Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Орон нутгийн хөгжлийг компаниудад найдаж үлдээж болохгүй

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар “Нээлттэй нийгэм форум”-ын менежер, судлаач Н.Дорждарийн байр суурийг хүргэж байна.
  
Ашигт малтмалын тухай хуулийн төсөлтэй танилцсан байх. Ерөнхий агуулга, үзэл баримтлалын хувьд ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?

Хуулийн төслийг харахад нэлээд олон асуудлыг хамруулж, чамбай боловсруулснаараа дэвшилтэй болжээ. Эдийн засаг, татвар төлбөртэй холбоотой дагалдах хуулиудад ямар өөрчлөлт орж байгаа нь тодорхой биш учраас олон нийтэд тараасан ганц хуулийн төслөөр ерөнхий уул уурхайн бодлогыг үнэлэхэд түвэгтэй. Хуулийн концепцийг зөв буруу гэж дүгнэх хангалттай мэдээлэл тараагдаагүй байна. Тиймээс тодорхой хэлж болохгүй байна. Хууль нэг талаар маш хатуу харагдаж болно. Гэхдээ татвар төлбөр, бусад талаас ямар өөрчлөлт орохоос хамаараад ерөнхий орчин тэс ондоо болж болно шүү дээ.

Ашигт малтмалын ордод төр заавал хувь эзэмшиж оролцоно гэхээсээ илүүтэй бодлогоор хянах, зохицуулах талын эрмэлзэл нэлээд хүчтэй орж өгсөн юм шиг санагдлаа?    

Төрийн хяналт нэлээд чангарах юм шиг байна. Үүнийг зөв буруу гэж хэлэхэд түвэгтэй. Хуулийг хэрэгжүүлж чадах эсэх талаас нь харах ёстой байх. Ер нь хуулийг харахад 1994 оноос хойш явж ирсэн манай улсын туршлага, түүнтэй холбоотой үүсч байсан асуудлыг шийдэхийг оролдсон нь анзаарагдаж байна. Хэн тусгай зөвшөөрөл авах боломжтой вэ гээд харахад Монгол талын оролцоо нэмэгдсэн хандлагатай байх жишээтэй. Гэхдээ хууль гарснаар одоо байгаа асуудлыг зохицуулж чадах эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн шилжилтийн зохицуулалт ямар байх нь тодорхойгүй байна. Тухайлбал, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компани лицензээ буцаагаад авах уу, дахиж бүртгүүлэх үү, эсвэл одоо хэрэгжиж буй хуулиар зохицуулагдах юм уу? Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компаниуд олборлолтын тусгай зөвшөөрөл гэж авах уу гэх мэт шилжилтийн заалтууд тодорхой биш учир хууль ямар үйлчлэлтэй байхыг мэдэхгүй байна. Маш хатуу үйлчлэлтэй хууль гарлаа гэхэд өмнөх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хамаарахгүй бол бодлогын хувьд магадгүй ач холбогдолтой хууль биш байна гэж хэлж болно. Тиймээс шилжилтийн зохицуулалтуудыг тодорхой болгох шаардлагатай юм. Өнөөдөр нийт 2000 гаруй компани тусгай зөвшөөрөлтэй байгаа шүү дээ.

Төр бодлогоор зохицуулж хянах нь зүйн хэрэг. Гэхдээ төрийн эрх мэдэл, хяналт үнэхээр зөв шударга явж байна уу гэдгийг харах бололцоо иргэдэд байх ёстой. Тэр боломжийг хуулийн төслөөс олж харав уу? 


Уул уурхай хаалттай байна, иргэдийн хяналт, оролцоо дутаж байна гэж үргэлж шүүмжлэгддэг. Нээлттэй, ил тод байх гэсэн зарчмын шинжтэй тунхаглалыг хуульчлах бололцоо бий. Гэхдээ хуулийн төсөлд хангалттай хуульчилж чадаагүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч, төр хоёрын харилцааг нэлээд зохицуулжээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрд ийм төрлийн мэдээлэл гаргаж өгнө, төр ийм хяналт тавина гэх мэтээр. Нөгөө талаас Засгийн газар олон нийтэд ямар мэдээлэл өгөх вэ гэдэг нь хангалтгүй байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс маш олон мэдээлэл ирж, мэдээллийн бааз үүсэх нь. Үүнийг олон нийтэд мэдээлэх нь эргэлзээтэй. Байгууллагын нууцын тухай хуулиар хориглочихож болно. Лицензийн мэдээллийг олон нийтэд ил болгоно гэж байгаа ч лицензийг хэн эзэмшиж байгаа мэдээлэл нь байхгүй байх жишээтэй.

