Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Манай компани стратегийн ордыг эзэмшинэ, ашиглана, хадгална




С.Болд-Эрдэнэ

“Эрдэнэс МГЛ” компанийн Гүйцэтгэх захирал О.Сайнбуянтай ярилцлаа.

Томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Оюутолгойн Хувь нийлүүлэгчдийн хурал, Тавантолгойн алдагдал гээд их сонирхолтой үед томилогдсон. Ажил хэр байна даа?

“Эрдэнэс МГЛ” компани байгуулагдах болсон нь амьдралаас урган гарсан бодлого. Уул уурхайн үйлдвэрлэл өөрөө их онцлог, Монголд шинэ сэдэв. Маш их эрсдэлтэй ихэнх үйл ажиллагаа гадна талаас хамааралтай байдаг. Аль ч Засгийн газар үүнийг ойлгож, уул уурхайн стратегийн ордуудын менежментийг хэрэгжүүлэхийн тулд нэг компанид төвлөрүүлье. Эцэст нь уул уурхайн бүх хувьцааг нэгтгэсэн нэг том корпораци болгох ёстой гэсэн том бодлого, том дүр зургаа хаа хаанаа ойлгосон. Харин яаж хэрэгжүүлэх вэ, ямар хэлбэртэй байх вэ гээд яриад эхлэхээр хүндрэлтэй, түвэгтэй асуудал нэлээд гарч ирж байна. Ер нь аливаа ажлыг нугалахад амар хялбар зүйл гэж юу байхав. Ямар ч байсан ард нь гарна гэж зориод ажиллаж байна даа.

Ийм том бодлого барих, том ордуудын хувьцаа эзэмшиж байгаа компанийн захирлаар ямар хүн томилогдов гэдгийг уул уурхайн салбарынхан их сонирхож байгаа. Та уул уурхайн салбартай хэр холбоотой хүн бэ? Бизнесийн салбарт нэлээд туршлагатай  гэж сонссон?

Би 1992 онд дээд сургууль төгссөн. Үндсэн мэргэжил маань агрономич. Уул уурхай хөрсний доод хэсгийг судалдаг бол миний мэргэжил хөрсний өнгөн хэсгийг судалдаг. Газартай харьцдаг гэдгээрээ ялгаа бага.
Ажлын туршлага гэж яривал би бизнесийн хүн. Ганзагын наймаа гэж байхаас эхлээд Монголын бизнесмэнүүд яаж босч ирсэн, компаниуд ямар үйл ажиллагаа явуулж байсан, ямар байгаад ямар болсон тэр л замаар явж ирсэн.

МҮХАҮТ-аас шалгаруулдаг ТОП 100, 150 гэсэн шалгуурт манай “ТЭСО” корпораци сүүлийн дөрөв, таван жил тогтмол шалгарлаа. Жилдээ 4-5 тэрбум төгрөгийн татвар төлдөг. Гэхдээ энэ дотор онцгой албан татвар байхгүй. Ийм л аж ахуйн нэгжийг анх байгуулалцаж, үйл ажиллагааг нь өргөжүүлэхийн төлөө ажиллаж ирсэн.  

Тэгвэл таныг уул уурхайн салбартай холбоогүй гэж ойлгож болох нь ээ?

Яг ч тийм биш ээ. Холбоотой байсан. Манай охин компани өрөмдлөгийн чиглэлээр ажилладаг. Өөрийн гэсэн цар хүрээтэй, үйлчлүүлэгчидтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг компани бий.

Энэ салбарт тэс хөндлөнгийн хүн биш л юм байна. Гуравдугаар сарын 16-нд Засгийн газраас стратегийн ордуудтой холбоотой нэг шийдвэр гарлаа. Ямар учиртай шийдвэр гарсан юм бэ?

Уул уурхайн стратегийн ордуудын төрийн мэдлийн хувьцааг төвлөрүүлж, нэг бодлогоор хангая. Гэхдээ Засгийн газарт шууд харьяалагддаг байя гэсэн бодлогоор “Эрдэнэс МГЛ”-ийн мэдэлд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаануудыг шилжүүллээ. Ингэснээр удирдлага, менежментийн хувьд уул уурхайн компаниуд нэг чиг бодлоготой байна гэсэн үг. Хоёрдугаарт, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулахад төрийн оролцоо ямар байх, ордуудыг ашиглаж байгаа компаниудын хоорондын уялдаа холбоо ямар байхыг төрийн эзэмшлийн хувь хэмжээг эзэмшиж байгаа толгой компани “Эрдэнэс МГЛ” зохицуулж, тулгуур дэд бүтцүүдийг нь шийдэхээр болж байна.

Жишээ нь, Тавантолгой дээр цахилгаан станц барина гэж байтал Оюутолгой дээр дахиад цахилгаан станц барих уу гэсэн асуудал үүсдэг. Мөн төмөр зам, усны хэрэглээ, нэгдсэн лаборатори, гадаад бодлого гэх мэт уялдаа холбоогүй олон асуудлыг ганц компанийн эрх ашигт нийцүүлэх бус бусад олон компани болон улс орны нийтлэг эрх ашгийг ханган шийдвэрлэх үүргийг “Эрдэнэс МГЛ” компанид өгч байна гэсэн үг. Нэг ёсондоо томоохон тулгуур дэд бүтцүүдийг манай компани дээр шийдвэрлэхээр болж байгаа юм.

Гуравдугаарт, УИХ-аас шийдвэр нь гарчихсан нэг асуудал бий. Стратегийн ордын жагсаалтад орсон ч гадаад, дотоодын хувийн эзэмшлийн компаниудын мэдэлд байгаа ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тодорхой болгож, “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани хэлбэрээр дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Дөрөвдүгээрт, стратегийн ордод орсон ч өөр компанид байгаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эзэмшлийн Төмөртэйн орд, ашиглагдаагүй байгаа Асгатын орд гэх мэт ордуудын тусгай зөвшөөрлийн асуудал яригдаж байна. Тусгай зөвшөөрлүүдийг “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлэх талаар судалж байгаа.

