Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Харилцан хүлээж авах хүртлээ хуулийн төслийг хэлэлцье

Н.Ариунтуяа

2013 оны нэгдүгээр сарын 18-ны өглөө эртлэн Blue sky tower-ийн гурван давхрыг сэрээсэн хөл хөдөлгөөн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг өрнөх гэж буйтай холбоотой байлаа. 9.30 цагт эхлэх товтой ч хурлын танхим хагас цагийн өмнө хэдийнэ дүүрчээ. Үүнээс харахул ажил хэрэгч эрхмүүд хэлэлцүүлэгт ихээхэн анхаарал тавьсан нь илт.

Яам, агентлагийнхан, уул уурхайн компанийн захирлууд, гадаадын хөрөнгө оруулагчид, хуульчид, дээл өмссөн хөдөөх малчин эр, бичил уурхайчдаа төлөөлж орон нутгаас ирлээ хэмээн танилцуулсэн хэлэмгий байрын эмэгтэйчүүд гээд 300 дөхсөн танхимын төлөөлөл олон талтай. Бас сонирхолтой. “Болд төмөр ерөө гол”-ын Б.Дэлгэрсайхан зэрэг элдэв арга хэмжээн дээр тэр бүр харагдаад байдаггүй содон хүмүүс ч онцгой харагдана. Түүнчлэн, доктор Д.Дондов, Н.Дашзэвгэ, С.Авирмэд, Х.Владимир нарын эрдэмтэн судлаачид, Чингис хааны удам залгах хунтайж гэж өөрийгөө зарладаг П.Давааням, “иргэний нийгмийн” тодотголтой Ж.Занаа хатагтай нарын сонирхолтой эрхмүүд ч хэлэлцүүлэгт оролцогчдыг бүрдүүлжээ.

Монгол улсын хоёр ч Ерөнхий сайд хэлэлцүүлгийг зорин ирэв. Ерөнхий сайд асан Д.Содном эхнээс нь анхааралтай гэгч нь сууж саатсан бол Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн үдийн алдад ирж, эрдэс баялгийн салбарын хууль эрхзүйн орчны талаарх нухацтай үгээ хүргэсэн. Нэг ёсондоо уул уурхайн салбарынхны хувьд ховор цугларалт боллоо. 

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга олон нийтэд ил болсноос хойш түүнийг тойрсон маргаан, мэтгэлцээн нийгэмд ид өрнөж байна. Харин хууль боловсруулсан Ажлын хэсэг бүрэн бүрэлдэхүүнээрээ суугаад хуулийн төслийг задлан тайлбар өгч хараахан амжаагүй байсан юм. Тиймээс ч хууль санаачлагчдаас цөөнгүй удаа зохион байгуулахаар амласан хэлэлцүүлгийн эхнийх нь оролцогч олонтой байх нь зүйн хэрэг. Тэр хэрээр хуулийн төслийг олон өнцгөөс харах төлөөллүүд хүрэлцэн ирсэн нь ч сайн хэрэг юм.

Тайзнаа Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөг­чийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар суудлаа эзэлж, индэрийн урдхан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан хуульч, мэргэжилтнүүд суужээ.  

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “Ашигт малтмалын тухай хуулийг вэб хуудсанд байрлуулж, олон нийтийн санал бодлыг сонсож, ул суурьтай хэлэлцүүлэг хийж байгаа нь хууль тогтоомжийг боловс­руулах ардчилсан үйл явц” хэмээн тодотгоод “Хэлэлцүүлэг хийж буйн гол шалтгаан нь улс төр ч юм уу, ямар нэгэн тодорхой эрх ашгийг хөндөх гэсэндээ биш. Хуулийн төслийг хийхэд гар бие оролцож, олон сараар өдөр шөнөгүй ажилласан зургаан хүн яагаад энэ хуулийн төслийг бичих болсон цаад философи, учир шалтгааныг толилуулахын тулд хийж байгаа юм” хэмээн хэлэлцүүлгийн зорилгыг тодорхойлов.

Хууль боловсруулах ажлын хэсгийн зургаан гишүүн тус бүр өөр сэдвээр илтгэл бэлджээ. Монголын үйлдвэрлэлийн гео­логчдын холбооны тэргүүн Д.Бат-Эрдэнэ “Ашигт малтмалын эрэл, хайгуул”, Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлт­сийн дарга Ц.Даваацэрэн “Олборлолт, боловс­руулалт”, хуульч Н.Тайван Тусгай зөвшөөрөл,

Ажил гүйцэтгэх зөвшөөрөл” хуульч Б.Лхамсүрэн “Ашигт малтмалын тухай хуультай холбогдох хуулиудын өөрчлөлт”, хуульч Г.Сурахбаяр “Орон нутгийн эрх мэдэл”, хуульч  Д.Мөнхтуяа “Нийтлэг үндэслэл”-ийн талаар төслийг задалж тайлбарласан. Эдгээр илтгэлийг MMJ цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэсэн учраас энд давтан нуршсангүй.

