Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

УС БОХИРДУУЛСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус бохирдуулсны төлбөр ногдуулах, төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомж

2.1.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Байгаль орчныг хамгаалах тухай хууль , Усны тухай хууль, Татварын ерөнхий хууль , Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль , энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

 3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт


3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“бохирдуулах бодис” гэж Усны тухай хуулийн 3.1.22-т заасныг;            
3.1.2.“ус бохирдуулагч” гэж Усны тухай хуулийн 3.1.29-д заасныг;            
3.1.3.“хаягдал ус” гэж Усны тухай хуулийн 3.1.24-т заасныг;
3.1.4.“ус бохирдуулсны төлбөр” гэж Усны тухай хуулийн 3.1.32-т заасныг;

3.1.5.”усны чанарын стандарт” гэж Усны тухай хуулийн 3.1.21-д заасныг;
3.1.6.”хаягдал усны стандарт” гэж Усны тухай хуулийн 3.1.25-д заасныг;
3.1.7.”ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал бохир усны стандарт” гэж Усны тухай хуулийн 3.1.26-д заасныг;
3.1.8.”ариутгах татуурга” гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай  хуулийн 3.1.3-т заасныг.

4 дүгээр зүйл.Ус бохирдуулсны төлбөр төлөгч, түүнийг бүртгэх

4.1.Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж,  усны найрлага, чанарт нөлөөлж байгаа ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус бохирдуулсны төлбөр төлөгч байна.
4.2.Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл сав газрын захиргаа ус бохирдуулагчийн талаарх мэдээллийг харьяалах татварын албанд зөвшөөрөл олгосон өдрөөс хойш  нэг сарын дотор гаргаж өгөх бөгөөд Татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэж авна.
4.3.Ус бохирдуулагчийн талаарх мэдээлэлд төлбөр төлөгчийн нэр, хаяг, байршил, ус бохирдуулагчийн улсын бүртгэлийн болон регистрийн дугаар, үйл ажиллагааны чиглэл, хаягдал  усны эзлэхүүн, хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ зэрэг татварын хяналтад шаардлагатай бусад үзүүлэлтийг тусгана.


1. Монгол Улсын Үндсэн хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.
2. Байгаль орчныг хамгаалах тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1995 оны 5-6 дугаарт нийтлэгдсэн.
3. Татварын ерөнхий хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2008 оны 22 дугаарт нийтлэгдсэн.
4. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль-“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2011 оны 41 дугаарт нийтлэгдсэн.
Компанийн тухай хууль -” Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 42 дугаарт нийтлэгдсэн.


4.4.Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хаягдал ус хаях зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг Усны тухай  хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу зохицуулна.
4.5.Ахуйн хэрэгцээнээс гарч байгаа хаягдал  уснаас төлбөр авах журмыг энэ хуулийн 7.1-д заасныг үндэслэн Засгийн газар тогтооно.

5 дугаар зүйл.Төлбөр ногдох зүйл
 
5.1.Ус бохирдуулсны төлбөр төлөгчийн гаргасан дараах хаягдал усанд ус бохирдуулсны төлбөр /цаашид “төлбөр” гэх/ ногдуулна: 
5.1.1.хаягдал усны стандартад нийцүүлэн зөвшөөрсөн хязгаарын дотор байгальд шууд нийлүүлж байгаа хаягдал  ус;
5.1.2.ариутгах татуургад нийлүүлэх бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд агууламжийн стандартад нийцүүлэн ариутгах татуургад нийлүүлж байгаа хаягдал  ус.
5.2.Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.       

6 дугаар зүйл.Төлбөр тооцох үзүүлэлт
 
6.1.Ус бохирдуулсны төлбөр тооцох үзүүлэлтийг дараах  байдлаар тогтооно: 
6.1.1хоногт 50 шоометрээс их хаягдал ус гаргадаг, эсхүл аюултай бохирдуулах бодис гаргадаг ус бохирдуулагчийн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг килограммаар; 
6.1.2 хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгж, хүн амын ахуйн хэрэглээнээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисыг  жишиг хэмжээгээр үнэлэн килограммаар;
6.1.3.хаягдал усан дахь аюултай бохирдуулах бодисын хэмжээг граммаар.
6.2.Хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгжээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисын жишиг хэмжээг үйлдвэр, үйлчилгээний салбар бүрээр усны хэрэглээний норм, хүчин чадал, ашиглалтын горимыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно.