Стратегийн 15 ордын 14 нь төрийн хөрөнгөөр хайгуул хийж, тогтоосон орд. Хуулийн дагуу 51-ээс дээш хувийг эзэмших ёстой. Та бүхний дараагийн ажил 51 хувийг эзэмших хэлэлцээрээс эхэлнэ гэсэн үг үү? Ямар компаниас эхлэх бол?

Ямар нэг хэлэлцээр хийж эхлэх цаг болоогүй байна. Яагаад гэхээр УИХ болон Засгийн газраас бодлого нь тодорхойлогдоод  шийдвэр гарвал бид тэр шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой компани. Энэ утгаараа Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд гээд холбогдох сайдууд өөр өөрийнхөө чиг үүргээр энэ асуудалд оролцоно. Манай компанийн хувьд судалгааны ажилд түлхүү оролцож байна. Яахав зарим нэг хэлэлцээрт манай компани оролцож магадгүй л дээ.

Түрүүний хэлсэн Асгатын, Төмөртэй ордын асуудал бол хувь эзэмшлийн тухай биш тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал. Жишээ нь ашиглагдаагүй байгаа Асгатын ордыг төр өнөөдөр ашиглах уу, маргааш  уу гэдгээ шийдээгүй байна. Хэрэв маргааш ашиглая гэвэл энэ ордын тусгай зөвшөөрлийг хаа нэг газар хадгалах ёстой болно оо доо. Тиймээс нэгэнт ашиглаагүй байгаа юм чинь тусгай зөвшөөрлийг нь “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлж болох эсэхийг судалъя гэсэн үг.

“Эрдэнэс МГЛ” компани бол стратегийн ордуудыг ашиглахыг нь ашиглаж, хадгалахыг нь хадгалдаг, төр ямар оролцоотой байхыг тодорхойлдог нэг талаасаа төрийн хэрэгжүүлэгч байгууллага. Тусгай зөвшөөрлийг хадгалахад түүний төлбөр тооцоо, эрэл хайгуул гээд янз бүрийн зардал гарах ч төрийн нэрийн өмнөөс Монгол улсын сан хөмрөгийг хадгалах нь “Эрдэнэс МГЛ”-ийн нэг үүрэг.

Хөвсгөлийн фосфоритын ордын хувьд энэ удаад “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлэх талаар ямар нэг шийдвэр гаргалгүй хойшлуулсан. Тусгайлан дараа нь авч үзье гэж үзсэн.

Яагаад?

Монголын цэвэр усны гол цөм болсон Хөвсгөл далайтай ойрхон байрлалтай. Нутгийн иргэд, ард түмэн үүнийг ашиглаж болохгүй гэж байгаа бол түүнийг маш нарийн судлах нь зүйтэй юм. Ашиглахад гүний усны нөөц, далайд яаж нөлөөлөх вэ гээд нарийн ширийн асуудлыг судалдаг газрууд нь судлан  тогтоож, нэгдсэн нэг ойлголтод хүрье гэж шийдсэн.

Тэгвэл үлдсэн арваад ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй “Эрдэнэс МГЛ” ямар нэгэн байдлаар яриа хэлэлцээр хийж үзсэн байх нь ээ? Хэр хүлээж авч байна вэ?

Яг албан ёсны түвшинд яриа хэлэлцээр хийсэн зүйл байхгүй. Зүгээр тандалтын хүрээнд гэх юм уу албан бусаар уулзаж, ярилцсан зүйл байгаа. Тухайн орд эзэмшигч компаниудаас ямар нэг байдлаар эсэргүүцэл гаргаагүй.

Энд нэг их сүртэй маргаантай асуудал ч байхгүй. Яагаад гэхээр УИХ-ын тогтоол тодорхой гарсан. Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж олсон ордын 51-ээс доошгүй хувийг, хувийн хэвшлийн хөрөнгөөр хайгуул хийж олсон ордын 34 хувиас багагүй хувийг төр эзэмших ёстой. Энэ заалтын хүрээнд хэлэлцээрүүд хийгдээд явахаар эрхзүйн хувьд боломжгүй зүйл байхгүй. Газрын доорх баялаг бол Монголын ард түмний өмч гээд Үндсэн хуульд заачихсан байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, хэзээ ч өгөхгүй гээд илт эсэргүүцэж байгаа компани байхгүй. Харин хувь хэмжээг тодорхой болгох, урьд нь ашигласан ашиглалт, нэмж хайгуул хийсэн зардал зэргийг тодорхой болгох, судалж, ярилцах зүйл бол байлгүй яахав.

Тэгвэл албан ёсны хэлэлцээр хэзээ эхлэх вэ? Хэнтэй эхэлж хэлэлцээр хийх бол?

Энэ бол тухайн чиг үүргийн яамдын сайд нарын мэдэх асуудал. Ямар шийдвэр гаргаж, ямар төлөөлөл томилж, хэлэлцээрт оруулах нь сайдын мэдлийн асуудал.

Ерөнхийлөгчийн зүгээс Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэж, олон нийтэд хэлэлцүүлсэн. Уг төсөлд стратегийн орд гэдгийг аажмаар байхгүй болгох үндсэн санаа бий. Уул уурхайн салбарынхны хамгийн нааштайгаар хүлээж авсан нь стратегийн ордтой холбоотой асуудал. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

Ерөнхийлөгч хуулийн төслөө татаж авахдаа Иргэний танхимд үг хэлэхэд би байсан. Энэ хуулийг шинэчлэх зорилгоор мэргэжлийн түвшинд ажлын хэсэг байгуулаад өдий зэрэгтэй бэлдлээ. Одоо та бүхэнд нээлттэй үлдээе гээд ажлын хэсгээ буулгаад хуулийн төслөө түр хойшлуулж, дахин хэлэлцье гэсэн. Мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэд, салбарын яам, төрийн төлөөлөл болсон манай компанийн төлөөлөл гээд бүгдийг саналаа өг гэсэн. Гэхдээ эхлээд Монгол улсын уул уурхайн бодлого  ямар  байх ёстой юм  гэдгээ тодорхойлъё гэдэгтэй бүгд санал нэгдсэн.

