Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Хэчнээн лиценз гадаадад худалдаалагдсан бэ?



Ашигт малтмалын хуулийн төслийн хэлэлцүүлэг The Mongolian Mining Journal дээр эхэллээ. Төслийн бүрэн эхийг www.mongolianminingjournal.com сайтаас үзнэ үү. Санал бодлоо info@mongolianminingjournal.com хаягаар илгээж, олон нийттэй нээлттэй хуваалцана уу.


Хэчнээн лиценз гадаадад худалдаалагдсан бэ?

Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга асан, эдийн засагч Б.Батжаргалтай ярилцлаа.

Олон улсын татварын асуудал болон уул уурхайн салбарын санхүүгийн орчны талаар олон жил ажилласан хүний хувьд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Таны байр суурь, бодол, саналыг сонсъё.


Энэ шинэчилсэн найруулгын төсөл бол Монгол улсын өнөө болон ойрын ирээдүйн эдийн засаг, нийгмийн хөгжлийн суурь асуудлуудтай шууд болон дам утгаараа холбоотой учир нягт нямбай судлан шүүн тунгаах ёстой гэж бодож байна. Энэ ч утгаараа бараг хоёр жил дамнан боловсруулсан болов уу.

Уг хуулийн төсөлтэй өмнө нь танилцаж байгаагүй болохоор вэб дээр гарсан өдөр нь уншиж танилцсан. Суурь асуудлуудыг тодотгож ойлгомжтой болгосон нь анзаарагдсан. Уул уурхайн салбарын үндсэн асуудлын нэг нь түүний санхүүгийн орчны зохицуулалт гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Энэ чиглэлээр татварын болон бусад санхүүгийн хуулиудтай уялдуулан нэмж оруулах хэд хэдэн зүйл ажиглагдсан.

Тухайлбал ямар асуудлууд байна?

Монгол улсын эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдал маш хурдтай өөрчлөгдөж буй энэ үед үүнд нийцүүлсэн уян хатан бодлогыг хэрэгжүүлэх нь зайлшгүй болоод байна. 2011 оны эцсийн байдлаар Монгол улсад оруулсан нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73.7 хувь нь уул уурхайн салбарт оржээ. Гэтэл уул уурхайн салбартай холбоотой эрх зүйн зохицуулалтыг хийгээгүйн улмаас Монгол улсын олон орд газар гадаад улсад арилжаалагдаж байна. Хэдийгээр лиценз шилжүүлэх асуудалд тавих төрийн хяналтыг сайжруулах заалт тусгасан хэдий ч амьдрал дээр тойруу замаар наймаалцаж байгаа далд арга замыг таслан зогсоох чиглэлээр зохицуулалт хийж өгөөгүй байна.

Өөрөөр хэлбэл шинэ хуульд туссан лиценз шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг нэмж сайжруулах шаардлагатай гэж үзэж байна уу?


Тийм. Ашигт малтмалын хуулийн дагуу ашигт малтмалын ашиглалтын лицензийг гагцхүү Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжид олгодог бөгөөд 2011 оны байдаар нийт олгогдсон тусгай зөвшөөрлийн 70 орчим хувийг эзэмшигч аж ахуйн нэгж нь гадаадын хөрөнгө оруулалттай байна. Хуулиар лиценз худалдах нь хориотой бөгөөд харин лиценз шилжүүлэхийг зогсоогоод 3 жил болж байгаа.

Гэтэл Монгол дахь лиценз эзэмшигч компанийн гадаад дахь толгой компанийг нь худалдах, эсвэл тухайн компанийн хувьцааг шилжүүлэх замаар лицензийн наймаа Монголын газар нутагт бус гадны нутаг дэвсгэр дээр цэцэглээд удаж байна. Энэ асуудлыг засаж залруулж цэгцлэх талаар Сангийн яам жил гаруйн өмнөөс бодлого, хуулийн төсөл боловсруулан бэлэн болгосон хэдий ч Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах ажил зогсонги байдалд байгаагаас өнөөдөр ямар ч үр дүнд хүрээгүй байж байна.

