ХУУЛИЙН САНАА АСАР ИХ СУРГАМЖ, АМЬДРАЛ ДУНДААС ГАРСАН

2013-01-22 17:06
Энэ сарын 18-ны өдөр Вlue Sky Tower-т Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлэг болсон билээ. Хэлэлцүүлгийг нээж болон хааж Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Монголын ард түмэн байгалийн баялгаа  2222 жил хөлс, цус, амь нас гээд бүх зүйлээрээ хамгаалж ирсэн


Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үг

Миний мэдэхээр өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Үндсэн хуулийг эс тооцвол Ашигт малтмалын тухай хуулийг анх удаа вэб хуудсанд байрлуулж, олон нийтийн санал бодлыг сонсож, ул суурьтай хэлэлцүүлэг хийж байна. Үүнийг би хууль тогтоомжийг боловсруулах ардчилсан үйл явц гэж хэлнэ. Хэлэлцүүлэг хийж буйн гол шалтгаан нь улс төр ч юм уу, ямар нэгэн тодорхой эрх ашгийг хөндөх гэсэндээ биш юм. Энэ хуулийн төслийг хийхэд гар бие оролцож, олон сараар өдөр шөнөгүй ажилласан зургаан хүн яагаад энэ хуулийн төслийг бичих болсон цаад философи, учир шалтгааныг толилуулахын тулд хийж байгаа юм.

Хуулийн төслийг вэб хуудсанд тавьснаас хойшхи өнгөрсөн сар гаруйн хугацаанд маш их санал ирлээ. Энэ хуулийн төслийн талаар монголчуудаас гадна гадаадын түншүүд маань олон санал, зөвлөгөө өгсөнд талархаж байгаа. Зарим нь ч улс төрийн шинжтэй зөвлөгөө өгсөн байсан. Хамгийн гол нь мэргэжлийн зөвлөгөө өгвөл их сайн байх болно гэж хэлмээр байна. Монгол улс их улс төржсөн орон учир манайд бизнес эрхэлж буй хүмүүс ч гэсэн  улс төрийн өнгө аястай мэдрэмжтэй болж байх шиг. Гэхдээ бизнес, улс төр хоёр ялгаатай гэдгийг хэлмээр байна.

Бид энэ хуулийг төслийг боловсруулахдаа нэгдүгээрт, өнгөрсөн хугацааныхаа алдаа оноон дээр суралцсан. Даяаршиж байгаа дэлхий ертөнц хаашаа чиглэж байгааг гол болгосон. Бусад хөгжиж байгаа болоод хөгжилтэй орнуудын алдаа оноо, туршлагыг ч судаллаа. Австрали, Канадын хуулиудыг харсан. “Скандинавын орнуудын хуулийг битгий хар” гэсэн зөвлөгөө ч ирж байлаа. Хориглох тусам улам сонирхол татдагийн адил бид Скандинавын орнуудын туршлагыг бас харж байгаа. Норвегийн Ерөнхий сайдаар хоёр ч удаа томилогдон ажиллаж байсан ноён Бондевик, тус улсын Боловсрол, Газрын тосны сайд асан Стэнс хэмээх хоёр эрхэм зочинтой уулзлаа. Мөн Скандинавын орнуудад Монгол улсын Ерөнхийлөгч айлчилсан. Товчхондоо бидэнд өгсөн зөвлөгөөг дагасан. Дагахаас гадна бусад орнуудын туршлагыг ч үзэж судаллаа. Ерөнхийдөө хуулийн төслийг боловсруулахдаа Монгол улсын үндэсний эрх ашиг, өнгөрсөн хугацааны алдаа оноо, дэлхий нийтийн чиг хандлага зэргийг харсан.

Шинэ оны өмнөхөн Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч, доктор Клаус Шваб Европын сэргэн мандалтын тухай гүүлсэн номоо бидэнд ирүүлсэн юм.  Энэ хүнийг маш олон жилийн судалгаан дээр тулгуурласан үнэн үг хэлдэг гэж би хүндэтгэж явдаг. Европын холбоо хямралаас гарч, цаашид дахин сэргэн хөгжихөд Скандинавын орнуудын туршлага хэрэгтэй гэсэн ерөнхий санааг түүний ном агуулсан байсан.

