Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хэлсэн үг

ЗАСГИЙН ГАЗАР ЭН ТЭРГҮҮНД УУЛ УУРХАЙН САЛБАРТ ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГОО ТОДОРХОЙЛОХ ЁСТОЙ

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба:

Уул уурхайн салбарын үйл ажиллагаанд тохиолдож байгаа нийтлэг бэрхшээлийг би энэ илтгэлдээ хөндөх гэсэн юм. 
Монголын уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлын нэгдүгээрт, төрийн бодлогын асуудал орж байна. Энэ салбарын хууль эрхзүйн орчны тогтвортой байдлын эх үүсвэр нь эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлого. Гэтэл бодлогын баримт бичиг хоёр УИХ-ын хугацааг даван туулаад өнөөдрийг хүртэл батлагдсангүй. Бодлогын баримт бичиг үгүйгээс янз бүрийн эрх ашиг хөндсөн, лоббины хуулиуд их гарч, салбарын ажлыг хүндрүүлдэг. Тиймээс шинэ Засгийн газрыг эн тэргүүнд уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлогоо тодорхойлох байх гэж найдаж байна.

Хоёрдугаарт, төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг хоёр жилийн өмнө баталсан. Нарийн яривал, энэ бодлого уурхайчдын эрх ашигт төдийлөн нийцээгүй. “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс” гээд хоёр том уурхайн төмөр замын асуудлыг өнөө болтол шийдээгүйгээс харахад энэ бодлого ямархуу хэмжээнд явж байгаа нь тодорхой харагдах байх. 
Гуравдугаарт, стратегийн ордын тухай тун бэрхшээлтэй хуулийн заалт бий. Энэ нь 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирсэн нэр томьёо л доо. Яг үнэндээ стратегийн орд гэсэн ойлголт дэлхий нийтэд байдаггүй. Харин стратегийн түүхий эд гэж байх ёстой юм. Нэр томьёоноосоо эхлээд ойлгомжгүй энэ заалтаар хувийн хөрөнгөөр хайгуул хийж олсон орд газрын тодорхой хувийг төрийн мэдэлд буцаан авч байгаа нь хувийн хэвшлээ дэмжих болон гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудалд том саад тотгор болж байна.
Ашигт малтмалын тухай хуулийг 1994 онд анх баталснаас хойш үндсэндээ 20 жил болох гэж байна. 20 жилд хуулиа гурван удаа солилоо. Одоо дөрөв дэхээ удахгүй өөрчлөх нь. Энэ бол салбарын хууль эрхзүйн орчин тогтворгүй байгаагийн илэрхийлэл. Тогтворгүй байдал нь хөрөнгө оруулж байгаа, бизнес эрхэлж буй хүмүүст маш халгаатай байдаг.  

2009 онд УИХ-аас хоёр айхтар хууль баталсан. “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” гээд нэрийг нь дуудахад хүртэл зовлонтой нэг хууль бий. Байгаль орчноо хамгаалах, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, уул уурхайн үйл ажиллагаанаас хөндөгдсөн газар шороог эргүүлж сэргээх, унаган төрхөнд оруулах чиглэлээр төр засгаас тавьж байгаа бодлого чиглэлийг бид эсэргүүцэхгүй, хүлээн зөвшөөрнө. Гагцхүү түүнийг хэрэгжүүлэх арга механизм нь буруу байна. Дараа нь яах вэ, үр дагавар нь ямар гарах вэ, ямар хор хохирол учрах вэ, эдийн засгийн ямар үр дагавартай вэ гэдгийг тооцоолоогүй.

Урт нэртэй гэж нэрлэдэг энэ хуулийн хүрээнд 1391 тусгай зөвшөөрлийн асуудал хөндөгдсөнөөс 391 олборлолтын тусгай зөвшөөрлийг хамруулсан. Үүнээс 254 тусгай зөвшөөрлийн буюу алтны шороон ордуудын үйл ажиллагааг өнөөдрийн байдлаар зогсоочихоод байна. Ашигт малтмалын хуульд тусгай зөвшөөрлийг Засгийн газрын шийдвэрээр цуцлах юм бол тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн төлбөр олгоно гэсэн заалт бий. Тэр олон аж ахуйн нэгжид энэ их мөнгийг хаанаас өгөх вэ. Татвар төлөгчдийн мөнгөнөөс л өгнө шүү дээ. Цаашилбал, ашиглаж байгаад зогсоочихсон 254 тусгай зөвшөөрлийн хүрээнд маш их хэмжээний алтны нөөц үлдэж байгаа. Тэр нөөцийг яах вэ? Манай уул уурхайнхны шүдний өвчин болсон, нэг зовлонтой зүйл бол гар аргаар ашигт малтмал олборлогчид. Бидний нинжа гэж нэрлэдэг хүмүүст ажлын байр бэлдээд өгчихсөн юм биш үү. Нинжа нар орчихвол байгаль орчин улам сүйдэж, ямар ч зохион байгуулалт, ямар ч зохицуулалтгүй болох магадлал маш өндөр. Энэ бол   хуулийн маш том сөрөг талын нэг. Дээр нь маш олон уурхайчин ажилгүй болж байгаа гээд энэ хуулийн талаар ихийг ярьж болно.

