Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Төслүүдээ төрөөс дэмжих цаг иржээ

Багануур дүүрэгm “Багануур Энержи корпорэйшн” ХХК /MCS болон БНСУ-ын ПОСКО группын хамтарсан компани/-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй нүүрс боловсруулан  шингэн түлш гаргах үйлдвэрийн цогцолбор бүхий төслийн талаар “Багануур Энержи Корпорэйшн” ХХК-ийн Дэд захирал Т.Мөнхтөртэй ярилцлаа.

MCS группын “Багануур энержи” төсөл 


MCS групп нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төслийг яагаад хэрэгжүүлэх болсон юм бэ? Технологийн судалгааг хэзээнээс хийсэн бэ?

Бид Монгол улсын арвин их нөөцтэй нүүрсэнд тулгуурлан гүн боловсруулалтын аж үйлдвэрийн ямар төсөл хэрэгжүүлж болох талаар судалгаа хийж эхэлсэн юм. Энэ судалгааны явцад гангийн үйлдвэрлэлээр дэлхийд эхний тавд багтдаг БНСУ-ын ПОСКО компанитай хамтран ажиллах болсноор гурван жилийн нүүр  үзэж байна. Өнгөрсөн хугацаанд бид кокс, хагас кокс хийх, цахилгаан эрчим хүч, нүүрс хийжүүлэх технологиор автобензин, дизель түлш гаргах зэрэг нүүрс гүн боловсруулах технологийн бүхий л чиглэлээр ТЭЗҮ хийж дуусгалаа.

Coal to liquid буюу CTL технологиор нүүрс боловсруулан шингэн түлш гаргах ямар технологийг танай компани сонгосон бэ?

Эдийн засгийн болон стратегийн ач холбогдлын үүднээс Фишер-Тропшийн технологийн аргаар нүүрс хийжүүлэн дизель, хийн түлш гаргаж авах төсөл нь Монгол улсын хувьд хамгийн ач холбогдолтой, эдийн засгийн үр ашигтай гэж үзсэн. 

Төслийн явц ямархуу байна вэ? Ямар ажлууд хийгдээд байгаа вэ?

Багануур дүүрэгт нүүрс шингэрүүлэн түлш үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх зорилгоор ПОСКО компанитай 50:50 хувийн хамтарсан “Багануур Энержи корпорэйшн” компанийг байгуулаад байна. Төслийн урьдчилсан судалгаа, ТЭЗҮ-ийг 2012 онд хийж дууссан. Технологи эзэмшигч компанитай лицензийн гэрээ хийгдэж байгаа. Багануур дүүрэгт үйлдвэр барих газар эзэмших эрх авч, газрын гэрээг хийж баталгаажуулсан. Тиймээс энэ жил төслийн хэрэгжилтийн үе шат руу орж болно гэж бид үзээд зураг төсөл, санхүүжилт, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажлуудыг эхлүүлээд байна.

Гол түүхий эд нь нүүрс учир үйлдвэрийг аль орд газарт түшиглэн барьж байгуулах вэ?

2011-2012 онд Монгол улсын нүүрсний баталгаатай нөөцтэй 11 ордоос дээж авч, дотоод болон гадаадад нүүрс хийжүүлэх технологийн компаниуд дээр тест анализ хийж үзсэн.  Үүний үр дүнд Монголын ямар ч төрлийн хүрэн нүүрс  нүүрс шингэрүүлэх бүх технологид ашиглахад тохирно гэж тодорхойлогдсон. Манай компанийн хэрэгжүүлэх төсөл Багануур дүүргийн нутагт байрлах тул нэн тэргүүнд Багануурын нүүрсийг ашиглахаар төлөвлөж байна. Мөн “Энержи Ресурс” компанийн нүүрс баяжуулах үйлдвэрийн дайвар бүтээгдэхүүнийг ашиглах юм. Энэ нь коксжих шинж чанаргүй, гэхдээ эрчим хүчний хувьд маш сайн нүүрс учир ашиглахаар төсөлдөө тооцоолж байна. Өөрөөр хэлбэл, Багануур, Ухаахудагийн нүүрсийг худалдан авч ашиглана гэсэн үг. Дан Багануурын нүүрс ашиглана гэвэл жилд 4,2 сая орчим тонн, харин Ухаахудагийн нүүрсийг ашиглана гэвэл  чанар нь харьцангуй сайн учир жилд 3 сая орчим тонн нүүрс авч ашиглах тооцоотой байна.

