Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Ашигт малтмалын хуулийн анализ

Арван таван бүлэгтэй. Шинэ томъёолол олон. Төслийг тойрсон таамаглал их байсан. Удтал нууцалсан. Өдгөө сайтад монгол, англи хэл дээр тавиад байна. Аль хавар хоёронтаа хэлэлцүүлэг хийсэн. Гэвч хэлэлцүүлэг дээр гарсан саналаас төсөлд тусгасан гэхэд эргэлзээтэй.

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ялангуяа уул уурхайн компаниудын хэлэлцүүлэгт оруулах шаардлагагүй гэж УИХ-ын дарга З. Энхболд бүр өмнөх Парламентын гишүүн асан үедээ хэлдэг байв. Энэхүү төсөл дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын Ажлын хэсэг гардан суусан. Төсөл нэлээн эрт бэлэн болсон хэдий ч олон нийтийн хэлэлцүүлэгт ил гаргалгүй хав дарсаар өдийг хүрчээ. Одоо ямар ч атугай он гартал сайт дээр байлгах бололтой. Шинэ жилийн амралтын өмнөхөн Иргэний танхимд танилцуулж магад. Намрын чуулган өндөрлөхөөс наана батлуулахаар УИХ-д өргөн барих буй за.

Мэдээж, Ерөнхийлөгчийн хувьд уг хуулийн төсөл ирэх жилийн сонгуулийн марафонд нь одооноос оноо нэмэх учиртай сюрприз. Арванхоёрдугаар сарын 29-ний үндэсний эрх чөлөөний ойн өдрийн үг сэлтдээ зайлшгүй дурдах бодлогын баримт бичиг. Өнгөрсөн жилийн өдийд Ерөнхийлөгч Монгол улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн Хүндэтгэлийн чуулган дээр яг энэ хуулийн төслийн талаар яруу тод илтгэснийг санаж байна. Тэрбээр Монголын баялгийн ордууд дээр манай талын оролцоо 51-ээс дээш хувь байхаар хуульчилна хэмээн өгүүлж байсан ба үүнийгээ төр, үндэсний компаниудын оролцоо гэж тодотгосон билээ. Хуулийн төслийг харвал үндэсний компаниудаа дэмжинэ гэхээсээ илүүтэй, Засгийн газрын супер оролцоог өөгшүүлсэн өнгө аяс бий.

Хорин долдугаар тогтоол

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолд нэр дурдсан ордуудыг Стратегийн ордод тооцохоор төсөлд тусгажээ. Нөгөө 15 орд гэсэн үг. Эдгээр дээр нэмж Стратегийн орд бүртгэхгүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтад нэр заасан 15 ордыг хэрхэн ашиглахыг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад том бүлэг болгон тусгайлан зааж өгчээ.

Дээрх 15 ордоос Нарийн сухайт, Бороо, Төмөртэйн ордод Монгол улсын Засгийн газар Тогтвортой байдлын гэрээ байгуулсан. Мөн Оюутолгой ордод Хөрөнгө оруулалтын гэрээтэй. Дээрх ордуудын гэрээнд (Бороогийн алтны ордоос бусад) хууль буцаан хэрэглэхгүй байх зарчим хэрхэн үйлчлэх нь тодорхойгүй. Ямар ч байсан Монгол улс стратегийн тодотголтой 15 ордтой. Эдгээрээс стратегийн ангиллаас хасах саналтай орд байвал Засгийн газар бие дааж шийдэх гэнэ. Харин нэмж орд бүртгэхгүй. 27 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтад нэр заасан 39 ордод Стратегийн гэсэн гуншин зүүхгүй гэсэн үг. Цаашдаа Монголын бүх орд “чухал” гэсэн ангилалд байхаар шинэ хуулийн үзэл санааг гаргажээ.  

Стратегийн ордод үйл ажиллагаа явуулах компаниудтай Засгийн газар “тулж” ажиллах эрх зүйн зохицуулалт нээж өгчээ. Засгийн газар хүсвэл компаниудтай Орд ашиглах гэрээ байгуулна. Орд ашиглах гэрээ хэмээх шинэ томъёолол Таны үгийн санд орж ирлээ гэсэн үг. Ямар нэг татвар тогтворжуулахгүй нь гэсэн санаа мэргэн уншигчид шууд бууж байгаа биз ээ. Засаг хүсвэл гэсний учир нь ямар тохиолдолд Засгийн газар орд ашиглагчтай гэрээ байгуулах тухай үндэслэлийг төсөлд тун бүрхэг үлдээсэн юм. Тиймээс Стратегийн ордын лиценз эзэмшигчид Засгийн газрын хяналтад бүрэн орно гэсэн үг. Төсөлд дараах байдлаар томъёолжээ.

