Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Ашигт малтмалын орлогын 60-70 хувь нь Монголд үлдэх эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй



Сангийн сайд асан Д.Даваасамбуутай ярилцлаа.


Ярилцсан Г.Идэрхангай

Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогоо эхэлж гаргая гэсэн байр сууриа Ерөнхийлөгч тов тодорхой илэрхийлсэн. Таны бодлоор энэ салбарын бодлого яавал зөв чигтэй гарах вэ?

Аливаа бодлого нөхцөл байдлаа дагаад өөрчлөгддөг. Эрдэс баялгийн үнэ, зах зээлийн эрэлт хэрэгцээ, тухайн орны эдийн засгийн боломж зэргээс хамаараад бодлого шинэчлэгддэг. Манай эрдэс баялгийн салбарын бодлого өнөөг хүртэл зарим талаараа алдаатай байж ирсэн ч ерөнхийд нь авч үзвэл зөв чиг шугамтай. Бид эхлээд нээлттэй эдийн засгийн бодлогын хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах бодлогыг нэлээд хөнгөлттэй нөхцөлтэйгээр явуулж ирсэн. Үүний үр дүнд Монголыг дэлхий нийт сонирхдог болсон. Томоохон ордууд ч илэрсэн. 

2003 оныг хүртэл хөрөнгө оруулагчид манай уул уурхайг төдийлөн сонирхдоггүй байлаа.  Тэр үед тонн  зэсийн үнэ 1300 орчим ам.доллар байсан бол өдгөө 7000-9000 ам.долларын үнэ хүрчихээд байна. Бусад баялгийн үнэ бараг адилхан өссөн. Ийм нөхцөлд ашиг малтмалын салбараас ашиг олъё гэж хүн бүр сонирхож, төрийн бодлого ч үүн рүү хандах боллоо. Тиймээс энэ үед эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлогоо дахин нэг шинэчлэх нь зүйн хэрэг.

Эхлээд бодлого, чиглэлээ гаргаж, шийдэх асуудлынхаа хүрээ, арга замыг тогтоогоод түүнийгээ хуульдаа тусгах ёстой. Бодлогоо сайтар гаргахгүй бол төөрөөд өөдтэй хууль болохгүй гэдэг нь ойлгомжтой. Миний бодоход тулгамдаад буй хэд хэдэн зүйлийг төрийн бодлогодоо нарийвчилж тусгах хэрэгтэй. Үүний заримаас дурдвал:

Нэгдүгээрт, төр засаг эхлээд монголчуудыг мэргэжилтэй, ажилтай болгох шаардлагыг хөрөнгө оруулагчдад тавьдаг болох  ёстой. Мэргэжлийн ажилчдыг бэлтгэхэд туслалцаа үзүүлэхийг хүсч, хэрхэн хамтран ажиллах тухай эрх зүйн үндсийг тавих хэрэгтэй. Мөн удирдах инженер техникийн ажилтнуудыг түргэн дадлагажуулж, хэдэн жилийн дотор компанийн удирдлагын 90-ээс доошгүй хувийг монгол хүмүүсээр бүрдүүлж байх нөхцөлийг хуульчлах, гэрээ хэлэлцээнд тусгах хэрэгтэй.  Ийм хэмжээний боловсон хүчний боломж манайд  бүрдэж байгаа.

Гадаадын мэргэжилтэн манайд ажиллахдаа асар өндөр цалин хангамж нэхдэг. Иймээс хөрөнгө оруулагчдын хувьд өртөг зардлаа бууруулах гол арга зам бол монголчуудыг түргэн бэлдэж, ажиллуулах. Цөөн тооны, маш сайн гадны мэргэжилтэн мэдээж  хэрэгтэй. Бид тэднээс сурах учиртай.

