Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Ашигт малтмалын хуулийн төсөл

                                                                                               1

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

20..оны ...сарын ...-ний өдөр

Улаанбаатар хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ

(шинэчилсэн найруулга)

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилго

 

Эрдсийн нөөц, баялгийг хүрээлэн буй орчин, эдийн засаг, нийгмийн талаар төрөөс баримтлах бодлогод нийцүүлэн, эрэх, хайх, олборлох, боловсруулах замаар эдийн засгийн үр ашигтай геологи, уул уурхайн үйлдвэрлэлийг дэмжихэд энэ хуулийн зорилго оршино.

2 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

 

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр геологийн тойм судалгаа, ашигт малтмалын эрэл, хайгуул, цацраг идэвхит ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, тэдгээртэй холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъѐоны тодорхойлолт

 

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъѐог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “ажил гүйцэтгэх зөвшөөрөл” гэж энэ хуулийн 8 дугаар бүлэгт заасан хайгуул, олборлолт, боловсруулалтын ажил гүйцэтгэх зөвшөөрлийн аль нэгийг эсхүл тэдгээрийг хамтад нь;

3.1.2. “ашигт малтмал” гэж:

3.1.2.а. геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу болон түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа хатуу, шингэн, хийн төлөвт байгаа, ус болон газрын тос, байгалийн хийнээс бусад эрдэс, бодисын хуримтлалыг;

 

3.1.2.б. энэ хуулийн дагуу явагдсан олборлолтын үйл ажиллагааны үр дүнд газар, түүний хэвлийгээс гаргасан ашигт малтмалыг; 2

3.1.2.в. энэ хуулийн дагуу явагдсан боловсруулах үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээгдэхүүн;

3.1.3. “ашигт малтмал боловсруулах” гэж энэ хуульд заасны дагуу олборлосон цацраг идэвхит ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг цэвэршүүлэх, хайлуулах, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэргээр ашигт малтмалын ашигт агуулга, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой үйлдвэрлэлийн үйл ажиллагааг;

3.1.4. “ашигт малтмал олборлох” гэж зөвшөөрөгдсөн техник эдийн засгийн үндэслэл, төлөвлөгөөний дагуу газрын гадаргуу, түүний хэвлий, үүсмэл орд, үйлдвэрлэлийн хаягдал, байгалийн уснаас үйлдвэрлэлийн аргаар цацраг идэвхит ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал гарган авах, угаах, ангилах үйл ажиллагааг;

3.1.5. “ашигт малтмалын орд” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд бүрэлдэн тогтож анхлан үүссэн чулуулагтайгаа нэг орон зайд байрлаж байгаа эсхүл анхлан үүссэн чулуулаг, орон зайнаасаа өгөршил, элэгдэл, механик үйл явцын дүнд сарнин салж, дахин хуримтлагдаж улмаар үе, давхарга байдалтай байгаа эрдсийн нөөц, баялаг нь үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай болох нь тогтоогдсон эрдсийн хуримтлалыг;

3.1.6. “ашигт малтмалын хайгуул” гэж эрлийн ажлын үр дүнд тодорхойлогдсон талбайд ашигт малтмалын биетийн хэлбэр хэмжээ, байршил, найрлага, баяжигдах чанар, геологийн бүтэц, ашигт малтмал олборлох уул техникийн нөхцлүүдийг нарийвчлан тогтоож, нөөц, баялгийн тоо хэмжээг баталгаатай тооцох, түүнийг цаашид олборлох эсэхийг шийдэх зорилгоор шаардагдах бүх төрлийн геологи, геофизик, өрөмдлөг, лаборатори, гидрогеологийн стандартын дагуу хийж гүйцэтгэх цогц үйл ажиллагааг;

3.1.7. “ашигт малтмалын эрэл” гэж ашигт малтмалын байршил, баялаг, нөөцийн тойм хэмжээг үнэлэх, найрлага, геологийн бүтцийг тогтоож түүнийг цаашид үргэлжлүүлэн хайгуул хийх эсэхийг тодорхойлох зорилгоор бүх төрлийн шаардагдах геологи, геофизик, өрөмдлөг, лабораторийн ажлыг хэтийн төлөв бүхий талбайд стандартын дагуу хийж гүйцэтгэх цогц үйл ажиллагааг;