“Цөмийн энергийн тухай хууль” байна. Хууль батлагдсанаас хойшхи өнгөрсөн гурван жилд дорвитой нэг ч ажил хийгдсэнгүй. Харин ч энэ хууль гарснаас болж нэг хэсэг компани, ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Монгол улсын Засгийн газрыг шүүхэд өгөөд, Олон улсын арбитрт заргалдаад явж байна. Ямархуу хууль гарсны нэг илэрхийлэл нь энэ.

Манайд нэг инээдэмтэй ч гэхээр зүйл бий. Байгаль орчныг хамгаалах чиглэлийн 600 гаруй байгууллага байдаг. Үүнээс 300 гаруй байгууллага нь Монгол улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаагаасаа илүү олон эсэргүүцэгчидтэй. Энэ бол хуулиар зохицуулж чадахгүй байгаагийн л нэг илрэл. Энэ мэтийн орооцолдсон, хойтохоо хараагүй, тооцоолоогүй хуулиуд гарч байна.

Дараагийн нэг бэрхшээлтэй асуудал нь татварын орчин. Татварын орчны хувьд дэлхийн бусад улстай харьцуулахад айхтар өндөр биш. Гэхдээ бас хямдхан ч биш. Дунд хавиар нь л явдаг татварын орчин. Орлогын албан татвар гэж 10 хувийн татвар бий. Гурван тэрбумаас дээш орлоготой бол 25 хувийн татвар төлдөг. Мөн НӨАТ 10 хувь, гаалийн татвар 5 хувь, өсөн нэмэгдэх роялти гэх мэт татварууд байгаа. Өсөн нэмэгдэх роялти нь уул уурхайн салбарын хамгийн амин чухал татвар. Энэ татварыг өнгөрсөн жил шинээр баталж гаргахдаа нэлээд тооцоо судалгаа хийсэн. Уул уурхайн үндэсний ассоциацийн зүгээс ч саналаа өгсөн. Гэхдээ л санаанд нийцсэн татвар болж чадаагүй. Энэ татварыг уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төрийн бодлого руу нэлээд хандуулсан юм. Эцсийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл татвар бага байх заалтууд орсон. Гэхдээ хуульд зааснаар татвар ногдуулах хувь хэмжээ 7.5-10 хувь байх ёстой. Гэтэл өнөөдөр Татварын ерөнхий газраас экспортолж байгаа нүүрс болон зэс, цайрын баяжмалын үнэд борлуулалтын орлого ногдуулж байгаа татварын хэмжээ хамаагүй илүү байгаа. Аргачлал нь буруу учраас илүү байгаа юм.


Taxes                           2012

Corporate tax                 10%             25%  (MNT 3 billion)
VAT                              10%
Custom’s tax                 5%
Progressive royalty         7.5-10%      Up to 30% on Copper ore


Өсөн нэмэгдэх роялтийн татварын хувьд жишиг үнийг буруу тогтоогоод байгаа юм. Бидний авсан судалгаагаар, Засгийн газрын 88 болон 39 дүгээр тогтоолын хүрээнд олон улсын зах зээлийн үнээр тооцож авна гэж байгаа. Гэхдээ олон улсын зах зээлийн үнийг тооцох аргачлал нь биш байна. Жишээлбэл, метал баяжмалын татвар ногдуулах орлого буруу тогтоогддог. Үүнийг илүү татвар төлж, зовлонг нь биеэр амсаж байгаа баяжмал экспортод гаргадаг компаниуд маш сайн мэдэж байгаа. Жишиг үнийн индексүүд гэж гаргасан байдаг. Тэр нь цайр, зэс, хар, цагаан тугалга, молибден зэрэг металыг Лондонгийн металын биржийн үнээр тооцдог. Алт мөнгөний үнийг Монголбанк, Лондонд байдаг банкуудын бөөний тогтоосон үнээр тогтоодог. Жоншийг ОХУ руу экспортолдог үнээр, төмрийг Япон Австралийн хоорондын худалдааны гэрээний үнээр, вольфрамыг нэг вэбсайт дээр гардаг үнээр шууд авчихна. Нүүрсний жишиг үнийг Хятадын нэг сэтгүүлийн вэбсайт дээр гардаг үнээр тогтоодог. Татварын бодлогоор уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих биш, гагцхүү төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд аль болох илүү их татвар авах ажлыг татварын байгууллага гардан хийж байгаа. Үүнийг бид шүүмжлэн хэлэх ёстой. 

