Пийбоди Энержи:Тавантолгойг нэгтгэж ашиглах хэрэгтэй

2013-10-08 11:16


Энэ жил түүхий эдийн зах зээл уналтад орохын хэрээр манай улсын эдийн засаг хүндхэн цохилтод ороод буй. Монголын эдийн засгийн төлөв байдал цаашид ямар байх болон  уул уурхайн салбарт хэрхэн үнэ цэнийг нэмэгдүүлж,  баялгийг бүтээх талаар Пийбоди Энержи компанийн Монгол, Энэтхэг улсыг хариуцсан Ерөнхийлөгч Аршад Саиедтай ярилцлаа.


Ярилцсан Б. Төгсбилэгт

Та гурван жилийн өмнө Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөө¬лөгчөөр ажиллаж байсан. Тэр үеийн Монголын эдийн засгийг өнөөгийнхтэй харьцуулахад ямар ахиц, мөн ямар алдаа харагдаж байна вэ? Та тодорхой жишээ хэлнэ үү?
Монголын эдийн засаг гарцаагүй өссөн. Сүүлийн таван жилийн хугацаанд ДНБ-ий хэмжээ бараг хоёр дахин нэмэгдсэн. Барилгажилт, авто зам, дэд бүтэц, цахилгаан эрчим хүч зэргийг харгалзан үзвэл Улаанбаатар хотын хөгжил мэдэгдэхүйц ахиж, хотын иргэдийн амьдрал олон талаараа сайжирсан. Харин хөдөөгийн амьдралд ажлын байр, боловсрол, эрүүл мэнд зэрэг нь одоо хэр   тулгамдсан асуудал хэвээр байна. Эдийн засгийн өсөлтөөс олон хүн ашиг тусыг нь хүртсэн ч, хөдөө орон нутагт илүү олон хүнд, хотын ядуу иргэдэд ч ялгаагүй энэ өгөөжийг хүртээмжтэй түгээх хэрэгтэй байна.

Манай улсын эдийн засгийн гол эрсдэлүүд юу вэ?
Монголын гол эрсдэл нь түүхий эдийн экспортод түшиглэсэн эдийн засагтай улс орнуудынхтай адил юм. Монгол улс ашигт малтмал, түүхий эдийн арвин нөөц баялагтай орны хувьд одоогоор түүхий эдийн экспортоос хараат эдийн засагтай.  Ийм эдийн засагтай оронд тулгардаг гол эрсдэл бол газрын доорх баялгаа санхүүгийн болон хүний нөөцийн зэрэг тогтвортой баялаг болгон хувиргаж чаддаггүй явдал юм. Иймд энэ бол байгалийн баялаг арвинтай улс орнуудын гол сорилт юм.

Хамгийн том эрсдэл бол Монгол магадгүй газрын доорх баялгаа олборлосон ч, ирээдүйн тогтвортой баялаг, чадавхийг бүтээж чадахгүй байх явдал. Харин хамгийн том сорилт нь уналтын үеийг хэрхэн жолоодох вэ гэсэн асуулт юм. Учир нь бүх эрдсийн үнэ уруудаж бас өгсдөг. Эдгээр мөчлөг нь үргэлж тохиож байдаг. Тиймээс бодит асуудал нь монголчууд эдийн засгийн маш хурдацтай өсөлтөө жолоодох нь чухал. Гэхдээ зөвхөн өсөлтийг бус, зах зээл уналтад орох үед тэрхүү хүнд үеийг хэрхэн удирдах нь бас чухал юм. Эдийн засагт цочрол үзүүлэх, тэр дундаа санхүүгийн салбарт болон бусад салбарт учирч болох хэд хэдэн цочрол бий. Эдгээр нь арвин нөөц баялагтай улс орнуудад үргэлж тохиолддог макро эдийн засгийн цочрол, эрсдэлүүд. Эдгээр макро эдийн засгийн эрсдэлийг удирдаж чаддаг байх нь хамгийн гол асуудал.

Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 оны зургадугаар сард батлагдсанаас хойш Монгол улсын төсөв шалгуур үзүүлэлттэй болж, илүү эрүүл бодитой төсөвтэй  болох нь гэсэн хүлээлт байсан. Тэр итгэл найдвар Таны бодлоор биелж байна уу?

Энэ бол сайн хууль. Гол нь хуулийг хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэсэн асуудал. Энэхүү хуулийн гол зарчим болсон төсвийн бус зарцуулалтыг хийхгүй байх замаар төсвийн тогтвортой байдлыг хангаж байна уу, үгүй юү гэдэг л үндсэн шалгуур юм.
Төсөв, тайлан балансаас гадуурх зүйлд зарцуулалт хийхгүй, санхүүжүүлэхгүй байхыг баталгаажуулах хэрэгтэй.

Манай улсын эдийн засагт учирч байгаа энэ удаагийн хүндрэл ямар үр дагавартай гэж Та харж байна вэ? Мөн энэ нь ямар хугацаанд үргэлжлэх бол? Ирэх оны эхний хагас хүртэлх Монголын эдийн засгийн төлөв байдлыг Та хэрхэн үнэлэх вэ?
Энэ бүхэн нь сүүлийн үед болж буй Европ дахь эдийн засгийн удаашрал, саяхнаас Хятад, Энэтхэгт  нүүрлээд буй сааралттай холбоотой гэж үзэж байна. Бид дэлхийн эдийн засаг өсөлтийн хувьд тодорхойгүй тийм үе шат руу орлоо гэсэн санаа зовнил байна.

Ерөнхийдөө уул уурхайн бүтээг­дэхүүний эрэлт урт хугацаанд сайн төлөвтэй байна. Гэхдээ дэлхийн эдийн засаг дахь одоогийн тодорхойгүй байдлыг дутуу үнэлж болохгүй.

Монголын нүүрсний зах зээл нэлээд хүчтэй хямралтай тулгарч байна. Та Монголын коксжих нүүрсний салбарын ирээдүйг хэрхэн харж байна вэ?
Гангийн үйлдвэрлэл Хятад, Энэтхэгт өссөн хэвээр байна. Хэрэв Та  статистик баримтыг ажигласан бол, дэлхий даяар өдөр бүр 160 мянган шинэ машин борлуулагдаж байна. Энэ бүгд гангийн хэрэглээ шаардана. Тэгэхээр хариулт бол тодорхой. Үүний үр дүнд Хятад болон бусад оронд хэр зэрэг гангийн нэмэлт эрэлт бий болох вэ? Үүнээс шалтгаалан нүүрсний хэрэглээ ямаршуухан байдлаар нэмэгдэх бол?

Монголын нүүрсний салбарын ирээдүйг харвал Монголын коксжих нүүрсэнд түшиглэсэн маш том зах зээл яг хажууд нь байгаа нь тодорхой юм. Иймд Монгол урт хугацаандаа өрсөлдөх чадварын хувьд давуу байр  суурьтай байгаа.  
2011 онд Монгол улс 21 сая тонн, 2010 онд 16 сая тонн нүүрс экспортолсон. Энэ оны эхний хагас жилд 8 сая тонн коксжих нүүрс экспортолжээ. Монголын нүүрс Австрали, бүр АНУ-ын нүүрстэй хүртэл ихээхэн өрсөлдөөнтэй тулгарч байна.  Иймд төмөр зам, хүчирхэг дэд бүтцийн сүлжээ байгуулах хүртлээ Монголын нүүрсний үнэ тодорхой хувиар дарагдсан хэвээр байх болно.

Гэхдээ Хятадын сэргэлт эхэлмэгц нүүрсний салбарт сэргэлт харагдана. Монголын нүүрсний үнэ ч өсөх болно.