“Засгийн газар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод олборлолт явуулах, түүнээс олборлосон ашигт малтмалыг боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд тусгай дэглэм тогтоох зорилгоор, өөрийн санаачлагаар энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Орд ашиглах гэрээ байгуулж болно” гэжээ. Засгийн газрын “тусгай дэглэм тогтоох зорилго” гэдэг нь чухам ямар үндэслэлүүд байж болохыг тодорхой тайлбарлаж өгөхгүй бол компаниудад янз бүрийн зорилгоор тулгалт хийгээд байж мэдэх бүрхэг заалт юм. Өнөөгийн Засаг бизнест гардан орох хообийтойг бодолцвол хэтдээ дур зоргоор авирлах хэрэгсэл болох вий гэсэн болгоомжлол байна. Стратегийн ордод үйл ажиллагаа явуулах компани гэдэг нь асар их хөрөнгө оруулалт татсан, санхүүгийн төрөл бүрийн зээлийг урт хугацаанд авсан бизнесийн эрсдэлтэй үйл ажиллагаа гэсэн үг. Тиймээс Орд ашиглалтын гэрээг төрийн дарангуйллаар бус, харин  хэн хэнийхээ ашигтай үйл ажиллагааны нөхцөлөөр уялдуулж хийх нь өгөөжтэй.

Одоо мөрдөж байгаа болон өмнөх Ашигт малтмалын хуулиудад Стратегийн орд дахь төрийн мэдлийн хувь хэмжээ хэмээх тоо зайлшгүй дурдагддаг байв. Харин шинэ төсөлд тодорхой цифр тусгаагүй. “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны тодорхой хувийг төр үнэ төлбөргүй эзэмших эрхтэй бөгөөд төрийн эзэмших хувь хэмжээг энэ хуульд заасан Орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэжээ. Төр ордоос хүссэн хувиа үнэгүй авна гэж зүтгэж болзошгүй нь. Үүний цаана тухайн ордыг бизнесийн хувьд ашигтай ажиллах боломжийг Засгийн хэт оролцоо заамдах вий гэсэн болгоомжлол байна. Түүнчлэн одоогийн Ашигт малтмалын хууль дахь Стратегийн ордын хувьцааны 10 хувийг дотоодын хөрөнгийн биржид арилжиж, ард иргэдэд хүртээх тухай санаа төсөлд огт туссангүй. Төр авна, Засаг мэднэ гэх тодорхойгүй заалтууд төсөлт түлхүү шингэжээ.

“Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж буй ашигт малтмал төрийн өмч мөн” хэмээн төслийн өмнөтгөлд оруулсныг харахул төрийн оролцоо хүчтэй байх үзэл баримтлал нэвт шингэсэн. Үүний хамт төр засгаа тунгалаг цэвэр ажиллаж байгаа эсэхийг хянах иргэний оролцоо үгүйлэгдсэн ийм хуулийн төсөл өмнө байна.

Оюутолгойд зориулсан бүлэг


Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Оюутолгой ордод байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний сул талыг нөхөхөөр оруулсан бүтэн бүлэг бий. Анхны гэрээний алдааг засах заалт гэж ойлгож болно. Тухайлбал, “Орд ашиглах гэрээний эхний хугацаа нь тухайн ордод олборлолт явуулах Техник эдийн засгийн үндэслэлээр баталгаажигдсан эхний хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай адил байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл, Оюутолгой ордын техник эдийн засгийн үндэслэлээр баталгаажигдсан анхны хөрөнгө оруулалтын хэмжээ Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар 4.6 тэрбум ам. доллар. Энэхүү дүнг нөхсөний дараа гэрээний хугацааг дахин ярилцаж болох хуулийн гарц нээж өгсөн гэсэн үг. Өдгөө Оюутолгой орд дээр анхны хөрөнгө оруулалтын хэмжээ анх төлөвлөснөөс ихээхэн нэмэгдэж, 7 тэрбум ам. доллар давсан дүн сонсогдож байгаа. Хэрвээ анхны хөрөнгө оруулалтын хэмжээ ингэж өсөх юм бол Техник эдийн засгийн үндэслэлийг дахин хийх ёстой гэсэн гаралгааг хуулийн төсөлд эвтэйхэн суулгажээ. Оюутолгой ордын Хөрөнгө оруулагчтай хэлэлцээрийн ширээний ард дахин сууж, гэрээг шинэчлэх гарц хайсан заалт энэ мэт цөөнгүй бий.

