Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

МОНГОЛЫН НҮҮРСНИЙ СУДАЛГААГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

Ашигт малтмалын газрын Уул уурхайн шинжилгээ туршилтын лабораторийн ахлах шинжээч, доктор  Ж.Нарангэрэлтэй ярилцлаа.

CTL буюу нүүрсийг шингэрүүлэн түлш гаргах технологийг ашиглан Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлаас гарах боломжийг Та хэрхэн харж байна вэ?
Нүүрс шингэрүүлэх технологи нь орчин үед хими, шингэн түлшний үйлдвэрлэлийн салбарт шинээр дахин төрж буй дэвшилтэт технологийн нэгд зүй ёсоор тооцогдож байгаа. Энэ технологид хими, физик зэрэг орчин үеийн шинжлэх ухаан, техникийн сүүлийн үеийн ололтууд ихээр ашиглагддаг. Хэдийгээр олон шат дамжлага, үйл явцаас бүрддэг, нарийн тоног төхөөрөмж ашигладаг, ноу-хау ихтэй, шууд хэрэгжүүлэхэд хялбар бус технологи боловч нүүрсний шингэрүүлэлтийг ашиглан Монгол улс газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлаасаа гарах бүрэн боломжтой.

Хүндрэлтэй асуудлууд нь манай орны хувьд үйлдвэр байгуулахад шаардагдах ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, ажиллах дадлага туршлагатай боловсон хүчин байхгүйд байгаа юм. Хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ салбарын инженер, технологич, химич мэргэжлийн ажилтан, боловсон хүчнийг бэлдэх асуудалд одооноос ихээхэн анхаарал хандуулах нь чухал. Нүүрсний шингэрүүлэлтийг манайх шинээр сонирхож эхэлсэн 2000 оноос хойш Засгийн газруудын зүгээс энэ салбарыг хөгжүүлэхэд анхаарал тавих амлалтууд нэлээд гарсан ч бодитойгоор хэрэгжүүлсэн ажил багатай өдий хүрлээ.

Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн асуудал хурцаар тавигдаж байгаа үед энэ асуудал сэргэж, асуудал намжих хэрээр мартагдах нь нийтлэг болсон. Цаг алдалгүй, шуурхай ажиллан, эрх зүйн орчныг нь бүрдүүлж, компаниудад дэмжлэг үзүүлэх нь аль аль талдаа ашиг тустай. Саяхан УИХ-аас газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг НӨАТ-аас чөлөөлөх тухай хууль баталсан нь цаг үеэ олсон шийдвэр боллоо. Монгол улсад байгалийн хийн нөөц тогтоогдоогүй, газрын тос хязгаарлагдмал нөөцтэй, шатахууны хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж буй тул нүүрсний гүнзгий боловсруулалт нь манай улсын хувьд урт хугацаанд, дотоодын түлш-химийн үйлдвэрийн салбарын гол тулгуур, үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх асуудал юм.

Нүүрсийг шингэрүүлэх судалгаа манай улсад ямар хэмжээнд хийгдсэн бэ? Ер нь манай нүүрс энэ технологид тохирох нь тогтоогдсон уу?
Нүүрсийг шингэрүүлэх судалгааны тухай ярихын өмнө энэ судалгаа ямар чиглэлд хуваагддагийг ойлгох хэрэгтэй. Нүүрсийг шингэрүүлэх аргыг шууд, шууд бус, пиролизын гэж гурав хувааж үздэг. Нүүрсийг шууд аргаар шингэрүүлэх судалгааг 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр тухайн үеийн Түлш, эрчим хүчний үйлдвэрлэлийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институт, Уул уурхайн хүрээлэн, Нүүрсний хими технологийн эрдэм шинжилгээний үндэсний төвөөс ОХУ-ын Шатах ашигт малтмалын хүрээлэнтэй хамтран гүйцэтгэж есөн орд газрын нүүрснээс Өвдөгхудаг, Баянтээг, Талбулагийн ордуудын нүүрс шууд шингэрүүлэлтийн аргаар шингэн түлш гаргахад хамгийн тохиромжтой гэсэн дүгнэлт гаргасан. Багануурын нүүрсийг өндөр хурдтай пиролизын аргаар шингэрүүлэх судалгааг мөн тухайн үед буюу 1980-аад оны сүүлээр манай улс ОХУ-ын холбогдох хүрээлэнтэй хамтарч болон бие даан өөрийн туршилтын төхөөрөмж ашиглан ТЭЦ-3 дээр хийж байсан. Миний бие эдгээр сонирхолтой судалгааны ажилд гар бие оролцохын зэрэгцээ нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах зорилготой үндэсний төсөл хөтөлбөр боловсруулахад хамтран ажиллаж байлаа.

