УУЛ УУРХАЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН СТРАТЕГИЙН ШИНЭ ХАНДЛАГА

2012-09-27 11:44
Уулын инженер, академич Пунсалмаагийн Очирбатын “Mining Mongolia-90” хурал дээр хэлсэн үг

Хурлын зорилгыг бодохоор тогтвортой хөгжлийн стратегийг шууд яримаар ч юм шиг. Хурлын агуулгыг 90 жилийн ойтой холбон бодохоор өнгөрсөн цагаа эргэж санамаар ч юм шиг. “Шинжлэх ухааны өнгөрсөн үеийн тухай огт мэдэхгүй юм уу, тун бага мэдэх, эсвэл түүний зөвхөн өнөөгийн байдлыг мэдэх төдий байх нь тухайн шинжлэх ухааны дөнгөж талыг мэдэж буй хэрэг” гэж Германы эрдэмтэн Эрнст Лееманы хэлснийг бодохоор өмнөх үе рүүгээ жаахан хармаар ч юм шиг.

Эргээд харах гэхээр чулуун зэвсэг, хүрэл, төмөр зэвсгийн үеийн Монголын уул уурхай, металургийн талаар яримаар байх юм. Тэгэхгүй болохоор гадныхан чинь монголчууд юм үзээгүй, одоо л нэг уул уурхайн бараа харж байгаа мэт басамжлах явдал мэр сэр цухалзах янзтай.

1. Чулуун болон хүрэл, төмөр зэвсгийн үеийн Монголын уул уурхай

Хуучин чулуун зэвсгийн үеэс хүмүүс нэгэн төрлийн эрдсийн будаг зосыг ашиглан сүг зураг зурж байсан түүхэн дурсгал Монгол нутагт газар сайгүй байдаг. Цаг үетэй нь холбон манай археологчид Ховдын Хойт Цэнхэрийн агуйн хананы сүг зургийг палеолитийн дээд үед хамааруулдаг.

Шинэ чулуун зэвсгийн (неолит) үед цахиурыг газрын гүнээс ухаж ашиглаж байсан баримт Баянхонгор аймгийн Зуух гэдэг газар томоохон бууц суурин, үйлдвэрлэлийн голомт олдсон байна. Эртний судлалд Норовлингийн булш гэж алдаршсан шинэ чулуун зэвсгийн төгсгөл үед холбогдох олон баримт байдаг байна. Манай эриний өмнөх II мянган жилийн үед Монгол нутагт анхны төмөрлөг болох хүрмийг хэрэглэх болж нэг мянга гаруй жилийн турш хүрэл хөдөлмөрийн багаж зэвсэг хийх гол хэрэглэгдэхүүн байжээ. Үүнийг нотлох баримт нь Монголын археологчдын олж бүртгэснээр Дорнод аймгийн Халх гол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Онгон, Хонгор, Дарьганга сум, Дорноговь аймгийн Эрдэнэ, Мандах, Даланжаргалан, Өмнөговь аймгийн Манлай, Номгон, Өвөрхангай аймгийн Гучин Ус сум, Говь- Алтай аймгийн Бигэр сум зэрэг нутгаас зэсийн хүдэр малтаж байсан орд “уурхайн” ором, эрт цагт зэсийн “хүдэр” хайлж байсан нутаг бууц, зарим газраас зуухны улбаа олджээ.

 Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюутолгойн зэс-алтны ордын орчмоос одоогоос 5000 орчим жилийн өмнө олборлож байсан уурхайн уулын малталтыг олж илрүүлсэн нэн шинэ баримт байна. Монгол оронд төмрийн хүдрийг “Бух дарах” аргаар хайлуулж байсан мэдээ байдаг. Энэхүү аргыг уулын онь, хөтөл, дөрөлж дээр галлах амыг нь салхины өөд харуулсан зуух барьж, түүнд илч ихтэй түлш хийж дээрээс нь төмрийн хүдэр овоолоод галаа асаадаг байна. Зуухан доторх гал салхинд үлээгдэн бадарч хүдрээ хайлуулахаар төмөр нь зуухны ёроолд тунаж үлддэг байжээ. Монголчуудын метал боловсруулах эдийн соёлын хөгжилд үүссэн тулман хөөрөг, Авдрын хөөрөг, Бух хөөргийн зарчим улам боловсронгуй болсоор орчин үеийн металургийн технологийн чухал хэсэг үлээгүүр (дутье), хийн шахуургын төхөөрөмж (компрессор) болон хэрэглэгдэж байна.

Дэлхийн уул уурхайн хөгжлийн түүхэнд гарсан уналтын үе нь Ромын эзэнт гүрний задралтай холбогддог. Энэ үе нь Гуннчүүд, Кельтүүд зэрэг Монгол угсаатнууд баруун руу нүүж германчуудтай нийлж нутаглах болсон үетэй давхцдаг байна. Дэлхийн уул уурхайн хөгжлийн сэргэлтийг Грек, Ромоос Германчуудын овог аймаг залган авч хөгжүүлсэн гэж үздэг. Фридрих Энгельсийн бичсэнээр “Германчууд өөрийн эх орон Азийн нутгаас ирэхдээ металыг хэрхэн хэрэглэдэг талаар мэдлэгтэй ирцгээсэн бөгөөд метал олборлох, боловсруулах мэдлэг нь бараг Ромынхонтой харьцах болсон үеэс эхлэлтэй байж болох юм” гэжээ. Ф.Энгельсийн энэхүү таамаглалтай тун ойрхон нэгэн сонирхолтой эх сурвалж байна.

Ромын эзэнт гүрний уурхайчны хувцасны баруун, зүүн өвдөгний баруун мөрний орчим газар хас тэмдэгтэй байдаг. Энэ зураг Жон Темпелийн “Дэлхийн уул уурхайн түүх” номын 23 дугаар талд байна. Энэ юу гэсэн үг вэ? Монголын төмөрлөгийн гар үйлдвэрлэл XIII зууны эхэн гэхэд биеэ даасан том салбар болсон гэж үздэг. Монгол гүрний цэрэг зэвсгийн үлэмж давуу чанарыг тухайн үеийнх нь төмөрлөгийн үйлдвэрлэлийн хөгжилтэй холбож үздэг. Цэрэг эрийн биедээ заавал авч явах зүйлийн дотор бие хамгаалах хөө хуяг, эмээлийн дөрөө, хазаарын амгай, харвуулын сумын зэв, илд жад, хутга, хуурай байх ёстой байжээ. Энэ бүхнийг монголчууд өөрсдөө хийдэг байсан нь ойлгомжтой билээ. Монголын уул уурхай, металургийн хөгжлийн эртний түүх ийм байна.


