Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Нөхөн сэргээлт, хаалтыг илүү нарийн хуульчилна

Ашигт  малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг The Mongolian Mining Journal дээр үргэлжилж байна. Төслийн бүрэн эхийг www.mongolianminingjournal.com сайтын "Хууль, төсөл" булангаас үзнэ үү.

Санал бодлоо info@mongolianminingjournal.com хаягаар илгээж, олон нийттэй нээлттэй хуваалцана уу.

Уул уурхайн салбар нь байгаль орчны хамгааллыг гойд сайн харгалзан үздэг байх учиртайг хөгжингүй улс орнууд одооноос хүлээн зөвшөөрөх болжээ. Уул уурхайн салбарын үйл ажиллагаанаас гарч буй бүтээгдэхүүнийг хүн төрөлхтөн хэрэглэж, үр ашгийг нь хүртдэг ч экологийн асуудлыг хэн ч мартах учиргүй. Учир нь байгаль дэлхий бол тогтвортой хөгжлийн суурь үндэс болохыг хүмүүс өнөө цагт улам бүр ухамсарласаар байна.

Тухайлбал АНУ гэхэд нэлээд дээхнэ үед буюу 1872 онд уул уурхайн салбарын тухай хуулийг баталж байсан байхад бүр хожим 1970-аад оноос л тус улсад байгаль орчин хамгаалах ногоон хөдөлгөөн эрчээ авах болжээ. Улмаар 2000 он гарч, АНУ-ын уул уурхайн компаниуд байгаль орчны төлөөх үүргээ өндөр ухамсарласан байгууллагын тоонд багтах болсныг уул уурхайн түүх, судалгааны ном хэвлэлүүдэд дурджээ. Гэхдээ энэхүү сайн үр дүнгийн суурь нь АНУ-ын байгаль орчны хууль, эрх зүйн шинэчилсэн найруулгууд болон тус улсын Ашигт малтмалын хуулийн тэдгээртэй уялдсан байдал гэдгийг судлаачид онцлон тэмдэглэсэн байх юм. АНУ өнөөдөр байгаль орчноо хамгаалж, хадгалах асуудлыг дээд түвшинд авч үздэг улс орон болсон ч, эхэн үедээ тааруу дулимагхан хууль гаргаснаасаа болж хэдэн арван тэрбум долларын хохирол амссан гашуун түүх тод үлджээ. АНУ-ын Байгаль хамгааллын албаны гаргасан тооцоогоор тус улсын баруун нутгийн нийт голын эхийн дөчин хувь нь уул уурхайн үйл ажиллагааны нөлөөгөөр бохирдсоныг тогтоожээ.

Эдгээр гашуун сургамж бол зохицуулалтгүй, сул бүдэгхэн хууль эрх зүйн сөрөг үр дүнгийн бодит жишээ юм. Өнөөдөр байгаль орчин хамгаалах, цаг уурын өөрчлөлтийг бууруулах зорилготой олон улсын конвенцуудад Канад улс нэгдэн орохоос зайлсхийж буйг олон улсын байгаль орчны байгуулагууд гэлтгүй уул уурхайн байгууллагууд нь өөрсдөө бууруушаадаг өндөр ухамсартай цаг иржээ. Уул уурхай өндөр хөгжсөн Австралид хүртэл байгаль орчны үнэлгээгээ нарийн сайн боловсруулахыг шаардаж, ард иргэдийн дуу хоолой, санал бодлыг үнэлгээндээ тусгахыг даалгаж, BHP Billiton-ы уурхай өргөтгөх саналыг буцааж байсан нь ердөө хоёр жил орчмын өмнөхөн билээ. Байгаль орчны өмнө хүлээсэн хариуцлагатай үүргээ уул уурхайн салбарынхан хүндэтгэлтэйгээр хүлээж авдаг цаг нэгэнт иржээ.  Энэ бол XXI зууны уул уурхайн чиг хандлага.

