Ц.Сэдванчиг: Монголын талын эргэлзээ тайлагдсан

2013-07-19 17:17
"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Сэдванчигтай ярилцлаа

“Оюутолгой” компани наадмын өмнө зэсийн баяжмалаа экспортолж эхэллээ. Хэд хэдэн удаа тов тогтоогоод байсан ч хойшилсон. Шалтгаан нь юу байсан юм бэ?

Наадмын өмнө “Оюутолгой” баяжмалын экспортын ачилтаа эхлүүлсэн. Долдугаар сарын 9-нд шүү дээ. Харин баяжмал экспортлох хугацаа хойшилсон хэдэн шалтгаан бий. Эхлээд зургадугаар сарын 14 товлоод  байсан ч Хөрөнгө оруулагч "Рио Тинто"-гийн зүгээс, тодруулбал гүйцэтгэх удирдлагын санаачилгаар нэг удаа хойшлуулсан. Ингээд “Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс экспортыг долоо хоногийн дараа буюу долдугаар сарын 21-нд эхлүүлэхээр дахин тов тогтоож, Монголын талын хувьцаа эзэмшигч манай компани болоод ТУЗ-ийн гишүүдэд захиа ирүүлж байсан.

Гэвч техникийн нөхцөл бололцоо, зарим талаар хувь нийлүүлэгчид хоорондоо ярилцаж байсан ачилт эхлүүлэхтэй холбоотой зарим асуудал дээр нэгдсэн ойлголтод хүрээгүй учраас дахин хойшлуулсан юм. Тэгээд ойлголцож, наадмын өмнөхөн амжиж ачилтаа  эхлүүлж чадлаа.


Баяжмалын гэрээг нууцалсан тал бий


Талууд бүрэн ойлголцолд хүрсэн гэсэн үг үү?

Экспортыг даруй эхлүүлж "Оюутолгой" компанийг орлоготой болгох дээр талууд санал нэгтэй байсан. Өнөөг хүртэл энэ компани чинь сохор зоосны борлуулалтын орлогогүй явж ирсэн шүү дээ. Экспорт эхлэхээр Монгол Улс наад зах нь нөөц ашигласны төлбөрөө бодитоор авч эхлэх, бусад татвар ч нэмэгдэж төсвийн орлогыг нэмэгдүүлэх юм. Тэгээд ч ил уурхайн ам, агуулахын хүдрийн нөөц, ачуулах баяжмалын нөөц ч хангалттай хуримтлагдаж экспортыг түргэвчлэх гарцаагүй шаардлагууд байсан.

Баяжмал Борлуулах гэрээгээ нууцлах, орлогоо гадаадад байршуулах гэх мэт Монголын талын эрх ашгийг хөндсөн асуудал байсан уу. Ерөнхий сайд УИХ-ын танхимд ийм агуулгатай зүйл ярьсан?

"Рио Тинто" болоод “Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагын зүгээс баяжмалын гэрээг нэлээд нууцалж, Монголын хувь нийлүүлэгч танилцах боломжгүй хугацаа алдсан нь ачилт хойшлох үндсэн шалтгаан болсон. Мөн баяжмалын орлогыг хаана байршилтай, ямар  банкны дансаар дамжуулах вэ гэдэг дээр хөрөнгө оруулагч талууд удаан хугацаанд ярилцсан ч нэгдсэн ойлголцолд хүрч чадахгүй байсан юм. Харин долдугаар сарын 4-нд манай ТУЗ-ийн гишүүдийг ямар нэгэн нөхцөл, шаардлага тавилгүй гэрээтэй танилцах боломжийг олгосноор асуудал шуударч, шийдэгдсэн.

Манай тал тавьсан асуудлаа шийдүүлж чадсан гэсэн үг үү?

Нууцлаад байсан баяжмалын Борлуулалтын гэрээтэй ТУЗ-ийн гишүүд нэг бүрчлэн танилцсан, үзсэн, шаардлагатай тодруулгаа авсан. Ингэснээр хувь нийлүүлэгч Монголын талын эргэлзээ тайлагдсан. Мөн орлогоо хаагуур дамжуулах, бүртгэл хяналтыг яах вэ гэдэг дээр талууд ярилцаж нэгдсэн ойлголтод хүрсэн. Баяжмалын орлогыг заавал Монгол Улсад бүртгэлтэй банкны дансаар дамжуулахаар болсон. Тэр дансаар дамжих бүх гүйлгээг "Оюутолгой" ХХК-ийн тайлан балансад нэгтгэж, шаардлагатай үед ТУЗ-д гүйлгээний тайлан гарган өгч байхаар тохирсон.

