Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Иан Браун: Даатгалтай компани эрсдэлээ удирддаг бас шийдвэрлэж чаддаг

Монголд уул уурхайн салбар идэвхтэй хөгжиж байгаа энэ цаг үед манай улс энэ салбараасаа найдвартай тогтвортой ашиг хүртэж чаддаг байхын тулд тэрхүү нөхцөл боломжийг бүрдүүлсэн байх нь хамгийн чухал   болоод байна. Хариуцлагатай, үр ашигтай уул уурхайг хөгжүүлэхэд нарийн боловсронгуй хууль эрх зүйн орчин, дэвшилтэт технологи, зах зээлийн таатай орчин зэрэг олон хүчин зүйл чухал. Гэхдээ бас нэг чухал хүчин зүйл нь эрсдэлийн менежмент. Эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэх, туршлагатай даатгалын компанитай хамтарч ажиллах явдал чухлаар тавигдаад байна. Уул уурхайн салбарт эрсдэлийн менежмент болон даатгал ямар ач холбогдолтой талаар салбартаа тэргүүлэгч “Маrsh” даатгалын компанийн Хонконг дахь салбарын Дэд бүтцийн асуудал хариуцсан хэлтсийн Ерөнхий захирал Иан Браунтай ярилцсан юм.

Уул уурхайн салбарт даатгалыг нэвтрүүлэх болсон нь хэдий үеэс эхлэлтэй вэ? Тэр үеэс эдүгээ хүртэлх хугацаанд уул уурхайн салбарын даатгал ямар ямар ололт амжилтаар хөгжиж сайжраад байна вэ?


Уул уурхайн салбарт маш олон жилийн өмнөөс даатгал хийж эхэлсэн. Учир нь уул уурхай ихээхэн эрсдэлтэй салбар. Тиймээс уул уурхайн компаниуд даатгал хийлгэдэг болсон хэрэг. Ерөөсөө уул уурхайн салбар анх хөгжихөд л эрсдэлийн менежмент, даатгал гэдэг зүйл давхар хөгжиж ирсэн юм.

Даатгалын салбар олон жил хөгжих явцдаа уул уурхайн салбарт яг юу юуг даатгадаг болоод байна вэ?


Уул уурхайн даатгалыг гурав ангилдаг. Эхнийх нь хайгуулын үеийнх. Энэ үед даатгал авах шаардлага төдийлөн гардаггүй. Дараагийнх нь уурхайн барилга угсралтын явцын даатгал юм. Харин энэ үед маш олон төрлийн даатгал хийдэг. Барилгын явцын даатгал, хариуцлагын даатгал гэх мэт. Барилгын явцад орчин тойрондоо ямар нэг сөрөг нөлөөлөл учруулах вий, хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учрах вий зэрэг асуудлаас үүдэж компаниуд даатгал худалдаж авдаг. Гурав дахь нь үйл ажиллагааны даатгал. Энэхүү даатгалд компаниуд голцуу үл хөдлөх хөрөнгө /уурхайн кэмп/, хөдлөх хөрөнгө буюу үнэтэй машин механизмуудаа даатгуулдаг. Уул уурхайн компаниудын худалдаж авдаг бас нэг чухал даатгал бол үйл ажиллагаа эхэлсний дараах үед тохиолдож болзошгүй “үйл ажиллагааны тасалдлын даатгал”-ыг хийлгэдэг.

Тодруулбал, гал гарах эсвэл газар хөдлөх зэрэг тохиолдлуудад уурхай сүйдэхээс гадна орлого тасалддаг. Уул уурхайн бизнест асар их хөрөнгө эргэлддэг бас шаарддаг. Уурхайн эвдрэлийг засч сэргээхэд асар их хэмжээний хөрөнгө зарцуулагдана. Дээр нь үйл ажиллагааны тасалдлаас үүдсэн алдагдсан боломж буюу тасалдсан орлогыг нөхөж байх ёстой. Харин энэ даатгалаар компаниуд дээрх асуудлыг бүрэн шийдэж чадна. Өөрөөр хэлбэл уурхай зогссоны дараах зургаан сар эсвэл жилийн хугацааны тогтмол зардал, орлогыг даатгалын компани өгнө гэсэн үг.

Тэгвэл одоогоор уул уурхайн салбарын үйл ажиллагааны ямар хэсгийг нь даатгаж чадахгүй үлдээд байна вэ?