Жилд хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ?

Төслийн үйлдвэрийн гол бүтээгдэхүүн нь дизель түлш, хийн түлш бөгөөд жилд 450 мянган тонн дизель, 100 мянган тонн хийн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Дизелийн хувьд өвөл, зуны гэсэн стандартад нийцсэн түлш үйлдвэрлэнэ.
Хийн түлш үйлдвэрлэхийн гол зорилго нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг үл үндсээр нь өөрчлөн шийдвэрлэж чадах зүйл нь хийн түлш гэж манай компани үзэж байгаа. 100 мянган тонн хийн түлш манай хотын гэр хорооллын 50 хувьд хангалттай хүрэлцэнэ гэж тооцсон. Хийн түлшний хувьд гурван жилийн өмнөөс судалгааны ажил явуулж эхэлсэн.

Гэр хорооллын тодорхой тооны айл өрхүүд сүүлийн гурван өвөл энэхүү хийн түлшийг түлж өвөлжлөө. Үр дүн маш нааштай гарсан. Хийн түлшийг ашиглан манай орны урт удаан хүйтэн өвлийг тав тухтай давж болно гэсэн дүгнэлтэд хүрсэн. Одоогоор хийн түлшийг гаднаас импортолж авч байгаа болохоор өртөг өндөртэй байгаа. Харин Монголын нүүрснээс гаргаад ирэх юм бол хийн түлшний үнэ өртөг түүхий нүүрстэй дүйцэхүйц өртөгтэй болно гэж тооцоолж байна.

Дизель түлшнээс гадна ямар дайвар бүтээгдэхүүн үйлвэрлэх вэ?

Фишер-Тропшийн технологийн дайвар бүтээгдэхүүн болох авто бензин гарна.Энэ нь жилд 90 мянган тонн байх юм. 

Бүтээгдэхүүний зах зээлийн нийлүүлэлт, судалгаа тооцооноос танилцуулахгүй юу?

Өнгөрсөн жил Монгол улс жилд 800 мянга орчим тонн дизель түлш хэрэглэсэн. Манай компанийн хийсэн судалгаагаар 2020 он гэхэд жилд 2-3 сая орчим тонн дизель түлшний хэрэглээ байхаар тооцож байна. Ялангуяа уул уурхай, дэд бүтцийн салбарууд маш эрчимтэй хөгжиж байна. Тэгэхээр төслийн үйлдвэрийн 450 мянган тонн түлшийг борлуулах боломжтой гэж тодорхойлж байгаа юм. Авто бензиний хувьд Монгол улс өнгөрсөн жил 400 мянга орчим тонн хэрэглэсэн. Тиймээс үйлдвэрлэх 90 мянган тонн бензинийг борлуулах хангалттай зах зээл байгаа гэж үзэж байна.

Гадаад зах зээлд нийлүүлэх талаар тооцоолж үзсэн үү?

Энэ талаар судалгаа хийсэн. Монгол улс түлш шатахууны хувьд нэг улсаас хараат байдалтай. Энэ нь улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой асуудал. Нэн тэргүүнд энэ асуудлаа шийдвэрлээд дараа нь бүтээгдэхүүнээ гадаад руу экспортлох боломжийг судалж үзэж болох юм гэсэн дүгнэлтэд хүрсэн. Эдийн засгийн хувьд ч гэсэн манай улсад тээвэрлэлтийн зардал маш өндөр. Тийм учир гадаад зах зээлд хүргэхэд тээвэрлэлтийн зардал өндөр байна гэсэн тооцоо  гарсан. 