Миний харж байгаагаар төр цуглуулсан мэдээллээ олон нийтэд хүргэх хэрэгтэй. Ингэснээр ашигт малтмал ард түмний мэдэлд байна гэдэг хуулийн үзэл санаа хэрэгжинэ. Ашигт малтмалыг төрийн, нийтийн өмч гэж хуулиар үзэж болно л доо. Ард түмэн үнэхээр ашигт малтмалын эзэн мөн юм бол ашигт малтмалыг өмчлөн захиран зарцуулж байгаа төр, хариуцлагатай үйл ажиллагаа явуулна гээд байгаа компаниудыг аль алийг нь хянах ёстой. Компаниудын үйл ажиллагааг төр хянах нь байна. Харин иргэд рүү чиглэсэн хяналтын тогтолцоо алга. Хуулийн төсөлд ч үүнийг сайн шийдэж өгөөгүй байна.

Монгол Улс 2006 оноос хойш Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг  хэрэгжүүллээ. Энэ нь нэг талаас компаниуд төлснөө, нөгөө талаас  Засгийн газар авснаа тайлагнадаг үйл явц. Эндээс иргэд ашигт малтмалын салбарт тухайн компанийн олж байгаа орлого болон төрийн авч байгаа мөнгөн дүнг мэдэж болно. Энэ хоёрын дунд тооны зөрүү гарахгүй бол дунд нь системийн доголдол бага байна гэж харж болно. Манай улс энэ санаачлагыг зургаан жил хэрэгжүүллээ. Энэ санаачлагаас сурсан зүйл, авсан сургамжаа яагаад энэ хуулийн төсөлд оруулж болохгүй гэж. Нэг зүйлийг хоёр талаас тайлагнаснаар иргэдийн хяналт тавих бололцоо бүрдэж байгаа юм.

Сүүлийн 20 жилд төр дангаар аливаа бизнес тэр дундаа уул уурхайг хянах бололцоогүй нь харагдлаа. Иргэдийг оролцуулах механизмын суурь нь мэдээлэл. Мэдээллийг иргэдэд өгдөг системийг хуульчилж өгмөөр байна. Агентлагийн түвшинд журам гаргах нь хангалтгүй. Хуулийн зарим хэсэг нь процессийн нарийн заалтуудтай ч зарим нь тунхаглалын чанартай байна. Ялангуяа олон нийтэд мэдээлэл хүргэх заалтууд тунхаглалын хэлбэртэй хэвээр явж байна.

Уул уурхай нээлттэй, ил тод салбарын үлгэр жишээг үзүүлж болно гэж би боддог. Нөгөө талаараа төрийн, ард түмний өмчийг ашигладаг гэдэг утгаараа зарчмын хувьд нээлттэй, хариуцлагатай байх үндэслэлтэй. Хүмүүс мэргэжлийн бус хүмүүс энэ салбарын үйл ажиллагаанд оролцоод байна гэж ярьдагтай би хувьдаа санал нийлдэггүй. Аль болох олон хүн, олон ашиг сонирхолтой хүн салбарын бодлогыг тодорхойлоход, хэрэгжилтийг хянахад оролцоод явбал салбарт өөрт нь хэрэгтэй.

Хуулийн төсөлд гурван мэргэжлийн зөвлөл байгуулахаар хуульчилсан байна лээ. Үүнийг сайд томилно. Ямар шалгуураар сонгох нь ойлгомжгүй. Их дээд сургуульд багшилдаг хүмүүсийг авдаг шиг байгаа юм. Зөвхөн төрийн гэлтгүй төрийн бус байгууллагынхныг түлхүү оруулах хэрэгтэй. Мэргэжлийнхээс гадна иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулбал алсдаа хэрэгтэй байх. Иргэний нийгэм асуудлыг өөр өнцгөөс хардаг. Өөр байр сууринаас харж, шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцоно гэдэг нь үйл ажиллагааг нээлттэй болгож байгаа юм. Ингэснээр шийдвэр гаргах процессыг илүү хариуцлагатай болгож өгнө.

Мэргэжлийн хүмүүс шийднэ гээд хаалгаа хаагаад байвал тэр шийдвэрүүд олон нийтийн эрх ашигтай зөрчилдөх магадлал өндөр. Мэргэжлийн хүн оролцох нь зөв. Гэхдээ өөрийнх нь шийдвэрийг бусад хүн ойлгохгүй гэж бодоод хаалгаа хаах тусам буруу шийдвэр гаргах магадлал өснө. Мэдээллээ ч, үүрэг хариуцлагаа ч ил болгох шаардлагатай. Мэдээлэл чанарын баталгаатай байх хэрэгтэй. Гаргаж буй мэдээлэл үнэн зөв эсэх дээр хуулийн төсөлд хангалтгүй байна. Компани мэдээлэл өгөөд үнэн зөвийг өөрөө хариуцна. Үнэн зөвийг хэзээ, яаж мэдэх юм. Олон жилийн дараа мэдвэл яах вэ. Тиймээс мэдээллийг хянадаг тогтолцоо шаардлагатай байгаа юм.

