Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

100 гаруй сая тонн нүүрс олборлох боломжтой ч борлуулах нөхцөл бүрдээгүй байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүхтэй ярилцлаа. Тэрээр 2012 онд дээрх албанд томилогдсон юм. Уул уурхайн цахилгаан механикийн инженер мэргэжилтэй, уул уурхайн магистр, Монгол улсын зөвлөх инженер. Багануурын уурхайд инженерээс Дэд захирлын албыг хориод жил хашаад сүүлийн жилүүдэд Түлш эрчим хүчний ерөнхий газар, Түлш эрчим хүчний яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны ахлах мэргэжилтнээр ажиллажээ. Нүүрсний салбарын хамгийн том уурхайд практик үйлдвэрлэл дээр хориод жил, бодлого боловсруулах хүрээнд арваад жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм.

Ярилцсан Н.Ариунтуяа С.Болд-Эрдэнэ

Судалгаагаар бидний төсөөлснөөс харьцангуй бага нүүрс экспортлох таамаг гарсан


Монголын уул уурхайн салбарын хөгжлийн түүхийг эхлүүлж 90 жилийг туулсан нүүрсний салбарын өнгөрснийг өнөөдөртэй харьцуулахад ямар өөрчлөлтүүд  гарсан байна вэ? 


Налайхын уурхайг 1922 онд улсын болгосноор уул уурхай, түлш эрчим хүчний салбарын түүх эхэлдэг. 1960-аад онд Шарын гол, 1980-аад онд Багануур, 1990-ээд онд Шивээ-Овоо гээд уул уурхайн салбарын нүүр царай болсон томоохон нүүрсний уурхайнууд байгуулагдсан. Энэ үед Монгол улс жилд 4-6 сая тонн нүүрс олборлож зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангадаг байлаа.  Яамны орлогч сайдаар удирдуулсан Нүүрсний үйлдвэрийн нэгдэл гэж агентлагийн хэмжээний орон тоо, бүтэцтэй байгууллага ажилладаг байв. Мөн 1996 онд 100-гаад хүний бүрэлдэхүүнтэй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нүүрсний газар байгуулагдан 2003 он хүртэл үйл ажиллагаа явуулж байсан юм.

2005 оноос хойш манай улсад нүүрсний үйлдвэрлэл эрчтэй хөгжиж байна. Өнөөдрийн байдлаар дотоодын хэрэгцээндээ 6-7 орчим сая тонн нүүрс хэрэглэж байна. Харин экспортод гаргах хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа. 2012 онд 31 сая тонн нүүрс олборлосны 20,5 сая тонныг экспортолж, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувь, экспортын бүтээгдэхүүний 50 шахам хувийг нүүрсний салбар эзлэх болсон.

Цар хүрээний хувьд ийм өргөн далайцтай, анхаарал татсан том салбар болчихлоо. Улс орны эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл ихтэй болсон энэ үед нүүрсийг маш их сонирхож хөрөнгө оруулалт ч  өсч байна.

Энэ салбарын гол мэргэжлийн бүтэц нь Ашигт малтмалын газрын нүүрсний хэлтэс. Манай хэлтэс нь үйлдвэр технологийн, нүүрсний боловсруулалтын гэсэн 2 тасагт гадаад, дотоодын их дээд сургууль төгссөн мэдлэг чадвартай 20-иод мэргэжилтэн орчин үеийн нүүрсний олборлолт, боловсруулалтын технологиудыг судлах, түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна. 

Монгол улсын хэмжээнд явж байгаа нүүрсний  үйлдвэрлэлийн жигд ажиллагааг хангах, мэдээ тайланг нь нэгтгэх, стандарт шаардлагыг хангах, ТЭЗҮ-ийг хянан шүүх, хүлээж авахад оролцох зэрэг хэрэгжилтийн ажлыг хийдэг. Уурхайг шинээр ашиглалтад хүлээн авах, хаах, уурхайн уулын ажлын төлөвлөгөө, ТЭЗҮ-тэйгээ тохирч байгаа эсэхийг хянаж батлах, уурхайнуудаар явж төлөвлөгөөт болон шаардлагатай үед үзлэг шалгалт хийх гээд ажил их. Бүтэц маань энэ ажилд хүрч ажиллахад заримдаа хүн хүчний хүрэлцээ хангамж дутагдах талтай ч болгохын төлөө зүтгэж байна.

Нүүрсний салбарыг хүмүүс их энгийн гэж ойлгодог?

Мэргэжлийн бус хүмүүст нүүрсийг хайх, олборлох нь хялбар технологитой ашигт малтмал гэсэн буруу ойлголт яваад байдаг. Бусад ашигт малтмалаас ялгарах онцлог талууд бий. Нэгжид ногдох үнэ бага. Маш том чадлын, цар хүрээтэй уурхай байгуулж байж, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Үүний хэрээр хөрөнгө оруулалт их шаардана. Нүүрсний уурхайн  жилийн хүчин чадлыг хэдэн зуун мянга, саяар ярьдаг учраас хэмжээний хувьд асар том. Маш их тээвэрлэлтээр зөөж, их хэмжээгээр зарж байж ашиг олдог салбар. Өөрөөр хэлбэл, дэд бүтцээс ихээхэн хамааралтай.

Үүнийгээ дагаад маш олон төрлийн нарийн мэргэжилтэй боловсон хүчин шаардагдана. Өндөр хүчин чадалтай техник, технологи ч шаардана. Нүүрсний нөөцийг буруу тооцоолох, эсвэл ашиглалтын системийн сонголтыг буруу хийх юм бол эдийн засгийн хувьд маш их хор учруулдаг.  Харин ч уул уурхайн салбар дотроо хамгийн их тооцоотой, хамгийн их мэдлэг боловсрол шаарддаг, орчин үеийн өндөр техник технологи, хөрөнгө оруулалтын том хүчин чадал шаарддаг нь нүүрсний салбарын онцлог юм. Маш их  нөөцөд тулгуурлаж, удаан хугацаанд, тогтвортой ажиллахын тулд том хөрөнгө оруулалт хийдэг салбар.