Нүүрснээс шингэн түлш гаргах технологи маш их хэмжээний усны зарцуулалт шаарддаг. Танай компани энэ төсөлд усны ашиглалтыг хэрхэн тооцоолж байгаа вэ?


Хамгийн түрүүнд үйлдвэрээ хаана байршуулах талаар судалгаа хийгээд, Багануур дүүрэгт усны нөөц арвинтай гэж үзсэн учир үйлдвэр барих газраа сонгосон. Үйлдвэрийн усны хэрэгцээг үндсэн хоёр эх үүсвэрээс хангахаар тооцож байна.
Нэгдүгээрт, нүүрсний уурхайн олборлолтын үед шүүрэлтийн ус заавал гардаг. Багануурын уурхай шүүрэлтийн усаа одоогоор Хэрлэн гол руу урсгаж байгаа. Үүнийг ашиглах юм.

Хоёрт, Багануур дүүргийн цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарч ирсэн хаягдал усыг ашиглана.
Байгалийн цэвэр усыг биш хаягдал усыг үйлдвэрт ашиглах юм.
 
Үйлдвэр нийт хэчнээн ажлын байр бий болгох вэ?

Үйлдвэр ашиглалтад орсноор үндсэн инженер, техникийн ажилтан 300 гаруй, туслах ажилтан 300 хүн гээд нийт 600 ажилтантай байна. Барилга угсралт, бүтээн байгуулалтын үед 2-3 мянган хүн ажиллах тооцоотой. Үйлдвэр ажиллаж эхэлснээр үйлдвэрийг дагасан жижиг дунд бизнес, аж ахуй үүснэ. Ийм тохиолдолд хоёр мянган гаруй ажлын байр шинээр бий болох болов уу.

Нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудлыг төсөлд хэрхэн тусгасан бэ?

ПОСКО компанитай хамтран ажиллаж байгаа давуу тал бидэнд бий. Тус компани БНСУ-д нүүрс хийжүүлэх үйлдвэр барьж байгаа бөгөөд 2014 онд ашиглалтад оруулах юм. Тиймээс манай үйлдвэр баригдах хугацаанд   ажиллах мэргэжилтнүүдээ тэрхүү үйлдвэр дээр 3-4 жил ажиллуулж, туршлагажуулах боломжтой.

Бүтээгдэхүүний зах зээлийн үнэ ямар байх бол?

2017 онд багтаан үйлдвэрээ ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн чухал нь бид үйлдвэрээс гарах шатахууны үнийг тогтвортой барихад анхаарна. Үйлдвэрийн үндсэн түүхий эд нь агаар, ус болон нүүрс. Монгол улсын гадаад руу экспортлох боломжгүй нүүрсийг ашиглах учир үйлдвэрлэх шатахууны үнийг тогтвортой барих бололцоо маш өндөр гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн үнэ тогтвортой байна гэдэг эцсийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой барьж чадна гэсэн үг. Түлш шатахууны үнэ тогтвортой байснаар бизнесийн орчин, цаашлаад Монголын эдийн засаг дахь инфляцийг тогтвортой байлгах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах давуу талууд гарч ирнэ гэж бодож байна.

Ер нь энэ цогцолборыг барьж байгуулахад хэдий хэмжээний хөрөнгө шаардагдаж байгаа вэ?

Төсөлд нийт хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Санхүүжилтийн бүтцийн хувьд компанийн зүгээс 30 хувь, үлдсэн 70 хувийг зээлийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн тооцоолсон хүчин чадлаар ажиллахад хөрөнгө оруулалтаа 12 жилийн хугацаанд  нөхөхөөр тооцсон.

“Монголын Алт” компанийн “Адуунчулуу” төсөл

Дорнод аймгийн Адуунчулууны хүрэн нүүрсний орд газарт түшиглэн “Монголын Алт” компанийн хэрэгжүүлэхээр төлөвлөж буй нүүрс боловсруулан шингэн түлш гаргах үйлдвэр бүхий цогцолборын төслийн талаар Технологийн судалгааны төвийн захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.

Нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэрийг Монгол улсад барьж байгуулах боломжтой гэж үзсэн  учир шалтгаан нь чухам юу байсан бэ?

Монгол улс хүрэн нүүрсний асар их нөөцтэй. Гэтэл хүрэн нүүрсийг дотооддоо ашиглах хэрэглээ, олборлоод гадагш зарах зах зээл байхгүй байна. Нэг бол цахилгаан станц байгуулах, аль эсвэл ямар нэгэн аргаар боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн хоёр л хувилбар байгаа. Тиймээс энэ их хэмжээний хүрэн нүүрсийг ашиглан Монголд нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх, шингэн түлшнээс гадна газрын тосноос гаргаж авдаг химийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх бодит нөхцөл, эдийн засаг, технологи, түүхий эдийн нөөц бүрдээд байна.

Монголын хүрэн нүүрсний нэг онцлог нь олборлолтын өртөг хямд. Ашиглалт байхгүй, хямдхан бөгөөд асар их нөөцдөө тулгуурлан нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх бүрэн боломж бий. Хятадад манайхаас өндөр үнэтэй нүүрснээс шингэн түлш үйлдвэрлээд ашигтай ажиллаж чадаж байна. Энэ том төслийг Монголд хэрэгжүүлэхийн тулд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт гээд олон талаасаа хамтарч байгуулж таарна. Харин тэр хэмжээний хөрөнгө оруулалт хийхэд Монголд улс төрийн тогтвортой байдал, хууль эрх зүйн орчин бэлэн эсэх нь нэгдүгээр асуудал болоод байна. Монгол улсад нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх чухал гэдэг нь тодорхой. Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах, мөнгө олох салбар нь уул уурхай болоод боловсруулах үйлдвэрүүд шүү дээ.

Энэ чиглэлийн үйлдвэрийн цогцолбор барьж байгуулах ажилд гадаадын хөрөнгө оруулалтыг татан оролцуулахад ямар саад бэрхшээл учирч байна вэ?

Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх нь өндөр технологитой, их хэмжээний хөрөнгө оруулалттай, чадамжтай боловсон хүчин шаардсан онцгой салбар. Тиймээс хөрөнгө оруулахын тулд тэр төслөөс хүлээх хөрөнгө оруулагчдын ашиг нь өндөр буюу бусад салбартай өрсөлдөх чадвартай байх ёстой.  Үүнийг бүрдүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд юуны түрүүнд Монгол улсад энэ салбар нь төрийн бодлоготойгоо уялдаж, төр нь дэмжиж байгаа гэсэн итгэл үнэмшил хэрэгтэй байна. Нүүрс-химийн салбарыг хөгжүүлэх нь өнөө маргаашийн бус Монгол улсын эдийн засгийн хөгжлийн урт хугацааны асуудал учир Монголын төр алсаа харсан бодлого гаргаж ажиллах шаардлагатай юм. Энэ том бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн тулд төр засаг татвар, эрх зүйн орчинг таатай болгох замаар дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулалт татах шаардлагатай гэж үзэж байгаа юм. Ингэж гэмээнэ дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид энэ төсөлд орж ирэхэд бэлэн байна.

“Монголын Алт” компанид үйлдвэрийн цогцолбор барих байршил болоод дэд бүтцийн ямар боломж, нөхцөлүүд бүрдээд байна вэ?

Монгол улсын бүсчилсэн хөтөлбөрийн бодлого гэж байдаг. Энэ бодлогын дагуу Чойбалсан  хот зүүн бүсийн тулгуур хот болох учиртай. Зүүн бүсийн эдийн засгийн хөдлөх хүчний нэг нь “Монголын Алт” компанийн төсөл болно гэж итгэж байна. Энэ үйлдвэрийг тойрон олон мянган ажлын байр, цахилгаан станц, барилгын материал, магадгүй ирээдүйд химийн бүтээгдэхүүний дагалдах үйлдвэрүүд ч бий болно.