Хуулийн тайлбарын дараа асуулт хариултын цаг эхэлсэн юм. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга эхнээсээ л бизнес эрхлэгчид болоод хөрөнгө оруулагчдын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулж байгаа. Тиймээс ч нэг нь давшилж, нөгөө нь хариу барьсан байдлаар мэтгэлцэх шинжтэй болоод явчихсан асуулт хариултыг П.Цагаан дарга удаан үргэлжлүүлэхийг хүссэнгүй. Магадгүй, танхимд цугларагсад ч асуулт асуухаасаа илүү санал бодлоо илэрхийлэх сонирхолтой байсан биз. Саналаа илэрхийлэх зарчмаар хэлэлцүүлэг цааш өрнөсөн юм. Ингэхдээ хэлэлцүүлэгт оролцогчдыг бизнес эрхлэгчид, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, төрийн байгуулагынхан  гэсэн дөрвөн үндсэн бүлэгт хуваагдан салбар хуралдаан хийж, саналаа нэгтгэн танилцуулах дэгийг зохион байгуулагчдаас санал болгов. Дөрвөн бүлэг тус тусдаа хуралдаж, санал бодлоо нэгтгэсний дараа түүнийгээ ерөнхий хуралдаанд танилцуулсан юм.

Бүлгүүдээс маш олон санал гарчээ. Дэмжсэн, санаа оноогоо нэмэрлэсэн, эсэргүүцсэн, бүр үгүйсгэсэн гээд янз бүрийн өнцгөөс харсан саналуудын хувьд шүүмж нь давамгайлжээ.  

Хууль эрхзүйн зөв орчныг бий болгохын төлөө хэлсэн эдгээр санал бүрийн үнэ цэнийг бодож, MMJ энэ удаад элдэв дүгнэлт хэлэхээ азнав. Харин уншигч Танд гарц хайсан санаа бодол, байр суурь бүрийг алдалгүй хүргэхийг зорилоо. Хэлэлцүүлгээс гарсан үнэтэй санаа бүхэн хууль боловсруулагчдын оюунд боловсорч, үзэгний үзүүрээр цаасан дээр буугаасай. Тэгж гэмээнэ бүгдээр хэлэлцсэний үр дүн мэдрэгдэх учиртай. Хууль боловсруулах явцдаа олон нийтээр хэлэлцүүлдэг ийм жишиг манайд үгүйлэгдэж буй. Ерөнхийлөгчийн Тамгын газарт ч энэ хуулийг боловсруулсан явцаа жишиг, стандарт болоосой гэх хүсэл бий.

Гэхдээ хэлэлцүүлэг үүгээр дуусаагүй. Дараа дараагийн хэлэлцүүлгүүд хүлээж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Бүх зүйлийг их олон талаас нь харахыг хичээгээрэй. Биднээс гарч байгаа хуулийн энэ санаа асар их сургамж, амьдрал дундаас олж мэдсэн мэдлэг дээр суурилж гарсан болохоос зүгээр нэг бичигдээгүй юм шүү гэдгийг олон талаас нь бодоорой. Энэ хуулийн төслийг харилцан хүлээж авах, ойртох түвшинд хүртлээ хэлэлцээд явья” гэсэн билээ. Дараагийн хэлэлцүүлгүүд илүү нарийвчилсан түвшинд, илүү ажил хэрэгч хандлагаар өрнөхийг хүлээе.

Төрийн байгууллагынхны салбар хуралдаанаас дэвшүүлсэн саналууд

Эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг ерөнхий нэг хуулиар бус эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт, бичил уурхай, тусгай зөвшөөрөл, бирж, газрын хэвлийн хууль гээд тус тусын хуулиар зохицуулах ёстой. Бүтцийн хувьд Газрын хэвлийн хуулиасаа бусад хууль нь урган гарах ёстой юм. 

•    Хуулиар хэт олон асуудлыг нарийвчлан зохицуулах гэвэл цаана нь хийдэл үүсэх магадлалтай. Салбарын бүх асуудлыг зохицуулах боломжгүй учраас хууль ерөнхий бөгөөд товч тодорхой байх ёстой.

•    2008 оны Засгийн газрын бүтцийн тухай хуулиар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гэж байсныг 2012 оны шинэ хуулиар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болгосон. Шинэчилсэн хуулийн дагуу бүтцийн өөрчлөлт хийх Засгийн газрын 14 дүгээр тогтоол гарч, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Хүнд үйлдвэрийн газар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны харьяанд ирсэн. Боловсруулалт нь тус газрын хамаарах асуудал тул Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам авах ёстой. 2012-2013 онд хэрэгжүүлэх Засгийн газрын төлөвлөгөөнд хоёр яам ямар асуудлыг хариуцахыг тодорхой заасан байгаа. Тиймээс бүтцийн энэ өөрчлөлтийг Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд оруулж өгөөч.

•    Ашигт малтмал дагасан хүнд үйлдвэр түүхий эдээ түшиглэн Уул уурхайн яамд харьяалагдсан нь илүү оновчтой болно.

•    Эрэл, хайгуулын тусгай зөвшөөрлөөр газар эзэмшинэ гэж ойлгодог. Эрэл, хайгуулаар газрыг эзэмших биш ашиглах гэж оруулмаар байна.

•    Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч автоматаар шахуу олборлолтын тусгай зөвшөөрөл авдгийг болиулж, сонгон шалгаруулалт зарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол өргөдлөөр ашиглалтын тусгай зөвшөөрөл авах нь гарцаагүй болчихоод байна. Ашиглалтын туршлагатай сайн компани сонгон шалгаруулалтад орж өрсөлдөөд авах эрхтэй байж болно. Адил түвшний нөхцөлд л хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч давуу эрх эдлэхгүй бол хэтэрхий үнэмлэхүй эрхтэй байна.