Монголчууд нүүдэлчин уламжлалтай. Малаа хариулахдаа бэлчээрийн сайныг сонгодог. Мал нь тэрхүү бэлчээрийн хамгийн сор, шимтэй өвс ногоог иддэг. Байгаль хүн хоёрт хоёуланд нь адилхан зөн мэдрэмж байдаг. Тиймээс бид энэ хууль тогтоомжийг боловсруулахдаа ямар нэг орноос хуулахыг бодоогүй.  Бид дэлхий дээр байгаа хамгийн сайн туршлагуудыг судалсан.  Үүнээс гадна дэлхий ертөнцөд өнөөдөр хариуцлагатай уул уурхайн эрин эхэлж байна. Хариуцлагатай уул уурхай гэдэг нь нийгмийн хариуцлагатай байх, байгаль, хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй байх, эдийн засгийн хувьд хөрөнгө оруулалтыг хүлээн авч байгаа улс орнуудад үр ашигтай байх гэсэн гурван зүйлээс бүрдэх ёстой.

Монгол бол төрт ёсны түүхтэй улс. Энэ жил төрт ёсны 2222 жилийн ой болж байгаа. Монголын ард түмэн энэ газар нутаг, байгалийн баялгаа  2222 жил хөлс, цус, амь нас гээд бүх зүйлээрээ хамгаалж ирсэн. Тийм учраас эзэн нь болсон Монголын ард түмэн байгалийн баялгаасаа шударгаар хүртэх ёстой гэсэн концепци барьсан гэдгээ ний нуугүй хэлье. Тэгэхдээ “Resources nationalism” гэдэг байгалийн баялгийн үндсэрхэг үзэлд автахгүйг хичээсэн. Бид хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, тэдний өнгөрсөн хугацаанд өгч ирсэн санал гомдол, үнэтэй зөвлөгөөг бас дагана. Хариуцлагатай уул уурхайг дээрх үндсэн гурван хүчин зүйл бүрдүүлдэг бол оролцогчид нь хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, Монголын төр засаг, ард түмэн юм. Аль алиных нь эрх ашиг хамгаалагдсан байвал тогтвортой, тууштай хөгжинө гэсэн гол концепцийг баримталсан.

Монгол улс өнгөрсөн 22 жил сонгуулийн ардчилалтай болсон.  Өмнө нь нэг хүний нэрийг дэвшүүлээд түүнийгээ сонгодог байсан. Гэтэл одоо нэг суудалд олон хүн нэр дэвшин өрсөлддөг болсон. Ирэх хорин жилд Монгол улс шууд ардчилал руу орох гэж байна.  Өөрөөр хэлбэл, асуудлыг шууд ард иргэдийн саналаар шийддэг зүг рүү хандаж байгаа гэдгийг хэлмээр байна. 

Ашигт малтмалын тухай шинэ хуулийн төсөл дэх орон нутгийн эрх мэдэлтэй холбоотой зүйл, заалтын талаар олон хүн санаа зовнижээ. Орон нутгийн ард иргэд ийм зүйлийг хийж чадахгүй гэх мэт санал зөвлөмжөө хэлж байна. Гэхдээ бид тэгж бодохгүй байгаа. Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс Монгол улсад Төсвийн шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулиар орон нутагт очсон төсвөөр аль тендер, төслийг санхүүжүүлэх вэ гэдгийг орон нутагт сонгогдсон, сонгуулийн ардчиллаар бий болсон Засаг дарга нар бус тухайн орон нутагт аж төрж байгаа  хүмүүсийн шууд санал асуулгаар шийддэг зарчим руу шилжиж байгаа. Шууд ардчилал руу шилжиж буйн нэг бодит илрэл нь энэ. Хариуцлагатай уул уурхайн хөгжлийн явцад орон нутгийн хөгжил, орон нутагтай гэрээ байгуулах асуудал зүй ёсоор хөндөгдөх тул ийм заалтууд орсон гэдгийг хэлмээр байна. Орон нутгийн ард иргэдийн оролцооноос болгоомжлох хэрэггүй. Нэгдүгээрт, монголчууд бол нүүдэлчин ард түмэн. Нүүдэлчид зөн мэдрэмж сайтай. Хоёрдугаарт, монголчууд харьцангуй өндөр боловсролтой. Гуравдугаарт, мэдээлэл технологийн хөгжлийн энэ цаг үед энэ асуудлыг хэрэгжүүлэхэд боломжтой гэж үзэж байгаа.

