Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Монголын уул уурхайн салбарт асар их боломж бийг олж харсан

ХБНГУ-ын Уул уурхайн хүнд машин, механизм үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн  Клаус Штёкманнтай ярилцлаа.

Ноён  Клаус Штёкманн, та манай уншигчдад  өөрийгөө танилцуулна уу?

Би хуульч мэргэжилтэй. 1991 оноос Хүнд машин, механизм үйлдвэрлэлийн нийгэмлэгт ажиллаж байна. Нийгэмлэгийнхээ олон салбарт, тэр дундаа Гадаад худалдааны хэлтэст  хууль эрх зүйн чиглэлээр ажиллаж байсан. 2006 оноос нийгэмлэгийнхээ Уул уурхайн хүнд машин, механизм  үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүний  албыг хашиж байна.   

Уул уурхай миний хувьд маш сонирхолтой салбар. Яагаад гэвэл энэ  дэлхийн хаана ч анхаарал татдаг сэдэв юм. Өрсөлдөгч ч бай, өрсөлдөгч биш ч бай уул уурхайн салбарынхан бүгдээрээ нэгэн гэр бүл гэж би боддог. Бид бүгдээрээ өөр хоорондоо ижил төрлийн техник, технологиуд үйлдвэрлэж, ижил төрлийн бизнес эрхэлдэг. Монголд, Австралид, Лас Вегаст, ер хаана ч очсон өнөө л бизнесийн танилуудтайгаа  уулзалдаж, ажил хэргээ ярилцдаг. Энэ  утгаараа бид нэгэн гэр бүлийнхэн юм.
        
Монголд ирээд төлөвлөсөн ажлуудаа амжуулав уу? Бизнес уул­залтууд тань хэр үр дүнтэй болов?

Монголд долоо хоногийн хугацаатай ирсэн. Энэ хугацаанд маш сонирхолтой уулзалтууд хийлээ. Асар их боломж биднийг хүлээж байгааг олж харлаа. “Future Mongolia” үзэсгэлэн худалдаа ирээдүйтэйгээс гадна энэ чиглэлд хийх ажил их байгааг ойлгож, өөртөө олон даалгавар хүлээж авлаа. Монголын уул уурхайн салбарт ямар их боломж, санаа оноо, эрэлт хэрэгцээ байна вэ? Энэ бол хийх ажил маш их байгааг харуулж буй хэрэг. Тиймээс ч би Улаанбаатарт ирэх дуртай.  

Монгол улс, тэр дундаа уул уурхайн салбар  хэр хөгжиж  байна вэ? Таны хувьд анзаарч харсан содон зүйл юу байсан бэ?

Монголд уул уурхайн салбар асар хурдтай хөгжиж байна. 2006-2007 оны үед энэ салбарт бүх зүйл дөнгөж эхэлж байсан. Гэтэл өнөөдөр танигдахын аргагүй өөрчлөгджээ. 2008 онд Оюутолгойн эхний хөрөнгө оруулалт орж ирж байхад ердөө хоёр гуравхан гэр кэмп л байлаа. Одоо энэ бүхэн ямар түвшинд хүрснийг та бүхэн мэднэ.

Би жил болгон Улаанбаатарт ирдэг мөртлөө танихаа байж эхэлж байна. Тав, зургаахан жилийн өмнө ирэхэд “Баянгол” зочид буудлын цонхоор орчин тойрныг чөлөөтэй харж болдог байсан бол  өнөөдөр   олон өндөр шинэ барилга дэргэд  нь сүндэрлэх болжээ.

Монгол улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Германы хүнд машин, механизмын үйлдвэрлэлийн нийгэмлэг /VDMA/ “VF Messen GmbH” компанитай хамтарч “Future Mongolia-2012” олон улсын анхдугаар үзэсгэлэн, хурлыг зохион байгуулснаар нь бид мэдэх болсон. Нийгэмлэгийнхаа талаар Та товч танилцуулна уу?


Манай нийгэмлэг 1892 онд байгуулагдсан. 121 жилийн түүхтэй. Нийгэмлэгийн гол гишүүд уул уурхайн машин, механизмын үйлдвэрлэгчид байдаг. Анх үүсгэн байгуулах үед уул уурхайн чиглэлийн үйлдвэрлэгч компаниуд нэлээд хөгжчихсөн байсан ч тэдэнд бүтээгдэхүүнээ ханган нийлүүлэгч нь жижиг компаниуд байв. Жижиг компаниуд томчуудынхаа хэрэгцээг хангаж чадахгүй байлаа. Тиймээс үйлдвэрлэгчид нийлж нэгдээд томоохон нийгэмлэг байгуулъя гэж шийдсэн байдаг. Энэ нь 130 гаруй жилийн өмнөх үйл явдал юм.