Хоёрдугаарт, компанийн удирдлагын стандартыг олон улсын жишигт хүргэх арга замыг тодорхойлж хуульчлах хэрэгтэй байна. Парист төвтэй Олон улсын эдийн засаг,  хөгжлийн байгууллагаас  хувьцаат болон төрийн өмчит компанийн засаглалын зарчмуудыг гаргаад өгсөн байдаг. Эдгээрийг зөвхөн хөгжингүй орнууд гэлтгүй олон хөгжиж буй орнууд мөрдлөг болгодог. Европ стандарт гэж бид ярьдаг шүү дээ. Үүнийг л Монголд нэвтрүүлье. Ингэхийн тулд тэр зарчмуудыг хүлээн зөвшөөрсөн хууль хэрэгтэй болно. Энэ зарчмууд дотор хахууль өгсөн, авсан бол тухайн компанийн үйл ажиллагаа шууд зогсох учиртай. Ил тод байдлыг жинхэнэ нөлөөгүй толь мэт цэвэр байлгахыг шаарддаг зарчим.    

Манайд өнөөдөр төрийн өмчийн засаглалын тогтсон горим хэвшил байхгүй, байсан ч анзаарахгүй зориуд хаях, бас мөрдөхгүй бол хүлээх хариуцлага алга. Уул уурхайн улсын компаниудын удирдлага улстөрчид, мөнгөтэй хүмүүсийн халаасанд орчихсон эсвэл тэдэнтэй хамтраад толгойлоод мөнгө идээд байна гэдэг. Үүнээс сэргийлэх хууль эрх зүйн үндэслэлийг ч гаргаж өгье. Тухайн менежерт улс төрийн, хувийн шинжтэй янз бүрийн дарамт, шахалт ирлээ гэхэд  өөрийгөө үндэсний эрх ашгийн төлөө ажиллаж чаддаг гэдгээ батлан харуулах тийм эрх зүйн хийгээд нийгмийн орчин зайлшгүй дутаж байна.

Гуравдугаарт, Ашиглах гэж буй уул уурхайг тойрсон үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтцийг ямар хэмжээнд байлгах тухай нарийвчилсан хуваарь бүхий төлөвлөгөө, хөтөлбөр хэрэгтэй. Олон жилийн настай томоохон төслүүдийн хувьд эхний ээлжинд дэд бүтцээ бүрдүүлэх шаардлагатай гэдэг нь сүүлийн жилүүдийн туршлагаас харагддаг.

Уурхай дууссаны дараа суурин хот үлдэх боломж бий эсэхтэй холбож үзэх асуудал байна. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн ухаалаг хамтын ажиллагаа хэрэгтэй болно.  

Дөрөвдүгээрт, Хөрөнгө оруулагч болон нийтийн эрх ашгийг хөндсөн олон багц асуудлуудын чиглэл, бодлогыг гаргаж, эрх зүйн үндсийг бүрдүүлэх хэрэгтэй байна.  Хөрөнгө оруулагч болон ард нийтийн эрх ашгийг хүссэн хэмжээгээр, бүхэлд нь эрх тэгшээр хамгаалах аргагүй, нийгмийн зөвшөлцөл хэрэгтэй болно. Хүрээлэн байгаа орчноос эхлээд шинжлэх ухаан, технологийн дэвшил хүртэл олон асуудал бий. Энэ талаар баримтлах горим дүрэм гээд олон асуудал байх бололтой.

Миний бие зөвхөн хөрөнгө мөнгөтэй холбогдсон цөөн асуудлаар бодлоо хэлье. Манайхан нэг үеийг бодоход хөрөнгө мөнгөний хуримтлалтай болж байна. Гэхдээ томоохон төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгө дутагдалтай байна. Гадныхан мөнгөөр зодоод манай уул уурхайн хамгийн ашигтай төслүүдийг авах гэж  оролдох нь ойлгомжтой. Үүнд монгол түмний эрх ашгийг хэрхэн суулгаж өгөх вэ гэдэг асуудал гарна. Нэг арга нь бид  төрийн нэр хүндийг ашиглаж, хөрөнгө мөнгө босгож, шилдэг хувийн компаниуддаа зээлдүүлэх явдал.

