Хариуцлагатай үйл ажиллагаа

2012-12-24 11:54

Mining Journal Awards 2012-ын шилдгүүд


Арван хоёр он уул уурхайн салбарт ул мөрөөн үлдээн одож байна. Тэр дундаа Монголын уул уурхай энэ онд ямар өөрчлөлт, хувьсал, ололт амжилт, өсөлт бууралтыг туулан өнгөрч буйг нэгэн агшнаа тольдож болох арга хэмжээ бол яах аргагүй Mining Journal Awards байсан юм. Түүний эрч хүч, өнгө төрхийг ШИЛДГҮҮД илэрхийлж байлаа.

Mining Journal Awards-ийн нэр хүндтэй шагнал бол “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” юм. Үндэсний уул уурхайн компаниуд төлөвшин, олон улсын стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг болж, дэлхийн нэр хүндтэй аудитын компаниудаар үйл ажиллагаандаа хяналт хийлгэн, дүгнэлт гаргуулж, алдаагаа засан, амжилтаа тэгшилдэг болсныг энэхүү номинацид нэр дэвшигчдийн ажил үйлс харуулдаг.

Эрэл хайгуул, эхлэлийн шатыг ардаа орхиж, олборлолт хийн, боловсруулах үе шатанд дэвшиж буй уул уурхайн компанийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Үйл ажиллагаагаа жигдлэхийн зэрэгцээ компаниуд нийгмийн хариуцлагыг өндөрт тавьж, орон нутгийн иргэдийн амьдралыг сайжруулах төрөл бүрийн төсөл хөтөлбөрт ихээхэн хөрөнгө санхүүжилт гаргадаг болжээ. Тиймээс Хариуцлагатай үйл ажиллагааны энэхүү номинаци бол нэг ёсондоо “Хамтдаа хөгжин дэвших”-ийн өлзий бэлгэдсэн чухал шалгаруулалт юм.

2012 оны “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” төрөлд дараах компаниуд хийсэн ажлаа дэлгэрэнгүй тайлагнажээ.

“УУЛ УУРХАЙН ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАГАА” НОМИНАЦИД НЭР ДЭВШИГЧИД

1.“Шижир Алт” компани



“Шижир Алт” компани нь Төв аймгийн Заамар сумын 6000 орчим иргэн амьдардаг Өгөөмөр тосгоны ахуйн хэрэглээний бүхий л үйлчилгээг хариуцаж ирсэн билээ. 2012 оны тавдугаар сард сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн байрыг Төв аймгийн орон нутгийн өмчид “Шижир Алт” компани үнэ төлбөргүй шилжүүлжээ.

“Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” номинацид Уурхайн хаалтын менежментийн шинэлэг ажлаараа нэр дэвшиж байна. “Шижир Алт” компани нь уурхайн хаалтын нийт зардлыг 11.8 тэрбум төгрөгөөр баталжээ. 2012 онд 120 га-д техникийн, 76 га-д биологийн нөхөн сэргээлт хийсэн амжилтаараа, түүнчлэн сүүлийн 3 жилд үйлдвэрлэлийн осол зөрчил гаргаагүй үзүүлэлтээрээ нэр дэвшиж байна.

2. “Эрдэнэт үйлдвэр” ХХК



“Эрдэнэт үйлдвэр” нь үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, 25.9 сая тоннд хүргэсэн сайхан амжилтаараа “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” номинацид нэр дэвшив. “Хөгжил дэвшил хүнээс эхэлнэ” уриатай тус компани нь Компанийн нийгмийн хариуцлагын олон улсын стандартыг долоон түвшин тус бүрд нь ханган ажиллажээ. Компанийн ажилчдын дундаж цалинг нэмэгдүүлж, Эрдэнэт хотын хөгжил дэвшилд зориулсан олон томоохон бүтээн байгуулалтын ажлыг 2012 онд хийж гүйцэтгэв.

“Эрдэнэт үйлдвэр” нь хаягдал усаа ашиглан, 1.5 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх бага оврын станцыг Монголдоо анхдагч болон ашиглалтад оруулсан зэрэг технологи, менежментийн шинэлэг шийдлүүдээрээ “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” номинацид нэр дэвшжээ.