2. XX зууны Монголын уул уурхай

90 жилийнх нь ойг тэмдэглэх гэж буй эдүгээ үеийн Монголын уул уурхайн түүхэн хөгжлийн үе шатны зорилтуудыг товч өгүүлье. Одоогоос 90 жилийн өмнө 1922 онд тодорхойлсон Ардын засгийн анхны зорилгод “Чулуун нүүрсийг боловсон аргаар малтаж түмэн амьтны түлш болгох”-оор тодорхойлж байсан бол 1940 оны намын програмд улс орныг аж үйлдвэржүүлэх зорилт дэвшүүлж “Байгалийн бүх баялгийг бүхий л аргаар ашиглаваас зохих, ашигт малтмалыг гаргах, цахилгаан хүчний аж ахуйг хөгжүүлж үйлдвэрүүдийг цахилгаанжуулах ажлыг хангах” зорилт тавьж байжээ.

1960-аад оны дундаас Намын шинэ Програмд “Чулуун нүүрсний орд ашиглах, бусад төрлийн түлш, эрчим хүчний уг сурвалжийг хэрэглэх зэргээр түлш, эрчим хүчний үйлдвэрийг илүү түргэн хурдацтай хөгжүүлэн улс ардын аж ахуй, хүн амын цахилгаан эрчим хүч, түлшний хэрэгцээг улам бүр сайн хангах” зорилт дэвшүүлж байлаа. Улс орныхоо хөгжлийн стратегийг тодорхойлж байсан үе шатны зорилтуудын нэлээд нь биелэгдэж Монгол Улс өнөөдөр нүүрс, зэс, алт, жонш, цайр, вольфрам зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортолдог орон боллоо. Энэ бол их амжилт. Гэхдээ эцсийн зорилгодоо бүрэн хүрээгүй амжилт. Бид олборлох боловсруулах үйлдвэрийн зохистой бүтэц бүхий уул уурхай-металургийн цогцолбор болгон хөгжүүлж амжаагүй байна.

Уул уурхайн өнөөгийн хөгжил уулын баяжуулах үйлдвэрийн түвшинд байна. Эцсийн бүтээгдэхүүн үндсэндээ баяжмал, цэвэршүүлээгүй алт, бага хэмжээний катодын зэс байна. Дараагийн алхам нь металургийн үйлдвэр байгуулж зэс хайлуулж цэвэршүүлэх, алт цэвэршүүлэх, өнгөт металургийн үйлдвэр, төмрийн хүдрийг боловсруулж ган хайлуулах хар металургийн үйлдвэрийн бүтэц бүхий уул уурхай-металургийн цогцолборуудыг байгуулан, нэмүү үнэлэмж бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй байна.

Эрчим хүчний салбарыг бусад салбараас түрүүлж хөгжүүлж чадаагүй байна. Монгол Улсын эрчим хүчний халуун, хүйтэн бэлтгэл чадлаа гадаадаас өндөр үнээр түрээсэлж байна. Эрчим хүчнийхээ системийн давтамжийг гадаадын системээр тохируулж байна. Цахилгаан энерги, нефтийн бүтээгдэхүүнээ импортолж тодорхой зах зээлээс хараат байдалд байна.

Монгол Улс нүүрс, нефть, уран, нар, салхи, гол мөрөн, газрын гүний дулаан зэрэг эрчим хүчний төрөл бүрийн эх үүсвэрийн үлэмж нөөцтэй атлаа эрчим хүч импортлогч орон байгаа нь нэн харамсалтай. Энэ байдал эргээд уул уурхай-металургийн цогцолборыг хөгжүүлэхэд саад учруулах хүчин зүйл болж байна. Уул уурхай, түлш эрчим хүчний 100 жилийн ойн өмнө хийж гүйцэтгэх эрдэс баялаг эрчим хүчний аж үйлдвэрийн тогтвортой хөгжлийн стратегийн шинэ зорилт бол уул уурхайн салбарт уул уурхай-металургийн цогцолборыг олноор байгуулах, эрчим хүч импортлогч орноос экспортлогч орон болох зорилт байх ёстой.

3. Эрчим хүч экспортлогч орон болохын тулд

III.1. Нүүрсний салбарт эрчим хүч экспортлогч орон болохын тулд юу хийх вэ?
   
Нүүрсний аж үйлдвэрийн тогтвортой хөгжлийн стратегийг тодорхойлсон ном бичээд 10 жил болж байна. Ямар ч гэсэн нүүрс өнөөдөр Монголын экспортын үндсэн бүтээгдэхүүний нэг болж Монголын уурхайчид коксжих нүүрсээ олборлож, баяжуулж, экспортолдог боллоо. Тавантолгойн коксжих нүүрсний ордыг ашиглах хөрөнгө, технологи, зах зээл хайж 20-иод жил гадаадынхныг царайчилж явсан түүх саяхан. Гэтэл одоо Хятад, Америк, Орос, Япон, Солонгос, Герман зэрэг олон орны улсын болон хувийн компаниуд Тавантолгой руу хошуурч өрсөлдөж байна. Коксжих нүүрсний ордыг хэрхэн ашиглах боломжийн загварыг Монголын үндэсний “Энержи ресурс” компани Ухаахудаг, Баруун нарангийн коксжих нүүрсний ордууд дээр үзүүлж байна. Өндөр хүчин чадалтай ил уурхай, баяжуулах фабрик, цахилгаан станц, ус хангамж, ус шүүрүүлэх байгууламж, орон сууцны хороолол, коксжих нүүрсний баяжмал тээвэрлэж экспортлох өндөр даацын хатуу хучилттай авто зам зэрэг үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтэц бүхий аж үйлдвэрийн цогцолборыг 3 жилийн дотор барьж байгуулж ашиглалтад орууллаа.

Энэ жишээн дээр үндэслэж Тавантолгойн коксжих нүүрсний ордыг ашиглах ажлыг шуурхай эхлүүлж төмөр зам, цахилгаан хангамж, ус хангамжийн баяжуулах болон кокс химийн үйлдвэр барих асуудлыг иж бүрэн шийдвэрлэх шаардлагатай байна. Нүүрсийг энерго-технологийн чиглэлээр иж бүрэн боловсруулах, хийжүүлэх, шингэрүүлэх талаар миний боловсруулсан стратеги хэрэгжих төлөвтэй болж эхэллээ.

Нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх Санамж бичигт Монголын Засгийн газар ХБНГУ-ын “Thyssen Krupp Uhde” компани тохиролцож гарын үсэг зурсан байна. Тавантолгойг түшиглэн Коксын үйлдвэр байгуулах төслийн санамж бичигт Монгол-Германы холбогдох байгууллагууд гарын үсэг зурсан байна.