Энэ хуулийн төсөлд стратегийн ордуудыг одоо байгаа 15-аар нь хязгаарлаад цаашдаа шаардлагатай бол хасаад явъя гэсэн утга бүхий заалт байсан. Ерөнхийлөгчийн энэ санаатай цаад том агуулгаараа Засгийн газар, Уул уурхайн яам зөрчилдөхгүй байгаа. Яагаад гэхээр УИХ-ын тогтоолын нэгдүгээр хавсралтаар стратегийн ордод 15 орд, хоёрдугаар хавсралтаар 39 ордыг   нэрлэсэн. Уул уурхайн яам болон Засгийн газар ямар бодлого баримталж байна гэхээр эдгээр ордоосоо судалж үзээд стратегийн ордод нэмж оруулъя. Цаашдаа стратегийн гэх ангиллаа боловсронгуй болгоод тэр шаардлагыг хангахгүй бол стратегийн ордоос хасаад явъя гэж үзэж байгаа. Энд бодлогын том зөрчил, үл ойлголцол ерөөсөө байхгүй. Аль аль нь Монгол улсын нутагт ийм хэмжээний томоохон ордууд байна. Алийг нь хэзээ, яаж ашиглах вэ гэдэг бодлогоо цэгцэлтлээ том гэсэн ордуудаа төрийн мэдэлд байлгаж байя.

Үүний дараа уул уурхайн бодлого тодорхой болоод, стандарт маань олон улсын жишигт хүрсний дараа заавал төрийн оролцоогоор хэрэгжүүлээд явах уу, эсвэл Засаг хувь эзэмшил тогтоох уу, хувийн хэвшилд эзэмшүүлчихээд татвараа аваад явах нь ашигтай байна уу гэдэг нь тодорхой болсны дараа стратегийн ордууд нээлттэй болж, бизнесийнхээ замаар явна. Хувьчлагдах нь хувьчлагдаад, хувьцаат компани болох нь болоод, менежментээ хувьд шилжүүлэх нь шилжүүлээд, төрд үлдэх нь үлдээд явна. Бүх юм цэгцэрсний дараа энэ бүгд тодорхой болно. Тэр болтол “Эрдэнэс МГЛ” стратегийн ордуудаа эзэмшээд, ашиглаад, хадгалаад явах ёстой гэж ойлгож байна. Өнөөдөр хууль дүрэм, зохицуулалт нь тодорхой, үнэ цэнтэй болтол стратегийн ордуудын тодорхой хувь  төрд байх нь зөв гэж би хувьдаа үздэг.

39 орд дээр дахиж нэмэгдэх сураг байсан. Үнэн үү?

УИХ-ын тогтоол гарчихсан болохоор 39 ордын жагсаалт хэвээрээ   байж  байгаа. Нарийнсухайт гэх мэт тухайн үед улсын төсвөөр хайгуул хийгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авчихсан ордуудыг стратегийн ордод оруулчихсан мөртлөө тэр бассейн дээр байгаа бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг оруулаагүй. Гэтэл УИХ-ын тогтоол дээр тухайн бассейнаар нь оруулахаар заасан. Бассейн дотор нь олон лицензтэй болчихоод нэр заагдсан нэг лиценз нь орсон гэсэн үг. Яамны барьж байгаа бодлого бол тухайн бассейнд хэчнээн компани, ямар лиценз эзэмшиж байгааг тодруулъя. 39 ордын жагсаалтад ороогүй байгаа ордуудын хил хязгаарыг тогтоогоод нэмж оруулбал оруулъя. Гэхдээ одоо оруулж батлуулах гэж байгаа ордуудыг тэр чигт нь биш тэр дундаас нэн шаардлагатай байгаа ордууд, шинээр Хөшөөт, Цайдам нуур, Гацууртын алтны орд гэх мэт ордыг нэмж оруулаад тооцохоор 30 гаруй орд болчихоод байгаа юм.


Тавантолгойд амьдаръя гэвэл арга зөндөө бий

Стратегийн ордуудыг төрийн өмчид авна гээд байдаг. Гэтэл эхнээсээ төрийн мэдэлд авсан ордынх нь байгаа байдлыг дэлхий нийтээрээ харж байна. Тавантолгойн ордыг хөгжүүлэхэд төмөр зам, цахилгаан станц, усны хангамж, баяжуулах үйлдвэр гээд дэд бүтцийн төслүүд маш чухал. “Эрдэнэс МГЛ” энэ дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх талаар юу хийж байна вэ?

Манай гол зорилго бол яаж уул уурхайн ордуудын уялдаа холбоог сайжруулж, эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулж, үр ашгийг сайжруулах вэ гэдэг асуудал юм. Засгийн газар, яам, манай компани энэ чиглэлээр ажиллаж байна. Өнөөдөр яагаад Тавантолгой ийм байдал орчихов, Оюутолгойн гэрээ ийм болчихов гэдгийн үндсэн шалтгаануудыг гадна, дотногүй бүгд л мэдэж байгаа. Төр муу менежер гэдгээс гадна төрийн оролцоо бизнест хэтэрхий их байгаа болохоор ийм байдалд хүргэж байна. Хэрвээ “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрснийхээ урьдчилгаа төлбөрийг өөрийнхөө үйл ажиллагаанд зарцуулсан бол өнөөдөр ингэж санхүүгийн хүндрэлд орохгүй байсан. Энэ талаасаа төрийн оролцоо бизнест байж болохгүй гэдгийг бүгд ойлгож байгаа.