3. “Энержи Ресурс” компани



“Энержи Ресурс” компани нь 2012 оны тавдугаар сард Нүүрс баяжуулах үйлдвэрийнхээ хоёрдугаар модулийг ашиглалтад оруулав. Ингэснээр жилд 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай Монголын анхны боловсруулах үйлдвэр өмнийн говьд ажиллаж эхэллээ.

“Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” номинацид “Энержи Ресурс” компани нь Нийгмийн хариуцлагын бодлогоо ISO 26000 стандартад нийцүүлэн боловсруулсан, түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны олон улсын бүхий л стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн үзүүлэлтээрээ нэр дэвшиж байна. Дэлхийд нэр хүндтэй Швейцарийн SGS аудитын компаниар дүгнэлт гаргуулан, үйл ажиллагааныхаа бүхий л үе шатыг олон улсын түвшинд хүртэл ахиулж буй амжилтаараа нэр дэвшлээ. 

4. “Шарын гол”  ХК



Нийт 388 ажиллагсадтай тус компани энэ оны эхний есөн сарын байдлаар 10.3 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 1.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

“Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” номинацид уурхайн нүүрсний давхаргын чулуун үеийн ялгалтыг сайжруулах чиглэлээр хийж буй ажлаараа оролцож байна. “Шарын гол” компани нь ирэх жил нүүрс угаах үйлдвэр ашиглалтад оруулах бүтээлч төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Mining Journal Awards-ийн Шүүгчдийн зөвлөлийн хурал 2012 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр болсон ба энэхүү хурлын тэмдэглэлээс уншигч Танаа товчлон толилуулъя.

Д.Бат-Эрдэнэ: Энэ номинацид сайн компаниуд нэр дэвшсэн байна. Бэлдэж ирүүлсэн материалиудтай танилцахад “Эрдэнэт Үйлдвэр” илүү санагдсан.
Д.Галсандорж: Дөрвөн компанийн ирүүлсэн материалуудын гол үзүүлэлтийг үзээд  “Эрдэнэт үйлдвэр”-ийг нэгдүгээрт шалгарууллаа.     
Н.Алгаа: “Эрдэнэт үйлдвэр”-ийг шалгаруулж байна. Компанийн нийгмийн хариуцлагын тайланг хоёр жил дараалан сайн гаргаж байгаа.                     
Н.Батбаяр: Үнэхээр “Эрдэнэт үйлдвэр” юм байна. Харин хоёрдугаарт нь “Энержи Ресурс” компанийн хийсэн ажлыг үнэлж байна.   
Б.Пүрэвтогтох: Дөрвөн компани нэр дэвшиж материалаа ирүүлсэн байна. “Шарын гол”-ын материалыг үнэлэх боломжгүй гэж үзээд, бусад дээр нь үнэлгээ тавьсан байгаа.
Н.Ариунтуяа:  Одоо шүүгч Г.Шархүү гуайн үнэлгээг танилцуулъя. Баяжуулагчдын хуралд Шархүү гуай сууж байгаа учир үнэлгээгээ урьдчилан өгөөд, видеод тайлбар яриагаа бичүүлсэнтэй Та бүхэн түрүүн танилцсан.  “Эрдэнэт” ба “Энержи ресурс”-ыг тэнцүүлсэн үнэлгээ өгсөн байна. Адилхан  25, 25 оноо өгсөн. Харин “Шарын гол”, “Шижир алт”-д үүнээс арай бага, гэхдээ бас тэнцүүлэн 20, 20 оноо тавьсантай танилцана уу. Шүүгч Д.Дондов гуай мөн “Эрдэнэт үйлдвэр”-т хамгийн өндөр оноо,  хоёрдугаарт “Шарын гол”, гуравдугаарт нь “Шижир Алт”-ыг оруулсан үнэлгээ өгснийг Та бүхэн түрүүн мөн видеогоор яриаг нь сонссон.
Л.Болормаа: “Шарын гол”-ын ирүүлсэн материал хоёр хүснэгт байсан. Шалгуур үзүүлэлтэд дурдсан стандартуудыг “үгүй”, заримд нь “Энэ ажлыг 2013-2014 онуудад хийж эхэлнэ” гэсэн тайлбаруудтай. Хамгийн гол хийсэн ажлаа уурхайн нүүрсний давхаргын чулуун үеийг ялгах ажлын чанарыг сайжруулах экскаватор шинээр авсан тухай тайлагнасныг Та бүхэн харж байгаа байх.  
Д.Галсандорж: “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд зарим нэг асуудлыг би тодруулсан. Үйлдвэрийн үйл ажиллагааны аваар осол, гэмтэл урьд жилүүдэд  гардаг байсан. Хоёрдугаарт, “Эрдэнэт үйлдвэр” ирэх жил 35 жилийнхээ ойг хийх гэж байгаа. Өнгөрсөн 34 жил үйлдвэрлэл, борлуулалтын олборлолт, улсад өгч байгаа орлого, мөн хувьцаа эзэмшигчдэд ногдож буй ашгийн хэмжээгээрээ түүхэндээ өндөр үзүүлэлтэд хүрсэн. Ил тод байдлын санаачлагын тайланг сайн гаргаж, идэвхтэй оролцож байгаа. Мөн орон нутгийн хөгжил, нийгмийн  асуудал дээр баруун бүсийн Эрүүл мэндийн төв, Японы хөрөнгө оруулалттай 3-5 сая ам.долларын оношлогооны төвийг барьж байгаа. Нийгмийн асуудалд нэлээд анхаарч, орон сууцны төлбөр хураамж, түрээсийг багасган, ажилчдын цалинг сүүлийн 2-3 жилд нэмэгдүүлж ирсэн. Орхон-Уул аймгийн нийгмийн хөгжилд их санаа тавьж, соёл спортын цогцолборууд, цэнгэлдэх хүрээлэн  байгуулахад анхаарч хөрөнгө оруулсан компани. 