Хуучин ЗХУ-д уул уурхайн мэргэжилтнүүдийг бэлтгэж цааш гүнзгийрүүлэхдээ уул уурхайн салбарын  инженерүүдийг нүүрсний болон өнгөт металын чиглэлээр төрөлжүүлэн мэргэшүүлж бэлтгэдэг байсан. Өнгөтийн тоног төхөөрөмж арай жижиг оврынх байхад нүүрсний уурхайн тоног төхөөрөмжүүд харьцангуй өндөр хүчин чадалтай байдаг. Иймээс газрын хэвлийг том хэмжээгээр нээдэг онцлогтой. Тэр хэрээр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл ихтэй.

Яг өнөөдөр манайд хэчнээн нүүрсний уурхай ажиллаж байна вэ? Энэ тоо ойрын жилүүдэд хэр нэмэгдэх бол? Ер нь Монгол улсын нүүрсний нөөц, хүчин чадал хэдий хэр болоод байна вэ? 

Манайхны тооцоо судалгаа муутай, хэт туйлширч хошуурсан маягаар ханддаг байдал энэ салбарт ч ажиглагдаж байна. Хэдий хэр хөрөнгө оруулалт орж ирэв. Хэр их нөөц нээв. Ирэх жил хэдий хэрийг нээх бол гэдгийг л олон нийт болон хэвлэл мэдээлэл ихээхэн сонирхож байна.

Монгол улс нүүрсний 173,3 тэрбум тонн таамаг нөөцтэй. Үүний 21,5 тэрбум тонныг нарийвчилсан хайгуулаар тогтоосон. Энэ нь жилд 100 сая тонн нүүрс олборлоно гэвэл 200-гаад жилийн нөөц гэсэн үг. Өнөөдрийн байдлаар 60 гаруй нүүрсний уурхай үйл ажиллагаа явуулж байна. Налайхын жижиг уурхай, амуудыг оруулаад шүү дээ. Тэдгээрээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 40 гаруй уурхай байна. Үүний 20 гаруй нь коксжих нүүрсийг  экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Цаана нь 100 гаруй уурхай ажиллахад бэлэн өөрөөр хэлбэл, ашиглалтын тусгай зөвшөөрөл аваад, ТЭЗҮ-гээ боловсруулаад нээхэд бэлэн болчихсон төслүүд байна. Үндсэндээ 150 нүүрсний уурхай ажиллахад бэлэн болчихсон байна гэсэн үг. Энэ уурхайнуудын ерөнхий хүчин чадлыг нэмээд үзэхэд бараг 150 сая тонн нүүрс олборлох боломж бүрдчихлээ.

Эрдэс баялаг эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас 2010 онд хийсэн судалгаа, таамаглалаар 2025 оны түвшинд Монгол улс 100-гаад сая тонн  нүүрс олборлож,  80 орчим сая тонныг экспортолж, 16-18 орчим сая тонныг дотоодын хэрэгцээнд эрчим хүч болгон ашиглах тооцоо хийсэн.

Уул уурхайн яам 2012 оноос “Нүүрсний салбарын мастер төлөвлөгөө”-г нүүрсний ашиглалт боловсруулалтын чиглэл рүү түлхүү хандуулж, Японы ЖАЙКА байгууллагатай хамтран боловсруулаад одоо дуусах шатандаа ороод байна. Энэ сард мастер төлөвлөгөөний төгсгөлийн тайлангийн хурал болсон.

Япончууд дэлхийн болон Хятадын зах зээл, ган, коксын үйлдвэрлэлийг судлаад Хятадын коксжих нүүрсний хэрэглээ нэг их нэмэгдэхгүй гэж дүгнэжээ. Хятад улсын импорт 2011-2012 онд нэлээд дээд түвшиндээ хүрсэн юм байна. Хятад улс 48 сая тонн нүүрсийг гаднаас импортоор авдаг. Үүний 20 сая тонныг Монгол улсаас  авч байна. Энэ нь Хятадын коксжих нүүрсний импортын 40 гаруй хувийг Монгол улс эзэлж байна гэсэн үг. Гэвч цаашаа өсөх боломж муухан харагдаж байна. 2025 оны түвшинд Хятадын коксжих нүүрсний импорт өслөө гэхэд 55 орчим сая тонн болох, үүний 70 хувь нь буюу 40 орчим сая тонн нүүрсийг Монгол улс нийлүүлж болох тооцоо гаргасан байна. Манай улсын хилийн боомт, дэд бүтцийн хүчин чадал ч гэсэн иймэрхүү дүр зургийг харуулж байна. Үүнээс харахад бидний төсөөлснөөс бараг хоёр дахин бага таамаг гаргажээ.

Гэтэл бид өнөөдрийн байдлаар 150 орчим сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай болчихлоо. Энэ онд 30-35 сая тонн нүүрс олборлоно гэвэл цаана нь 100 гаруй сая тонн нүүрс хүчин чадлынхаа хэмжээнд гарч чадахгүй хүлээгдэх нь. Манай нүүрсний гадагш гарах сонирхол хаагдмал буюу зах зээл байхгүй болчихоод байна. Төмөр зам тавигдаагүй учраас дэд бүтцийн боломж ч хязгаарлагдмал. Хөрөнгө оруулалт ч үр ашиггүй болчих тал ажиглагдаж байгаа биз. Зах зээл байхгүй байхад ямар ч тооцоо судалгаагүйгээр баахан хөрөнгө татчихсан чинь нөхцөл байдал ийм болчихоод байна. Үүнийг бид одооноос ярьж тооцохгүй бол болохгүй.

Хүчин чадал ихсэхийн нэг муу тал нь хөрөнгө оруулагчид хөрөнгөө үр ашиггүй болгохгүйн тулд сорчлох,  нүүрсний үнээ хямдруулах, байгаль орчны нөхөн сэргээлтэд бага хөрөнгө зарцуулах зэрэг хүндрэлүүд гарч болзошгүй.

Нүүрсний салбарын хөрөнгө оруулалт үр ашиггүй болчих вий гэж болгоомжилж байна уу?

