Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Н.Алтантулга: Ашиглаж дадсан техникээ авах сонирхолтой байдаг

“Багануур” ХК-ийн Техникийн хэлтсийн авто инженер Н.Алтантулгатай ярилцлаа.  

Манай ууган уурхайнуудын нэг Багануурын нүүрсний уурхайн талаар товч танилцуулаач?


Манай уурхай 1978 онд байгуулагдсан. Ирэх жил уурхайн 35 жилийн ой тохионо. Өнөөдрийн байдлаар манай уурхайн хэмжээнд 1000 гаруй хүн ажиллаж байна.

Хэдий хэмжээний нөөц үлдээд байна вэ?

Батлагдсан нөөцийн хувьд 600 сая тонн. Бид жилд 3.5 сая тонн нүүрс олборлодог. Манай уурхай төвийн бүсийн цахилгаан станцын хэрэглээний 70 гаруй хувийг дангаараа хангадаг.  

Танай компани ямар төрлийн техник хэрэгсэл ашигладаг вэ?


Дээр үед голдуу Оросын техник хэрэгсэл ашигладаг байлаа. 1998 онд Дэлхийн банкны зээлээр Америкийн “Caterpillar” брэндийн нэлээд хэдэн техник авсан. Мөн Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Комацү”-гийн техникүүдийг авсан. Америк, Япон, Хятадын техник хэрэгсэл ашиглаж байна. Яг одоо “Cat”-ийн 22, “Комацү”-гийн 18, “Terex”-ийн 4, “Yutong”-ийн 2, “Sandvik”-ийн 2 зэрэг 50-аад техник ашиглаж байна. Сүүлийн үеийн техник технологитой машинууд өөрөө гэмтлээ илрүүлэх зэрэг давуу талтай болсон.

Машин техник, тоног төхөөрөм­жийнхөө засварыг өөрсдөө хийдэг үү?


Тэгэлгүй яах вэ. Манайх өөрийн засварын багтай. Ер нь уул уурхайн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг 5-8 жил ашиглах нормтой байдаг. Гэтэл манайд ашиглаж буй “Комацү”-гийн машиныг 1999 онд авсан. Одоо 13 жил хэвийн ажиллаж байна. Мөн “Комацү”-гийн машин тоног төхөөрөмж засвар үйлчилгээ авахдаа их сайн. Ашиглалтын хувьд ч чанартай, сайн техникүүд байдаг. Манай уурхай анх төслийн шугамаар “Комацү”-гийн HD-405 маркийн самосвол болон бульдозор авсан юм. Тухайн үед 10 самосвол авсны зургаа нь одоо хэвийн ажиллаж байна. Анх есөн бульдозор авснаас найм нь одоо ажиллаж байна. 13 жил ашиглахад ийн тэсч буйгаас нь харахад ашиглалтын хугацаа урт юм гэж дүгнээд байгаа.   

Дэлхийн хэмжээнд уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг олон компани бий. Тэдгээрээс сонголтоо хийхдээ ямар шалгуур үзүүлэлтийг хардаг вэ?


Техник хэрэгслийн үзүүлэлт, чанар гээд олон зүйлийг харж сонгох хэрэгтэй болдог. Бидний хувьд дэлхийд чанар нь танигдсанаас гадна өөрсдийн хэрэглэж дадсан техникийг авах сонирхолтой байдаг. Танилцуулга дээрх техникийн үзүүлэлт нэг хэрэг. Яг амьдрал дээр тухайн машин механизм яаж ажиллах, ачаалал даах чадвар хэр байх нь хамгийн чухал. Үзүүлэлт нь яг адил чанартай гэж бичсэн машинууд амьдрал дээр өөр өөр ажиллагаатай байдаг. Нэг нь хэвийн ажиллаж байхад нөгөөх нь эвдэрчихдэг тохиолдол нэлээд бий. Ашиглалт нөлөөлдөг ч бас тухайн техникийн чанар, үйлдвэрлэлийн туршлага илүү хамаардаг гэж би боддог. Манай уурхай 24 цагийн тасралтгүй ажиллагаатай. Дөрвөн ээлжээр бид ажилладаг. Ээлж солилцох үеэр цаг хэртэй л машин амарна. Тэгэхээр хоногт 20 цаг ажилладаг гэсэн үг. Ер нь ямар ч уурхай ийм горимоор ажилладаг. Тиймээс ашиглалтыг гол үзүүлэлт болгож хардаг юм. Мөн өөрсдийн хэрэглэж дадсан техник авбал адаглаад гэмтлийг нь эрт илрүүлчихдэг.