Орд ашиглах, орон нутаг хөгжүүлэх, хамтран ажиллах гэх мэтээр их олон гэрээг хуульчилжээ. Гэрээг хуульчлах нь зөв үү?

Стратегийн 15 ордын хувьд зарим нь ашиглалтад орчихсон. Хөрөнгө оруулагч талд хөрөнгийн баталгаа, татварын тогтвортой орчин чухал. Энэ утгаараа Орд ашиглах гэрээ байгуулах шаардлага байгаа байх. Хуулийн төсөлд гэрээг ил болгоно гэсэн ч зарим хэсгүүдийг нь нууцалж болно гэсэн байна. Нууц хэсэгт юу багтахыг тодорхой заагаагүй. Нөгөө талаас гэрээ байгуулж байгаа бол хэлэлцээг хэрхэн хийх, хэлэлцээний үйл явцыг ил болгох асуудал бий. Хэн хэлэлцээ хийх, ямар зүйлийг гэрээгээр тохиролцож болох, тодорхой гэрээтэй холбоотой хуулийг өөрчлөх шаардлага үүсэх тохиолдолд яах вэ гээд асуудлууд байна. Ашигт малтмалын тухай хуульд Орд ашиглах гэрээ, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд Тогтвортой байдлын гэрээ гэж байгаа нь хоорондоо яаж уялдах вэ гэх мэт асуултууд гарна.

Орон нутагтай харилцах Хамтын ажиллагааны, Орон нутаг хөгжүүлэх гэсэн хоёр гэрээ байна. Огт болохгүй зүйл биш л дээ. Гэхдээ Төсвийн хуультай хэрхэн уялдах нь сонин. Төсвийн хуулиар 2013 оноос Орон нутгийн хөгжлийн сан бий болж байгаа. Улсын хэмжээнд “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” бий болж байгаа. Нэгдсэн санд оруулсан хөрөнгийг орон нутгийн хөгжлийн сангуудад хуваарилах заалттай. Үүнтэй яаж уялдаж байгааг олж харсангүй. 

Түүнчлэн Орон нутагт олон гэрээ байгуулагдахаар байна. Үүнийг хэн хянах вэ? Эргээд олон нийтэд энэ мэдээлэл ил гарахгүй нь. Хамтын ажиллагааны, Орон нутгийг хөгжүүлэх хоёр гэрээний хувьд Ашигт малтмалын газар бүртгэж авна гэж байгаа ч олон нийтэд хүргэх үүрэг нь байхгүй. Хүн хүсвэл авч болно. Гэхдээ орон нутагт амьдарч байгаа иргэн хүсэлт гаргаад Ашигт малтмалын газраас гэрээг авна гэдэг амьдрал дээр түвэгтэй.

Орон нутгийн засаг захиргааны удирдлага гэрээ хийхдээ компаниудыг хэтэрхий дарамталж, шахахгүй байх нь чухал. Гэрээг ил тод байлгах чиг хандлага олон улсад байдаг. Зөвхөн ашигт малтмал биш ч, уран, газрын тосны гэрээнүүд байна. Өөр хуулиар зохицуулагддаг. Манайд газрын тосны арав гаруй бүтээгдэхүүн хуваах гэрээ байгаа гэдэг ч бүгдийнх нь мэдээлэл хаалттай. 16 гэрээ байна гээд нэг дарга зарлах хангалтгүй. 16 гэрээгээ бүгдийг ил болгох шаардлагатай юм.

Байгалийн баялаг ард түмний өмч юм бол ард түмний өмчийг зохицуулагч “менежер” Төр нь өмчлөгчдөө тайлагнах ёстой. Гэрээний сайн мууг үнэлж байж л төрийн хэрхэн ажиллаж байгааг дүгнэнэ шүү дээ. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагаар компаниуд Төр засагт юу төлж болох вэ гэдгийг харж болно. Төлбөр нь төлөх ёстой хэмжээндээ байна уу, гэрээгээр заасан үүргээ биелүүлж байна уу гэдгийг хянахын тулд гэрээ заавал ил байх шаардлагатай. Манайд гэрээнүүд ил биш учраас хянах бололцоогүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн гэрээнүүд яагаад ил биш байгаа юм.  Маш их татвар төлж байгаа л гэдэг. Гэрээнийхээ дагуу төлж чадаж байна уу гэдгийг мэдэх бололцоо байхгүй шүү дээ.

Тэгвэл олон нийтэд нээлттэй, ил тод байх нөхцөлийг хангахын тулд яаж хуульчлах ёстой вэ. Ямар гарцууд байж болох вэ?