Баяжмалын орлого Монголд байршина гэсэн үг үү?

Ямар ч байсан Монголд бүртгэлтэй дансаар дамжина. Тэр нь компанийн тайлан, балансад бүртгэгдээд, нэгтгэгдээд явна. Түүнийг хөндлөнгийн бие даасан аудитын байгууллага хянаж, шаардлагатай үед орлого, зарлагын мэдээллийг бид авах боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, хяналт тавих боломж бүрэн бүрдсэн. Харин яг ямар банкны, аль дансаар вэ гэдэг нь аж ахуйн нэгж "Оюутолгой" компани өөрөө шийдэх учиртай. Баяжмалын орлого хяналтгүй, бүртгэлгүй явах бололцоо хаагдсан.
Угаасаа ч Монголд бүртгэлгүй дансаар дамжуулах, нууцлах, татвараас зайлсхийх оролдлого байж таарахгүй. Татвараас зайлсхийсэн аливаа үйлдэл гаргавал  манай хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээнэ гэдгийг Рио Тинто, компанийн гүйцэтгэх удирдлагын баг сайн ойлгосон байх ёстой.  "Оюутолгой" компани дотоод, гадаад бүх дансдаа холбогдох төрийн байгууллагад бүртгүүлэхээр хүсэлт тавьсан.


Үйлдвэрлэлийн хүчин чадалдаа хүрчихлээ гэсэн үг


Гэрээг нууцалж байсан нь олон нийтэд хардлага төрүүлсэн. Үгсэн тохиролцоод хямд үнээр борлуулах вий гэсэн хардлага одоо үгүй болсон уу?

Монгол Улсын Засгийн газар, бүр тодруулбал манай "Эрдэнэс Оюутолгой" компани "Оюутолгой" ХХК-ийн 34 хувийн хувьцаа эзэмшигч. Хувьцаа эзэмшигчээс компанитай холбоотой аливаа мэдээллийг нууцлах, хаах, ил болгохгүй байх үндэслэл байх учиргүй. Өөрөөр хэлбэл, энэ компанитай холбоотой бүхий л мэдээллээр Монголын хувьцаа эзэмшигчийг хангах үүрэг компанийн гүйцэтгэх удирдлагад ногдсон. Компанийн нууц, олон улсын Өрсөлдөөний хууль, Монополийн эсрэг хуулиар энэ мэдээлэл нууцад хамаарна, задлах юм бол хариуцлага хүлээнэ гэх мэтээр "Оюутолгой"-н удирдлагууд тайлбар хэлдэг байсан.

“Оюутолгой” ХХК-ийн Баяжмалын гэрээ бол хэдэн тэрбум ам.долларын үнийн дүнтэй, их хэмжээний хэлцэл. Манай Компанийн тухай хуулиар их хэмжээний хэлцэл ТУЗ 100 хувь санал нэгдсэнээр баталгаажих ёстой. Тэгэхээр “Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголын талыг төлөөлж буй гурван гишүүн дэмжсэн тохиолдолд л баяжмал Борлуулах гэрээ хүчин төгөлдөр болно. Хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэхийг багагүй хугацаанд шаардаж ирсний дүнд  “үнэн гүйцнэ” гэдэг шиг эргэлзээ тайлах хэмжээний мэдээлэл авч чадсан. Гэрээнд онцгой асуудал байхгүй.

Баяжмалаа экспортолж эхэллээ. Оюутолгойгоос энэ онд төсөвт ямар орлого төвлөрүүлэх вэ. Хэдий хэмжээний баяжмал экспортлох бол?

