20 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

2013-02-05 14:01
 
Ашигт  малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг The Mongolian Mining Journal дээр үргэлжилж байна. Төслийн бүрэн эхийг www.mongolianminingjournal.com сайтын "Хууль, төсөл" булангаас үзнэ үү.

Санал бодлоо www.mongolianminingjournal.com-ийн "Хэлэлцүүлэг" булан  болон info@mongolianminingjournal.com хаягаар илгээж, олон нийттэй нээлттэй хуваалцана уу.



Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлэг дээр хуулийг шинэчлэн найруулах Ажлын хэсгийн гишүүн Б.Лхамсүрэнгийн тавьсан илтгэлийг хүргэж байна. 

Ашигт малтмалын тухай хуулийг дагалдан өөрчлөлт орох хуулиудын талаар товчхон танилцуулъя. Ашигт малтмалын хуулийн төсөл нь эцсийн байдлаар бэлэн болоогүй учраас дагалдан гарах хуулийн төсөл ч эцсийн байдлаар гараагүй байгаа. Түүнчлэн дагалдан гарах хуулиудад өөрчлөлт оруулахдаа зөвхөн Ашигт малтмалын хуулийн хүрээгээр хязгаарлаагүй. Эрдэс баялгийн салбарын хүрээнд хуулиудын өөрчлөлтийг авч үзсэнээ хэлэх нь зүйтэй байх.

Шинээр батлах хоёр хууль байгаа. Эрдэс баялгийн биржийн тухай хууль, Ашигт малтмалын нөөцийн төлбөрийн тухай хууль шинээр гарна.

Газрын хэвлийн тухай хууль, Усны тухай хууль, Газрын тосны тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль гэсэн дөрвөн хуулийг шинэчлэн найруулах ёстой. Нэмэлт өөрчлөлт оруулах 21 хууль байгаа. Одоогийн хуулиудаар хайгуулын болон ашиглалтын гэсэн зөвхөн хоёр тусгай зөвшөөрөл олгодог. Энэ хоёр төрөл олборлох, боловсруулах, эрэх, хайх гээд дөрвөн төрөл болж байгаатай холбоотой техникийн шинжтэй өөрчлөлтүүд орж байгаа юм.

Газрын хэвлийн тухай хуульд шинэчлэн найруулга хийгдэнэ. Одоогийн Газрын хэвлийн тухай хууль 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуультай маш их давхарддаг, зөрчилдөөн ихтэй тул амьдрал дээр бэрхшээлтэй байдаг. Энэ давхардал, зөрчлийг арилгахын тулд ашигт малтмалыг эрэх, хайх, олборлох, боловсруулах асуудлыг зөвхөн Ашигт малтмалын хуулиар зохицуулна. Эдгээрээс бусад хэлбэрээр газрын хэвлийг эзэмших, ашиглах асуудлыг Газрын хэвлийн хуулиар зохицуулахаар хуулийн төслийн ажлын хэсгийнхэн үзсэн юм.

Усны тухай хуульд 2012 онд шинэчлэн найруулга хийгдсэн. Хязгаарлагдмал нөөцтэй эрдэс баялаг гэдэг утгаараа энэ хуульд дутагдалтай талууд бий. Тиймээс шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзэж байгаа.  Эрдэс баялгийн салбарт ус ашиглах гэсэн шинэ зохицуулалт нэмэгдсэн. Усыг ашиглахдаа тусгай зөвшөөрөл ашиглана. Тусгай зөвшөөрөл ашиглахдаа шаардлагатай бүх л тоног төхөөрөмж болон байгууламжуудыг заавал байлгах ёстой гэж үзсэн. Мөн ашиглаж болох, ашиглахыг хориглосон ус гэж байгаа.

Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр ашиглаж болно гэж тогтоогдсон газрын гадаргын усыг ашиглаж болно. Хуримтлуулсан усан сангийн усыг ашиглаж болно. Мөн ашиглаж болох, нөөцийг нь тогтоож болох газрын доорх усыг зөвхөн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчны яамны зөвшөөрлийн үндсэн дээр ашиглахаар зохицуулалт хийсэн байгаа. Хязгаарлагдмал, бага нөөцтэй гэж тогтоогдсон газрын гадаргын болон газрын доорх усыг ашиглахгүй гэсэн зохицуулалт орж байна. Цэнгэг усаар, ялангуяа алтны шороон орд ухахдаа газрын доорх усыг ашиглаж болохгүй гэж зааж байгаа.