Л.Болормаа: “Хариуцлагатай үйл ажиллагаа” номинаци дээр харж байхад компаниуд олон улсын стандартыг нэвтрүүлэх, олон улсын байгууллагуудаар аудит хийлгэх гэж оролддог болжээ. Гэхдээ өмнөх туршлагаар ОХУ, Чехийн аудитын компаниар хяналт хийлгэдэг байсныг больж, барууны орнуудын олон улсын нэр хүндтэй компаниудыг сонгож аудит хийлгэхэд анхаардаг болсон байна. Ялангуяа “Эрдэнэт үйлдвэр”-ийн ирүүлсэн материалаас харахад 2011 оноос нийгмийн хариуцлагын тайланг олон улсын стандартын дагуу долоон үзүүлэлтээр дүгнэдэг болсон байна. Их сайн тайлан гарчээ.       

Н.Алгаа: ISO 26000 гэдэг стандарт нь компанийн нийгмийн хариуцлагын тайлан. Гэхдээ энэ нь сайн дурын стандарт юм. Тэнд үндсэн долоон зарчим байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, хүний эрх, ил тод байдал зэрэг асуудлууд багцаараа багтсан. Үүнийг л цаашид компаниуд үйл ажиллагаандаа нэвтрүүлэх хэрэгтэй гэдэг үүднээс “Эрдэнэт үйлдвэр” манлайлж явна.

Н.Батбаяр: Хамгийн гол онцолж авч үзэж байгаа шалгуур бол OHSAS 18001 стандартыг нэвтрүүлчихсэн, яг үүнийхээ дагуу явж байгаа эсэх шүү дээ. Аюулгүй ажиллагаатай, аваар осол байхгүй нь үүнтэй холбоотой. Энэ стандартын дагуу менежментийн систем нь ажилладаг болсон. Нөгөө талаасаа нийгэмд хандаж буй хариуцлагатай байдал нь маш өндөр учраас гол давуу тал нь гэж харж байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ирүүлсэн тайлан материал нь өндөр оноо авах үзүүлэлтийг хангасан гэж үзэж байна.

Шүүгчдийн Зөвлөлийн хурал дээр ийм хэлэлцүүлэг өрнөсөн юм. Нийт үнэлгээг нэгтгэсний дараа есөн шүүгчийн өгсөн онооны нийлбэрээр “Эрдэнэт үйлдвэр” хамгийн өндөр буюу 191 оноо авсан юм. Олон нийтийн онлайн санал асуулгын дүнг мөн хурлын үеэр танилцуулсан ба “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд “Шилдэг уурхай”, “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” төрөлд олон нийтээс хамгийн өндөр санал авсан эхний 3 компанийн тоонд багтаж байлаа.