Баяжуулах үйлдвэр бол үнэхээр сайн явж байгаа. Өнгөрсөн арванхоёрдугаар сард нээлтээ хийснээс хойш тодорхой хэмжээний туршилтууд хийсэн, ажил маш урагштай байна. Сүүлийн өдрүүдэд авсан мэдээллээр худалдааны зориулалтаар үйлдвэрлэж эхлэх чанарын болоод тоо хэмжээнд хүрсэн. Тодруулбал "Оюутолгой" өдөрт 100 мянган тонн хүдэр баяжуулна гэж төлөвлөсөн. Гүйцэтгэлээр сүүлийн арав хоногийн турш өдөрт 90 гаруй мянган тоннд хүрсэн. Энэ бол үндсэндээ үйлдвэрлэлийн хүчин чадалдаа хүрчихлээ гэсэн үг.

Ер нь Баяжмалын үйлдвэр төслөөр тооцоолсон хүчин чадлынхаа 70 хувьд хүрч, тодорхой хугацаа буюу хоёр сар ажиллах юм бол үндсэндээ үйлдвэр жигдэрлээ гэж үздэг. "Оюутолгой"-н Баяжуулах үйлдвэрийн хувьд 90 мянган тоннд хүрсэн болохоор жигдэрчихсэн гэж ойлгож болно. Удахгүй хүчин чадлаа нэмэгдүүлж 100, 110 мянган тонн хүдэр боловсруулах боломж бүрдэнэ. Туршилтын болоод үйлдвэрлэлийн ажил маш сайн байна. Бэлэн болсон баяжмалын хэмжээ ч нэлээд хуримтлагдсан. Жараад мянган тонн баяжмал гэдэг бол хоногт 2000 тонныг тээвэрлэнэ гэхээр сарын нөөц бэлэн гэсэн үг.Үйлдвэрийн анхны дамжлага буюу хүдрийн овоолго гэхэд л бараг жилийн шахуу нөөц бий болчихсон байгаа. Ерөөсөө үйлдвэр хүчин чадалдаа бараг бүрэн хүрсэн, ачуулах баяжмалын нөөц хуримтлагдсан гээд ачилтаа даруй эхлүүлэх гарцаагүй нөхцөл бий болчихсон юм шүү дээ. Дүгнээд хэлбэл, экспорт эхэлсэн, галт тэрэг хөдөлчихсөн, зогсоох арга байхгүй, ингээд л цааш урсчихна.

Төсөвт ямар хэмжээний орлого оруулах вэ?

Бидний тооцож буйгаар үйлдвэр жигдрээд ямар нэг саатал гарахгүй бол он дуустал ойролцоогоор нэг тэрбум ам.долларын орлого олно. Улс наад зах нь нөөц ашигласны төлбөрөөр гэхэд төсөвт 100 орчим сая ам.долларын татвар авах тооцоо гарч байгаа. Энэ бол хөдөлгөөнгүй орж ирэх орлого. Компани  орлоготой болж байгаа учраас хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ. Түүнтэй уялдаад хил гаалийн татвар, НӨАТ гэх мэт “Оюутолгой” компаниас төсөвт орох орлого нэмэгдээд явна. Тийм учраас компанийг орлоготой болгоно, үйлдвэрлэлийг жигдрүүлнэ гэдэг маань олон талын ач холбогдолтой. Бүр тодруулбал төслийн нэр хүндийг дэлхийд өргөөд зогсохгүй зах зээлд, нийгэмд сайн дохио болох учиртай.  Энэ бол сайхан ирээдүйн эхлэл.

"Оюутолгой" компани санхүүгийн хувьд ямар байгаа вэ?

Өнөөг хүртэл компани орлогогүй, бүхэлдээ зардал гаргаж ирсэн.  Ер нь төслийн ажил  тасралтгүй явж байгаа. Үйлдвэрлэл зогссон, саатсан асуудал гараагүй. Засгийн газар шаардлагатай бүх зөвшөөрлийг олгосон. Гэрээгээр энэ төслийг дэмжих үүргийг Монгол Улсын Засгийн газар хүлээсэн бөгөөд үүнийг бүрэн дүүрэн биелүүлж ирсэн. Бүх дэмжлэгийг өнөөг хүртэл үзүүлж ирсэн учраас ажил ч урагштай явж байгаа. Хөрөнгө оруулагч тал төслийг санхүүжүүлэх үүргээ тасралтгүй биелүүлээд явж байна.

