МЕРА ХХК-ийн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн технологи Монгол улсад нэвтэрсэн шилдэг “технологи, know how”-аар шалгарсан

2012-03-27 10:14
Өнгөрөгч онд олон улсын стандарт, орчин үеийн шилдэг технологи, техникийг нэвтрүүлсэн компаниудаас Монголдоо анхдагчид тооцогдох хамгийн сүүлийн үеийн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн амжилтаараа бусдыгаа манлайлсан, үндэсний хөрөнгө оруулалттай МЕРА ХХК-ийн Чанарын менежер Ж.Дуламсүрэнтэй ярилцлаа.

Манай уншигчдад өөрийгөө болон компанийнхаа тухай танилцуулна уу?
Би компанидаа 2009 оноос хойш Чанарын менежерээр ажиллаж байна. Манай компани уул уурхайн салбарт өрөмдлөг, тэсэлгээний ажил, үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг үндэсний компани бөгөөд үйл ажиллагаагаа явуулж эхлээд 11 дэх жилтэйгээ золгож байна.

“Мера” компанийн нэвтрүүлсэн эмульсийн тэсрэх бодисын “Т12” үйлдвэрийн технологи 2011 оны “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ-KHOW HOW” нэвтрүүлэгч “ЭНТРЕПРЕНЁР”-оор шалгарсан байна?

Бид 2006 онд Монголдоо үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай тэсрэх бодисын анхны үйлдвэрийг АНУ-ын техник, технологиор Налайх дүүрэгт байгуулж, “Аянга”, “Аянга-Х”, “Аянга УТ” гэсэн 3 төрлийн энгийн тэсрэх бодисыг стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэн, борлуулж эхэлсэн. Энэхүү ажлаараа 2006 оны Дотоодын шилдэг хөрөнгө оруулагчаар шалгарч байсан бол 2011 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн Австрали улсын техник, тоног төхөөрөмж, ОХУ, Австрали улсын хамтарсан технологи бүхий эмульсийн үл тэсрэх хольцын “Т12” үйлдвэрийг шинээр ашиглалтад оруулан Нитронит брэндийн эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэж эхэлсэн нь таны дээр дурьдсан шагналыг бидэнд авч ирсэн юм.

Үйлдвэрийн техник, технологи ямар онцлог, давуу талтай вэ?

Үйлдвэрийн технологи нь Сибирийн нөхцөлд туршигдсан температурын хувьд +100- аас -40 хэмийн хооронд хэвийн ажиллахаар зохицуулсан учир Монгол орны эрс тэс уур амьсгалд зохицсон. “Тэсэрдэггүй хольцын (түүхий эдийн) үйлдвэр“ болон “Цэнэглэгч автомашин“ гэсэн хэсгээс бүрддэг ба Цэнэглэгч автомашин нь тэсэрдэггүй хольцуудыг тэсэлгээний цооногт шахах үед тэсрэх бодис болгож үйлдвэрлэдэг тул үйлдвэрлэх, тээвэрлэх, цэнэглэх үеийн аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангадаг. Мөн орчин үеийн шинжилгээний лабораторид түүхий эд материалын чанар, орц найрлагыг хянаж, өөрчлөн тохируулдаг. Ингэснээр бүтээгдэхүүнийг гологдолгүй гаргахаас гадна хэрэглэгчийн шаардлага, хэрэгцээ бүрт нийцсэн бүтээгдэхүүнийг олон төрлөөр үйлдвэрлэдэг. Үйлдвэрийн шугам бүрэн автомат тул чанарын доголдол гардаггүй, ажлын бүтээмж өндөр, зардал, цаг хугацаа хэмнэдэг, ашиглахад хялбар зэрэг олон давуу талыг агуулсан бөгөөд үйлдвэрлэлийн процесст ус бага хэрэглэдэг, агаарт хорт хий дэгдээхгүй, утаа гаргахгүй, дуу чимээгүй, үлдэгдэл хог хаягдал гаргадаггүй зэрэг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл хамгийн багатай технологи юм.

Чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэхэд нөлөөлдөг чухал хүчин зүйл юү вэ?