•    Хуулийн төслөөр асар олон хууль, журам хөндөгджээ. Хамааралгүй төрийн байгууллага, яам гэж алга. Тиймээс хууль боловсруулах ажлын хэсэгт яам, газар, төрийн байгууллагуудын мэргэшсэн мэргэжилтнүүд нэмэгдэж ажиллах ёстой.

•    Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбар уул уурхайтай холбогдож байна. Тиймээс төрөөс баримтлах бодлого гарч байж дараа нь хуулиа нийцүүлж гаргах ёстой. Хуулийн дараа бодлого гарвал ахиад л бөөн маргаан дэгдэнэ.      

•    Төрийн байгууллагуудаас санал авах хугацааг тавиу тавьж өгч, ажиллах боломж олгоё. Хугацаанд шахагдаад олигтой судалгаа хийж чадалгүй саналаа өгдөг. 

•    Хуулийн зорилгод эрэх хайх үйл ажиллагааг төрөөс барих бодлогод нийцүүлсэн тохиолдолд дэмжинэ гэжээ. Нийцүүлэх ямар ямар төрийн бодлого байгааг жагсаах хэрэгтэй байна. Нийцүүлэх бодлогын жагсаалт гарч ирвэл ойлгомжтой болно.

•    Байгалийн хий, ус, газрын тос, газрын ховор элемент, цацраг идэвхит бодисыг стратегийн түүхий эд гэж заажээ. Стратегийн түүхий эд гэж хэлэх нь хуулийн хувьд буруу. Яагаад гэвэл түүхий эд нэмэгдэж болно, хасагдаж болно. Стратегийн түүхий эдээс аль нэгийг хасах, эсвэл өөр ашигт малтмал нэмэхээр бол хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Ямрыг стратегид оруулах, ямрыг хасах нь хуулиар бус УИХ-ын тогтоолоор шийдэгдэх ёстой.

•    Стратегийн орд гэж байхгүй, стратегийн эрдэс баялаг гэж байхаар заажээ. Тэгвэл стратегийн эрдэс баялаг агуулж байгаа бүх орд стратегийн болох нь байна. 15-аар хязгаарлах биш бүр олон болох нь. Стратегийн түүхий эд гээд заачихаар тэр түүхий эдийг агуулсан орд бүр стратегийн объект болно.

•    Төмрийн хүдрийг стратегийн түүхий эдэд оруулмаар байна. Манай улсын төмрийн хүдрийн нөөц 1 тэрбум дөхнө. Төмрийн хүдэртэй ч маш бага. Ялангуяа исэлдсэн буюу хүхэргүйжсэн хэсгийг зайлшгүй стратегийн болгох ёстой. Эсвэл исэлдсэн төмрийн хүдэр дээрээ экспортын өндөр гаалийн татвар тавих хэрэгтэй. Ингэхгүй бол зарим орд дээр исэлдсэн төмрийн хүдэр гараад дууслаа.

•    Төмрийг одоо түүхийгээр гаргаж байгаа. Эхний гурван жилд түүхийгээр гаргая. Дөрөв дэх жилээс баяжмал буюу эцсийн бүтээгдэхүүн болгож байж экспортлохыг зөвшөөрнө гэдэг ч юм уу заалт оруулахгүй бол түүхийгээр зөөсөөр байгаад нөөц дуусах нь. Баяжуулах үйлдвэр барих болсон чинь нөөцгүй болчихвол яана.

•    Боловсруулах үйлдвэр баривал ашигтай гээд харанхуй дайрч болохгүй. Асар их хөрөнгө оруулалтаар үйлдвэр барина. Дараа нь гаргасан хөрөнгө оруулалтаа нөхөөд ашиг гаргах уу. Бүтээгдэхүүнийг худалдаж авна гэсэн баталгаа байна уу. Тэр баталгааг хангаж урьдчилсан гэрээ хийх ёстой юу. Эдийн засгийн тооцоогүйгээр ярьж болохгүй.

•    Нэр томьёо дээр ашигт малтмалын нөөцийн тодорхойлолт байхгүй байна. Тэгсэн мөртлөө нөөцийг бүрэн олборлоно, сорчлон олборлохгүй гээд заачихсан. Нөөцийг тодорхойлохгүй бол маргаан гарна. Нөөц нь ашигт малтмалын ордыг бүрдүүлэгч гол зүйл. Эдийн засгийн ашигтай ч байна, ирээдүйд ашигтай ч байна, бүр ашиггүй ч байна. Ордын тодорхойлолт дээр эдийн засгийн ашигтай эрдсийн хуримтлалыг орд гэжээ. Орд нь дотроо эдийн засгийн үр ашигтай нь ч байдаг, үр ашиггүй нь ч байдаг. Тодорхой хугацааны дараа эдийн засгийн үр ашигтай болох хэсгүүд ч бий. Хязгаарлагдмал хэсгүүд ч байна. Зөвхөн эдийн засгийн үр ашигтайг нь орд гээд зааглачихаар орд гэсэн цогц ойлголтыг хагас дутуу авчихаж байна. Эдийн засгийн ач холбогдол нь тодорхойлогдсон нөөцийг орд гэж хэлж болно.

