Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Сурвалжилга

НОГООН ТИВИЙН УУРХАЙН СОЁЛ

“Рио Тинто” компанийн Австрали дахь зарим уурхайн үйл ажиллагаатай танилцахаар Монголын уул уурхайн мэргэжилтнүүд, судлаач багш нар, хэвлэл мэдээллийн төлөөллийн хамт  Шинэ Өмнөд Уэльс мужаар аялаад  ирсэн юм. 1770 онд Жэймс Күүк Австралийн зүүн эрэг дагуу аялж, зураглал үйлдсэн бөгөөд түүнийгээ Шинэ Өмнөд Уэльс хэмээн нэрийдэж, Их Британийн эзэмшил болгон зарласнаар энэ мужийн түүх эхэлдэг байна. Анхлан цөллөгийн колонийн суурь тавигдсан энэ нутаг байгаль, цаг уурын таатай нөхцөлд орших тул хүн ам шигүү сууршилтай бүсэд орно. Уул уурхайн үйлдвэрлэлээр баруунаа гүйцэхгүй ч өөрийн гэсэн үйлдвэрлэлтэй. Нью Саут Уэлсс мужид 60 уурхай бий. Тэдний 29 нь далд, 31 нь ил уурхай бөгөөд 29-ийг нь томоохон гэсэн тодотгол дагана. 

ДАЛД УУРХАЙГААР АЯЛСАН НЭГ ЦАГ

Нью Саут Уэльсийн төвөөс баруун тийш орших хөдөөгийн бяцхан хот Паркес руу CAAB хэмээх жижиг онгоцоор Сиднейгээс цаг хэртээ нисээд буув. Эл онгоцоор манайд EZNIS компани орон нутагт нислэг үйлддэгийг гярхай зорчигчид андахгүй. Нэг давхар голдуу хувийн тохилог орон сууц жирийтэл үргэлжлэх Паркес хот чимээ аниргүй, нам гүм оргин угтав. Хотын гол гудамжаар хааяа нэг чингэлэг бүхий ачааны том машин нүргэлэн явахыг эс тооцвол өөр дуу чимээ эс сонстоно. 12 мянга гаруй хүн амтай хотын гудамж эл хульхан. Австралид дэлгүүр, үйлчилгээний газрууд 17 цаг гээд үүдээ хаачихдаг болохоор хөл хөдөлгөөн хэдийнэ тасарчээ.

Бушман хэмээх уугуул иргэдийн нэрээр нэрлэгдсэн дөрвөн одтой буудалд тухлаад өглөө Нортпаркесын уурхайг зорих маршрут биднийг хүлээж байлаа. Сиднейгээс ирэгсэд Паркес хүртэл 350 километр замыг онгоцоор туулдаг. Паркесаас Нортпаркесын уурхай хүртэл 27 км. Автобус хөлөглөсөн биднийг өглөөний 8 цагтай уралдан Нортпаркесын уурхай дээр очиход ажил хэдийнэ жигдэрчээ. Ажлын өдөр 7 цагаас ажил эхэлж, 16 цагт дуусах аж.

Уурхайн ерөнхий менежер бүсгүй угтан авч, 5 минутын танилцуулга хийв. Энд ирсэн хүн бүхэн эл танилцуулгаар уурхайн талаарх анхны төсөөллөө авна. Дараа нь аюулгүй байдал хариуцсан ажилтан ажлын байрны зааварчилгаа өглөө. Уурхайд нэвтрэх хүн бүр заавал үнэмлэх авах ёстой. Зочдод ч гэсэн үнэмлэх өгөх бөгөөд тэднийг холбоо барих хүн байнга дагаж явна. Аюул осол боллоо гэхэд холбоо барих дотуур болон гар утасны дугаар байх аж. Ослын холбоо барихдаа гурван зүйлийг ягштал мөрдөх ёстой. Яагаад тусламж хэрэгтэй болсон, юу хэрэгтэй байгаагаа тодорхой хэлэх бөгөөд заавар автлаа холбоогоо таслахгүй байх ёстой гэнэ. Анхны тусламж үзүүлэх хайрцаг уурхайн хаа сайгүй бий.