Нэмэлт санхүүжилт хийхийн тулд зээл авах шаардлагатай юу?

Би нэг бус удаа хэлсэн дээ. Бүтээгдэхүүн гаргаж орлоготой болно гэдэг компани санхүүгийн хувьд найдвартай болох боломж бүрдэж эхэлж байгаа юм. Төслийн нэмэлт санхүүжилтийн тухайд далд уурхайг эрчимжүүлж, ашиглалтад оруулахад хэрэгтэй байгаа. Гэсэн хэдий ч үүнийг Монгол Улсын хууль дүрэм, бидний хооронд байгуулсан гэрээнд суурилж хөрөнгө оруулагч талуудад адилхан  өгөөжтэй байхаар шийдэх ёстой. Тийм л санхүүжилтийн хэлбэр сонгох ёстой. Хөрөнгө оруулагч талын санал болгосон хувилбарууд бий. Засгийн газар, бид судалж байна. Гол нь санхүүжүүлэх хэлбэр нь  төслийн өгөөжийг илүү үр дүнтэй болгох, сайжруулах ёстой. Тийм л хэлбэрийг бид сонгох ёстойг хэлж, ирүүлсэн саналыг судалж байна. Эцэслэн тохирсон зүйл одоохондоо алга.

Хөрөнгө оруулагч тал нэмэлт санхүүжилт яаралтай хэрэгтэй байгааг хэлдэг. Манайх анхны хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг тодруул гэдэг. Үүн дээр талуудын байр суурь хэзээ нэг талд гарах вэ?

Гэрээ зурагдаж, ажил эхлээд гурван жил боллоо. Энэ хугацаанд хувьцаа эзэмшигч манай эрх ашгийг хөндсөн цөөнгүй асуудал хуримтлагдсан байдаг. Асуудлаа хоёрдугаар сард Хувь нийлүүлэгчдийн хурал хийж, бид саналаа гаргаад тавьчихсан байгаа. Тэдгээрийг 22  зүйлээр тодорхойлж тавьсан. Тодруулбал, хувь нийлүүлэгчдийн хүрээнд шийдвэрлэх таван асуудал, ТУЗ шийдэж болох 13 асуудал, мөн Монгол Улсын хууль тогтоомж, гэрээ зөрчигдсөн байж болох дөрвөн асуудлыг тавиад ярилцаад явж байна.

Хамгийн түрүүнд шийдвэрлэх ёстой асуудал бол яахын аргагүй  Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэж өгөх хүртэл хугацааны хөрөнгө оруулалтын зардал буюу гэрээний нэр томьёоллоор, анхны хөрөнгө оруулалтын хэмжээ юм. Уг зардлыг анхан шатны баримтаар баталгаажуулах 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн шалгалтын хэсэг дөрвөн сайдын тушаалаар байгуулагдаад, гурван сар гаруй ажиллаж байгаа.

Ерөнхий зарчим агуулгаар нь их тодорхой болгох олон асуудал бий. Анхны хөрөнгө оруулалтад тооцох дүн хэд вэ гэдгийг тодорхой болгохгүйгээр бусад 21 асуудлын заримыг нь шийдэхэд хүндрэл гарч мэдэхээр байгаа юм. Ер нь анхны хөрөнгө оруулалтын зардал нь урт хугацаанд Монгол Улс энэ төслөөс ямар татвар, орлого авах вэ гэдэгтэй шууд холбоотой. Тийм ч учраас Засгийн газрыг төлөөлж 34 хувийн хувьцаа эзэмшигч, ажлыг гардан хариуцаж буй хүний хувьд салбарын Сайддаа хүсэлт болгож тавьсан юм.

Шалгалтын хэсгийн дүгнэлтээс төсөл үргэлжлэх урт хугацааны үр дүн тодорхой хэмжээгээр хамаарах учраас мэргэжлийн шалгалтын хэсэг эрх зүйн чадамжтай, шинжлэх ухааны үндэслэлтэй хариуцлагатай дүгнэлт гаргах ёстой. Яагаад гэвэл, анхны хөрөнгө оруулалтын дүн гэдэг бүхлээрээ зардал шүү дээ. Энэ зардал өндөр байх уу, дундуур байх уу, доогуур байх уу гэдгээс хамаарч энэ төслийн өгөөжид урт хугацаанд шууд нөлөөлнө.