Зөв асуулт байна. Сүүлийн хэдэн жилд уул уурхайн салбарт маш их алдагдал гарсан. Даатгалын компаниудад тэр нь их үнэтэй туссан л даа. Гал түймэр, газар хөдлөлт, үер, янз бүрийн дэлбэрэлт гарах гээд л. Ийм тохиолдлуудыг даатгаж болдог. Гэтэл сая Австралид учирсан хохирлыг авч үзье. Яг ийм үерээс болоод учирсан хохирлыг зарим даатгалын компани даатгахгүй байгаа. Даатгасан ч тухайн компанийн нийт хохирлын 100 сая ам.доллараас доошихыг компани өөрийн эх үүсвэрээр шийдвэрлэе, 100 саяас дээшихийг даатгалын компани хариуцъя гэсэн байдлаар тохиролцдог. Ингэж хоёул оролцох зарчмаар даатгуулах нь бий.

Даатгалтай байх нь тухайн уул уурхайн компанийн үйл ажиллагааны амжилтад шууд нөлөөлөх үү?


Канад, Австрали, Өмнөд Африк, Монголын хувьд ч ялгаагүй, ихэнх томоохон компаниуд заавал даатгал худалдаж авдаг. Олон улсын хөрөнгийн биржид гарахын өмнө заавал даатгуулсан байх ёстой байдаг. Учир нь даатгалтай компанид хүмүүс итгэж хөрөнгө оруулдаг, хувьцааг нь худалдаж авдаг юм.

Даатгал хүмүүст найдвартай гэсэн сэтгэгдэл төрүүлдэг байх нь. Тэгэхээр эрсдэлгүй уул уурхайг хөгжүүлэх гол арга нь даатгал гэж та хэлж байна уу?


Эрсдэлийн менежмент гэдэг зүйл маш олон аргаас бүтдэг. Түүний нэг л хэлбэр нь даатгал юм. Өөр олон арга зам байдаг л даа. Тиймээс уул уурхайн компаниуд даатгал авна гэж ярьдаггүй. Харин уул уурхайн компаниуд эрсдэлийн менежмент хийнэ, боловсруулна гэж ярьдаг. Эрсдэлийн менежменттэй компанийг даатгалын компани сонирхдог. Энд дурдахад бас нэг ялгаатай зүйл нь даатгалын компаниуд жирийн компанид даатгалаа зарах гээд хөөцөлдөж явдаг бол уул уурхайн салбарт бол эсрэгээрээ даатгалын компанийг салбарын компаниуд даатгуулахаар гуйдаг. Яагаад гэвэл энэ салбар маш том эрсдэлтэй, хэдэн зуун саяын хохиролд орж болзошгүй байдаг. Даатгалынхан нэлээд судалж байж даатгах эсэхээ шийддэг. Эрсдэлийн менежментийг маш сайн хийсэн компанид эрсдэлээ хэрхэн удирдаж болохыг зөвлөөд, тэдгээрээс аль аль эрсдэлүүдийг нь даатгалд хамруулах боломжтой талаар санал болгох зарчмаар даатгалын компани энэ салбарын компанитай хамтран ажилладаг юм.  

Уул уурхайн компани даатгалд хамрагдахын ач холбогдол нь юу вэ?

Нэгдүгээрт, байгууллагын хувьд ямар ашиг гарах вэ гэхээр тухайн компанийн хувьд санхүүгийн бүрэн бүтэн байдлыг хангана. Хоёрдугаарт, олон улсын зах зээлд хөрөнгө босгож байгаа уул уурхайн компанид хөрөнгө оруулалт их шаарддаг. Харин хөрөнгө оруулагчид даатгалтай компанид хөрөнгө оруулахдаа таатай, тайван байдаг. Ер нь хөрөнгө оруулагчид тухайн компаниас эрсдэлийн менежментээ сайн хийсэн эсэхийг хамгийн гол шаардлагаа болгодог. Аль ч орны хувьд уул уурхайн салбар асар их мөнгө эргэлддэг томоохон салбарт тооцогддог.

