Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Эрчим хүчний нүүрсээ ашиглах боломжууд

Ирээдүй технологи дээр тогтож байна. Технологийнхоо хүчээр Япон, БНСУ оршин тогтнодог. Германы технологи гэх ойлголт нь тус улсын брэнд мөн. Хэн сайн технологитой байна, тэр улс ирээдүйдээ итгэж чадна. Технологийн хөгжил нь сүүлдээ урлаг адил янз маяг, өнгө таашаалын өчүүхэн элементүүдээр хувьсан, хүмүүнийг өөртөө татах болжээ.

Орчин үеийн шилдэг технологи хэрэглэн, эрчим хүчний,  бас зарим нь зүгээр л муу нүүрс гэж шууд нэрлэдэг хүрэн нүүрсээ “юм болгох” боломж бидний хувьд харьцангуй ойр байна. Монголд хамгийн их зүйл юу вэ? Мэдээж хүрэн нүүрс. Манай улсын нүүрсний нөөц 170 гаруй тэрбум тонн. Үүнээс 100 орчим тэрбум нь эрчим хүчний нүүрс юм.

Тэгвэл Монголд хамгийн ховор эд юу вэ? Шатахуун. Эрчим хүчний нүүрснээсээ шатахуун гаргаж болох уу? Болгох л ёстой. Ингэж чадвал технологийн ялалт юм. Энэ бүхний эцэст, нүүрс ухдаг, зардаг, түүнийхээ эргэн тойронд хоорондоо хэрэлддэг бидний өнөөгийн явдлууд энгийн юмс мэт санагдана. Харин технологийн маргаан бол дээрхээс хамаагүй амттай, шинэ монголчуудын чадлаа үздэг, ухаанаа зарах талбар юм.

Нүүрс хийжүүлэх (шингэрүүлэх) технологийн тухай маргаан дэлхийд хагас зуунаас уртад үргэлжилжээ. Дэлхийн Хоёрдугаар дайны үеэр германчууд хүрэн нүүрснээсээ дизелийн түлш үйлдвэрлэж байсан байна. Дайн байлдааны техник хэрэгсэлдээ ашиглах гэж технологийн хувьсгалыг тэрүүхэн цаг үедээ германчууд бүтээжээ. Балтийн тэнгисийн нефтэд хүрэх боломжгүй, Зөвлөлт Холбоот улсаас газрын тос авах замгүй болж мухардсан үедээ германчууд тэрхүү хүрэн нүүрсээ “алт” болгох арга замд суралцсан гэдэг.

Одоо тэрхүү технологийн алхам нь германчуудад давуу тал болсон хэвээрээ байна. Герман технологи нь Японы араас дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд ойлголт юм. Нүүрс хийжүүлэх технологийн дараагийн хувьсгалыг Өмнөд Африкт хийсэн. Сасол (Sasol) хэмээх үйлдвэр нь эдүгээ дэлхийн нүүрс химийн аж үйлдвэрлэлийн салшгүй хэсэг болоод уджээ. Таны гэрт байгаа ширээ сандал, хуванцар эдлэл, үнэртэн гоо сайхны, нийлэг эдлэлийн орцод Сасолын туршилтуудаас мэндэлсэн химийн урвалжууд өргөн хэмжээгээр хэрэглэгдэж байна.

Монголд хамгийн их байгаа эрчим хүчний нүүрсийг хийжүүлэн, нийлэг хий (syngas) гарган, уг нийлэг хийг Фишер Тропш (Fischer Tropsch)-ийн технологиор дамжуулан шатахуун гаргаж авах арга нь Сасолынхтой  зарчмын хувьд ижил боловч үйлдвэрлэлийн хэмжээний хувьд  өөр байж болно.  Өмнөд Африкийн Сасолын үйлдвэр нь  жилд 7.5 сая тонн шатахуун үйлдвэрлэдэг бөгөөд ийм хэмжээний шатахуун үйлдвэрлэх шаардлага одоогоор Монголд үгүй. Өнгөрсөн хугацаанд нүүрс хийжүүлэх технологи шинэчлэгдэн туршигдсаар заавал том хэмжээний үйлдвэр байгуулах шаардлагагүй болжээ. Тухайлбал Хятад улсад жилдээ 200.000 тонн дизелийн түлшийг нүүрс хийжүүлэх замаар нийлэг хий үйлдвэрлэх хүчин чадалтай байгууламжуудыг хэдийнэ амжилттай ажиллуулж байна. Уг хүчин чадал нь манай улсын хувьд нэн тохиромжтой байж болох юм.

Шинэ технологиуд богино хугацаанд бидний амьдралд орж ирсээр байна. Нүүрснээс бензин үйлдвэрлэх технологийг  үндэсний компаниуд судалж эхэлсэн. Монголын алт компани Дорнодын Адуунчулууны уурхайн хүрэн нүүрсийг хийжүүлэн бензин үйлдвэрлэх боломжийн талаар судалгааны ажлаа эхлүүлсэн бол Монголын аж үйлдвэрийн корпораци нь Төв аймгийн Төгрөг нуурын ордын нүүрсэнд тулгуурлан нүүрс хийжүүлэн, бензин үйлдвэрлэх судалгаа эхлүүлжээ.

Харин MCS компани нь нүүрсийг хийжүүлэх замаар дизелийн түлш үйлдвэрлэх боломжийн талаар судалгаа хийж байна. Эдгээр нь бидний ирээдүйн технологи болох боломжтой бөгөөд  аажимдаа эдийн засгийн аюулгүй байдлын маань үндэс болох биз ээ.