Монгол оронд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, олон улсын түвшинд хүргэхэд энэхүү номинацийн зорилго оршдог. Уурхай аваар осолгүй ажиллаж, улс орондоо  өндөр татвар хураамж оруулан, орон нутагт хөгжил дагуулан, байгаль орчиндоо ээлтэй ажиллах зорилго агуулдгаараа энэхүү ХАРИУЦЛАГАТАЙ уул уурхайн номинаци Монголын нийгмийн анхаарлын төвд үргэлж байдаг. Тиймээс ч Mining Journal Awards-ийн эрхэмсэг тайзнаа зарласан эхний шагнал энэ байлаа. Шагналыг гардуулахаар УИХ-ын гишүүн, Монгол улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг хүрэлцэн иржээ.

Ч. Сайханбилэг: Уул уурхай эдийн засагт төдийгүй, үзэл санааны түүчээ нь болдог

Та бүхний энэ оройн амар амгаланг айлтгая.

Монгол улсын Засгийн газар дөнгөж өчигдөр өөрийн дансанд олон улсаас босгосон Засгийн газрын үнэт цаас 1.5 тэрбум ам. доллараа байршуулсан. Төрийн тэргүүн энэ үйл явдалтай холбогдуулан одооноос эхлэн төрийн тэргүүнээс жирийн иргэн хүртлээ нийгмээрээ хариуцлагатай ажиллах цаг ирсэн гэж хэлсэн. Манай уул уурхайнхан ямагт   нийгмийн хөгжлийн түүчээ нь болж явдаг. Өчигдөр төрийн тэргүүний хэлсэн хариуцлагын тухай үгийг, санаачлагыг  манай уул уурхайнхан аль хэдийнэ хэрэгжүүлээд, бүр гурван жилийн өмнөөс хариуцлагатай үйл ажиллагааг шалгаруулж эхэлсэн нь үнэхээр Та бүхнийг улс орныхоо эдийн засагт төдийгүй үзэл санааны түүчээ нь болж явдаг гэдгийг дахин баталж байна.

Та бүхний өмнө Шүүгчдийн зөвлөлийн гаргасан шийдвэрийг танилцуулъя. “Уул уурхайн хариуцлагатай   ажиллагаа” номина­цийн шагналыг манай уул уурхайн салбарын анхдагчдын нэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олон хүртсэн байна. Баяр хүргэе. Улс орныхоо хөгжлийн төлөө уул уурхайнхан, төр засаг хамтран үр бүтээлтэй ажиллахын ерөөлийг дэвшүүлье.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч захирал  Б.Намхайнямбуу:


Уул уурхайн салбарт сүүлийн жилүүдэд төвөгтэй бэрхшээлтэй асуудал нэлээд тулгарсан ийм үед Mongolian Mining Journal сэтгүүлийн газраас ийм сайхан эерэг сэтгэгдэл төрүүлэх арга  хэмжээ зохион байгуулж буйд баяртай байна. “Эрдэнэт үйлдвэр” уул уурхайн хариуцлагатай ажиллагааны шилдгийн шагнал авсанд үнэхээр сэтгэл өндөр байна.

Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” нь 2012 оны байдлаар 27854 тонн хүдэр олборлож,  514899 тонн зэсийн баяжмал, 3954 молибден тус тус үйлдвэрлэж,  197 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.

Бид хэрэгцээнийхээ эрчим хүчийг үйлдвэрлэх зорилгоор дулааны цахилгаан станцдаа хоёр турбо генераторыг суурилуулан ашиглалтад оруулаад байна. Арванхоёрдугаар сарын дундуур нээлтээ хийнэ. Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” эрүүл мэнд, урлаг, спортын салбарыг байнга дэмжиж ирсэн. Эмчилгээ оношлогооны төвийг Эрдэнэт хотод байгуулж, инженерийн шугам сүлжээ бүхий барилга  байгууламж ашиглалтад оруулан, 33 хүнийг ажлын байртай болголоо. Лондон хотод болсон Олимпийн их наадмаас бокс, жүдогийн төрөлд монголчууд маань гурван медаль авчирч, дэлхий дахинд Монгол улсынхаа нэрийг мандуулахад манай хамт олны дэмжлэг оролцсонд таатай байдаг.

