Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Ярилцлага

Инфляцийг жижиг дунд үйлдвэрлэгчид л барьж чадна

Э.Хулан

“Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн талаар Монголын логистикийн холбооны Ерөнхийлөгч А.Мөнхболдтой ярилцлаа.

Засгийн газар Монголбанктай хамтарч “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Таны бодлоор энэ нь хэр оновчтой шийдэл вэ?

Үнийг тогтворжуулахын тулд тогтолцоогоор нь өөрчлөлт хиймээр байна. Хүн халуурахад аспирин өгдөг. Гэтэл аспирин нь түр зуур л халууныг намдаадаг. Харин өвчний цаад учир шалтгааныг нарийн мэргэжлийн эмч үзэж оношилдог биз дээ. Манай эдийн засагт эрдэмтдийн оролцоо дутаж байна. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бид аспирин өгөх хэмжээнд л “анагааж” байна. Тодорхой хугацааны дараа аспирины үйлчилгээ байхгүй болно. Тэр үед барааны үнэ эргээд л өснө. Өсөхдөө одоогийнхоос илүү өсөх хандлагатай байна. Тийм учраас инфляцийг шинжлэх ухааны үндэстэйгээр, логистикийн арга зүйгээр бариач гэж хэлэх гэсэн юм. Үүнийг маань хэр ойлгож байгааг мэдэхгүй байна. Монголбанк болон Засгийн газарын тодорхой хүмүүстэй уулзаж байна.

Бид аспиринаар бараа бүтээгдэхүүний өсөлтийг дөрөвдүгээр сар хүртэл л барина. Түүнээс хойш дахин аспирин өгөх үү, эсвэл өвчний оношоо одооноос тогтоон “эмчлэх” төслөө хийж хавраас бүтээн байгуулалтын ажилдаа орох уу гэдэг хоёр сонголтын өмнө тулж ирээд байна. Дөрөвдүгээр сарын нэгнээс инфляци өсөх магадлалтай. Тэр үед барилгын сезон эхэлж, уул уурхайн үйл ажиллагаа идэвхжинэ. Мөн мах, хүнсний ногоо хомстож эхэлдэг үе. Энэ нь Засгийн газрын буруу биш. Урьд явсан тогтолцооны л гажиг. Улсын төсөв болон үр тарианы асуудал байна. Мөн барилга, уул уурхайн асуудал байна. Нийлүүлэлтээ тогтвортой барих бодлого маань зөвхөн мөнгөөр шийдэгдэхгүй. Одоо бол бид зөвхөн мөнгө л яриад байна.

Системийг нь яаж бий болгох вэ гэдгийг бид яриад байгаа юм. Системийн хувьд өөрчилж болохуйц төслийг би хийчихсэн байгаа. Мах болон хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг яаж тогтвортой барих талаар бичсэн төсөл байгаа юм. “Timing food inflation through logistic” гэж англиар нэрлэдэг юм. Хүнсний инфляцийг логистикийн аргаар номхруулах нь гэж орчуулж болно. Өөрийн гэсэн нэр томьёо, арга зүйтэй. Манай багийнхан энэ арга зүйд түшиглэн төслөө бичсэн. Зохих шатны хүмүүст үзүүлэхээр өгсөн. Одоогоор хариу өгөөгүй л байна.

Бидэнд хугацаа бага байна шүү дээ. Он гараад л дөрөвдүгээр сар хүрээд ирнэ. Одооноос ажилдаа орвол үлдэж байгаа хугацаанд бид төслөө хэрэгжүүлж амжина. Ирэх намар гэхэд номхруулах эхний алхамаа хийчихсэн байна гэсэн үг.

“Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд “Жаст агро” компанид 76 орчим тэрбум төгрөгийн зээл олгож, махны нөөц бэлдүүлж байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?