3.1.8. “дэд бүтэц” гэж олон нийтийн хэрэгцээнд нээлттэй ашиглах боломжтой авто болон төмөр зам, нисэх буудал, цахилгаан, дулаан, цэвэр ус, ариутгах татуургын дамжуулах систем, агаарын болон авто, төмөр замын тээвэр, эмнэлэг, эрүүл ахуй, боловсрол, тэдгээртэй холбоотой үйлчилгээг;

3.1.9. “нөхөн сэргээлт” гэж эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаанд өртөж унаган төрхөө алдсан байгаль орчныг энэ хуулийн 11 дүгээр бүлэгт заасны дагуу нөхөн сэргээх цогц үйл ажиллагааг;

3

 

3.1.10. “сорчлон олборлох” гэж технологийн хувьд олборлох бололцоотой, Техник эдийн засгийн үндэслэлээр тодорхойлогдсон үйлдвэрлэлийн нөөцийг олборлох үйл ажиллагааг зөвшөөрөгдсөн технологийн дагуу явуулаагүйгээс тухайн ордын нөөцийг бүрэн ашиглаагүй буюу цаашид бүрэн ашиглах боломжгүй болгосон олборлолтын үйл ажиллагааг;

3.1.11. “талбай” гэж энэ хуулийн дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон, байршил булангийн цэгийн солбицлууд нь градус, минут, секундээр тодорхойлогдсон, шулуун шугамаар холбогдсон, хил нь уртраг, өргөрөгийн дагуух чиглэлтэй, тэгш олон өнцөгт хэлбэртэй талбайг;

3.1.12. “тойм судалгаа” гэж геологи, ашигт малтмалын тухай анхдагч мэдээллийг ашиглан газрын гадаргуу болон гүнийн бүтэц, чулуулгийн химийн найрлага, хөгжлийн түүх, хувьсал, ашигт малтмал байгаа эсэхийг тогтоох зорилгоор газрын хэвлийг хөндөхгүйгээр чулуулгийн сорьц, дээж авах, геохими, газрын болон агаарын геофизикийн судалгаа, бүх масштабын геологийн зураглал, сэдэвчилсэн судалгаа хийхийг;

3.1.13. “төрийн захиргааны байгууллага” гэж геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг;

3.1.14. “төрийн захиргааны төв байгууллага” гэж геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг;

3.1.15. “тусгай зөвшөөрөл” гэж энэ хуульд заасны дагуу төрийн захиргааны байгууллагаас олгогдсон, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нотлогдсон, ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулах эрхийн аль нэгийг эсхүл тэдгээрийг хамтад нь;

3.1.16. “түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, чулуу, шавар, элс, хайрга зэрэг элбэг тархалт бүхий хурдас, чулуулгийн хуримтлалыг;

3.1.17. “үйлдвэрлэлийн дэд бүтэц” гэж уурхай болон боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглах зориулалттай авто болон төмөр зам, нисэх буудал, цахилгаан, дулаан, цэвэр ус, ариутгах татуургын дамжуулах систем, агаарын болон авто, төмөр замын тээвэр, тэдгээртэй холбоотой үйлчилгээг;

3.1.18. “үйлдвэрлэлийн хаягдал” гэж олборлолт, боловсруулалтын улмаас бий болсон, ашиглахад эдийн засгийн үр ашиггүй болох нь Техник эдийн засгийн үндэслэлээр зөвшөөрөгдсөн чулуулгийг;

4

 

3.1.19. “уурхай, үйлдвэрийн эдэлбэр” гэж олборлолтын эсхүл боловсруулалтын үйл ажиллагаанд өртөх олборлолтын, эсхүл боловсруулалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсгийг;

3.1.20. “үүсмэл орд” гэж олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааны явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий, дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болох чулуулгийг;

3.1.21. “цацраг идэвхт ашигт малтмал” гэж Цөмйн энергийн тухай хуулийн [_]-д заасан эрдэс баялгийн хуримтлалыг;

3.1.22. “цацраг идэвхит ашигт малтмалын үйлдвэрлэлийн агуулга бүхий илэрц” гэж Цөмийн энергийн тухай хуулийн [_]-д заасныг;

3.1.23. “эрдсийн баялаг” гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу болон түүний хэвлийд үүсч бий болсон эрдсийн хуримтлалыг;

4 дүгээр зүйл. Ашигт малтмалын өмчлөл

 

4.1. Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.