Нөгөө талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн энэ өр зээл Тавантолгой шиг ийм том төсөлтэй харьцуулахад дааж давшгүй, дампууруулах хэмжээний том хүндрэл биш. Яагаад гэвэл “Эрдэнэс Тавантолгой” компани энэ жил 7 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй. Гэтэл тавьсан өр нь ганцхан жилд олборлох нүүрснийхээ 30-40 хувиар дарах боломжтой байгаа. Хойшдоо 20-40 сая тонн нүүрс олборлоно гээд тооцвол бизнесийн хувьд нэг их айхтар нөлөөлөл биш.

Төрийн бодлого гараад хэрэгжүүлэх шатанд орохоор янз бүрийн асуудал үүсдэг юм болов уу. Бүр томоор нь харж үзье л дээ. Тавантолгойн ордыг хөгжүүлэхэд бид юу хийх ёстой вэ? Нийт нөөц нь 7 тэрбум тонн, цаашдаа нарийвчилсан хайгуул хийхэд нэмэгдэнэ. Жилдээ 40 сая тонныг олборлоно гээд үзэхэд нөгөө усны хэрэглээ, тээвэрлэлт, хилийн нэвтрүүлэх чадвар гээд олон зүйлийг шийдэх хэрэгтэй. Энэ бүхнийг ганц “Эрдэнэс Тавантолгой” өнөөдөртөө хүчрэхгүй. Тэгэхээр Тавантолгойн орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бүгд тусдаа төмөр зам, авто зам тавиад л, цахилгаан станц байгуулаад, усны асуудлаа шийдээд байх нь үр дүнгүй болно. Дээр нь нэг бассейнаас нүүрс олборлочихоод хилээр гаргаад Хятадын 100 хувийн төрийн өмчит нэг компанид бүгдээрээ үнээ буулгаж, өрсөлдөж өгөөд байвал юу болох вэ. Энэ бүхнийг зохицуулах үүрэг “Эрдэнэс МГЛ”-д бий.  

Тавантолгойд 100-200 жил ашиглах нүүрсний нөөц байна. Үүнийг чинь би ухаад гаргая, би угаая, би тээвэрлэе, би худалдаж авъя, шаардлагатай бол би урьдчилгаа төлбөрийг нь өгье гэсэн саналууд тавьж байна. Ийм бизнес дэлхий дээр байна уу. Энэ нүүрс чинь газар дор нэг ч төгрөгийн үнэгүй байж байгаа шүү дээ. Гагцхүү энэ олон санал дундаас улс төрийн шийдвэр ч гэх юм уу, амлалтын гайгаар ч гэдэг юм уу, аль болохгүйг нь сонгочихсон. Хамгийн том алдаа энэ. Одоо ч гэсэн Тавантолгойд боломжууд байна. Гол нь ухаалаг шийдвэр л хэрэгтэй.

Дэд бүтцийн төслүүдийн явц ямар байна вэ?

Тавантолгойн нүүрсний өрсөлдөх гол чадвар бол эхний ээлжинд угааж баяжуулах.  Эрчим хүч үйлдвэрлэж, өмнө говийн бусад төслүүдэд нийлүүлэх боломжтой. Авто замаар тээвэрлэх дээд хүчин чадал нь 18-20 сая тонн. Тиймээс төмөр зам хэрэгтэй.

Хамгийн том асуудал бол ус. Говьд хамгийн ховор зүйл нь гүний ус. Азаар тэр бүсэд тодорхой хэмжээний гүний усны нөөц бий. Тиймээс эхний ээлжинд тодорхой хугацаанд гүний усаа ашиглаж, үйлдвэрлэлээ явуулъя. Өөрийн гэсэн орлоготой болж, хөл дээрээ зогссоны дараа төвийн бүсэд байгаа гадаргын усны илүүдэл нөөцийг хуримтлуулж, нуур үүсгээд говийн бүс рүү татах зайлшгүй шаардлага бий.

Усны асуудлаас гадна дахиад нэг зохиомол асуудал үүсээд байх шиг санагддаг. Урагшаа баригдах төмөр замыг 30 сая тонны даацтайгаар төлөвлөсөн. Гэтэл ганцхан “Эрдэнэс Тавантолгой” 40 сая тонныг жилд олборлоно. Жижиг “Тавантолгой”-г орхиод “Энержи ресурс”-ын 15 сая тонныг нэмэхэд жилд 55 сая тонныг тээвэрлэх шаардлагатай болно. Төмөр замын хүчин чадал хүрэхгүй шүү дээ?

30 сая тонн бол төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадал. Үүний хажуугаар авто замын тээвэрлэлт зайлшгүй байна. Тэгж байж л жилийн 50-60 сая тонн нүүрсийг тээвэрлэнэ шүү дээ.

Тэгвэл одоо байгаа замын хажуугаар зам барих асуудал дахиад сөхөгдөх нь ээ?

Яг ч тийм биш. Хэрвээ төр, хувийн хэвшил хоорондоо учраа олж чадахгүй бол зам тавихаас өөр аргагүй л дээ. Миний ойлгож байгаагаар одоо байгаа замаа стандарт шаардлагад нь тааруулж ашиглаад, тодорхой хувийг нь “Эрдэнэс Тавантолгой” компани худалдаад авчих хэрэгтэй. Тэгээд тэр замаа хамтдаа ашиглаад явж болно. 18-20 сая тонныг тээвэрлэх зам байхад хажуугаар нь дахиж зам бариад байх шаардлага байхгүй шүү дээ. Барилаа ч хилийн боомтын хүчин чадал хүрэхгүй. Ойрын үедээ хоёр компани ярилцаад ойлголцоод хамтраад ажиллах ёстой. Нөгөө талаар төр, төрийн эзэмшлийн компаниа бодлогоор дэмжих ёстой. Ашиглах үедээ ашиглачихаад дэмжих үедээ дэмжих л хэрэгтэй. Жишээлбэл, төмөр зам тавилаа гэхэд тээвэрлэх нүүрсний 60-70 хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг тээвэрлэх ёстой гээд квот тогтоож яагаад болохгүй гэж. Станц ашиглалтад ороход “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг хэрэглэх ёстой ч гэдэг юм уу. Ашгийн нүдээр бүгдийг харах биш. Төр төмөр нүүрээ гаргах үедээ гаргаад, дэмжих үедээ төрийн компаниа дэмжих л хэрэгтэй.