Үүнээс гадна Засгийн газраас зарласан Бүх ард түмний урлагийн наадмын хүрээнд “Уурхайчин” соёлын ордны уран бүтээлчид Гран При авсан. Мөн өнчин хүүхэд асрах “Энэрэл”төвд 56 хүүхэд бидний дэмжлэг, тэтгэлгээр хүмүүжиж байна. “Эрдэнэс” хүүхдийн зусланд 3100 хүүхдийг найман ээлжээр авч тохь тухтай амраалаа. Энэ мэтчилэн “Эрдэнэт”-ийн хамт олонд хийсэн зүйл их байна. Цаашдаа ч нийгэмд, улс орныхоо эдийн засагт оруулах хувь нэмрээ улам дээшлүүлж ажиллах болно. Та бүхэнд сайн сайхныг хүсье” гэлээ.


Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • Уржигдар 14 цаг 56 минутад
    Томилолтын замыг талдаа хоёр хоног туулан алсын аймгаас зорих, үүр цайхтай уралдан ойрын нутгаас ирэх 21 аймгийн сэтгүүлчид эх орны нийслэлд учрах шалтгаан “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” сургалт байлаа. Тав дахь жилдээ хэрэгжиж байгаа энэхүү төслийн анхны сургалтаас хамрагдаж буй “нэг ангийн” 35 сэтгүүлчид тэд. Жил бүрийн уулзалтыг хүлээн учирсан анд нөхдийн сэтгэл догдлом баярт мөч, халуун дулаан уур амьсгал дунд  энэ жилийн сургалтын үйл ажиллагаа эхэлсэн юм. Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалтын сэдэв “Уул уурхайн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл”.
  • Уржигдар 13 цаг 24 минутад
    “Энержи Ресурс” компани 2019 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа албан ёсоор мэдээлсэн байна. Оны эхний зургаан сард нийт 4 сая тонн нүүрс олборлож, 2.5 сая тонн баяжуулсан нүүрс экспортолсон бөгөөд борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 20 орчим хувиар нэмэгдэж 325.6 сая ам.долларт хүрчээ. Мөн хугацаанд баяжуулсан коксжих нүүрсийг  тонн тутамд дунджаар 147 ам.доллараар борлуулж Монгол Улсад экспортын нүүрсний үнийг хамгийн өндрөөр тогтоосон хэвээр байна гэж мэдээлэв.
  • 2019-08-21 12:39
    Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шинээр болон өргөтгөлөөр 9 газрыг Улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ. Тэр дундаа Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авснаар Онон голын эхэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайнуудыг таслан зогсоох боломж бүрдлээ. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг 1.2 сая га буюу 0.83 хувиар нэмэгдэж байгаа юм.
  • 2019-08-19 17:56
    Сүхбаатар аймгийн төсөвт 2018 онд нийт 3.2 тэрбум төгрөг төвлөрснөөс 1.8 тэрбумыг уул уурхайн татварын орлого бүрдүүлсэн байна. Өнөөгийн байдлаар аймгийн хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 28 компани бий. Тус компаниуд орон нутагт төлөх ёстой татвараа хуулийн хүрээнд төвлөрүүлж буй бөгөөд уул уурхайн татварын орлого жил ирэх бүр өсөлттэй байгааг Сүхбаатар аймгийн Татварын газраас мэдээллээ. Цаашид уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниудыг аймагт бүртгэлтэй болох саналыг орон нутгийн зүгээс тавьж байна.
  • 2019-08-16 11:18
    Нийт экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг эрдсийн экспорт оны эхний долоон сард 3833.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.5%-иар өссөн дүн боллоо. Эрдсийн экспорт дундаа нүүрсний экспортын дүн 1.79 тэрбум ам.долларыг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал орлогын дүн 10.6%-иар нэмэгдсэн гэсэн үг. Оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспортын биет жин 20.9 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийн түвшинд хадгалагдсан дүнтэй гарч байна.