Мөн нэлээд хатуу, хөрөнгө оруулагчдыг үргээж мэдэх заалт ч туссан байна. “Орд ашиглах гэрээ байгуулах үед урьдчилан тооцох боломжгүй байсан нөхцөл байдал шинээр илэрсэн бөгөөд түүний улмаас гэрээний аль нэг буюу хэсэг бүлэг заалт Монгол улсын эрх ашигт нийцэхгүй болсон, эсхүл түүний улмаас гэрээгээр хамгаалахаар тохирсон эрх ашиг, сонирхол хөндөгдөхөөр бол эдгээр нь гэрээг өөрчлөх үндэслэл болно” гэжээ.

Бас дараагийн нэг заалт нь шууд Оюутолгойд нааж харахаас аргагүй агуулгатай. “Орд ашиглах гэрээ байгуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн тусгай зөвшөөрлийн дагуу хийгдэж буй үйл ажиллагаа, Орд ашиглах гэрээний хугацаан дахь хөрөнгө оруулалт, өмчлөлтэй холбоотой аливаа мэдээллийг Засгийн газрын хүсэлтээр гарган өгөх үүрэгтэй” гэсэн нь тухайлбал Оюутолгой ХХК-ийн худалдан авалтын тухай мэдээлэл зэргийг нягтлах, анхны хөрөнгө оруулалтын хэмжээ гэрээнд зааснаас хэт өсөөд байгаагийн учрыг олж, хянахыг эрмэлзсэн заалт юм.

Гэрээ байгуулсны дараа шинээр бий болсон татваруудыг тогтворжуулж болно. Харин гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татвар хураамжийг Монгол улсын хуулийн дагуу авна гэсэн заалт мөн орсон байна. Ингэснээр Монгол улс Тогтвортой байдлын гэрээ цаашид хийхгүй. Харин Орд ашиглах гэрээгээр ажиллана, түүнд татвар дээш доош хувьсах нь нээлттэй юм гэсэн санаа. Гадаадын хөрөнгө оруулагчдад “зориулсан” энэ мэт хатуу заалтууд нь үндэсний компаниудын үйл ажиллагааг давхар боомилоод эхэлж болзошгүй юм. Их хэмжээний хөрөнгө оруулалт, бизнесийн эрсдэлийг хамгаалах төрийн мэргэн бодлогыг давхар агуулж явахгүй бол цаашдаа уул уурхайн салбарт Засгийн газар, нинжа хоёр л хүрз бариад үлдэж мэднэ.

Орон нутгийн атаманууд

Орон нутгийн сонгуулийн өрсөлдөөн аюулын ширүүн өрнөснийг та бид мэднэ. Аймаг, суманд Засаг ноён суух, Иргэдийн хурлын дарга хийх эрхмүүдийн эрх мэдэл ихээхэн нэмэгдсэнтэй холбоотой. Захирах төсөв томорсноос гадна баялаг ихтэй аймгийн дарга нар ашигт малтмалын лицензийг бараг өөрөө үзэглэж зөвшөөрөх шахам мэдэлтэй болж буй юм.

Лиценз буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч компани юуны түрүүнд Орон нутгийн дарга нартай Гэрээ байгуулна. Ашигт малтмал эрэх, хайх хүн бол Иргэдийн хурлын даргатай Эвлэрлийн гэрээ шахуу зүйл үйлдэх нь. Хуульд түүнийг Хамтран ажиллах гэрээ хэмээн томъёолжээ. Харин олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөлтэй нэгэн Орон нутаг хөгжүүлэх гэрээг Иргэдийн хуралтай байгуулна.
Эрхэм уншигч анзаарсан бол лицензний төрөл дөрөв болсон байна. Эрэх тусгай зөвшөөрөл, хайх зөвшөөрөл, олборлох лиценз, боловсруулалтын тусгай зөвшөөрөл гэсэн дөрвөн төрөлд ангилжээ. Эхний хоёрыг эзэмшигч Засаг ноёдтой 4-5 жил аятайхан хамтран ажиллах гэрээ байгуулна. Нөхцөл ямар байх зэрэг загварыг Уул уурхайн яам уг нь батална гэж хуульд заасан.