Газрын тосны тухай хууль болон Цөмийн энергийн тухай хуулиудад үйлчлэх төрийн хязгаартай холбоотой нэмэлт өөрчлөлтүүд орно. Газрын тос, байгалийн хийтэй холбоотой асуудлыг Газрын тосны тухай хуулиар, нүүрсний метан, хийтэй холбоотой асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахаар болж байна. Цөмийн энергийн тухай хуулиар газрын ховор элемент, ураны асуудлыг зохицуулна. Мөн цацраг идэвхит ашигт малтмалын олборлолт, боловсруулалтыг энэ хуулиар зохицуулахаар өөрчлөлтүүд орно.

Хуулийн төслийн тавдугаар зүйлд олборлолт, боловсруулалт явуулах газар нутгуудыг заасан байгаа. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд онцгойлон заасан газар, бүс нутгууд байдаг. Үүнд төмөр замын зурвас газар, шугам сүлжээний хамгаалалттай газар, авто замын тухай хуульд заасан газар гэх мэт онцгойлон заасан газруудад онцгой дэглэм үйлчлэх ёстой юм. Эдгээр газарт ашигт малтмал олборлох, эрэх, хайхыг хориглох хэрэгтэй гэж төслийн зүгээс үзсэн. Хориглосон газар нутагт ашигт малтмал эрэх, хайх, олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулсан бол Ашигт малтмалын тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ гэж нэмж заасан.

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль байна. Ашигт малтмалын тухай хуулийн төслийн дагуу олборлолт, боловсруулалт явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны явцад нийт ажилчдын 90 хувь нь Монгол улсын иргэд байх тухай заасан. Хэрэв тухайн байгууллага гадны иргэдийг 10 хувиас дээш гарган авч ажиллуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөрийг сар тутамд тухайн сум, дүүргийн төсөвт төлнө.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох хуультай амьдрал дээр маш их зөрчилддөг. Тийм учраас ашигт малтмалыг эрэх хайх, олборлох боловсруулах үйл ажиллагаа, үүнтэй холбоотой бүх харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохиуцуулахаар болсон.  

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлт байна. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орд ашиглах гэрээгээр аливаа татвар, төлбөр хураамжаас чөлөөлөхгүй гэсэн үндсэн заалт орж ирсэн. Ашигт малтмалын олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигчтэй цаашид тогтвортой байдлын гэрээ байгуулахгүй гэсэн заалт орж ирсэн.  

Газрын төлбөрийн тухай хуульд төлбөрийн хэмжээ өөрчлөгдөж байгаа. Эрэл, хайгуулд нэг гектар тутамд 1500 төгрөг, олборлолт, боловсруулалт дээр нэг гектар тутамд 20.000 төгрөгөөр тооцохоор өөрчлөлт орсон.

Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд мөн өөрчлөлт орж байна. Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд орон нутаг тусгай хэрэгцээнд авдаг асуудлыг Засгийн газар болон УИХ-ын хэмжээнд аваачин тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх ашгийг хамгаалсан заалт оруулсан байгаа. Газрын болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд аймаг, нийслэл, сум, дүүрэг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн орон нутгийн тусгай хэрэгцээнд газрыг авна гэснийг аймаг, нийслэл, сум, дүүрэг орон нутгийн тусгай хамгаалалтад авах газрыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна гэсэн өөрчлөлтүүд орсон.

Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль байна. Одоо мөрдөгдөж буй хуулиар зардлын тал хувийг байршуулдаг. Ашигт малтмалын тухай шинэ хуулийн төслөөр 100 хувь авахаар болж байгаатай холбоотойгоор 50 хувьтай тэнцэх гэсэн заалтыг хүчингүй болгож байгаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нөхөн сэргээлтийн асуудлыг бага тусгасан байдаг. Ашигт малтмалын тухай хуулиар нөхөн сэргээлтийн асуудлыг илүү өргөн хэмжээнд хуульчилж байгаа тул байгаль орчны нөхөн сэргээлтийн асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна гэж оруулсан.

Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээ өөрчлөгдөж байна. Эрлийн тусгай зөвшөөрлийн төлбөрт жил бүр га тутамд 500, хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрт га тутамд 2000, ашигт малтмалын олборлолтын тусгай зөвшөөрлийн төлбөрт га тутамд 20000 төгрөг төлөхөөр болж байна. Боловсруулалтын тусгай зөвшөөрлийн хувьд үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний төрлөөс хамааруулан тогтооно гэж одоогийн байдлаар төсөлд тусгагдаад байна.

Зохиогчийн эрхийг хүндэтгэн зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахгүй байхыг хүсье.


Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 1 цаг 55 минутын өмнө
    Зэсийн үнэ АНУ-Хятадын худалдааны дайны асуудал нааштайгаар шийдэгдэж магадгүй гэсэн үүднээс энэ сарын эхний долоо хоногт  өсөлттэй байсан бол өнгөрч буй долоо хоногт эргээд буурах шинжтэй болж ирлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй шууд холбоотой юм. Тэрбээр хэрэв худалдааны асуудлыг цэгцлэх эхний шатны яриа хэлэлцээр амжилтгүй болбол Хятадын бараанд хавьгүй их татварыг ногдуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд худалдааны дайны асуудал тооцоолж байсан шиг нааштай биш болохыг харуулсан юм. Уг нь эхний шатны яриа хэлэлцээрт талууд Чилид болох APEC-ийн чуулганы үеэр гарын үсэг зурах байсан боловч хурал цуцлагдсан билээ. Одоо гэрээг үзэглэх шинэ газрыг зарлах үлдээд байгаа юм.
  • 3 цаг 58 минутын өмнө
    МАН эрдсийн экспортын өсөлтөөр нөхцөлдсөн боломжийг алдахыг хүссэнгүй. Энэ удаагийн төсвийг “сонгуулийн жилийн төсөв” гэж тодотгож болно. Эдийн засагчдын тооцоолж байсанчлан энэ төсөв сонгуулийн жилийг угтсан, зардал өндөртэй халгисан төсөв болсонд гайхах зүйлгүй.  Сонгууль дөхөөд сэтгэл хөдлөлдөө автуузай, төсвийн сахилга батыг бүү сулруулаарай хэмээн ОУВС эрх баригчдад анхааруулсаар ирсэн ч Сангийн сайд ирэх оны төсвийн орлогыг өөдрөг төсөөллөөр төсвийн зардлын хэт өсөлтийг эвтэйхэн тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг хуулийн хүрээнд тогтоосон тул бүх зүйл гаднаасаа сайхан харагдана. 
  • Өчигдөр 11 цаг 27 минутад
    Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр баталлаа. Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29%, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1%, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1%-тай тэнцүү байхаар тооцжээ.
  • Уржигдар 17 цаг 11 минутад
    2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс импортолсон  нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6%-иар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онд тус улс нийт 281 сая тонн нүүрс импортолсон хэмжээнд тун ойртсон дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Сарын дүнгээр авч үзвэл, аравдугаар сард 25.68 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11%-иар өссөн ч өмнөх есдүгээр сарынхаас 15%-иар буурлаа. Шалтгаан нь аравдугаар сарын эхээр болсон Хятадын үндэсний баяртай холбоотойгоор импортын эрчим суларсан гэж зах зээл шинжээчид тайлбарлаж байна.
  • Уржигдар 14 цаг 55 минутад
    Шанхай хотноо үргэлжилж буй Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн (China International Import Expo, CIIE) үеэр Оросын коксжих нүүрсний “Колмар” компани Хятадын төрийн “Baowu” корпорацитай хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, “Колмар” нь коксжих нүүрс Хятадын компанид экспортлох ба Хятадын талаас уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх аж. Оросын компанийн хувьд, Хятадын AVIC корпорацитай хамтран “Инаглинская 2” үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Жилд 12 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг 2020 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.