Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Оюутолгой төслийн “нууц” баялаг...

Б.Төгсбилэгт

Монголын эдийн засаг сүүлийн дөрөв, таван жилд гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд анхаарахуйц сэдэв болж чадсан нь Оюутолгой төслийн хэрэгжилт эрчимжсэнтэй нягт холбоотойг шинжээчид, улс төрчид хүлээн зөвшөөрдөг.



Роберт Фридланд:

 “Оюутолгой төслийн хүрээнд үйлдвэрлэх зөвхөн дайвар бүтээгдэхүүний орлого нь гэхэд л төслийн үйлдвэрлэлийн зардлыг нөхөөд илүү гарна”

Энэ хугацаанд төслийг хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” нэрээ өөрчилж Turquoise Hill Resources болгосноос гадна тус компанийн хяналтын багцыг “Рио Тинто” гэх магнат эзэмшдэг болжээ. Тиймээс Монголын Засгийн газар “хуучны анд” “Айвенхоу”-гаасаа гадна хүссэн хүсээгүй “Рио Тинто”-той “гар хөлөө барилцах”-аас өөр аргагүйд хүрсэн билээ. Төслийг хэрэгжүүлэгчийн ар талд үндсэндээ “Рио Тинто” гэх дэлхийд үлэмжид тооцогддог уул уурхайн компани зогсож байгааг Нарантуулын тэрэгчин хүүгээс авахуулаад Замын-Үүдэд цемент зөөдөг залуу ч сайн мэддэг болсон цаг.  Гэвч бид одоо хэр нь Оюутолгой төслийг дэндүү чухал нүдээр харсан хэвээр. Учир нь монголчуудын мэдэхгүй, аль эсвэл нарийвчлан тодруулах шаардлагатай олон зүйл энд байгаа юм.

Яг одоогийн байдлаар төслийн хөрөнгө оруулалт, хяналтын талаар Монголын Засгийн газар, “Рио Тинто” компанийн төлөөлөл өнгөрсөн хоёрдугаар сард хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн ч нэгдсэн ойлголцолд хараахан хүрээгүй байсаар. Монголын Засгийн газар “Рио Тинто” компанид төсөл дэх хувь эзэмшлийг нэмэгдүүлэх хүсэлт тавихын хэрээр Оюутолгой төслийн ирээдүй бүрхэг болж байна гэсэн сенсаци ч олон улсын хэвлэлүүдээр өрнөсөөр байна.

Гэхдээ Оюутолгой төсөл монголчуудын хувьд төдийгүй “Рио Тинто”-гийн хувьд ч маш чухал төсөл нь юм. “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал асан Том Албаниз “Манай компанийн гурван гол төсөл Австралийн төмрийн хүдрийн Пилбарагийн бүс дэх орд болон Гвинейн Simandou, мөн Монголд хэрэгжүүлж буй Оюутолгой төсөл юм” гэдгийг онцолж байсан. Эхний хоёр төслийн хувьд төмрийн хүдрийн үлэмж баялаг бүхий томоохон орд. Харин Оюутолгой зэсийн төсөл билээ. Зэс гэдгийн цаана чухал үнэ цэнэ оршиж байгааг “Рио Тинто” мэдэж байгаа. Энэхүү төслийг халаас хоосон “Айвенхоу Майнз” компани эхлүүлж байхад “Рио Тинто“ төсөлд хөрөнгө оруулахаар гэрээ байгуулахдаа олон зүйлийг нарийн ухаарч байсан биз ээ. Оюутолгой төслийн зэсийн хүдэрт баялаг агууламж бүхий алт, мөнгө агуулагдаж буй юм. Өнөөдөр мөнгөний нөөц дэлхийд улам багассаар байна. Бид хүрэн металаар овоглосон Оюутолгойн тухай ярьж байгаа ч энэ нь дан ганц зэс бус олон олон баял­гийн орд юм. Оюутолгой ор­дын зэ­сийн нөөц 30 гаруй сая тонн боловч алтны нөөц нь 1328 тонн, мөнгөнийх 7601 тонн, молибденийнх 81600 тонн гэж тогтоогоод буй.

Фридландын “сюрприз” тайлбар

Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтыг шийдэхэд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн эрхэм бол “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн дарга байсан Роберт Фридланд. Фридланд энэхүү төслийн давуу талуудыг оролцсон хурал болгондоо таниулж явдаг байв.