Уурхайд нэвтрэх хэн ч орох хяналтын цэг дээр бяцхан саатах хэрэг гарна. Согтууруулах ундаа болон хар тамхи, мансууруулах төрлийн бодисын нөлөөлөл байж болохгүй. Үлээдэг төхөөрөмж “good” гэвэл цааш нэвтрэх эрхээ авч байгаа нь тэр. Электрон тоног төхөөрөмж, цахилгаанд залгадаг зүйлийг уурхай руу авч орвол тусгай наалт наана. Өвдөх, эвдрэл гарах, байгаль орчинд ямар нэг нөлөө гарах тохиолдолд дагаж яваа хүндээ хэлэхээс өөр үйлдэл хийж болохгүй. Хэн нэгэн осолд өртлөө гэхэд амь нас нь хутганы ирэн дээр ирээгүй л бол тусгай баг ирэхээс нааш ямар нэгэн тусламж үзүүлэхийг хориглоно.

Зааварчилгаа авсны дараа бид далд уурхайд нэвтрэх бэлтгэлдээ орлоо. Хувийн хамгаалах хэрэгслээ өмсөж, зүүх гэж “хөөрхөн” ажил болов. Нортпаркесын хамгийн үнэ цэнтэй зүйл нь хүн учраас аюулгүй байдал бүхнээс чухал. Тэнд юуг ч оромдож болохгүй. Бүгдийг ёс горимоор хийх ёстой. Намхан ултай түрийтэй гутал, гэрэл ойлгодог комбинзон маягийн битүү цагаан хувцас өмсөж, гадуур нь тод улаан шар өнгийн хантааз давхарлав. Хамгаалалтын малгай өмсөж, гэрлээ зүүлээ. Гэрлийн батерей нь хүнд гэгчийн хар хайрцаг байна. Түүнийг хүчилтөрөгчийн хайрцгийн хамт бүснээсээ зүүхэд бараг л 10-аад кг ачаа болчих нь тэр. Хүчилтөрөгчийн хайрцагт хагас цаг амьсгалах агаар бий гэнэ. Босоо аманд цэвэр агаарт холбогдох аюулгүй танхимууд байх бөгөөд тэнд ус, цахилгаан, цэвэр агаар, холбоо барих хэрэгсэлтэй. Хамгийн ойрын хэсэгт хүрэхэд хангалттай хүрэлцэхүйц хүчилтөрөгч бүсэнд минь зүүлттэй байгаа хэрэг. Болоогүй ээ бас, нүдний шил, бээлий, чихний бөглөө хэрэглэх ёстой. Харааны шилтэй бол гадуур нь давхар шил зүүнэ. Энэ бүхний эцэст тэмдэглэлийн дэвтэр, үзэг бал, дуу хураагчаа чихсэн цүнхээ үүрэн, зургийн аппаратаа хүзүүнээсээ зүүчихээр би гэдэг хүн өмсөж, зүүсэндээ түүртээд олигтой ч алхаж чадахааргүй шинжтэй.

Нортпаркесын ил уурхайн олборлолт 1994 онд, гүний уурхайнх 1997 оноос эхэлжээ. Гүний уурхайн хувьд хүдрийн биетүүд нь босоо учраас далд уурхайн блокчлон олборлох аргыг амжилттай хэрэгжүүлж байгаа төдийгүй Австрали улсад анх удаа энэ аргыг ашиглан үйл ажиллагаа явуулж буй гэдгээрээ онцгойрох аж. E26, E22, E27, E48 гэсэн дөрвөн уурхайтай. E48 гүний уурхай нь хамгийн сүүлд буюу энэ онд ашиглалтад оржээ. Алт, зэсийн эл уурхайн нөөц 2024 онд дуусах гэнэ. Нортпаркесын 80 хувийг “Рио Тинто, 20 хувийг “Сумитомо” групп эзэмших бөгөөд үйл ажиллагааны менежментийг “Рио Тинто” хангадаг. Өдөрт дунджаар 700 хүн ажилладгийн 75 хувь нь орон нутгийн иргэд. Уурхайн ажилчид болон гэр бүлийнхэн нь ихэвчлэн Паркес хотод амьдарна. Ирээдүйд хэрэгжүүлж болох төслийн судалгаан дээр 100-гаад хүн ажилладаг гэнэ.