Тэгвэл Хөрөнгө оруулагч тал ямар байр суурьтай байгаа вэ?

Төсөл амьдрах, үргэлжлэх хугацаанд яригдах өгөөж, татвар орлоготой холбоотой чухал асуудал учраас "Рио Тинто" ч зөвшөөрч, шалгалтыг оруулсан. Тэд ч нэгэн зэрэг бие даасан хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулах ажлыг зэрэг явуулж байгаа.

Манай Ажлын хэсэг гурван сар гаруй ажилласан. Эхний дүгнэлтүүд гарч эхэлсэн. Ойрын хугацаанд эцэслэх ёстой. Түүний дараа талууд ширээний хоёр талд сууна даа.

Түүнтэй уялдаад хил гаалийн татвар, НӨАТ гэх мэт Оюу Толгой компаниас төсөвт орох орлого нэмэгдээд явна. Тийм учраас компанийг орлоготой болгоно, үйлдвэрлэлийг жигдрүүлнэ гэдэг маань олон талын ач холбогдолтой. Бүр тодруулбал төслийн нэр хүндийг дэлхийд өргөөд зогсохгүй зах зээлд, нийгэмд сайн дохио болох учиртай.  Энэ бол сайхан ирээдүйн эхлэл.


Гэрээний зарим заалт тодорхойгүй, хоёрдмол агуулга, орчуулгын зөрүүтэй



 Монголын эзэмшлийг 51 хувьд хүргэх шаардлагыг УИХ-ын зарим гишүүн тавьдаг?

Үнэхээр УИХ-ын 57 дугаар тогтоолд анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа 51 хувьд хүргэх тухай заалт байдаг. Ерөөсөө анхны хөрөнгө оруулалтын дүнгээс хамаарах асуудал олон байна. Тийм ч учраас хариуцлагатай, нухацтай, үндэслэлтэй хандах ёстой.

Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх оролдлого Та бүхэн хийх үү. Эсвэл байгаа нөхцөлдөө тааруулаад явах уу?

Сэтгэлийн хөөрлөөр өөрчилнө гэхээс илүү амьдралын, цаг хугацааны шаардлагаар алив асудалд өөрчлөлт ороод явдаг. Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээний хувьд ийм л замаар явж байна. Яагаад гэвэл, хөрөнгө оруулагчдын хооронд байгуулсан гэрээний зарим зүйл заалт тодорхойгүй, хоёрдмол агуулгатай, орчуулгын зөрүүтэй. Үүнээс нь болж ойлголтын зөрүү их гардаг. Ганцхан жишээ хэлэхэд, энэ гэрээ хүчин төгөлдөр болох үндсэн бичиг баримт нь ТЭЗҮ. 2010 гуравдугаар сарын 31-нд ТЭЗҮ-ийн дүгнэлтийг Эрдэс баялгийн зөвлөлөөс хүлээж аваад Сайд шийдвэр гаргасан. Тэр дагуу Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр болсон байдаг юм.
   
Өөрөөр хэлбэл, гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-нд зурснаас хойш зургаан сарын дараа гэрээ хүчин төгөлдөр болсон. Гэрээ хүчин төгөлдөр болохдоо ТЭЗҮ-ийг хүлээж аваад гэрээ хүчин төгөлдөр болсон байдаг. Гэрээ хүчин төгөлдөр болох гол заалт нь энэ ТЭЗҮ-тэй холбоотой заалт байсан. Тэр  ТЭЗҮ-д тусгаснаар ил уурхай, далд уурхайн төсөл маань 14.6 тэрбум ам.долларын нийт өртөгтэй, ийм хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай.