Өнгөрсөн хугацаанд уг байдал хэдий хэр газар авч хэчнээн лиценз гадаадад дамлан худалдаалагдсаныг хаа хаанаа мэдэхгүй л байна. Энэ асуудлыг бусад улсуудад Ашигт малтмалын болон Татварын хуулиудад цогц байдлаар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл манай газрын баялгийн үнэ цэнийг илэрхийлсэн лицензийг эзэмшигч компанийн толгой компанийг худалдах, эсвэл түүний хувьцааг худалдах эсэх асуудлаар юуны өмнө Монгол улсын холбогдох эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авдаг байх, улмаар зөвшөөрөл өгсөн тохиолдолд уг арилжаанаас Монгол улс холбогдох татвараа бүрэн хураан авдаг байх зохицуулалтыг тусгаж өгөх хэрэгтэй байна.

Хамгийн тод жишээ нь “Саусгоби Ресурс” компанийг Хятадын компанид худалдах хэлцэл байсан. Бусад хэлцлүүд ямар нэгэн чимээ шуугиангүй хийгддэг бол энэ тохиолдолд манай ашигт малтмалын лицензийг эзэмшигч компанийн гадаад дахь хөрөнгө оруулагч компани нь нээлттэй компани (хариуцлагын хэлбэрийн хувьд) байсан учраас олон нийтэд энэ талаар мэдээлэл тархсан. Энэхүү хэлцлийн хүрээнд Монгол улсын лицензийг шууд бус байдлаар дамлан худалдаж буй энэ арилжаанаас 100 гаруй сая ам.долларын татварыг Монгол улс авахаар байгаа боловч хуулийн зохицуулалтгүйгээс энэ татвараа авах боломжгүй байна. Хэрэв энэ чиглэлийн судалгаанд тодорхой хэмжээний хөрөнгө хүч гаргаад судалвал аль лицензийг аль хөрөнгө оруулагч эзэмшиж байгаад хэнд, хэдээр, хэзээ худалдав, хувьцаанаас ямар олз олсон болон хөрөнгийн орлого хэдий хэмжээгээр олсныг тодруулах боломж байгааг энд тэмдэглэх хэрэгтэй.

Олны анхааралд уул уурхайн компаниудтай холбоотой олон улсын татварын асуудал нэг хэсэг байсан. Таны бодлоор хуулийн төсөлд энэ асуудлыг хэрхэн зохицуулсан байна вэ?

Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа бусад холбогдох хуулиудтай нийлмэл байдлаар хэрэгжих зохицуулалтууд дээр сайтар анхаармаар санагддаг юм. Жишээ нь, Ашигт малтмалын тухай хууль дээр татварын асуудлыг тусгах нь зохисгүй боловч татвар санхүүгийн ялангуяа олон улсын татварын хүрээнд татвараа бүрэн хураахтай холбоотойгоор лиценз эзэмшигчийг үүрэгжүүлсэн заалтыг тусгаж өгсөн байдаг. Бусад улсад ихэвчлэн татварын диваажин улсад бүртгэлтэй толгой компанитай хуулийн этгээдэд ашигт малтмалын лиценз олгохыг хориглосон байдаг. Манай улсын хувьд уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалттай компанийн 70 гаруй хувь нь татварын диваажин улсад бүртгэлтэй толгой компанитай байна. Энэ нь манай улсад төлөх татвараас зугтах зорилгоор хийж буй зохион байгуулалтын арга хэмжээ юм.  Үүнээс сэргийлсэн заалтыг мөн тусгаж өгөх нь зүйтэй болов уу.

Сүүлийн үед гадны хөрөнгө оруулагчдын зүгээс Монгол улс хууль эрх зүйн зохицуулалтаа өөрчлөх замаар хөрөнгө оруулагчдыг үргээж байна гэх өнгө аястай шүүмжлэл гарах болсон талаар Та юу хэлэх вэ?