Дараахан нь улс орон зах зээлд шилжсэнтэй холбоотойгоор судалгааны байгууллагуудын бүтцэд өөрчлөлт орж, эрдэм шинжилгээний төсөлт ажлуудын санхүүжилт багассан зэргээс хамааран нүүрсийг шингэрүүлэх судалгаа зогсонги байдалд орсон юм. Харин сүүлийн жилүүдэд манай компаниуд нүүрсийг шууд бус аргаар шингэрүүлэх туршилтуудыг дотооддоо гүйцэтгэх боломжгүйн улмаас гадаадын улсуудад хийлгэж байна. Шууд бус шингэрүүлэлтийн технологийн хувьд нүүрсний шинж чанарт тавигддаг шаардлага харьцангуй бага онцлогтой тул манай орны ихэнх ордын хүрэн, чулуун нүүрсийг шууд бус аргаар шингэрүүлэх нь зарчмын хувьд боломжтой.

Манай хувийн компаниуд нүүрс шингэрүүлэх технологийг Монгол улсад нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эдгээр компанийн сонгосон технологиудын найдвар­тай ажиллагааг Та хэрхэн үнэлж байна вэ?
Төсөл хэрэгжүүлэгч компаниуд бүгд нүүрсийг шууд бус аргаар шингэрүүлэх технологи  сонгосон. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд энэ технологи хөгжлийн өндөр түвшинд хүрсэн, нүүрс шингэрүүлэх шинэ үйлдвэрүүдэд голлон сонгогдож байгаа тул манай компаниуд зөв сонголт хийсэн гэж үзэж болно. Нүүрсийг шууд бус шингэрүүлж шингэн түлш үйлдвэрлэх цогцолборын хамгийн гол хэсэг нь нүүрс хийжүүлэх байдаг. Хөрөнгө оруулалт нь ч өндөр. Нүүрс хийжүүлэх технологи нь хэд хэдэн төрөл байдаг ч нүүрсийг хийжүүлж нийлэг хий гарган авах гэсэн ерөнхий зарчмын хувьд бүгд адилхан. Мөн нийлэг хийн цэвэрлэгээ, хүчилтөрөгч үйлдвэрлэх процесс зэрэг олон шат дамжлага нь хоорондоо ижил, төстэй талууд ихтэй. Түүнчлэн эдгээр компанийн хамтрагч гадаадын компаниуд нь салбартаа ихээхэн туршлагатайн зэрэгцээ нүүрс шингэрүүлэх дэвшилтэт технологиудын лиценз эзэмшиж байгаа нь бас нэг давуу тал юм.

Нүүрсний шингэрүүлэлтийг дэлхийн хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос гарах гол арга гэж үзэж болох уу?
Нүүрсний баялаг ихтэй боловч газрын тосны нөөц хомс, аль эсвэл гадаад орноос газрын тосны бүтээгдэхүүний хараат байдалд байдаг ӨАБНУ, БНХАУ, Энэтхэг, АНУ, Австрали, Индонези гэх зэрэг улсууд нүүрсний шингэрүүлэлтийг газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга зам болгон ашиглаж байгаа буюу ойрын ирээдүйд ашиглах хандлагатай байна. Нүүрс нь цахилгаан болон дулааны эрчим хүчний үндсэн түүхий эдийн хувьд дэлхийн хэмжээнд хамгийн их хэмжээгээр ашиглагддаг ашигт малтмал.

Гэхдээ дэлхийн газрын тосны хомсдолыг дан ганц нүүрсний шингэрүүлэлтээр шийднэ гэвэл боломжгүй. Учир нь үүнтэй холбоотойгоор нүүрсний олборлолтын хэмжээ асар ихээр нэмэгдэх, эрчим хүчний түүхий эдээр ашиглагдах хэмжээ нь багасах, нөөц нь хурдацтайгаар хомсдох, олборлолтын зардал нь нэмэгдэх болно. Нэг тонн газрын тосны бүтээгдэхүүн гарган авахын тулд ойролцоогоор таван тонн нүүрс боловсруулдаг. Иймд нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх хэмжээ дэлхийн хэмжээнд ирээдүйд хэт өсөхгүй байх хандлагатай. Газрын тосны нөөц багасахын хэрээр байгалийн хий болон уламжлалт бус газрын тосны эх үүсвэрүүд, хүнд газрын тос, битумт элс, нүүрсний давхаргын хий, занарын хий, метан гидрат зэрэг түүхий эдийн ашиглалт өсөн нэмэгдэнэ.