•    Бичил уурхайн зохицуулалт хуулийн төсөлд огт дурдагдсангүй. Хуулиар зохицуулах гэж үзсэн ч түвэгтэй, процедур хэцүү гэж үзээд журмаар зохицуулах болсон. Тусдаа хуулиар зохицуулах бол тэр санаагаа шинэчилсэн найруулгад суулгаж өгөх ёстой. Энэ санааг тусгахгүй бол бичил уурхай зохицуулалтгүй үлдэх гээд байна.

•    Нинжа гэгддэг хэсэг нөхдөд зориулсан хууль ч юм уу журам байх шаардлагагүй. Одоо боллоо шүү дээ. Алийн болгон нинжа нарт зориулж хууль гаргах юм бэ. Ийм улс орон байж болохгүй.

•    Уул уурхайн мэргэжлийн хяналтыг Ашигт малтмалын газрын бүтцэд оруулъя. Ашигт малтмалын газар бүртгэлийн л байгууллага боллоо.  Хариуцлагагүй уурхайг нь зогсоох эрх байхгүй. Засч залруулах арга байдаггүй. Ядаж яамны харьяанд баймаар байна. Ажлын уялдаа мэдээллийн солилцоо байхгүйгээс нэг нь бүртгэлийн, нөгөө нь арга хэмжээ авах гэдэг ч хэрэгждэггүй байгууллага болчихоод байна.    
  
•    Тусгай зөвшөөрөл олгосон газар нь өөрөө хууль зөрчвөл яах вэ. Хууль бусаар олгож, хууль бусаар сэргээж, хууль бусаар нөхөн олгож байна шүү дээ. Төрийн байгууллагын хууль бус шийдвэрийг засдаг механизм алга. Захиргааны хэргийн шүүхэд хандахаар тохируулагч агентлагийн эрх ашиг хохироогүй байна гэж үзээд шийдэгддэггүй. 

•    Лицензийн төлбөрийг Татварын тухай хуулиар татварт оруулсан. Татварын хуульд төлбөрийг хэзээ ч төлж болохоор оруулсан. Үүнийг зохицуулах хэрэгтэй байна. 

•    Шинжилгээний дээж хилээр гаргах заалт Ашигт малтмалын тухай хуульд байдаггүй. Яам, агентлаг бие бие рүүгээ шидсэн байдалтай түр журмаар зохицуулагдаж байгаа. Үүний цаана хилээр юу ч гарч магадгүй болчихоод байна. Археологийн үнэт олдвор ч явж магадгүй. Холбогдох байгууллагуудын хамтарсан журмаар зохицуулна гэсэн заалт оруулмаар байна. 

•    Олон орны туршлагаас харахад орон нутаг хөгжүүлэх гэрээг компанитай байгуулах нь төрийн институцийг сулруулан компанийн засаглалыг бий болгодог. Томоохон үйлдвэр уурхайнууд гэрээний дагуу сургууль, цэцэрлэг байгуулаад өгнө. Төсвөөс тэр орон нутаг руу мөнгө шидээд байхгүй. Эргээд төрийн институцийн үүргийг компаниуд авчихдаг. Нэгэнт л төр аж ахуй эрхлэгчдээс татвар аваад эргүүлээд төсвөөр дамжуулан хуваарилалт хийх механизм байгаа учраас орон нутгийн хөгжлийг компаниудад даатгаж болохгүй юм. Зам тавь, сургууль цэцэрлэг барь гэж шахах хэрэгцээ өнөөдөртөө байгаа ч алсдаа төрийн институцийг сулруулах аюултай.

•    Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалт Засгийн газрын бүрэн эрхэд явж байгаа. Бүтээн байгуулалтын гол түүхий эд нь барилгын материал. Гэтэл түгээмэл тархацтай ердийн ашигт малтмал энэ хуулиар явчихвал өртөг өснө. Эргээд Хятадаас цемент зөөх нь ашигтай болоод цементийн үйлдвэрийн ажлууд зогсоно. Түгээмэл тархацтай ердийн ашигт малтмалыг зохицуулах асуудлыг нарийвчлан зааж өгөх ёстой.    

•    Стратегийн ач холбогдолтой гэж тодорхойлсон цацраг идэвхит бодис нэг газарт зангидагдах ёстой. Хуучин бүтцээр Ашигт малтмалын газар хариуцаж байсныг 2009 оноос Цөмийн энергийн газар хариуцаж эхэлснээр цэгцэндээ орж байна. Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулна гэсэн хэрнээ эрэл, хайгуулын зөвшөөрлийг Ашигт малтмалын хуулиар явуулаад эхэлбэл өмнөх алдаагаа давтана. Газрын ховор элемент, цацраг идэвхит бодисын хайгуул олборлолтын тусгай зөвшөөрлийг олгох, эрх шилжүүлэх, эрчим хүчний байгууламж барьж байгуулах нь үндэсний аюулгүй байдлын түвшинд авч үзэх ёстой асуудал.