Танай компани нүүрсний салбарт арвин туршлагатай. Бид Тавантолгойгоо хэрхэн ашиглаж, хэрхэн жинхэнэ баялаг болгон хувиргах ёстой вэ?
Чухал асуулт байна. Баялаг бүтээх гэдэг талаас нь Тавантолгойг хэрхэн хөг­жүүлэх вэ? Үүний тулд хэд хэдэн зүйл хийх шаардлагатай. Юуны түрүүнд Тавантолгойг Монголын нүүрсний дэлхийн хэмжээний салбарын эхлэл гэж харах ёстой. Тавантолгойг  хэрхэн Монголын дэл­хийн хэмжээний нүүрсний салбарын хөгжлийн эхлэл, сайн суурь болгох вэ?  Алсын хараа, гол зорилгоосоо эхлэх нь чухал.  

Хэрэв Та дэлхийн хэмжээний нүүрсний салбартай болохыг хүсч байгаа бол үүнийг хэрэгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй вэ?
Тавантолгойг хөгжүүлэхэд яг одоо хийх ёстой хэд хэдэн зүйл байна. Нэгд, хамгийн чухал нь үүнийг урт хугацааны баялаг гэж харах ёстой. Тэгвэл Та үүнийг үр ашигтай замаар, байгальд ээлтэйгээр, тогтвортой, орон нутгийн иргэдийн эрх ашигт нийцэхүйц байдлаар, үнийн хэлбэлзлээс үл хамааран үр өгөөжөө өгч байхуйцаар удирдан олборлох ёстой. Одоогоор авч буй арга хэмжээнүүд нь эдгээр зүйлийн биелэлтийг бүрэн  хангаж чадахгүй байна. Зүүн болон Баруун Цанхид Монгол улс амжилттай менежмент хийх гэж тэмцсээр байна. 

Хамгийн чухал хийх ёстой зүйл нь хоёр Цанхийг нэгтгэх явдал. Нэгдсэн дэд бүтэцтэйгээр Тавантолгойг харилцан уялдаа бүхий нэг нөөц баялаг хэмээн олборлох явдал. Тэгж байж авто зам, ус, цахилгаан станц, угаах үйлдвэрийн бүтээн байгуулалтад давхардсан ажил явагдахгүй юм. Хоёр хэсэг хувааснаар нүүрсний нөөцийг дутуу ашиглах, байгаль орчинд таагүй нөлөөллийг бий болгох мөн үр ашиггүй зардлыг нэмэгдүүлэх юм. Дараа нь, дэлхийн хэмжээний туршлагатай операторыг авч ажиллуулах. Дэлхийн хэмжээний компани ийм ордыг хамгийн боломжтой арга барилаар олборлохыг мэддэг. Пийбоди шиг компаниуд ганцхан уурхайгаас жилд 100 сая тонныг олборлодог туршлагатай. Тэд Тавантолгой шиг том ордыг хэрхэн өндөр хүчин чадалтайгаар урт хугацаанд тогтвортой олборлохыг мэднэ.

Мөн шилдэг туршлага, технолгиийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх хэрэгтэй. Ингэснээр зардлыг хамгийн бага түвшинд байлгаж чадна. Мөн байгальд нөлөөлөлгүй, аюулгүй байдлыг хангах шаардлагатай.  Пийбоди аюулгүй ажиллагааны хамгийн сайн туршлагатай компани. Эдгээр нь олборлолт хийхэд маш чухал. Дунд болон урт хугацаанд Тавантолгойн бүх зүйл нэг стандарттай болно гэсэн үг. Орд газар нэгдмэл байдлаар хөгжиж байж блок буюу ордын хэсэг бүрт өөр стандарт байхаас сэргийлж чадна. 

Үйл ажиллагааны бүхий л хүрээнд буюу олборлолт, ашиглалт, аюулгүй ажиллагаа, байгаль орчин, ажиллах хүч, нийгмийн асуудлууд нь нэгдмэл, нэгдсэн системтэй байх нь ихээхэн чухал. Тэгж байж ордыг хамгийн үр ашигтай мөн тогтвортойгоор ашиглаж чадна.  