Хэрвээ даатгалгүй байх юм бол, энэ том салбарын ердөө нэг том компани эрсдэлд орлоо гэхэд бүхэл бүтэн улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлөхүйц байдаг. Бид бол даатгалын зуучлагч, даатгагч компани. Гэхдээ нэгэнт хохирол учирсан тохиолдолд тэр бүх алдагдлыг даатгалын компани төлнө. Тийнхүү уул уурхайн салбарын компанийн хохирлыг даатгалын компани арилгаснаар тухайн улс орны эдийн засгийн хувьд ихээхэн таатай болж байгаа хэрэг юм. Зарим оронд уул уурхайн компаниуд заавал даатгуулах ёстой гэсэн хууль дүрэм ч бий.

Танай компани даатгалын салбарт дэлхийн тэргүүлэх зэргийн байгууллага болж чаджээ. Эдүгээ “Marsh”-ын үйл ажиллагаа хэр цар хүрээг хамраад байна вэ?

“Маrsh” бол Нью-Йоркт төвтэй АНУ-ын компани юм. Хөрөнгийн биржид бүртгэлтэй, даатгалын зуучлагч, дэлхийн хамгийн том компани болоод байна. “Маrsh & МcLennan” компанид дөрвөн том компани харьяалагддагийн нэг нь манай даатгалын компани юм. Азид нийтдээ 12 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатарт “Асимон Брокерс” компани Монгол дахь салбарыг төлөөлдөг. Тэгэхээр даатгалын зуучлагч гэж юу вэ гэхээр уул уурхайн компанийн зөвлөгч гэсэн үг. Ерөнхийдөө олон улсын хэмжээнд даатгал яаж хийгддэг юм гэхээр ихэнх уул уурхайн томоохон даатгалууд брокероор дамжуулж хийгддэг.

Брокер тухайн компанидаа ямар даатгал авах болон эрсдэлийн менежментийг хэрхэн хийх тухай зөвлөнө. Тэгэхээр ийм компани нь зөвхөн даатгал зараад байдаг байгууллага биш. Харин эрсдэлийн менежментийн зөвлөх компани гэвэл зохилтой юм. Олон улсын даатгалын зах зээл дээр хэдэн тэрбум доллар байршуулсан байдаг. Тухайн брокер нь харилцагч компанийн бизнес, эд хөрөнгө болон бусад зүйлийн үнэлгээг нь хийгээд даатгалын компаниудад хандаж, өөрийн үйлчлүүлэгч салбар салбарын компаниудын эрсдэлийг байршуулдаг гэсэн үг. Бидний хамгийн гол зорилго бол харилцагчаа эрсдэлгүй үйл ажиллагаа явуулахад нь туслах, эрсдэлийн ямар менежмент хэрэгтэй байна вэ гэдгийг зөвлөх байдаг.

Энэ салбарт олон хүчирхэг компани бий. Танай компанийн бусдаас ялгагдах гол давуу тал нь юу вэ?

Бид бол дэлхийн хамгийн том даатгалын брокер компани юм. Тэр дундаа уул уурхайн брокерын чиглэлд арвин их туршлагатай. Нийт уул уурхайн салбарын даатгалын 70 хувийг манай компаниар дамжуулан хийдэг. Энэхүү даяарчлагдсан туршлага дээрээ үндэслээд бид дэлхий даяар найдвартай үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг юм.

Уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд манай улсад эрчимтэй хөгжиж байгаа. Монголыг зорих болсон нь магадгүй энэхүү салбарын хөгжил идэвхижсэнтэй холбоотой болов уу?

Монголд ажиллах болсон гурван шалтгаан байна. Нэгд, бид үндэстэн дамнасан, даяарчлагдсан компаниудын брокер. Бидний харилцагчид, тухайлбал “Рио Тинто” Монголд ороод ирчихсэн. Тэгэхээр олон улсын компаниуд Монголд орж ирж байгаа учир бид Монголыг зорьж байна. Хоёрдугаарт, Монголд томоохон үйл ажиллагаа явуулж буй компаниудад бид үйлчлэх зорилготой. Танай улсад эдийн засаг, уул уурхай хөгжиж байгаа гэж та сая хэллээ. Энэ хөгжлийн өчүүхэн хэсэг болж ажиллах сонирхол бидэнд байна. Цаашид танай улсад уул уурхайн салбар нэлээд өсч хөгжих учир бидний үйлчилгээ ч гэсэн мөн адил эрэлттэй байх болов уу.  