Чойбалсан хот бол Монгол улсдаа томоохон суурин газар. Хуучин цагт хивс, ноос угаах, силикат тоосгоны үйлдвэрүүд байсан учир аж үйлдвэрийн бааз суурь нь харьцангуй сайн. Политехникийн сургууль, коллеж гээд боловсон хүчин бэлтгэх тал дээр ч давуу талтай. Мөн дэд бүтцийн хувьд Оросын Транссибирийн төмөр замтай холбогддог. Зүүн урагш Хятадын хилтэй 100-гаад км ойрхон, цаад талдаа төмөр замтай ойрхон гэх зэргээр харьцангуй таатай дэд бүтэцтэй. Энэ нь нэг талаасаа томоохон төсөл хэрэгжүүлэхэд тоног төхөөрөмж, материал татахад тохиромжтой. Нөгөө талаас нэгэнт бий болгосон нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх бааз сууриа ашиглан ирээдүйд бензинээс гадна химийн өндөр үнэтэй түүхий эд болох метанол, хуванцар материалуудыг үйлдвэрлэж, Зүүн хойд Азийн бүс нутгуудад нийлүүлэх боломжтой. Дотоод, гадаад аль ч зах зээлд гаргахад тохиромжтой байршилтай.

Төслийн хүрээнд жилд 400 мянган тонн бензин үйлдвэрлэхээс гадна 300 мВт хүчин чадалтай цахилгаан станц барих юм. Цахилгаан станцын хувьд ойролцоогоор хүчин чадлынхаа тал хувийг нүүрсний уурхай, химийн үйлдвэрийг хангахад зориулж, үлдсэн хэсгийг сүлжээнд нийлүүлэн, орон нутгийн иргэд, уул уурхайн үйлдвэрүүд болон бусад хэрэглэгчдэд нийлүүлэхээр төлөвлөж байна. Төвийн эрчим хүчний системийг зүүн бүсийн эрчим хүчтэй холбох, Дорнодын төмөр замыг төвийн төмөр замтай холбох зэрэг Монгол улсын дэд бүтцийн хөгжлийн бодлоготой манай төсөл уялдаж байна гэж хэлж болно.

Төслийн хэрэгжилт одоо ямар шатандаа явж байна вэ? 

2012 онд тойм зураг төсөл, урьдчилсан ТЭЗҮ-ийг энэ салбартаа өргөн туршлагатай АНУ-ын компаниар хийж гүйцэтгүүлсэн. Энэ ажлын хүрээнд технологийн сонголтууд хийгдсэн. Технологийн схемийг боловсруулан, хэр хэмжээний түүхий эдээс хэдий хэмжээний бүтээгдэхүүн гаргаж авах шийдлүүдээ боловсруулаад байгаа. Мөн хөрөнгө оруулалтын үнэлгээг ч гаргасан.

Төслийн бэлтгэл ажлын хүрээнд нүүрс хийжүүлэх туршилтууд, үйлдвэрийн талбайн хөрсний геотехникийн болон  үйлдвэрийн усан хангамжийн судалгаа, усны шинжилгээ, нийт талбайн топографын зураг, шохойн чулуу, нүүрс, элс хайрганы нарийвчилсан судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэснээс гадна Адуунчулууны нүүрсний ордын нарийвчилсан хайгуулыг дуусгаж, нөөцийг Австралийн JORC стандартын дагуу тогтоож, 2012 онд уурхайг нээн багахан хэмжээний олборлолт эхлүүлээд байна. Одоогийн байдлаар олон улсын томоохон хөрөнгө оруулалтын компаниудтай төслийг хамтран хэрэгжүүлэх талаар хэлэлцээр явуулж байна.  Удахгүй үйлдвэрийн үндсэн зураг төслийг эхлүүлнэ. Цахилгаан станцыг 2016 онд, шатахууны үйлдвэрийг 2018 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа.        