Нийлэг газрын тос үйлдвэрлэж болох нөөц харьцангуй ихтэй бас нэг түүхий эд нь шатдаг занар боловч одоогийн байдлаар тосны гарц өндөртэй шатдаг занарын орд газар дэлхийд харьцангуй цөөн байдаг. Хэрэв нэг тонн шатдаг занарт 40 литрээс бага хэмжээний тос агуулагдаж байвал үүнийг уламжлалт аргаар олборлон боловсруулж тос үйлдвэрлэх нь эдийн засгийн хувьд үр ашиггүйд тооцогддог. Ирээдүйд моторын шингэн түлшийг устөрөгч, метанаар орлуулахаас гадна тээврийн салбарт цахилгаан хөдөлгүүр ашиглах, нарны эрчим хүчийг хэрэглэх зэрэг өөр бусад дэвшилтэт технологиуд өргөнөөр нэвтрэх нь ойлгомжтой юм. Энэ үед нүүрсийг химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр илүү эрчимтэй ашиглах болно гэж судлаачид үздэг. Газрын тос, байгалийн хийд агуулагддаггүй зарим өндөр үнэтэй, онцгой шинж чанар бүхий органик химийн нэгдлүүдийг одоо ч нүүрснээс үйлдвэрлэж байна.

Манай улсын хувьд газрын тос, занар болон байгалийн хийн нөөц нь харьцангуй бага эсвэл огт судлагдаагүй тул нүүрс нь үйлдвэрлэлийн хэмжээний цорын ганц боломжит нөөц болж байна. Нүүрсийг байгаль орчинд ээлтэй боловсруулах цэвэр технологи нь дэлхий дахинд бүрэн батлагдсан тул манай улсын үйлдвэржилтийн гол суурь нь энэхүү цэвэр технологи дээр суурилах нь чухал болов уу.

Нүүрсний арвин их нөөцтэй манай улсад нүүрсийг шингэрүүлэхээс гадна өөр ямар чиглэлээр ашиглах боломж байдаг вэ?
Нүүрсний геологийн судалгаа манай улсад урт хугацаанд, өргөн уудам нутаг дэвсгэрийг хамран хийгдэж ихээхэн хэмжээний нөөц батлагдсан байдаг. Өнөөдөр манайд нүүрсийг хотын агаарын бохирдолтой холбогдуулан нэг талаас маш бохир түлш мэт үзэн ашиглалтыг нь хязгаарлах, нөгөө талаас нүүрсийг дан хөрөнгө мөнгө үйлдвэрлэгч эх үүсвэр мэт үзэж олборлолт, худалдааг нь хэт өсгөх үйл явц ажиглагдаж байна.

Нүүрс нь дэлхийн хэмжээнд эрчим хүчний үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд байсан бөгөөд ойрын хэдэн арван жилд ч энэ байдал хэвээр хадгалагдах болно.Нүүрсийг шингэрүүлэх нь түүнийг ашиглах, боловсруулах олон төрлийн технологийн зөвхөн нэг нь юм.

Нүүрсийг шингэрүүлснээр зөвхөн шингэн түлш гарган авахаас гадна олон төрлийн химийн бүтээгдэхүүн гарган авах боломжтой. Жишээ нь, Хятад улсад нүүрсийг шингэрүүлэн бидний өдөр тутмын хэрэглээ болсон нийлэг материал полипропиленыг үйлдвэрлэх салбар хурдацтайгаар хөгжиж байна. Нүүрсийг гүнзгий боловсруулах үндсэн гурван технологийн хоёр нь хийжүүлэлт, коксжуулалт юм. Энэ хоёр төрлийн технологийг ашигладаг үйлдвэрүүд дэлхийн олон оронд ажиллаж байна.

Үргэлжлэлийг ММJ сэтгүүлийн ¹ 006 дугаараас уншина уу.

  • EZO (122.201.18.192)
    Tand bayarlalaa ajild tani amjilt xuseye Mash xeregtei medeeleltei yariltslaga bolson baina
    2013 оны 06 сарын 19 | Хариулах