Нийгэмлэг хэчнээн гишүүнтэй вэ? Дэлхийд нэр хүндтэй том компаниуд нэгдсэн нь нийгэмлэгийг улам хүчирхэг болгосон биз ээ?

Энэ жилийн байдлаар нийгэмлэг маань 3000 гаруй гишүүнтэй байна. Ерөнхийдөө Германы компаниуд нэлээд  бий. Франц, Австри, Швейцари, Бельги гэхчлэн Германтай ойролцоо оршдог Европын холбооны улсууд ч олон байдаг.  Мэдээж манай нийгэмлэгт  “ThyssenKrupp”, “Siemens”,  “Caterpillar”,  “Liebherr” зэрэг дэлхийд нэр хүндтэй гишүүд олон бий.  

Одоогоор нийгэмлэг ямар үйл ажиллагаанд голлон анхаарч байна вэ?
 
Манай нийгэмлэг чиглэл чиглэлээрээ үйл ажиллагаа явуулдаг 39 холбоог нэгтгэсэн.  Янз бүрийн чиглэлийн компа­ниудыг нэгтгэж, хамтарч ажиллуулах нь бидний зорилго юм. Бид байгальд ээлтэй техник, технологи үйлдвэрлэхэд түлхүү анхаарч ажилладаг. Шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргалаа гэхэд түүнийг яаж ашиглах, ашиглах боломжгүй болсон үед нь яаж хаягдал болголгүйгээр эргүүлж боловсруулах вэ зэрэг асуудалд өндөр шаардлага тавьж ажилладаг. Хүний оролцоотой үйлдвэрлэл гэхээсээ илүүтэй аль болох програмчлагдсан, хэрэглэхэд хялбар тийм л бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрмэлзэлтэй байна.

Түүнээс гадна зохиогчийн эрх чухлаар тавигддаг. Үйлдвэрлэгчийн эрх, тэр дундаа зохиогчийн эрхийг хамгаалах чиглэлээр бид маш их ажиллаж байгаа.

Монголын уул уурхайн салбарт ямар чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой  байна вэ?

Түрүүн дурдсан 39 холбоод дотроос Уул уурхайн хүнд машин, механизмын холбооны гишүүд  2006 онд Монголд анх удаагаа ирж, салбарын нөхцөл байдалтай танилцсан юм. Монголд ямар ашигт малтмал, түүхий эд байдаг, түүнийгээ ямар техник технологиор хэрхэн олборлох гэж байна,  хэнтэй хамтарч ажиллах сонирхолтой байна гээд олон зүйл дээр бид судалгаа хийсэн. Дараа нь 2007, 2008 онд удаа дараа ирж, тэр бүхэндээ тодорхой яамдын удирдлагуудтай уулзалт хийж байлаа. Мөн Монголын бизнесийн зөвлөл, Уул уурхайн үндэсний ассоциацийнхантай ч уулзсан.

Тухайн үед Монголын уул уурхайн компаниудад  барууны техник, технологи ихээхэн хэрэгцээтэй байгааг анзаарсан юм. Монголчууд  ч гадны хөрөнгө оруулалтыг сонирхож байсан. Гэхдээ тэд уул уурхайн техник, тоног төхөөрөмжүүдийг зээлээр юм уу, төлбөрөө дараа нь төлөх байдлаар авах хүсэлтэй байлаа. Харин бидний хувьд дэлхийн чанартай машин, механизмыг Монголд танилцуулаад л шууд зарж худалдах зорилготой байсан. Манай холбооны гишүүд банкны эзэд биш учраас бүтээгдэхүүнээ бэлнээр өгөх боломж байгаагүй.

Бид 2009 онд “Дисковер Монгол” үзэсгэлэнд анх удаа оролцсон юм. 2010 онд уг үзэсгэлэнд өөрийн павилионтой оролцож, танилцуулга хийсэн. Монголд олон улсын үзэсгэлэнг мэргэжлийн түвшинд явуулах санаа тэр үед төрсөн  юм.