Хуулийн төсөлд Тусгай зөвшөөрлийн сан байгуулна гэж байна. Энд 30-аад төрлийн мэдээлэл цуглах юм байна. Гэтэл үүнийг олон нийтэд ил болгох заалт байхгүй. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын газар мэдээлэл цуглуулаад байдаг. Энэ бүртгэлийн сангаа олон нийтэд тодорхой журмын дагуу нээлттэй болгох юм байна. Журмыг агентлагийн түвшинд гаргах биш хуульчлах ёстой. Аль нэг даргын үзэмжээр энэ мэдээллийг ил болгоно, үүнийг нууцлах хэрэгтэй гэж болохгүй. Төрд цугларч буй мэдээллүүд улс орны эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй л бол бүгдийг ил болгох ёстой. Цуглуулах, нийтэд түгээх хэлбэрээ бас ил байлгах хэрэгтэй.

Тусгай зөвшөөрөл олгохдоо орон нутгаас санал авч, талбай зарлана гэсэн байна билээ. Талбай зарлахаас өмнө сум руу захиа явуулна. Сумын ИТХ хуралдаж шийдвэр гаргах юм байна. Шийдвэрийн хариу ирэхгүй бол уг талбайд сонгон шалгаруулалт явуулахыг дэмжсэнд тооцно гэж байгаа. Тодорхой суманд нэг компани лиценз авах сонирхолтой байж болно. Сумын ИТХ, тэргүүлэгчид нь цөөхөн гишүүнтэй. Тэдэнтэй тохиролцож болно шүү дээ. Сумын ИТХ-аас 35 хоногийн дотор шийдвэр гаргана гэж байна билээ. Амралтын үе таарсан тохиолдолд хуралдахгүй байх, шийдвэр гаргахгүй нөхцөл ч үүсч болно.

Дэмжих бололцоо тун амархан болчихож байгаа юм. Уул уурхайн яамнаас сум руу санал авах захидал явуулахдаа сайтдаа бас байршуулах хэрэгтэй. Иргэд сонгон шалгаруулалтын талбай тодорхой хугацаанд зарлагдахыг мэдэж байгаа учраас веб сайт руу нь ороод сумандаа ямар талбай зарлагдах гэж байгааг хараад ИТХ-даа тодорхой шаардлага тавьж болно шүү дээ. Ингэснээр иргэд энэ үйл ажиллагаанд оролцох боломж нээгдэж байгаа юм. Нөгөө талаар, захиаг ил болгосноор иргэд орон нутгийн удирдлагадаа хяналт тавих бололцоо бий болно. Иймэрхүү харилцан хяналтын системийг бий болгох хэрэгтэй юм. Мэдээллийг ил тод байлгах нь зарчмын, тунхаглалын асуудал биш. Амьдрал дээр үүнийг журмаар шийдэж болохгүй байна. Хуульчлагдаагүй учраас заавал биелүүлэх албагүй, хариуцлагын шаардлага султай болчихдог.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувийг улсын төсөвт, 20 ба 10 хувийг тус бүр аймаг ба сумын төсөвт шилжүүлэх тухай хуулийн заалт амьдрал дээр огт хэрэгжээгүй. Гэтэл одоо 2013 оны Төсвийн тухай хуулиар Орон нутгийн хөгжлийн сан байгууллаа. Өмнөх заалт шигээ хэрэгждэг ч биш, хэрэгждэггүй ч биш зохицуулалт болчих вий. Сан байгуулахын давуу талыг юу гэж харж байна вэ?  

Энэ заалт амьдрал дээр сайн хэрэгжиж чадаагүй. Орон нутаг төвөөс татаас авдаг. Энэ татаасаас нь хасчихдаг байсан. Тиймээс орон нутгийн нийт төсөв нэмэгдэхгүй байсан тал бий. Үүнийг зохицуулах үүднээс Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Орон нутгийн хөгжлийн сан бий болгож, нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг тэнд хуримтлуулаад эргээд орон нутагт тодорхой болзлоор хуваарилах энэ систем 2013 оноос үйлчилж эхэлж байна. Үүнийг сайн зохицуулалт гэж бодож байгаа.

Орон нутгийг хөгжүүлэх, хамтын ажиллагааны гэрээ байгуулахын хувьд би зарчмын нэг зүйл боддог юм. Манайх уул уурхайгаасаа нэлээд хамааралтай байгаа хэдий ч төр орон нутгийн хөгжлийн асуудлыг компаниудад найдаж орхигдуулж болохгүй. Уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй орон нутагт төрийн зүгээс шийдвэрлэвэл зохих ажил нэмэгдэнэ. Шавхагдах нөөц дуусахад орон нутаг хөгжсөн байх зорилгоор компаниудаас дэмжлэг авч байгаа. Гэхдээ Монгол улсад нэгдсэн бодлого байх ёстой. Бодлогод нийцсэн байдлаар компаниудаас хөрөнгө оруулалт авахгүй бол эргээд харахад эрээвэр, хураавар юм л байна. Эмнэлэг байгууллаа гэхэд эмч нь байхгүй байх жишээтэй.