Уурхайн талаар иймэрхүү төсөөлөл авсан бид аюулгүйн ажилтан Линда бүсгүй, бас нэг индонези залууг дагалдан хоёр машинд хуваагдан суув. Гүний уурхай руу машинаар нэвтэрдэг юм байна. Босоо учраас хажуугийн нэвтрэлт ихтэй, шууд машинтайгаа яваад орчих юм. Лифтээр зөвхөн хүдрээ гаргадаг гэнэ. Уурхайд том тээврийн хэрэгсэл давуу эрхтэй. Далд уурхай 950 метрийн гүнтэй бөгөөд бидний очсон анхдагч бутлуурын хэсэг 500 гаруй метрийн гүнд байсан юм. Ердийн л нэг гэрэлтэй хонгилд байгаа мэт сэтгэдэнэ.

Хүдрийн далд олборлолтод түгээмэл ашигладаг зургаан аргын нэг нь блокчлон нураах технологи. Энгийнээр тайлбарлавал, хүдрийн ордын доод хэсгийг хөндийлж ухсанаар хүндийн хүчний нөлөөгөөр дээд хэсгийн чулуулаг бутран доош унах бөгөөд түүнийг дамжлагаар зөөн босоо цооногоор газрын гадаргууд гаргахыг хэлж байгаа юм. Энэ аргыг 300 метрээс гүн ордод ашиглах ба нэг ээлжиндээ 300-500 тонн, өдөрт 10-100 мянган тонн хүдэр олборлодог байна. Байгалийн татах хүчийг ашигладаг учраас зардал үлэмж хэмнэнэ. Эдийн засгийн хувьд хамгийн бага өртгөөр хамгийн их хэмжээний хүдэр олборлоход үүнээс өөр шалгарсан арга дэлхий даяар хараахан гараагүй аж. Нэг тонн хүдэр гаргахад 2.5-12 доллар шаардагддаг гэсэн эдийн засгийн тооцоо бий. Түүнчлэн хүдрийн биетийг газар дор буталж, улмаар газрын гүнээс баяжуулах үйлдвэрт хэрэгцээтэй хэсгийг л гарган авдаг учир ил уурхайг бодвол байгаль орчны сөрөг нөлөөлөл бага. “Рио Тинто” энэ аргыг Индонези, Өмнөд Африк, Австрали дахь олон уурхайдаа амжилттай хэрэгжүүлж байгаа туршлагатай. Тэр туршлагаараа Оюутолгойн гүний уурхайд блокчлон нураах аргаар олборлолт явуулах гэж буйг манайхан сайн мэднэ.

Далд уурхайд хүний оролцоог бага байлгах талаар түлхүү анхаарч буй нь илт анзаарагдав. Нэг удаад 14 тонн ачих хүчин чадалтай хүдэр ачигч машин алсын удирдлагаар ажиллана. Малталтыг ч мөн алсаас, өөрөөр хэлбэл оффисоос удирдаж байна. Жолоочгүй ачигч тэрүүхэн тэндээ бяцхан маневр хийн хүдэр хутгаж аваад, хүлээн авах бункер руу зөөж авчран сархийтэл асгах аж. Гурван ачигчийн дунд нэг оператор явж хяналт хийнэ. 