Бидний стратеги зорилт бол Монголын нутаг дээр гадны хөрөнгө оруулагч үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд олборлолтоос олсон ашиг орлогын 60-70 хувь нь Монголдоо үлдэхэд чиглэгдэх ёстой.  Өөрөөр хэлбэл,  таван сая долларын борлуулалт хийлээ гэхэд гурван сая нь зардал, хоёр сая нь ашиг байлаа гэж бодъё. Гурван саяын зардал дотор Монголоос цахилгаан нийлүүлсэн байдаг юм уу, эсвэл төмөр замаар ачааг нь зөөж өгсөн ч байдаг юм уу гэх мэтээр Монгол улсдаа уул уурхайн орлогын дийлэнхийг зарцуулах арга замыг сайтар сүвэгчлэн бодох ёстой. Цалингийн зардлыг монголчуудад зориулах боломжийг нэмэгдүүлэх талаар дээр өгүүлсэн.  

Ийнхүү гурван саяын зарлага дотроос 60-70 хувийг нь Монголын ханган нийлүүлэгчдэд хүртээх бодлого, стратегиа гаргаж  бэлтгэлээ хийх хэрэгтэй. Цаана нь байгаа хоёр сая долларын ашгаас бид өнөөдөр ердөө 25 хүрэхгүй хувийг л авч байгаа. Гааль, нэмүү өртгийн татвар болон  нөөцийн төлбөр роялти зэргийг оруулбал нийт ашгаас их л сайндаа 40 хувийг авдаг. Үүнд монголчууд таатай хандахгүй байна.  

Гэхдээ бид үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулахын тулд нөгөө талд хөрөнгө оруулагчийн сонирхол, эрх ашгийг ч бас хамгаалах ёстой. Саах гэж байгаа үнээгээ саамшихаас өмнө тураалд оруулж болохгүй биз дээ. Саах үнээгээ эхлээд сүүтэй байлгах ёстой. Аливаа бизнесийн үр ашгийн эцсийн хэмжүүр нь ашиг, ашигт ажиллагааны түвшин. Татвараар шахаж, дарамталж болохгүй.

Ашигт малтмалын борлуулалтын орлогоос авдаг нөөцийн төлбөр буюу роялтийг жишээ болгож ярья. Энэ бол Монгол нутагт заяасан байгалийн хишгийг авч ашигласны төлөө ард түмэнд өгч байгаа мөнгө.  Өөрөөр хэлбэл, ашиг гарсан ч, гараагүй ч өгдөг төлөөс. Тийм учраас  ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэж манайх одоогоор 5 хувийн татвар авч байгаа. Үүнийг 9 юм уу, 10 болгоё гэж ярьж байна.  

Хэрэв ингэвэл ашиггүй ажиллаж байгаа компани энэ татварыг төлж чадахаа болино шүү дээ. Цаашдаа бид уул уурхайгаа дэлхийн жишгээр явуулъя гэвэл ашгаас татвар авдаг соёлт ертөнцийн жишиг рүү аажмаар орох хэрэгтэй. Одоохондоо өнөөгийн нөөцийн татварын хувь хэмжээг хэвээр буюу бага зэрэг өсгөх хэрэгтэй байх. Харин уул уурхайн татварын өнөөгийн хэмжээг ашгийн хэмжээнээс нь хамааруулаад 20 орчим нэгж хувиар нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй болов уу. Уул уурхайгаас бусад салбарт үүнийг хамааруулж болохгүй.       

“Оюутолгой” компанитай холбоотой татварын асуудлууд бий. Ялангуяа нэмэгдэл ашгийн татварын тухайд?

Мэдээж “Оюутолгой”-гоос ашиг гараад өөрийн өртгөө нөхөөд ирэхээр ашгийн татвараа нэмж  авах ёстой гэж үзэж байна. Нэмэгдэл ашгийн татварын тухай аргачлал маягийн зүйлийг хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд хавсаргасан байсан боловч аргачлал нь дэндүү түвэгтэй, манайд ашигтай эсэх нь тодорхойгүй байсан учраас нээлттэй үлдээсэн гэж би хувьдаа ойлгодог. Хөрөнгө оруулагч тал монголчуудад ногдох үр өгөөж нь 70 хувь байна гээд байгаа биз дээ.  Үүнийгээ хууль эрх зүйн хувьд баталгаажуулчих, хүрэхгүй бол нэмж татвар авна гэсэн үг гэж би ойлгоод байгаа.

