Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

”Уул уурхайн салбарын эрх ашгийн төлөө ажилласан”



Ашигт малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг The Mongolian Mining Journal дээр эхэллээ. Төслийн бүрэн эхийг www.mongolianminingjournal.com сайтаас үзнэ үү. Санал бодлоо info@mongolianminingjournal.com хаягаар илгээж, олон нийттэй нээлттэй хуваалцана уу.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг олон нийтэд ил болгоод удаагүй байна. Хуулийн төслийг тойрсон янз бүрийн үнэлэлт, дүгнэлт ч эхнээсээ гарч эхлэв. Энэ үед хуулийн төслийг Боловсруулах дэд ажлын хэсгийн ахлагч,  хуульч Д.Мөнхтуяаг урьж, шинэчилсэн найруулгыг тойрсон зарим асуудлаар ярилцлаа.       

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт ямар хүмүүс ажилласан бэ? Таны хувьд Ажлын хэсэгт ямар үүрэг, оролцоотой байв?   

Анх Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөн боловсруулах ажлын хэсэг 2010 онд Ашигт малтмалын газар дээр байгуулагдаж энэ хуулийг шинэчлэх талаар олон нийтийн санал авах, төслийн анхны хувилбарыг боловсруулах ажлууд хийгдэж эхэлсэн юм. Миний хувьд энэ хуулийн төсөл дээр тэр үеэс буюу 2010 оноос хойш ажиллаж байна.

2011 онд Ерөнхийлөгчийн захирамжаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах П.Цагаан даргаар ахлуулсан  Ажлын хэсэг шинэчлэн байгуулагдсан юм. Дотроо зөвлөх болон боловсруулах гэсэн хоёр дэд ажлын хэсэгтэй. Зөвлөх хэсэг нь тухайн үеийн УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын хориод хүнээс бүрдэж байлаа. Боловсруулах ажлын хэсгийг би ахалсан.  Үндсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй, салбарын 3 мэргэжилтэн, 4 хуульч.

Манай ажлын хэсэгт салбараа төлөөлж, голлох үүрэг гүйцэтгэсэн гурван туршлагатай мэргэжилтэн бий. Эрэл хайгуултай холбоотой асуудлыг ерөнхийд нь Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбооны тэргүүн Д.Бат-Эрдэнэ, уулын ажил, олборлолт талыг Ашигт малтмалын газрын Уул уурхай, судалгааны хэлтсийн дарга Ц.Даваацэрэн нар хариуцаж ажилласан. Ажлын хэсэг анх байгуулагдахад П.Цагаан дарга Боловсруулах ажлын хэсэгт орох хүмүүсээ өөрөө сонго, эцсийн үр дүнг чамаас нэхнэ гэсэн юм. Энэ хоёр хүнд би өөрөө санал тавьсан. Алдаагүй. Мөн одоо Уул уурхайн яамны газрын даргаар ажиллаж байгаа Жавхланболд байна. Эдгээр мэргэжилтэн маань бодлого талдаа ямар байхыг хэлж, зөвлөнө. Тэд аль нэг тал руу гуйвж дайвж, хэн нэгний эрх ашгийг хамгаалаагүй. Яг л геологийн, уул уурхайн салбарын эрх ашгийн төлөө ажилласан гэж би боддог.

Яг хуулийн төсөл бичих нь хуульчдын ажил шүү дээ. Энэ хуулийн төсөл дээр ажилласан манай хуульчдын багт надаас гадна Н.Тайван, Б.Лхамсүрэн, Г.Сурахбаяр гэсэн хуульчид ажилласан. Эд нар маань бас л салбартаа танигдсан сайн хуульчид. “Гурван хуульчаас дөрвөн санал гарна” гэж ярьдаг. Хуулийг аль болох хийдэлгүй зөв стандартаар боловсруулахын тулд бид олон цагийг хэлэлцэж, зөвлөлдөж, зарим асуудал дээр бүр санал хурааж ч үзсэн. Яг төслийг гардан бичих ажлыг би гүйцэтгэсэн болохоор хуулийн төсөлд орсон үг, үсэг, цэг, таслалын учрыг тайлбарлах үүрэгтэй байх.