2012 онд “Future Mongolia-2012” үзэсгэлэн хурлыг “VF Messen МGL” компанитай хамтарч зохион байгуулсан. Дашрамд хэлэхэд, “Future Mongolia” нь дан ганц уул уурхайн компаниудын үзэсгэлэн бус, олон салбар хамардгийг та бүхэн мэдэж байгаа. Уул уурхайгаас эхлээд анагаах ухаан, дэвшилтэт шинэ технологи, боловсрол, санхүү гээд олон үйл ажиллагааг хамардаг нь энэ үзэсгэлэнгийн онцлог юм.

Хэдэн жилийн өмнө “Монгол-Германы уул уурхай эрхлэгчдийн холбоо”  байгуулагдсан. Энэ холбоо хэр идэвхтэй ажиллаж байгаа вэ?

2008 онд бид тухайн үеийн уул уурхайн салбарын яам болон Германы холбоодтой хамтран “Монгол-Германы уул уурхай эрхлэгчдийн холбоо”-г байгуулах санаа төрж, энэ чиглэлээр Монголд уулзалт хийж байсан юм. Холбооны гол зорилго нь хоёр талаас хэрэгжүүлэх төслүүдийн хүрээнд учирч болох саад, бэрхшээлүүдийг хамтдаа даван туулах байв. Ингээд холбоон дээрээ Ажлын хэсэг байгуулсан нь өнөөг хүртэл идэвхтэй ажиллаж байна.

Удахгүй болох “Future Mongolia-2013” үзэсгэлэн, хурлын үеэр бид дахин уулзаж ярилцана. Монголд Германы уул уурхай, барилгын салбарын  техник, тоног төхөөрөмжүүд ихээр орж ирж ашиглагдаж байгаа ч Америк, Австрали, Канад, Хятад, Солонгос гээд өрсөлдөгч их байна. Тиймээс Германы чанартай, эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийг Монголд танилцуулж, худалдах нь манай нийгэмлэгийн зорилго юм.

Бидний өрсөлдөгч Монголд олон бий гэж та хэллээ. Германы уул уурхайн машин, механизмууд өрсөл­дөгчдийнхөөсөө юугаараа ялгарах вэ? Давуу тал, онцлогоос дурдвал?

Манай үйлдвэрлэгчдийн гол онцлог гэвэл бүх нийтэд зориулсан техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэхээсээ илүүтэй тодорхой захиалагч руугаа  ханддаг. Тухайн компани яг юу сонирхож байна, юу илүү хэрэгцээтэй байна гэдгийг олж харж, түүнд тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хэрэглэгчтэйгээ ганцаарчилж ажилладаг гэж хэлж болно.

Монголын хувьд цаг агаар нь маш онцлог. Үүнд тохирсон машин, механизм үйлдвэрлэх нь мөн л ганцаарчилсан үйлчилгээ болох байх. Бид Сибирийн байгаль, цаг уурын нөхцөлд тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэхдээ Монголд үүнээс арай өөрөөр үйлдвэрлэж болно. 

Мэдээж хэрэг Германд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хамгийн шинэлэг нь байдаг. Ус, цахилгаан бага зарцуулдаг, байгальд ээлтэй технологи гэдгээрээ бусад улсынхаас дэвшилттэй. Түүнчлэн эдэлгээ удаан. Үнэндээ Германы машин, механизм үнэтэй ч яг нарийн тооцоолж үзвэл хямдхан. Хэрэглэгчдийн маань машин нь эвдрээд зогсвол ямар их алдагдалд орох билээ. Энэ мэт болзошгүй эрсдэлүүдийг бид харгалзан үзэж, хэрэглэгчидтэйгээ хүндэтгэлтэй харилцдаг учраас аль болох чанартай, удаан хэрэглэх бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог.       

Манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байна. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, цахилгаан станц, барилга байгууламж гээд Монголын хөгжлийн ирээдүйг тодорхойлох том төслүүд хэрэгжинэ. Энэ бүхэнд Германы өндөр чанартай техник, технологи ихээхэн шаардлагатай нь мэдээж. Энэ талаарх бодлоо хуваалцана уу?

Би Монголын бүтээн байгуулалтын ажлуудыг эерэгээр хүлээн авч байгаа. Герман нь зөвхөн уул уурхай, барилга, газар тариалангийн машин, механизм үйлдвэрлэхээс гадна өөр бусад олон салбарт ажилладаг. Бид Монголтой тэр л бүх чиглэлээр хамтарч ажиллана.