4.2. Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, олборлох, боловсруулах эрхийг энэ хуульд заасан нөхцөл болзлыг хангасан этгээдэд олгох эрхтэй.

4.3. Тусгай зөвшөөрөлгүй эрэл, хайгуул, олборлолт явуулсны үндсэн дээр газар, түүний хэвлийгээс салгасан ашигт малтмал төрийн өмч байна.

4.4. Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд үүсмэл орд, үйлдвэрлэлийн хаягдал нь газрын салшгүй хэсэгт тооцогдох бөгөөд төрийн өмч байна.

5 дугаар зүйл. Эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг хориглох газар нутаг

 

5.1. Дараах газар нутагт эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

5.1.1. улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг;

5.1.2. “Усны тухай” хуульд заасан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн нутаг дэвсгэр;

5.1.3. “Ойн тухай“ хуульд заасан хамгаалалтын бүсийн ойн нутаг дэвсгэр;

5

 

5.1.4. “Төмөр замын тээврийн тухай” хуульд заасан төмөр замын зурвас газар, аюултай болон аюулгүйн бүсээс гадагш 200 метрийн нутаг дэвсгэр;

5.1.5. “Эрчим хүчний тухай” хуульд заасан шугам сүлжээний хамгаалалтын зурвасын нутаг дэвсгэр;

5.1.6. “Авто замын тухай” хуульд заасан улсын болон олон улсын чанартай авто замын зурвас газрын нутаг дэвсгэр;

5.1.7. “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуульд заасан ус хангамж, ариутгах татуургын эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн нутаг дэвсгэр;

5.1.8. “Рашааны тухай” хуульд заасан рашааны хамгаалалтын бүсийн нутаг дэвсгэр;

5.1.9. хот, тосгоны эдэлбэр газар, түүний заагаас 5 километрийн зайн дотор;

6 дугаар зүйл. Эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй эрхлэхийг хориглох

6.1. Дор дурдснаас бусад тохиолдолд эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй явуулахыг хориглоно.

6.1.1. ашигт малтмалын тойм судалгаа хийх;

6.1.2. иргэн өөрийн өмчлөлийн газраас түгээмэл тархацтай ашигт малтмалыг худалдан борлуулж ашиг олох зорилгогүйгээр зөвхөн өөрийн ахуйн хэрэгцээнд зориулан олборлох, боловсруулах;

6.2. Энэ хуульд зааснаас бусад тохиолдолд эрдсийн баялгийг газар, түүний хэвлийгээс салгах, олборлох, тусгай зөвшөөрөлгүйгээр олборлосон ашигт малтмалыг цэвэршүүлэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, тээвэрлэх, худалдах, худалдан авах, зуучлахыг хориглоно.

7 дугаар зүйл. Олборлосон, боловсруулсан бүтээгдэхүүнийг бүртгэх, бүтээгдэхүүн гарал үүслийн гэрчилгээтэй байх

7.1. Олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч олборлосон, боловсруулсан үндсэн болон дагалдах ашигт малтмал, бүтээгдэхүүнийг худалдан авах, борлуулах, боловсруулах, дахин боловсруулахад энэ хуульд заасны дагуу гарал үүслийн гэрчилгээ авсан байна.

7.2. Үнэт метал, эрдэнийн чулуугаар эдлэл хийх үйлдвэрлэл эрхлэгч хувь хүн, хуулийн этгээд нь үйлдвэрлэлдээ ашигласан болон ашиглахаар авсан үнэт метал, эрдэнийн чулууг тухай бүр төрийн захиргааны байгууллагаас батлагдсан маягтын дагуу бүртгэж, уг бүртгэлд тэдгээрийн гарал үүслийг тодорхойлсон баримт бичгийг хавсаргасан байна.

6

 

8 дугаар зүйл. Стратегийн ач холбогдолтой эрдсийн баялаг

8.1. Стратегийн ач холбогдолтой эрдсийн баялагт ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхит ашигт малтмал, газрын ховор элементийг хамааруулна.

8.2. Усны эрэл, хайгуул, олборлолтын асуудлыг “Усны тухай” Монгол Улсын хуулиар зохицуулна.

8.3. Газрын тос, байгалийн хийн эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын асуудлыг “Газрын тосны тухай” Монгол Улсын хуулиар зохицуулна.

8.4. Цацраг идэвхит ашигт малтмал, газрын ховор элементийн олборлолт, боловсруулалттай холбоотой харилцааг “Цөмийн энергийн тухай” Монгол Улсын хуулиар зохицуулна.