Эрдсийн экспортод түшиглэсэн эдийн засагтай Монгол шиг улсад Ашигт малтмалын тухай хууль нь амин чухал гэдэгтэй хэн ч маргахгүй. Яг одоо уул уурхайн салбарын хуулийг шинэчлэх гээд салбарынхан дээр дооргүй маргалдаж мэтгэлцэж байна. Хэдийгээр одоо мөрдөгдөж буй, 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг гадаадын мэргэжилтнүүд чамлахааргүй сайн хууль гэж сэтгэгдлээ илэрхийлэх нь бий ч, Монголын эрх ашгийг бүрэн хамгаалж чадахаар хууль биш болохоо олон талаараа харуулсаар байгаа билээ. Ашигт малтмалын тухай хуулийн хамгийн шоовдор хэсэг гэхэд нэг их хилсдэхээргүй Байгаль орчны сэдэв бүхий товчхон хэдэн өгүүлбэр одоогийн хуулинд бий.  Монголын ирээдүйд Ашигт малтмалын салбар үлэмж байр суурь эзлэхийн хэрээр цаашид уг салбарын хуулийг сайжруулах чухал хариуцлагатай ажил цаг үеийн шаардлагаар монголчуудын өмнө бий болж байна. Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газар оны босгон дээр ил болгосон. Яг одоо энэхүү хуулийн хэлэлцүүлэг их бага хэмжээгээр өрнөж эхлээд байна.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад одоогийн мөрдөгдөж буй хуультай харьцуулахад нөхөн сэргээлт, хаалтын ажилд зарцуулах санхүүжилтийг илүү тодорхой ойлгомжтой болгож өгчээ. Уг хуульд байгаль орчинтой холбоотой заалтууд бүлэг бүлэгт олон газар дурдагдаж буй ч арванхоёр, арвангуравдугаар бүлэгт нөхөн сэргээлт, уурхайн хаалтын тухай зүйл заалтыг тусгайлан оруулж өгчээ. Нөхөн сэргээлтийн хэсгийг уншиж эхэлмэгц жирийн иргэнд таалагдахуйц нэг заалт буй нь компаниудын ойжуулах үүрэг байлаа. Хуулийн шинэчилсэн найруулгаар бол компаниуд ашигласан газраа ямар бүс нутгаас нь үл хамааруулан ойжуулах үүрэгтэй бөгөөд огтолсон нэг модныхоо оронд арван мод суулгана.

Монголын Ашигт малтмалын одоо хэрэгжиж буй хуульд байгаль орчны холбогдолтой хэсэг бага орсны зэрэгцээ үүнд зарцуулах хөрөнгө санхүүг хэтэрхий бүдүүн тоймоор авч үзсэн тал ажиглагддаг.  Одоогийн хуульд нөхөн сэргээлтийн ажлын зардлын 50 хувийг  баталгаа болгох үүднээс сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд урьдчилан шилжүүлэх тухай заажээ. Хэдийгээр 50 хувь гэсэн сайхан тоо байх авч, нөхөн сэргээлтийн ажлын зардлын стандарт хуулинд төдийлөн нарийн тусгагдаагүй. Харин санал болгоод буй шинэчилсэн найруулгад нөхөн сэргээлтийн ажилд тухайн жилд шаардагдах зардлыг бүтнээр буюу 100 хувь дансанд байршуулах тухай тусгажээ. Нөгөөтэйгүүр нөхөн сэргээлтийн зардлын хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоохыг шинэ хуулиар заажээ. Компаниуд энэ удаад сум, дүүргийн Засаг даргад бус, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нээсэн тусгай дансанд мөнгөө урьдчилан байршуулахаар болсон нь бас нэгэн том өөрчлөлт болжээ. Гэхдээ шинэ хуулиар нөхөн сэргээлтийн зардлыг 100 хувь байршуулахаар болсон нь уул уурхайн компаниудад сайхан сонсогдохгүй болов уу. Энэ хэрээр уул уурхайн компаниуд зардал, эрсдэлээ илүү нарийн тооцох шаардлага зүй ёсоор тавигдаж буй юм. Гэхдээ хуулиар компаниудыг даатгалд заавал хамрагдах талаар тусгасан нь дээрх заалттайгаа уялдаж буй юм. Нөгөөтэйгүүр нөхөн сэргээлтийн зардлыг хөндлөнгийн аудитаар хийлгэх хувилбарыг ч бас шинэ хуулинд дэвшүүлсэн нь ажлын зарцуулах хөрөнгийн хэмжээг бодит бус гарах нөхцөлийг хаажээ. Америкийн зарим мужид нөхөн сэргээлтийн зардлыг роялтигаас гадна 0.3-1 хувийн нэмэлт татвар авах зарчмаар шийддэг туршлага ч байх юм.