Эдгээр тохиролцоог ажил болгон хэрэгжүүлэхэд Монголын талын идэвхтэй, санаачлагатай үйл ажиллагаа маш чухал болохыг онцлон тэмдэглэе. Тавантолгойгоос олборлох эрчим хүчний нүүрсийг ашиглах их хүч чадалтай цахилгаан станц байгуулж цахилгаан экспортлох төслийг хэрэгжүүлэх, коксын үйлдвэрлэлээс ялгарах метанолыг боловсруулах химийн үйлдвэр байгуулах иж бүрэн төсөл хэрэгжүүлэхээр ажиллавал их үр дүнд хүрэх болно.

Монголын хүрэн нүүрсийг цахилгаан болгон хувиргаж экспортлох, хий шингэн түлш үйлдвэрлэхээс өөр зориулалтаар гадаадын хөрөнгө оруулах шаардлагагүй. Нүүрсний ордыг хайх, ашиглах лиценз олгох хэрэггүй. Энэ бол нүүрсний салбарын тогтвортой хөгжлийн стратегийн шинэ хандлагын нэг зарчим байвал зохино.

III.2. Шатах занарыг нефть, хий, химийн бүтээгдэхүүн болгох технологийг Монголд нэвтрүүлэх стратеги.


Шатах занарын нөөц арвинтай дэлхийн улс гүрнүүд шатах занарыг боловсруулж хий, уламжлалт бус нефть үйлдвэрлэх технологийг хөгжүүлэх талаар эрчимтэй ажиллаж байна. Энэ ажлын тэргүүнд АНУ, БНХАУ, Бразил, Иордан, Эстон, Австрали, ОХУ орж байна. ХБНГУ-д бодлого боловсруулах түвшний ажил хийгдэж байна. Технологийн онцлогоос шалтгаалж байгаль орчинтой холбогдуулж дэмжих, эсэргүүцэх үзэл бодлын аль аль нь бий. Шатах тослох материалын хомсдолд байдаг Монгол шиг улсад шатах занар ашиглах нь зайлшгүй хийгдэх ажил мөн.

“Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи” номонд шатдаг занарыг нефть химийн үйлдвэрийн түүхий эд болгон ашиглах стратегийг Монгол Улсад 10 жилийн өмнө боловсруулсан. Өнгөрсөн хугацаанд судалгааны зарим ажил зугуухан хийгдэж хувийн хэвшлийнхэн багагүй хөрөнгө зарцуулсан байна. Ялангуяа МАК компанийн Хөөтийн занар, Адуунчулууны нүүрсний ордод хийсэн судалгаа занараас хий, занарын тос, нефть үйлдвэрлэх үйлдвэр барихад тун дөхсөн байна.

Инженерийн ухааны үндэсний академийн саналыг Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Монгол Улсын Шинжлэх ухааны академи дэмжин хамтарсан тушаал гаргаж ажлын хэсэг ажиллуулж байна. Шатах занарыг хийжүүлэх, нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг Монголд нэвтрүүлэх боломжийг судалж тодорхой дүгнэлт, санал гаргах зорилготой ажиллаж байна. Уг ажил нь шатах ашигт малтмалын талаар төрөөс баримтлах тогтвортой хөгжлийн стратегийн шинэ хандлага байвал зохино. Занарын боловсруулалт нь үнэн хэрэгтээ хатуу хэлбэртэй нефтийг хий болон шингэн байдалд оруулах технологийг нэвтрүүлнэ гэсэн үг билээ.

III.3. Эрчим хүчний салбарт.


Энергетик гэдэг ойлголтыг түлш эрчим хүч гэж монголчилсон нь зөв байжээ. Цахилгаан, дулааны эрчим хүчний сонгодог эх үүсвэр нь нүүрс, нефть, хий, уран байсан. Туслах чанарын эх үүсвэрт нар, салхи, ус, газрын гүний дулаан зэргийг тооцдог байсан бол цаашдаа эдгээр эх үүсвэр байраа солих хандлагатай. Сонгодог эдийн засгийн онолд бүхнийг эдийн засгийн үр ашигт захируулдаг байлаа. Тогтвортой хөгжлийн зуунд бүхнийг экологийн аюулгүй байдалд захируулах гипроэдийн засгийн шинэ онол үйлчилж байна. Нүүрс түлж цахилгаан дулаан үйлдвэрлэхэд ялгардаг нүүрстөрөгчийн хийг (CO2) агаарт цацахгүй хурааж хуримтлуулах арга технологи байдаг.

Үүнийг зардал ихтэй, эрчим хүчний үйлдвэрлэл алдагдалд орно гээд хэрэглэдэггүй. Одоо үйлдвэр зардал багатай байхын тулд цэвэрлэх байгууламж барьдаггүй, цахилгаан станц дотоод хэрэглээгээ хэмнэхийн тул цахилгаан шүүлтүүрээ байнга ажиллуулдаггүй гэхчлэн эдийн засгийн мотивтой олон зөрчил бий. Тэр бүхнийг экологид захируулан өөрчлөх нөхцөлд нүүрс нэлээд хугацаанд эрчим хүчний гол эх үүсвэрийн нэг байх болно. Нүүрс түлштэй дулааны цахилгаан станцыг экологийн шаардлагад нийцсэн шинэ үеийн техник технологи, автоматжилт бүхий том хүч чадалтай барьж, цахилгаан экспортлох хэрэгтэй. Атомын цахилгаан станц тойрсон эргэлзээ, эсэргүүцэл багагүй байгаа боловч дэлхийн хүн амын эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах гол эх үүсвэрийн нэг бол АТС байх болно.

Монгол Улс ураны нөөцөө нарийвчлан судалж түүнийг хэрхэн ашиглах талаар МАГАТЭ болон Цөмийн энергийн олон улсын судалгааны төвийг Монголд байгуулж технологийн олон талт судалгааг хийж, хамгаалалтын өндөр найдваржилт тогтоогдсон үед олон улс дундын хамтын АЦС байгуулах нь илүү найдвартай байж болох юм.
Манай хоёр хөрш цөмийн эрчим хүчний том гүрнүүд байгаа хүчин зүйлийг бид харгалзах ёстой. Цөмийн энергийг ашиглах нь Монгол Улсыг энергоэкспортлогч орон болгоход чухал үүрэгтэй.