Уул уурхайн салбар эдийн засгийн мөчлөгийг маш амархан мэдэрдэг. Дэлхий дахины санхүү, эдийн засагт нэг л таагүй орчин тохиолдоход эрдэс түүхий эдийн үнэ унаж, компаниудын хувьцаа буурдаг.

2008-2009 оны санхүүгийн хямрал эхлэхийн өмнөхөн тонн  зэсийн үнэ 9000 ам.доллар байснаа оны заагаар хоёр, гурван  мянга болж буурч байсан. Ийм эрсдэлтэй мөчлөгийн үед ямар хамгаалалт хийх вэ гэдэг нь маш чухал. Тэгэхээр хэрэв уурхай алдагдалтай ажиллавал энэ алдагдлыг дараагийн жилүүдийн ашгаас нөхөж болохыг тодорхой хуульчлах хэрэгтэй биз ээ. Гол нь тоглоомын дүрэм тодорхой, гуйвалтгүй байх учиртай.

Эрдэс түүхий эдийн үнэ унаж, уул уурхайн компани  алдагдалд орсон үедээ ажилчдаа цомхтгохоос аргагүй болдог. Шавхагдах нөөцийг үнэ буурсан үед нь хадгалаад үнэ сэргэхийг хүлээж байгаад борлуулдаг эрх зүйн хийгээд санхүүгийн боломжийг хуулиар олгох хэрэгтэй гэж боддог. Тийм учраас уурхай дээр дор хаяж 0,6-1,5 жилийн хугацааг хамарсан ажилгүйдлийн даатгал үйлчилж байх ёстой. Өмнө жилүүдийн хямрал, үнийн савалгаанаас харахад нэг жилийн дотор үнэ эргээд сэргэж байна гэдэг утгаар дээрх хугацааг хэлж байна. Энэ маань уурхай алдагдалд ороод сул зогсох үедээ ажилчдаа цалинтай байлгах даатгал хэрэгтэй гэсэн үг.
Үүнийг бас бодлогодоо тусгаж, хуульчлах хэрэгтэй болно. Аливаа уурхайг хоёр жил ашигласнаас хойш тэнд байгаа ажилчдыг ажилгүйдлийн албан журмын даатгалд хамруулж, ажилгүйдлийн даатгалын сантай байя. Энэ нь мөн л мөнгөн хуримтлал үүсгэх арга хэрэгсэл болог. Монгол улсын ирээдүйн тогтвортой хөгжилд хуримтлал  хэрэгтэй шүү дээ.

Өөр нэг чухал зүйл бол эрдэс түүхий эдийг олборлож, экспортлох хэмжээг хязгаарлах санхүү, эдийн засгийн хөшүүрэг. Хятад манай үндсэн зах зээл. Энэ том зах зээл манай уул уурхайн бүтээгдэхүүнүүдийг хэдхэн жилийн дотор хуу хамаад авчихаж чадна. Тиймээс хэрэв нэг сая тонн төмөртэй тэнцэх хэмжээний бүтээгдэхүүнээс илүүг экспортлохоор бол тухайн компаниас илүү татвар авна гэсэн байдлаар эдийн засгийн хөшүүргээр хязгаарлаж болно гэж боддог. Баялгаа олон үеэрээ дамжуулан хүртэх ёстой.

Эрдэс баялгийг олж хайх, ашиглалтад бэлдэхийн тулд зардал зайлшгүй гардаг. Иймээс уул уурхайн компаниудыг хайгуул хийх сонирхлыг нь дэмжих учиртай. Норвеги улс гэхэд хайгуулын зардлыг ирээдүйн бүтээгдэхүүнийхээ өртөгт шингээх замаар нөхөн олох боломжийг хуулиар олгосон байдаг. Энэ бол геологи хайгуулыг дэмжсэн эрх зүйн орчин болно.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд роялтигийн үндсэн зарчим өөрчлөгдөж орж байх шиг байна. Шинэ төслөөр  борлуулалтаар  орлого олоогүй байхад агуулахад байгаа хүдрийн хэмжээгээр хоёр роялти төлөхөөр байгаа юм?