Эдийн засгийн яам зангидаж ажиллах ёстой. Бодлогын дагуу хөрөнгө оруулалт хийхгүй бол тухайн үеийн орон нутгийн удирдлагаас хамаарч гэрээ хийх нь зөв зүйл биш. Орон нутгийн удирдлага  “мөнх настай” биш, дөрвөн жилийн сонгуулийн хугацаатай. Сонгуулийн хугацаагаа бодож л хөрөнгийг зарцуулна. Эргээд 300 гаруй суманд тус тусдаа шийдвэр гараад явахаар Монгол улсын нэгдсэн хөгжил гэж байхгүй болох эрсдэлтэй. Тиймээс болгоомжтой хандах ёстой.

Энд бас нэг зүйл бий. Хамтын ажиллагааны гэрээний дагуу орон нутаг хөгжүүлэх зорилгоор зарцуулж байгаа хөрөнгө тухайн компанийн улсын төсөвт татвар хураамжийн хэлбэрээр төлж байгаагаас бага байх ёстой. Татварт 1000 төгрөг өгчихөөд орон нутагт 10000 төгрөг өгч болохгүй шүү дээ. Улсын нэгдсэн бодлого байхгүй болчихно.

Гэрээ байгуулах маягтыг Сангийн яамнаас гаргана гэсэн байна лээ. Үүнийг маш тодорхой болгох ёстой. Гэрээний нэгдсэн өгөгдлийн сан бий болгож, үүнийгээ олон нийтэд ил байлгах хэрэгтэй. Өнөөгийн цаг үеийн нэг онцлог нь мэдээллийн технологи маш өндөр түвшинд хөгжчихлөө. “Wikileaks”-ын үе гэж ярьж байна. Мэдээллийн технологийг ашиглаад маш олон мэдээллийг ил болгох бололцоо бүрдчихлээ. Үүнийг бүрэн ашигламаар байна.

Төсвийн тухай хуульд заасан Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг Орон нутаг хөгжүүлэх болон Хамтын ажиллагааны гэрээнүүдтэй уялдуулахгүй бол бас л нэг давхардсан ч юм уу, нэгийгээ үгүйсгэсэн юм болоод явчих вий?


Гэрээ байгуулаад хөрөнгө оруулна гэж байна. Хөрөнгө оруулалтыг хэн зарцуулах нь тодорхой биш. Орон нутгийн хөгжлийн санд шууд хийх юм уу. Хэрвээ зам барихаар гэрээгээр тохиролцсон байлаа гэхэд компани өөрийн хөрөнгөөр замаа бариад дараа нь хүлээлгэж өгөх бартерийн шинжтэй явах юм уу гэдэг нь хуулийн төсөл дээр тодорхой биш юм билээ. Магадгүй, хэлэлцэх явцдаа чамбайруулах биз. Миний бодлоор орон нутагтай байгуулсан гэрээнүүдийг Төсвийн хүрээнд шийдэх ёстой. Төсвийн процессоор явах ёстой. Мэдээж орон нутаг тодорхой зориулалтаар тэр хөрөнгө оруулалтыг хийе гэх байх. Түүнийгээ иргэдийн төлөөлөгчдийн хурлаар заавал хэлэлцдэг тогтолцоо байх хэрэгтэй юм. Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал төсвийг нь батлахдаа орон нутагт компаниудын оруулж байгаа хөрөнгийг тооцож, түүнийг хэрхэн зарцуулахаа ч давхар шийддэг байх ёстой.   
    
Хуулийн төсөлд тусгай зөвшөөрөл олгохыг эсэргүүцэх эрх хэнд ч байгаа. Компаниуд  үүнд тийм ч таатай биш хандаж байх шиг?


Надад бол боломжийн заалт санагдсан. Эсэргүүцэх үндэслэл, шийдвэрлэх арга механизмыг харин тодруулж өгөх хэрэгтэй байх.