9 дүгээр зүйл. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд

 

9.1. Энэ зүйлд заасан Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэдэгт Монгол Улсын Их хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заагдсан нэр бүхий 15 ордыг хамааруулна.

9.2. Энэ хуулийн 9.1-т заасан Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд тус бүрийн хил заагийг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

9.3. Стратегийн ач холбогдолтой ашит малтмалын ордын жагсаалтад аливаа ордыг нэмж бүртгэхгүй бөгөөд ордыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ энэ хуулийн 9.1-т заасан Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтаас гаргаж болно.

9.4. Засгийн газар Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод олборлолт явуулах, түүнээс олборлосон ашигт малтмалыг боловсруулах, борлуулах үйл ажиллагаанд тусгай дэглэм тогтоох зорилгоор, өөрийн санаачилгаар энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Орд ашиглах гэрээ байгуулж болно.

9.5. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны тодорхой хувийг төр үнэ төлбөргүй эзэмших эрхтэй бөгөөд төрийн эзэмших хувь хэмжээг энэ хуульд заасан Орд ашиглах гэрээгээр тодорхойлно.

9.6. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод олборлолт, боловсруулалт явуулах талаар Засгийн газар энэ хуульд заасны дагуу

7

 

Орд ашиглах гэрээ байгуулаагүй бол тухайн ордын олборлолт, боловсруулалтын үйл ажиллагааг энэ хуульд заасан журмаар явуулна.

10 дугаар зүйл. Орд ашиглах гэрээ

10.1. Засгийн газар энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод олборлолт явуулах ашигт малтмалыг боловсруулах, борлуулах асуудлаар Орд ашиглах гэрээ байгуулах бол Орд ашиглах гэрээг дараах зарчмаар байгуулна.

10.1.1. Орд ашиглах гэрээний эхний хугацаа нь тухайн ордод олборлолт явуулах Техник эдийн засгийн үндэслэлээр баталгаажигдсан эхний хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаатай адил байна.

10.1.2. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төлбөр, хураамжаас бусад татварыг зөвхөн Орд ашиглах гэрээний эхний хугацаанд уг гэрээгээр тогтворжуулж болно.

10.1.3. Орд ашиглах гэрээний сунгагдсан хугацаанд аливаа татварыг тогтворжуулах асуудлыг Орд ашиглах гэрээгээр зохицуулахгүй.

10.1.4. Орд ашиглах гэрээгээр аливаа төлбөр, хураамжийг тогтворжуулах, татвар, төлбөр, хураамжаас чөлөөлөх асуудлыг зохицуулахгүй.

10.2. Орд ашиглах гэрээний эхний хугацаа дуусмагц тухайн үеийн нөхцөл байдалд нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулж 10 жилээс илүүгүй хугацаагаар нэг удаа сунгаж болно.

10.3. Тодорхой хугацаанд олборлох ашигт малтмал, үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээг Орд ашиглах гэрээгээр тогтоож болно. Энэ тохиолдолд тогтоосон хэмжээ өөрчлөгдсөн нь Орд ашиглах гэрээний холбогдох бусад нөхцлүүдийг өөрчлөх үндэслэл болно.

10.4. Орд ашиглах гэрээ байгуулах үед урьдчилан тооцох боломжгүй байсан нөхцөл байдал шинээр илэрсэн бөгөөд түүний улмаас гэрээний аль нэг буюу хэсэг бүлэг заалт Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй болсон, эсхүл түүний улмаас гэрээгээр хамгаалахаар тохирсон эрх ашиг, сонирхол хөндөгдөхөөр бол эдгээр нь гэрээг өөрчлөх үндэслэл болно.

10.5. Орд ашиглах гэрээ, түүнийг дагалдан гарсан аливаа бусад гэрээ, тэдгээрийн хуулиар нууцад хамааруулснаас бусад бүх нөхцөл, заалт, нэмэлт, өөрчлөлтүүд олон нийтэд нээлттэй байна.

10.6. Орд ашиглах гэрээ байгуулсан тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн тусгай зөвшөөрлийн дагуу хийгдэж буй үйл ажиллагаа, Орд ашиглах гэрээний

8

 

хугацаан дахь хөрөнгө оруулалт, өмчлөлтэй холбоотой аливаа мэдээллийг Засгийн газрын хүсэлтээр гарган өгөх үүрэгтэй.

