Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

Металлургийн цогцолбороо цаг алдалгүй байгуулъя

Стратегийн онц чухал түүхий эд болох төмрийн хүдрийг урд  хөрш рүү өдөр шөнөгүй зөөж буйд Төрийн тэргүүн эмзэглэж буйгаа “Эдийн засгийн форум”-ын үеэр илэрхийлэв. Монголчууд төмрөө боловсруулах гэтэл нөөц нь аль хэдийнэ дуусчихсан,  “өнгөрсөн борооны араас цув нөмрөв” гэдэг шиг сууж байвал эмгэнэлтэй еэ.

Төрийн тэргүүн Дархан, Сэлэнгийн иргэдтэй уулзахдаа төмрийн хүдрийн экспортын зах замбараагүй байдлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэнэ гэжээ. Эх орны маань  баялаг урд хөршийн мэдэлд орчихсон энэ асуудлыг хурдавчлан шийдэх байх гэсэн хүлээлт иргэдэд төрж эхэлсэн байна. Гэхдээ Монголд Металлургийн том цогцолбор байгуулсан цагт төмрийн хүдрийн нөөцөө харийнханд бүхэлд нь тавиад туучихалгүй, аваад үлдэх боломж бүрдэнэ. Үүнээс өөр гарц байхгүй юм. Гурван жилийн өмнө буюу 2011-2016 онд Хар төмөрлөгийн цогцолбор байгуулах төслийг Засгийн газар баталсан. Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолбор болон Дархан, Сэлэнгийн бүсэд энэ үйлдвэрээ барья гэсэн шийдлээс хойш бодитой хийгдсэн ажил алга. Судалгаа, тооцоо хийгдэж байгаа хэмээн мэргэжлийн яам, агентлагийнхан цаасан дээрх төлөвлөгөөгөө танилцуулахаас хэтэрдэггүй. Том цогцолбор барих нь зөв юм  гэсэн ерөнхий зүйл ярьсаар байтал стратегийн гол түүхий эдийн нөөц дуусч мэдэхээр байна. 

Хүдэр экспортлох уралдаан

Үнэхээр төмрийн хүдрийн өнөөгийн нөхцөл байдлыг ингэж дүгнэхээс аргагүй байдалд байна. 2007 онд УИХ-аас баталсан Стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад зөвхөн төмрийн хүд­рийн Төмөртэй  ордыг оруулсан. Түү­хий эд нь л стратегийн болохоос биш жагсаалтад хамрагдаагүй Хятадын өмч давамгайлсан компаниуд нэлээд байна гэсэн үг. 
250 сая орчим тонн буюу хамгийн их төмрийн хүдрийн нөөцтэй Баянголын ордыг мах боловсруулдаг “Дорнын говь” компанид Сэлэнгэ аймгийн удирдлага өгсөн ба тэр нь цааш наймаалцсаар “Болд төмөр ерөө” компанид очжээ. Өдөртөө 100 галт тэргээр төмрийн хүдрийг шууд Хятад руу гаргаж байна. Баянголын ордын баялгийг сорчлон ачуулдаг гэж нутгийн иргэд ярьдаг. Тус компани Дулаанхаан хүртэл 98 км төмөр зам тавьснаар төмрийн хүдэр зөөх өөрийн гэсэн дэд бүтэцтэй болж амжсан юм.

Тэгвэл 230 сая тонн нөөцтэй, төмрийн ордууд дотроос цорын ганцаар стратегийн жагсаалтад багтсан  Сэлэнгийн Төмөртэй ордын лицензийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр эзэмшдэг. Өмнө нь Хятадын БЛТ хэмээх олонд танил бус компани эзэмшин түүхий эдийг сорчлон урд хөрш рүү гаргадаг байв. Хэдийгээр лиценз Монголын төрийн өмчит компанийн мэдэлд очсон ч хоногт 300 гаруй галт тэрэг төмрийн хүдэр ачин Хятад орныг зорьсоор байгаа юм.  Хамгийн сонирхолтой нь, стратегийн ордоо буцааж авсных нь төлөө Монголын Засгийн газрыг БЛТ компани Олон улсын арбитрын шүүхэд өгсөн. Ойрын үед Лондонгийн шүүхээр эл маргааныг шийдвэрлэж магадгүй гэж албан бус эх сурвалж хэллээ.

Мөн Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт орших Таяннуур ордоос “Алтайн хүдэр” компани Хятадад төмрийн хүдрээ экспортлоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Хоногтоо 80 тонны даацтай хүнд даацын машин Бургастайн боомтоор гардаг гэдэг.   Дээр дурдсанчлан Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2011 онд нэг сая 98 мянган тонн хүдэр экспортолсон бол  цаашид жилдээ зургаан сая тонныг экспортолдог болно гээд төлөвлөчихөж. Тэгвэл “Болд төмөр ерөө гол” компани найман сая тонн, үндсэндээ зөвхөн энэ хоёр компани нийлээд 14 сая тонн төмрийн хүдрийг экспортлох гэнэ. Одоогоор Монгол улсад 30 гаруй компани төмрийн хүдрийн лиценз эзэмшиж буйгаас 15 нь нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, Хятадад түүхий эдээ нийлүүлж байна.