Япончуудтай хамтарсан судалгаагаар манайх 40 орчим сая тонн коксжих нүүрс экспортлох боломж байгааг гаргажээ. Гэтэл  “Эрдэнэс Тавантолгой”-н  Баруун, Зүүн Цанх тус бүрдээ  20 сая тонн, Ухаахудаг 15 сая тонн гээд зөвхөн Тавантолгойн орд дээр 55 сая тоннын хүчин чадал байна. Нарийнсухайтын орд дээр 2-3 уурхай ажиллаж байгаа. Эдгээрийн хүчин чадлыг нэмээд үзвэл 30-аад сая тонн болно. Хоёрхон ордоос 80 гаруй сая тонн нүүрс гарах боломж  бүрдчихээд байна. Гэтэл цаана нь 100 гаруй уурхай ажиллахад бэлэн байдаг.

Эдгээр уурхайнууд нөгөө хоёр ордтой өрсөлдөх боломжтой юу гэдэг асуудал гарна. Тавантолгой, Нарийнсухайт нь дэд бүтцийн хувьд ч, байршил газарзүйн хувьд ч, улсаас тавих анхаарал, дэмжлэгийн хувьд ч давуу байхад төвийн бүсэд байгаа уурхай ч юм уу шинээр уурхай нээгдлээ гэхэд энэ хоёр ордын уурхайнуудтай өрсөлдөөд зах зээлд нүүрсээ гаргах боломж тун хомс юм. Тэгэхээр үлдсэн 100 гаруй уурхайн хөрөнгө оруулалт үр ашиггүй ч болчих тал харагдахаар байгаа биз. Иймээс болгоомжлох, сэрэмжлэх, тооцоо судалгаа хийх хэрэгтэй байна. Энэ салбарын мэргэжилтний хувьд нөхцөл байдал ийм байгааг хөрөнгө оруулагчид болоод олон нийтэд ойлголт өгөх үүднээс л хэлж байна.

Манай улс 1997 оны Ашигт малтмалын тухай хуулиа хөрөнгө оруулалт татахын тулд нэлээд нээлттэй тавьсан. Үр дүнд нь чанартай чанаргүй маш их хөрөнгө оруулалт орж ирлээ. Үүнийгээ дотор нь ялгаж салгаж үзмээр байна. Энэ дотор үнэхээр шилдэг тэргүүний техник технологи оруулж ирсэн сайн хөрөнгө оруулалт ч байгаа. Байгаль орчинд халтай, технологийн шаардлага хангаагүй хөрөнгө оруулалт ч бий. 

Хятад улс сүүлийн жилүүдэд жижиг оврын уурхайнуудаа ихэнхийг нь хааж, том компаниуддаа нэгтгэх хандлагатай байна. Тэдгээр жижиг уурхайдад ажиллаж байсан хуучин шинэ янз бүрийн техник, технологиуд манайд ороод ирсэн. Тэр нь байгаль орчин, салбарын үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй ч хөрөнгө оруулалт гээд л дэмжээд байдаг. 

Тухайн ордын ашигт малтмалын онцлог, байршил, хөрсний зузаан уул геологийн нөхцөлд тохирсон, техник технологийг сонгож, уул уурхайн үйлдвэрлэлийг явуулах ёстой. Гэтэл одоо тэр компаниудын аваад ирсэн техникт тохируулж ашиглах байдал манайд бий болчихоод байна. ТЭЗҮ, төлөвлөгөөг нь хянаж байхад манай компанийн хөрөнгө оруулалтад орж ирсэн ийм техникээр ордоо ашиглана гэх байдал их ажиглагддаг. Энэ бол чанаргүй хөрөнгө оруулалт. Техникт тохируулж ашиглахаар үргүй зардал гарна, сорчилно, ашигт малтмалын хаягдал бохирдол их гарна. Тиймээс хөрөнгө оруулалтыг ялгаж салгаж үзэх хэрэгтэй юм.

Хоёрдугаарт, нүүрсний салбарт хөрөнгө оруулалтыг чанаржуулах шалгуурыг бий болгох хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг шинээр нүүрсний уурхай нээхэд биш, шилдэг бүтээгдэхүүн гаргах, боловсруулах чиглэлд хандуулмаар байна. Мөн нүүрсний дэд бүтцийг хангах чиглэл рүү хөрөнгө оруулалт татах цаг иржээ.

Ер нь манайд нэг ордыг олон хэсэг хувааж тусгай зөвшөөрөл олгосон, тусгай зөвшөөрөл бүрт  өөрийн дураар нэр өгөөд аль ордод ямар уурхай байгаа нь бараг мэдэгдэхээ больсон замбараагүй байдал үүсээд байна. Нарийнсухайтын нүүрсний ордыг Нарийнсухайт, Овооттолгой, Хүрэнтолгой, Сүмбэр, Банзат хайхан, Өвөлжөө уул, Зангат уул, Хөвгүүн, Гашуу толгой, Хайрхан толгой, Товон уул, Баруун ноён уул, Галын овоо гэх мэт нэртэйгээр 25 хуваасан байх жишээтэй.

Уг нь нүүрсний ордууд нийлмэл тогтоцтой байдаг. Нэг ордыг олон хэсэг тусгай зөвшөөрлөөр хувааж олгосноор ордын эдийн засгийн болон технологийн ач холбогдол буурдаг. Иймээс Засгийн газрын үйл ажиллагааны  хөтөлбөрт геологийн хувьд нэгдмэл тогтоцтой ордуудын ашиглалтыг иж бүрнээр нэгдсэн байдлаар олборлох бодлого баримтлахаар тусгагдсан байгаа. Одоо энэ бодлогоо хэрэгжүүлж, замбараагүй байдлыг цэгцлэх хэрэгтэй байна.

Та зөвхөн Хятадын зах зээлийг ярилаа. Гэтэл гуравдагч зах зээл болох Япон, Солонгост ч бас хэрэгцээ байгаа шүү дээ?


Коксжих нүүрсний үндсэн зах зээл нь Хятад, Зүүн Азийн орнууд руу чиглэдэг. Эдгээр орнуудад мэдээж хэрэгцээ байгаа. Гол нийлүүлэгч нь  Австрали улс. Оросууд ч  далайн боомттой учраас энэ чиглэл рүү хандах байх. Манай улсын хувьд Хятадын нутгийг даваад цааш гарах боломж нь муухан л харагдаад байгаа юм. 