Төгсгөлд нь дэд бүтцийг хэрхэн үр ашигтайгаар бий болгох вэ? Хамгийн үр ашигтай, зардал багатайгаар нүүрсийг гаргах арга нь юу вэ? Ордыг олборлохдоо эдийн засаг, худалдааны талаас хандах нь ихээхэн чухал. Тавантолгой Монгол нүүрсэнд хамгийн өндөр үнэлгээ авчрах нөөц болох уу? “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргах үед Тавантолгойн ордын үнэлгээ хамгийн өндөр болгох арга зам нь юу билээ гэдгийг бодох ёстой.

Танай компани Монголд хэдэн төсөл хэрэгжүүлж байна вэ? Цаашдаа ямар төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?
Монголд Пийбоди компани хэд хэдэн үйл ажиллагаа явуулдаг. Нэгдүгээрт, Монголын түншүүдтэй нүүрснээс шингэн түлш гаргах, эсвэл нүүрснээс хий гаргах төслүүдэд хамтарч ажиллах боломжийг эрэлхийлж байна. Бид Монголын хэд хэдэн компанитай яриа хэлэлцээр хийж байна. Бид тэдний үйл ажиллагаанд дэм болохдоо таатай байх болно.

Хоёрт, бид “Пийбоди Винсвэй Ресорсез” хамтарсан компани байгуулсан. Энэ компани одоогоор эзэмшиж буй тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд шинэ төсөл болон уурхай ажиллуулах боломжийг эрэлхийлж буй. Гуравт, хамгийн чухал нь бид Монголын хамгийн анхны нүүрсний уурхайн цогц нөхөн сэргээлтийг хийсэн. Бид үүгээрээ   Засгийн газар, нийт оролцогч талуудад   тогтвортой уурхайн сайн туршлага, дэлхийн түвшинд нөхөн сэргээлтийг хэрхэн хийдгийг бодитойгоор үзүүлэхийг чухалчилсан. Уурхайн ашиглалт явагдсан  газар нутгийг хэрхэн эргүүлэн өмнөх төрхөнд нь оруулах,  илүү сайхан болгож болдгийг жишээлэн үзүүлэхийг зорьсон.

Бид мөн Монголын Засгийн газар болон монголчуудтай  Тавантолгой ордод урт хугацааны түншлэл байгуулах хүсэл эрмэлзлэлтэй ажиллаж байна. Энэ бол маш чухал. Учир нь Та бүгд Тавантолгойгоос авч буй баялгаа урт хугацааных, мөн тогтвортой байгаасай гэж хүсч буй гэдэгт бид итгэлтэй байна. 130 жилийн арвин туршлагатай Пийбоди компани үүнийг хийж чадна.

Пийбоди дэлхий даяар, зургаан тивд үйл ажиллагаа  явуулж, олон арван оронд ажиллаж байна. Манай компани зөвхөн нүүрсний олборлолт болон боловсруулалтын технологиос гадна мөн нүүрсний  маркетинг, худалдааны шилдэг туршлагыг нэвтрүүлдэг.  Сургалт, мэдлэг туршлагыг дээшлүүлэх талд ч мөн адил. Энэ нь Монголын залуучуудад маш чухал. Монголын ажиллах хүчин мэдлэг чадвараа дээшлүүлж, гадаадын боловсон хүчинтэй адил түвшинд хүрэх нь их чухал.

Монгол улсын уул уурхайн салбар өргөжихийн хэрээр, өндөр мэргэшсэн ажиллах хүчин,  боловсронгуй менежмент маш чухал болж байна. Пийбоди компанийн Монгол дахь үйл ажиллагаа өргөжсөнөөр эдгээр нь бодит  ажил болно. Америкийн бусад олон компани ч танай оронд орж ирэх болно. Эдгээр хамтын ажиллагааны дүнд Монголын мэргэжилтнүүдийн туршлага, мэдлэг, боловсрол болон ур чадвар дээшилнэ.