Үүний зэрэгцээ энэ том хуулийг дагаад 30-аад хуульд нэмэлт, өөрчлөлт орохоор төлөв гарсан. Энэ дагалдан гарах хуулийн өөрчлөлт дээр бид бас нэмээд 2 хуульч ажиллуулсан. Мөн хуулийн төслийн зарим бүлэгт тухайн чиглэлээр нарийн мэргэшсэн эрдэмтдийг урьж зөвлөгөө авсан. Тухайлбал уурхайн хаалтын эрх зүйн дэглэмийг тодорхойлоход ШУТИС-ийн Уул уурхайн төсөл судалгааны төвийн захирал М.Дагва багш оролцож өөрийн судалгаан дээр үндэслэж бидэнд маш үнэтэй зөвлөгөө өгсөн нь төсөлд зохих ёсоор тусгагдсан байгаа. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гурван удаа авч үзсэн


Өмнөх хуулиудтай харьцуулбал энэ хуулийн гол концепци юуг өөрчлөхийг хүссэн бэ? Энэ талаар ерөнхий ойлголт өгөхгүй юү?

1997, 2006 оны хуулийг зарим хүн их муу, эсвэл зарим нь их сайн хууль гэж ярьдаг. Миний бодлоор, эдгээр хууль тухайн үеийнхээ уул уурхайн салбарын нөхцөл байдалд үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн  хуулиуд. Магадгүй, илүү дээр байж болох байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ нэг их муулаад баймааргүй санагддаг. Эдгээр хуулиудад сайн ч юм бий, муу ч зүйл олон бий. Одоогийн бидний боловсруулсан хууль ч тийм. Угаасаа хууль анхнаасаа төгс төгөлдөр байдаггүй. Бидний боловсруулсан хуулиас ч хэрэгжих явцад дутуу харсан, сайжруулмаар зүйлүүд гарч ирэх л байх.

Хүмүүс нэг асуултыг их асууж байна. Хаанахын хуулийг хуулаад биччихэв гэж. Манайд хууль хуулаад бичих нь түгээмэл учраас тэгж асууж байгаа байх. Үзэж судалсан хууль зөндөө бий. Мэдээж, хамгийн түрүүн Австралийн хуулийг харсан.  Австрали ганц хуультай улс биш. Муж болгон тусдаа хуультай. Дээр нь Канад болон бусад олон улсын хуулийг үзэж, судалсан.

Зарим хүмүүс, ялангуяа гадныхан Алжир, Ангол ч юм уу, бидэнтэй хөгжлийн ижил түвшний улс орнуудын хуулийг үзэх ёстой гэдэг л дээ. Бид тийм зарчим бариагүй. Уул уурхайтай холбоотой хууль тогтоомжийн зохицуулалт өнөөдөр стандарт болчихлоо. Бид ч гэсэн дэлхийн стандарт руу явахыг хичээж байгаа учраас аль болох тэр мундаг гэгддэг улсуудын хууль ямар байдгийг харахыг зорьсон. Үнэнийг хэлэхэд, тэр дундаас алийг нь ч хуулаагүй. Бид анхны Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш туршлага сууж л байна шүү дээ. Юун дээр онов, юуг алдав. Гэрээн дээр л ярихад, гэрээтэй холбоотой асуудлууд бидэнд юуг сургамж болгов? Байгаль орчин, өөр бусад асуудал ч ялгаагүй. Тэр л туршлага, сургамж дээр тулгуурлаж алдаагаа засахыг оролдсон хууль. Бусад улсын хуулиас зарим тодорхой санаа, уул уурхайд стандарт болоод тогтсон хэм хэмжээг авсан зүйл мэдээж байгаа.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар ганц нэгхэн зүйл өөрчлөөгүй. Уул уурхайн салбарын хэмжээнд маш олон асуудлыг хөндөж байгаа. Шинээр гаргаж тавьж буй зүйл ч маш их. Өөрчилж байгаа нь ч олон бий.

Хууль санаачлагчийн хувьд Ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулийн төслийг боловсруулах явцад байнга анхаарч, төсөлд орсон гол гол үзэл баримтлалын асуудлаар тодорхой чиглэлүүдийг өгсөөр ирсэн. Ерөнхийлөгчийн санаачилгаар төслийн үзэл баримтлалыг 2011 оноос хойш ҮАБЗөвлөл дээр 3 удаа, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр нэг удаа ярилцаж төслийн үзэл баримтлалд тодорхой саналууд өгөгдөж төсөлд тусгагдсан. 