Одоогийн хуулийн байгаль орчныг хамгаалах тухай хэсгийн зүйл заалт нь ихээхэн ерөнхий, товч агуулгатай байгаа нь уул уурхайн компаниудыг нөхөн сэргээлтийн ажилдаа үлбэгэр идэвхгүй хандах нэгэн суурь шалтгаан болж буй нь илэрхий үнэн. Шинэчилсэн найруулгад харин уул уурхайн компаниудын үүргийг тодорхой зааж, төрийн байгууллагын хамтын ажиллагаа, хяналтын үүргийг ч мөн нарийн тусгасан байдал ажиглагдаж байна.  Нөгөөтэйгүүр хугацааны хязгаарыг нарийн сайн тодорхойлжээ. Төрийн байгууллагатай холбоотой аливаа шийдвэр гаргах, нөхөн сэргээлт, хаалтын ажлын төлөвлөгөөг батлах хугацааг дээд тал нь 10 хоног байхаар заасан нь төрийн үйлчилгээг илүү шуурхай болгожээ. Харин Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ боловсруулах ажилд 3 хүртэлх сар , буцаагдсан нөхөн сэргээлт, хаалтын ажлын төлөвлөгөөг дахин боловсруулахад 30 хүртэлх хоног өгөх зэргээр илүү урт хугацаа олгосон нь одоогийн хуультай харьцуулахад уян хатан болжээ. 

Одоогийн хуульд Байгаль орчныг хамгаалах гэсэн нэр томъёо ашиглаж буй бол шинэчилсэн найруулгад Нөхөн сэргээлт гэсэн нэрийг голчилж тусдаа бие даасан бүлэг болгон боловсруулан ашиглажээ. Хэдийгээр одоогийн хуулийн нэр томъёо нь Байгаль орчныг хамгаалах гэсэн илүү өргөн хүрээтэй агуулгыг илэрхийлж буй боловч доторх зүйл заалтын хувьд шинэчилсэн найруулгынхаасаа хавьгүй дутмаг байгаа юм. Гэхдээ шинэчилсэн найруулга байгаль орчны асуудлыг үнэхээр нарийн сайн тусгасан хуулийн төсөл болсон уу гэвэл хараахан тийм гэх үндэс харагдахгүй байгаа юм. Уг хуулийн төслийг Байгаль орчны багц хуулиудтай илүү сайн уялдуулж болох байсан.

Мөн усны ашиглалт, зарцуулалтын талаар нарийн заалт оруулаагүйн зэрэгцээ агаар, хөрсний хамгаалалтай холбоотой дүрэм журам ч тун бүдэгхэн тусгагджээ. Манай улсад мөрдөгдөж буй нөхөн сэргээлт, байгаль орчин хамгаалахтай холбоотой стандарт, журмуудыг хуульд төдийлөн тусгаагүй байна. Үүнээс харахад энэхүү хууль нь энгийн хялбар ойлгогдохуйц болсон нь сайшаалтай ч техникийн, мэргэжлийн талаасаа учир дутагдалтай болсон байх магадлал өндөр байгаа юм. Өнөөдөр уул уурхайн компаниуд янз бүрийн түвшинд усаа дахин боловсруулж, ашиглаж байна. Хэрэв ус эргүүлэн ашиглах хувь хамгийн багадаа тэдэн хувь байх ёстой гээд хуульчлаад, стандартчилаад өгвөл асуудал арай өөрөөр эргэх биз ээ. Уурхайн үйлдвэрлэл болон бусад байгууламжаас гарч буй утааны хорт хийн түвшин, тоосжилтын хэмжээ аль зэрэг байх ёстой талаар заасан стандарт, холбогдох хуулиудыг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад сайтар уялдуулаагүй орхижээ. Энэ мэтчилэн шинэ хуулийн төсөл дэх байгаль орчны хэсэгт бүдэгхэн, “алдаатай” гэмээр зүйл илэрхий ажиглагдаж байна. Салбарын эрдэмтэд уурхайн хаалтын шинэ журам гаргах гэхээр салбарын хуулийн зүйл заалтаас илүү дээд түвшний зарчим ярих хэрэгтэй болж буй талаар санал бодлоо илэрхийлдэг.

Энэхүү хуулийн шинэчилсэн хувилбарт дээрхийн адилаар сул талууд ажиглагдсан ч уурхайн хаалтын тухайд одоогийн мөрдөгдөж буй хуультай харьцуулахад мэдэгдэхүйц тодорхой, нарийвчилсан заалтуудыг оруулжээ. Одоогийн мөрдөж Ашигт малтмалын тухай хуульд уурхайн хаалтын тухайд ердөө тав, зургаахан өгүүлбэр оруулжээ. Уурхайн хаалт гэдэг нь зөвхөн нөхөн сэргээлт гэсэн ойлголт бус тухайн уурхайн ашиглагдаж хөндөгдсөн газрыг хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөөлгүй хэрнээ эргээд хэвийн байдлаар ашиглаж болохуйц газар болгох цогц үйл ажиллагааг хэлдэг. Үүнд бас тухайн уурхайн ажилчдын аж амьдралыг баталгаажуулах үүрэг ч багтдаг. Энэ бүгдийг хамруулан хуулийн шинэчилсэн найруулгад уурхайн хаалтын тухай зүйл заалтыг тусгай бүлэг болгон оруулжээ.  Уурхайн хаалтын ажлын зардлыг 100 хувь урьдчилан төлөх заалтыг ч хуулинд тусгажээ. Хэрэв уурхайн хаалтыг тухайн компани нь бүрэн гүйцэд, стандартын дагуу хийж чадвал тусгай санд байршуулсан мөнгөнийхөө 90 хүртэлх хувийг буцааж авах эрхтэй ажээ. Харин үлдсэн арван хувь нь ирээдүйн болзошгүй Эрсдэлийн санд хадгалагдах юм байна.

Үүний дээр Байгаль орчны асуудлыг харж үзэхийн зэрэгцээ эдийн засгийн ашигтай байдлыг харгалзаж үзсэн нэгэн “хурц” зохицуулалт бол сорчлон ашиглахын эсрэг заалт юм. Нөгөөтэйгүүр уурхайн нөөц баялгийг гүйцэд ашиглалгүйгээр хаахад хүрвэл тухайн компаниас ашиглаагүй үлдээсэн нөөцийг тооцон роялти авах тухай мөн хуульчилжээ.

Хуулийн төслийг уншихад нөхөн сэргээлт, уурхайн хаалтыг чанартай сайн гүйцэтгэхэд компанийн үүрэг оролцоо маш өндөр боловч төрийн байгууллага, хяналтын алба өндөр чадавхитай ажиллах шаардлагатай нь ажиглагдаж байна.

Шинэ хуулийн ололт гэвэл төрийн байгууллага болон тухайн компанийн хоорон дахь ажлын дүрэм журмыг илүү ойлгомжтой болгосонд оршино. Өөрөөр хэлбэл хүнд суртал, авлига, гацаасан байдал энэ хуулиар цэгцрэх хандлагатай байгаа юм.

АНУ, Австрали, Канад, Хятад, Европын холбооны улс орнуудын төрийн аппарат маш хүчирхэг байдаг учир гадаадын болоод дотоодын хөрөнгө оруулалт бүхий компаниуд аль аль нь хууль дүрмээ сайн гүйцэлдүүлж ажилладаг туршлага байдаг.

Шинээр өргөн бариад буй хуулийн төсөл нь чанарын хувьд одоогийн хуулиас шат ахиу болсон ч нэмж сайжруулах зүйл байгааг шинжээч мэргэжлийн хүмүүс уг хуулинй бусад бүлэгт саналаа аль хэдийнэ тодорхой илэрхийлж эхлээд байна.

Байгаль орчны тухайд ярих болохоор энэ сэдэв эдийн засаг, хөрөнгө мөнгөтэй холбоотой ашиг сонирхлын нүргээнд даруулсаар үлддэг. Манай улс Байгаль орчны багц хуулиуд, стандартуудыг баталсан дэвшилтэт алхмуудыг хийсэн ч, харин одоо Ашигт малтмалын хуулинд байгаль орчны өмнө уул уурхайн салбар ямар хариуцлага хүлээж ажиллах дүрмийг тодорхой дэвшүүлбэл Монгол илүү олон шат ахиж чадах билээ.  Хуулийн хэлэлцүүлгийн хариуцлагатай цаг үе өрнөж байна.


Б. Төгсбилэгт ( The Mongolian Mining Journal )