Цөмийн энергийн хуулиар маш хатуу бөгөөд нарийн зохицуулалттай. Хөрөнгийн чадвар, стратегийн ач холбогдол, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нэг улсын хөрөнгө оруулалт хэт давуу байхыг хориглоно гэх мэт үзэл баримтлал энэ хуулийн агуулгаар явахгүй байна. Үүнээс гадна олон улсын маш олон гэрээ конвенцид нэгдсэн. Эдгээрийг Цөмийн энергийн газар хариуцаж явдгийн хувьд бодлогын болоод эдийн засгийн бүх асуудлыг зангидаж явах нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл, эрлээс боловсруулалт хүртэл бүх шатанд нэгдсэн бодлоготой байя.

Иргэний нийгмийн салбар хуралдаанаас дэвшүүлсэн саналууд


Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвшөөрөлтэйгээр олгох заалтыг хуульд тусгах нь хангалттай биш. Баг, хорооны иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлдэг зохицуулалт оруулах хэрэгтэй. 
•    “Нутгийн уугуул иргэн” гэсэн нэр томьёо оруулах хэрэгтэй. Ингэснээр малчдын эрх ашгийг компаниуд дээд зэргээр хамгаалах нөхцөл бүрдэнэ. “Оюутолгой” төсөлд нутгийн иргэдийг уугуул иргэд бус эмзэг бүлгийн иргэд гэсэн ойлголтоор авч үзэж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ боловсруулсан.

•    Стратегийн ордын жагсаалтад өөр орд нэмж бүртгэдэг байх ёстой. Стратегийн ордод нэмж орд бүртгэхгүй гэсэн зохицуулалт нь өндөр үр ашигтай, дотоодын нийт бүтээгдэхүүний багагүй хувийг үйлдвэрлэх боломжтой орд газруудыг Стратегийн ордод бүртгэж, ард түмэндээ баялгийг тэгш хүртээмжтэй олгох боломжийг хязгаарлана. Стратегийн орд газрууд дээр Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, эзэмшлийн хувиа ихэсгэх зэрэг заалт оруулмаар байна. 

•    Компани тусгай зөвшөөрөл авахын өмнө Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ боловсруулдаг байсныг өөрчилж буй нь оновчгүй байна. Тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван сарын дараа үнэлгээ хийнэ гэжээ. Энэ нь саяхан батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуультай зөрчилдөж байна. Байгаль орчны үнэлгээг боловсруулахад тухайн нутгийн иргэд, нутгийн өөрөө удирдах байгууллагын саналыг авна гэсэн хуучин зохицуулалтуудыг оруулах хэрэгтэй.

•    Уул уурхайн салбараа зохистой хөгжүүлж чадсан Норвеги улсын жишээнээс үзэхэд эрдэс бүтээгдэхүүн борлуулалтын сувгийг нэг болгох хэрэгтэй. Үгүй бол эрдсийн экспортын үнэ янз бүрээр тогтдог сөрөг тал гарсаар байх болно.

•    Нэг сумд хэчнээн баяжуулах үйлдвэр байгуулах хязгаарыг тогтоох хэрэгтэй. Дорноговь аймгийн Айраг сумд гэхэд таван баяжуулах үйлдвэр байгуулагдах гэж буй нь нутгийн оршин суугчдын аж амьдрал хэвийн үргэлжлэхэд ноцтой нөлөөлөхөөр байна. 

•    Мэдээллийн ил тод байдлын тухайд төр нь иргэддээ тайлагнадаг, компаниуд нь иргэддээ шууд тайлагнах талаар тодорхой заалтууд нэмж оруулах ёстой. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг Монголд хэрэгжүүлээд долоон жил болж байгаа ч хуулийн төсөлд үүнийг хэрэгжүүлэх заалт байхгүй байна. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлнэ гэсэн тусгай заалт оруулах эсвэл хэрэгжүүлэх арга замуудыг тодорхой оруулж өгөх хэрэгтэй байна.

•    Гурван мэргэжлийн зөвлөлд зөвхөн мэргэжлийн хүн бус орон нутгийн иргэд, иргэний нийгмийн оролцоог хангах боломжтой болгомоор байна.

•    Хуулийн хүрээнд компаниудад ногдуулах хариуцлагыг ялгавартай тогтоожээ. Мэргэжлийн хяналтын байцаагч газар дээр нь очоод торгууль тавихад торгуулийн хэмжээ ихээхэн заагтай байгаа. Шийдвэр гаргах үндэслэлүүд тодорхойгүй. Шийдвэр гаргахдаа ямар зарчмыг үндэс болгох нь бүрхэг байна.

•    “Нөхөн сэргээлтийн ажлыг комисс хүлээж авна гэсэн заалтыг тодруулъя. Нөхөн сэргээлт хийх явц болон хүлээн авалтыг орон нутгийн иргэдийн хяналт дор гүйцэтгэж хүлээж авна гэсэн хатуу заалт байх ёстой. Яаж нөхөн сэргээх, комиссыг хэн бүрдүүлэх тухайд нарийвчилсан заалт алга байна. 

•    Хог хаягдлын менежментийн асуудлыг тусгаагүй байна. Уурхайн үйл ажиллагаанаас гарах хатуу болон химийн хог хаягдлын менежментийг батлуулж, түүнд зарцуулах хөрөнгийг нөхөн сэргээлтийн зардалтай нь хамт 100 хувь дансанд байршуулах. Хог хаягдалгүй болсон нөхцөлд тэр мөнгийг эргүүлэн олгох, үгүй бол мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх тухай заалт оруулах хэрэгтэй.