Нар, салхины энергийг хослуулан ашиглах нь таруу байрлалтай, хэрэглээ багатай хэрэглэгчдийг цахилгаан дулаанаар хангахад эх үүсвэр талаасаа хамгийн тохиромжтой хэлбэр юм. Эрчим хүчний хангамжийн төвлөрлийг сааруулж, сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хэрэглэх бодлого дэлхий нийтийнх болж буй учир тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл нэмэгдэж, үнэ буурах таатай нөхцөл бүрдэх магадлал өндөр байна. Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчийг хөгжүүлэх нь Монголын стратегийн зорилт байх ёстой.

4. Уул уурхайн тогтвортой хөгжлийн стратегийн шинэ хандлага.

IV.1.Өнөөгийн хүрсэн түвшний тойм


Уул уурхайн салбар Монголын эдийн засагт тэргүүлэх байр эзэлж ард түмний амьдралын чанарыг дээшлүүлэх гол эх сурвалж нь болж байна. Монголын уул уурхай үндэсний хэмжээнээс хальж, дэлхийн дэвжээн дээр тоглох боллоо. Өнөөдөр Монголын эрдэс баялгийн салбарт дэлхийн үндэстэн дамжсан корпорацийн төлөөлөл Рио Тинто, ВНР-гээс эхлээд Америкийн Пибоди, Хятадын Шеньхуа, Петрочайна, Канадын Сентера гоулд, Австралийн ВНР Биллитон, Францын Арева, Оросын Геологоразведка, Германы Тиссен групп зэрэг олон нэртэй компани үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын уурхайчид өнөөдөр Катерпиллерийн, Японы Коматцугийн, Германы Лейбхер, Оросын Уралын хүнд машин үйлдвэрлэлийн, Новокарматорын машин үйлдвэрлэлийн уул уурхайн супертехникийг эзэмшин ажиллуулж байна. Энэ бүхэн бол Монголын уул уурхай дэлхийн түвшинд хүрснийг илэрхийлэх үзүүлэлт мөн.

Уул уурхайн монгол инженерүүд гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн үйлдвэрүүд дээр чадамгай ажиллаж байна. Монгол орны Эрдэнэт үйлдвэр, Бор Өндөр, Эрдмин, Бага нуур, Шивээ-Овоо, Шарын гол, Адуунчулуун, Ухаахудаг, Нарийнсухайт, Монполимет, Цайрт минерал зэрэг олон хувийн хэвшлийн уул уурхайн үйлдвэрүүдийг Монголын уурхайчид ажиллуулж байна. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг анх ашиглалтад ороход гадаадын мэргэжилтэн ажиллах хүчний 70 гаруй хувийг эзэлж байсан. Одоо монгол уурхайчид Эрдэнэтийн ажиллагсдын 70 гаруй хувийг эзэлж байна. Оюутолгойн хувьд Монголын уурхайчид Оюутолгойн ил уурхай, баяжуулах фабрикийг үндсэнд нь хариуцан ажиллуулж чадна. Харин Оюутолгойн гүний уурхайг өнөөхөндөө Монголын уурхайчид бие даан ажиллуулж чадахгүй. Сурч дадлагажихад хугацаа хэрэгтэй.

Салбарынхаа 90 жилийн ойн босгон дээр хүч чадал, нөөц баялаг, техник технологиороо дэлхийд гуравдугаарт орох ил болон гүний уурхай хосолсон технологи бүхий Оюутолгойн уулын баяжуулах үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Эрдэнэт ХХ зууны Монголын уул уурхайн аж үйлдвэрийн бахархал болж байсан шиг Оюутолгой XXI зууны гайхамшиг болон сүндэрлэж байна. Удахгүй Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэрийг Монголын үндэсний компани МАК барьж ашиглалтад оруулна.

68 хувийн татвараар дарамталж нугаслаагүй бол Монголын алтны аж үйлдвэр бие даасан дэд салбар болж хөгжих байлаа. Одоо хар зах, нинжа, дутуу боловсрогдсон урт нэртэй хууль гуравт түрэгдэж, аж үйлдвэрийн газрын сонгодог хэлбэрээ алдаад нэлээн гундуу байна. Экологжсон алтны аж үйлдвэр дахин сэргэнэ гэдэгт итгэлтэй байна.

Жоншны аж үйлдвэр манай экспортод чухал байр эзэлдэг, бүтээгдэхүүний нэр төрөл, чанараараа зах зээлд өрсөлдөх хэмжээнд байж чадаж байгаа үйлдвэрлэл. Цаашдаа түүхий нөөцөө өсгөх, зах зээлээ өргөтгөх талаар хийх ажил их бий.

IV.2. Эрдсийн түүхий эдийн баазыг бэхжүүлэх.

Уул уурхайн үйлдвэрийн тогтвортой хөгжлийн суурь эрдсийн түүхий эдийн нөөц байдаг. Ашигт малтмалын нөөц өсгөх хэмжээ нь ашиглалтаас түрүүлж өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэлийн зарчмаар нэмэгдэж байх ёстой. Энэ шаардлагыг хангахын тулд 3 чиглэлээр ажиллах хэрэгтэй.

1.    1:50000 масштабын зураглалын ажлыг эрчимжүүлж ойрын 10 жилд нутгийн 50 хувийг хамруулах зорилт тавьж шаардагдах хөрөнгийг Улсын төсвөөс санхүүжүүлж, үндэсний геологийн судалгааны байгууллагын хүчээр гүйцэтгэх хэрэгтэй.
2.    Ашигт малтмалын хайгуулыг зах зээлийн эрэлт ихтэй ашигт малтмалын эрдэсжилт, илрэл бүхий газруудыг урьдчилан сонгож хайгуулын лиценз олгох зарчмыг баримтлах
3.    Хайгуулын лиценз олгохдоо үндсэн гурван нөхцөлийг баримталдаг байвал зохилтой. Нэгдүгээрт: хайгуулын дүнд орд газар нээгээгүй бол хайгуулын зардал нь хөрөнгө оруулагчийн эрсдэл болж аливаа нөхөх олговор төлөхгүй. Хоёр дахь нь: хайгуулын үр дүнд нээгдсэн орд бүрийг заавал ашиглах шаардлагагүй. Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчийн нормативт зардлыг нөхөх төлбөр болгон эргүүлэн олгодог байх. Гуравдахь нөхцөл нь: хайгуулын ажлын үр дүнд нээгдсэн ордыг цаашид ашиглах нь үр ашигтай гэж үзвэл хамтын ажиллагааны хэлбэрийг хөрөнгө оруулагч ба Засгийн газар харилцан ашигтай байх зарчмыг баримтлан шийдвэрлэдэг байх.