Монголын уул уурхайн салбарт ус, дэд бүтэц, зах зээл гээд олон асуудал бий. Энэ бүгдийг даатгуулах боломжтой юу?

Таны асуулт их зөв байна. Бид одоо уул уурхай гэж ярьж байгаа ч, уул уурхайг дагаад асар их дэд бүтцийн байгууламж шаардлагатай.  Эдгээр нь бүгдээрээ даатгал шаардана. Ус, эрчим хүч, баяжуулах үйлдвэр, авто зам, төмөр зам зэрэг нь бүгд барилгын ажил шүү дээ. Эдгээр ажил тасалдаж болзошгүй юм. Үер, янз янзын байгалийн аюул болон бусад эрсдэлд өртөж мэдэх юм. Энэ их бүтээн байгуулалтын ажил өөрөө асар их хөрөнгө оруулалт шаарддаг учир бүх зүйл найдвартай байх хэрэгтэй.

Монголын даатгалын салбарын хөгжлийг та хэрхэн харж байна вэ?

Яг одоо Монголын даатгалын салбарын хөгжилд үнэлэлт өгөөд байх хүн нь би биш болов уу. Гэхдээ бид аль болох Монголын компаниуд, Монголын даатгалын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна. Үйл ажиллагаагаа явуулахдаа  Монголын бүхий л хууль тогтоомжийг хүндэтгэж, даатгалын бүхий л үйл ажиллагаанд Монголын компаниудтай хамтарч ажиллах, тэдгээрийг сургахыг зорьдог. Өнгөрсөн тавдугаар сарын 9-нд бидний зохион байгуулсан “Монголын уул уурхайн салбарын эрсдэл болон ололт амжилт” семинар ч гэсэн энэ ажлын маань нэг хэсэг нь. Бид Монголын даатгалын бүхий л компанийн хүмүүсийг энэхүү семинартаа урьсан. Цаашдаа томоохон даатгалын ажилд Монгол компаниудтай хамтарч ажиллаж, хамтдаа хөгжинө гэсэн итгэлтэй байна.

Монголын уул уурхайн компаниудын гол эрсдэл нь юу вэ?

Монголын хувьд ерөнхийдөө их азтай орон. Үер усны аюулд өртөх магадлал харьцангуй бага төдийгүй газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдоггүй. Тиймээс Монголын эрсдэлийг даатгалын компаниудад байршуулахад амар хялбар байдаг. Нөгөөтэйгүүр ер нь Монголын салбарын компаниудад байгаа гол эрсдэл нь эрсдэлийн менежмент үгүйлэгдэж байгаатай холбоотой. Компаниуд өөрсдийн эрсдэлийн менежмент тааруугаас болоод эрсдэлд орох нь бий. Тухайлбал, гал гарах нь эрсдэлийн менежменттэй холбоотой зүйл. Тиймээс эрсдэлийн менежментээ сайн хийчихсэн байхад давагдашгүй хүчин зүйл болох байгалийн аюул тохиолдоод байх нь харьцангуй ховор гэж бодож байна. Яг өнөөдрийг хүртэл бидний хамтарч ажиллаж байгаа Монголд үйл ажиллагаа явуулдаг дотоод, гадаадын компаниуд эрсдэлийн менежментээ маш сайн хийдэг. Тэгэхээр бид ч гэсэн цаашдаа Монголд том осол аваар гарахгүй байх гэж найдаж байна.

Эрсдэлгүй Монголын уул уурхайг хөгжүүлэхэд “Маrsh”-ийн хүчин зүтгэл их байна гэдэгт та итгэлтэй байна уу?

Тэгэлгүй яахав.

Танд даатгал болон эрсдэлийн менежментийн талаар онцлон нэмж хэлэх зүйл байна уу?


Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын болон гадаадын бүхий л компаниуд эрсдэлийн менежмент гэдэг зүйлд анхаараасай. Даатгал бол эрсдэлийн менежментийн зөвхөн нэг л хэсэг нь. Зөвхөн даатгуулснаар бүх асуудлыг шийднэ гэж ойлгож болохгүй. Уул уурхайн компани болгонд эрсдэлийн менежментийн газар гэж байдаг, эрсдэлийн менежер гэж байдаг. Яг одоо байх ёстой бүтцээр нь ажиллуулаад энэ тал дээрээ анхаарч ажиллаасай гэж хүсч байна.