Mining Journal Awards 2012-ын шилдгүүд

2013-01-23 13:36
Mining Journal Awards-ын хамгийн гол, бас онцлог шагнал нь яах аргагүй “Уул уурхайн салбарын Оны хүн”, “Уул уурхайн салбарыг дэмжигч байгууллага” номинаци юм. Шүүгчдийн зөвлөлийн шалгуураар ордоггүй гагцхүү цахим сайтуудаар дамжуулан олон нийт, салбарын төлөөллүүдээс авсан саналаар тодруулдаг номинаци гэдгээр дээрх хоёр номинаци бусдаасаа эрс ялгардаг. Энэ жил номинацийн нэрний хувьд бага зэрэг өөрчлөлт оров. Өмнөх хоёр жилд “Уул уурхайн салбарыг дэмжигч хувь хүн” гэж байсан нь нэг талаар учир дутагдалтай гэж үзсэний үндсэн дээр Шүүгчдийн зөвлөлтэй зөвшилцсөнөөр “Уул уурхайн салбарын оны хүн” болгосон юм.

Уул уурхайн салбар улс орны хөгжлийн гол хөдөлгүүр болохоор энэ салбарыг дэмжих гэсэн ойлголт ганц төр засгийн бодлогоор хязгаарлагдах боломжгүй юм. Хууль эрхзүйн орчин, стандартаас гадна олон улсын туршлага, менежментийн удирдлага, судалгаа шинжилгээ хийгээд гол ачааг үүрэгч компанийн үйл ажиллагаа гээд олон зүйлийг нэгтгэж байж энэ салбарын “Оны хүн”-ийг тодруулах ёстой хэмээн үзсэн билээ. Нөгөө талаар энэхүү шагналыг хэн нэгний үзэмжээр шийдэхээс илүүтэй салбарынхны санал, олон нийтийн үнэлэлт дүгнэлтээр шалгаруулдгаараа бусад шагналуудаас ялгардаг. Уул уурхайн салбарын хөгжил, бүтээн байгуулалт олон нийтийн өмнө нээлттэй байх ёстой. Энэ ч үүднээс энэ салбарт хэн, юү хийж бүтээж байгааг салбарт ажилладаг, олон нийт үнэлэн дүгнэх ёстой юм. Mongolian Mining Journal-ын зүгээс энэ л зарчмыг баримтлан “Уул уурхайн салбарын Оны хүн”-ийг тодруулсан юм.

Уул уурхайн салбарын анхны, мэргэжлийн сэтгүүлийн хувьд Mongolian Mining Journal-ын зүгээс 2012 оны уул уурхайн салбарын үйл ажиллагааг дүгнэн үзэж, нэр бүхий 22 эрхмийг “Уул уурхайн салбарын Оны хүн” номинацид нэр дэвшүүлсэн. Компанийн удирдлага болон хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг 10, төрийн бус байгууллага, судалгаа шинжилгээний чиглэлээр ажилладаг 7, төр засгийн төлөөлөл 5 эрхмийг сонгон нэр дэвшүүлсэн бөгөөд бүтэн сарын хугацаанд санал асуулга явуулсан юм.

Нэр дэвшигчдийн онцлогийг аваад үзвэл “Оюутолгой” ХХК-ийн К.Макрей, “Энержи Ресурс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал, Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экс Гүйцэтгэх захирал Б.Энэбиш, “Шарын Гол” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батмөнх, МАК-ийн Ерөнхийлөгч Б.Нямтайшир болон цорын ганц эмэгтэй нэр дэвшигч “Монполимет”-ын Ц.Гарамжав зэрэг өдгөө цагийн Монголын уул уурхайн салбарын өнгийг тодорхойлж, томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлж байгаа компаниудын захирлууд, шатдаг занар, нүүрсний судалгааны чиглэлээр ажилладаг Ж.Золжаргал, Т.Наран, Антарктидыг судалдаг Монголын ганц эрдэмтэн доктор Л.Дүгэржав нарын судлаач эрдэмтэд, Ашигт малтмалын салбарыг цэгцэлж, хууль эрхзүйн орчныг шинэчлэхээр ажиллаж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй яам, агентлагийн төлөөлөл багтсан. Өмнөх дугаарууддаа нэр дэвшигчдийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан болохоор энд давтан өгүүлэхийг түдгэлзэв. 



