаад байдаг. Тэгээд осол гарсны дараа мөнгөө тооцоод эхэлдэг буруу тогтолцоо бий болчихоод байгааг шүүмжилсэн юм. Ялангуяа төмрийн хүдэр олборлодог гадаадын хөрөнгө оруулалттай уурхайнуудын ажилчид наад зах нь амны хаалтгүй ажиллаж байгааг буруутгалаа.

Хурлын хоёрдугаар хэсэгт Оюутолгой ХХК-ийн Орон нутгийн бизнесийг дэмжих хөтөлбөрийн зохицуулагч С.Мягмаржав, уул уурхайн компаниудын орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийн талаар компанийнхаа жишээн дээр сонирхолтой мэдээлэл өгсөн юм. Мөн үндэсний ханган нийлэгчдэд тулгардаг саад бэрхшээл болон ололт амжилтын талаар Мера ХХК-ийн Ж.Түвшинбаярын тавьсан илтгэл сонирхол татав.

Ер нь үйлдвэрлэл үйлчилгээний аль ч салбарт ажиллагсад, боловсон хүчний асуудал маш чухал. Энэ талаар болон ажилчдын нийгмийн халамж, хууль бус хөдөлмөрийн гэрээний талаар Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга С.Ганболд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илтгэлдээ хэлсэн. "Ажиллах хүчний ханган нийлүүлэлтэд маш сайн анхаарлаа хандуулж, боловсон хүчнээ бэлтгэх шаардлагатай байна" гэж тэрбээр дурдсан юм.

Уул уурхайн ханган нийлүүлэлтийн зарим нэг салбар болох геологи уул уурхайн өрөмдлөг, уул уурхайн хөдөлмөр хамгааллын хувцсыг үндэсний компаниуд нийлүүлэх тухай болон уул уурхайн хүнд машин механизмын тос тосолгооны материалын үндсэн үүрэг зарчмын талаар илтгэлүүд тавигдсанаар эхний өдрийн хуралдаан өндөрлөлөө.
Ханган нийлүүлэлтийн салбарт ажилладаг компаниудын үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг танилцуулсан энэхүү хурал - үзэсгэлэнгийн арга хэмжээнд өнөөдөр маш олон хүн оролцож байна. Гэхдээ өнөөдрийн хувьд хурлын үзэсгэлэнгийн арга хэмжээг голдуу хуралд оролцогчид үзэж сонирхсон юм. Харин  маргааш уг үзэсгэлэн 9:00-13:00 цагийн хооронд хүн бүрт нээлттэй байх юм байна.


Г. Батболд