Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

А.Гансүх: Царигтай холбоотой маргаан 2010 онд бүрэн дууссан

Төмөр замын бүтээн байгуулалт, царигийн маргааны асуудлаар Зам тээврийн сайд А.Гансүхтэй ярилцлаа.

Ярилцсан С.Болд

Шинэ төмөр замын төсөл ямар шатандаа явж байна вэ?

Шинэ төмөр замын төслийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж байна. 2012 оны арваннэгдүгээр сард “Шинэ төмөр зам” төслийн нэг, хоёрдугаар шатыг барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” компанид дахиж олгосон. Тодруулбал, хүчингүй болгосноо сэргээсэн гэсэн үг. Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд Засгийн газрын хуралдаанаас дахиад тогтоол гаргасан. Энэ тогтоолоор “Шинэ төмөр зам” төслийг санхүүжүүлэх эхний ээлжийн 55 сая ам.долларыг олгох шийдвэр гарсан. Мөн нэг, хоёрдугаар үе шатанд баригдах төмөр замынхаа концессийн эрхийг “Монголын төмөр зам” компанид олгосон. Ийм шийдвэрүүдийн дагуу бэлтгэл ажил явагдаж байна.

Зүүн тийшээ тавигдах 1800 километр төмөр замын чиглэлээр ямар ч ажил хийгээгүй гэсэн мэдээлэл байна. Бодитой хийсэн ажил байна уу?


Бодитой хийсэн ажил бий. 2010 оны арваннэгдүгээр сарын 3-нд Засгийн газар 283 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” компанид төмөр зам барих тусгай зөвшөөрлийг анх олгосон. Энэ эрхийг авсны дараа “Монголын төмөр зам” компани 2010-2012 оны хооронд дараах ажлуудыг хийжээ. Шинэ төмөр замын урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулж, эхний ээлжинд баригдах төмөр замын суурь бүтцийн дагуу геологи, геодези, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийлгэсэн. Мөн туршилтын хөрс хуулалт хийж, санхүүгийн болон техникийн хуулийн зөвлөхүүдийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг хангасан байна. Дээрх ажлыг хийхийн тулд “Монголын төмөр зам” компани өөрийн нөөц боломжийг ашиглан өөрт байсан хөрөнгөө банкинд барьцаалж зээл авсан. Энэ хугацаанд Засгийн газраас ямар нэг санхүүжилт хийгээгүй. Өнгөрсөн нэгдүгээр сарын 26-нд л Засгийн газар санхүүжилт олгох шийдвэр гаргасан.

Засгийн газрын олгосон санхүүжилтээр зөвхөн судалгааны ажил хийгдэх үү?

Тийм ээ. Энэ мөнгийг судалгааны ажлыг дуусгахад зориулна.

Судалгааны ажил хэдийд дуусч, бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэх бол?

Өнөөдрийн төлөвлөгөөгөөр төмөр замын ажлын график тодорхой гарсан. 2013-2016 онд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Сайншанд чиглэлийн зам ашиглалтад орно. 2013 оноос зүүн тийшээ явах төмөр замын чиглэлийн бэлтгэл ажил үргэлжлээд явна гэсэн тооцоотойгоор ажиллаж байна.

Зураг  төсөл нь бэлэн болсон Таван­толгой-Гашуунсухайт биш Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн төмөр замыг эхэлж барих нь гэсэн мэдээлэл гарах боллоо?

Аль нэг нам, эсвэл улстөрчийн хэлж байгаагаар төмөр замын ажил явахгүй. Төмөр замын тээврийн бодлого 2010 онд УИХ-аар батлагдсан. Тухайн үед төмөр замын сүлжээ давхар батлагдаж гарсан юм. Тавантолгойгоос зүүн тийшээ явах төмөр замыг нэгдүгээр ээлж, Тавантолгойгоос урагшаа явах нь хоёрдугаар ээлжийн төмөр зам гэж тодорхойлоод Их хурлаас нэгдүгээр ээлжийн төмөр замаа эхлээд барь гэсэн шийдвэр гаргасан. Дараа нь хоёрдугаар ээлжийнхээ төмөр замыг барихаар болсон.