IV.3. Металын төрлийн ашигт малтмалыг олборлон, боловсруулах уул уурхайн металургийн цогцолбор байгуулах.


-   Өнгөт металын хүдрийг бүрэн баяжуулж, баяжмалын 50-иас доошгүй хувийг металургийн дэвшилтэт аргаар боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх уул уурхай-металургийн цогцолбор байгуулах.
-    Оюутолгойг Монгол Улсын уул уурхай-металургийн анхны аварга том цогцолбор болгон хөгжүүлэх.
-    Оюутолгойн зэс хайлуулах үйлдвэр, алт цэвэршүүлэх заводыг бид бусдаас асуухгүй өөрсдөө шийдэж барьж байгуулах хэрэгтэй.

Уул уурхай-металургийн олон талт бүтцийг бүхэлд нь нэг улс, нэг компанийн мэдэлд өгөх, тэднээс бүгдийг хийлгэх гэж шахах хэрэггүй. Энд олон талын оролцоо чухал. Тухайлбал зэс хайлуулах цэвэршүүлэх, алт цэвэршүүлэх үйлдвэр, цахилгаан станц, дамжуулах шугам сүлжээ, тээврийн төрөл сүлжээ үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтцийг сонирхогч хөрөнгө оруулагчийн оролцоотой барьж байгуулах арга замыг сонговол олон талын ач холбогдолтой. Төлбөрийг тухайн объектийн бүтээгдэхүүн, ашгаар хийж болно. Үнэт ба ховор металыг бүрэн хайлж цэвэршүүлсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Хар төмөрлөгийн хүдрийг бүрэн баяжуулж, хайлуулж ширэм болон ган үйлдвэрлэх уул уурхай-металургийн цогцолбор байгуулах.

IV.4. Химийн болон барилгын материалын түүхий эдийг боловсруулах цогцолбор.

-    Уул уурхай-химийн аж үйлдвэрийн цогцолборыг жонш, фосфор, циолит, нүүрс зэрэг эрдэс дээр түшиглэн хөгжүүлэх
-    Уул уурхай-барилгын материалын үйлдвэрлэлийн дэд бүтцийг байгуулж хөгжүүлэх

5. Эрдэс баялгийн цогцолборын хөгжилд гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдол

Монголын эдийн засагт оруулж буй Гадаадын хөрөнгө оруулалтын 85 хувь нь эрдэс баялгийн салбарт орсон байна. Монгол Улсын эдийн засгийн 17 хувийн өсөлтийн дийлэнхийг уул уурхайн салбар хангаж байна. Монголын экспортын 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Өнөөгийн нөхцөлд гадаадын шууд хөрөнгө оруулалт дэлхийн эдийн засгийн үндсэн хүч болон хувирч байна. Энэ хүчийг бид идэвхтэй ашиглах хэрэгтэй. Энэ бол манай хөгжлийг эрчимжүүлэх нэг гарц мөн. Гадаадын хөрөнгө оруулалт нь хөрөнгө, технологи, менежмент, маркетингийг багцалсан ойлголт учраас үр ашгийн хариуцлагыг үндсэнд нь хөрөнгө оруулагч хүлээж хөрөнгө оруулалтыг татагч тал үр дүнг нь хувааж хүртэх харьцангуй таатай нөхцөлд байна.

Хөрөнгө оруулалтын зээлийн хэлбэр нь санхүүжилтийн нэг эх үүсвэр мөн боловч үр ашгийн хариуцлагыг бүхэлд нь зээлдэгч хариуцдаг, дааж давшгүй өрөнд унаж болзошгүй эрсдэл ихтэй хэлбэр. Хуримтлал багатай орныг хөгжилд хөтлөх шинэ зам бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах явдал болж байна. Гадаадын хөрөнгө оруулалтад “довтлох” хэлбэр гэж байна, “татах” хэлбэр гэж байна. Хөрөнгийн чадавхи сайтай орон түүхий эдийн зах зээл рүү хөрөнгийн довтолгоо хийж байна. Ийм довтолгоонд болгоомжтой хандах хэрэгтэй. Орсон болгоныг авч болохгүй. Хуримтлал багатай, хөрөнгийн чадвар султай улс орон Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чадвартай байх ёстой.

Татах чадвар гэдэг нь харилцан ашигтай байх нөхцөлийг хангах баялгийн нөөцтэй, татварын таатай нөхцөлтэй, хууль эрх зүйн байдал нь тогтвортой, сайн засаглалтай, эдийн засаг нь чөлөөтэй бөгөөд тунгалаг байх ёстой. Өнөөгийн нөхцөлд Хятадын хөрөнгө оруулалт довтолгооны шинжтэй байна. Үүнд зохицуулалт хэрэгтэй. Уян хатан хандлага хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлын дархлаа хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахдаа тогтвортой хөгжлийн стратегийн зарчмаа баримтлан баялгийнхаа нөөцөөс хойч үедээ үлдээх хэмжээгээ бодож зохицуулах хэрэгтэй. Үүнээс үүдэн гадаадын хөрөнгө оруулалтын “довтлох”, “татах” харьцааны хязгаарыг оновчтой барихад төрийн “ухаантай” бодлого хэрэгтэй. Онолын үндэслэл хэрэгтэй. Өөрийнхөө харьцангуй давуу талыг хэрхэн хөгжлийн давуу болгох онол хэрэгтэй.

V.1. ЭБЦ-ын өрсөлдөх чадварыг хангах стратегийн талаар


Даяаршлын XXI зуунд дэлхийн эрдэс түүхий эдийн хэрэгцээ өмнөх зууныхаас 25 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоог эрдэмтэд хийжээ. Ийм нөхцөлд Монгол Улс өөрийн эрдэс баялгийн харьцангуй давуу талаа хэрхэн өрсөлдөх давуу тал болгон ашиглах вэ гэдгээс Монгол Улсын ЭБЦ-ын өрсөлдөх чадварыг тодорхойлж болно. ЭБЦ-ын харьцангуй давуу тал гэдэгт уул геологийн харьцангуй таатай нөхцөл бүхий их нөөцтэй ашиглахад хялбар ашигт малтмалын ордуудтай. Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ харьцангуй тогтвортой өсөлттэй байна. Бүс нутгийн ашигт малтмал, түүний эрэлт урт хугацаанд өсөлттэй байх хандлагатай байгаа. Тэгвэл энэ харьцангуй давуу талыг өрсөлдөх давуу тал болгохын тулд байгалийн арвин баялаг, харьцангуй өндөр боловсролтой ажиллах хүч байгальтайгаа зохицон байгалиа шүтэж амьдардаг үндэсний уламжлалтайгаа хослуулан үндэсний бүтээмжээ дээшлүүлэх замаар дэлхийн зах зээлд стратегийн зөв сонголт, өрсөлдөх давуу талыг олж авах хэрэгтэй юм.