Санал асуулга ч нэлээд өрсөлдөөнтэй явагдав. “Энержи Ресурс”-ын хоёр захирал эхнээсээ илүү санал авч явсан бөгөөд араас нь “Монполимет”-ын Ц.Гарамжав, “Эрдэнэс Тавантолгой”-н Б.Энэбиш, “Шарын Гол”-ын Б.Батмөнх, Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба нар нэлээд хүчтэй өрсөлдсөн юм. Мөн “Шарын Гол” зэрэг хэд хэдэн компанийн хяналтын багцыг эзэмшдэг “Файрбөөрд Менежмент” сангийн үүсгэн байгуулагч Жеймс Пассин ч хүчтэй өрсөлдсөн. Ингээд санал асуулга дуусахад нийт 3000 гаруй санал ирснээс 553 саналаар “Mongolian Mining Corporation”-ын ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал тэргүүлж, Mining Journal Awards 2012-ын “Уул уурхайн салбарын оны хүн”-ээр шалгарсан юм. Эцсийн мөч хүртэл санал асуулгыг тэргүүлж байсан “Энержи Ресурс”-ын Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл түүнээс 10 гаруйхан хүний саналын дутуугаар хоёрдугаарт орсон бол Жеймс Пассин 14 хувийн саналаар гуравдугаар оров. Дөрөвдүгээрт Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба 7 хувийн саналаар орсон бол цорын ганц эмэгтэй нэр дэвшигч “Монполимет групп”-ын Ерөнхий захирал Ц.Гарамжав 6 хувийн саналаар тавдугаарт жагссан.

“Уул уурхайн салбарын Оны хүн”-ээр Ж.Оджаргалыг шалгарахад олон хүн нүдээ олсон шагнал хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байв. Монголын уул уурхайн компаниуд гэлтгүй Монголын үндэсний компани анх удаа олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж, дэлхийн жишгийн дагуу уул уурхайн компанийн менежментийг удирдаж, Монголд анхдагч болсон олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гэдэг утгаараа Ж.Оджаргал захирал уул уурхайн салбарт хийж бүтээсэн зүйл арвинтай.

Энэ онд л гэхэд Mongolian Mining Corporation олон улсад 600 сая долларын бонд амжилттай гаргасан нь Монголын үндэсний компаниудаас мөн л анхдагч болсон юм. Ж.Оджаргалыг ганц “Энержи Ресурс”-ээр төсөөлж бас боломгүй. Монголын хамгийн том корпорациудын нэг MCS-ийн хийж бүтээж байгаа ажлууд ч түүний менежментийн удирдлага дор өрнөж байгаа.  Мандалговиос Тавантолгой, Оюутолгойг чиглэн татаж буй өндөр хүчдэлийн шугамын нүсэр бүтээн байгуулалт, дизель түлшний хараат байдлаас гарах эрхэм зорилгын дор эрчим хүчний нүүрс боловсруулах нефть-химийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах гээд олон ажлыг дурдаж болно.

“Уул уурхайн салбарын Оны хүн”-ий шагналыг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан хүндэтгэлтэйгээр  гардуулж өгсөн юм.



Mongolian Mining Corporation-ын ТУЗ-ийн дарга, “Эм Си Эс групп”-ын Ерөнхийлөгч Ж.Оджаргалаас шагнал авсны дараа сэтгэгдлийг нь сонссон юм.

Ж.Оджаргал:
Төслөө эхлүүлэхдээ эмээж л явлаа

Энэ нэр хүндтэй шагналыг авсандаа туйлын  баяртай байна. Энэ шагнал бол манай “Энержи Ресурс” үндэсний консорциум Ухаахудаг дахь уул уурхайн цогцолбор төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа болохоор ТУЗ-ийн даргын хувьд өгч буй шагнал  гэж ойлгож байна. Бид 2009 оноос эхлэн Өмнөговьд баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, авто зам, усны байгууламж, орон сууц, сургууль, цэцэрлэг гэх мэт иж бүрэн төсөл хэрэгжүүлээд одоо шувтрах шатандаа орж явна. Төслөө эхлүүлж байхдаа эмээж л байлаа.

Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан төсөл болохоор энэ их хөрөнгийг босгож, ард нь гарч чадах уу гэж бодож байсан үе бий. 2010 оны аравдугаар сард Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж, 2012 оны зургадугаар сард 600 сая долларын бонд гаргаж эдгээр төслийнхөө хөрөнгө оруулалтыг амжилттай шийдэж чадсан. Монголын үндэсний компаниуд, үндэсний инженерүүд гар нийлж чадвал баяжуулах үйлдвэр, цахилгаан станц гэх мэт дэлхийн шилдэг, бас байгаль орчинд ээлтэй технологи бүхий бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж чадах юм байна гэдгийг харууллаа. Мөн Монголын компаниудаас анхдагч болон хөрөнгийн зах зээлд гарснаар Монголын компаниудын засаглал ямар байгааг харуулж, Монголын бизнесмэнүүд төлөвлөсөн төслөө цаг тухайд нь амжилттай хэрэгжүүлж чаддаг юм байна гэдгийг харуулж чадсандаа баяртай байна.

Бид юуг харуулахыг зорьсон гэхээр уул уурхайн салбарт зөв менежментээр сайн хөрөнгө оруулалт хийвэл Монгол улсын эдийн засагт их ач холбогдолтой юм гэдгийг харуулахыг хичээсэн. Ухаахудагийн уул уурхайн төслийг хэрэгжүүлснээр улс орны эдийн засагт ямар үр ашигтайг хоёр өгүүлбэрээр хэлэхэд 2009 оноос өдийг хүртэл хугацаанд Монгол улсын төсөвт 340 тэрбум төгрөгийн татвар төлсөн байдаг. Энэ бол бидэнд их том тоо. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө хөрөнгөө босгоод байгалийн баялгаас ард түмэн, улс орны хөгжилд оруулж байгаа том хувь нэмэр гэж боддог. Өнөөдөр 2500 орчим ажилтан ажиллаж байгаагаас 30 орчим хувь нь орон нутгийн иргэд. Нийт 4 жилийн бүтээн байгуулалтын төслийн хүрээнд үндэсний 1800 орчим компанитай хамтран ажилласан байна. Монголчууд бид зориг гаргаад хамтарч чадвал, Монголын инженерүүдийн уран ухааныг зөв чиглүүлж чадвал их зүйлийг хийж чадна гэдгийг харууллаа. Цаашдаа бид Монголын Ухаахудаг коксжих брэндийг дэлхийн зах зээлд брэнд болгохын төлөө чармайн ажиллах болно.

Монгол улс маань дэлхийн хөрөнгийн зах зээлд эрч хүчтэй орж, нэлээд танигдаж байна. Мongolian Mining Corporation энэ оны зургадугаар сард 600 сая долларын бонд гаргаж байсан. Сая долоо хоногийн өмнө манай Засгийн газар 1,5 тэрбум долларын бонд олон улсын зах зээлд маш амжилттай гаргаж чадлаа. Монголын хувийн хэвшил, улс төр гэлтгүй бүгд хөрөнгийн зах зээлтэй холбогдоод маш хариуцлагатай байх цаг үе ирж байна.

Энд бас нэг зүйлийг онцолж хэлэхэд, уул уурхай бол их хөрөнгө оруулалт шаардсан их эрсдэлтэй төсөл. Ялангуяа нүүрс, төмрийн хүдэр гээд дэлхийн эдийн засгийн хямралаас хамаараад уруудаж, өсдөг. Монголын компаниуд зориг гаргаад хийсэн хөрөнгө оруулалтыг ойлгож, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжсэн урт удаан хугацааны тогтвортой эрхзүйн орчныг бий болгоосой билээ гэж бодлого тодорхойлогчдодоо хэлмээр байна.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Н.Алгаа:

Дөрөвдэх засаглал буюу ашиг сонирхлын зөрчил байхгүй хэвлэл мэдээллийн байгууллагаас ийм нэр хүндтэй шагнал, шилдгийг тодруулах үйл ажиллагааг гуравдахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа   хамт олонд уул уурхайн салбарынхны өмнөөс гүн талархал илэрхийлье.

Энэ жилийн тухайд нэг онцлог бий. Шүүгчдийн зөвлөлд байгаа хүмүүс номинаци тус бүрийн шалгуур үзүүлэлтийг боловсронгуй болгох тал дээр бяцхан ажил хийлээ. Зэрэгцүүлж харьцуулах боломж үгүй бол шалгаруулахад их хэцүү байдаг юм байна. Тиймээс шүүгч бүхэн тодорхой номинаци бүр дээр шалгуур үзүүлэлт гаргаж, түүний дагуу оноо өгсөн. 