Засгийн газар, Монголбанктай гэрээ байгуулж тодорхой хэмжээний хөрөнгийг хувийн хэвшлийн компаниудад зээлж байна. Энэ зээлийг томоохон аж ахуй нэгж л авах нөхцөлтэй байгаа. Барьцаа хөрөнгийг томоохон аж ахуй нэгжүүд л гаргаж чадна. Уг нь жижиг дунд бизнес эрхлэгчид л инфляцийг хөөргөхгүйгээр барьж чаддаг. Том компаниуд том ашгийн төлөө л явдаг. Том ашиг том үнийн өсөлт рүү чиглэнэ. Жижиг дунд бизнес эрхлэгчид бага ашгийн төлөө явдаг учир тэд үнийг барьж чаддаг юм. Аль ч улс оронд бараа бүтээгдэхүүний үнийг жижиг, дунд үйлдвэрлэгчид л барьдаг. Манайд тэднийг төр яаж дэмжих нь тодорхой бус байна. Том компанийг дэмжээд эхлэхээр тэд зах зээл дээрх бүх бүтээгдэхүүнийг хумьж авах, монопольдох хэлбэр рүү явна. Монопольдож авсан зүйлээ дотооддоо төдийгүй гадагшаа ч гаргаж борлуулах боломжтой. Энэ мэтээр тоочвол асуудал их байна. Асуудлын мөн чанарыг тодруулъя гэж яриад байгаа минь энэ. Бидний хийсэн төсөл жижиг дунд үйлдвэрлэгчдийг яаж дэмжих вэ гэдэгт чиглэсэн. Гаднын улс оронд ашигладаг арга туршлагыг л бид авчирч байна.

Тэгвэл жижиг дунд үйлдвэрлэгчдийг яаж дэмжих ёстой вэ?

Мах, хүнсний ногооны зах зээл дээр үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүст тулгарч буй бэрхшээлийг шийдэхэд төр туслах хэрэгтэй. Дэд бүтцийн асуудал ч чухал. З.Энхболд даргыг Зүүнхараад уулзалт хийж байхад нэг эмэгтэй “Миний байцааг 100 төгрөгөөр аваач” гэж байсан. Тэр эмэгтэйд агуулах байхгүй байна. Эмэгтэй байцаагаа 100 төгрөгөөр үнэлж байхад Улаанбаатар хотод нэг килограмм байцаа 1000-1200 төгрөг байгаа шүү дээ. Тэр эмэгтэй дараа жил байцаа, ногоо тарих болов уу? Бараг л үгүй болов уу. Эмэгтэй эрсдэлд орчихлоо шүү дээ. Бид томд нь мөнгө өгөхөөр тэд томоор л хөдөлнө. Энд жижиг дунд бизнес эрхлэгчид хаягдаад байгаа юм. Инфляцийг унтраая гэж байгаа бол төрөөс жижиг бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой.

Дээр ярьсан эмэгтэй тарьсан байцаагаа 100 төгрөгөөр зарахад өөрийнхөө зардлыг хаачихаж  байна. Ийм учраас л бид тэднийг дэмжих ёстой юм. Агуулах болон борлуулалтын дэд бүтцийг хийгээд өгчихвөл ногоочин эмэгтэй байцаагаа 300, 400 төгрөгөөр зарж болно. Гэхдээ асуудал нь зөвхөн агуулах барихдаа биш юм. Агуулах барина гэдэг нь өнгөрсөн зууны жараад оны шийдэл. Орчин үед мэдээллийн технологи, санхүүгийн урсгалтай нь цогцоор шийддэг болсон. Иймээс бид хийсэн төслөө “Агро логистик парк” гэж нэрлэсэн. Аж ахуйн бүтээгдэхүүний логистикийн парк гэж байгаа юм. Төслийн гол хэрэглэгч нь жижиг дунд бизнес эрхлэгчид.

Эхний ээлжинд том компанид зээл олгож, нийлүүлэлтийн гаралтай махны инфляцийг буулгаж болох юм. Гэхдээ дараагийн жилүүдэд энэ зорилтоо хэрэгжүүлж чадахгүй. Ийм учраас яаралтай дэд бүтцийн асуудлыг шийдэх хэрэгтэй байна. “Жаст агро” гэдэг компани санхүүгийн алдагдалд ороод энэ зээлийг аваагүй. Бизнесийн байгууллага учраас том ашгийн төлөө явж байна. Тэдний буруу биш. Манай төр үүнийг логистикоор яаж зөв удирдах вэ гэдэг л чухал. Монголбанкныханы хэрэгжүүлж буй бодлого өнөөдрийн хууль эрх зүйн орчинд зөв явж байна. Энэ нь ч зөв юм. Хуулиа барихаас өөр аргагүй. Гэхдээ энд нэг л зүйл дутагдаад байна. Манайд логистикийн бодлогыг зангидаж барьдаг газар алга. Тиймээс бид “Та нар чадахгүй бол бид хийе” гэсэн саналыг Засгийн газарт тавьж байгаа. Бидэнд мэдлэгтэй боловсон хүчин байгаа учир боловсруулсан төслийг маань санхүүжүүлэх шаардлагатай байна. Шат бүртээ хяналт тавь. Харин бидэнд инфляцийг бууруулах асуудлыг шийдэх боломж олгооч гэж л хүсээд байгаа юм.