Байгаль орчны зүйл заалт дээр бас их санаа зовнисон байдал ажиглагдлаа. Байгаль дэлхийгээ хайрлах шаардлага зайлшгүй бий. Учир нь Монгол улс байгаль, уур амьсгалын өөрчлөлт хамгийн их мэдрэгдэж байгаа орон. Цөлжилт их явагдаж, олон гол горхи ширгэсэн. Үүнд мэдээж хариуцлагагүй уул уурхай тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулсан. Хариуцлагатай уул уурхайн онцлог шинж  бол байгальд ээлтэй байх ёстой.

Та бүхнийг яаран битгий улс төр хийгээч гэж хүсмээр байна. Энэ хууль бол  Ерөнхийлөгчийн сонгууль ч юм уу, ямар нэгэн улс төртэй огт холбоогүй асуудал. Бид өнөөдөр төслийн хэлэлцүүлгийг дөнгөж эхлүүлж байна. Хамгийн зөв, тогтвортой, сайн, талуудыг эрх ашгийн тэнцвэрийг хадгалсан төсөлтэй болтлоо хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгуультай холбож нэгэнт бичээд эхэлсэн учир би ингэж хэлж байгаа юм. Энэ хууль батлагдвал сайн.  Батлагдахгүй бол бас л сайн. Ямар нэгэн улс төрийн явцтай холбож тайлбарламааргүй байна. Хуулийн төслийг боловсруулж явсаар өнөөтэй золгосон гэдгийг хэлмээр байна. Хууль тогтоох ардчилсан процесс явагдаж байгааг зөв ойлгоосой гэж хүсч байна. Хуулийн төслийг олон нийтэд хүргэхэд үнэтэй хувь нэмэр үзүүлсэн Дэлхийн банк, ХБНГУ-ын GIZ төсөл болон Mongolian Mining Journal сэтгүүлд чин сэтгэлээсээ талархал илэрхийлмээр байна. Монгол улсын Ерөнхийлөгч, өнөөдрийн хэлэлцүүлгийн видео болоод цаасан дээр буулгасан бүх протоколыг уншуулаарай гэж хэлсэн. Манай хуулийн зөвлөх, холбогдох хүмүүс энд хүрэлцэн ирсэн байгаа. Энэ бүхэн бол хамтран ажиллах ардчилсан, дэвшилттэй ажил гэж бодож байна. Буруу зөрүү ойлгогдож байгаа бол та бүхний буруу биш. Зөв ойлгуулж чадаагүй бидний л буруу.

Өнөөдөр Монгол улсад агаарын бохирдол,замын түгжрэл, авлигал гээд тулгамдсан гурван том асуудал бий. Өнгөрсөн жил энэ гурван асуудал дээр ахиц гарсан. Судалгаагаар агаарын бохирдол байж болох хэмжээнээсээ арав дахин их байгаа ч буурсан хандлага гарсан нь сайн хэрэг. Замын хөдөлгөөний түгжрэл ч бас буурсан байна. Авлигалын рейтингээр сүүлийн 2-3 жил дэлхийд 122 дугаар байрт бичигддэг байсан бол өнгөрсөн жил 26 орныг шууд алгасан 96 дугаар байрт орж сайжирсан байгаа. Тэгэхээр Монголд сайн цаг ирж байна. Хариуцлагатай уул уурхайгаас айж болгоомжлох хэрэггүй.  Мэдээж өнөөдөр  шилжилтийн олон бэрхшээл тулгарч байна. Тэр бүхнийг даван туулж чадна.  “Яарвал даарна” гэж Монгол ардын зүйр үг байдаг шиг хуулийн төсөлтэй сайн танилцахгүйгээр яаран битгий дүгнэлт хийгээрэй.

