Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Монгол улс ногоон хөгжил рүү зорьж байна

Энэ жил анх удаагаа Дэлхийн байгаль орчны өдрийг Монголд тэмдэглэлээ. Монгол улсын хувьд хүрэн эдийн засагтай улс орон гэдгээрээ дэлхий нийтэд танигдсан ч, энэ удаад илүү өөр өнгө төрхтэйгээр танигдах эхлэл тавигдлаа. НҮБ энэ чухал өдрийг манай улс оронд тэмдэглэхээр сонгосон нь Монгол улсын хувьд шинэлэг явдал байсан гэж хэлж болно. Олон улсын хэвлэлүүдээр ч Монгол улс эрдсийн улс орон гэсэн дүр төрхөө өөрчилж, сэргээгдэх эрчим хүчний салбарт Азидаа тэргүүлэх улс орон болохоор зорьж  байна гэсэн агуулгатай нийтлэлүүд гарч байна. Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан НҮБ-ын “Байгаль орчны хөтөлбөр” (UNEP) Монгол улс нь ногоон хөгжлийн үйл ажиллагааны түншлэлд оролцдог тэргүүлэх улс орнуудын нэг байх болно хэмээн зарлажээ. Манай улс орны хувьд салхин парк болон нарны станц барьж байгуулах байгалийн өргөн боломжтойг мэргэжилтнүүд тэмдэглэдэг. Монголд тун удахгүй 50 МВт-ын салхин станц ашиглалтад орох гэж байна. Түүнчлэн ойрын арван жилд сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн томоохон төсөл хэрэгжих төлөвтэй байна. Монголын тухайд сэргээгдэх эрчим хүчний 2.6 сая МВт-ын нөөцтэйг АНУ-ын сэргээдэх эрчим хүчний үндэсний лаборатор болон Монголын сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн хамтын судалгаагаар тогтоожээ.

Төрөөс баталсан хөтөлбөрийн дагуу бол 2020 он гэхэд Монгол улс нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 20-25 хувийг сэргээгдэх эрчим хүчний салбарт түшиглэх бодлоготой байна.

Энэ удаад Монголд Дэлхийн байгаль орчны хөтөлбөрийг тэмдэглэсэн нь зүгээр нэг тохиолдлын хэрэг биш ажээ. Учир нь Монгол улс байгаль орчноо хамгаалахаар сэргээгдэх эрчим хүч, эко аялал жуулчлал, хариуцлагатай уул уурхайг идэвхийлэн хөгжүүлэх бодлого хэрэгжүүлэн ажиллаж буйг үндэслэн ийм шийдвэрийг НҮБ гаргажээ.

 

Б.Төгс