Ажлын явцад энэ нь бага зэрэг өөрчлөгдсөн. Засгийн газар 2011 оны наймдугаар сарын 31-нд 40 дүгээр тэмдэглэлээр нэг, хоёрдугаар ээлжээ цогцоор нь барья гэсэн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, нэг, хоёрдугаар ээлж гэж хуваалгүй нийтэд нь цогц маягаар хэрэгжүүлье гэсэн үг. Үүний дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж 2011 оны есдүгээр сарын 9-ний өдөр гарсан юм. Зөвлөмжөөр шинээр төмөр зам тавих концессийг төрийн өмчит эсвэл төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдэд шууд гэрээний үндсэн дээр олгох хэрэгтэй гэсэн байгаа. Мөн 2012 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дахин зөвлөмж гаргасан.

Түүнд “Сайншанд-Тавантолгой, Ухаахудаг-Гашуунсухайт, Сайншанд-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замыг нэгдсэн сүлжээ болгох зорилгоор суурь бүтцийн барилга угсралтын ажлын концессийг шууд гэрээний үндсэн дээр олгож, 2012 оны эхний хагас жилд багтаан эхлүүлэх” гэсэн байгаа. Төмөр замын нэгдсэн сүлжээ болгоно гэсэн үг. Тиймээс заавал зүүн чиглэлийг түрүүлж барина, урагшаа барих замыг зогсооно гэдэг асуудал байхгүй. Төрийн эрх бүхий байгууллагын тогтоол шийдвэрийг л би танилцуулж байна шүү дээ. А.Гансүх гэдэг хүний хувийн үзэл энд яригдаагүй. Төмөр замын асуудалд улстөрч хүн өөрийн хувийн үзэл бодлыг ярих ямар ч боломж байхгүй. УИХ, Засгийн газрын шийдвэр, ҮАБЗ-ийн зөвлөмж гарчихсан. Үүнийг л мөрдөнө.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажил хэзээнээс эхлэх вэ?


Дөрөвдүгээр сараас эхэлнэ.

Төр санхүүжилтийг нь хийх үү?

Тийм.

М.Энхсайханы санал болгосноор урагшаа барих төмөр замыг эхэлж тавиад, царигийг нь Х.Баттулгын санал болгосноор шийдэж байгаа гэх юм?


Хэвлэлийнхний бичиж, ярьж байгаа таамагт бичиж буй хүний хувийн үзэл бодол орж байна л даа. Ингэж ярихаасаа илүү УИХ, ҮАБЗ, Засгийн газар ямар шийдвэр гаргасан, тухайн шийдвэр ямар үг үсэгтэйг харах хэрэгтэй.

Урагшаа тавих төмөр замын цариг нэгдсэн сүлжээнд холбогдох учраас өргөн царигаар тавих уу?

Царигтай холбоотой маргаан явж байгаа. Өнөөдөр дэлхийн хэмжээнд 16 төрлийн цариг хэрэглэж байна. Энэтхэг 1676 мм, Ирланд 1600 мм, ОХУ 1520 мм, Шотланд1372 мм-ийн цариг ашигладаг.

Би өргөн цариг тавих гээд хэн нэг хүн­тэй маргаад байгаа  юм биш шүү дээ.Төр засгаас 1520 мм-ийн царигтай холбоотой гаргасан шийдвэр байж байна. 2008 онд Үндэсний хөгжлийн цогц бодлого УИХ-аар батлагдсан. Үүний 5.3.1 дээр “Төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээ байгуулах асуудлыг ашигт малтмалын орд газруудыг оновчтой ашиглалтад оруулахтай холбогдуулан төлөв­лөж хэрэгжүүлэх” гэсэн өгүүлбэр байгаа. Энд нэгдсэн сүлжээ гэдэг үг байгаа биз. Нэгдсэн сүлжээ гэдэг бол нэг цариг. Хоёр өөр цариг хэзээ ч нэгдсэн сүлжээ биш. Технологи нь өөр.

2009 онд манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Д.Медведев хоёр “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглал”-д гарын үсэг зурсан. Түүнд “1520 мм өргөн цариг бүхий Монголын төмөр замыг өргөжүүлэх стратегийн түншлэлийн талаар тохирлоо” гэсэн байна.

Эдгээрийг үндэслэж 2010 онд Төмөр замын тээврийн бодлогод  “Монгол Улсад шинээр баригдах төмөр замын царгийн өргөн 1520 мм байна” гэж баталсан. Үүнийг л хэрэгжүүлэх ёстой. Зам тээврийн сайд ч, “МТЗ”-ын захирал ч үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй.  Царигтай холбоотой маргаан 2010 онд бүрэн дууссан гэж ойлгодог.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нарийн царигтай замыг Үйлдвэр технологийн зам гэж нэрлээд байгаа. Энэ замыг нарийн царигаар тавихад эдийн засгийн үр өгөөж талаасаа илүү ашигтай гэсэн үндэслэлүүдийг гаргаж ирж байгаа?

