Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

АНУ нүүрсний цахилгаан станцуудыг халж байна

Дэлхийн эдийн засгийн тэргүүлэх гүрэн АНУ нүүрсний цахилгаан станцуудыг эрчимтэйгээр халах бодлого барьж буйг тус улсын “Шинжлэх ухааны мэдээ” сэтгүүлд өгүүлжээ. Тус улсын нийт цахилгааны хэрэглээний тал хувийг хангадаг байсан нүүрсний цахилгаан станцууд сүүлийн зургаахан жилийн хугацаанд үйлдвэрлэл нь багагүй хумигдаж, одоо нийт хэрэглээний 38 хувийг хангаж байна. Түүнчлэн өнгөрсөн долоон жилийн хугацаанд тус улсад шинээр баригдах гэж байсан 150 шинэ нүүрсний цахилгаан станцын төслийг цуцалжээ. Өнгөрсөн онд АНУ-д ердөө ганцхан нүүрсний цахилгаан станц баригджээ. Үүний учрыг АНУ-ын Эрчим хүчний эдийн засаг, санхүүгийн судалгааны хүрээлэнг үндэслэгч Дэвид Шлисел бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн, үйл ажиллагааны зардал нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, “Пибоди”-гийн Иллинойс мужид ашиглалтад оруулсан 1600 МВт-ын цахилгаан станцыг анх 1.8 тэрбум ам.доллараар барьж байгуулна гэж байсан ч өнгөрсөн онд зардлын тооцоо 4.9 тэрбум долларт хүрчээ. АНУ-ын зарим муж дахь нүүрс, байгалийн хийн генерат бүхий цахилгаан станц одоогоос ердөө дөрөв, таван жилийн өмнө нийт цахилгааныхаа 70 хувийг нүүрс, үлдсэнийг байгалийн хий ашиглан үйлдвэрлэж байсан бол одоо байр нь яг эсрэгээрээ эргэснийг Шлисел эрдэмтэн онцолжээ. Энэ нь цаашдаа АНУ нүүрсийг халж, байгалийн хий болон бусад эрчим хүчний эх үүсвэрт голлох хандлагатай болж буйг харуулж буй юм.

АНУ бол нүүрсийг байгальд ээлтэй түлш болгох талын судалгаанд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийж буй улс орнуудын нэг билээ. Гэвч тус улсын төрийн бодлого илүү байгальд ээлтэй өөр боломжит эрчим хүчний эх үүсвэрт чиглэх хандлагатай болж буй нь улам тодорхой болсоор байна.

Манай улсын хувьд Тавдугаар цахилгаан станц, Өмнөговь болон Хэнтий аймагт баригдах томоохон хүчин чадалтай цахилгаан станцууд нь мэдээж нүүрст түшиглэх нь гарцаагүй. Учир нь бидэнд нүүрсний баялаг их байна. Гэхдээ шинэ станцуудын яндангаас утаа биш уур гарах хэмжээнд ТЭЗҮ судалгааг боловсруулсан эсэх нь одоогоор тийм ч тодорхой биш байгаа юм. Тавдугаар цахилгаан станцын утааг 95 хүртэлх хувиар шүүнэ, “Професи”-гийн барих гэж буй станц байгальд хамгийн ээлтэй технологийн шийдэлтэй байх болно гэж холбогдох төлөөлөл тайлбарладаг. Хэрэв үгүй бол нүүрсний цахилгаан станцын хорт утаа болон түүнээс ялгарах олон төрлийн хорт бодис урт хугацаанд хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой нөлөөлдгийг хөгжингүй улс орнуудын гашуун туршлагаас бэлхнээ харж болно. Цаашлаад бид одоогийн ажиллаж буй хуучин станцууддаа шүүлтүүрийн систем тавих асуудал ч нэн чухал зорилт болж байна.

 

 

Б.Төгс