Мэдээж мэдлэг, ур чадвар, дадлага туршлагатай чадварлаг ажилтнуудаас гадна аюулгүй ажиллагааг хангасан дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний чанарын стандартын хангалт, хяналтын тогтолцоо, түүхий эд материалын чанар зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Түүнчлэн бид хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэх байдал, байгаль орчинд үзүүлэх нөлөө, зардлын хэмнэлт зэрэг хүчин зүйлийг чухалчлан үздэг. “Т12” үйлдвэрийн тухайд орчин үеийн шинжилгээний лабораторид түүхий эд материалын чанар, орц найрлагыг хянаж, өөрчлөн тохируулдаг. Ингэснээр гологдолгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдүүлдэг юм.

Олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр бусад өрсөлдөгчдөөсөө ямар давуу тал олж авдаг вэ?

Манай компани бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ болон үйл ажиллагааныхаа бүхий л явцад олон улсын ISO 9001:2008 стандартыг нэвтрүүлэх ажлыг 2008 оноос эхэлж 2010 онд тэсрэх бодисын үйлдвэрлэл, тэсэлгээний ажил үйлчилгээ, тэсрэх материалын импорт худалдаа, тээвэрлэлтийг хамрах хүрээнд Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлсэн батламж авсан. Энэ нь хэрэглэгчдэд “Манай компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нь чанарын олон улсын стандартын шаардлагыг хангаж байгааг баталгаажуулсан удирдлагын тогтолцоотой” гэдгийг илэрхийлдэг ба тэсрэх бодисын үйлдвэрлэл, тэсэлгээний ажил үйлчилгээний салбарт анхдагч нь болж, үндэсний компаниуд гадаадын томоохон компаниудын жишигт хүрсэн үйлчилгээ үзүүлж чадахыг харуулсан.

МЕРА ХХК одоогийн байдлаар хэр их үйлчлүүлэгч, хамтран ажилладаг байгууллагуудтай вэ?

Бид үйл ажиллагаа явуулсан дээрх хугацаанд Монголын уул уурхайн ихэнх томоохон төсөл дээр амжилттай ажиллаж ирсэн. Одоогоор “Энержи Ресурс” ХХК-ийн Ухаахудаг, ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Эрдэнэс Тавантолгой, “Хангад Эксплорэшн” ХХК-ийн Баруун Нарангийн нүүрсний уурхай болон “Засаг Чандмань Майнз” ХХК-ийн Засаг Чандманийн төмрийн хүдрийн ил уурхай, “Олон Овоот Гоулд” ХХК-ийн Олон овоотын алтны уурхайнуудад өрөмдлөг тэсэлгээний ажил, үйлчилгээ цогцоор үзүүлэх гэрээтэй ажиллаж байна. Мөн “Багануур” ХК-ийн нүүрсний уурхайд тэсэлгээний цооног цэнэглэх үйлчилгээ үзүүлж,  “Тавантолгой” ХК, “Эрдэнэт” УБҮ, “Могойн гол” ХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК зэрэг уул уурхайн компаниуд болон тэсэлгээний үйл ажиллагаа явуулдаг бусад компанид тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл нийлүүлж байна.

Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон  ойрын жилүүдэд хийхээр төлөвлөж байгаа ажлаасаа танилцуулахгүй юу?


Эрхэм зорилго, компанийн чанарын бодлогын хүрээнд 2011 онд эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр байгуулж, электрон детонатор, агаарын зай үүсгэгч уут, алсаас тэслэх багаж, дуут дохио, тэсэлгээний цооног түгжигч болон цооног түгжих материал зөөгч төхөөрөмж, DM-45 маркийн өрмийн машин, тэсрэх бодис зөөх, үйлдвэрлэх тусгай зориулалтын автомашин зэрэг сүүлийн үеийн шилдэг техник, технологи, тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, иж бүрэн дэд бүтэц, байгууламж барьж байгуулсан.

Энэ онд эмульсийн үйлдвэрийн өргөтгөлөө хийж, өрмийн машинууд шинээр худалдан авах, бүрэн ашиглах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн болон Байгаль орчны удирдлагын тогтолцоог олон улсын стандартын шаардлагын дагуу нэвтрүүлэх, Чанарын удирдлагын тогтолцооны үр нөлөө, гүйцэтгэлийг сайжруулах зорилттой ажиллаж байна.


Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 2 цаг 3 минутын өмнө
    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  хүдрийн ил уурхайн дэргэдээ Эмульсийн тэсрэх бодисын шинэ үйлдвэр байгуулж байна. Одоогоор тус үйлдвэрийн барилга, угсралтын ажил 60%, инженерийн шугам сүлжээний ажил 80 орчим хувь, төслийн  нийт гүйцэтгэлийн ажил 50 гаруй хувьд хүрснийг компани мэдээллээ. Үйлдвэрийг 2020 оны хөрөнгө оруулалтаар барьж байгаа аж.  Хэдийгээр “Эрдэнэт үйлдвэр” 1993 онд Монголд анх удаа 10 мянган тонн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтай  Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг байгуулж өнөөдрийг хүртэл ажиллуулж байгаа ч цаашид аюулгүй ажиллагааг хангаж, эрсдэлээс хамгаалах үүднээс  дахин шинэ үйлдвэр байгуулахаар болжээ.
  • 5 цаг 15 минутын өмнө
    Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд уул уурхайн салбарт баримтлах бодлогоо  үйл ажиллагааны хөтөлбөртөө үндсэндээ тусгасан. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын  баримт бичигт нийцүүлж гаргасан уг хөтөлбөрийг ердөө зургаан сарын настай,  дээр нь КОВИД-19 цар тахлын  эсрэг бодитой ажиллаж чадаагүй гэсэн олон нийтийн эсэргүүцлийн улмаас огцорсон У.Хүрэлсүхийн танхимын ажлуудыг  дүгнэхэд мэдээж эрт байна. Гэхдээ  аль төсөл нь магад бодитой хэрэгжих  аль нь хэрэгжих  боломжгүйг одооноос хэлж ярьж, тооцоо судалгааг танилцуулж байхад буруудахгүй. 
  • Өчигдөр 16 цаг 37 минутад
    “Рио Тинто” группийн 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн байгуулж буй 19 төрлийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдээс бүрдсэн PCR/ПГУ шинжилгээний гурав дахь цогц лабораторыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн (02.24) өглөө. “Монгол Улсын худалдаа, эдийн засгийн гол зангилаа, өмнөд хилийн алтан босго болсон Замын-Үүд боомт болон хил орчмын бүсэд гадаад худалдааны эргэлт тасралтгүй хэвийн явагдах нь цар тахлын энэ цаг үед туйлаас чухал байна” хэмээн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан онцолжээ.
  • Өчигдөр 12 цаг 20 минутад
    Байгалийн баялгийн салбарт засаглал, ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулахад мэдээллийн ил тод, нээлттэй байдал хөтлөн чиглүүлэх учиртай. Монгол Улсад энэ чиглэлд жилээс жилд ахиц дэвшил гарч, асар их мэдээлэл нээлттэй болсоор байна. Уул уурхайн салбарт ТӨК-иудын үүрэг, нөлөө онцгой их байгаа өнөөгийн нөхцөлд ил тод байдлыг хангаснаар тэдний засаглал, ашигт ажиллагаа нэмэгдэх суурь бүрдэх юм. Энэ чиглэлээрх тодорхой нэг алхам нь 2014 онд батлагдан, 2015 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн төсвийн байгууллага болон төрийн өмчит компаниудын санхүүгийн үйл ажиллагааг нийтэд ил болгон мэдээлэх эрх зүйн орчныг бий болгосон Шилэн дансны тухай хууль юм. Уг хуулиар /www.shilendans.gov.mn/ сайтад маш их тоон мэдээлэл нээлттэй болж байна.
  • Уржигдар 14 цаг 44 минутад
    Оны нэгдүгээр улиралд Мөнгөний бодлогын хорооноос 250 тэрбум төгрөгийн урт хугацаат репо санхүүжилт олгохоор шийдвэрлэсний дагуу (2021.02.22) Монголбанкнаас урт хугацаат репо арилжаагаар ирүүлсэн саналын дагуу Хаан, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Хас, Тээвэр хөгжлийн банк, Богд, Капитрон болон Кредит банкуудад нийт 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ.  Урт хугацаат репо санхүүжилтийн эдийн засагт үзүүлэх нөлөөг сайжруулах зорилгоор Монголбанкнаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэдийг хамрагдах боломжоор хангаж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох зээлийн дээд хэмжээг 3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.