7 дугаар зүйл.Төлбөрийн хэмжээ, түүнийг төвлөрүүлэн зарцуулах

7.1.Төлбөрийн хэмжээг дараах хязгаарт багтаан тогтооно:

Бохирдуулах бодис                Хэмжих нэгж             Төлбөрийн хязгаар /төгрөгөөр/
                                                                                    доод            дээд
Жинлэгдэх бодис                     килограмм                     100               500
Органик бодис                         килограмм                      100              500
Эрдэс бодис                            килограмм                       50              200
Хүнд металл                             килограмм                    1000             5000
Аюултай бохирдуулах бодис    грамм                           1000             5000

7.2.Төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ  хуулийн 7.1-д  заасан хязгаарт багтаан Засгийн газар  тогтооно.

7.3.Төлбөрийн орлогыг Байгаль хамгаалах санд төвлөрүүлэн, усыг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулна. n


8 дугаар зүйл.Төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх

8.1.Ус бохирдуулагчийг дараах  нөхцөлд төлбөрөөс чөлөөлнө:
8.1.1.хаягдал усыг усны чанарын стандартын хэмжээнд хүртэл цэвэрлэсэн хэмжээгээр;
8.1.2.хаягдал усыг цэвэрлэж, эргүүлэн үйлдвэр, үйлчилгээнд ашигласан бол дахин ашигласан хэмжээгээр.
8.2.Хот, суурин газраас бусад газар оршин  суугаа бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчийг төлбөрөөс чөлөөлнө.
8.3.Улсын болон аймгийн зэрэглэлтэй хот, суурин газрын ахуйн бохир усыг цэвэрлэдэг болон эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг хаягдал усны стандарт, тогтоосон норм нормативыг хангаж ажилласан тохиолдолд төлбөрөөс хөнгөлж болно.         
8.4.Энэ хуулийн 8.3-т заасан аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг заасан журмыг Засгийн газар батална.

9 дүгээр зүйл.Төлбөрийг төлөх, тайлагнах

9.1.Төлбөр төлөгч нь тухайн улиралд байгаль орчинд шууд хаясан болон ариутгах татуургын байгууламжид нийлүүлсэн хаягдал усан дахь бохирдуулах бодист ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд төлнө.
9.2.Татварын алба төлбөрийн жилийн тайланг дор дурдсан хугацаанд гаргана:
9.2.1.сум, дүүргийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн татварын албанд;
9.2.2.аймаг, нийслэлийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад;

9.2.3.татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлбөрийн нэгдсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
9.3.Төлбөрийн тайлангийн маягтын загварыг татварын болон усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран батална.

10 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

10.1.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч,  эсхүл байгаль орчны хяналтын  улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
10.1.1.ус бохирдуулагчийн тухай болон хаягдал усны хэмжээ, найрлага, бохирдуулах бодисын тухай мэдээллийг нуун дарагдуулсан, худал мэдээлэл өгсөн, зөвшөөрөлгүйгээр буюу зөвшөөрөлгүй цэгт хаягдал ус нийлүүлсэн бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг арваас гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуй нэгж, байгууллагыг гучаас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох.
10.2.Энэ хуульд заасан төлбөр төлөгчид хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг Татварын ерөнхий хуулиар зохицуулна.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА         Д.ДЭМБЭРЭЛ



  • Зочин (183.177.99.86)
    Ус рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийг 12оны 5 сарын 17ны өрийн хуулиар хүчингүй болгоод ус ашигласны төлбөрийг байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар зохицуулдаг болоогүй юм уу
    2013 оны 02 сарын 25 | Хариулах