10.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах Орд ашиглах гэрээний агуулга, заалтууд нь энэ хууль болон тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох бусад хууль тогтоомжид нийцсэн байна.

11 дүгээр зүйл. Ашигт малтмалын тойм судалгаа хийх

11.1. Хуулийн этгээд энэ хуульд заасан журмын дагуу ашигт малтмалын тойм судалгаа хийж болно.

11.2. Энэ хууль, “Газрын тосны тухай” хууль болон “Цөмийн энергийн тухай” хуулиар эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулахыг хориглосон болон хязгаарласан газар нутаг, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайд тойм судалгаа хийж болно.

11.3. Тойм судалгааны явцад газрын хэвлийг хөндөхийг хориглоно.

11.4. Геологийн тогтоц, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, ашигт малтмалын хуримтлал байж болох хэтийн төлөв бүхий талбайг тогтоох зорилгоор тойм судалгааг шинжлэх ухааны үндэслэл бүхий арга, аргачлалын дагуу, тодорхой үе шаттайгаар, цогц байдлаар гүйцэтгэнэ.

11.5. Хэрэв тойм судалгаа хийх талбай нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа бол сонирхогч этгээд нь уг газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчаас тухайн талбайд нэвтрэн орох зөвшөөрөл авсан байна.

11.6. Улсын төсвийн хөрөнгөөр тойм судалгаа хийх тохиолдолд эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд урьдчилан мэдэгдсний үндсэн дээр нэвтрэн орж болно.

11.7. Хуулийн этгээд нь тойм судалгаа хийх тухай хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд хүсэлтэд судалгаа явуулах талбай, түүний байршил, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар, хаягийг тодорхой дурдсан байна.

11.8. Төрийн захиргааны байгууллага энэ хуульд заасан тойм судалгаа хийх хүсэлтийг бүртгэн авч, зөвшөөрөл олгоно.

11.9. Тойм судалгаа хийх зөвшөөрөл авсан этгээд нь гүйцэтгэсэн тойм судалгааны тайлан, холбогдох баримт бичгийн хувийг төрийн захиргааны байгууллагад өгөх үүрэгтэй бөгөөд уг тайлан, баримт бичгүүд нь Үндэсний эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн санд хадгалагдана.

11.10. Тойм судалгаа хийх, тойм судалгааны тайлан, холбогдох баримт бичгүүдийг хүлээн авах журмыг Засгийн газар батална.

12 дугаар зүйл. Үндэсний эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн сан

9

 

12.1. Төрийн захиргааны байгууллага Үндэсний эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн сантай байна. Үндэсний эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн сан нь Геологийн мэдээллийн сан, Ашигт малтмалын нөөцийн сан, Газрын тосны нөөцийн сангаас бүрдэнэ.

12.2. Геологийн мэдээллийн санд газрын хэвлийн геологийн тогтоц, гадаргын хэв шинж, эрдэс баялгийн талаарх судалгааны мэдээ, тайлан, анхдагч баримт бичгүүд, эрдэс чулуулгийн дээж, үзүүлэн, хавсралт зураг, эрэл, хайгуулын ажлаар тодорхойлсон ашигт малтмалын геологийн нөөц, тэдгээртэй холбоотой бусад мэдээллийг төвлөрүүлнэ.

12.3. Ашигт малтмалын нөөцийн санд ашигт малтмалын ордын үйлдвэрлэлийн нөөц, нөөцийн хөдөлгөөн, техник эдийн засгийн үндэслэл, бүтээгдэхүүний стандарт, технологи, уурхайн үйл ажиллагааны тайлан мэдээ, үйлдвэрлэлийн хаягдал, үүсмэл ордын бүртгэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, нөхөн сэргээх үйл ажиллагааны талаарх цогц баримт мэдээлэл, тэдгээртэй холбоотой бусад мэдээллийг төвлөрүүлнэ.

12.4. Газрын тосны нөөцийн сан, түүнд төвлөрүүлэх мэдээлэл, холбогдох журмыг Газрын тосны тухай хуулиар тогтооно.

12.5. Үндэсний эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлсэн хуулиар нууцад хамааруулснаас бусад мэдээлэл нь олон нийтэд нээлттэй байна.

12.6. Үндэсний эрдэс баялгийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, хөтлөх, баяжуулах асуудлыг Засгийн газраас баталсан журмын дагуу төрийн захиргааны байгууллага эрхэлнэ.