“Эрдэнэс Тавантолгой” компани дахиад урьдчилгаа авах уу? Нэг тэрбум гэсэн тоо яригдаж байгаа?

Яг одоо бол тэрнээс тэдийг авъя гэсэн тодорхой зүйл алга. Гэхдээ байж болох хувилбар. Үйл ажиллагаандаа зарцуулна гэвэл урьдчилгаа төлбөр  авах л хэрэгтэй. “Чалко”-гийн гэрээ чинь нарийн яривал бүр хайрцаглаад яадгаа алдчихсан гэрээ биш шүү дээ. Бизнесийн нүдээр харвал олон хувилбар, гарцтай гэрээ. Амьдаръя гэвэл арга зөндөө бий.

Цахилгаан станцын төсөл хэзээнээс эхлэх вэ?

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд цахилгаан станц маш чухал. Тиймээс цахилгаан станцын төслийг нэн яаралтай явуулах ёстой. Үндсэндээ бараг хөдөлчихлөө. Газрын байршлаа тогтоочихсон. Урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн, гадна дотны хөрөнгө оруулагчидтай санал солилцсон. Монголд дотоодын хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа хамгийн том төсөл. М.Энхсайхан гэдэг зангарагтай том эдийн засагч энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон нь зөв хувилбар гэж хувьдаа бодож байгаа. Гэхдээ элдэв сонирхол орчихгүй л байгаасай.

“Рио Тинто”-гийн танилцуулсан төслийн дараагийн санхүүжилтыг хэзээ ч зөвшөөрч чадахгүй

Тавантолгой ийм байгаа бол Оюутолгой бас дутахгүй асуудалтай байх шиг байна. Оюутолгойн гэрээнд тусгагдаж чадаагүй ямар асуудлуудыг Та харж байна вэ? Хүдэр дэх дайвар бүтээгдэхүүний үнэлэмж, хөндлөнгийн лаборатори ч гэдэг юм уу?

Одоо эргээд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг харахаар хэн ч, хэзээ ч хийлээ гэсэн төгс төгөлдөр зүйл хийж чадахгүй. Тухайн үедээ амьдралаас хэний ч санаагүй эрсдэлүүд гарч ирж болно. Тэр эрсдэлүүдийг аль болох багасгах нь талуудын асуудал. Энэ талаасаа хөөгөөд үзвэл гэрээнд олон асуудал бий. Бид ийм том хэлэлцээрийг анх удаа байгуулсан. Энэ төсөл удаашрах тусам хөрөнгө оруулагч талд ч, манай талд ч учир дутагдалтай. Гэхдээ нэгэнт тодорхой болсон зөрчлүүдийг арилгаж шийдэхгүйгээр цааш явна гэвэл цаашдаа их хор хөнөөлтэй. Тиймээс шийдээд явах ёстой.

Бид нэг туйлшрахаараа хэтэрхий туйлшрах юм. Лабораторийн асуудал яригдаж эхлэнгүүт Геологийн төв лаборатори Оюутолгойн баяжмалд хяналт тавина гээд шийдвэр гаргачихсан. Үүнийг манай компани учир дутагдалтай гэж үзэж байгаа. Уул уурхайн үйлдвэрлэлийг цаашид зохистой байдлаар авч явахын тулд хяналт тавих үйл ажиллагааг жаахан томоор харах ёстой. Хүдрийн уурхай дээр ямар агууламжтай хүдэр гарч ирж байна, баяжуулах үйлдвэр рүү ороод ямар хэмжээний хаягдал гарч байна. Хаягдалд нь ямар элемент агуулагдаж байна, ямар агуулгатай хүдэр ороод ямар агуулгатай баяжмал гарч ирж байгааг тогтооё л доо. Ийм агуулгатай хүдэр ороод, ийм ийм дагалдах элементийн агууламжтай ийм баяжмал, ийм үнээр гарч байна гэдгийг нээлттэй болгоё. Үүн дээр үндэслэн авах ёстой татвар хураамжаа авъя. Нэмээд, сорчилж ашиглаж байна гэх мэт элдэв хардлага төрүүлэхгүйн тулд нээлттэй болгоё. Ингэхийн тулд лаборатори бүх юмны эх сурвалж болно. 

Нөгөө талаасаа уул уурхайн олон улсын хурал зөвлөгөөнүүд дээр хүмүүсийн ярихыг сонсож байхад Оюутолгойн хэлэлцээрийг хуучин маягаараа тааж яриад байна. Анх манайд ирэхдээ 1800 тонн алт, 45 сая тонн хүдэр ашиглана гэж ярьж байснаа одоо 800 тонн алт болчихлоо, сорчилж ашиглах гэж байна, ТЭЗҮ нь худлаа байна гээд зүгээр л таагаад яриад байдаг. Тэр нь олон нийтэд үнэн юм шиг санагддаг болчихсон. Үнэндээ биднийг уурхай руу оруулсан ч бид хэдийг нь ашиглаж байгааг мэдэхгүй. Тийм болохоор үүнийг мэддэг, хянадаг, удирддаг систем дэлхийд гараад хэзээний ашиглаад эхэлчихэж. Уурхайн үйл ажиллагаан дээр өдөртөө хэдэн метрээс ямар хүдэр олборлоод ямар тээврээр зөөж, яаж баяжуулаад юу гаргаж байгаа, хэдэн хүн ажиллаж байна, төлөвлөснөөс илүү зардал гаргаж байгаа эсэх, төлөвлөсөн хэмжээгээр олборлож байна уу, хаягдал их гарч байна уу гээд бүгдийг хянаж байдаг нэгдсэн систем бий болж, ашиглаж байна.