Пийбоди Монголын залуусыг сургаж бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Бид одоогоор   залуусыг АНУ-ын уул уурхайн шилдэг сургуулиудад сургахыг  дэмжсэн.  Манай сургалтын тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын уул уурхай болон холбогдох бусад салбарт шинэ авьяасыг хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэхэд чиглэдэг.

Нүүрсийг ногоон эрчим хүч болгох төсөл, тэр дундаа CCS  (цэвэр нүүрсний шийдэл) технологийн төслийг Пийбоди компани эрчимтэй туршиж байгаа. Энэ ер нь хэр ирээдүйтэй технологи вэ?
Манай компанийн тэргүүн, Гүйцэтгэх захирал цэвэр нүүрсний төслийг ихээхэн дэмждэг. Пийбоди цэвэр нүүрсний хөтөлбөрийн хүрээнд дэлхий даяарх олон төсөлд оролцож байна.  Үүний зарим нэгээс дурдахад хятад дахь цэвэр нүүрсний “GreenGen” төсөл, “Global CCS Institute”  хэмээх цэвэр нүүрсний шийдлийн институт , Australia COAL21 Fund  буюу Австралийн Нүүрс 21 сан, мөн Вашингтоны их сургуулийн Сэнт Луис-ийн цэвэр нүүрсний консорциум.  Бид “Great Point Energy” компанид хөрөнгө оруулаад буй. Энэ бол нүүрсийг хий болгох маш хялбар шийдэлтэй технологийг хөгжүүлж буй байгууллага юм.

Эдгээр институт болон хөтөлбөр нь Пийбодигийн энэ чиглэлийн үйл ажиллагааны цар хүрээ юм. Пийбодигийн тууштай зорилго бол цэвэр нүүрсний технологи нэвтрүүлэх явдал. Тэгж гэмээнэ бид байгаль дахь нөлөөллийг багасгана. Мөн дэлхийн хөгжлийг дэмжих, ард иргэдийн амьжиргааг сайжруулах үүднээс эрчим хүч, цахилгааны маш хямд эх үүсвэрээр хангах хэрэгтэй байна. Энэ бол бидний үндсэн   зорилго.