Татвар бол төр оршихуйн үндэс гэсэн үг байдаг. Манай улсын хувьд харьцангуй бага татвартай орны тоонд орж байна. Сүүлийн жилүүдэд голчлон татварын хуулиа тодорхой болгох, сайжруулах чиглэлээр нэмэлт өөрчлөлтүүд оруулж ирсэн. Мэдээж татвараа хязгааргүй нэмбэл Монгол улс хөрөнгө оруулах таатай орчин биш болох тул хөрөнгө оруулагчид өөр улсыг сонгоно. Иймээс юуны өмнө Монгол улс татварын ачааллын хувьд бусад улс оронтой харьцуулахад хаана яваагаа тодорхойлох судалгааны ажлыг хийх хэрэгтэй болов уу. Үүний дараа уул уурхайн салбарын татварын орчны хувьд бусад улс орнуудтай харьцуулахад ямар байгааг тодорхойлох судалгааг мөн хийх зайлшгүй шаардлагатай. Эдгээр судалгааг хийсний дараа Монгол улс уул уурхайн салбарын татварын орчинг иж бүрнээр сайжруулж шинэчлэх шаардлагатай гэж бодож байна.

Уул уурхайн салбарын бизнесийн хугацаа урт, ашиг нь харьцангуй өндөр байдаг онцлогтой тул уг салбарын хөрөнгө оруулалтын бодлогыг татварын бодлоготой уялдаатайгаар дахин авч үзэх шаардлагатай.

Татварын асуудал нь зөвхөн төсөвт орлого цуглуулах бус эдийн засгийн зохицуулалтын арга хэрэгсэл болдог гэдэг утгаараа нарийвчилсан тооцоо судалгаа шаарддаг ажил юм.

Уул уурхайн салбарын гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт дээр анхаарах ямар асуудал байна вэ?

Манай улс гадаадын хөрөнгө оруулалтад баримтлах бодлогоо уул уурхайн салбар болон  бусад салбар гэж 2 хэсэгт хуваан, тэдгээр ялгаатай бодлого явуулах нь зүйтэй болов уу гэж боддог.

Уул уурхайн салбарт оруулах гадаадын хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогыг тодорхойлохдоо цогц байдлаар хандах хэрэгтэй. Ялангуяа ирэх жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтын хувьд Монгол улс өрсөлдөх чадвараараа ямар түвшинд байх вэ гэсэн суурь асуудлаас эхэлмээр санагддаг. Энэхүү асуудлыг оновчтой тодорхойлсны дараа түүнд нийцсэн татварын орчинг бий болгож, улмаар уул уурхайн салбараас авсан татвараар эдийн засгийн бусад салбарыг тэтгэн хөгжүүлэх чиглэл баримтлах нь зүйтэй.
 
Монгол улсын экспортын 89.7 хувийг уул уурхайн салбар эзэлж байгаагаас үзэхэд уул уурхайн салбар нь ирэх хэдэн арван жилд манай улсын хөгжлийн хөдөлгөгч хүч болох нь ойлгомжтой. Уул уурхайн бус салбаруудад эдийн засгийн төрөлжилтийг дэмжих чиглэлээр тусгайлсан гадаадын хөрөнгө оруулалтын болон татварын бодлого боловсруулах нь оновчтой юм.

Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогоо хэрхэн шинэчилэх талаар ард түмний дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулах нь зүйтэй юм байна гэсэн бодолтой явдаг. Энэ чиглэлээр үндсэн суурь ойлголтуудыг нийт ард иргэддээ жигд тархаах нь ирээдүйд гарч болох олон сөрөг үр дагавраас сэргийлэхэд тустай болов уу. Ялангуяа олон нийтийн дунд явагдсан мэтгэлцээн, түүнийг тойрсон сэтгэгдэл зэргээс үзэхэд энэ чиглэлийн үндсэн ойлголтуудыг ард иргэддээ жигд хүртээмжтэй тархаах танин мэдүүлэх ажил эхлүүлэх нь ач холбогдолтой юм байна гэж харагдлаа.

Хуулийн төсөлд Таны зүгээс анзаарч харсан өөр санал бий юу?

Хэд хэдэн зүйл байгаа. Хэлэлцүүлгийн үед хууль санаачлагчид хүргүүлье гэж бодоод бэлдэж байгаа.

С.Болд-Эрдэнэ