Судалгааны байгууллага, судлаачдын үзэж байгаагаар нүүрсийг гурав дахь зах зээлд гаргахад тээврийн зардал өндөр. Коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ хамгийн багадаа 200 доллараас дээш байх тохиолдолд бага зэрэг ашиг гарна гэж үзэж байна.

Өнөөдөр коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ 120-150 доллар байна. Тиймээс гурав дахь оронд гаргах боломж хомсдмол. Манайх хоёр хөршөөрөө дамжиж гурав дахь зах зээлд гарна. Оросын нутгаар дамжин далайн боомт хүрэхэд 5500 км тээвэрлэнэ. Хятадын нутгаар 1400 орчим км тээвэрлэнэ. Энэ хоёр том орон ямар бодлого барих вэ, манай нүүрсийг чөлөөтэй гаргах уу, өөрсдийнх нь тээврийн боломж, хүчин чадал ямар байх вэ гээд их олон хүчин зүйлээс хамаарч байгаа учраас шууд гурав дахь зах зээлд гарна гээд  ярих боломж муутай. Бодит байдалдаа тулгуурлаж л Хятадын зах зээлийг ярьж байгаа юм.

Хятад гэсэн том зах зээл рүү хэдэн зуун саяар нь хамаагүй чихээд л байхад аваад байх юм шиг ойлгоод байдаг. Гэтэл тийм биш, тэр зах зээл ч бас л хэмжээ хязгаартай. Хэрэгцээ нь 50-60 сая тонноос илүүг авах боломжгүй нь судалгаагаар харагдаж байна. 

Судалгаанд үнийн хүчин зүйлийг яаж тооцсон бэ? Коксжих нүүрсний үнэ өсөх төлөв харагдахгүй байна уу?
 
Коксжих нүүрсний зах зээлд бусад орнууд ч өрсөлдөн орж ирж байна. Зохих хэмжээний үнэтэй, эрэлт ихтэй учраас олон орон анхаарал тавьж, шинээр уурхайнууд нээж байна. Орост Якутын Эльга гээд том орд нээгдлээ. Тавантолгойн хэмжээний сайн чанарын нүүрстэй, ихээхэн нөөцтэй орд. Мозамбикт том уурхай нээгдэж байна. Шинэ шинэ өрсөлдөгч гарч ирж байна. Дээр нь энэ зах зээлийн гол нийлүүлэгч байсан Австрали, АНУ, Канад, Шинэ Зеланд, Индонези улсууд хэвээрээ байж байна.

Хятад улс өөрөө жилд 504 сая тонн коксжих нүүрс үйлдвэрлэж, өөрийн хэрэгцээг хангадаг орон. Мэдээж өөрийн олборлолтоо багасгахгүй, ямар нэг байдлаар нэмэх хандлага барьж байна. Өөрөөр хэлбэл, нийлүүлэгч олон, хэрэглэгч хязгаарлагдмалдуу учраас зах зээлийн үнэ өсөх боломж харагдахгүй байна л даа. Гурав дахь зах зээлийн хувьд ерөнхийдөө л бүрхэгдүү байдалтай харагдаж байна.

Гэхдээ нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Монголын нүүрс Хятадын коксжих нүүрсний зах зээлийн 40 орчим хувийг эзэлсэн нь Австралид үер болсонтой холбоотой шүү дээ.

ЖАЙКА-гийн судалгаа, тооцоо хэр үндэслэлтэй байдаг юм бол? ЖАЙКА өөрөө зах зээлийн мэргэжлийн байгууллага биш шүү дээ?

Зах зээлд шилжих ерээд онд Монгол улсын түлш эрчим хүчний салбар маш хүнд нөхцөлд орсон юм. Нүүрсээ хангаж чадахгүй, нэг хоёр хоногийн нөөцтэй. Бараг л вагон дээрээс нь түлдэг байсан үе.  Улаанбаатарт цахилгаан байнга тасарна. Тэр үед би Багануурын уурхайд ажиллаж  байлаа. Тэгэхэд Монгол улсыг эрчим хүчээр хангах, гал алдахгүй дулаан байлгах асуудал тулгарсан. Мөнгө байдаггүй. Ийм хүнд үед Америк, Япон улс ардчиллыг хөгжүүлж, зах зээлд шилжиж байгаа улс гэдгээр манайд анхаарал хандуулсан л даа.

Тэр үед ЖАЙКА-гийн санхүүжилтээр анхны “Нүүрсний салбарын мастер төлөвлөгөө”-г хийсэн юм. 1996 онд хийсэн энэ судалгаан дээр үндэслэн Японы Засгийн газар манайд хөнгөлөлттэй зээл өгсөн. Дэлхийн банк ч энэ судалгаанд үндэслэж зээл өгсөн. Ямар ч судалгаагүй бол хөрөнгө гаргахгүй шүү дээ. Зээл авч Багануур, Шивээ-Овоог шинэчлэх төсөл хэрэгжүүлснээр түлш эрчим хүчний салбар өнөөдөртэй золгосон юм. 2010 онд энэ мастер төлөвлөгөөний хэрэгжих хугацаа дууссан.

Ингээд Уул уурхайн яам нүүрсний салбарт судалгаа хийлгүүлэх хүсэлтээ ЖАЙКА-д тавьсан юм. ЖАЙКА хөрөнгийг нь гаргаж Японы судалгааны байгууллагуудын дунд тендер зарласнаар JCoal /Japan Coal Energy Center/ судалгааны байгууллага шалгарч судалгаа хийж байгаа. Энэ судалгаа нь дэлхийн болон манай улсын нүүрсний зах зээлийг  судлан ийм чиг хандлага байна, дэлхийн зах зээл ийм байна, танай улсын боломж ийм байна гэж  зөвлөмж болгож байгаа юм.

100 орчим уурхай ашиглалтад ороход бэлэн болчихоод байна гэлээ. Тоймтой хэдээс нь нэрлээч?