  • geologich (202.21.106.101)
    Ereenii uurhaid buten 1 say tonn nuurs bucaagaad bulcan sh de Mongol Ulsiin Ashigt Maltmaliin tuhai huuliig noctoi zurchsun gol ni nuhun sergeelt nertei show hiihiin tuld
    2013 оны 10 сарын 18 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 16 цаг 27 минутын өмнө
    Монголбанкны алт худалдан авалт 2019 онд 15.2 тонн болж буурсан ч  он гарсаар есдүгээр сарын 22-ны байдлаар 15 тоннд хүрээд байна. Энэ онд алт худалдан авалт 2018 оны хэмжээнд хүрэх эсвэл давах хүлээлттэй байгаа юм. Өнгөрсөн 2018 онд төв банкны алт худалдан авалт 22 тонн хүрч дээд амжилт тогтоосон. Харин нүүрсний экспорт долдугаар сараас эхлэн өсч цаашид тогтворжих хандлагатай байна. Монголын эдийн засаг оны эхний хагаст маш хүнд байдлыг даван туулсан бол долдугаар сараас эхлэн эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж эхэлсэн байна. Энэ тухай Монголбанк (2020.09.23) “Ханшийн тогтвортой байдал” сэдэвт уулзалтын үеэр мэдээллээ. Америк долларын ханш долдугаар сард 20.81 төгрөгөөр чангарсан нь сарын дүнгээр энэ оны хамгийн их өсөлт болсон ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш найм, есдүгээр сараас харьцангуй тогтворжиж эхэллээ. Монголбанкнаас зарласан ханшаар нэг ам.доллар (2020.09.22-нд) 2,854 төгрөгтэй тэнцэж байна.
  • 19 цаг 20 минутын өмнө
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгохоор шийдвэрлэв. Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх юм. Дээрх хоёр чиглэлийг холбосноор төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Үүний зэрэгцээ Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордыг ашигласнаар экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
  • Өчигдөр 10 цаг 24 минутад
    Монголын нутгаар дайруулан байгуулахаар “Сибирийн хүч 2” хоолойн төслийн яриа хэлэлцээр хоёр улсын Засгийн газрын түвшинд өрнөж байна. 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд Москвад хийсэн айлчлалаар Засгийн газар Оросын “Газпром” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж байсан бол үүнээс хойш талуудын төлөөлөл багтсан Ажлын хэсэг гарч, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан компанийг байгуулав. Дараагийн шатанд “Эрдэнэс Монгол” болон “Газпром” компани хооронд нууцлалын гэрээ байгуулж, харилцан мэдээлэл солилцох, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажиллана гэдгийг Монголын төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү (2020.09.02) мэдэгдлээ.
  • 2020-09-21 11:03
    Заамарын хөндийд үйл ажиллагаа явуулж байгаа Тосонгийн үйлдвэрийн нөхөн сэргээлт Монголдоо жишиг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Хүний гараар бүтээгдсэн анхны цэнгэг устай хиймэл нуурыг 16 га талбайд байгуулж, 5.5 км урттай дөрвөн тусдаа ойн төгөл энд бий болжээ. Тосон Заамар шороон Заамар боллоо хэмээн яригддаг байсан үе бий. Тэгвэл “Ногоон Заамар” болох цаг айсуй гэдгийг Тосонгийн уурхайн нөхөн сэргээлтээс бэлхнээ харж болно. Уурхайн үйлдвэрлэлийн хамгийн том үр дүн нь  нөхөн сэргээлт.  Тиймдээ ч “Монполимет” групп нөхөн сэргээлтийг  олон улсын жишиг стандартын дагуу бодит утгаар нь хийж буйг газар дээр нь очиж танилцсан хүмүүс  үнэлдэг.  Энэ удаагийн зочид нь “Вагнер Ази”-ийхан байлаа. Учир нь, “Монполимет”, “Вагнер Ази” компанийн хамтын ажиллагааны  20 жилийн ой тохиож байна.
  • 2020-09-18 17:13
    “Дэлхийн эдийн засгийн чуулган”-аас (World Economic Forum /WEF/) Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь кобальтын олборлолтод хөдөлмөрийн нөхцөл, хүний эрхийг сайжруулах шаардлагатай тухай “Уул уурхайг аюулгүй, шударга болгох нь: БНАКонго дахь гар аргаар кобальт олборлолт” тайлан гаргажээ. Кобальт нь цахилгаан машин болон ухаалаг гар утас, зөөврийн компьютерын зай хураагуурын үйлдвэрлэлд үндсэн чухал түүхий эд болдог. Энэхүү тайланд дурдсанаар дэлхийн кобальтын хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос 4 дахин нэмэгдэх хандлагатай ажээ. Одоогийн байдлаар дэлхийн нийт кобальтийн нийлүүлэлтийн 70% нь БНАКонго улсад ногдож байна. Харин тус улсын нийт олборлолтын 30 хүртэлх хувь нь бичил уурхайгаас эх үүсвэртэй юм. Гэвч Конго дахь кобальтын бичил уурхайнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн шударга үнэлэмж орхигдох байдал түгээмэл байна. Ийм нөхцөлд дэлхийн кобальтийн нийлүүлэлтийн сүлжээнд олборлолтыг хариуцлагатай болгоход бэрхшээл учрах нь гарцаагүй юм.