Манайхан өндөр роялти авна гэж ярьдаг. Үүний сөрөг үр дагаврын талаар  ч түрүүн би цухас дурдсан. Өөр нэг муу тал бол өндөр роялти авбал уул уурхайн компаниудыг ашигт малтмалыг сорчилж ашиглах буруу зүйл рүү түлхэж мэднэ.  Бид  хөрсөө хөндөөд эхэлсэн бол тухайн орд тавхан хувийн ашигтай байсан ч, 50 хувийн ашигтай байсан ч байгалийн баялгийг ашиглах бодлого баримтлах хэрэгтэй байж болно.

Тавхан хувийн ашигтай юман дээр маш өндөр роялти тогтоочих юм бол ямар ч хөрөнгө оруулагч байгалийн баялгийг ашиглахгүй шүү дээ.  Тийм учраас бага ашгаас бага татвар, их ашгаас их татвар авдаг дэлхийн жишиг рүү ормоор байгаа юм. Роялти бол хөрөнгө оруулагчдын хамгийн дургүй зүйл гэж ярьдаг. Харин төр засгийн  ихээр авахыг хүсдэг зүйл бол роялти юм. Иймээс эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр хамгийн  оновч­той хэмжээнд хуульчлах нь зөв биз ээ.  

Экспортын татвар авъя гэсэн санал гарч байгаа. Жишээ нь, нүүрс, төмрийн хүдрийн салбарт 5 буюу түүнээс дээш хувийн экспортын татвар ногдуулъя гэж байгаа. Энэ татварыг нэлээд сайн судлаад шийдвэрлэх ёстой байх?

Нөөц ашигласны татвар, экспортын татвар хоёулаа борлуулалтаасаа авч байгаа татвар гэдгээрээ адилхан. Иймээс экспортын татварын асуудалд судалгаатай хандах гэсэн таны саналыг дэмжиж байна. Одоо ч нөөцийн төлбөрийг өсгөн нэмэгдүүлээд авч л байгаа шүү дээ. Төмрийн хүдэр дээрх роялти багассан байж магадгүй. Татварын тогтолцооны тухайд  би саналаа өмнөхөн  хэлсэн.

Уул уурхайн салбарын компа­ниудын татварын ачаалал одоогоор ямар байна вэ? Энэ салбараас орж ирж байгаа орлогын 60-70 хувь нь Монголдоо үлдэх ёстой гэж Та өмнөхөн хэлсэн. Үүнийгээ тодруулна уу?

Уул уурхайн компаниудын ашгийнх нь 60-70 хувийг Монголдоо үлдээх эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байгаа юм. Үүндээ мэдээж бүх төрлийн татвар хураамжийг оруулж таарна. Бага ашгаас 10-20 хувь, өндөр ашгаас 45 хүртэл хувь, үүн дээр роялтийг нэмээд том компанийн ашгийнх нь 60 хувьд дөхүүлэх тухай яриад байгаа юм. Төр, засаг мөнгөтэй бол тодорхой хэмжээний хувьцаа эзэмшиж, ногдол ашиг авбал миний ярьсан 70 хувьд хүрэх  боломжтой. 

Монголд хөрөнгө оруулагчид ажлын байр бий болгоод үйлдвэр байгуулаад байхад дээрээс нь роялтийн татварыг нэмэх аргаар шахаад байх хэрэггүй болов уу. Шинэ технологи оруулах, эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх бодлогыг өсгөн нэмэгдүүлэх роялтигээр дэмжих тухай хууль эрх зүйн орчин бүрдсэн, мөрдөгдөж байгаа.   

Төмөр зам тойрсон асууд­лаар тодруулах зүйл байна. Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих нь эдийн засгийн үр ашигтай гэж “Монголын төмөр зам”-ын дарга асан М.Энхсайхан мэдэгдсэн. Гэтэл Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогынхоо дагуу өргөн царигаар төмөр замаа барих нь зөв гэсэн байр суурин дээрээ  Засгийн газар хатуу зогсож байна. Таны байр суурь юу вэ?