Эрчим хүчний нүүрснээсээ шингэн түлш гаргах төслүүд цөөнгүй тоотой хэрэгжих нь нефтийн бүтээгдэхүүний хараат байдлаас гарах гарц гэдгийг Монгол улсын Засгийн газар тогтоолоороо баталгаажуулсан байдаг. Засгийн газрын 2009 оны 320 дугаар тогтоолоор улс орны хэмжээнд эхний ээлжинд хэрэгжүүлэх 26 том төслийг баталсан юм. Эхний ээлжийн чухал төслүүдэд яамдаас нийт 40 төслийн санал ирсэн ба Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороонд нягталж судлаад дээрх 26 мега төслийг сонгожээ. (Төслийн жагсаалт бүрэн эхээрээ MMJ сэтгүүлийн 2009 оны арваннэгдүгээр сарын дугаарт нийтлэгдсэн)

Төр 26 төслийг бодлогын түвшинд дэмжих ба харин ТЭЗҮ, судалгаа, санхүүжилт, эрсдэл, боловсон хүчин гээд бүхий л асуудлаа компаниуд бие даан хариуцах юм. Мега төсөл гэсний учир нь нүүрс хийжүүлэх төсөлд 2-3 тэрбум ам. долларын санхүүжилт шаардлагатай. Энгийн ухаанаар бодоход, хатуу биетийг задалж хий гаргана, гаргасан хийгээ буцаан шингэн төлөвт шилжүүлнэ  гэдэг энэ дэлхий дээрх хамгийн гайхамшигт технологи мөн. Өндөр зардалтайн шалтгаан ч ийм. Сайн технологи асар үнэтэй байдаг.

Монгол улсын шатахууны хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдэж, лав ойрын хоёр жилдээ хомсдолтой хэвээр байна. Дунд хугацаанд харин нефть боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад орж, шатах тослох материалын хэрэгцээний тодорхой хувийг хангаж чадах биз ээ. Газрын тосны нөөц харьцангуй багатай орны хувьд нефть боловсруулах үйлдвэрийн төслүүд мөн л гадаад зах зээлээс оруулж ирсэн түүхий тосоор хөдлөх нь дамжиггүй. Газрын тосны газраас гаргасан судалгаагаар Монгол улс хамгийн их түүхий тос олборлох оргил жил буюу 2015 онд 1.1 сая тонныг гаргана. Харин нефть боловсруулах хамгийн бага хэмжээний үйлдвэрлэлд жилдээ 2 сая тонн түүхий тос хэрэгтэй. Нөөц нь үйлдвэрлэлдээ хүрэлцэхгүй, түүхий тос гаднаас авсаар байна гэсэн үг. Юутай ч, Дархан, Зүүнбаян, Сайншандад харилцан адилгүй хүчин чадалтай нефть боловсруулах гурван үйлдвэр байгуулах судалгааны ажил хийгдэж байна. Газрын зөвшөөрлөө ч авчээ. Эдгээр нь шатахууны хэрэгцээг хангах суваг болж чадна. Харин асуудлыг бүрэн шийдэхгүй.

Манай улсын шатахууны хэрэглээний 60 хувь нь дизель. Ялангуяа дизелийн хэрэгцээ сүүлийн гурван жилд огцом өсчээ.  Уул уурхай, барилгын бүтээн байгуулалт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл өргөжихийн хэрээр дизелийн хэрэгцээ 2020 он гэхэд жилд 2-3 сая тонн болно хэмээн Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б. Нэргүй ярьж байна. Өнгөрсөн жил 635.000 тонн дизель түлш хилээр оруулж ирсэн гаалийн мэдээ байдаг. Эрэлт огцом өсөх нь.

Хэрэгцээгээ ч, асуудлаа ч бүрэн шийдэх боломжийг дээр өгүүлсэн эрчим хүчний нүүрс хийжүүлэх технологи олгох юм. Технологийн явцад нүүрснээс бензин төдийгүй, дизель, ахуйн хэрэглээний хийн түлш , бусад бүтээгдэхүүн (нафта) зэргийг гарган авах боломжтой. Технологио хэр чадварлаг ашиглана, тэр хэрээр бордоо, бүр гангийн үйлдвэрлэлд коксыг орлуулагч, байгалийн хийг хүртэл гаргах бололцоотой. Хөрөнгө оруулалтын 80 хувь нь нүүрсээ хий болгох явцад зарцуулагддаг бол нэгэнт хий гарган авсан үед дараагийн бүтээгдэхүүнүүдийг хийхэд хамаагүй хямд төсөр. Ийм ирээдүйн өмнө Монголын нүүрсний салбар ирээд байна. Технологийн маргаан өрнөх цаг үе буюу монголчуудын ойлголт түүхий нүүрсний хэрүүлээс хол одож, технологи турших сэтгэлгээний эринд ойрхон иржээ.

Л. Болормаа

  • 101020 (103.26.193.2)
    өөрсдийнхөө таамаг тадий зйлийг биччээд анхааруулга ч гэх шиг ядаж хүнд зориулж бичиж сураач өөрсддөө зориулсан хэдий юм сийлчиж гэнэ
    2014 оны 02 сарын 13 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    Эрчим хүчний нүүрсээрээ эрчим хүч үйлдвэрлээд гадагш нь экспортлоход хамгийн түрүүн анхааралаа хандуулах хэрэгтэй бус уу Энэ ажлыг яагаад хойшлуулаад байгаагийн учирыг сэтгүүлчид тодруулах ажил хийх хэрэгтэй
    2012 оны 07 сарын 27 | Хариулах