Татварын орчин мөн л айхтар өөрчлөгддөг, огцом хөөрдөгийн нэг жишээ нь 2006 онд батлагдсан Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар. Энэ татвар алтны салбарыг тэр чигээр нь унагасан. Үүнийг ойлгоод өнгөрсөн жилээс хуулийг цуцаллаа. Гэхдээ л улсад орох ёстой татварын орлогын хэмжээ эрс багассан. Нэг салбар тэр чигээрээ унасан. Дээр нь ажилгүй болсон маш олон сайхан залуус гэмт хэрэгтэн болсон гээд яриад байвал сөрөг асуудал  олон бий. 

Өөр нэг бэрхшээл нь манай салбарт хүнд суртал нэлээд байдаг. Бидний хувьд зөвшөөрлийн системээс бүртгэлийн систем рүү шилжих ёстой гэж үздэг. Төрийн захиргааны байгууллагууд захиргааны байгууллагаас үйлчилгээний байгууллага болох ёстой. Мөн хууль хэрэгжүүлэгчид өөрсдөө хууль завшсан захирамж шийдвэр гаргадгаа болих хэрэгтэй. Төрийн зарим нэг үйлчилгээг төрийн бус байгууллага руу шилжүүлэх шаардлагатай гэсэн дөрвөн асуудлыг бид тавьж байгаа юм. Энэ дөрвөн асуудлыг шийдчихвэл бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын ажилд ихээхэн тус дэм болно гэж бодож байгаа.

Манай Ассоциацийн гишүүн байгууллагуудын зүгээс тавьдаг хэд хэдэн асуудлууд бий. Ямарваа ашигт малтмалтай холбоотой хууль тогтоомж гаргахдаа мэргэжлийн холбоод болон салбарын мэргэжилтнүүдийн саналыг заавал тусгадаг байх ёстой гэсэн саналыг тавьдаг. УИХ-ын хэдэн гишүүн тэрүүхэн тэндээ ярилцаад шийдчихээр дээр дурдсан жишээний хууль гардаг. Хоёрдугаарт, хууль тогтоомжууд тодорхой үндэслэлтэй, судалгаанд суурилсан байх ёстой. Түүнээс биш сэтгэлийн хөөрлөөр, ямар нэг ашиг сонирхлын зөрчлөөр хууль гаргаж болохгүй. Өнгөрснөө биш ирээдүйгээ харах ёстой цаг үе ирчихээд байна. Уул уурхайн салбараас тэр дундаа “Оюутолгой”, “Тавантолгой”-гоос орж ирж байгаа мөнгийг ард түмэнд зөв хуваарилах асуудал байна. Тавантолгойгоос орж ирэх мөнгийг ард түмэнд шууд 21,000-аар тарааснаар компанийг нь эдийн засгийн хувьд өртэй болгочихлоо. Энэ бол улстөрчдийн хийж байгаа ажил. Сонгуулийн амлалтын алдаа. Уул уурхай цэвэр эдийн засгийн салбар учраас уул уурхайн салбарт улс төр битгий оруулаач гэсэн саналыг тавьж байгаа юм.

Эцэст нь хэлэхэд “Оюутолгой” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг дахин хэлэлцэх асуудал яригдаж байна. Энэ бол байж болшгүй зүйл. Төр нэгэнт шийдвэрээ гаргаад Засгийн газар нь гэрээ байгуулсан бол түүнийгээ хэрэгжүүлээд явах ёстой. Энэ бол хууль. Улс оронд сонгууль болж, засаг солигдонгуут бүх хууль тогтоомж нь 180 градус эргээд байх нь байж болшгүй зүйл. Ингээд байвал гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх боломж хомс болно. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол Монголын эдийн засагт томоохон гарз хохирол болох юм. n


  • Зочин (112.72.13.226)
    муу уул уурхайн компани парзитлан шимж амьдрагсад зөвхөн өнөөдрөөр өнгө мөнгөөр бүгдийг харж байдаг махан толгой хойч үр хүүхдүүдэд чинь уул ус чинь хэрэгтэй шүү чи саран дээр очиж амьдрах гээгүй л бол
    2013 оны 10 сарын 03 | Хариулах