Таны хэлсэн маршрутын төмөр замын бүтээн байгуулалтыг хийх шийдвэр бүр 2008 онд УИХ,  Засгийн газраас гарч, ажлаа эхлүүлэхээр болж байсан. Ерөнхий сайд асан С.Баяр Германд айлчлах үеэр манайхан төмөр замын ажлын техникийн хяналтыг Германы төмөр замын “Дойч Банн” байгууллагаар хийлгэхээр тохирсон байсан юм. Гэтэл одоог хүртэл энэ ажил хийгдээгүй. Зоригтойхон шийдэх бүрэн боломж тухайн үеийн Засгийн газарт байлаа. Үүнд хэн саад хийсэн, тэр хүмүүстэйгээ хариуцлага тооцох ёстой. Тооцоо хийж үзэх хэрэгтэй байх аа.  Хэрэв 2008 онд төмөр замаа бариад эхэлчихсэн бол өнөөдөр энэ ажил дуусах байв. Энэ хооронд уул уурхайгаас орж ирсэн хамаг орлогоо бензин, машины хөлсөнд өглөө. Байгаль орчин ихээр сүйрлээ. Тэр хавийн малчид их хохирлоо. Энэ бүхнийг хэн төлөх вэ?  

Хятадууд 70-80 тонны даацын машинуудаа Монголд хоёр жил гаруй ажиллуулаад эргүүлээд төмрийн хаягдалдаа авч байна. Энэ их зардлын хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ. Яагаад төмөр замын асуудлыг ард түмэнтэйгээ ил тод яриад ашигтай талаас нь шийдчихэж чадахгүй, үндэсний аюулгүй байдал гэсэн хүнд ойлгогдохгүй юм яриад байдгийг би ойлгохгүй байна.

Эдийн засгийн хүчин чадалтай, мөнгөтэй байж гэмээнэ Үндэсний аюулгүй байдал гэж ярьж болно. Дээрх байдлаар үрэн таран хийгээд байвал хэн тоох вэ. Нарийн царигтай төмөр зам тавьбал хамаг баялгаа Хятад руу зөөчих тухай  яриа баахан өрнөсөн. Төмөр замтай замгүй, бүр  хүний машинаар хүртэл урагшаа зөөгөөд л байгаа биз дээ. Үүнийг хязгаарлах арга нь  татварын механизм, захиргааны эсвэл гэрээ хэлэлцээрийн  зохицуулалт.

Өнөөдөртөө тээх ачаатай байгаагаар нь урагшаа төмөр замаа эхлэн тавих нь зөв. Харин манай төмөр замын үндсэн сүлжээтэй холбогдох хэсэгт тээх ачаа өнөө маргаашдаа байхгүй учраас хувийн компаниуд, хөрөнгө оруулагчид үүнийг нэг их сонирхохгүй байж магад. Иймээс Сайншандын чиглэлд тавих төмөр замаа төрийн мөнгөний оролцоотойгоор санхүүжүүлж түргэн барьчихвал говийн  баялгаа хүн амьдардаг, боловсон хүчний болон усны нөөцтэй Дархан Сэлэнгийн бүсэд авчирч боловсруулж болно. Зундаа 40 градус халдаг, усны нөөц нь дуусах магадлалтай, мэргэжлийн боловсон  хүчний хүрэлцээ багатай говьд үйлдвэрлэл, соёлын томоохон төв барина гэдэг амаргүй.

Өөрөөр хэлбэл, хувийн хөрөнгө оруулалт хаана хийгдэх шинжтэй байна, хүн очиж яавал сайхан амьдрахаар байна тэнд л  төр дэмжин оролцож,  шийдвэрээ гаргаж байх ёстой. Дархан Сэлэнгийн томоохон төмрийн ордуудыг боловсруулахад Тавантолгойн нүүрс чухал түүхий эд нь. Эрдэнэтэд зэсийн хүдэр, баяжмал яваандаа хэрэгтэй болно.  

Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого гэж түрүүн хэллээ. Тодорхой үйлдвэрлэлийн зориулалттай төмөр замын царигийг төмөр замын тухай хуулийн дагуу шийдэх боломж бий. Мөн Засгийн газар царигийн асуудлыг УИХ-д оруулж шийдэж болохоор тодорхой санаа төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод ч бий.        
 