Гэхдээ уул уурхайн баялаг ихтэй нутгийнхан сүүлийн үед шантааж хийж сурч байгааг хэлэх үү, гэрээний заалт баяжигдах магадлал өндөр. Харин олборлолт, боловсруулах шатанд үйл ажиллагаа нь дэвшин орсон компаниуд Засаг ноёдтой Орон нутаг хөгжүүлэх гэрээ байгуулна. Арай урт хугацаанд, ахиухан хөрөнгө санхүүжилт хөдөөд оруулна гэсэн үг. Жишээ нь олборлолтын тусгай зөвшөөрөл олгох хугацаа 20 жил, хүсвэл дахин 20 жилээр сунгах эрх нээлттэй учир нутгийн зон олонтой хагас зууны турш нөхөрлөх шахам юм. Боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчийн зөвшөөрлийн хугацаа нээлттэй. Ашигт малтмалын газар тухай бүр нь сунгаад явна гэсэн заалт бий.

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагад очиж буй хамгийн том эрх мэдэл нь тухайн нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулах эсэх эхний зөвшөөрлийг өгөх эрхтэй. Жил бүрийн хоёрдугаар сард Уул уурхайн сайд ийм тийм газарт тусгай зөвшөөрөл өгч болно гэсэн зураглалыг зарлана. Тэр газар нутагт лиценз эзэмшигч орж ажиллаж болох эсэхийг нутгийнхан эхлээд шийднэ гэсэн үг. Хуулийн заалт мэдээж маш сайхан, гэгээлэг. Харин орон нутагт иргэдийн өөрөө удирдах ёсны оролцоог дээшлүүлэх сургалт мургалт хийхгүй бол Иргэдийн төлөөлөгч хэмээх улстөржсөн хэдэн атаман өөрсдийн үзэмжээр “ажиллаад” эхлэх магадлалтай. Саяын орон нутгийн сонгуулийн кампанийг харахад орон нутгаа гэхээсээ илүүтэй, намаа өмөөрсөн улаан хувьсгалчид олон төрмөөр шинжтэй байсан.

Орон нутгийнханд олдож буй өөр нэг том эрх мэдэл нь “Нутгийн өөрөө удирдах байгууллага тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай санал гаргасан бол уг саналыг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга Засгийн газарт хүргүүлнэ” гэжээ. Ер нь хуулийн төсөлд ордыг улсын нөөцөд авах хураах тухай заалт цөөнгүй орсон. Олборлолт, боловсруулалтын түвшинд хүрсэн уул уурхайн үйл ажиллагааг хүртэл таслан зогсоож, улсын нөөцөд, тусгай хэрэгцээнд гэнэт татаж авахуйц заалтууд туссан байна. Орон нутаг төдийгүй Засгийн газрын шийдвэрээр ийм акц явуулах эрх нээлттэй тусчээ. Дээрээсээ доошоо улстөржсөн Монгол оронд бизнесийн үйл ажиллагаа, тэр тусмаа уул уурхайн бизнес улстөрийн эрсдэлд орж болзошгүй юм. Нөөцөд хурааж авсан ордыг таван жилийн дараа сонгон шалгаруулалтад дахин оруулна гэжээ.

Сонгон шалгаруулалт

Лиценз наймаалдаг бизнесийг шинэ хуулийн төсөлд сайтар хааж өгчээ. Дээр өгүүлсэн 4-5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл гэдэг нь ашигт малтмал эрэх ба хайх үйл ажиллагааных. “Э” ба “Х” лиценз гэх юмуу даа. Дараагийн үе шатанд олборлох ба боловсруулалтын тусгай зөвшөөрөл олгогдоно. Нийт 4 төрлийн тусгай зөвшөөрөл, тус бүртээ өөр хугацаанд олгогдоно. Түүнчлэн нэг хүн таваас ихгүй лицензтэй байж болно гэх мэт нарийн зохицуулалт хийж өгсөн байна. Эдгээр нь лиценз арилжааны хэрэгсэл болох үүдийг хааж, эмх цэгцэнд нь оруулж буй хэрэг юм. Тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгоно. Гэхдээ төрийн өмчит компанид давуу тал олгож, шууд олгох заалт бас орсон харагдав.

Мөн тусгай зөвшөөрлийг хэн эзэмших вэ гэсэн зохицуулалт хийсэн байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрт эзэмшигчийн өөр өөр нөхцөл зааж өгөв. Ялангуяа олборлолт хийж буй компанид Монгол улсын иргэн заавал 75 хувийн оролцоотой байх гэх мэт нарийвчилж заасан нь хөрөнгө оруулалт татах боломжийг нэг талаар хааж байгааг бодууштай. Уул уурхайн салбар хөрөнгө оруулалтгүйгээр босох боломжгүй. Хувь хүний хөрөнгө оруулалтаар босохгүй нь тодорхой болохоор магадгүй хуулийн иймэрхүү багахан цоорхой дээр Монголын хэн нэг иргэний нэрээр гадаадын аль нэг байгууллага орж ирэх боломж нээгдэх юм.