Манай нийгэмлэгийн гишүүдийн 85 хувь нь дээд тал нь 200-250 ажилтантай компаниуд байдаг. Энэ нь тийм ч том компаниуд биш гэсэн үг. Жижиг, дунд үйлдвэрлэгчид ч гэж хэлж болно. Гэхдээ тэдний ихэнх нь гэр бүлийн бизнес байдаг. Энэ нь Монголын зах зээлтэй таараад байгаа юм. Монголд хэт том компани ороод ирвэл зах зээл бага болохоор  таарч зохицох нь ховор. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэгчид чанарыг эрхэмлэдэг.

Үнэндээ бид Монголын зах зээлээс одоо л нэг дүр зураг олж авч байна. Парламентын сонгуулийн өмнө болон хойно уул уурхайн салбар яах гээд байгаа нь мэдэгдэхгүй, хүлээлтийн байдалд байсан. Тэгвэл одооноос шинэ хуулиуд гарч, бидэнд ч шинэ санаа оноо төрж байна. Энэ бүхэн нааштай талдаа байгаа учраас бид ажлаа эхлүүлэх боломжтой болж байна. Уул уурхайн салбарын шинэ дүр төрх гарч ирж байна гэж би бодож байгаа. 

2011 оны аравдугаар сард ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель Монголд айлчилж, түүхий эд боловсруулахад хамтран  ажиллах гэрээ байгуулсан. Энэ гэрээний хүрээнд бид маш их эрч хүчтэй ажиллана. Манай нийгэмлэг  шинэ техник, технологи нийлүүлэхэд чухал ач холбогдол өгч байгаа. Энэ бол бидний үүрэг.

Танай нийгэмлэгийн зарим төлөөлөл Монгол улсын Ерөнхий сайдтай уулзаж, ажлын явц байдлаа танилцуулсан гэж сонссон?

Манай “VF Messen МGL” компанийн Гүйцэтгэх захирал Д.Нарангиймаа Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзсан. Сайхан хүлээж авсан байна лээ. Миний хувьд Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхтэй уулзсан. Монголд томоохон үзэсгэлэн, яармагийн зориулалтын барилга, байгууламж байхгүй. Манай компаниуд энэ тал дээр туршлагатай учраас ийм төрлийн байгууламж барих, менежмент  хийх, зөвлөгөө өгөх чиглэлээр ярилцаж байгаа.  

Монгол компаниуд Европт зохиогддог үзэсгэлэн яармагуудад асар их зардал гаргаж очдог. Тэгвэл түншүүд нь өөрсдөө хүрч ирээд, монголчуудтай холбогдон бизнесээ өргөжүүлэх сайхан боломж гарах юм.

Монголын бизнес эрхлэгчидтэй бизнесийн түншлэл үүсгэхдээ юуг илүүтэй анхаарч ажилладаг вэ? Хурдан ойлголцож, хүссэн шийдвэртээ хүрэхэд саад болдог зүйлс байдаг уу?

Улс орон бүрийн сэтгэл зүйн онцлог өөр байдаг. Бид германчууд. Маш удаан төлөвлөж, бодож байж хийдэг. Харин Монголд өдрийн дотор олон зүйл өөрчлөгдөж байна. Бүр өдрийн дотор шийдвэр гаргаж болж байна. Уулзая гэсэн хүмүүстэйгээ өдрийн дотор уулзаж болж байна. Энэ бол монголчуудын  онцлог юм. Үүнийг би сайн ч гэж хэлж чадахгүй, муу ч гэж хэлж чадахгүй.  Харин миний хүсч байгаа зүйл бол бизнесийн хамтрагчид маань өөртөө итгэлтэй, маш нарийн төлөвлөлттэй, бүх ажил нь шийдвэрт хүрэх хэмжээнд хүрчихсэн байх нь чухал. Хоёр тал ижил эрхтэй, ижил төлөвлөгөө, чиглэлтэй байвал ажлаа явуулахад амар байх болно. Бид өдөр бүр монголчуудтай хэрхэн хамтарч ажиллахад суралцаж байна.

Ярилцлага өгсөн Танд баярлалаа.




  • заяа (103.26.194.115)
    монголын газар нутагт шунагсанд олон Монголчууд энэ бүхнийг мэдсээр байж газар нутгаа баялагтай нь салхинд хийсгэж байгаа билээ Миний Монголын Газар Шорооноос Бурхан Гуйсан ч БҮҮ ӨГ гэдэг бус уу в
    2013 оны 12 сарын 04 | Хариулах