Баяжмал ачиж эхлэх хугацаанаас буюу 2013 оноос компани орлоготой болоод, бэлэн мөнгөний эерэг урсгалаас эргэж хөрөнгө оруулаад явна гэсэн тооцоо байдаг. Тэгтэл одоо төслийн санхүүжилт гэдэг  зүйлтэй холбоотойгоор анхны ТЭЗҮ-гээр тохирсон хөрөнгө оруулалт нэмэгдэхээр байна. Нэмэгдэх нэмэгдэхдээ их хэмжээгээр нэмэгдэх тооцоо, судалгааг "Рио Тинто"-гийн зүгээс ярих болсон. Энэ маань эргээд бидний байгуулсан гэрээтэй холбогддог. Иймэрхүү зайлшгүй амьдралын шаардлагаар өөрчлөх, сайжруулах, тодорхой болгох, магадгүй эргэж харах байдал руу орох юм байна. Би ажил хариуцсан хүний хувьд ингэж л харж байгаа. Түүнээс биш, сэтгэлийн хөөрлөөр гэрээг өөрчлөх бус, гарцаагүй амьдралын шаардлага гарч ирж байна гэж хэлэх гэсэн юм.

Дээр нь хууль, УИХ-ын тогтоол шийдвэр зөрчсөн зүйл ч бий. Хөрөнгө оруулалтын гэрээнд УИХ-ын 57 дугаар тогтоол бүрэн биелсэн гэдгийг Засгийн газар нотоллоо гэсэн өгүүлбэр байдаг. Уг нь Засгийн газар нь УИХ-ын шийдвэрийг биелсэн, биелээгүй гэж дүгнэдэг газар биш. Ингэж л УИХ-ын бүрэн эрхэд халдсан зүйл заалт гэрээнд оруулсан байх жишээтэй. Энэ заалтыг даруй авч хаях ёстой. Үндсэн хуулиар тогтоож өгсөн УИХ-ын бүрэн эрхэнд хэн ч халдах эрхгүй.

Мөн, Оюутолгойн ашиглалтын талбайтай давхацсан тусгай зөвшөөрөлтэй холбоотой гэрээ зөрчсөн асуудал байна. Менежментийн үйлчилгээний төлбөр хэт өндөр байна. Цаашилбал төслийг хэрэгжүүлж удирдлагын багт Монголын хувьцаа эзэмшигчийн оролцоо байхгүй гэх мэт асуудлуудыг нэрлэж болно.
 
Мөн манай улсын хууль, гэрээ зөрчигдөх дөрвөн асуудлыг тавьчихсан байгаа шүү дээ. Тухайбал, Монгол ажилтны цалин дэндүү доогуур байна гэсэн гомдол их гардаг. Яг ижил нөхцөлтэй ажилд ижил цалин олгохоор гэрээгээр зохицуулж, хөрөнгө оруулагч тал үүрэг хүлээсэн хэдий ч тэр нь зөрчигдсөн. Оюутолгой компанийн засаглалтай холбоотой манай хууль, гэрээ зөрчигдсөн  асуудлууд ч байна.

Үнэн чанартаа “Рио Тинто”-гоос томилогдсон хүмүүс төслийн санаачилгыг гартаа авч удирдлагаар хангадаг. Удирдлагын зарим хүмүүсийн сэтгэлгээ, соёлын ялгаатай холбоотой байдаг ч юм уу, Монголын хөрсөнд сайн бууж өгөхгүй байна. Тийм ч учраас би нэг бус удаа шийдвэр гаргадаг түвшний удирдах хүмүүсийн уулзалт, хурал дээр "Рио Тинто”-оос томилогдсон хүмүүс Монголын хөрсөнд бууж, Монголын хууль тогтоомж, ёс заншил, хувьцаа эзэмшигч талд хүндэтгэлтэй хандах ёстой гэж хэлсэн. Бид бэлэн мөнгө гаргаагүй ч баялгаа үнэгүй ашиглуулаад, төслийг санхүүжүүлсэн дүнгийн 34 хувиар өр үүсгээд явж байгаа шүү дээ. Бид өр үүрч байгаа учраас үүрэг хариуцлагыг шаардах бүрэн эрхтэй юм.

Энэ өр яг хэд юм бэ?

Өнөөг хүртэл Монголын талын 34 хувьд ногдох өр, үндсэн зээл хүүтэйгээ нийлээд 720-иод сая ам.доллар хүрчихсэн. Энэ нь манай компани дээр бүртгэгдээд явдаг юм.