•    Эрлийг 4 жил, хайгуулыг 5 жилийн хугацаанд гүйцэтгэхээр заасан нь одоогийн хуулийн хайгуулын 9 жилтэй адил болжээ. Эрэл, хайгуулыг нэгтгэж, хугацааг богиносгомоор байна.

•    Орон нутаг хөгжүүлэх гэрээний тухай зохицуулалтыг өөрчилж, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд орон нутаг хөгжүүлэх гэрээг аймгийн засаг захиргаатай хийнэ гэсэн заалтыг сумын засаг захиргаатай гэрээ хийдэг болгож өөрчлөх нь зөв. Одоо хэрэгжиж буй хуульд Компани-Орон нутаг-Иргэний оролцоотой гурвалсан гэрээ байгуулах тухай зохистой заалт байсныг хуулийн төсөлд арилгасан нь оновчгүй болжээ.

•    Нутгийн удирдлагын шийдвэрийг 21 хоногийн дотор авна гэсэн заалт тусгай зөвшөөрөл олноор олгогдох үндэс болно. Хэрэв тухайн нутгийн удирдлагаас энэ хугацаанд шийдвэр ирэхгүй бол дэмжсэнд тооцохоос болоод өмнө нь маш олон тусгай зөвшөөрлийн эрхийг компаниудад олгож байсан.

•    Тусгай зөвшөөрөл олгох шалгуур үзүүлэлтүүдийг хуулийн төслийг 22, 66 гэсэн заалтуудаар зохицуулахаар заасан. Иргэдийн хурлаас гарч буй шийдвэр, түүнээс санал авах заалт байхгүйгээс үзэхэд нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн утга харагдаж байна.

•    Тусгай зөвшөөрөл цуцлахыг маш бүрхэг тусгажээ. Сорчлон олборлосон тохиолдолд ашиглалтын лицензийг түдгэлзүүлэх бус шууд цуцлах заалт оруулмаар байна. Ард олны эсэргүүцэлтэй тулах, байгаль орчинд хохирол учруулбал цуцална гэсэн тодорхой заалтууд оруулах хэрэгтэй. 

•    Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулаагүй нөөц дээр IPO хийж, хөрөнгө босгодгийг болиулах хэрэгтэй. Хуулийн төсөлд IPO хийхээс өмнө зөвхөн мэдэгдэнэ гэжээ.

•    Олборлолтын тусгай зөвшөөрлийн хугацааг 20, 20 жилээр өгөхөөр зохицуулж 60 жилийн хугацаатай болгожээ. Энэ хугацааг ядаж 5 жил болгомоор байна. Герман нэг жилээр сунгадаг тогтолцоотой.

•    Боловсруулах үйлдвэрийг төрөөс онцгойлон дэмжих хэрэгтэй. Нүүрс, зэс, төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортолж буйг эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэл рүү хандуулах хуулийн зүйл заалт үгүйлэгдэж байна.

Эрдэмтэн, судлаачдын салбар хуралдаанаас дэвшүүлсэн саналууд

Монголын уул уурхайн салбар өнгөрсөн 90 жил, тэр дундаа ардчилсан зах зээлийн харилцаанд шилжсэн 22 жил, уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөн сүүлийн 10 жилд юу хийж бүтээв, ямар алдаа оноо байв гэдгийг дүгнэж цэгнэе. Өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээний геологи, хайгуулын ажил хийж, ямар нөөц илрүүлэв, түүний хэчнээн нь төрийн хөрөнгөөр хийгдсэн ажлууд вэ. Сүүлийн 10 жилд гарсан санал шүүмжлэлийг ч нэгтгэн дүгнэж үзье. Үүнээс улбаалан ашигт малтмалын салбарт төрөөс баримтлах бодлогыг гаргаж, дараа нь хуулиа ярья.

Монголын төр ашигт малтмалын салбарт барих бодлогогүй болохоор хуулиа байнга өөрчилж байна. Тиймээс эхлээд эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, үзэл баримтлалаа ядаж 10-15 жилд тооцож гаргая. Түүнийгээ ард түмэндээ танилцуулж, мэдээлье. Үүнтэй уялдуулаад ойрын 10-15 жилд эрдэс баялгийн салбар дахь татварын орчны концепцио гаргаж танилцуулах нь зүйтэй. Компаниуд ТЭЗҮ хийгээд хөрөнгө оруулалт босгоод үйл ажиллагаагаа эхэлтэл ганц татвар өөрчлөөд л бүх юмыг буруу тийш нь татчих талтай. 

•    Хуулийн төсөлд нэр томьёоны 30 гаруй алдаа байна. Ашигт малтмал гэж юуг хэлэхээ ч тодорхой болгоогүй байна. Мөн хаягдал, сорчлох гээд олон нэр томьёо, ойлголт зөрүүтэй байгаа туд хуулийн төсөлд редакцийн засвар хийх хэрэгтэй. Бүлэг бүлгээр нь салгаж, тус бүрт нь судлаачид, эрдэмтдийг ажиллуулсан ч болно.