Монгол улс компаниудын хувьд маш таатай орчин. Орон нутагт бараг хүн байхгүй шахуу гэж нэг хөрөнгө оруулагч ярьж байсан биздээ. Оюутолгой гэхэд арван хэдэн айл л нүүлгээ биз дээ. Хажууд нь өдөр тутам амьдардаг олон тооны иргэд байхгүй учраас байнгын зөрчил маргаан үүсэх магадлал харьцангуй бага. Тэр утгаараа уул уурхайн компани үйл ажиллагаа явуулахад ихээхэн таатай байдал харагддаг. Зарим улсад уурхай явуулъя гэхэд 5 км-ийн зайд сая гаруй хүнтэй хот байх жишээтэй. Байнгын зөрчил маргаан үүсэх талтай. Үүгээр миний хэлэх гэсэн санаа нь орон нутгийн асуудлыг шийдвэрлэх бололцоо Монголд хамаагүй илүү байгаа юм. Харин шийдвэрлэхийг үнэхээр зорьж байна уу гэдэг л асуудал. Компаниуд ихэвчлэн орон нутгийн удирдлагуудтай тулж ажилладаг, тэдний хүссэнийг гаргаж өгөөд үйл ажиллагаа явуулдаг нийтлэг дүр төрх харагдаад байдаг.

Монголын говьд уурхайнууд нэлээд нээгдэж байна. Өмнөговийнхон уул уурхайн ашгаас нутгийн хишиг гээд ногдол ашиг авсан. Би үүнийг хувьдаа дэмждэггүй. Манайх цөөхөн хүн амтай. Зарим газар уурхай орд ихтэй. Зарим газраа огт уурхайгүй байх жишээтэй. Улсын хөгжлийн ерөнхий концепци, бүтэц байх шаардлагатай. Түүндээ тохируулж хөгжлийг бий болгох ёстой. Уурхай тойрсон цөөн хэдэн хүмүүсийн асуудлыг шийдээд, түүнийгээ орон нутгийн асуудлыг шийдлээ гэж явахдаа биш.

Иргэний хөдөлгөөн, байгаль орчны төрийн бус байгууллагууд компаниудыг шантаажилдаг гэж их ярьдаг. Байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагууд Улаанбаатарт голдуу төвлөдөг. Алдарт Фрийдланд төрийн бус байгууллага байхгүй сайхан газар гэж ярьж байсан шүү дээ. Үнэхээр орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага бараг байхгүй. Орон нутагт үүссэн төрийн бус байгууллагууд Улаанбаатар руу шилжсэнээр илүү санхүүжилт олох бололцоо байх шиг байна. Нөгөө талаар нэг орон нутагт байгаа асуудал өөр орон нутагт үүсч байгаа учраас үндэсний хэмжээнд ажиллах нөхцөл бололцоо нь бүрдэж байна шүү дээ. Тиймээс тэд асуудлыг цар хүрээгээр нь харж, илүү үндэслэлтэй байдлаар уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэх нь магадлал өндөр учир энэ чиглэлийн төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаанд эмзэглэх хэрэггүй байх.  

Асуудлын гол нь орон нутгийн иргэн байна уу, Улаанбаатарын иргэн байна уу гэдэгтээ биш. Хөндөж байгаа асуудал нь бодитой байвал түүнийг шийдэхийн төлөө анхаарах ёстой, шийддэг боломж байх ёстой.

Засгийн газрын эрх мэдэл нэлээд товойж гарсан талууд байна. Талбайг, ордыг улсын нөөцөд авах нь байна. Хэрвээ Засгийн газрын шийдвэрийг хууль бус гэж үзвэл түүнтэй маргаан үүсгэх боломж нээлттэй байна уу? Хэрвээ шийдвэр буруу гарсан бол түүнийг цуцлах боломж харагдахгүй байна? 

Засгийн газрын шийдвэрийг буруу гэж үзвэл шүүхээр шийдүүлж болно шүү дээ. Гомдол гаргаад явж болно. Олон улсын шүүхэд ч хандаж болно. Огт болохгүй зүйл биш. Түвэгтэй байж л мэднэ.

Ялангуяа талбайг, ордыг улсын нөөцөд авна гэсэн заалт дээр нөөцөд авах шалгуурууд тодорхой биш. Засгийн газар, УИХ-ын үзэмжээр тодорхой ордыг нөөцөд авах бололцоо нээгдчихсэн харагдаж байна. Ордыг нөөцөд авчихаад төрийн өмчийн оролцоотой компаниудад сонгон шалгаруулалтгүй өгчих бололцоо харагдаж байна. Эндээс хувийн компаниуд төрийн өмчийн компанидыг хувь нийлүүлэгчээр татах сонирхол үүснэ. Хувийн компаниасаа гурван хувийг төрд өгчихөд нөөцөд байгаа талбайгаас сонгон шалгаруулалтгүй авчих боломж бий болно. Нөөцөд авах гэдгийг сайн тодруулахгүй бол нэлээд маргаан үүсэх магадлалтай.

