Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Үнэт цаасны тухай хууль дахиад л байхгүй

УИХ өнөөдрөөс “амарна”. Өчигдөр хуралдаж овоо хэдэн хууль “кнопдсон” гишүүд өнөөдөр ганц нэг хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийгээд завсарлах гэж байна.
Хэдий олон асуудлыг хэлэлцэж байгаа ч зарим гол хуулиудыг энэ удаад яаж ч хичээгээд баталж амжихгүй нь. Тухайлбал Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга. Өнгөрсөн жилээс л яригдаж эхэлсэн уг хууль хөрөнгийн зах зээлийн салбарынханд хүлээлт үүсгэчихээд байгаа

Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар Монголын хөрөнгийн зах зээл, Хөрөнгийн биржийн хөгжилд томоохон хувь нэмэр болох нь дамжиггүй. Шинэчилсэн найруулгаар өнөөдөр шийдэж чадахгүй байгаа нэлээд олон асуудлыг оруулж өгсөн байдаг. Тухайлбал Монголын компани давхар компани байгуулахгүйгээр олон улсын биржид хувьцаагаа гаргах, кастодиан, депоситари банк гээд өнөөгийн хуулинд байхгүй олон шинэ ойлголтын зохицуулалтыг оруулж өгсөн. Мөн энэ хуулийн төсөл батлагдсанаар удтал яригдаж байгаа “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын бирж дээр IPO гаргахад ч дэм болох юм.

Эх сурвалжуудын хэлж байгаагаар Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгын эхний хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч хойшлуулсан байна. Ямар шалтгаантай хэлэлцэлгүй орхигдуулсаныг хэлж мэдэх хүн алга. Уг нь өнөө маргаашдаа зайлшгүй хэрэгтэй хууль мөн үү гэвэл мөн. Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийнхэн Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлагдахыг хүлээсээр байгаа ч энэ удаад горьдлого талаар болов. Уг хуулийн шинэчилсэн найруулгыг батлагдахыг хүлээж багагүй ажил саатаад байгааг эрхэм түшээд ойлгоогүй бололтой.

Өнөөдөр завсарлах УИХ наадмын дараа дахин хуралдаж албан ёсны хаалтаа хийдэг. Магадгүй энэ үеэр хэлэлцэх байх гэсэн горьдлого байгаа юм. Хэрэв хэлэлцэхгүй бол ирэх намрын чуулганаар хэлэлцэнэ. Тэр чинээгээр Монголын хөрөнгийн зах зээлийн хууль эрхзүйн орчныг олон улсын жишигт хүргэх алхам “түр журам” төдийхнөөр гэлдрэх бололтой.

С.Болд-Эрдэнэ