Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Ашигт малтмалын хуулийн төслийн эдийн засгийн нөлөөг судалжээ

Монголын Бизнесийн зөвлөлийн хүсэлтээр Австралийн BAEconomics судалгааны компани Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар ““Монгол улсын гадаад хөрөнгө оруулалтын орчин, ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төслийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн шинжилгээ” гэсэн судалгаа явуулжээ. Энэхүү судалгааныхаа дүнг өнөөдөр танилцуулсан юм.

Судалгааг өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн орчны хүрээнд болон Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдаж, бодлогын тодорхойгүй байдалтай үед гэсэн хоёр хувилбараар хийсэн хэмээн BAEconomics-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал доктор Брайн Фишер хэлэв.

Зөвхөн ашигт малтмал гэхгүйгээр хууль эрхзүйн орчин тогтвортой хадгалагдаж чадвал хожих зүйл багагүй аж. Тухайлбал, ашигт малтмалын хууль өөрчлөгдөхгүй, өнөөгийн бодлогоо тогтвортой барьж чадвал 2015 он гэхэд Овоотын коксжих нүүрсний орд зэрэг уул уурхайн есөн том төсөл ашиглалтад орох юм байна. Тэдгээрт нийтдээ 6,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэхээр хүлээгдэж байгаа бөгөөд гагцхүү Монголын Засгийн газар хууль эрхзүйн орчноо яаж өөрчлөхийг хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байна гэв.

Харин Ашигт малтмалын хуулийг өөрчилж, өнөөдөр яригдаж байгаа Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдвал эдийн засаг, ДНБ-ий өсөлтөд сөрөг үр дагавар нэлээд гарна хэмээн доктор Фишер нэмж хэлэв.

Тухайлбал хуулийн төсөл батлагдвал эдийн засгийн өсөлт, ДНБ-ий өсөлт, экспорт, импорт, татвар, бодит цалин гээд олон үзүүлэлтэд яаж нөлөөлөхийг тооцож гаргажээ. Ирэх 20 жилд ДНБ-ий өсөлт хүлээгдэж байснаас дөрвөн нэгж хувиар буурах магадлалтай аж. Мөн 2020-2030 онд экспорт өнөөдрийн таамаглаж байгаагаас 60 хувь, өрхийн хэрэглээ 30 хувиар бага байх тооцоо гарчээ. Цаашилбал татварын орлого багасч, төсвийн алдагдал хэтэрнэ, Засгийн газрын санхүүгийн чадамж суларч,  олон улсын зах зээлээс хөрөнгө босгох чадамжгүй болно, томоохон бүтээн байгуулалтууд санхүүжилтгүй болно зэрэг олон сөрөг үр дагавар уг судалгааны дүнгээс харагдана.

Судалгааны нэг сонирхолтой дүгнэлт нь хэрэв Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга энэ хэвээр батлагдвал Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн Баруун Цанхид хөрөнгө оруулагч олдохгүй байх магадлалтай гэжээ. Судалгааны бүрэн эхийг  эндээс үзнэ үү.

С.Болд

  • Alimaa (122.201.18.193)
    Энэ компанийн талаархи мэдээллийг хаанаас авч болох вэ
    2013 оны 03 сарын 18 | Хариулах