Яг л Австралид ажилладаг шигээ Монголд хариуцлагатай ажилладаг байгаасай


Хэлэлцүүлгийг хааж хэлсэн үг

Уул уурхайн бизнес нь төрийн зохицуулалт, хувийн сектор, орон нутаг, хөрөнгө оруулагч гээд олон оролцогчтой. Аль алиных нь эрх ашгийг шударгаар хангах явдал маш чухал юм. Монголд ардчилал хөгжснөөр хоёр монгол хүн нэг асуудлаар гурван өөр саналтай болоод байна. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнесийнхний санаа бодол гээд энэ бүгдийг уялдуулж, тэнцүүлнэ гэдэг амаргүй. Эхлээд өөрийгөө ойлгох, дараа нь бусдыг ойлгох, эцэст нь нийтээрээ ойлголцох гээд гурван үе шат байгаа юм. Юм уншаад саналаа бичих нэг хэрэг. Сонсоод бичихээр дахиад өөр болдог. Тиймээс өмнө нь саналаа өгсөн хүмүүсийг энэ хэлэлцүүлгийн дараа дахиад саналаа өгөөч гэж би урьж байна. Мөн гадны хөрөнгө оруулагчдад нэг зүйлийг хэлэхийг хүсч байна. Монголчууд алдаа оноон дээрээ суралцаад л явж байгаа. Гэхдээ бусдын сайн туршлага, дэлхий нийтийн чиг хандлагыг харж байгаа учир “3 юм уу 5 дугуйтай машин зохиох” сонирхол байхгүй. Аль аль эрх ашгаа хуваалцсан, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг л зорьж байгаа юм. Та бүхэн геополитик, эмзэг экологи, хүн ам цөөхөн, газар зүйн байршил гээд Монголын бодит байдлыг мэдэх хэрэгтэй. Тиймээс бид эхлээд бие биенээ сайн ойлгох хэрэгтэй байна. Хуулийн төслийг иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид бүгд өөр өөрийн өнцгөөс харж байна. Дор хаяж гурван өөр өнцгөөс харж байж илүү бодит дүр зураг гарах учир бид илүү олон талаас нь харах хэрэгтэй байх.

Байгалийн баялаг бол ард түмний өмч, төрийн мэдэлд байна. Өөрөөр хэлбэл төрийн хяналт дор байна. Гэхдээ төрийн хяналт гээд заавал бизнесийн үйл ажиллагаанд оролцох нь буруу байж магадгүй. “Оperation” “state control” хоёрыг ялгаж салгах хэрэгтэй юм гэдгийг вэб хуудсаар төслийг хэлэлцүүлснээс хойш ойлгосон. Өмчийн эзний хувьд Монгол улс хяналтаа тавих ёстой. Харин хяналтыг зөв шударга, авлигагүй тавих нь өөр асуудал. Хэрэв хөрөнгө оруулагчид хариуцлагатай уул уурхайчид бол ямар ч айх аюул байхгүй. Урьд нь Австрали, Канадыг судал гэж хэлдэг байсан. Австралийн их олон зүйл заалтыг авчраад суулгахаар Монголд таарч тохирохгүй гэж хэлдэг хөрөнгө оруулагчид бий. Бид Австрали шиг хариуцлагатай уул уурхайг үзмээр байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг Австралийн компанийн уурхай дээр очиж үзсэн. Усан үзмийн тариалан, уул уурхай нь хамтдаа нэг дор байгаа юм. Тэнд тоосжилт, чимээ шуугианыг хянадаг, шороо асгахдаа ус цацаад тоос бужигнуулдаггүй. Монголд болохоор хамаагүй асгадаг. Яг л Австралид ажилладаг шигээ Монголд хариуцлагатай ажиллаач. Хаана ч гэсэн нэг л стандартаар ажиллаач гэж хэлмээр байна.

Бид ч гэсэн өөрсдийгөө өөрчлөхийг хичээнэ. Монголын Засгийн газар бизнесийн орчныг сайжруулахын тулд элдэв зөвшөөрөл, хүнд суртал зэргийг багасгахаар ажиллаж байна. Магадгүй өнөөдөр Монголд улс төрийн аятай таатай орчин бүрдэж байгаа. Үүнтэй адил хөрөнгө оруулагчид ч бас өөрчлөгдөх хэрэгтэй. Монголыг өөр улстай харьцуулж болно. Гэхдээ биднийг янз бүрийн хүмүүстэй харьцуулахыг би тэвчиж чаддаггүй. Австралитай харьцуулж болно, харин аборигенчуудтай нь харьцуулахыг тэвчихгүй гэж хэлэх гэсэн юм. Хүн ам цөөхөн, магадгүй ядуу ч гэсэн Монголчууд уужуу тайвнаас гадна холын ухаантай хүмүүс учир хэтэрхий туйлширдаггүй.