•    Ордыг улсын нөөцөд авах заалтыг хуулийн төслөөс хасъя. Энэ бол геологичид, хайгуулын компаниудын хөдөлмөрийг үнэлэхгүй байгаагийн нэг хэлбэр. Эрэл, хайгуулын компаниудад давуу байдал бий болгож, олсон зүйлээ ашигладаг тэр концепцийг хэвээр байлгая.

•    Стратегийн ордыг цаашид нэмэхгүй, хасч болно гэсэн заалт байж болохгүй. Стратегийн орд гэсэн ойлголт байх ёстой, төр хуулийн дагуу хувь эзэмшээд явах ёстой. 

•    Хуулийн төсөлд болно гэсэн заалт 63, хүртэл гэсэн үг 8, илүүгүй гэсэн 3, багагүй гэж 14, ихгүй гэсэн үг 2 байна. Эдгээр үгийг аль болох хасч, тодорхой хувь хэмжээ, тоо зааж, болно болохгүй гэдгийг шууд хэлэх ёстой. Дээрх хоёрдмол утга бүхий үгс албан тушаалтны үзэмжээр шийдэгдэх, авлигын эх үндэс болно. Тиймээс аль болох хоёрдмол утгагүй, тодорхой тоо тавих хэрэгтэй. 

•    Тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох нь авлигын орчин бүрдүүлэх нэг үндэс болно. Ер нь сонгон шалгаруулалтаас аль болох татгалзах хэрэгтэй. Сонгон шалгаруулах комисс төрийн байгууллагын удирдлагуудын дохио зангаа, тэдний цаана байдаг хэдэн компанийн захиалгаар ажиллах болно. Орос хүртэл сонгон шалгаруулалтаас татгалзаж, шууд тодорхой нөхцөл тавьж байгаа. Төмөр зам, цахилгаан станц барина шүү гэх мэт нөхцөл тавиад эдгээр нөхцөлийг зөвшөөрч, хамгийн их мөнгө хаясан компанид өгдөг нь шударга зарчим.

•    Боломж байвал уул уурхайн компаниудыг хувьцаат компани болгомоор байна. Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж хувьцаат компани болвол ядаж мэдээлэл нь нээлттэй болно. Худлаа ТЭЗҮ хийж, хуурамч нөөц боддог байдал арилах боломжтой. ТУЗ-ийн хараат бус гишүүдэд мэргэжлийн хүмүүсийг, тэр дундаа монголчуудыг оруулахаар хуульчилж өгөх нь зөв.

•    Хайгуул, олборлолтын компаниудад хөрөнгө татах боломж нээж өгөх хэрэгтэй. Монголд хөрөнгө мөнгө хомс учир 3-4 өрөм тавиад тэр мэдээллээрээ биржээс хөрөнгө татдаг боломжийг хуульчилж өгөх боломж бий. Учир нь энэ хууль хүссэн хүсээгүй гадаадын хөрөнгө оруулагчдыг түлхэж байгаа. Ашигт малтмалын хууль Монголын ард түмний эрх ашигт зохицсон хууль байхаас биш хувийн компаниуд, тэр дундаа гадаадын компаниудын эрх ашгийг хамгаалсан хууль байх ёсгүй. Гэхдээ хөрөнгө оруулалтыг дэмжих тодорхой заалтууд тусгаж өгөх нь зөв.

Компани, хөрөнгө оруулагчдын  салбар хуралдаанаас дэвшүүлсэн саналууд

Хуулийн төслөөс 13, 14, 15 дугаар зүйлийг хасъя. Одоо мөрдөж буй  хуулийн заалтаар түрүүлж ирсэнд нь лиценз олгодог зарчим байсан. Гэтэл сонгон шалгаруулалт явуулахын тулд олгосон зөвшөөрлөө дахин тендерт оруулах нь байж болохгүй. Энэ гурван зүйлийн нийтлэг зарчим нь төрд буцаан авах зориулалтыг харуулж байна. Бас хугацаа заагаагүй байна. Мөн “Бодит зардлыг нөхөн олгоно” гэсэн нь зах зээлийн эдийн засагт огт байхгүй ойлголт. Алдагдсан боломжийн өртөг гэсэн ойлголт 1800 оноос хойш дэлхийн бүх зах зээлийн орнуудад хэрэгжээд явж байгаа. Хамгийн ноцтой нь буцаагаад “сонгон шалгаруулалтаар аль нэг этгээдэд олгоно” гэжээ. Дахин олгохын тулд буцаан авч байгаа нь дахин хуваарилалт хийх нь гэж уншигдаж байна. Тиймээс хасах саналтай байна.

•    Боловсруулалтын зөв­шөөр­­лийг энэ хуулиар зохицуулах нь буруу. Тусгай зөвшөөрлийн хууль, Хүнд аж үйлдвэрийн хуулиар зохицуулах нь зүйтэй. Хугацааны тухайд  “4, 5, 20 хүртэлх жилээр” гэсэн нь тодорхой бус байна. Шууд заагдах ёстой. Тэгэхгүй болохоор 4, 5, 20 жилийн хоорондын орон зайд хугацаа тогтоох нь эрх мэдэлтний дур зоргын асуудал болно. Өөрөөр хэлбэл, хээл хахуулийн үүд хаалга нээгдэнэ.