Анхдагч бутлуурын хэсэг чих дөжрөм дуу чимээтэй. Өнөө ад үзээд байсан хөөсөнцөр бөглөө одоо л хэргээ гаргах нь. Юүлүүрийн хэсэгт гацчихсан том чулууг өрөмдлөгийн машинаар өрөмдөн буталж, хүндийн жингээр нь доош унагах аж. Өрөмдлөгийн машины хувьд 1,8 метр, 2,7 метр, 3,1 метр гээд гурван өөр тохиргоо хийх боломжтой юм байна. Ойролцоогоор 10 минут орчим өрөмдөж бутална. Хүдрийг анхдагч бутлуурт бутлаад туузан дамжуургаар дээш нь газрын гадарга руу гаргах ажил энд өрнөж байна. Өдөрт 10-15 мянган тонн хүдэр гаргадаг гэнэ. Анхдагч бутлуурын энэ хэсэгт удаан байх аргагүй. Битүү нунтаг цагаан тоос. Зургийн аппарат минь хүртэл бууралтан бүрсийжээ. 

Агааржуулагч сайтай, ус бага, ер нь л цэвэрхэн, бас соёлтой уурхай байна гэсэн үнэлгээг манай мэргэжилтнүүд өгч явав. Уурхайн гүнд ажиллаж буй операторуудаас асууж шалгаах зүйл тэдэнд мундахгүй их байлаа. Бидний үзэж харах газрууд үүгээр дууссан юм. Өдөр мэт гэрэлтүүлсэн цэлгэр том хонгилоор буцах замд машин засварын газар хааяагүй тааралдана. Уурхай руу нэвтрэх үнэмлэхийнхээ нэгийг далд уурхай руу орох хэсэгт, нөгөөг уурхайн аман дээр бүртгэх хэсэгт үлдээснээ буцахдаа нэг бүрчлэн авлаа. Энэ “жетон”-оор уурхайн гүнд хэдэн хүн ажиллаж байгааг бүртгэдэг аж. Хамгаалалтын нүсэр хувцас, элдэв зүүсгэлээс салж, сэрүүцэх юмсан гэж яарч явав.

90-ЭЭС ДЭЭШ ХУВИЙН МЕТАЛ АВАЛТТАЙ БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭР   

Нортпаркесын уурхайд зургаан монгол залуу ажиллаж байна. Тэд “Оюутолгой” компаниас хэрэгжүүлж буй “Шинэ төгсөгчдийн хөтөлбөр”-т хамрагдан өнгөрсөн тавдугаар сард иржээ. Австралийн далд уурхайд ажиллаж буй эдгээр монгол залуусын ярилцлага MMJ сэтгүүлийн дараагийн дугаарт нийтлэгдэх болно. “Рио Тинто”-гийн бусад улс оронд байх томоохон уул уурхайд шинэ төгсөгчдийг 12 сар ажиллуулж дадлагажуулдаг юм байна. Дадлагажигчдын нэг Р.Эрдэнэчимэг бидэнд Нортпаркесын Баяжуулах үйлдвэрийг танилцуулах үүрэг авчээ. Тэрээр Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг өнгөрсөн жил металургийн инженерээр төгсчээ. Бидний дунд Эрдэнэчимэгийн багш нь явж таарав. Холын Нортпаркест багш шавь хоёрыг дуу алдуулсан санаандгүй уулзалт   тохиосон юм. С.Давааням профессор, дагалдаж яваа мэргэжилтнээс нь шавиа хэр байгааг сэм асуухад хариуд нь эрхий хуруугаа гозойлгож байна. Багш шавь хоёрын мэргэжлийн нарийн ширийн ярианаас сэтгүүлч мань мэтэд ойлгох зүйл тун ч хомс.    