Үндэсний бүтээмжийг дээшлүүлэхийн тулд хөдөлмөр, хөрөнгө, экологийн зардлыг оновчтой тодорхойлж мэдлэг туршлагатай, мэргэжлийн нарийн дадлагатай, санаачлагатай хүний нөөцийг хөгжүүлж өөрийн хөрөнгө, санхүүгийн боломжоос гадна дэлхийн санхүүгийн зах зээл дэх хөрөнгийн чөлөөт урсгалаас аль болох өндөр үр ашигтай, чөлөөтэй ашиглах, экологийн зардлыг харамгүй зарах хэрэгтэй болно. Ингэж бүтээсэн нийгмийн баялгийг хамгийн хэмнэлттэй хэрэглэж, түүнийхээ нөгөө хэсгийг ирээдүйдээ чиглүүлэн үндэсний баялаг болгон хуримтлуулах юм. Өөрөөр хэлбэл байгалийн баялгийг бүтээмжээр дамжуулан Үндэсний баялаг болгоно. Байгалийн нөөцийг үндэсний баялаг болгоход ЭБЦ хөрөнгө оруулалтыг татах стратеги дараах чиглэлтэй байвал зохино.

•    Улс төрийн тогтвортой байдал
•    Өрсөлдөх чадвартай татварын нөхцөлтэй байх
•    Дэд бүтцийн хөгжлийг сайжруулах
•    Хууль эрх зүйн тогтвортой орчинтой байх
•    Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх
•    Байгаль экологийг хамгаалах талаар хүлээх хариуцлагын тогтолцоо тодорхой байх зэрэгт онцгой анхаарах хэрэгтэй.
Байгалийн нөөцөөс бүрэлдүүлсэн үндэсний баялгийг хөгжлийн давуу тал болгохын тулд хуваарилалтын оновчтой горимыг баримтлах ёстой. Хуримтлагдсан хөрөнгийг эдийн засгийн бүтцийг өргөжүүлж олон салбар бүхий эдийн засагтай болох, гадаадад хөрөнгө оруулах, гадаадын банкинд хадгалуулж арвижуулах, нийгмийн чиглэлээр ашиглах зэргээр хөгжлийн давуу тал болгон ашиглах нь үндэсний тогтвортой хөгжлийн үндсэн стратеги болно.

6. Уул уурхайн хүний нөөцийн хөгжил

Эрдэс баялгийн цогцолборын хөгжлийн үндсэн асуудлын нэг бол хүний нөөцийн хөгжил байдаг. “Боловсон хүчин бүхнийг шийддэг” гэдэг номлол үнэн юм. Орчин үеийн бизнесийн онолд хөрөнгийн капиталаас хүмүүн капиталыг илүү үнэлэх болж байна.

Монгол Улс эрдэс баялгийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж олон чухал арга хэмжээнүүдийг авч байжээ. 1939 оноос фабрик заводын сургууль, 1944 оноос уран дарханы сургууль, 1948 оноос үйлдвэрийн техникум болон хөгжиж уул уурхай, эрчим хүчний салбарт мэргэжилтэй ажилчид бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Уул уурхайн мэргэжилтэй ажилчин бэлтгэх төрөлжсөн сургууль бол 1950 онд “Совмонголметалл” нийгэмлэгийн дэргэд байгуулагдсан фабрик заводын сургууль байжээ. Тэр үед ЗХУ-ын уул уурхайн удирдах ажилтны дээд курст суралцаж төгсөөд олон жил уул уурхайн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд хүч хөдөлмөрөө зориулсан Аж үйлдвэрийн гавьяат ажилтан А.Барны, Б.Сандуйжав, Н.Даваа нар байлаа. 1957 онд ЗХУ-ын Уул уурхайн дээд сургууль төгсөж ирсэн анхны инженерүүдийн түрүүч нь Г.Цэвэгмид, Д.Бадамдаш нар байлаа.

1970 оны дунд үеийг хүртэл уул уурхайн дээд боловсролтой мэргэжилтнийг ЗХУ-д үндсэнд нь сургаж бэлтгэдэг байлаа. 1961 оноос Монгол Улсын их сургуулийн бүрэлдэхүүнд эрчим хүчний, 1972 оноос Уул уурхайн факультетийг нээснээс хойш уул уурхай эрчим хүчний инженерүүдийг эх орондоо бэлтгэх больж олон зуун мэргэжилтэн энэ салбарыг хөгжүүлэх хэрэгт хүндтэй гавьяа байгуулж байна.

Өнөөдөр ЭБЦ-ын дээд боловсролтой мэргэжилтнүүдийг ШУТИС-ийн Геологийн сургууль, Уул уурхайн инженерийн сургууль, Эрдэнэтийн технологийн сургууль, Дарханы технологийн сургууль болон хувийн хэд хэдэн сургуульд бэлтгэж байна. Мэргэжилтэй ажилчин бэлтгэх мэргэжил үйлдвэрийн сургуулийн сүлжээ өргөжиж байна. Гадаадын их дээд сургуулиудад суралцагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.

ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургууль гадаадын их, дээд сургуулиудтай дамжин суралцаж хоёр дипломтой төгсөх сургалтын шинэ хэлбэрийг Канад, Америк, Хятад, Германы зарим сургуультай туршиж эхлэх гэж байна.
ШУТИС-ийн УУИС-ийг түшиглэн Монгол-Германы уул уурхайн инженерийн хамтарсан сургууль байгуулах асуудал судлагдаж байна. Мэргэжилтэй ажилчдыг үйлдвэрийн дэргэдэх сургууль-курсээр бэлтгэх хэлбэрийг сэргээн ажиллуулах эхлэл тавигдаж байна. Ижил төстэй технологи бүхий гадаадын үйлдвэрүүдэд дадлага хийх хэлбэрийг өргөн ашиглах боломжийг эрж хайж хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Нэгэн цагт уурхайн ажил эр зориг, эрч хүч, бие бялдрын хэрэг байсан бол эдүгээ үед эрдэм мэдлэг, эв дүй, дадлага туршлага, санаачлагыг чухалчлах болж байна. Хүний нөөцийн удирдлагыг энэхүү шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх нь бодлого зохицуулагч байгууллага, аж ахуйн нэгжүүдийн зорилт болж байна.