Өмнөговь аймагт “Саутгоби коал транс”, “Барууннаран”, “Болдфоарда”, “Жунхаовэйеэ”, “Хүннү коал”, Дорноговьд “Айл баян”, “Их говь энержи”,  Сүхбаатар аймагт Баянцогтын уурхай, Хөөтийн уурхай ажиллах бэлтгэлээ бүрэн хангаад байна. Баянхонгорт “Гоби коул энержи” компанийн Хотгорын ордоос нүүрсээ Нарийнсухайтаар дамжуулан урагшаа гаргахаар хөрөнгө оруулалт нь эхэлчихсэн, Шинэжинстээс Нарийнсухайт хүртэл шороон замаар нүүрсээ тээх гэж байна. Хөвсгөл аймагт Могойн голын орд дээр “Аспайр майнинг” компани  маш том хүчин чадалтай уурхай нээчихээд байж байна.

Эрдэнэт-Мөрөн хүртэл төмөр зам тавьж хойд чиглэлд нүүрсээ гаргана гэж байгаа. Улаан-Овоогийн орд нэлээд том хүчин чадалтай уурхай бий болчихлоо. Солонгосын хөрөнгө оруулалтаар Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгор шанагын ордод уурхай ашиглалтад орох гэж байна. “Монэнко”-гийн Хөшөөтийн орд байна. Замаа тавиад асар их хөрөнгө оруулалт хийсэн мөртлөө бас л явж өгөхгүй байна. Орон нутгийнхан зогсоогоод байгаа юм шиг хүмүүс ойлгодог. Тэр бол өнгөний л асуудал. Цаанаа зах зээл, нүүрсний үнэ, өмнө бодож төлөвлөж байсан шиг нь ашиг олж болохгүй болчихоор зогсчихоод байгаа хэрэг. Үнэхээр ашигтай байсан бол яаж ийгээд л гаргадаг биз дээ. Хамгийн ойрхон хилийн ордуудыг ярихад л энэ.

Хүрэн нүүрсний хувьд төвийн бүсэд Төгрөг нуур, Цайдам нуур, Чандгана, Тугалгатай, Эрдэнэцогт, Хашаат гээд 1-4 тэрбумын нөөцтэй ордууд байна.

Хайгуулын лицензтэй маш олон компани байгаа. Тэгэхээр 150 уурхай дээр дахиад нэмэгдэж таарах нь ээ?

Тэр хайгуулын лицензүүдээс хэд нь уурхай болох, хэд нь ашиггүй болохыг хэлэхэд хэцүү. Ашигт малтмалын тухай хуулиар хайгуул хийсэн л бол 9 жилийн дараа хүссэн хүсээгүй ашиглалтынх болгодог. Ашиглалтынх болсон бол 60 хоногийн дотор ТЭЗҮ хийнэ. Хайгуул эхэлсэн л бол газар шороо ухах хүртэл хугацаа заагаад шахаад өгчихдөг. Үүнийг шинэ хуульд их зөв тусгах хэрэгтэй юм. Хайгуул хийсэн ордыг улс нөхөн төлбөр өгөөд авна гэж байгаа. Нөхөн төлбөрийг хэрхэн яаж тооцох талаар тодорхой болгох хэрэгтэй. 

Ер нь олсон нээсэн ашигт малтмалын орд болгоноо ухаж төнхөөд байх уу, улс орны болон бүс нутгийн нийгэм эдийн засагт өндөр ач холбогдолтой, томоохон хэмжээний ихээхэн нөөцтэй ордуудыг үе шаттайгаар эдийн засгийн эргэлтэд оруулах уу гэдгийг бодлогоор тодорхойлох шаардлага байгаа юм. 

Шинээр нээгдэж байгаа нүүрсний уурхайнууд  дүрмийн дагуу ашиглалтаа явуулж байгаа юу?

Монголд мэргэжлийн чиг хандлага их алдагдсан. Манайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг  ямар ч хамаагүй нэг нөхөр авдаг. Лицензийн эзэн уурхайдаа өөрөө хөрөнгө оруулалт босгоно гэсэн бодолтой. Хөрөнгө оруулалт хайгаад Хятадаас бага зэрэг юм олоод ирдэг.  Уурхайдаа хамаатан садан голдуу хүмүүсээ тавьчихдаг. 40-50 хүнтэй уурхайд уул уурхайн мэргэжлийн хүн 1-2 л байдаг. Жижиг уурхайнууд ийм л байгаа. Мэргэжлийн бус хүн муухан техникээр ажиллаж технологийг буруу ашиглахаар эдийн засгийн хувьд ч алдагдалтай, байгаль орчиндоо ч сөрөг нөлөөтэй.  

Уурхайн олборлолтын зөвшөөрлийг уул уурхайн мэргэжлийн байгууллагад олгомоор байгаа юм. Уул уурхайн салбар бол эдийн засаг, техник технологи, нийгмийн харилцаа гэсэн олон суурь шинжлэх ухааны зангилаан дээр тогтдог онцлогтой салбар. Шинжлэх ухааны дэвшлийг уул уурхайн салбарт нэвтрүүлэхийн тулд орчин үеийн  мэргэжлийн сайн менежмент, технологийг ашигладаг оператор компаниуд уул уурхайн үйл ажиллагаа явуулах ёстой. Австралийн “Лейтон Ази” компани Ухаахудаг, Хөшөөт, Улаан-Овоод ажиллаж байгаа шиг мэргэжлийн, олборлогч үндэсний  компаниуд Монголд шаардлагатай байна.

Зах зээлээ олсны дараа л нэмүү өртөг шингээх ёстой

Нүүрсний хүчин чадал зах зээлээсээ давсан хүчин чадалтай байгаа нөхцөлд нэмүү өртөг шингээх нь зөв гарц мөн үү? 

Нэмүү өртөг шингээж үнийг өсгөөд зарна гэсэн үг хүн бүхний амнаас гарч байна. Бас л бодож үзэх асуудал юм. Нэмүү өртөг шингээх нь нэг талдаа хэрэгтэй ч нөгөө талдаа зөв шингээхгүй бол, эцсийн гарч байгаа бүтээгдэхүүн стандарт шаардлага хангасан чанартай байж чадахгүй бол ямар ч ач холбогдолгүй болно. Үндсэндээ тэмээн дээр ямааны гарз. Энгийн л жишээ хэлье. Дорж үхрийн сүүгээ зардаг тодорхой зах зээлтэй байя гэж бодъё.