Аль улсын ямар   технологийг сонгосон бэ?

Манай төслийн хувьд нүүрсийг шууд бус аргаар шингэрүүлэх технологи сонгосон. Технологийн блок бүрт харьцуулсан судалгаа хийсэн. АНУ, Герман, Япон улсын технологиуд сонгогдоод байгаа. ХБНГУ-ын “Siemens Fuel Gasification Technology GmbH & Co.KG” компанитай хамтран ажиллах болсон. Тус компани нь төсөлд технологийн лиценз, инженеринг, үндсэн тоног төхөөрөмж нийлүүлэх болон төслийн санхүүжилт дээр мөн хамтарна. 

Нүүрснээс гаргаж авах нийлэг шатахууны хувьд газрын тосноос гаргаж авсан шатахуунаас хамаагүй өндөр чанартай байдаг. Газрын тос бол байгалийн элдэв бодисын хольц бөгөөд түүнийг цэвэршүүлэн ялгаж бензин үйлдвэрлэдэг. Тэр нь тодорхой хэмжээний хортой хольц, нэгдлүүдийг агуулсаар байдаг. Харин нүүрсийг хий болгон, хийгээ цэвэршүүлсний дараа нийлэг түлш үйлдвэрлэж байгаа учир шатах материалаас өөр байгалийн ямарваа хольц байхгүй. Машины тос маслыг солиход нефтийн гаралтай моторын тосноос синтетик тос нь илүү үр ашигтай, чанартай байдагтай л адил юм.

Үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүнээс гадна ямар дайвар бүтээгдэхүүн гарах вэ?

Эцсийн бүтээгдэхүүн нь А-92 маркийн бензин, жилд 400 мянган тонн үйлдвэрлэнэ. Дайвар бүтээгдэхүүн нь LPG буюу шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэнэ. Энэ нь ахуйд болон нийтийн халаалт, бага оврын цахилгаан үүсгүүрүүдэд ашиглах боломжтой бидний хэрэглэж дадсан баллонтой хий юм. Агаарын бохирдлыг бууруулахад ч эерэгээр нөлөөлнө.

Үйлдвэрийг барьж байгуулах болоод үйл ажиллагаанд их хэмжээний ус зарцуулдаг. Танай төсөлд усны ашиглалтыг хэрхэн тооцоолсон бэ?

Төсөл хэрэгжих Дорнод аймгийн Адуунчулууны хүрэн нүүрсний орд газар нь уурхайн шүүрлийн ус ихтэйгээрээ онцлог. Өнөөдөр Монголын нүүрсний уурхайнууд шүүрлийн усаа зүгээр л гаргаад цөөрөм үүсгээд хаячихдаг. Энэ хаягдал усыг цуглуулж, үйлдвэрийн хэрэгцээний зарим хэсгийг хангана. Бид зураг төсөлдөө үйлдвэрээс нойтон хаягдал гаргахгүй байх, технологийн усыг цэвэршүүлж эргүүлэн бүрэн ашиглах хувилбарыг сонгосон. Мөн Хэрлэн голын ойролцоо үерийн болон цасны шар усыг хуримтлуулах цөөрөм байгуулж ашиглахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн цахилгаан станцад агаарын хуурай хөргүүрийн технологи ашиглах тул усны хэрэглээ нь Монголын аль ч цахилгаан станцаас бага байх болно.

Coal to liquid буюу CTL технологийг батлагдаагүй, үр ашиггүй гэсэн ойлголт байдаг?

Техник технологийн хувьд дэлхийн хоёрдугаар дайны үед германчууд нүүрснээс шингэн түлш гарган авч цэргийн түлшинд хэрэглэж байсан түүхтэй. Үүний дараа 1955 онд Өмнөд Африкийн “Сасол” компани нүүрснээс шингэн түлш гаргах үйлдвэр байгуулж, 1976 онд өргөтгөн шинэчилсэн байдаг. Тэгэхээр багаар бодоход 60-аад жил тасралтгүй ажиллаж байгаа үйлдвэрлэлийг технологийн хувьд батлагдсан эсэх талаар ярих нь утгагүй.