Эцэст нь тэмдэглэхэд Уул уурхайн аж үйлдвэрийг Монгол Улсын эдийн засагт тэргүүлэх байранд хүргэхэд хүндтэй гавьяа байгуулсан үе үеийн уурхайчдын алдрыг магтаж уул уурхайн 90 жилийн ойг “Монголын уурхайчдын Бахархлын -90 жил” гэж нэрлэж алдаршуулах хэрэгтэй байна. Учир юун гэвэл уул уурхайн 90 жилийн ой бол аль нэг байгууллагын ой биш, Монголд орчин үеийн уурхайчид төрж бойжиж, бүтээн байгуулж, амь насаа хайрлалгүй зүтгэж энэ салбарыг өдий хүргэсэн үе үеийн уурхайчдын түүхэн замналын 90 жил болохын учир тэр ээ. Өнөөдөр энэ салбарт 48000 уурхайчин ажиллаж байна. Цаашдаа улам өснө. Уурхайчдын яруу алдар бадартугай.

7. ЭБЦ-ын экологийн бодлого

Ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, металургийн үйлдвэрлэл нь байгаль орчинд болон ажиллагсдын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх явдал ЭБЦ-ын үйл ажиллагааны экологийн эрхэм зорилго байдаг. Энэ нь үйлдвэрлэлд экологжисон технологи хэрэглэх гэсэн үг. Уурхайн хаалтын менежмент, нөхөн сэргээлт нь үйл ажиллагааны төгсгөлийн шатанд хэрэгжүүлэх цогцолбор арга хэмжээ юм. Үүнд үлэмж хэмжээний хөрөнгө, цаг хугацаа зарцуулна.

Энэ нь ЭБЦ-ын байнга өдөр тутам хийгдэх ажил бөгөөд тухайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзүүлэлтээс өмнө аваар осолгүй ажилласан цаг, улирал, сар, хоног, жилээр дүгнэдэг бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх аливаа доголдол гарахгүй байхыг шаарддаг. Уул уурхайн үйлдвэрлэлийн нөхөн сэргээлтийн ажлыг хэд хэдэн үе шаттай гүйцэтгэнэ. Ашиглалтын явцад технологийн дагуу хийгдэх ажил, тодорхой хугацааны дараа хийгдэх, хаалтын үед хийгдэх ажлууд гэж ангилагдана.

Нөхөн сэргээлтийн ажлыг техникийн, биологийн, орчны гэж гурван төрөл, хэлбэрээр гүйцэтгэнэ. Эдгээр нөхөн сэргээлт нь зөвхөн эдэлбэр газрын хүрээнд бус, орчны байгалийг сайжруулах өргөн хүрээнд хийгдэхийг шаардаж байгаа. Ил уурхайн хотгорыг усаар дүүргэж нуур цөөрөм болгон загас үржүүлэх, техникийн усалгааны зориулалтаар ашиглах, хүдэр, хөрсний овоолгыг хиймэл толгод болгон шинэ ландшафт, шинэ экосистем үүсгэн амралт жуулчлалын газар болгон ашиглаж байгаа туршлага Хятад, Австрали, Герман зэрэг орнуудад байна. Агаарыг тоосжуулахгүй, усыг булингартуулахгүй, хөрсийг эвдрэлд оруулахгүй байхыг Уул уурхайн үйлдвэрүүдэд тавих нийтлэг шаардлага гэж үзэж байна.

ЭБЦ-ын экологийн шинжлэх ухааны цаашдын төлөвийг дараах байдлаар тодорхойлж болно. Уул уурхайн шинжлэх ухааны судлах зүйл нь үйлдвэрлэлийн явцад үүсэх физик химийн процессыг хүрээлэгч биосфер дэх юмс, энергийн эргэлттэй хэрхэн харилцан холбогдох зүй тогтол юм.

Уул уурхайн үйлдвэрлэлийн экологийн аюулгүй байдлыг хангаж газрын хэвлийн баялгийг үр ашигтай ашиглахын тулд Байгалийн нөөц ашиглах байгалийн хуулийг дагахаас өөр арга байхгүй. Тухайлбал:

•    Байгалийн нөөцийн хэмжээний хууль
•    Байгалийн нөөцийн уналтын хууль
•    Хүрээлэгч орчиндоо түшиглэсэн байгалийн системийн
    хөгжлийн хууль
•    Бэлэн бүтээгдэхүүний байгалийн багтаамжийн бууралтын
    хууль
•    Байгаль ашиглах эрчим хүчний үр ашиг буурах хууль
•    Үйлдвэрлэх хүчний хөгжлийн түвшин байгалийн нөөцийн
    боломж хоёрын зохицолдооны хууль
•    Байгалийн олборлогдсон нөөцийн эргэлт нэмэгдэх хууль

Эдгээр хуулиудын үйлчлэлийг нарийвчлан судалж хэрэглээний экологийн горимыг тогтооход уул уурхайн шинжлэх ухааны судалгааг чиглүүлэх шаардлагатай байна. Уул уурхайн шинжлэх ухааны судлах зүйлийн дотор ил уурхайн мөрөгцөг ба ажлын бус хажуугийн тогтворжилт; ил уурхайгаас үүсэх гадаргуугийн өөрчлөлтийг эерэг нөлөөтэй экосистем болгон хувиргах; техник-эдийн засгийн үнэлгээний хуучин аргыг экологи-эдийн засаг-технологийн үнэлгээний аргад шилжүүлэх зэргийг эн тэргүүнд оруулах. Далд уурхайн хувьд хүдрийн өөрөө нурах хүчинд тулгуурлан блокоор ашиглах системийн параметрийг оновчлох; газрын хэвлийд үүссэн орон зайг аж ахуйн зориулалтаар ашиглах байгууламж болгох судалгаа; геотехнологийн чиглэлийн судалгааны хүрээнд Зүүнбаянгийн нефтийн ордын ашиглалтыг сэргээх боломжийг судлах; шатах занарыг геотехнологийн аргаар боловсруулах; нүүрсийг энерготехнологийн аргаар боловсруулах зэрэг чиглэлийн судалгаанд тэргүүн ээлжинд анхаарвал шинжлэх ухааныг үйлдвэрлэх хүчин болгон хувиргах зорилттой нийцэх болно.

Дүгнэлт.