Зарж чадахгүй байлаа ч нэг их гарз хохирол байхгүй. Нэмүү өртөг шингээж боловсруулаад ааруул болгон зарах гэтэл ааруул нь чанаргүй, муухай амттай бол хэн ч авахгүй. Сүүг ааруул болгох дамжлагад өчнөөн зардал гарсан байдаг. Хоёр дахин шатахаар байгаа биз. Үүнтэй адил нэмүү өртөг шингээхдээ технологи, чанарт онцгой анхаарахгүй бол бидний өнөөгийн түвшинд байгаа шиг хөрөнгө оруулалт бүрийг үүн рүү татъя, нэмүү өртөг шингээе гээд байх нь нэг талдаа бодууштай л асуудал.

Эн тэргүүнд нүүрс хэрэглэх хэрэглэгчийнхээ хүсэл зорилгыг мэдэх ёстой. Жишээлбэл, Хятад улс түүхий нүүрс авна гэвэл түүхий нүүрсээ л авна. Нэмүү өртөг шингээд үнэд орчихсон нүүрсийг авахгүй гэвэл яах вэ. Тэгэхээр улс хоорондын тогтвортой, маш урт хугацааны төр засгийн хэмжээний гэрээ байгуулаад бид нэмүү өртөг шингээе, та нар авах уу, ийм үнээр тэдэн жил өгнө шүү гэдгээ тогтож, зах зээлээ олсны дараа л нэмүү өртөг шингээх ёстой юм. Учир шалтгаангүй нэмүү өртөг шингээвэл түрүүн хэлсэнчлэн хор холбогдол гарч болзошгүй.

Дараагийн нэг бодох зүйл нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө. Нэмүү өртөг шингээн нүүрсийг угааж баяжуулаад гаргахад хэдий хэмжээний ус орох вэ. Хэдий хэмжээгээр байгаль орчин бохирдох вэ. Хог хаягдлыг яах вэ гээд асуудлууд бий. Нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаж байна гээд ухсан нүхэн дээрээ баахан хаягдлын овоолго, бохирдсон ус, нунтаг тоос үлдээчихвэл  хүмүүсийнхээ эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх билээ гэдгээ маш нарийн тооцож байж хийх хэрэгтэй.

“Mongolian Mining Corporation”-ын Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Манай түүхийгээр гаргадаг нүүрс хил нөхцөлөөр 95 доллар. Угааж баяжуулсан нүүрсээ 50-60 доллараар ахиулж зардаг. Гэхдээ баяжуулах үйлдвэр барихын тулд 600-гаад тэрбум төгрөгийн зардал гаргасан. Нарийвчлан тооцоод нэмүү өртгийн зардлаа хасаад үзэхэд 1 тонн нүүрс дээр 5 орчим доллар нэмэгдэж байна” гэж байна лээ. Энэ 5 доллар хэр ашиг вэ гэдгийг бид бодож үзэх ёстой юм. Хүн ойлгохдоо 90 доллараар зарж байсан нүүрсийг 150 доллараар зараад 60 долларын ашиг олчихлоо гэж боддог. Тийм биш. Цэвэр ашиг нь 5 доллар л байна. Үүний цаана байгаль орчин хэр хохирч байгаа зэргийг маш нарийн тооцох хэрэгтэй.

Манай улс нүүрсээ нэмүү өртөг шингээж гаргах бодлоготой байгаа гэж гадаадынхантай ярихаар нэмүү өртөг гэдэг нь зах зээлийн хандлагатаа л  тохирч, нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүний чанарын шаардлага хэмжээнд явах ёстой. Ер нь эдийн засгийн хувьд боломж муутай орнууд ард олноо ажилтай болгохын тулд нэмүү өртөг шингээх аргыг хэрэглэдэг. Эдийн засгийн хувьд боломжтой болоод ирэхээрээ тэртээ тэргүй түүхий нүүрс авахгүй гэдэг.

Манайхаас баахан түүхий нүүрс аваачаад өөрийн усаар угаагаад, баахан шороо овоолох хүсэл хэнд ч төрөхгүй. Эдийн засгийн хувьд жаахан боломжгүй байгаа учраас л өнөө маргаашдаа авч байгаа юм. Цаашдаа эцсийн шатны боловсруулсан бүтээгдэхүүн л авахыг хүснэ. Япон, Солонгос мэдээж манайхаас түүхий нүүрс биш эцсийн бүтээгдэхүүн авъя гэнэ. Өнөөдөртөө Хятад л авч байна. Манайхан бас буруу л яриад байгаа юм. Хятад улс бодлогоор манай нүүрсийг түүхийгээр аваад байх санаатай байна гэж яриад байгаа.

Австрали улс байгаль орчноо хамгаалах үүднээс нүүрсээ түүхийгээр өгөх бодлого барьж байх шиг байна. Бид судалгаа тооцоотой л ажиллах ёстой. Нэмүү өртөг шингээлээ гэхэд хэдий хэрийн зардал гаргаад хэдий хэрийн ашиг олж байна. Үнэхээр ашиг гарч байна уу, үгүй юу гэдгийг судалж тооцохгүйгээр сэтгэлийн хөөрлөөр боловсруулна, нэмүү өртөг шингээнэ гээд байх нь хор хохиролтой ч байж мэднэ. Бас зах зээлээ олж байж хийхгүй бол дээр хэлсэн хүндрэлтэй асуудлууд ч тулгарч болно.

Зах зээл ийм хязгаарлагдмал байхад маш их нүүрсний бэлэн хүчин чадалтай болчихсон манай улс яах ёстой вэ? Монголд хамгийн үр дүнтэй байх гарцыг Та яаж харж байна вэ?

Зах зээл хязгаарлагдмал биш л дээ. Бид байгаа зах зээлдээ хэрхэн байр сууриа бататгах, шинэ зах зээлд хүрч чадах эсэх нь л хамгийн гол асуудал.