•    Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бусад хуульд борлуулалтын орлогоос гээд шууд заасан байсан. Тэр нь татвар тооцох, хянахад ч хялбар. Одоо бол юу ч алга. Зарчим нь маш задгай байна.

•    Монголд хөрөнгө хүрэл­цээгүй бол гадаадаас ирэх хөрөнгө байна. Үндэсний компаниар дамжин орж ирлээ ч боломж бололцоог хаажээ. Хамтарсан компани байгуул гээд нөхцөл нь өөрчлөгдөх юм бол шууд лиценз цуцлагдахаар байна. Үүнд арай өөр арга механизмаар хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ашиглалтын лиценз олгож, олборлолт эхэлсний дараа тодорхой хугацаанд Монголын Хө­рөн­гийн биржээр хувьцаагаа гаргах зэргээр эдийн засгийн аргаар явах­гүй бол энэ хууль хэрэгжихэд хэцүү.

•    Төрийн өмчит компанид давуу эрх олгосон нэлээд хэдэн заалт байна. Төрийн өмчит компанийн хажуугийн талбайд тендер зарлахад давуу эрхээр олгоно гэснийг тэнцвэртэй болгох хэрэгтэй. Хувийн компани тодорхой хэмжээний ашиглалт олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаад хажууд байгаа талбайгаа яагаад давуу эрхээр авч болохгүй гэж. Тэнцвэртэй байх нь шударга зарчим. Ялгаварлаж болохгүй.

•    Тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг 2006 оны хуулийн үндэслэлээр үлдээе. Төрийн захиргааны олон байгууллага оролцохоор ямар хэмжээний хүнд суртал үүсэх билээ. Захиргааны хэргийн маргаан тасрахгүй. Төрийн албан хаагч өөрийн үзэмжээр шийдэх 90 заалт байна. Энэ бол хүнд суртал, хээл хахуулийн үүд хаалгыг нээсэн заалт. Тиймээс заалтуудаа тодорхой  болгож, салаа утгагүй болгох хэрэгтэй.

•    ТЭЗҮ, ажлын төлөвлөгөө, ажилчдын цалин хөлсний хэмжээг төрийн захиргааны байгууллагаар хянуулж болохоос биш баталдаг асуудал байж болохгүй. Хууль эргэн үйлчлэх тал дээр маш их санаа зовниж байна.

•    72 дугаар зүйлд гадаадын туслан гүйцэтгэгчийн асуудлыг тусгажээ. Туслан гүйцэтгэх ажлыг үндэсний компаниудаар хийлгэх нь маш зөв. Гэхдээ мөн л хувь зааж, захиргааны аргаар шийдээд баймааргүй байна. Тэр үйлчилгээг авдаг стандарт гэж бий. Стандарт хангасан компани байх ёстой гэсэн нийтлэг зарчимтайн хувьд үндэсний компаниудад гэж шууд тулган заах нь хүнд юм.

•    Стратегийн 15 орд дээр нэгэнт төрийн өмчийн оролцоог хязгаарлаж байгаа бол тэр чигээр нь зоригтой шийдвэрлээд төрийн оролцоог хасчихъя. 

•    Иргэний саналаар тендер зогсоож болно гэжээ. Ингэж болноо. Гэхдээ ямар үндэслэлээр эсэргүүцэл гаргах, түүнийг хэн, ямар шатаар шийдэх зохицуулалт нь алга. Дурын үндэслэлээр гаргаж болох нь байна. Хуульд үндэслэлийг зааж өгөх ёстой. Тодорхой үндэслэлээр гаргадаг, хянагддаг,  тэгээд шийдвэр нь гардаг байх ёстой.

•    Компанийн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох тухай асуудал дээр хуулийн хязгаарлалт хэрэгтэй. Тодорхой заахгүй бол барьж аваад л шийтгээд байх нь байна.

•    Хуулийг бүхэлд нь хүлээн авах боломжгүй. Үзэл баримтлалыг дахин боловсруулах, ажлын хэсгийг өргөтгөх, том бүлгийн төлөөллийг оролцуулж хийхгүй бол эрх ашгийн том зөрчлүүд явж байна.

•    Ажил эхлүүлэх зөвшөөрлийг хасъя. Зөвшөөрөл дотор нэг зөвшөөрөл яваад байна. Субьектив хамаарал ихтэй болж, хүнд суртал ихсэх вий гэж болгоомжилж байна.

•    Байгаль орчинтой холбоотой бүлгийг эргэн авч үзэх шаардлагатай. Механизмыг илүү тодорхой болгоё. 50 хувиар барьцаа авч, 100 хувь болгосноор асуудал шийдэгдэхгүй. Харин ч барьцаа авч байгаа нь байгаль орчинд нөлөөлж байгаа этгээдийг хариуцлагаас холдуулж байгаа заалт. Барьцааны мехнизм үр ашигтай биш.


  • Зочин (122.201.18.195)
    Манай геологчид ямар мундаг юм бэ хуульчдаас илүү сэтгэж байна шүү ёстой бахархмаар юм Энэ ажлын хэсгээс нь хэдэн зуу хувь илүү сэтгэж байна Та нараар ёстой бахархаж байна Бусад салбарын хүмүүс ийм байж чаддаг болов уу
    2013 оны 03 сарын 19 | Хариулах