Төслийг удирдаж буй хүмүүст удирдлагын зарим алдаа байна гэж би үздэг. Ажлын арга барил, нөхцөл байдлыг илүү мэдэх учраас монголчууд төслийн гүйцэтгэх удирдлагад оролцоод явах нь төслийн үр өгөөжийг сайжруулна. Наад зах нь худалдан авалт хийж байгаа, ажил гүйцэтгэгчийг шалгаруулах дээр алдаа их гардаг. Бидний хэлдгээр бол хулхидуулах, зардал мөнгө хэтрүүлэх, чанар гүйцэтгэл удаашрах гээд чамгүй олон асуудал үүссэн байна. Энэ бүхнийг бид засах ёстой.

Ганц жишээ хэлье. Оюутолгойгоос хил рүү чиглэсэн 100 км хүрэхгүй замын ажил үндсэндээ гурван жил боллоо. Сая баяжмалаа шороон замаар тээвэрлэж эхэллээ шүү дээ. Өнгөрсөн оны наймдугаар сард дуусахаар төлөвлөсөн ажил нийт гүйцэтгэлээр нь үзвэл одоо 50 хувьд хүрэхгүй байх жишээтэй. Энэ мэт алдааг засаж, төслийг удирдаж байгаа нөхдийг Монголын хөрсөнд суурьшуулж, илүү үр дүнтэй ажиллуулах шаардлага бий.


Урьдчилгаа төлбөрийг суутгалаар 2015 он гэхэд дуусгана


Манай талаас Таны нэрлэж буй асуудлуудыг тавьсан. Харин Хөрөнгө оруулагч тал юу хүсч байна вэ?

Хөрөнгө оруулагч тал Засгийн газраас дэмжлэг хэрэгтэй, зөвшөөрөл олгохгүй цаг хугацаа алдаж байна, зардал нэмэгдэж байна гэж байнга ярьдаг. Уг нь бид онцгой анхаарч ирсэн. Ерөнхий сайдын захирамжар Уул уурхайн сайд Д.Ганхуягаар ахлуулсан Ажлын байнгын хороо байгуулж, дэмжлэг үзүүлж байна. Тэр Байнгын хороонд бүхий л хэрэгтэй зөвшөөрөл олгодог яамд, газрын ажил хариуцсан  хүмүүс багтдаг. Д.Ганухяг сайд ч онцгой анхаарч хурлыг хэд хэдэн удаа хуралдуулсан. Холбогдох бүх асуудлыг нь шийдэж өгсөн. Одоо Засгийн газраас хамаарах зүйл үндсэндээ байхгүй гэхэд болно.

250 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн эргэн төлөлтөө Засгийн газар хийхгүй байгаа юм биш үү?

Урьдчилгаа төлбөртэй холбоотой асуудлыг Засгийн газартай гэрээ байгуулж зохицуулсан. Оюутолгойн татвараас суутгагдаж явна. Компани орлоготой боллоо, ямар ч байсан хөрөнгийн эх үүсвэртэй боллоо. Тэгэхээр Оюутолгойн улсын төсөвт төлөх татвараас тооцоод, 2015 он хүртэл энэ урьдчилгаа төлбөрийг суутгалаар дуусгана. Тэр хуваарийг Сангийн яам, Татварын ерөнхий газар, Оюутолгой компани тохирч хуваарь гарах ёстой.

Оюутолгойн ТУЗ-д Монголын талыг төлөөлж гурван хүн суудаг. Нэг нь чөлөөлөгдсөн. Хэзээ нөхөн томилох вэ. Ер нь ТУЗ-ийн гишүүдэд өөрчлөлт орох уу?

ТУЗ-ийн гишүүдийг томилох асуудлыг Хүний хөгжил сангийн тухай хууль, Компанийн тухай хууль, Засгийн газрын тухай хуулиар Засгийн газар шийдэх учиртай. Засгийн газраас "Эрдэнэс МГЛ", эсвэл "Эрдэнэс Оюутолгой" компаниар дамжуулан “Оюутолгой” ХХк-ийн ТУЗ-д хүнээ санал болгоод томилоод явна. Эсвэл Засгийн газар шийдвэр гаргаад, чиглэл өгвөл Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу хялбархан шийдээд явах боломжтой. Одоогоор  манай ТУЗ-ийн гишүүд хэвээрээ байгаа.




Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.119.37)
    Ажлыг таамаглаж хийхээр зөрүү гардаг
    2020 оны 11 сарын 15 | Хариулах
Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • Өчигдөр 14 цаг 27 минутад
    Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 80 жил, газрын тосны инженер бэлтгэж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойг угтан  салбарын яам Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлээд байгаа бөгөөд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Хэдхэн хоногийн өмнө   салбарын яамны зүгээс газрын тосны ашиглалт, олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг шилдэг компаниудыг тодруулан өргөмжилсөн. Тэгвэл энэ сарын 21-нд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас “Газрын тос 2020” эрдэм шинжилгээ, онол практикийн XXVI хурлыг зохион байгуулахаар болжээ.
  • Уржигдар 11 цаг 38 минутад
    Дэлхий дахины амьдралын хэмнэл орвонгоороо өөрчлөгдөж, хүн төрөлхтний хөгжил олон сорилттой тулгарсан  2020 он улирч байна. Ирээдүйд асар их үр дагавар дагуулах олон үйл явдлын эхлэл тавигдсан энэ оныг  халдварт вирусын хамт дэлхий нийт угтсан юм. Коронавирус  дэгдсэнээр  улс орнууд хорио цээрийн дэглэмд  шилжиж, эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл, аялал жуулчлал, ложистик, зар сурталчилгаа, спорт, соёл урлагийн гээд бүхий л салбар асар их алдагдал хүлээж байна.  Сорилт, бэрхшээл Монголыг ч тойроогүй. Цар тахлын бодит аюултай нүүр тулсан улс орнуудын иргэдээ хамгаалсан, эдийн засгаа идэвхжүүлсэн туршлага бүр Монгол Улсыг алдаа гаргахаас сэргийлж, оновчтой бодлого хэрэгжүүлэх зүг чиг болох учиртай.
  • 2021-01-15 19:10
    Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талбайд үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол (2021.01.15) болов.Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүнд цаг үед Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газрууд,  холбогдох төрийн байгууллага, орон нутгийн дэмжлэгтэйгээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс Индиа Лимитэд” компанийн инженерүүд хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр үйлдвэрийн технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон байна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх биечлэн оролцжээ.   
  • 2021-01-14 18:32
    Уул уурхайн ажилчдын ээлж солих зохион байгуулалттай арга хэмжээний хүрээнд ажилчдаас PCR шинжилгээ авах ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 01 дүгээр сарын 16-ны өдөр эхлүүлэх боллоо. Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээ авах цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилж байна. Шинжилгээ өгөх хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэб сайтын “Мэдээ мэдээлэл” цонхны “Шуурхай штаб мэдээлэл”  хэсэгт өнөөдөр, 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулах тул аж ахуйн нэгжүүд орон нутгаас ирж шинжилгээнд хамрагдан ээлжинд гарах ажилчдаа Улаанбаатарт ирүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана уу. Үүний тулд аймгуудын Онцгой комиссын цахим хаягаар тухайн орон нутгаас ирэх ажилчдынхаа мэдээлэл бүхий аж ахуйн нэгжийн албан хүсэлтийг хүргүүлж өөрийн ажилчныг тодорхойлж өгөх шаардлагатай байна.  
  • 2021-01-14 18:17
    ОХУ-ын гадаад валютын нөөцийн бүтцэд анх удаа алтны хувь хэмжээ ам.долларыг давжээ. Тодруулбал, тус улсын Төв банкны тайлангаар, нийт нөөцийн 23%-ийг алт (128.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ) бүрдүүлж еврогийн дараа оржээ. Харин 124.6 тэрбум америк доллар нь нийт нөөцийн 22% болж буурсан байна. 2018 онд нийт нөөцийн 44%-ийг америк доллар бүрдүүлж байжээ. Энэхүү өөрчлөлт нь Оросын эдийн засгийг америк доллараас үл хамаарах, хоёр улсын харилцаа муудаж буй нөхцөлд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөмтгий байдлыг бууруулах гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бодлогын нэг хэсэг хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа юм. 2020 оны арванхоёрдугаар 25-ны байдлаар, тус улсын гадаад валютын нийт нөөц 592.4 тэрбум ам.доллартай тэнцэж байв.