Уул уурхайн техник хэрэгслийн ашиглалт 5-8 жил байдаг гэж та ярилаа. Гэтэл танайд ашиглагдаж буй зарим машин техник 13 жил болоод, ашиглалтын хугацаа нь хэтэрчихсэн байна?

Жишээ дурдахад, арваннэгдүгээр сарын 5-нд “CAT”-ийн автосамосвол нэг сая километр, “Комацү”-гийн самосвол 950 мянган километр явсан байна. Дэлхийн хэмжээнд ийм тохиолдол их ховор. Манай засварын баг техник хэрэгслүүддээ байнгын засвар үйлчилгээ хийснээр ингэж явуулж байгаа тал ч бий. Монголчилж засах зүйлүүд нэлээд байдаг. Жишээ нь Cat-ийн машиныг засахад их нарийн горим шаардагддаг бол “Комацү”-гийн техникийн хувьд илүү уян хатан. Засварчид бага зэргийн алдаа хийх нь бий. Тэр зэргийн алдаанд “Комацү”-гийн техник ажрахгүй ажилладаг. 

Хэр их бензин хэрэглэдэг юм бол?

Янз бүр. Тээвэрлэж яваа нүүрс, хөрсний хэмжээнээс шалтгаалдаг. “Комацү”-гийн HD-405 нэг километрт 2.2 литр түлш иднэ. 100 километрт 220 литр болж байгаа юм.

Ийн ярилцсаны дараа бид тус компанийн засварын хэсгээр зочилсон юм. Техник тоног төхөөрөмжүүдийг энд засварлах бөгөөд 80 гаруй хүн ажилладаг юм билээ.


Японы “Комацү” компанийн техник, тоног төхөөрөмж, сэлбэгийг манайд “Transwest Mongolia” компани албан ёсоор нийлүүлдэг бөгөөд Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютерээр ажиллаж байна.

Уурхайн машин техникийн засварын талаар тус компанийн Технологийн автомашины засварын хэсгийн ерөнхий инженер Р.Наранбаатар “Манай засварын хэлтэст таван улсад үйлдвэрлэсэн, таван төрлийн нийт 47 машин техник, тоног төхөөрөмжийг засварладаг. Үүнээс “Комацү”-гийн техникүүд ашиглалтын явц болон техник эдэлгээний хувьд их сайн. Бүх эд анги, агергатад нь засвар хийж үзсэн. Явдал зөөлөн, ашиглалтын эдэлгээ урт. Нугасан холбоо, сүүжин холбоогоороо “Комацү” бусад техникээс эрс ялгардаг, зөөлөн машин юм. Бид энэ машинд бүх төрлийн засварыг хийж байна. Хөдөлгүүрийн засварыг хүртэл монголчлоод хийж байгаа. Энэ техник маань эд анги сэргээн засварлах шаардлагыг ч сайн хангадаг. Барихад жижиг тэрэгнээс зөөлөн явдалтай шүү дээ” гэв.

Багануурын нүүрсний уурхайн ажилтнууд ашиглаад, чанар үр дүнг нь мэдэрсэн техник хэрэгслээ худалдан авах сонирхолтой байна. Ялангуяа эдэлгээ урт, чанартай, засвар үйлчилгээ хийхэд уян хатан хүлээж авдаг Японы “Комацү”-гийн техник, хэрэгслийг авах сонирхолтой байдгаа нуугаагүй. Чанараас гадна үнэ өртөг нь ч энэ техникийг сонгох шалтгаан болдог байна. Адил чанар, үзүүлэлттэй ч Америкийн уул уурхайн тоног төхөөрөмжөөс хямд байдаг гэж ярилаа.