Түүнчлэн энэ оны хоёрдугаар сард Компанийн нийгмийн хариуцлагын хэрэгжилтийн стандарт батлагдсан. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны талаар олон компани тэргүүний гэхээр стандартуудыг Монголд нэвтрүүлж байна. Байгаль орчны чиглэлээр гэхэд л нэлээд хэдэн стандарт байгаа. Эдгээрийг хэрхэн нэвтрүүлж, хэрэгжүүлж байгаа байдлыг энэ жилийн шалгаруулалтад түлхүү анхаарлаа. Тэр талаасаа шалгуур үзүүлэлтэд стандартын хэрэгжилтийг анхаарсан заалтууд нэлээд бий.

Дараа дараагийн жилүүдээс компанийн нигймийн хариуцлагын тухай стандарт нэгэнт батлагдаад явчихаж байгаа учраас байгаль орчны чиглэлээр, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр шалгуур үзүүлэлтүүд нэлээд чангарах төлөвтэй байна. Аль ч тохиолдолд шүүгчид илүү бодитой байхыг хичээсэн. Сэтгүүлийн хувьд ийм төрлийн шалгаруулалт зохион байгуулдаг бусад байгууллагыг бодвол ашиг сонирхлын зөрчилгүй, нэр дэвшигчдээс мөнгө авдаггүй, ивээн тэтгэлгээр зохион байгуулдаг учраас илүү бодитой байдаг гэж ойлгодог. Нэрээ дэвшүүлж, өрсөлдсөн бүх компанид талархал илэрхийлье. Цаашид энэхүү шалгаруулалтад илүү олон компани оролцоосой гэж ерөөе.

ОХУ-аас  Монгол улсад  суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд В.В.Самойленко

Уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах нэр хүндтэй “Mining Journal Awards” ёслолын арга хэмжээнд гурав дахь жилдээ уригдан оролцож байна. Энэ жилийн арга хэмжээний “Уул уурхайн хариуцлагатай үйл ажиллагаа” шагналыг манай хоёр улсын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр хүртэж байгаад би туйлын баяртай байна.

Олон жилийн туршид Монгол улсын эдийн засагт голлох үүргийг гүйцэтгэж, манай хоёр улсын нөхөрлөлийг улам бататгаж ирсэн энэхүү үйлдвэр нийгмийн үүрэг хариуцлага, ажлын чанар, нэвтрүүлж буй стандарт, хөдөлмөр хамгаалал болон байгаль орчинд хандах хандлага зэрэг олон үйл ажиллагаагаараа хамтарсан олон компанид  үлгэр жишээ болдог болов уу. Тиймээс ч энэ удаагийн арга хэмжээнд сэтгэл хамгийн ихээр хөдөлгөсөн үйл явдал нь “Эрдэнэт” үйлдвэр шагнал авсан явдал байлаа. Тус арга хэмжээг санаачлан зохион байгуулж, өнөөдрийн ийм нэр хүндэд хүргэсэн Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.   

“Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г. Батцэнгэл

“Энержи Ресурс” компанийн хамт олон Mongolian Mining Journal  сэтгүүлээс зохион байгуулдаг уул уурхайн оны шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээнд гурав дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил Гран При шагнал хүртсэн амжилтаа давтан энэ шагналыг дахин хүртэж байгаадаа маш их баяртай байна. 2500 гаруй хамтрагчтай манай хөдөлмөрч хамт олны 2012 онд хийсэн бүтээсэн ажлыг өндрөөр үнэлж байна гэж ойлгож байгаа. Өнгөрч буй он Монголын уул уурхайн салбарын хувьд хүндхэн жил байлаа. Олон улсын зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт нэлээд эрчимтэй ажиглагдсан.  Коксжих нүүрсний үнэ 30-40 хувиар унасан хатуухан шалгууртай жил байв.  Гэхдээ энэ бэрхшээлүүдийг манай хамт олон амжилттай даван тууллаа. Цааш цаашдаа олон жил Монгол улсынхаа хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж ажиллана гэж бодож байна.