Ер нь энэ хууль дан Засгийн газрыг хамгаалах ёсгүй. Монгол улсын нийт иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Засгийн газрын буруу шийдвэрээс болоод эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх юм бол иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлнө. Тэр утгаараа Засгийн газарт эрх мэдэл олгож байгаа бол хариуцлагыг бас үүрүүлэх ёстой. Засгийн газар эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэр гаргах процессыг аль болох нээлттэй болгохгүй бол хариуцлага гэдэг ойлголт байхгүй болно. Эцсийн дүндээ Засгийн газартай иргэд л хариуцлага тооцно. Ямар шийдвэр гаргаж байгааг иргэд байнга ажиглаж байх ёстой. Тэр механизмыг сайн суулгаж өгөх хэрэгтэй юм.

Хөрөнгө оруулагч буруу алхам хийвэл хянах, хариуцлага хүлээлгэх бололцоог хуулийн төслөөр нэлээд сайн хангаад өгчихсөн байгаа юм. Харин төрийг хянах бололцоо харагдахгүй л байна.  Практик дээр зөндөө л асуудал үүсдэг. Том том онолууд ч байна. Эзэн менежер хоёрын хоорондын харилцааны онолууд байна. Тэр онолуудад юу хэлээд байна гэхээр менежер дандаа эзний төлөө шийдвэр гаргадаггүй. Эзний төлөө дандаа ажилладаггүй. Ямар тохиолдолд ажилладаг вэ гэхээр мэдээлэл эрх тэгш байх тохиолдолд ажилладаг. Өөрөөр хэлбэл, менежерт байгаа мэдээлэл эзэнд адилхан байж менежер эзнийхээ төлөө явдаг. Гэтэл манайд засаг өөрөө мэдээллээ цуглуулдаг. Шийдвэр гаргадаг. Тэр их хэмжээний мэдээлэл иргэдэд байхгүй учраас шийдвэрт хяналт тавих бололцоо байдаггүй. 

Засгийн газар хэт их эрх мэдэлтэй, компаниуд хүнд байдалд орох гээд байна гэвэл энэ хуульд Засгийн газарт байгаа бүх мэдээллийг олон нийтэд өгөх тухай зохицуулалт хийх хэрэгтэй. Үүний ач холбогдлыг эдийн засгийн онол, практикийн аль алинаас нь харж болно.

Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой, ялангуяа хувь эзэмшил дээр тодорхой тоо заасан заалтуудын хувьд компаниуд их болгоомжилж байгаа?

Гадны хөрөнгө оруулагчдын хувьд нэлээд түвэгтэй байдал харагдаж байна лээ. Гэхдээ дээр ярьсан шилжилтийн зохицуулалт байхгүй учраас өнөөдөр хөрөнгө оруулчихсан байгаа компаниудад шинэ хууль үйлчлэх эсэх нь тодорхойгүй. Өнөөдөр байгаа лицензийг яах нь тодорхойгүй байгаа учраас буруу, зөв гэж дүгнэх хэцүү. Үйлчлэхгүй бол өөр асуудал. Үүнд хууль хамаарахгүй гэвэл Монголд хангалттай хэмжээний хөрөнгө оруулалт уул уурхайн салбарт орсон байж магадгүй. Өнөөдөр 1900  лицензтэй компани байна. Манай уул уурхайн салбарт 1900 компани байх шаардлагатай эсэхийг энэ хуулиар зохицуулах гэж оролдсон байх.

Гадны хөрөнгө оруулалттай компани орж ирэхдээ монгол компанитай түншлэх нь нэр төдий түншлэл байх уу. Эргээд эрхийн зөрчил маргаан гарах уу гэх мэт асуудал байна билээ. Нөгөө талаар монгол компанийг дэмжиж байна гэдгээр өрсөлдөөнийг хумих хандлага ажиглагдаж байна.

Хамаарах бол яах вэ. Хууль боловсруулагчдын тайлбарлаж байгаагаар бол дагаж мөрдөх журмын тухай хууль гарна. Түүгээр одоо үйлчилж байгаа зөвшөөрөлтэй компаниуд дөрвөн зөвшөөрөл рүү яаж шилжих, хуулийн зарим заалтуудтай нийцүүлэхийн тулд тодорхой хугацаа заах гэх мэтчилэн олон асуудлыг журамлана гэж байсан?

Хамаарах бол шинээр хөрөнгө оруулахад харьцангуй төвөгтэй болох байх. Ер нь гадны хөрөнгө оруулалтыг ялгаж, салгах цаг хэдийнэ болсон байна. Нэгдүгээрт, бидэнд шингээх чадвар байх ёстой. Хэр их хөрөнгө оруулалтыг бид шингээж чадах вэ? Эдийн засгийн утга агуулгаараа бид хөрөнгө оруулалтад хяналт тавьж чадах уу, хөрөнгө оруулалт нь манай эдийн засгийг хөгжүүлэх үү, эргээд иргэдийн амьдралыг сайжруулах уу.