Энэ маргаан 2010 онд дуусчихсан шүү дээ. Энэ төрлийн асуултууд УИХ дээр гарч маргасаар 2010 онд шийдэгдчихсэн. Эдийн засгийн агуулгаараа шилжүүлэн ачих технологид тонн тутамд 3 ам.долларын зөрүү бий. Дааж давшгүй, улс орон дампуурахаар хэмжээний зардал биш. Ингэж бодсоны үндсэн дээр ч УИХ 1520 мм-ийн царигийг баталж гаргасан байх. Шилжүүлэн ачих байгууламжийг заавал Хятадын нутагт барина гэж яриад байгаа тийм зүйл байхгүй. М.Энхсайхан Төмөр замын ачаа тээвэрлэлтийн олон улсын хэлэлцээрийн 50.01-д “Хүлээн авагч талын хилийн өртөөн дээр  хүлээн авах, шилжүүлэн ачих, тэргэнцэр солих ажиллагааг хийнэ” гэж байгаа гээд ярьж байна лээ. Гэтэл энэ өгүүлбэрийнх нь яг арын өгүүлбэрийг уншихгүй байгаа юм. Залгуулаад юу гэж байдаг вэ гэхээр “Хэрэв хоёр тал хэлэлцээр хийгээд тохиролцвол ачаа шилжүүлэн ачих байгууламжийг аль ч улсын нутаг дэвсгэрт барьж болно” гэсэн утгатай өгүүлбэр байдаг. Гэтэл сүүлийнх нь өгүүлбэрийг уншихгүй, эхний өгүүлбэрийг нь яриад байгааг нь ойлгохгүй байна.

Ер нь аливаа улс орон царигийн сонголт хийхдээ хоёр үндсэн хүчин зүйлийг анхаардаг. Эдийн засгийн үр ашиг болон улс орны эдийн засгийн аюулгүй байдал, геополитикийг анхаардаг. Эдийн засгийн тайлбарыг хэлчихлээ. Бусад геополитикийн асуудлыг зарим улстөрч мэдэхгүй. Мэдэхгүй учраас тухайн хүмүүс ярьж чадахгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байдаг асуудал биш. Надад ч бас үүнийг ярих эрх байхгүй.

Урагшаа тавих төмөр замын ТЭЗҮ гарсан байх. Ямар хүчин чадалтай байх вэ?

“Энержи ресурс” компани анх нарийн царигаар төмөр зам тавихаар ТЭЗҮ-г нь хийсэн юм. Бодлого батлагдсаны дараа өргөн царигаар ТЭЗҮ-ээ өөрчилсөн юм байна. Тэдний хийсэн тооцоо судалгааг бид яам дээрээ хүлээн авч, судалж үзэж байна. Энэ компанитай хийж буй хэлэлцээр маань амжилттай болвол хоёр жилийн хугацаанд бариад дуусчих байх. Хэлэлцээр явж буй учир эцсийн үр дүн гараагүй.

Урагшаа тавигдах төмөр замаар “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”,  “Тавантолгой” ХК гэсэн гурван том экспортлогч компани асар их нүүрс гаргана гэж төлөвлөж байгаа? Хүчин чадал хүрэлцэх үү?

Асар их ч юу байх вэ. Хүчин чадлыг 30 орчим сая тонн байхаар төлөвлөсөн юм билээ. Гэхдээ ирээдүйд зах зээл болон нүүрсний нийлүүлэлт ямар байхаас шалтгаалаад өөрчлөгдөж болно. Үүнийг зах зээл өөрөө зохицуулаад явна гэсэн үг. Ийм хэмжээний боломж бүхий төмөр зам тавигдана.

Ер нь төмөр зам тавихаар хамгийн их яарч байгаа нь Монгол улсын Засгийн газар шүү дээ. Төмөр зам тавихгүй гээгүй. Хойш татах шалтгаан бүр ч байхгүй.


  • Зочин (202.55.191.35)
    баттулга та нар буугаад өгчихвөл монгол улсад ашигтйа байх юм
    2013 оны 03 сарын 23 | Хариулах