Хятадад нүүрснээс шингэн түлш ба химийн бүтээгдэхүүн гарган авах хэдэн арван үйлдвэр ашиглалтад ороод, маш сайн ажиллаж байна. Нүүрсийг шууд ба шууд бусаар шингэрүүлэх бүх чиглэлийн технологиуд үйлдвэрлэлд нэвтэрчихсэн. Хятадууд бол мөнгө тоолж чаддаг ард түмэн. Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх үйлдвэрлэл нь Хятадын хувьд хэдэн жилийн өмнө нефтийн хамаарлаа бууруулах стратегийн шийдэл байсан  бол одоо цэвэр бизнес болон хөгжиж байна.

Өнгөрсөн жил дэлхийн санхүүгийн тогтворгүй байдлын улмаас Хятадад болоод олон улсын зах зээл дэх түүхий эд, тэр дундаа нүүрсний эрэлт хэрэгцээ буурсан. Үүнтэй холбоотойгоор Монголоос гаргаж байгаа нүүрсний хэмжээ ч буурч, зарим компаниуд бүр зогсолтын байдалд орчихсон байгаа. Гэтэл нүүрс химийн үйлдвэрт хөрөнгө оруулсан Хятадын нүүрсний компаниуд хямралд өртөөгүй. Нефть хими, түлшний бүтээгдэхүүн нь хэр баргийн эдийн засгийн хямралд өртөж, үнэ нь унаад байдаггүй. Харин ч үнэ нь өсч байдаг. Тийм болохоор энэ салбарт хөрөнгө оруулсан нь зөв шийдэл байжээ гэсэн дүгнэлтийг Хятадын нүүрсний компаниуд хийж байна.

Монгол улсад нүүрс боловсруулан шингэн түлш гаргах үйлдвэрийн дөрвөн том төсөл бий. Эдгээр төслийн хэрэгжих боломж, эрэлт хэрэгцээ нь хэр байна гэж Та үзэж байна вэ?

Одоо яригдаж байгаа төслүүд ихэвчлэн төвийн бүсэд байгаа бол манай төсөл зүүн бүсэд байрлаж байгаа. Энэ утгаараа нэгдүгээрт, бид зүүн бүсийг түлш шатахуун, эрчим хүчээр найдвартай хангахыг зорьж байна. Хоёрдугаарт, манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ цаашид улам өснө. Иймд нэг биш нэлээд хэдэн нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төсөл хэрэгжих орон зай Монголд байна.

Алсдаа бид зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангахаар хязгаарлагдах биш Зүүн хойд Азийн асар их багтаамжтай зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжийг бодолцох ёстой. Энэ бүс нутгийн Хятад, Япон, Солонгос улсууд дэлхийн газрын тосны тавны нэгийг хэрэглэдэг. Бид газар зүйн байрлалын хувьд ойр, манай төслийн хувьд дэд бүтэц сайтай учраас ирээдүйдээ экспортын чиглэлээр шатахуун болон химийн бүтээгдэхүүн, нийлэг материал үйлдвэрлэж экспортлох өргөн боломж бий.

Иймд аль төсөл нь илүү хэрэгжих боломжтой, эрэлт хэрэгцээ нь юу билээ гэж ярихын оронд төрөөс энэ салбарыг бүхэлд нь бодлогоор дэмжээд өгвөл тэртэй тэргүй зах зээлийн хуулиараа эрэлт хэрэгцээгээ дагаад хөгжинө. Тэгээд ч ийм том хэмжээний төслийг хэрэгжүүлэх туршлагатай, санхүүгийн болон боловсон хүчний чадамжтай компаниуд цөөхөн учраас төслүүд аяндаа шалгарч үлдэнэ гэж бодож байна.