Энэ асуудлыг бид гаргаж тавьж байгаа юм. Толгой компани дээр ямар программ хэрэглэх ёстой, дата баазыг яаж бүрдүүлэх, салбар охин компаниудын мэдээллийг яаж цуглуулж, үйл ажиллагааг нь яаж хянах ёстой юм гэдэг асуудал орхигдчихсон. Өнөөдөр Оюутолгой ямар программ ашиглаж, Канад, Англи, Австрали дахь төв оффисууд нь түүнийгээ яаж хянаад байгаа юм, түүн шиг бид ч бас тэднийг хянаж байх ёстой. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааны нэгдсэн системд оръё гэсэн үг. Лабораториор бид баяжмалд хяналтаа тавьчихна, үйл ажиллагааны программаар бүх асуудлаа хяначихъя, хэлэлцээрт ороод санхүүгийн нэгдсэн программд орчихъё. Ингэвэл өнөөдрийнх шиг Оюутолгой мэдээллээ гаргаж өгөхгүй, бид гуйх нь холгүй байх явдал дахиж гарахгүй. Ер нь бид Оюутолгойг аймаар том гэж хараад, Засгийн газар л орж хэлэлцээр хийхгүй бол болохгүй гэж ойлгодог. Монголд бүртгэлтэй гадны хөрөнгө оруулалттай жирийн л нэг компани шүү дээ.

Лабораторитой холбоотой хоёр дахь том асуудал бол инженерийн лаборатори. Өнөөдөр манайх гангийн үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр барина гээд яриад л байдаг. Орост сургууль төгссөн нь нэг өөрийг, Германд төгссөн нь бас өөрийг, Хятадыг судалсан нь бүр өөрийг ярьдаг. Дээрээс нь гадны олон улсын байгууллагууд, компаниуд өөрсдийнхөө төлөөллөөр дамжуулаад тэс хөндлөн зүйл ярьж байх жишээтэй. Гэтэл энэ олон зүйлээс алийг нь авч хэрэгжүүлбэл Монгол улсад боломжтой ашигтай байх вэ гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлаад, үнэлэлт дүгнэлт өгөх чадвар шийдвэр гаргах түвшинд байдаггүй. Жишээ нь Монголд хэдэн тонн төмрийн хүдрийн нөөц байгаа, ямар агуулгатай юм, тэр нөөцөд тулгуурлаад ямар хүчин чадалтай, ямар төрлийн үйлдвэр барих ёстой юм, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм бол дотооддоо хэдийг нийлүүлэх, илүү гарснаа хэнд зарах вэ гэдгийг судалж байх газар манайд хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, Инженерийн алба  лаборатори байгуулах ёстой. Өнөөдөр Монгол улсад уул уурхайн салбар хөгжиж байна гэдэг ч баяжмалд химийн шинжилгээ хийдэг ганцхан төрлийн  лабораторийг эс тооцвол ямар ч лаборатори байхгүй. Дэлхийн түвшний үйлдвэрлэл явуулж, хэдэн арван тэрбум долларын асуудлыг шийдвэрлэх гэж байгаа бид бүх асуудлаа дандаа хүний амаар шийдэж байгаа. Түүнд үнэлэлт дүгнэлт өгөөд, мэргэжлийн түвшинд судалдаг инженерийн мэргэжлийн баг, лаборатори байдаггүй. Хүссэн нэг нь хүссэн ашгаа бодон нэг үйлдвэрийн төсөл бариад ороод ирдэг. Зөв бурууг нь хэлээд өгөх мэргэжлийн байгууллага байдаггүй. Зарим сайн төслийг буруу яриад унагааж байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ.  Ийм нөхцөлд манай улсад лабораторийн асуудлыг өргөн хүрээнд харж, шийдвэрлэх ёстой. Дэлхий дээр гарчихсан, ашиглаж байгаа технологийг бид адилхан л ашиглах ёстой. Манай компани энэ чиглэлээр нэлээд ажил хийх төлөвлөгөөтэй байгаа.

Хувь нийлүүлэгчдийн хуралд хоёр талаас тавьсан асуудлуудыг харахад хоёр тал хоёулаа Хөрөнгө оруулагчдын гэрээгээ өөрчилье гэсэн саналтай байна уу даа гэж ойлгогдохоор байна?

Асуултад хариулахаас өмнө нэг зүйл хэлмээр байна. “Эрдэнэс МГЛ” компанийн хувь нийлүүлэгч нь Монгол улсын Засгийн газар. “Оюутолгой” ХХК-ийн хувь нийлүүлэгч нь “Эрдэнэс МГЛ”. Монгол улсад бүртгэлтэй нэг компанийн Хувь нийлүүлэгчдийн хуралд Засгийн газар өөрөө ороод байгаа нь Оюутолгой компанийн гадны хөрөнгө оруулагчдыг өөр түвшний болгож харагдуулаад байгаа юм. Нэг нь нэг улсын компани, нөгөө нь нэг улсын Засгийн газар. Ийм тэнцвэргүй байдлыг бид өөрсдөө бий болгочихоод байна. Манай тал яг гэрээгээ хариуцаж байгаа компанийн оролцоог багасгаж, үнэлэмжийг нь бууруулаад байна. Мэдээж сайд нар оролцож байгаа нь ач холбогдолтой, шийдвэр гарахад дөхөм л байх. Гэхдээ компани компанитайгаа ямар зарчмаар харилцдаг, тэр зарчмаар шулуухан л үзэх хэрэгтэй. Манай Засгийн газар нэр хүндээ бодсон ч тэр.

Гэрээг өөрчлөхийн тухайд бол хэн дуртай нь гэрээгээ өөрчлөөд байвал тэр гэрээний үнэлэмж, утга учир алдагдаж байна гэсэн үг. Энэ талаараа буруу үзэгдэл. Нөгөө талаасаа “Рио Тинто”-гийн тавьж байгаа санал бол бараг гэрээгээ өөрчилье, санхүүжилтээ гэрээний дагуу хийх боломжгүй боллоо гэсэн утгатай байгаа. Харин манай талаас тавьж байгаа санал бол танайх гэрээнд заасан үүргээ биелүүл. Биелүүлж чадахгүй бол гэрээгээ өөрчилье гэж байгаа юм. Ингээд харвал хоёр тал хоёулаа гэрээг өөрчилье гэдэгт санал нэгдэж байна гэж ойлгож болно. Гэтэл энэ процедурыг тайлбарлаж байгаа тайлбар, гадаад орчинд цацагдаж байгаа мэдээлэл нь Монгол улсын Засгийн газар гэрээгээ өөрчилнө гээд байн байн санал тавьдаг юм шиг ойлгогддог. Үүнд бид зөв тайлбар өгч байх ёстой юм шиг байна.

“Эрдэнэс Оюутолгой”, “Эрдэнэс МГЛ” ч юм уу, хувьцаа эзэмшиж байгаа компаниуд хэлэлцээр хийгээд, гэрээндээ янз бүрийн санал тавиад зөвшилцөлд хүрээгүй л биз. Компани хоорондын асуудал шүү дээ. Юм болгон дээр Засгийн газрын нэр гараад байх нь тийм ч зөв зүйл биш. Сая “Оюутолгой” ХХК-ийн дансыг хаасныг Монгол улсын Засгийн газар хаалаа гэж ярьж байна. Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж татварын зөрчилтэй бол Татварын ерөнхий газар дансыг нь хаагаад, зөрчлөө арилгахыг шаардах нь байдаг л нэг процедур. Гэтэл хаа байгаа Засгийн газрын нэр энд ороогдоод явж байдаг.  

Хувь нийлүүлэгчдийн хурал хэзээ дахин хуралдах вэ?

Хурал эхэлчихсэн, нээлттэй байгаа. Хэлэлцэх асуудлуудаа шийдэх гээд л ярилцаж байна.

Өмнөх хурлуудаар юу шийдэв ээ?


Хувь нийлүүлэгчдийн хурлаар 6, ТУЗ-ийн хурлаар 13 асуудлыг шийдье гэж оруулсан. Нөгөө талаас тавьсан асуудал бол ТУЗ-өөр шийдэх 13 асуудлаас долоог нь Хувь нийлүүлэгчдийн хурлаар шийдвэрлэе гэсэн.
Хоёрдугаарт, Оюутолгой төслийг аль аль тал нь цаашид үргэлжлүүлье. Явцын янз бүрийн асуудлыг тухай тухайн үед нь шийдээд явъя гэсэн зарчмын хоёр том асуудлаа тохирч чадсан.

ТУЗ-ийн хурлаар асуудлуудаа шийдэж чадаж байна уу?


Шийдсэн асуудал хараахан алга.
/Ярилцлагыг гуравдугаар сарын 21-нд хийсэн. Сурв/ Одоо хуралдаж байгаа ТУЗ-ийн хурал бол ээлжит хурал. Ээлжит хуралдаан дээр шинээр дөрөв, таван асуудлыг нэмж тавьчихаад байгаа юм.

Төслийн дараагийн санхүүжилтийг батлахаас Засгийн газар яагаад цааргалаад байгаа юм бэ? Тийм болж бүтэхгүй зүйл байгаа юм уу?

Гэрээнд зааснаар бол анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа ногдол ашиг хуваарилах ёстой. Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх тусам түүнийг нөхөх хугацаа нэмэгдэж, ногдол ашиг хуваах хугацаа хойшилно.

Гэрээнд хөрөнгө оруулалтыг “Рио Тинто” компани хийнэ гэж заасан. Гэтэл хоёр дахь хөрөнгө оруулалт буюу төслийн дараагийн хөрөнгө оруулалтыг олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын сангуудаас зээлээр санхүүжүүлье гээд байгаа.Тэр зээл өгөх банкууд өөрсдийн эрсдэл, ашгийг тооцоод үзэхээр тэр санхүүжилтийг буцаан төлөх хугацаа уртсаад байгаа юм. Үндсэндээ бараг 2033 онд “Оюутолгой”-д оруулсан бүх санхүүжилт, хөрөнгө оруулалтыг төлж дуусахаар байна. Ингэх юм бол энэ хэлэлцээрийг Монглын ард түмэн хүлээж авахгүй. Ядаж л олон нийтэд ямар ойлголт байна гэхээр Оюутолгойг 30 жил ашиглаад л дуусна гэж боддог. Гэтэл 20 жил ямар ч ногдол ашиг авахгүй байна гэхээр бөөн асуудал босно биз дээ. Тийм болохоор Засгийн газар “Рио Тинто”-гийн танилцуулсан төслийн дараагийн санхүүжилтийг хэзээ ч зөвшөөрч чадахгүй.

Ер нь өнөөдрийн байдлыг харахад Монгол улс энэ түвшингээ хадгалаад явах нь зөв байх. Одоогийн гэрээний заалтууд дээрээ хатуу зогсоод, гэрээнд заасан шаардлагуудаа тавиад, авах ёстой татваруудаа аваад явах хэрэгтэй.

Олон нийт маш муу гэрээ болсон гээд Оюутолгойн гэрээ байгуулсан хүмүүсийг элдвээр хэлж байна. Гэтэл энэ гэрээнд нөгөө талын дураараа дургих хаалтыг хийж чадсан. Хөрөнгө оруулалтын гэрээний 9,4-д анхны хөрөнгө оруулалтыг ТЭЗҮ-д тусгаснаас илүү хийхгүй гээд заачихсан байгаа. Энэ нь өнөөдөр манай Засгийн газрын барьж байгаа гол “хөзөр” болчихсон, давуу байдлыг хадгалж байгаа юм шиг?

