Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Events

“MINETECH 2013” үзэсгэлэн болно

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас “Minetech 2013” уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагааг сонирхогч аж ахуйн нэгж, байгууллага болон олон нийтэд сурталчлан таниулах үзэсгэлэнг зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэ сарын 27-29-нд “Мишээл экспо” төвд болох уг үзэсгэлэнд уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгч гадаад, дотоодын 70 гаруй аж ахуйн нэгж оролцож үйл ажиллагаагаа сурталчилна.Улс орноор нь ангилбал АНУ, ХБНГУ, БНХАУ, БНСУ, Австрали, ОХУ-ын компаниуд оролцож байна. 

Үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр “Трансвест Монгол” ХХК, “Алтан” өргөмжлөлт ивээн тэтгэгчээр “Doosan” брендийн Монгол дахь албан ёсны дистрьюбитр “Эбердигм Монгол” ХХК, “Хүндэт” ивээн тэтгэгчээр “Вагнер Ази” ХХК, Ивээн тэтгэгчээр “Mongolian Mining Journal” сэтгүүл, “MMK” ХХК-иуд тус тус ажиллаж байгааг мэдээлэхэд таатай байна.

Үзэсгэлэнгийн үеэр ханган нийлүүлэгч, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн семинар, компаниудын төрөл бүрийн промоушнууд, боулингийн тэмцээн, “Ассоциацийн өдөр” чөлөөт уулзалт зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

 

Үзэсгэлэнгийн зорилго: 

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд эрдэс баялгийн салбарын үзүүлэх нөлөө, үр өгөөж улам нэмэгдсээр байна. Тэгвэл энэ салбарыг хүнд машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч болон геофизик, өрөмдлөг, катеринг зэрэг шаардлагатай үйлчилгээ үзүүлэгчидгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Энэ цаг үед олборлогч компаниудад хамгийн орчин үеийн, байгаль орчинд хор хөнөөл багатай, чанар сайтай, боломжийн үнэ өртөгтэй техник технологи зайлшгүй чухал. Тэдгээрийг гадаадад захиалъя гэвэл хугацаа алдахаас гадна асар их зардал шаардагдана. Маш их мөнгө хөрөнгөө гарздан байж олсон техник хэрэгслийнх нь сэлбэг хэрэгсэл багаас гадна эзэмшиж ажиллуулах боловсон хүчин ч ховор. Тиймээс “Minetech” үзэсгэлэн нь хайгуул, олборлогчдыг манай улсад уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчидтэй уулзуулах, тэдний үйл ажиллагааг сурталчлах зорилготой. Өөрөөр хэлбэл, энэхүү арга хэмжээ нь салбарын шилдэг мэргэжилтнүүд бие биетэйгээ нүүр тулан уулзаж, худалдаа арилжааны арга туршлагаасаа хуваалцан, үйлдвэрлэгч, үйлдвэрлэгчдийн төлөөлөгчид, гэрээт борлуулагчид хэрхэн шилдгийн шилдэг болох талаар харилцан нэгнээсээ суралцах хамгийн чухал талбар болно гэдэгт итгэлтэй байна. Хайгуул, олборлогчдын хувьд аливаа байгууллагын үйлчлүүлэгч болж томоохон хэмжээний худалдан  авалт хийхийн өмнө тухайн бараа бүтээгдэхүүний талаар тодорхой хэмжээний ойлголттой болж, сонгосон түншээ бусад ижил төстэй бизнес эрхлэгчидтэй харьцуулах боломжийг “Minetech” олгоно.

Түүнчлэн ард иргэд маань уул уурхайнхны хэрэглэдэг багаж хэрэгсэл, техник технологийг нүдээрээ үзэж, гараараа барих ховор боломжийг энэ үзэсгэлэн олгож байгаа юм. Мэдээж хэдэн арав, зуун тоннын даацтай хүнд машин механизм нийслэлийн замаар зорчиж, газрын гүнийг хэдэн зуун метрээр өрөмдөх өрөмдлөгийн техник хэрэгсэл байнга бидний дэргэд ажиллахгүй нь ойлгомжтой.  Ард иргэд маань тэр бүр уул уурхайн аварга том машин механизм, тусгай зориулалтын хувцас хэрэглэлийг нүдээрээ үзэж, гараараа барих завшаан олддоггүй. Тэдэнд энэ боломжийг олгож, улмаар уул уурхайн салбарын талаарх үнэн бодит мэдээллийг өгөхөд уг арга хэмжээ тун чухал ач холбогдолтой юм. 

 

Үзэсгэлэнгийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл  99154593, 99109059, 314877 утсанд хандаж болно.