Та бүхний ажил хийх, бизнес эрхлэх найдвартай, тогтвортой эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх гэж л хичээж байгаа хэрэг. Тиймээс та бүхэн айхтар эмээхгүйгээр илэн далангүй санал бодлоо ирүүлээрэй. Гэхдээ яг мэргэжлийн зөв зүйтэй саналаа өг. Битгий улс төрийн зөвлөгөө өгөөрэй. Надад ирүүлсэн нэг цахим захидалд “Та нар Австрали, Канад гэхийн оронд Намиби, Папуа, Шинэ Гвиней шиг бай л даа. Би тийшээ явна” гэсэн байсан. Явах нь тэр хүний хувийн асуудал.

Монгол улс бол бусдаас ялгаатай. Монгол улсын боловсролын түвшин өндөр, бас их глобальчлагдаж байна. Хүмүүсийн хамгийн сайн шинжийг агуулсан гэж би монголчуудыгаа боддог. Тиймээс Та бүхэн орон нутгаас айж эмээх хэрэггүй. Орон нутгийн малчин ард иргэд бол хотын маш олон хүмүүстэй харьцуулахад аливаад үнэнч ханддаг, “за гэвэл ёогүй” эвдрээгүй хүмүүс байдаг. Тэр хүмүүстэй хэл амаа ололцоод, гэрээ хэлэлцээр байгуулаад явахад эмзэглэх шаардлага байхгүй. Энэ бүгдийг сайтар бодож олон талаас нь хандмаар байна. Бид эрх зүйн орчноо боловсронгуй болгох гэж байгаа болохоос биш өөрчилж, тэс ондоо болгох санаа бодол агуулаагүйг хэлмээр байна.

Хуулийн төслийг нэгээс хоёр хүн бичээд бусад олонхи нь араас нь хэлэлцэж боловсронгуй болгож явдаг. Энэ хуулийн төсөл дээр олон сар жилээр сууж, хүч хөдөлмөр, мэдлэг чадвараа зориулсан ажлын хэсгийнхэндээ гүн талархал илэрхийлж байна. Тэр хүмүүс сайн хуулийн төсөл хийе гэж бодсон. Дутуу дулимаг зүйл байгаа л байх. Гэхдээ тэр нь санаатайгаар гэж бодохгүй байна. Тийм учраас энэ хүмүүст урам өгөх нь зүйтэй.

Бүх зүйлийг их олон талаас нь харахыг хичээгээрэй. Ний нуугүй л ярья. Оюутолгойн гэрээ байгуулагдахын өмнө Роберт Ж.Шапиро доктор Монголд ирж энэ гэрээ байгуулагдах юм бол Монголын уул уурхай, зам тээвэр, барилгын салбар яаж мундаг хөгжих тухай “Чингис” зочид буудалд ярьж байхад нь би сонсож л байсан. Би “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн. Бодит байдал дээр гэрээ хүчин төгөлдөр болж, ТУЗ байгуулагдан, 2011 онд ажил эхэлснээс хойшхи өнгөрсөн хугацаанд бүх цементийн 99,99 хувийг гаднаас импортолсон.

Тэгэхээр биднээс гарч байгаа хуулийн энэ санаа асар их сургамж, амьдрал дундаас олж мэдсэн мэдлэг дээр суурилж гарсан болохоос зүгээр нэг бичигдээгүй юм шүү гэдгийг олон талаас нь бодоорой. Энэ хуулийн төслийг харилцан хүлээж авах, ойртох түвшинд хүртлээ хэлэлцээд явья. Дахин нэг зүйлийг хэлэхэд энэ хууль нь ямар нэгэн улс төрийн үйл явцтай ямар ч холбоо байхгүй. Энэ хуулийн төслийг вэб хуудсанд тавингуут гадаадын сонин хэвлэлээр сонгуультай холбон бичсэн. Магадгүй, хоёроос гурван жил энэ хуулийг хэлэлцэх хэрэгтэй гэж үзвэл хэлэлцэх л болно. Хуулийг боловсруулах энэ процессийг зөвөөр хүлээн авч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол улсад сайн цаг ирж байна. Улам сайн болгохын төлөө хамтран ажиллацгаая.  
             