13 дугаар зүйл. Талбайг улсын нөөцөд авах

13.1. Улсын төсвийн хөрөнгөөр тойм судалгаа, эрэл, хайгуул хийсэн, эрдсийн баялгийг үнэлсэн талбайг төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр, тодорхой хугацаагаар улсын нөөцөд авч болно.

13.2. Хувийн хөрөнгөөр тойм судалгаа, эрэл, хайгуул хийсэн, олборлолт явуулахад эдийн засгийн үр ашигтай эрдсийн баялгийн хуримтлал бүхий талбайг бодит зардлын нөхөх олговор олгосны үндсэн дээр Засгийн газрын шийдвэрээр, тодорхой хугацаагаар улсын нөөцөд авч болно.

13.3. Улсын нөөцөд авахаар шийдвэр гарсан талбайд өргөдөл хүлээн авах, сонгон шалгаруулалт зарлахыг хориглоно.

13.4. Талбайг улсын нөөцөд байлгах хугацаа дууссан бөгөөд уг хугацаа сунгагдаагүй, эсхүл улсын нөөцөөс гаргах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол бол тухайн талбайд тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгоно.

10

 

14 дүгээр зүйл. Ордыг улсын нөөцөд авах

14.1. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордыг бүхэлд нь болон хэсэгчлэн тодорхой хугацаагаар Засгийн газрын шийдвэрээр улсын нөөцөд авч болно.

14.2. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордод тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хувийн хөрөнгөөр нэмэлт хайгуулын ажил хийж нөөцийг нь нэмэгдүүлсэн бол ордыг улсын нөөцөд авахдаа Засгийн газар уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бодит зардлын нөхөх олговор олгоно.

14.3. Хувийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордыг Улсын Их Хурлын шийдвэрээр бодит зардлын нөхөн олговор олгосны үндсэн дээр улсын нөөцөд тодорхой хугацаагаар авч болно.

14.4. Ордыг улсын нөөцөд байлгах хугацаа дууссан бөгөөд уг хугацаа сунгагдаагүй, эсхүл ордыг улсын нөөцөөс гаргах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан бол тухайн ордод олборлолтын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтын журмаар олгоно.

15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авах

15.1. Эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл бүхий талбайг Газрын тухай хуульд заасны дагуу улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно.

15.2. Нутгийн өөрөө удирдах байгууллага тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай санал гаргасан бол уг саналыг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга Засгийн газарт хүргүүлнэ.

15.3. Засгийн газар энэ хуулийн 15.2-т заасан саналыг үндэслэлтэй гэж үзвэл тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргана.

15.4. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг улсын тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэрийг Засгийн газрын санал болгосноор УИХ гаргана.

15.5. Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсны улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болох бол Засгийн газар тусгай зөвшөөрөл эзэмшигчид бодит зардлын нөхөх олговор олгох тухай шийдвэрийг энэ хуулийн 15.3, 15.4-т заасан шийдвэртэй хамт гаргаж шийдвэр гарснаас хойш 3 сарын дотор Засгийн газар тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговорыг олгоно.

11

 

15.6. Энэ хуулийн 15.3, 15.4-т заасан шийдвэр гарсан өдрөөр улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тухайн талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаагаа зогсооно.

15.7. Тодорхой талбайг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд байлгах хугацаа нь 5 жилээс доошгүй байна.

15.8. Талбайг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай ажлын 10 хоногийн дотор нийтэд мэдээлнэ.

15.9. Талбайг улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан болон нөхөх олговор олгосон тухай шийдвэрийг төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн бүртгэлийн санд бүртгэнэ.


Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү.

  • Зочин (122.201.18.226)
    strategiin ordiig nemehgui gesen chini yu gesen ug yum be luivardaad nuuchihsan Hoshoot geh met tom orduud ter chigeeree duusan hereg uu tuunees tom orduud shineer neegdvel burtgej avahgui baih hereg uu
    2012 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.18.140)
    Arai l ih tusgai zubshurul abahar yum bnerel haiguuli gj tusd ni yariad bh yum tgd bs bolobsorulalt ashiglalt gd bh yum herbee iim tusda tusgai zubshurul geh yum Bol nugu l abilga ni nemegdeh bhda nugu l hvnd surtal ni ih boloh bh gj bodoj bnda ih sonin l nairulga bn
    2012 оны 12 сарын 08 | Хариулах