Түүнчлэн ТЭЗҮ-д үнэлгээ хийх мэргэжлийн гурван төрлийн Зөвлөл байгуулж буй нь сайшаалтай боловч зөвхөн геологи, уул уурхайн салбарын мэргэжилтнүүд байхаар заасан нь учир дутагдалтай юм. ТЭЗҮ-д үнэлгээ хийх зөвлөлд санхүүгийн шинжээчид зайлшгүй оролцох нь зүй ёсных буй за.

Дэмжих санаанууд

Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга 115 хуудаст багтаасан нүсэр төсөл билээ. Монголын геологи, уул уурхайн салбарын бүхий л харилцааг нэгтгэн зохицуулахыг чармайсны хувьд өндөр ач холбодогдолтой баримт бичиг. Дээр дэлгэрэнгүй өгүүлсэн нь хуулийн төслийн зөвхөн зарим хэсэг болохыг болгооно уу. Хэлэлцүүлгийн явцад өндөр эрсдэлтэй салбараа төрөөс дэмжих хандлага түлхүү тусаасай, ялангуяа үндэсний бизнесээ өсөн дэвжих замд улстөрийн элдэв дарамт бага байгаасай гэсэн санаа юм.

Төсөлд туссан шинэлэг олон заалтыг дараагийн удаа задлан тэмдэглэж болох. Тухайлбал, уурхайн хаалтын ажлыг нарийвчлан хуульчилсан, нөхөн сэргээлтийн сан төвлөрүүлэх тухай, үндэсний ханган нийлүүлэгчдийн бүтээгдэхүүнийг эхний ээлжинд худалдан авах, Эрдэс баялгийн биржтэй болох ба түүн дээрх ханшаар бүтээгдэхүүнээ борлуулах, хөрөнгийн биржид үнэт цаас гаргагч Засгийн газарт урьдчилан мэдэгдэх, хувьцаагаа зарах шилжүүлэхийн тулд заавал мэдэгдэх зэрэг өмнө нь уул уурхайн салбарт зохицуулалтгүй байсан олон харилцааг цэгцлэхийг чармайжээ. Стратегийн ач холбогдолтой эрдэс гэсэн ойлголтыг анх удаа тодорхойлж өгсөн байна. Ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхит ашигт малтмал, газрын ховор элемент бол Монгол улсын стратегийн эрдэс баялаг юм гэжээ. Орос улс стратегийн ач холбогдолтой ашигт малтмалдаа нефть, байгалийн хий, никель, кобальт, тантал зэрэг газрын ховор элементээ багтаасан байдагтай адил тодорхой эрдсийг ийнхүү нэр заан хуульчилж өгчээ.

Энэ том төсөл дээр ажилласан багт талархал илэрхийлэхийн ялдамд Монголын уул уурхайн салбарын эрх зүйн зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэх амаргүй ажилдаа тус салбарт ажиллаж буй компаниудын хэлэх үг, бэрхшээл зовлонг зайлшгүй сонсох учиртайг толилуулав.

Л. Болормаа



  • Зочин (122.201.20.42)
    2027224570 Тэнэг гуйлт
    2013 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (133.6.124.130)
    Интернэт-ээс хайхаар дандаа 2006 оных тэгээд 2009 онд засвар оруулсан хувилбараар байх юм Хамгийн сүүлийн шинэчилсэн найруулгийн энэ төсөл дээрхи засвар 2012 оныхоор байх ёстой биз дээ Тэрийг нь хаанаас олж уншиж болох вэ хэлж өгнө үү
    2013 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (133.6.124.130)
    уг хуулийн веб сайт дээрх хуулийг бүрэн эхээр нь харж болох линкийг явуулж өгөөч уншиж үзмээр байна
    2013 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.72.245.70)
    монгол улс зэсийн 3 орд олдосны нэгийг нь Эрдэнэтийг ашиглаад дуусч байна Нэгийг нь Оюу толгойг ашиглаж эхэллээ Гуравдахийг нь Цагаан Суврагыг хойд үедээ үүц болгон үлдээнэ үү гэж хүсч арга ядан гуйж байна
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.72.245.70)
    газар нутгаа худалддаг хэвээрээ байна шүү дээ
    2013 оны 01 сарын 03 | Хариулах