Оюутолгой төслийн нэгдүгээр үе шатны бүтээн байгуулалт харьцангуй эрчимтэй өрнөж байх үе буюу 2011 оны зургадугаар сард Фридланд зэсийн зах зээлийн нэгэн хурлын үеэр ингэж хэлжээ. “Оюутолгой төслийн хүрээнд үйлдвэрлэх зөвхөн дайвар бүтээгдэхүүний орлого нь гэхэд л төслийн үйлдвэрлэлийн зардлыг нөхөөд илүү гарна” гэжээ. Үүнд Роберт Фридланд молибден, мөнгийг дурдаж байв. Хөрөнгө оруулалтын хурал чуулгануудад оролцохдоо тэрбээр Оюутолгой төсөл бол зүгээр ч нэг гайхамшиг бус, бүр агуу их төсөл гэж ярьдаг нь тийм ч хийсвэр зүйл биш юм. Өөрөөр хэлбэл, тэрбээр бодит баримтыг хачирлаж ярьдаг хүн огт биш.

Фридланд мөн дэлхий дээрх хамгийн бага олборлолтын зардалтай байж болохуйц орд гэж тодорхойлж байжээ. Оюутолгой төслийн олборлолтын зардлын тойм тооцоогоор авч үзвэл ордын хүдрийг олборлох, боловсруулах зардал нь тонн тутамд 1500 гаруй ам.доллар байх ажээ. Хайлуулж, цэвэршүүлэн тээвэрлэх  зардал 600 орчим ам.доллар болох тооцоо гарчээ. Гэвч Оюутолгойн үйлдвэрлэлд хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрлэлийн үйл явц одоохондоо хэрэгжихгүй тул үйлдвэрлэлийн зардал нийтдээ 2000 ам.доллараас төдий л хэтрэхгүй байх тооцоо гарч байна. Тун хямд зардлаар зэсийн баяжмал үйлдвэрлэдэг ордод түшиглэсэн үйлдвэрүүд тонн тутам дахь зардлыг 3000 ам.доллар гэж мэдээлдэг. Энэ бол Оюутолгойн тэмдэглэхгүй байхын аргагүй үнэ цэн.

Оюутолгойн Монголд авчрах ашгийг “доторлохуй”

Монгол хэлний профессор багш нар хүртэл өөрийгөө эх хэлээ доторлох хэмжээнд хүрээгүй байгааг ярьдаг. Монголын төр уг нь Оюутолгой төслөөс Монголд ирэх ашгийг доторлохуйц хэмжээнд байх ёстой.

Гэвч өнөөдөр тэд маань доторлох нь байтугай гадарлаж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй.

Оюутолгой төслөөс 30 жилийн хугацаанд Монголын “дансанд” нийтдээ 29 тэрбум гаруй долларын орлого олох урьдчилсан тооцоо гараад буй. Энэхүү тооцоо нь дэлхийн зах зээлд зэсийн үнэ дунджаар 4408 ам.доллар/тонн байх төлөвт үндэслэн гаргасан “загвар таамаг” ажээ. Энэ тооцоог бид зэсийн үнэ зах зээлд аль болох өндөр байвал Монголд ирэх ашиг нь нэмэгдэх юм байна гэж бүдүүн тоймоор харж болох юм.  Мэдээж энэ тооцоонд Оюутолгойн зэсийн хүдэрт агуулагдах алт, мөнгөний экспортоос олох орлогыг оруулан тооцсон. Үүнд алтны үнийг 600-850 доллар/унц, харин мөнгөний үнийг 10 ам.доллар/унц байхаар тооцож гаргасан байдаг. Энэ нь алт, мөнгөний урт хугацаан дахь үнийн төлөвөөс хавьгүй доогуур үнэлгээ юм. Гэвч энэхүү тооцоонд молибдени, цаашлаад бусад эрдсийн экспортын орлогыг оруулан тооцоогүй. Хэдийгээр  тооцоог УИХ-ын нэр бүхий зарим гишүүн үндэслэлгүй хуучин тооцоо гэж  шүүмжилдэг ч Оюутолгой төслөөс чухам ямар ашиг Монголд орж ирэх талаар өөр тодорхой, ойлгомжтой загвар үзүүлсэн зүйл одоохондоо алга.