Шатахуун импортлогч компаниудад ч зээл олгож байгаа. Энэ арга мэдээж урт хугацаанд инфляцийг барьж чадахгүй. Таны бодлоор шатахуунаас үүдэлтэй инфляцийн өсөлтийг яаж барих хэрэгтэй вэ?

Монголбанк болон Засгийн газраас хамтран хэрэгжүүлж буй бодлого үндсэндээ зөв. Нефтийн агуулах зайлшгүй барих ёстой. Эдийн засгаа тогтвортой байлгахын тулд төрийн өмчийн агуулах барих хэрэгтэй. Америкт “Public warehouse” гэж нэрлэдэг юм. Манайд жилд 1.1 сая тонн нефть ашигладаг гэж үзвэл ойролцоогоор 10-15 хувийн аюулгүйн нөөцийг зайлшгүй бүрдүүлэх хэрэгтэй. Ийм хэмжээний нефть хадгалах агуулах улсын хэмжээнд байх ёстой. Энэ нь зах зээлийн огцом өсөлт, бууралтын савалгаанаас хамгаалах ёстой. Аюулгүйн нөөцийн менежментээ “Нөөцийн удирдлага” гэсэн шинжлэх ухааны үүднээс авч үзэх хэрэгтэй. Нефть бүтээгдэхүүний физик болон химийн шинж чанар тодорхой хугацаанд өөрчлөгдөж байдаг. Гадны улс оронд ийм туршлага байдаг шүү дээ. АНУ хамгийн том аюулгүйн нөөцийг бий болгодог. Бидний хийсэн судалгаанаас харахад эхний ээлжинд манайд төрийн мэдлийн 120.000 тонн нефть бүтээгдэхүүний агуулах шаардлагатай байна.

“Өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг та юү гэж харж байна вэ?


“Улаанбаатар төмөр зам”-д 303 тэрбум төгрөгийн зээл олгоно гэж байна билээ. Зээлийг хэр үр ашигтай зарцуулах шийдлийг “Улаанбаатар төмөр зам” компани ганцаар хийж чадахгүй. Гэхдээ Засгийн газар бүгдийг хийх албагүй гэж би хэлэх гээд байна л даа. Монголбанк болон Засгийн газар инфляцийг найман хувьд барья гэсэн зорилт тавьсан. Зорилтоо хэрэгжүүлэхийн тулд үүнд хамрагдаж буй бүх хувийн хэвшлийнхэн, төрийн бус байгууллага хамтарч ажиллах ёстой. Зөвхөн “Улаанбаатар төмөр зам”-ын асуудал биш. “Улаанбаатар төмөр зам”-аар ямар бараа бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа юм бэ? Барилгын бүтээгдэхүүн, хүнсний ногоо тээвэрлэгчид хамтдаа ажиллах ёстой. Гэхдээ шууд хамтарч ажиллаж чадахгүй л дээ. Судлаач, эрдэмтэд хэрэгтэй. “Улаанбаатар төмөр зам” болон хэрэглэгч захиалагчийн хооронд зохицуулалт хийх хэрэгтэй болж байгаа юм. Үүнийг манай холбоо зохицуулж болно. Гэхдээ хууль эрх зүйн орчин нь байхгүй учраас сайн дураараа гүйхээс аргагүй байдалд ордог. Нэг ёсондоо дүрэмгүй тоглоом юм даа.

Дараа жилийн өдийд инфляци найман хувьд хүрэх болов уу?


Маш их хөрөнгө зарж байж л хүрнэ. Гэхдээ тооцоогүй маш их эрсдэл байгаа. Инфляци бол маш олон хүчин зүйлээс хамаардаг. Статистик мэдээллийг хараад, хэрэглэгчийн сагсанд буй энэ гурван хүчин зүйл инфляцид нөлөөлж байна гэж үзсэний үндсэн дээр нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч эхэллээ шүү дээ. Гэтэл өөр газраас сэдэрч гарч ирж болно. Найман хувьд хүргэх нь дан ганц Монголбанкны мөрөөдөл биш. Хүн бүхэн л энэ тоонд хүргэхийг хичээх хэрэгтэй. Бид зөв тогтолцоог бий болгож чадвал энэ түвшинд хүрнэ. Халуураад эхлэхээр нь түр зуур намдаагаад явах нь зөв шийдэл биш.