“Алтан Дорнод Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Болд

Монголд уул уурхайн салбар нэг талаараа сөрөг нэртэй болж байгаа хэдий ч Монгол улсын дэлхийд өрсөлдөх нэр хүнд уул уурхайн салбараас шууд хамааралтай. Тийм ч учраас дэлхийд өрсөлдөж байгаа Монгол улсын тэргүүлэгч компаниуд “Mining Journal Awards” нэр хүндтэй арга хэмжээнд оролцож, шалгаруулалтад нэр дэвшиж байна. Уул уурхайн салбарын тэр болгон цуглаад байдаггүй хамт олныг цуглуулах тусгай арга хэмжээг зохион байгуулж байгаа Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олонд баярлаж байна. “Алтан Дорнод Монгол” компанийн хувьд харамсалтай нь байгаль орчныг сүйтгэгч, аль эсвэл татвараас зугтаагч гэдэг имиж өнгөрсөн жилүүдэд бүрдсэн байсан. Харин 2012 оноос Монголын үндэсний хөрөнгө оруулагчид энэ компанийг Оросын өмнөх хөрөнгө оруулагчаас нь худалдаж авснаас хойш хариуцлагатай уул уурхайн чиглэлээр нэлээд арга хэмжээ авч ажиллаж байна. Ялангуяа нөхөн сэргээлтийг нэн тэргүүнд тавьж ажилласан.

Энэ жил нийтдээ 150 га газарт техникийн нөхөн сэргээлт хийлээ. Үүний дотор онцолж хэлэхэд Архангайн Орхон голын эх Орхон багт 50 га газарт нөхөн сэргээлт хийж, гол руу шар ус урсгаж, үерийн байдалд оруулахгүй арга хэмжээ авсан. Түүнчлэн нинжа гэж ярьдаг бичил уурхайчдын сүйтгэсэн мал, хүүхэд унаж, амь насаа алдах явдал гардаг 20 орчим га газарт нүхүүдийг булж, сайн дураар техникийн нөхөн сэргээлт хийлээ. Бид эх нутагтаа эргээд хариуцлагатай тодорхой арга хэмжээнүүдийг авч эхэлсэн бөгөөд энэ жил “Шилдэг эко” номинацид өрсөлдсөндөө их баяртай байна. Ирэх жил хийсэн ажлаа илүү чанаржуулж, дараа жилийн тэргүүлэгч болохын төлөө өрсөлдөнө.

Гложекс гурппын Ерөнхий захирал Л.Наранбаатар

“Гложекс” групп нь их залуу байгууллага. Бид үүсгэн байгуулаад дөрөв дэх өвлийнхөө нүүртэй золгож байна. Өмнө нь хоёр жил “Mining Journal Awards” нэр хүндтэй арга хэмжээнд зочны хувиар уригдан оролцож байлаа. Гурав дахь жилдээ уригдахдаа энэ шагналыг авна гэж үнэхээр бодоогүй. Манай компанид 200 гаруй залуу инженер, мэргэжилтнүүд ажилладаг. Бидний ажлын нөр их хөдөлмөрийг үнэлж, уул уурхайн “Оны дэмжигч байгууллага”-аар шалгаруулсанд Монголдоо төдийгүй  олон улсын хэмжээнд нэр хүндтэй Mongolian Mining Journal сэтгүүлийн хамт олонд маш их баярлаж байна.  

2012 он бидний хувьд маш завгүй жил байлаа.  Олон зураг төсөл, түүний дотор  Монгол улсын эдийн засагт нөлөөлөхүйц хэмжээний томоохон үйлдвэр, уурхайн зураг төслүүдийг боловсруулж, хүлээлгэн өглөө.  “Сентерра гоулд” компанийн шинэхэн төсөл, энэхүү арга хэм­жээ­ний “Шилдэг хайгуу­лын компани” шагналын эзэн болсон Алтан Цагаан-Овоо төс­лийн гео­логийн нөөцийн тайлан, ТЭЗҮ-г боловсруулж Эрдэс баялгийн зөвлөлд хүлээлгэж өгсөн. “Энержи Ресурс” компанийн хүчин чадлын өргөтгөлийн жилд 15 сая тонн нүүрс угаан баяжуулах үйлдвэрийн уурхай болон үйлдвэрийн төслийг боловсрууллаа.

Мөн олон олон уурхайн төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлж, төслийг амжилттай хэрэгжих үндсэн суурийг нь тавилаа. “Coal Mongolia” олон улсын хэмжээний чуулга уулзалтыг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулсан. Энэхүү чуулганы ач холбогдлын хувьд өмнөх жилүүдээс нэр хүнд нь өсч, төр засаг, хөрөнгө оруулагчдын зүгээс анхаарал хандуулах болсон нь бидний хувьд асар их итгэл бөгөөд урмыг өгсөн   жил байлаа. 2012 оны хувьд “Гложекс” групп хайгуулаас үйлдвэрлэлийн төслүүд рүү шилжин орсон амжилттай жил байсан. Зөвлөгчөөс үйлдвэрлэгч болон шилжиж байгаа гараагаа тавьсан амжилт бүтээлээр арвин жил болж өнгөрч байна.”