Хуулийн төсөлд орсон үзэл баримтлалын гол гол өөрчлөлтийг нэлээд хэдэн үндсэн чиглэлээр ярих хэрэгтэй байх.

Төрийн оролцоо тодорхой түвшинд яригдахаас аргагүй

Нэгдүгээрт, уул уурхайн үйл ажиллагаан дахь төрийн оролцооны талаарх асуудал. Уул уурхай бол бизнесийн үйл ажиллагаа мөн. Гэхдээ онцлогтой. Онцлог нь юундаа байна вэ гэхээр энэ бизнесийн харилцааны гол объект буюу өмчлөлийн зүйл болох ашигт малтмал нь төрийн өмч байдаг. Энэ үүднээс өөрийн хөрөнгөөрөө бизнес эрхэлж, бүтээгдэхүүн үйлдвэрлээд зарж байгаа бизнесийн үйл ажиллагаатай харьцуулбал уул уурхайн бизнест онцлог зохицуулалтууд бий. Тэр нь юуны өмнө төрийн оролцоогоор илэрнэ. Төрийн өмчлөлийн зүйл дээр тусгай эрх авч, үйл ажиллагаа эрхлээд эцсийн бүлэгт төрийн өмч нь хувийн өмчид шилжиж байгаа үйл ажиллагаа. Өөр ямар ч бизнест байдаггүй харилцаа энд үүсдэг учраас төрийн оролцоо тодорхой түвшинд яригдахаас аргагүй.

2006 оны хуулиар тодорхой ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож хуульчилсан. Шинэ хуулийн төслөөр уул уурхайн бизнест төр хувь эзэмших байдлаар хамтран оролцох эрхийг хязгаарласан. Стратегийн орд гэж шинээр зарлахгүй. Тэр дундаа төр 34 хувь, 51 хувийг эзэмшинэ гэсэн ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл төр бизнесийн хамтрагч биш, харин төрийн үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, хяналтаа тавих байдлаар уг харилцаанд орохоор тусгасан.

Гэхдээ УИХ-ын тогтоолоор нэгэнт батлагдчихсан 15 ордын асуудал бий. Нэгэнт өмнө нь 15 ордыг нэр заан стратегийн ач холбогдолтой гэж заасан тул шинэ хуулиар шууд стратегийн орд гэж байхгүй гэчихвэл тэдгээр ордын асуудал зохицуулалтгүй үлдэнэ. Тиймээс уг 15 ордтой холбоотой тодорхой зохицуулалтыг оруулахаас аргагүй болсон. Хэрэв хуулийн энэ концепци хэвээр батлагдвал үүнээс хойш энэ 15 дээр нэмэхгүй, харин хасагдах байдлаар явна. Яваандаа стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд гэж байхгүй болж, төр ашигт малтмалын ордод хувь эзэмших асуудал үгүй болно гэсэн үг.

Стратегийн ордоос хасах үндэслэл нь юу байх вэ? Хасагдах асуудал УИХ-аар орох уу?

Ямар ч үндэслэлээр хасч болно гэж үзсэн. Засгийн газар санал оруулж, УИХ шийднэ. Нэмэх гээгүй хасч байгаа учир элдэв нөхцөл шаардлага тавиагүй.

Хувийнхаа бодлыг хэлэхэд ашигт малтмалын ордыг стратегийн ач холбогдолтой гэж ангилсан зохицуулалт нь 2006 оны хуулиас гарсан маш хэцүү асуудлуудын нэг. Зовлонтой зохицуулалт, олигтой хэрэгждэг ч үгүй. Үндсэндээ 2006 оноос хойш Оюутолгой, Тавантолгойг эс тооцвол бусад орд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг одоо болтол тогтоож чадахгүй байна. Авах ёстой л гээд байгаагаас авч чадсан юм үгүй. Таван жил өнгөрөөд байхад явахгүй байгаа нь амьдралд нийцэхгүй байна гэсэн үг.

(Ярилцлагын дэлгэрэнгүй The Mongolian Mining Journal-д)





  • byambasuren (49.0.202.225)
    kk
    2013 оны 01 сарын 04 | Хариулах
  • Зочин (49.0.202.225)
    tegj bolohku ee
    2013 оны 01 сарын 04 | Хариулах