Өндөр хөгжилтэй Герман, Япон, Солонгос зэрэг улс гаднаас баахан нүүрс, кокс авч боловсруулаад, төмрийн хүдэр авч металургийн үйлдвэрээ ажиллуулаад байна. Тэгвэл Монгол оронд газар нутаг байна. Металын ашигт малтмалын нөөц ч их байна. Нүүрс нь ч байна. Эдгээр улсыг метал боловсруулах үйлдвэрээ Монгол улсын нутаг дэвсгэр дээр бариач гэсэн санал тавьж болно шүү дээ. Хар төмөрлөг гаргалаа гэхэд тэр нь дэлхийн зах зээл дээр гарч чадах уу гэсэн юм яригддаг. Тэгвэл хар төмөрлөгийг ашиглах машины үйлдвэрийг нутагтаа бариулчихвал хамгийн боломжтой зөв шийдэл байж ч мэдэх юм.          

Ер нь Монгол улсын бодлого ил тод, тодорхой байх хэрэгтэй байна. Тодорхой бус байдал хөрөнгө оруулагчдыг ойлгомжгүй байдалд оруулчихдаг. Нүүрсний салбар гэхэд нүүрсний нөөц, хөрөнгө оруулалтын хүчин чадал нь хангалттай болчихсон байна. Иймээс нүүрсний уурхайнуудыг зөв гольдролд нь оруулж цэгцлэх бодлого хэрэгтэй байна. Гэтэл зарим хүмүүс хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийн дор нэмж зөвшөөрөл олгоод явья. Энэ их нөөц байхад  ашиглах ёстой гэж ярьдаг.

Монгол улсын Ерөнхийлөгч Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцүүлэг дээр “Манайд 2200 гаруй хайгуулын, 1200 гаруй ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. 2,7 сая хүнд хангалттай биш үү” гэж асууж байсан. Бидний хэрэгцээ бага. Ингэтлээ их лиценз тарааж, газар нутгаа онгичин, ийм олон уурхай байгуулах шаардлага байна уу. Улс орноо хөгжүүлээд явах хэдэн том уурхайгаа үр ашигтай ажиллуулахад л болно шүү дээ. Том уурхайн цаана том технологи, том бодлого явдаг.

Хятад яг ийм бодлого явуулж байна. Жижиг уурхайнуудаа хааж, стандарт, шаардлага хангасан том хүчин чадалтай уурхайнуудаа ашиглаж байна. Бидэнд ч бас ийм бодлого хэрэгтэй байна. Энэ бүхнийг цэгцлэхийн тулд  бид улс төрийн бодлогодоо, Ашигт малтмалын хуульдаа тодорхой шаардлагын хэм хэмжээ тогтоомоор байгаа юм. Зам, дэд бүтцээ шаардлагын хэмжээнд тавьсны дараа үйл ажиллагаагаа эхлүүлэх журам тогтоох хэрэгтэй. Монгол улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах, эхлэлийн төдий байсан нүүрсний экспортыг дэмжихийн тулд Нарийнсухайт, Тавантолгойн уурхайгаас шороон замаар нүүрс тээвэрлүүлж байсан. Одоо засмал замаа тавьж байж нүүрсээ гарга гэдэг шаардлага тавих цаг нь болжээ.

Нүүрс олборлогчид нүүрсний худалдааны үнэ буюу Яамнаас тогтоодог жишиг үнийг их шүүмжилдэг л дээ. Ийм жишиг үнэ байхаас аргагүй. Нүүрсний компаниудын зарим нь нүүрсээ 100 доллараар гаргаад зарж байхад зарим нь 20-30 доллараар өгчих жишээтэй. Нүүрсний үнийг савлуулж, хоорондоо өрсөлдөн үнэ унагаах нөхцөл бүрдүүлэх явдал ажиглагдаж байсан. Иймэрхүү муу талууд байдаг учраас болгоомжтой хандах хэрэгтэй юм. Улс зарим зүйл дээрээ хатуу зогсох л хэрэгтэй.

Манай төрийн бодлого, ялангуяа шинээр боловсруулж байгаа Ашигт малтмалын хуулийн төслийг төрийн оролцоог нэмэгдүүлсэн, хөрөнгө оруулалтыг боомилсон гээд нэлээд шүүмжилж байна. Хар хүний өмнөөс шар хүн  гэгчээр мэргэжлийн холбоодын хүмүүс хөрөнгө оруулагчдын өмнөөс хуулиа их шүүмжлэх юм. Хөрөнгө оруулагчид гарах гээд байна, дүрвэх гээд байна гээд л. Яг үнэндээ хөрөнгө оруулагчид дуугарахгүй л байгаа. Орос, Хятад, Канад, Австралийн хууль манай шинэ хуулийн төслөөс хэд дахин чанга. Хөрөнгө оруулагчид үүнийг ойлгож байгаа учраас дуугарахгүй байгаа юм. Эдний гар хөл болсон дүйвээний нөхөд маш их шүүмжилж, хүмүүсийн толгой эргүүлж, хамаг юмыг хурааж авч хумих гээд байгаа юм шиг ойлголт төрүүлээд яваад байх юм.

Судалгаанаас  ирээдүйд коксжих нүүрс биш эрчим хүчний нүүрсний эрэлт их байхаар харагдаж байна. Манай нүүрсний нөөцийн дийлэнхийг эрчим хүчний зориулалтын хүрэн нүүрс эзэлдэг. Гэтэл энэ их нөөцийг зөв ашиглах талаар тодорхой шийдлүүд гарахгүй байх шиг? 

Тийм ээ. Эрчим хүчний хэрэгцээ асар их өсөхөөр гарсан байна. Гэхдээ эрчим хүчний нүүрс коксжих нүүрсээсээ хэд дахин бага үнэтэй. Экспортод гаргаад зөөхөд бүр ч хүнд. Тээврийн зардлаа даахгүй. Манай улсын хувьд хүрэн нүүрсийг боловсруулах, ашиглахад цаашдын зорилт бодлогоо чиглүүлэх хэрэгтэй байна. Сүүлийн хоёр гурван жилд ерөнхийдөө экспортын коксжих нүүрсний чиглэлээр хурал чуулган нэлээд болж, хүмүүсийн анхаарлыг татаж байна. Хүрэн нүүрсний асар их нөөцөө зөв ашиглах, эрчим хүч болгож үйлдвэрлэх шаардлага байна. Гэхдээ эрчим хүч болгоод гаргалаа гэхэд хэн авах вэ, ямар үнээр авах вэ гэдгийг төрийн бодлогоор зохицуулж өгөхгүй бол бас л болохгүй.