Орос л ганцхан өргөн төмөр замтай үлдчихсэн гэж яриад байна.  Энэ үнэн бол төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг ганцхан орноос худалдаж авах хэрэг үү? Яг одоогийн бензин шиг шахалтад ороод дотроо хөлөө жийлцээд суух байдалд орохгүй гэдгийг хэн хэлж байна вэ?

Үндэсний аюулгүй байдал гэсэн үндэслэлээр урагшаа өргөн  төмөр зам тавъя гэж бодъё. Гэтэл галт тэрэгний дугуй олдохгүйд хүрч, бараагаа Хятадад, мөн түүгээр дамжуулан бусдад экспортолж чадахгүй бол жинхэнэ асуудал үүснэ шүү дээ. Эрх ашгуудын зөв зохицол, эдийн засгийн үр ашгаа бодвол таны хэлсэн үйлдвэрийн маршрутын зам нарийн царигтай байх нь зөв өө. Монголчуудын ихэнх нь ийм саналтай байгаа шүү дээ. Энэ асуудал бараг хүн бүрт ойлгомжтой болсон.  Ардчилсан бол алдаагаа олдог, бас засдаг нийгэм юм даа.   
    
Сүүлийн үед  Монгол дахь хууль эрх зүйн орчны шинэтгэлтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан мэдээлэл их байна.  Хөрөнгө оруулалтыг үргээх нь бидэнд эрсдэлтэй биш үү?

Энэ бол хууль эрх зүйн талаасаа болж байгаа зүйл бараг биш байх. Оюутолгойн бүтээн байгуулалтын гол ажил дууссан болохоор гадаадын хөрөнгө оруулалт буурсан юм шиг харагдаж байгаа болов уу. Эрдэс түүхий эдийн олон улсын зах зээл өөрөө бас тодорхойгүй орчинд байна. Таны хэлсэн чинь гадны хүмүүсийн сурталчилгаа, эсвэл тэдний ятгалгад орсон хүмүүсийн л үг байх. Хамгийн ашигтай зүйлээ хүнээр хийлгээд алдаад байх цаг өнгөрсөн. Үүнийг баталгаажуулах үүднээс томоохон ордуудад төр оролцох хувийг 50-иас дээш байлгах шаардлага тавьсан байх аа. Хуулиар тогтоосон төрийн эзэмшлийг Монголынхоо хувийн хэвшлийнхэнд шилжүүлэх боломжийг нээж өгөх эрх зүйн шинэчлэлт хийж болно байх.  Ер нь дээр хэлсэнчлэн татварын орчноо сайжруулж чадвал хувьцаа авна, төр эзэмшинэ энэ тэр гээд зүтгээд байх шаардлага аяндаа үгүй болно. Ийм л олон улсын шилдэг жишиг бий.