Иймд манай тал Оюутолгой төслийн Өмнөд Оюу, Хюго Дамметын гүний уурхай, Хэрүга зэрэг баялаг хэсэг дэх хүдэрт зэс, алт, мөнгө, молибдени бусад ямар дагалдах “үнэт” металууд агуулагдаж буйг нарийн сайн шалгадаг лаборатори ажиллуулмаар байна. Өнөөдөр Оюутолгойг зэс гэж харж буй ч энэ нь чухамдаа үнэт металын иж бүрдэл болсон цул баялаг болох нь олны сонорт тодорхой хүрээгүй байсаар. Энэ ажлыг Монголын төр бүрэн хариуцах, үүнд Turquoise Hill Resources, “Рио Тинто”-гийн талтай шударга, нээлттэй зарчмаар хамтран ажиллах хойшлуулшгүй басхүү зайлшгүй шаардлага тулгамдаж буйг энд тэмдэглэе.

“Эрдэнэт”-ийн сургамж

Эрдэнэт үйлдвэр 1978 онд ашиглалтад орж байхад Монгол улс зэсийн баяжмал экспортлон эдийн засгаа өөд татна гэсэн итгэл найдвараар дүүрэн байсан. Гэвч Эрдэнэт үйлдвэр өнөөдрийнх шиг өндөр ашиг өгөх нь битгий хэл алдагдалтай ажиллаж байсан нь тун егөөтэй явдал байлаа. Эрдэнэтийн зэсийн баяжмал мөн л алт, мөнгөний өндөр агууламжтай байсан ч огт үнэгүйгээр экспортод гарч байсан нь “гал дээр тос нэмэх” гэгч болж байлаа. Эрдэнэтийн хэдэн тонн алт, хэдэн арван тонн мөнгө Орос руу зүгээр гарсныг одоо ч сайн нягталбал тооцож болно. Магадгүй бид Оюутолгойн зэсийн баяжмал дахь алт, мөнгийг тооцчихно гэж хэлж болох юм. Молибденийг ч тооцчихно гэж өөдрөгөөр  бодъё. Гэвч зэсийн хүдрээс кобальт, селен, рени, теллур, хүнцэл зэргийг гарган авах боломжтой. Эдгээр дагалдах ховор металууд нь өдгөө дэлхийн зах зээлд маш эрэлт хэрэгцээтэй болоод байгаагийн зэрэгцээ үнэ нь сүүлийн жилүүдэд асар хурдацтайгаар өсч буй юм.

Зэсийн хүдрээс дайвар бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх энэхүү дагалдах ховор металуудын үнэ дэлхийн зах зээлд нэг кг нь асар үнэтэй болжээ. Тухайлбал, рени кг нь 2600 ам.доллар, кобальт 20 гаруй ам.доллар/кг, селен 100 орчим ам.доллар/кг, теллур 110 ам.доллар/кг, рени кг нь 2600 ам.доллараас дээш үнээр худалдаалагдаж байна. Эдгээр нь сайжруулсан бат бөх ган үйлдвэрлэхэд ашиглагддаг тул машин техникийн салбарт онцгой чухал эрдэс юм. Эрдэнэтийн баяжмал дахь эдгээр маш үнэ цэнтэй баялаг ямар ч үнэгүйгээр гарчээ. Энэ бол гашуун үнэн дурсамж. Одоо бид Оюутолгойг ашиглахдаа Эрдэнэтийг умартсан мэт аашилж байна. Оюутолгой бол Монголын эдийн засгийн гуравны нэгийг бүрдүүлнэ гэж “хөөрцөглөх”-ийн өмнө хүдрээ бүрэн шинжилж чадахуйц нөхцөлийг баталгаажуулах хэрэгтэй байна. Оюутолгой бол зүгээр л нэг баялаг агууламж биш. Энэ бол зах зээлд ойр, олборлолтын зардал бага, олон төрлийн баялаг бүхий орд юм.

Зарим төлөөлөл уг төслийг Монголын тал сайтар хянаж буй гэж хэлж болох юм. Ямар ч байсан, хамгийн энгийн тооцоогоор бодоход ирэх 30 жилийн хугацаанд Оюутолгой төслөөс 30 тэрбум доллараас хавьгүй илүү хөрөнгө улсын төсөвт орох боломжтой нь дээрх гаргалгаануудаас харагдаж байна. Гол нь ирэх гучин жилд Оюутолгой төслийн үйлдвэрлэлийн дүнд яг хэчнээн тэрбум доллар улсын төсөвт орох боломжтой талаар илүү нээлттэй, дэлгэрэнгүй тооцоо хийгээд олон нийтэд тайлагнах шаардлага зүй ёсоор тавигдаж байна, энэ цаг үед.