Тийм байлгүй яах вэ. Энэ том гэрээг хийхэд туршлагагүйгээсээ, ойлгохгүйгээр алдсан юм байж л байгаа. Гэхдээ Д.Зоригт, С.Баярцогт, Л.Гансүх ч тэр анхны том хэлэлцээрт орсон. Маш сайн заалтууд гэрээнд их бий. Муу хийе гэж муу хийсэн гэрээ гэж би хувьдаа боддоггүй. Тухайн нөхцөл байдалдаа чадлынхаа хэрээр хийсэн л гэрээ гэж бодож байна. Миний хувьд энэ гэрээг хэтэрхий нарийвчилж хийж дээ л гэж харж байна. Яг өөртөө наах үр өгөөжийг тодорхой болгоод зарим заалтуудыг ерөнхийлж, жаахан цөөлөх хэрэгтэй байсан юм болов уу. Яахав, зарим нэг зүйлийг арай өөрөөр олж хараад хийж болоогүй юм байх даа гэмээр заалтууд бий л дээ. Дараа юу ч болох билээ.

“Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г 2015 онд багтаана гээд Уул уурхайн сайд зарлачихлаа. “Эрдэнэс МГЛ”-ын давуу эрхийн нэг ширхэг хувьцаа иргэн бүрт олгогдсон. Энэ хувьцааны ногдол ашгийг авах уу, авбал хэзээнээс авах вэ гэдгийг Гүйцэтгэх захирлаас нь асуух хүн олон бий байх?

Одоо л бид “Эрдэнэс МГЛ” компанийн давуу эрхийн хувьцааг ярьж чадахаар болж байна. Яагаад гэхээр ашигтай ажиллаж байж давуу эрхийн хувьцаандаа ногдол ашиг өгнө шүү дээ. Хувьцаа өглөө гээд биччихэж болно. Гол нь ногдол ашиг хэзээ авах вэ гэдэг асуудал.

Хэзээ ашигтай ажиллах вэ гээд хөөхөөр Монгол улсад уул уурхайн стратегийн ордуудыг эзэмшиж байгаа төрийн оролцоотой компаниудаас ашигтай ажиллаж байгаа ганцхан компани байгаа нь “Эрдэнэт үйлдвэр”. “Эрдэнэт”-ийн ногдол ашиг урьд нь улсын төсөвт ордог байсан бол одоо Хүний хөгжил сан руу “Эрдэнэс МГЛ” компанийн данс руу орж байгаа. Ингэснээр компаниудаас ногдол ашиг татах чадвартай болж, давуу эрхийн хувьцаагаа мөнгөжүүлэх боломжтой болно гэсэн үг.

Хоёрдугаарт, бусад төслүүд маань эргэлтэд бүрэн ороод, ашигтай ажиллаж байж бид ногдол ашиг төвлөрүүлж чадна. Эдийн засгийн ашигтай байлгахын тулд шаардлагатай дэд бүтцийг нь бий болгож, зөв бодлогоор хангах үүрэг “Эрдэнэс МГЛ”-д оногдсон. Ажил явна аа, явна.

Ярилцсанд баярлалаа.

  • Dvger (103.26.194.87)
    tanii ajild amjilt hvsie
    2013 оны 10 сарын 27 | Хариулах
  • ЭТТ (124.158.94.35)
    ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ НЬ ЧИНАЛКО КОМПАНИД 250000000 ДОЛЛАРЫН ӨРТЭЙ ҮҮНД 250000000ТӨГ58ТӨГТН=4310344ТН НҮҮРС ЭКСПОРТЛОЖ ӨГӨХ ЁСТОЙ 1 ТН НҮҮРСИЙГ ХЯТАДАД ЭКСПОРТЛОХОД 1 ТН НҮҮРСНИЙ ТЭЭВЭР 21 ДОЛЛАР БАЙХ БА НИЙТ 90517241 ДОЛЛАР ХЭРЭГТЭЙ ЭНЭ МӨНГӨ УЛСЫН ТӨСӨВТ СУУГААГҮЙ ЧИНГИС БОНДООС АВЧ ЧАДАХГҮЙ ТЭЭВЭРЧДЭЭ АНХААААР ТА НАРЫГ ХУЛХИДАХ ГЭЖ БАЙНА ШҮҮ
    2013 оны 05 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.56.16)
    heden huuhed duu nar n setgegdel uldeej dee tsahilgaanii injener gel uu
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.131.231.194)
    tand amjilt husie
    2013 оны 05 сарын 01 | Хариулах
  • zochin (180.149.78.20)
    ih zow bodoltoi uneheer chadvartai hun ym shg sanagdlaa tsaashdiin ajild tani amjilt husie
    2013 оны 04 сарын 28 | Хариулах
  • Б.Дүүрэн (122.201.18.142)
    архаж байнаНутгийн дүүгийн ажил өөдрөг өнгөтэй байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийльеУлс эх орныхөө төлөө ирээдүй хойч үеийнхээ төлөө их зүйл хийж бүтээхийг хүсэн ерөөе
    2013 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (182.160.39.128)
    taniar baharhaj baina
    2013 оны 04 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.39.128)
    taniar baharhaj baina
    2013 оны 04 сарын 26 | Хариулах
  • amaa (80.250.27.148)
    zub shudarga uhaantai humuus bdgiig bi medeh ym bnamash saihan oilgomjtoi yria ogson bna ene hun mongol ulsiin niit massiin erh ashgiig bodoj ajillaj chadna gdegt naidaj bnaxariutslagatai zarchimch guilgee uhaantai baij l TESO kompani amjiltand hursen ene tom kompaninii udardlagad zub huniig ajluulj bgaa ym bna amjilt husey tanid
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (122.201.18.39)
    Юм багаас эхлээд их рүү тэмүүлдэг 90ээд үед маруужингийн цех байсан байж болох ч өнөөдөр Корпорацийн түвшинд хүрч олон салбарт хүч үзэн улс орныхоо ирээдүйд хувь нэмрээ оруулан ТОР 100 ААН-д багтааж явж буй нь хэрэглэгч миний зүгээс харахад бахадмаар байдаг
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (203.91.118.54)
    Маруужингийн цехийн эзэн
    2013 оны 04 сарын 24 | Хариулах