Өмнө нь Шивээ-Овоогийн уурхайг түшиглэн эрчим хүчний том станц бариад эрчим хүчээ Хятадад экспортолно гэсэн төсөл яригдаж байсан шүү дээ. Хятадын төрөөс эрчим хүчний үнийг чөлөөлөөгүй. Манайх тэр үнээр нь өгөх үү, эсвэл зах зээлийн үнээр өгөх үү. Манайд орж ирэх цахилгаан станц ямар технологитой байх вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Тухайн үедээ тэр цахилгаан станц нь үнс, утаа ихээхэн гаргадаг технологи яригдаж байсан. Байгаль бохирдуулж, зөндөө их нүүрс, ус хэрэглэсний эцэст жаахан эрчим хүч гаргасныг нөгөө орон нь бага үнээр авбал ямар ч ашиггүй юм болно. Маш том бодлого байж үүнийг хиймээр байгаа юм.

Коксжуулна, хагас коксжуулна, нүүрсээ шингэрүүлнэ гээд л манайхан ярьдаг. Шингэрүүлэх технологи дэлхий дахинд явж л байна. Яг шингэрүүлээд улс орныхоо зохих хэрэгцээг хангаад явж байгаа нь одоохондоо алга. ӨАБНУ-д “Сосал” гэж компанийн шингэрүүлэх үйлдвэр ажилладаг гэж л байгаа. Мэдээлэл нь хомс. Хэрвээ үнэхээр ашигтай бол манайхаас илүү хөрөнгө санхүүгийн боломжтой, потенциалтай, илүү туршлагатай улс орнууд дор нь л нүүрсээ шингэрүүлээд гаргаад авчихна шүү дээ.  2006 онд Монгол улсын нийт хэрэгцээг 2012 он гэхэд нүүрсээс гаргасан шингэн түлшээр хангана гээд л явж  байсан. Үүнийг ярих ёстой ч өнөө маргаашдаа тулчихсан бидний хийж чадах асуудал биш санагддаг. Ийм нарийн түвшний асуудал ярихаасаа өмнө нүүрсээ хаягдалгүй, байгальд ээлтэй сайн технологиор ашигладаг, олборлодог байдалд шилжмээр байна.

Манай хувийн хэвшлийнхэн нүүрс шингэрүүлэх чиглэлээр маш өндөр өртөгтэй судалгааны ажил, төслүүд хэрэгжүүлж эхлээд байгаа шүү дээ?
 
Хөрөнгө оруулалтын эрсдэлээ даахын тулд судалгаа шинжилгээ хийсэн л байх. Их л сайн нягталж үзүүштэй технологи. Нүүрсийг дэлхий дахинд шингэрүүлж байсан үе бий. Герман улс дэлхийн хоёрдугаар дайны үед нүүрсийг шингэрүүлээд ашиглаж байсан гэдэг. Энэ түлш нь чанарын шаардлага хэр хангаж байсан юм бүү мэд.

Түүний дараа дэлхийд газрын тосны маш их нөөц илэрснээс болоод энэ технологи хаягдчихсан юм. Газрын тосны нөөц хомстоод ирэхээр нүүрс шингэрүүлэлт сүүлийн хэдэн жилд нэлээд идэвхтэй яригдаж байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар нүүрс биш занарыг шингэрүүлэх нь технологийн хувьд хямд ашигтай байна гээд занар руу хошуураад эхэллээ.

  • shaagaa (103.26.192.157)
    Маш зөв мэдээлэл өгөх ярилцлага болжээ Аливаа асуудлыг тэр дундаа хөрөнгө оруулалт их шаарддаг уул уурхайн салбарт судалгаатай харьцуулалттай төсөл төлөвлөгөөг хийдэг болох ёстой байх
    2016 оны 01 сарын 08 | Хариулах
  • Like (103.11.192.98)
    Сайн нийтлэл байна Яг үнэн зөв мэдээллийг хүргэсэн санагдлаа Дэмжиж байна Ийм юм ярих ёстой цаашид хийх ёстой
    2013 оны 04 сарын 24 | Хариулах
  • coalman (202.179.20.243)
    Манайд 2200 гаруй хайгуулын 1200 гаруй ашиглалтын тусгай зөвшөөрөл байна 27 сая хүнд хангалттай биш үү” хэдэн томоо үлдээгээд бусдыг нь хаах нь тун зөв шүү
    2013 оны 04 сарын 17 | Хариулах
  • erka (119.40.102.7)
    Сайн байна ЛАЙК Маш зөв зүйлийг сайн талаас нь ярьсан байна Үхрийн эвэр шиг олон хүнийг нэг танхимд иймэрхүү танилцуулах илтгэл тавьж болдоггүй юмуу Харин зөв гэхэд зарим зүйл дээр жаахан судлууштай маш сайн судалгаа хийх шаардлагатай зүйлүүд байх шиг Дэлхийн хэмжээнд олон улсын хэмжээнд маш сайн судалж яагаад болдоггүй юм бол Франц Ангил Орос Хятад хэлтэй мэрэгжилтэнүүдээр судалгаа хийлгэж нарийн үзвэл бидэнд боломжтой гарц олдоно доо Голабалчлал гээд хохироод байж болохгүй өөрсддөө ашигтайгаар эргүүлвэл зүгээр юм шиг Бусад орныхон манай зарим дээд албан тушаалтнуудаар дамжуулан өөрсдийн шаардлагыг тулгаад байна Мэргэжлийн байгууллагууд болон жирийн иргэдэд ч сэжигтэй тиймэрхүү этгээдүүдийг иймэрхүү нийтлэл илтгэлээр бүр нам дарж эх орныхоо хөгжил цэцгэлэлтийг хэрхэн хурдасгах зүй зохистой ашиглах талаар нэгдсэн нэг чиг шугамтай болох хэрэгтэй байна Бусдын хараан доор хэдий болтол Монгол улс байх ёстой юм бэ яаг үнэндээ
    2013 оны 04 сарын 03 | Хариулах