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 3 цаг 3 минутын өмнө
    Зэсийн үнэ АНУ-Хятадын худалдааны дайны асуудал нааштайгаар шийдэгдэж магадгүй гэсэн үүднээс энэ сарын эхний долоо хоногт  өсөлттэй байсан бол өнгөрч буй долоо хоногт эргээд буурах шинжтэй болж ирлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын мэдэгдэлтэй шууд холбоотой юм. Тэрбээр хэрэв худалдааны асуудлыг цэгцлэх эхний шатны яриа хэлэлцээр амжилтгүй болбол Хятадын бараанд хавьгүй их татварыг ногдуулах болно гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь зах зээлд худалдааны дайны асуудал тооцоолж байсан шиг нааштай биш болохыг харуулсан юм. Уг нь эхний шатны яриа хэлэлцээрт талууд Чилид болох APEC-ийн чуулганы үеэр гарын үсэг зурах байсан боловч хурал цуцлагдсан билээ. Одоо гэрээг үзэглэх шинэ газрыг зарлах үлдээд байгаа юм.
  • 5 цаг 6 минутын өмнө
    МАН эрдсийн экспортын өсөлтөөр нөхцөлдсөн боломжийг алдахыг хүссэнгүй. Энэ удаагийн төсвийг “сонгуулийн жилийн төсөв” гэж тодотгож болно. Эдийн засагчдын тооцоолж байсанчлан энэ төсөв сонгуулийн жилийг угтсан, зардал өндөртэй халгисан төсөв болсонд гайхах зүйлгүй.  Сонгууль дөхөөд сэтгэл хөдлөлдөө автуузай, төсвийн сахилга батыг бүү сулруулаарай хэмээн ОУВС эрх баригчдад анхааруулсаар ирсэн ч Сангийн сайд ирэх оны төсвийн орлогыг өөдрөг төсөөллөөр төсвийн зардлын хэт өсөлтийг эвтэйхэн тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг хуулийн хүрээнд тогтоосон тул бүх зүйл гаднаасаа сайхан харагдана. 
  • Өчигдөр 11 цаг 27 минутад
    Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага, төсвийн тэнцэл зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг Засгийн газрын өргөн мэдүүлсэнд өөрчлөлт оруулалгүйгээр баталлаа. Нийт тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797 тэрбум 840 сая төгрөг буюу ДНБ-ий 29%, нийт зарлагыг 13 их наяд 872 тэрбум 581.7 сая төгрөг буюу ДНБ-ий 34.1%, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг 2 их наяд 74 тэрбум 741.7 сая төгрөг буюу ДНБ-ий 5.1%-тай тэнцүү байхаар тооцжээ.
  • Уржигдар 17 цаг 11 минутад
    2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс импортолсон  нь өмнөх оны мөн үеийнхээс 9.6%-иар нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн онд тус улс нийт 281 сая тонн нүүрс импортолсон хэмжээнд тун ойртсон дүн болохыг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Сарын дүнгээр авч үзвэл, аравдугаар сард 25.68 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11%-иар өссөн ч өмнөх есдүгээр сарынхаас 15%-иар буурлаа. Шалтгаан нь аравдугаар сарын эхээр болсон Хятадын үндэсний баяртай холбоотойгоор импортын эрчим суларсан гэж зах зээл шинжээчид тайлбарлаж байна.
  • Уржигдар 14 цаг 55 минутад
    Шанхай хотноо үргэлжилж буй Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн (China International Import Expo, CIIE) үеэр Оросын коксжих нүүрсний “Колмар” компани Хятадын төрийн “Baowu” корпорацитай хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулжээ. Хамтын ажиллагааны хүрээнд, “Колмар” нь коксжих нүүрс Хятадын компанид экспортлох ба Хятадын талаас уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх аж. Оросын компанийн хувьд, Хятадын AVIC корпорацитай хамтран “Инаглинская 2” үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Жилд 12 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай энэхүү үйлдвэрийг 2020 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй.