Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

Төсөл
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны
... дугаар сарын ... өдрийн ... дугаар
тогтоолын хавсралт

СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ САЛБАРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1 Энэхүү журмаар Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэлцэл хийхээр төлөвлөж байгаа мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,4.2-д заасан этгээдээс зөвшөөрөл хүсэх, уг хүсэлтийг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2 Хүсэлтийг хүлээн авах, хэлэлцэж шийдвэрлэхэд Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээ болон энэхүү журмыг удирдлага болгоно.

ХОЁР. НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ

2.1.    Энэхүү журамд хэрэглэсэн нэр томьёог Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохцуулах тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар ойлгоно.
2.2.    Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.2.1.    “Зөвшөөрөл хүсэгч” гзж Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т заасан этгээдийг:
2.2.2.    “Хүсэлт” гэж Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 7 дугаар зүйлд болон энэ журамд заасны дагуу зөвшөөрөл хүсэн Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан ёсоор ирүүлсэн бичиг баримтын иж бүрдлийг.

ГУРАВ. ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАХ

3.1. Зөвшөөрөл хүсэгч нь Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д заасны дагуу Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гаргах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана:
3.1.1.    Энэ журмын хавсралтад заасан Маягт-1, Маягт-2, Маягт-3, Маягт-4;
3.1.2.    Монгол Улсад бүртгэлтэй стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл  ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3.1.3. Зөвшөөрөл хүсэгч гадаадын хөрөнгө оруулагчийн эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээ, паспортын хуулбар;
3.1.4. Зөвшөөрөл   хүсэгч   болон   зөвшөөрөл   хүсэгчийн    Монгол   Улсад бүртгэлтэй стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн  хувьцаа эзэмшигчид,  түүнтэй  нэгдмэл  сонирхолтой  этгээд,  гуравдагч  этгээд, гүйцэтгэх удирдлагын талаарх сүүлийн 2 жилийн бүртгэлийн байгууллагын лавлагаа;
3.1.5. Зөвшөөрөл хүсэх хэлцлийн урьдчилан тохиролцсон төсөл; /хэлцлийн талууд, шилжүүлж байгаа хувьцаа, хувь эзэмшлийн хэмжээ, гэрээний үнэ болон хуулийн этгээдийн   дүрэм,   удирдлагад  өөрчлөлт   оруулахаар  тохиролцсон   бол  тэр   тухай тусгасан байна./
3.1.6. Зөвшөөрөл  хүсэгч   байгууллагын  болон   Монгол  Улсад  бүртгэлтэй  стратегийн   ач   холбогдол   бүхий   аж   ахуйн   нэгжийн   санхүүгийн   тайлан,   санхүүгийн тайлангийн тодруулга;
3.1.7.    Зөвшөөрөл хүсэгчийн Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын телөвлөгөө, бизнес төсөл;
3.1.8.    Бусад шаардлагатай бичиг баримт.
3.2. Энэхүү журмын 3.1.-д заасан бичиг баримт нь монгол хэл дээр байх бөгөөд гадаад хэл дээр байвал албан ёсны баталгаат орчуулгыг хавсаргана.

ДӨРӨВ. ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭХ

4.1.    Гадаадын   хөрөнгө   оруулалтын   асуудал   эрхэлсэн   төрийн   захиргааны   төв байгууллага зөвшөөрөл хүсэгчийн хүсэлтийг хүлээн авч, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.5-д заасны дагуу 90 хүртэл хоногийн хугацаанд хүсэлтийг хянах, санал дүгнэлтийг нэгтгэх, Засгийн газарт танилцуулж, шийдвэр гаргуулах үйл ажиллагааг зохион байгуулна.
4.2.    Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хэлэлцэн шийдвэрлэхэд шаардлага хангасан хүсэлтийг хүлээн авч, албан бичгийн бүртгэлд бүртгэснээр уг хүсэлтийг албан ёсоор хүлээн авсанд тооцно.
4.3.    Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүсэлтийг нягтлан шалгах явцдаа зөвшөөрөл хүсэгчээс шаардлагатай бичиг баримтыг нэмж авна.
4.4.    Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүсэлтийг нягтлах явцад холбогдох байгууллагаас санал, дүгнэлт гаргаж ирүүлнэ,
4.5.    Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн7.3-т заасан нөхцөл байдал үүсэх эсэхэд дараах байгууллагууд санал, дүгнэлт гаргаж ирүүлнэ:
4.5.1.    Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1 .-д заасан нөхцөл байдлын талаар Үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах төрийн захиргааны төв байгууллага;
4.5.2.    Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.2,-т заасан нөхцөл байдлын талаар Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
4.5.3.    Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.3.3.-т заасан нөхцөл байдлын талаар Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
4.5.4.    Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.4.-т заасан нөхцөл байдлын талаар Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
4.5.5.    Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.5,-д заасан нөхцөл байдлын талаар тухайн салбарыг эрхлэх төрийн захиргааны болон төрийн захиргааны төв байгууллага.
4.6. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь шаардлагатай гзж үзсэн тохиолдолд энэ журмын 4.5-д зааснаас бусад холбогдох байгууллагаас санал, дүгнэлт гаргуулан авах эрхтэй.
4.7.    Энэ журмын 4.5 болон 4.6-д заасан байгууллага нь Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас холбогдох хүсэлтийг хүлээн авснаас хойш 25 хоногийн дотор санал, дүгнэлтээ буцаан бичгээр хүргүүлнэ.
4.8.    Энэ журмын 4.5 болон 4.6-д заасан байгууллагын санал, дүгнэлтэд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасан нөхцөл байдлын талаар тодорхой дурдаж, үндэслэлийг тайлбарласан байна.
4.9. Энэ журмын 4.5. болон 4.6.-д заасны дагуу нэгтгэн авсан санал, дүгнэлт нь Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухайн хүсэлтийг Засгийн газарт танилцуулж, шийдвэр гаргуулах үндэслэл болно.
4.10. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох байгууллагуудын санал, дүгнэлтийг нэгтгэж, Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохцуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д заасан хугацаанд Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.
4.11.    Засгийн газрын хэрэг эрхлэх газар Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д заасан хугацааны дотор Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлсэн холбогдох хүсэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэр гаргуулна.
4.12.    Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д заасан Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх шаардлагатай холбогдох хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн Улсын Их Хуралд өргөн барина.

ТАВ. ШИЙДВЭРИЙГ МЭДЭГДЭХ

5.1. Улсын Их Хурал, Засгийн газрын Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д заасны дагуу гаргасан шийдвэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газар Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор бичгээр болон цахим хэлбэрээр хүргүүлнэ.
5.2. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн зөвшөөрөлтэй холбогдсон мэдээллийг хүлээн авснаас хойш 2 хоногийн дотор зөвшөөрөл хүсэгчид бичгээр болон цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
5.3.    Хүсэлтийг зөвшөөрсөнтэй уялдан Монгол Улсын хуулийн этгээдээр бүртгүүлэх, бүртгэлтэй хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт орохоор бол Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
5.4.    Хүсэлтийг эс зөвшөөрсөн нь холбогдох эрх бүхий байгууллагууд зөвшөөрөл хүсэгчид тухайн салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохгүй байх, бүртгэлд өөрчлөлт хийхгүй байх үндэслэл болно.
5.5.    Хүсэлтийг зөвшөөрсөн нь холбогдох эрх бүхий байгууллагууд зөвшөөрөл хүсэгчид тухайн салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох үндэслэл болохгүй.
5.6.    Улсын Их Хурал, Засгийн газар тодорхой нөхцөл, шаардлага тавьж хүсэлтийг эс зөвшөөрсөн бол түүнийг ханган дахин хүсэлт гаргах эрх нь зөвшөөрөл хүсэгчид нээлттэй байна.

ЗУРГАА. БУСАД

6.1.    Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль болон энэ журмыг зөрчиж хийсэн, зөвшөөрөл аваагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
6.2.    Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн, хүсэлтэд хуурамч материал, худал мэдээлэл ашигласан нь тогтоогдвол зөвшөөрөл хүсэгчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, шинээр бүртгэл хийхгүй байх үндэслэл болно.
6.3.    Гадаадын хөрөнгө оруулагч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд болон гуравдагч этгээд энэхүү журмыг зөрчиж хийсэн хэлцлээ хүчингүй болгож, тухайн хэлцлээр хийсэн аливаа өөрчлөлтийг өмнөх байдалд оруулах үүрэгтэй.
6.4.    Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль болон энэхүү журмыг хэрэгжүүлэх хүрээнд бүртгэл хариуцсан болон стратегийн ач холбогдол бүхий салбарын тусгай зөвшөөрөл хариуцсан эрх бүхий байгууллагууд олгосон тусгай зөвшөөрөл, бүртгэлтэй аж ахуйн нэгжтэй холбогдох мэдээллийг шуурхай солилцож, нэгдсэн бүртгэл хөтлөн хамтран ажиллана.
6.5.    Энэхүү журмын хавсралт маягтуудад орсон мэдээлэл үнэн зөв эсэхийг зөвшөөрөл хүсэгч хариуцах бөгөөд худал мэдүүлсэн тохиолдолд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
6.6.    Энэхүү журмыг хэрэгжүүлэх явцад гарсан маргааныг Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.