1.    Монголчууд чулуун зэвсгийн үеэс эхлэн эрдэс баялгаа танин мэдэж, хайж олж, амьдрал ахуйдаа ашиглаж ирсэн эртний уламжлалтай ард түмэн мөн.
2.    Хүрэл, төмөр зэвсгийн үеэс Монгол нутагт уул уурхай-төмөрлөгийн үйлдвэрлэл хөгжсөн бөгөөд Герман үндэстнүүдтэй хамтран Грек Ромын үеийн уул уурхай-төмөрлөгийн үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн хөгжүүлж байжээ.
3.    XIII зууны Монгол гүрний цэрэг зэвсгийн давуу чанар нь тухайн үеийн төмөрлөгийн үйлдвэрлэлийн хөгжилтэй холбоотой байжээ.
4.    ХХ зууны 20-иод оноос эрдэс баялгийн талаар явуулсан төрийн бодлого энэ салбарыг өнөөгийн түвшинд хүргэх угтвар нөхцөл болсон байна.
5.    1990 оны ардчиллын үр дүнд Монголын эдийн засаг нээлттэй болж дэлхийн хөдөлмөрийн хуваарьт чөлөөтэй оролцох болсноор гадаадын хөрөнгө оруулалт эрдэс баялгийн салбарт давамгайлах нөхцөл бүрдсэн байна.
6.    Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтын 85 хувийг шингээж, экспортын 95 хувийг үйлдвэрлэх замаар Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар болж эдийн засгийн жилийн өсөлтийг 17 хувьд хүргэхэд суурь үүргийг гүйцэтгэж байна.
7.    Уул уурхайн тогтвортой хөгжлийн стратегийн шинэ хандлага нь:
7.1.    Уул уурхайн аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх геологи, хайгуулын ажлыг тодорхой чиглэлээр эрчимжүүлэх
7.2.    Уул уурхайн олборлох боловсруулах үйлдвэрийг уул уурхай-металлургийн, нүүрс-химийн, энерго-технологийн, барилгын материалын чиглэлээр хөгжүүлэх
7.3.    Шатдаг занараас уламжлалт бус нефть, хий, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг нэвтрүүлэх
7.4.    Түлш-эрчим хүчний балансад нүүрс, уран, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн зохистой харьцаа бүхий бүтэцтэй болгох
7.5.    Байгалийн нөөцийн давуу талыг хөгжлийн тал болгон хувиргахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг үр ашигтай, өрсөлдөх чадвартай ашиглах бодлого баримтлах
7.6.    Хүний нөөцийн хөгжилд дээд, дунд мэргэжлийн инженер менежерийн болон мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх харьцааг зөв тогтоон баримталж бэлтгэх арга, сургалтын баазыг бүх түвшинд сайжруулах
7.7.    Уул уурхай үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг техник-эдийн засгийн үнэлгээг бус экологи-эдийн засгийн үнэлгээгээр гипроэдийн засгийн зарчмаар шийдвэрлэдэг болох.
Эдгээр дүгнэлтүүдийг уул уурхайн тогтвортой хөгжлийн стратегийн шинэ хандлага гэж үзэж болно.


Сэтгэгдэл байхгүй байна

  • m_zaluukhai@yahoo.com
    XIII зууны Монгол гүрний цэрэг зэвсгийн давуу чанар нь тухайн үеийн төмөрлөгийн үйлдвэрлэлийн хөгжилтэй холбоотой байжээ Бахархахмаар юм
    2013 оны 10 сарын 30 | Хариулах
Санал асуулга
Уул уурхайн тухай хуулийн төслийг дэмжиж байна уу?
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх
Үр дүн:
  • -Дэмжинэ
  • -Дэмжихгүй
  • -Зарим заалтыг өөрчлөх

ШИНЭ

  • 11 цаг 32 минутын өмнө
    Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар төлөвлөгөөт, урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт бус болон иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт шалгалтыг тогтмол хийдэг. Уул уурхайтай холбоотой эдгээр хяналт шалгалт болоод цаг үеийн асуудлаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэгтэй ярилцлаа. 2019 онд аймагт хичнээн уул уурхайн компани ажиллаж байна. Эдгээрт хэдэн удаагийн хяналт шалгалтыг хийгээд байна вэ? Энэ онд бид 11 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгахаар төлөвлөсөн. Эдгээр аж ахуйн нэгжийг сонгож төлөвлөхдөө өмнөх жил үйл ажиллагаа явуулсан эсэх, одоо явуулж байгаа, цаашид явуулах эсэхийг хардаг.
  • 16 цаг 20 минутын өмнө
    2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн эрдсийн зах зээлд “урь” орж эхэлсэн бол одоо илүүтэй “хүйтрэх” шинжтэй болж ирж байна. Гэхдээ энэ бүхэн нь АНУ-Хятадын худалдааны дайнтай ихээхэн холбоотой. АНУ, Хятад дор бүрнээ дотоодын бизнесүүдийг хамгаалах оролдлого хийж байгаа ч тэдний тулааны нөлөө бусад голлох эдийн засгуудад муугаар нөлөөлж, улмаар дэлхийн эдийн засаг, түүхий эдийн зах зээлийг доош татаж байна. Нөгөөтэйгүүр эрдсийн зах зээлийн бууралтын мөчлөг эхэллээ гэж дүгнэх нь хэтэрхий эрт байгааг энд сануулья. Тухайлбал зэсийн хувьд бууралттай   ч урт хугацааны төлөв нь тун өөдрөг хэвээр. Гэхдээ яг одоогоор алтнаас бусад эрдсийн хувьд бууралттай тулгарч байна. Эрдэс тус бүрээр байдал ямар байгааг авч үзье.
  • 2019-09-13 14:06
    Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Баянхонгор аймаг дахь Алт сорьцлох хяналтын лаборатори 10 гаруй иргэн, гурван аж ахуйн нэгжээс 80 орчим кг алт авч Монголбанкинд тушаажээ. Тус лаборатори нь нийтдээ 90 орчим алтан гулдмай хэвлэн гаргаж, химийн сорьцын шинжилгээ хийсэн байна. Тэгвэл энэ оны есдүгээр сарын байдлаар 450 орчим кг алт Монголбанкинд тушаасан бөгөөд нийт 390 орчим алтан гулдмайг хэвлэж, сорьцын шинжилгээ хийсэн аж. Энэ хэмжээ ирэх хоёр сарын хугацаанд өсөх хандлагатай байна.
  • 2019-09-12 17:44
    Оны эхний найман сарын байдлаар Монгол улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө.
  • 2019-09-12 13:59
    Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга О.В.Белозёровыг хүлээн авч уулзжээ. Талууд Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Зүүнбаян, баруун босоо коридор буюу Арцсуурь чиглэлийн төмөр замыг холбох Кызыл-Курагинотой чиглэлийн шинэ төмөр замын  төслүүдийг, төмөр замын төв коридорын шинэчлэлтэй хамтатган хэрэгжүүлэхээр ярилцаж, хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан, хамтарч ажиллахаар тохиролцжээ.