Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Mining Awards - 2011

Уул уурхайн салбарын өнгийг тодорхойлогч “Энержи Ресурс”

“Mining Journal Awards 2011” шалгаруулалт энэ жилээс Гран При шагналыг бий болгосон. Олборлолт, технологи, боловсруулалт, дэд бүтэц, нийгмийн хариуцлага, байгаль орчны хамгаалал гээд бүхий л чиглэлээр сайн үйл ажиллагаа явуулж байгаа компанийг Mining Journal Awards-ын Шилдгийн шилдэг буюу Гран При шагналаар шагнах нь зүйтэй хэмээн Шүүгчдийн бүрэлдэхүүн, зохион байгуулагчид үзсэн юм. Гэхдээ Mining Journal Awards шалгаруулалтын хамгийн олон номинацид нэр дэвшсэн, тухайн номинаци бүрдээ хамгийн өндөр оноо авсан компани байх нь зүйтэй гэдгийг шүүгч Н.Алгаа онцолж байв.

“Mining Journal Awards 2011”-т хоёр болон түүнээс дээш номинацид нэр дэвшсэн компанийг танилцуулбал, “Оюутолгой” компани “Шилдэг технологи”, “Шилдэг Эко уурхай” номинацид, “Монгол газар” компани “Шилдэг технологи”, “Шилдэг Эко уурхай” номинацид нэр дэвшсэн бол “Эрдэнэт” үйлдвэр “Шилдэг уурхай”, “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа”, “Шилдэг Эко уурхай” гэсэн гурван номинацид,  “Энержи Ресурс” компани “Шилдэг уурхай”, “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа”, “Шилдэг Эко уурхай”, “Шилдэг технологи” гэсэн дөрвөн номинацид нэрээ дэвшүүлсэн юм. Шүүгчид дээрх дөрвөн компаниас Шилдгийн шилдэг буюу Гран При шагналын эзнийг тодруулсан. Үүнийг тодруулахад тийм ч хэцүү байсангүй. Шүүгч Д.Дондов “Эрдэнэт” үү, “Энержи Ресурс” уу гэдэг дээр л ярилцах хэрэгтэй байх гэсэн санал гаргаж байв.

Гэхдээ “Энержи Ресурс” энэ жил бусдаасаа хол тасархай байсныг бүгд хүлээн зөвшөөрсөн юм. Тиймээс ч шүүгч нарын саналаар “Энержи Ресурс”-ыг Гран Пригийн эзнээр тодруулсан юм. “Уул уурхайн хариуцлагатай ажиллагаа” номинацид ялагчаар тодорсон тэд өрсөлдсөн номинаци бүртээ хүчтэй байсан билээ. “Шилдэг технологи” номинацид гэхэд л шүүгч Н.Алгаа тус компанид хамгийн өндөр оноог өгсөн бөгөөд үүнийгээ “Ус, эрчим хүч болон баяжуулалт гээд маш олон зүйл дээр технологи цогцоор нь нэвтрүүлсэн” гэдэг үндэслэлээр тайлбарласан юм. Шүүгч Г.Шархүү ч үүнтэй санал нийлж, “Маш гоё технологийн шийдлүүдийг хийсэн байна. Усан хангамжийг 86 км өргөтгөж, газраас ус авдаг, ууршдаггүй, хөлддөггүй технологиор хийсэн. Цахилгаан станц нь хамгийн сайн шийдэлтэй. Эдийн засгийн хувьд ус хэрэглэдэггүй, агаарын хөргүүртэй гээд олон зүйлийг дурдаж болно” гэж байв.

Мөн “Шилдэг Эко уурхай” номинацид ч хүчтэй өрсөлдөгч байж чадсан. Энэ номинацид хамгийн өндөр шалгуур тавьж байсан шүүгч Н.Энхбат “Миний бодлоор шууд “Энержи Ресурс”-ыг сонгоно. Яагаад гэвэл нэгдүгээр үзүүлэлтээр эко талаасаа ус хангамжийн асуудлыг тэд бүрэн шийдэж, усны эргэлтийн циклийг зөв зохицуулан говийн бүсэд ус хангамжийн эх үүсвэрийг маш зөв шийдвэрлэж, хоёр том усан сан байгуулж чадсан. Аль ч уурхай, аж ахуйн нэгж ингэж чадаагүй. Хоёрдугаар үзүүлэлт бол дулааны цахилгаан станц юм. Агаарын хөргөлттэй, ус хамгийн багаар хэрэглэнэ. Боловсруулалт нь нүүрс баяжуулахаас гарч байгаа түлшний нүүрсийг дулааны цахилгаан станцдаа хэрэглэнэ” гэсэн бол шүүгч Г.Шархүү Эко уурхайд тавигдах хамгийн гол шалгуур болох Уурхайн хаалтын төлөвлөгөө, санхүүжилтийн эх үүсвэрээ тодорхойлсон хоёр л компани байгаа нь “Энержи Ресурс”, “Оюутолгой” гэдгийг хэлж байв.

Энэ мэтчилэн нэр дэвшсэн номинаци бүрдээ ялагчидтай маш хүчтэй өрсөлдөж байсан нь “Энержи Ресурс”-ыг Гран При шагналыг өрсөлдөгчгүй авахад хүргэсэн. Боловсруулах үйлдвэрлэл байгуулах тал дээр дэлхийд нэлээд өндөрт тооцогддог технологитой угаах үйлдвэр байгуулсан. Мөн 247 км зам барьж, 18КВт-ын цахилгаан станц, ус цэвэршүүлэх байгууламж байгуулсан гээд дэд бүтцэд зарцуулсан бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ ч  бусад компаниудаасаа хол илүү байв. Нийгмийн хариуцлагаа ч умарталгүй ажлын байрыг нэмэгдүүлж, тэр дундаа орон нутгийн иргэд нийт ажиллагсдын 28 хувийг эзэлж байгаа нь тус компанийн үйл ажиллагааг тодхон харуулна.

Шүүгчдээс гадна олон нийтийн санал асуулгын дүнг харахад ч номинаци бүр дээр “Энержи Ресурс” хамгийн олон саналыг авч байсан юм. Энэ бүхэн нь тус компанийг Монголын уул уурхайн салбарын өнөөгийн өнгийг тодорхойлж байгаа компани гэдгийг нотолж байна. Mining Journal Awards-ын Гран При шагнал нь чухам тийм л компанид очих учиртай шагнал юм.

С.Болд-Эрдэнэ