Уурхайн талбайд гадаргын болон гүний бутлуураас түүхий эдээ авдаг том ширхэгтэй хүдрийн хоёр овоолго байна. Овоолго бүрийн нийт хүчин чадал 150,000 тонн. Буталсан хүдрийг овоолгоны дор байрлах чичирхийлэгч тэжээгч конвейерээр зөөнө. Нунтаглах дамжлага нь хоёр тусдаа модулиас бүрдэх бөгөөд модуль бүр бөмбөлгөн тээрэм, бутлуурын технологи, хөвүүртэй. Хөвүүрийн технологи нь нунтаглагч шугаманд тус тусдаа холбогдсон хоёр параллель модулиас бүрдэнэ. Хөвүүрийн зорилго нь сульфидын баяжмалыг хөвүүлж, зэс, алт бүхий ашигт малтмалыг авах ажээ. Модуль бүрээс гарах эцсийн баяжмал нь 34-36 хувийн агуулгатай бөгөөд үүнийг баяжмалын өтгөрүүлэгч рүү шахдаг.

Эцсийн өтгөн хаягдлыг хаягдлын өтгөрүүлэгч руу шахаж, ус чийгээс нь салгана. Флотацийн шугамаас гарах эцсийн баяжмалыг өтгөрүүлэгч рүү шахаж, 60 хувийн нягтшилтайгаар өтгөрүүлдэг байна. Өтгөрүүлсэн баяжмалыг шүүлтүүрийн шугам, керамик дискэн шүүлтүүрээр дамжуулан хадгалагч саванд шахна. Шүүлтүүрдсэн баяжмалыг удаан эргэлттэй конвейер руу шилжүүлнэ. Конвейрын шугам бүр баяжмалын үйлдвэрлэлийн хэмжээг тодорхойлох жин хэмжүүртэй.  Хаягдал шахах гурван насос байх бөгөөд зэрэгцэн өтгөрсөн хаягдлыг хаягдлын далан руу шахна. Цөөрмийн тунгаах системээс усыг авч, үйлдвэрт буцаан ашигладаг гэж Р.Эрдэнэчимэг тайлбарлалаа. Баяжмалыг тээвэрлэхээс өмнө агуулахад хадгалах бөгөөд чиргүүл дээр ачсан чингэлэгт шилжүүлэн зөөж, битүүмжлээд 12 км-ын зайд орших Гоонумба дахь төмөр зам руу тээвэрлэдэг ажээ. Баяжмал нь Япон, Энэтхэг, Хятадын  худалдан авагчдад хүрдэг гэнэ. 

Нортпаркесын уурхай жилдээ 6 сая тонн хүдэр боловсруулж, 150 мянган тонн баяжмал гаргадаг нь Эрдэнэт үйлдвэртэй харьцуулбал гурав дахин бага хэмжээ юм. Дулаан уур амьсгалтай учраас баяжуулах үйлдвэр нь задгай байршилтай, зөвхөн дээврээр л гаднах орчноос тусгаарлагджээ. Бидэнтэй хамт явсан баяжуулагчдын ярьж байгаагаар бол, үйлдвэр тийм ч том биш, хоёр шугам зэрэг явдаг нэлээд цомхон бэсрэг хэмжээнийх юм байна. Мөн Эрдэнэтийг бодвол хөвүүлэн баяжуулах камер, машинууд нэлээд дээр үеийнх юм гэж дүгнэв. Эндэхийн хүдэр бүрдүүлж байгаа гол эрдэс нь Эрдэнэтийнхээс тэс өөр менерал ажээ. Энгийн сайн баяжигдах эрдэс агуулсан хүдэр учраас метал авалт нь нэлээд өндөр буюу 90-ээс дээш хувьтай гэнэ. 

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹010  дугаараас уншина уу.

  • Guest (197.234.221.146)
    Санхүүжилт Хөрөнгө оруулалт ба хувийн зээл Зээлийн үйлчилгээ нь хувь хүний хооронд санал болгодог Та зээл зээл хэрэглэгчид гэрийн сайжруулалт үл хөдлөх хөрөнгө бизнес гэх мэт хайж байна Бид та бүхэнд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг жилийн 2 хувийн өрсөлдөх хүүний түвшинд зарчмын тохиролцоонд оруулна 48 цагийн дотор нотариатын гэрээний түлхүүрийг баталгаажуулсан байна И-мэйлээр надад шууд холбоо барина уу financiranju382gmailcom
    2018 оны 08 сарын 30 | Reply