Төмрийн хүдрийн олборлолт сүүлийн хоёр жил нэлээд өссөн үзүүлэлттэй гарсан. Нийт тооцоогоор жилдээ хоёр сая орчим тонн хүдэр урд хөршид нийлүүлэгдэж байгаа юм. Ханаж цадахыг мэддэггүй,  дэлхийн хамгийн их төмөр үйлдвэрлэгч улс орон болоод байгаа Хятад улсыг  хэдий болтол түүхий эдээр хангах нь тодорхойгүй хэвээр байна.

Хар төмөрлөгийн цогцолборыг хаана барих вэ?

Манай улсын төмрийн хүдрийн нийт таамаг нөөц хоёр тэрбум орчим тонн. Баталгаажсан нь 600 гаруй сая. Үүний 450 сая орчим нь Урал-Сибирийн төмрийн хүдрийн их судлын төгсгөл Дархан, Сэлэнгийн бүс нутагт бий. Тэр дундаа Төмөртэй, Хуст-Уул, Баянгол, Төмөртолгойн бүлэг орд Сэлэнгэ аймгийн хоёр суманд бүрэлдэн тогтжээ. Ердөө хоорондоо 30-40 километрийн зайд орших эдгээр  ордыг  эдийн засгийн эргэлтэд цогцоор, нэгдсэн бодлоготойгоор ашиглаж чадвал Тавантолгой, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороос ч түрүүлж, эдийн засгийн үр шимийг нь хүртэх бүрэн боломжтойг металлургийн салбарынхан ярьдаг.

Гэтэл яг өнөөдрийн дүр зургийг харахад Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ордуудын лицензийг шилжүүлэн өгсөн нь нэг бол туйлын зөв, нэг бол туйлын буруу болчихоод байгаа юм.  Жилдээ 100 мянган тонн хаягдал төмөр боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрт Металлургийн цогцолбор байгуулж, бүхэл бүтэн ордуудыг эзэмшүүлсэн нь тодорхой эрх мэдэлтнүүдийн харалган үйлдэл гэсэн шүүмжлэл нэлээд өрнөдөг.

Mongolian Mining Journal болон “Хөгжил” студийн сурвалжлах баг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор газар дээр нь очлоо. Хэдийгээр удирдлагууд нь албан томилолтоор  явцгаасан, эзгүй байсан ч Үйлдвэр техникийн хэлтсийн дарга М.Авирмэдтэй уулзаж, зарим зүйлийг тодруулах боломж гарсан юм.

Тэрээр “Манайх Монголд нөөцлөгдсөн хаягдал хар төмрийг боловсруулах зорилгоор байгуулагдсан үйлдвэр. Үндсэндээ 1993-1996 онд Төмөртэй, Төмөртолгой, Баянголын төмрийн ордуудыг түшиглэн шууд ангижруулсан төмөр гаргаж, түүнийгээ хайлуулах зорилгоор Дархан төмөрлөгийн комбинат гэж байгуулагдсан” гэлээ. Түүний ярьснаар зах зээлийн шилжилтийн үе таарч, басхүү технологийн хүндрэлтэй тулгаран үйлдвэр зогсонги байдалд оржээ. Жилдээ 100 мянган тонн төмөр бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой хэрнээ 7-8 мянган тонн арматур үйлдвэрлэхээс хэтэрч байсангүй. Үүний зэрэгцээ 1997 оны Ашигт малтмалын тухай хууль гарснаар Төмөртэй, Хуст-Уулын ордуудыг Хятадын хувийн компаниуд эзэмших болж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн мэдлээс гарчээ. Өдгөө үйлдвэрт технологийн хэд хэдэн шинэчлэл хийсний дүнд ашигтай ажиллаж байгаа гэдгээ М.Авирмэд дарга дуулгалаа. Гэхдээ үйлдвэрт тулгарч буй хамгийн том бэрхшээл бол хаягдал төмрийн нөөц. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх хаягдал төмөргүй тул ордуудаа  ашиглаж эхэлжээ.

28 сая тонны нөөцтэй Төмөртолгой ордыг 2009 оноос ашиглаж эхэлсэн бол Төмөртэйд өнгөрсөн жилийн аравдугаар сараас олборлолт явуулж эхэлсэн байна. 2011 онд Хятадаас нойтон баяжуулалтын үйлдвэр оруулж ирсэн тул Төмөртолгойгоос жилдээ нэг сая тонн хүдэр олборлож, баяжуулах боломжтой болсон гэнэ. Харин энэ жилдээ багтаагаад Төмөртэйгээс таван сая тонн хүдрийг хуурай аргаар баяжуулахаар зорьжээ. Нойтон баяжуулалтын үйлдвэрээ зургадугаар сард ашиглалтад оруулчихаад шууд ангижруулах үйлдвэрээ байгуулах юм байна. Шууд ангижруулсан төмөр гэдэг нь хүдрээсээ махан төмөр гаргадаг технологи. Махан төмрөө цахилгаан нуман зууханд хайлж байж эцсийн бүтээгдэхүүн гарна.

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹003  дугаараас уншина уу.