Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулийн төсөл өргөн барина

Эдийн засгийн хөгжлийн яамнаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулжээ. Уг төслөө өчигдөр Монголын томоохон компаниудын төлөөлөл, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудад танилцуулж, санал солилцсон байна.

Энэхүү хуулийн төслийн үндсэн агуулга нь гадаад, дотоодын гэж ялгаварлахгүйгээр хөрөнгө оруулагчдад ижил тэгш хандаж, тухайн хөрөнгө оруулалтын хэмжээнд нь тохирсон хугацаанд эрхзүйн тогтвортой байдлыг бий болгохоор тусгажээ. Өөрөөр хэлбэл, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад удаан хугацаанд, бага хэмжээний хөрөнгө оруулалттай бол богино хугацаанд эрхзүйн орчныг тогтвортой байлгахаар зорьжээ.

Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын зөвлөх Д.Зоригт ажиллаж байгаа аж. Хуулийн төслийг удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих юм байна.

Сүүлийн 12 сарын хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс буурсан билээ. Энэ оны эхний хоёр сарын байдлаар гэхэд 246,8 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон нь өмнөх оны мөн үеэс 58 хувиар буурсан үзүүлэлт юм.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт ийн буурч байгаа болохоор  УИХ-ын хаврын чуулганаар Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон. Уг хуулийг ганцхан гадаадын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд хамааруулж, бусад хөрөнгө оруулагчдыг Хөрөнгө оруулалтын тухай хуулинд хамруулахаар тооцоолжээ.

С.Болд-Эрдэнэ