  • madrid.lopez@hotmail.com (154.70.86.240)
    Сайн байна уу Би олон улсын хэмжээнд зээл олгодог хувь хүн юм Богино болон урт хугацааны хувийн зээлийг олгоход ашиглах капиталтай Бодит хэрэгцээндээ бүх хүнд ноогдох 5000-аас 90000000 хүртэлх жилийн хүү нь жилийн 3 -ийн хүүтэй бөгөөд зээл санхүү зээлийн үл хөдлөх хөрөнгө хөрөнгө оруулалтын зээл автомашины зээл хувийн зээлийг олгодог Би таны өргөдөл хүлээн авах маягтыг хүлээн авснаас хойш дээд тал нь 3 хоногийн дотор өөрийн үйлчлүүлэгчдийг хангаж чадна Түргэн хариулт
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • madrid.lopez@hotmail.com (154.70.86.240)
    Сайн байна уу Би олон улсын хэмжээнд зээл олгодог хувь хүн юм Богино болон урт хугацааны хувийн зээлийг олгоход ашиглах капиталтай Бодит хэрэгцээндээ бүх хүнд ноогдох 5000-аас 90000000 хүртэлх жилийн хүү нь жилийн 3 -ийн хүүтэй бөгөөд зээл санхүү зээлийн үл хөдлөх хөрөнгө хөрөнгө оруулалтын зээл автомашины зээл хувийн зээлийг олгодог Би таны өргөдөл хүлээн авах маягтыг хүлээн авснаас хойш дээд тал нь 3 хоногийн дотор өөрийн үйлчлүүлэгчдийг хангаж чадна Түргэн хариулт
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • madrid.lopez@hotmail.com (154.70.86.240)
    Сайн байна уу Би олон улсын хэмжээнд зээл олгодог хувь хүн юм Богино болон урт хугацааны хувийн зээлийг олгоход ашиглах капиталтай Бодит хэрэгцээндээ бүх хүнд ноогдох 5000-аас 90000000 хүртэлх жилийн хүү нь жилийн 3 -ийн хүүтэй бөгөөд зээл санхүү зээлийн үл хөдлөх хөрөнгө хөрөнгө оруулалтын зээл автомашины зээл хувийн зээлийг олгодог Би таны өргөдөл хүлээн авах маягтыг хүлээн авснаас хойш дээд тал нь 3 хоногийн дотор өөрийн үйлчлүүлэгчдийг хангаж чадна Түргэн хариулт
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • lopez (154.70.86.240)
    Сайн байна уу Би олон улсын хэмжээнд зээл олгодог хувь хүн юм Богино болон урт хугацааны хувийн зээлийг олгоход ашиглах капиталтай Бодит хэрэгцээндээ бүх хүнд ноогдох 5000-аас 90000000 хүртэлх жилийн хүү нь жилийн 3 -ийн хүүтэй бөгөөд зээл санхүү зээлийн үл хөдлөх хөрөнгө хөрөнгө оруулалтын зээл автомашины зээл хувийн зээлийг олгодог Би таны өргөдөл хүлээн авах маягтыг хүлээн авснаас хойш дээд тал нь 3 хоногийн дотор өөрийн үйлчлүүлэгчдийг хангаж чадна Түргэн хариулт madridlopezhotmailcom
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • lopez (154.70.86.240)
    Сайн байна уу Би олон улсын хэмжээнд зээл олгодог хувь хүн юм Богино болон урт хугацааны хувийн зээлийг олгоход ашиглах капиталтай Бодит хэрэгцээндээ бүх хүнд ноогдох 5000-аас 90000000 хүртэлх жилийн хүү нь жилийн 3 -ийн хүүтэй бөгөөд зээл санхүү зээлийн үл хөдлөх хөрөнгө хөрөнгө оруулалтын зээл автомашины зээл хувийн зээлийг олгодог Би таны өргөдөл хүлээн авах маягтыг хүлээн авснаас хойш дээд тал нь 3 хоногийн дотор өөрийн үйлчлүүлэгчдийг хангаж чадна Түргэн хариулт madridlopezhotmailcom
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • lopez (154.70.86.240)
    Сайн байна уу Би олон улсын хэмжээнд зээл олгодог хувь хүн юм Богино болон урт хугацааны хувийн зээлийг олгоход ашиглах капиталтай Бодит хэрэгцээндээ бүх хүнд ноогдох 5000-аас 90000000 хүртэлх жилийн хүү нь жилийн 3 -ийн хүүтэй бөгөөд зээл санхүү зээлийн үл хөдлөх хөрөнгө хөрөнгө оруулалтын зээл автомашины зээл хувийн зээлийг олгодог Би таны өргөдөл хүлээн авах маягтыг хүлээн авснаас хойш дээд тал нь 3 хоногийн дотор өөрийн үйлчлүүлэгчдийг хангаж чадна Түргэн хариулт madridlopezhotmailcom
    2018 оны 02 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.229.121.84)
    Гадныхны үгээр дугардаг хүн саналаа бичжээ
    2014 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (70.40.189.48)
    Хоосон мороодогч Бодит амьдаралд наад санаа чинь биелэхгуй л бн шуу дээ Аливаа Гэрээ гэдэг бол 2 талын тохиролцож болох бодитой зуйл болохоос биш нэг талын мороодол биш Энэ маш энгийн зуйлийг ойлго Цаг унэтэй урагшаа нэг ч гэсэн алхмаар байна Улс орны шаардлага ийм байна
    2013 оны 08 сарын 26 | Хариулах