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 11 цаг 27 минутад
    Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) буюу роялти 2020 оны төсвийг батлахаас өмнө цуцлагдаж (2019.10.30), төсөв батлагдсаны дараа эргэн сэргэсэн (2019.11.22) сонин үйл явдал олон нийтийн анхаарлын төвд байлаа. Төсөв батлагдах мөчид (2019.11.13) АМНАТ-ийг хэрхэх тухай шийдэж амжаагүй байсан нь тухайн үед Сангийн сайд ихээхэн баргар царайлах гол асуудал байв. Учир нь АМНАТ цуцлагдсан өдрөөс Монгол Улсын төсвийн орлого өдөрт 4.6 тэрбумаар тасалдаж, 2020 оны төсөв даруй 1.3 их наяд төгрөгөөр “хохирол” хүлээх болоод байсан юм. Үндсэн хуулийн цэц энэ бүхнийг төдийлөн тооцолгүй зүгээр л Үндсэн хуулийн нэрийг барин цуцалчихсан хэрэг үү гэдэг асуулт бий. Гэхдээ салбарын зарим төлөөлөл роялтийг давхардуулан авах зохицуулалттай заалт байсныг хүчингүй болгосон нь нүдээ олсон хэрэг гэж тайлбарлаж байна. 
  • 2019-12-12 16:38
    Манай улсын уул уурхай болон бусад хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарууд техник тоног төхөөрөмжүүдэд хийдэг техникийн урсгал засвар үйлчилгээний төлөвлөлт, хуваарилалт, тэдгээртэй холбогдох сэлбэг хэрэгслүүдийн бэлэн байдлын бүртгэл зэргийг ихэнхдээ уламжлалт аргаар буюу цаасан дээр эсвэл Microsoft Excel ашиглан хөтөлж нэлээдгүй олон жилийн нүүр үзэж байна. Энэхүү уламжлалт арга нь одоо үед гар ажиллагаа ихтэй, цаг шаардсан, ажлын бүтээмж муутай, мэдээлэл алдагдах өндөр эрсдэлтэй зэрэг сөрөг үр дагавруудтай ба төдийлөн оновчтой бус арга болоод байна. Тэгвэл энэхүү хүндрэлтэй асуудлыг барууны өндөр хөгжилтэй ихэнх орнууд Enterprise Asset Management (EAM) буюу Байгууллагын Хөрөнгийн Удирдлага (БХУ) болон Computerized Maintenance Management System (CMMS) буюу Цахим Засварын Удирдлагын Систем (ЦЗУС) гэгдэх компьютер программуудын тусламжтайгаар амар хялбар, маш өндөр бүтээмжтэйгээр шийдсэн байдаг.
  • 2019-12-12 12:56
    "Рио Тинто" УИХ-ын “Оюутолгой ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах” тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч буйгаа албан ёсоор (2019.12.11) илэрхийллээ. Уг тогтоолын төсөлд 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээ (нэмэлт өөрчлөлт оруулсан)-ний хэрэгжилтийг сайжруулах, 2015 оны Дубайн гэрээг хуульд нийцүүлэн сайжруулах заалтууд багтсан юм.
  • 2019-12-12 12:22
    Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангаж байх зорилгоор Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, ажлыг нь эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, агентлаг, бүх шатны Засаг дарга нарт даалгахаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэлээ (2019.12.11).
  • 2019-12-11 12:32
    Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын үйл ажиллагаа, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх арга замыг тодорхойлж нэгдсэн зөвлөмж гаргах зорилготой Эрдэс баялгийн салбарын мэргэжлийн холбоодын анхдугаар зөвлөгөөн  өчигдөр “Туушин” зочид буудалд зохион байгуулагдлаа. Салбарын холбоодын төлөөллүүд оролцсон уг зөвлөгөөнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Г.Шархүү нээж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийлээ.   “Өнөөдрийн зөвлөгөөнөөр анх удаа яамнаас санаачилж, төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид хамтарч ажиллах, та бүгдийн мэдлэг туршлагыг хамтын ажилд оролцуулахаар сайдын шийдвэрээр зөвлөгөөнийг хийж байна. 1997 оны 1 дүгээр сарын 31-нд Монгол Улсын их хурал “Төрийн бус байгууллагын хууль”-ийг батлан гаргасан.