Дэлхийд хамгийн өндөр ДНБ-ий өсөлттэй гэх мэтээр яриад байна л даа. Энэ бол бидний зорьдог зүйл биш. Мэдээж ДНБ эдийн засгийг хэмждэг арай бодитой гэж хэлж болохоор үзүүлэлт. Эдийн засаг маань бага сууринаас их өндөр өсөөд байна. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг бид өөрсдөө авч үлдэхгүй бол Монголд бий болж байгаа ашиг гадагшаа л гараад байна гэсэн үг. Магадгүй бид Канадын Торонто хотын өндөр байшин нэмэгдэхэд нөлөөлөөд байгаа. Бид Монголдоо өндөр байшин барих хэрэгтэй шүү дээ. Энэ утгаараа хөрөнгө оруулалтыг хянах хэрэгтэй байгаа юм.

Ногоон эдийн засаг гэж их ярьж байна. Ногоон хөрөнгө оруулалт гэж ойлголт бий. Ногоон хөрөнгө оруулалтыг илүүтэй татах ёстой юм. Бидэнд байхгүй мэдлэг, чадавхийг авчирч, тэрийг нь бид Монголдоо шингээж чадаж байгаа бол ногоон хөрөнгө оруулалт. Гадны хөрөнгө оруулагч гадны хөрөнгийн бирж дээр мөнгө босгож чадаж байна. Бид үүнээс дөнгөж л суралцаж байна. Мөн ашигт малтмалыг олборлохдоо хамгийн орчин үеийн технологи хэрэглэж байна. Тэр технологийг сурах ёстой. Гадны нэг компани бүх үйл ажиллагааг нь явуулаад, хэдэн төгрөгийн татвар төлчихөөд бид эргээд сурсан зүйлгүй үлдвэл Монголд ашигтай, ногоон хөрөнгө оруулалт гэж хэлж болохгүй. 

Бүр өргөн утгаараа эдийн засгийн хөгжлийн хурдын асуудал байна. Аль уурхайг хэзээ олборлох вэ. Олдсон бүгдийг бид ухаад байж болохгүй. Урт хугацааны туршид үр ашигтайгаар, байгаа баялгаа ашиглах нь чухал. Оюутолгой ажиллахад манай ажиллах хүчин дутагдаад Хятадаас хүмүүс авчраад байгаа биз дээ. Дахиад 10 уурхай ажиллахад хянах бололцоо, иргэд оролцох бололцоо бүр ч түвэгтэй болж мэднэ. Мөн зах зээлийн үнийн хэлбэлзэлд тохируулж, байгаа баялгаа ашиглах төлөвлөгөөгөө гаргах ёстой. Эрсдэлийг бууруулах, эдийн засгаа олон тулгууртай болгох хэрэгтэй. Ашигт малтмалыг ашиглахад орж ирж байгаа хөрөнгө оруулалт бүрийг дэмжвэл бид уул уурхайгаасаа илүү их хамааралтай болно. Энэ бүх асуудалтайгаа уялдуулж, гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх хэрэгтэй.

Оюутолгойн гэрээнээс авсан сургамжаа энэ хуульд шингээхийг оролдсон байдал нэлээд анзаарагдаж байна. Өмнө нь хуулиас давсан гэрээнүүд байгуулагдаж, гэрээгээр хуулийг хүртэл өөрчилж байсан тохиолдлууд бий?

Мэдээж хууль шинэчлэгдэж байгаа нь болж бүтэхгүй байгаа зүйлийг сайжруулах гэж оролдож байгаа хэрэг. Уул уурхайн талаар баримтлах бодлогын гол илрэл нь энэ хууль. Үүнд бодлогын тодорхой өөрчлөлтүүд орж ирэх ёстой нь амьдрал дээр харагдаж байна. Алдаа дутагдлаа засаад явах нь зайлшгүй. Гэхдээ олон зүйлийг засч болохоор байгааг засахгүй л байна. Оюутолгойн гэрээ байгуулагдаж байхад хөрөнгө оруулалтын хөнгөлөлт гэж байсан. Гэрээ байгуулагдсны дараахан хуулийг өөрчилсөн. Яагаад өмнө нь өөрчилж болоогүй юм бол. Бид хурдан ажиллах шаардлагатай үедээ хурдан ажиллах л ёстой. Одоо бол уул уурхайтай холбоотой хүлээлт үүсчихээд байна. Хүлээлтийг тодорхой байдлаар удирдан зохион байгуулахад энэ хууль онцгой ач холбогдолтой. Бусад хуультай уялдуулах, өмнөх алдаануудаа засч сайжруулах тал дээр нэлээд ажиллажээ гэж харсан. Хууль талаасаа нэлээд сайн зохицуулсан байна билээ. Харин эдийн засгийн хөгжлийн загварын нэгдсэн бодлого манайд байхгүй учраас эдийн засгийн хөгжилтэй хэрхэн уялдах нь тодорхойгүй гэж хэлж болохоор байна.